Хөгжмийн зохиол бол хөгжмийн инженер
– Уран бүтээлч стилийг хайдаггүй харин стиль уран бүтээлчийг олдог –
-Сансаргэрэлтэх… Та их сайхан нэртэй юм. Түүх, бэлгэдэл нь гоё байх даа?
-Баярлалаа. Нээрээ гоё нэр. Аав, ээжийн маань бэлгэдэн өгсөн нэр. Сансар хорвоо харанхуй байдаг. Харанхуйг гийгүүлсэн гэрэл байг гэж бэлэгдсэн байж мэдэх юм. Гэвч ямар утга учиртай, яагаад надад энэ нэрийг өгсөн юм бэ гэж тэднээсээ асууж байгаагүй юм байна шүү.
-Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч гэдгээр тань олон хүн таныг мэдэх байх. Гэвч мэдэхгүй ч хүмүүс байж болох юм. Аль сургуулийн бүтээгдэхүүн гэдгээс тань ярилцлагаа эхэлье?
-Би 1977 онд Хөгжим бүжгийн коллежид элсэн орж 12 жил төгөлдөр хуурч мэргэжлээр суралцсан. Хөгжим бүжгийн коллежид хөгжмийн зохиолчийн анги гэж байгаагүй учир хувиараа С.Гончигсумлаа багшаар зохиомж заалгасан юм. Би Гончигсумлаа багшийн отгон шавь л даа.
Дараа нь Москва хотод П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуульд хөгжмийн зохиолч мэргэжлэээр 1989-1995 онд суралцаад, 1997-1999 онуудад дахин үргэлжлүүлэн мэргэжил дээшлүүлсэн. Ингээд 1997-1999 онд Испанийн Хааны хөгжмийн Академид мөн л хөгжмийн зохиолч мэргэжлээрээ хоёр жил суралцсан. Дараа нь Монголдоо ирж хагас жил болчихоод 2000 онд Америкт Дартмоуфийн дээд сургуульд компьютер хөгжмийн зохиомжоор зургаан сарын курст сурсан.
-Монголын хөгжмийн зохиолчдын алтан үеийн төлөөлөгчдийн нэг болох нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа агсны шавь нартайгаа хамт авахуулсан сонирхолтой зургийг таны нүүр номноос олж харсан. Хөгжмийн зохиолч Б.Шарав, Х.Билэгжаргал, Г.Пүрэвдорж бас та байсан. Та нар бүгд нэг багшийн шавь нар юм уу?
-Тийм. Намайг Москвад сурч байх үед татуулсан санагдаж байна. Амралтаараа Монголд ирсэн үед багш нэг өдөр дуудаад “Багш нь нас өндөр боллоо. Одоо ер нь бүх шавь нартайгаа зургаа татуулья гэж бодож байна” гээд биднийг цуглуулсан юм.
-Та С.Гончигсумлаа агсантай анх хэрхэн багш шавь болж байсан бэ?
-Аав маань намайг шавь оруулсан. “Чамайг ярьчихлаа. Очиж уулз” гээд л…
-Таныг багш тань хэрхэн хүлээж авч байв?
-Загнаад л гаргаж байсан. /инээв/
-Яагаад тэр вэ?
-Ямар ч зохиол бичихгүй яваад очихоор загнуулахгүй яахав дээ. “Чи зохиол бичээгүй бол яах гэж надад дээр ирсэн юм бэ” гээд л загнуулсан. Манай урлагийнхан билэг танхай, шогч, хатуу юм шиг мөртлөө зөөлөн хүмүүс байдаг. Гончигсумлаа багш анх хоосон очиход тэгж загнаж байлаа. Дараа нь гурав хоногийн хугацаа өгөөд “Зохиол бичиж ир” гээд явуулсан.
-Тэгээд та тэр гурав хоногийн дотор нь зохиол бичсэн үү?
-Бичсэн. Миний анхны хөгжмийн зохиол “Баавгай” гэдэг нэртэй зохиол байсан.
-“Баавгай” зохиолыг тань Гончигсумлаа багш тань хэрхэн хүлээж авч байсан тэр өдрийг та санаж байна уу?
-Саналгүй яахав. Ой тойнд үлдчихсэн дурсамж шүү дээ. Багш сонсчихоод “Манай Сангиагийн “юм” байна, характер нь зохиолд чинь шингэжээ. Би чамайг шавиа болголоо” гэж хэлээд намайг хүлээн авсан. Тэгээд л би Гончигсумлаа багшийн шавь нь болж байсан түүхтэй. Харин багш маань “Чамаас хойш шавь авахгүй, чамаар отголж байгаа юм шүү” гэж хэлдэг байсан даа. Надаас хойш Гончигсумлаа багш маань шавь аваагүй.
-С.Гончигсумлаа багшийн тань зааж үлдээсэн зүйл гэвэл…?
-Хөгжмийн зохиомж гэдэг хүний мэдрэмжин дээр тоглодог авьяасын шинжлэх ухаан юмуу даа. Харагдаагүй, сонсогдоогүй, анзаарагдаагүй тэр л мэдрэмжүүдийг илрүүлж, илүүг нь цэвэрлэж дутууг нь дүүргэж хүн төрөлхтөнд мэдрүүлэх ухаан гэж хэлж болно. Зохиомжийн “а,б” үсгийг анхлан заалгахдаа ерөнхий онолыг сурч байгаа юм. Шууд зохиогоод эхлэх үзэгдэл дэлхийн том суутнуудад ч байхгүй.
Заавал багшаар заалгаж байж эхэлнэ.Багш маань надад зохиомжийн цагаан толгойг заасан тэгээд хожим нь тэр мэдлэгээрээ дээд сургуульд тэнцсэн гэхээр юу зааж сургасан нь ойлгомжтой л доо. Ганц дуу, аялгуу хийгээд хөгжмийн зохиолч болчихож байгаа хэрэг биш. Хөгжмийн зохиолч гэдэг бол цол юм. Хөгжмийн онолоор суралцсан хүнийг хэлнэ. Мөн хөгжмийн зохиолчоор суралцана гэдэг зүгээр нэг 1,2,3 жил биш. Ер нь хөгжмийн инженер гэж хэлж болно. Энэ бол онолын маш их мэдлэгийг сурч, хөгжмийн тэр олон зэмсгийг судлаж байж хөгжмийн зохиолч гэдэг бүрэн цолыг авч байгаа хэрэг.
-Хөгжмийн зохиолч гэх цол тэгвэл амархан авдаг алдар нэр биш байх нь…
-Тийм. Манайхан зүгээр нэг ая зохиосон хүнийг хөгжмийн зохиолч гэж ойлгоод байдаг. Энэ ойлголтыг буруутгахын ч аргагүй. Гэхдээ л дэлхий нийтийн чихэнд хоногшсон, алдаршсан аялгууг зохиосон уран бүтээлчид гэж бий. Жишээ нь Жон Леннон, Маккартни, Майкл Жэксон… Тэд хэзээ ч хөгжмийн зохиолч гэж цоллуулж байгаагүй. Хөгжмийн зохиолч гэдэг мэргэжил бүрэн утгаараа маш олон мэдлэгийг ардаа агуулж байдаг.
П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуульд суралцсан минь их ховор аз. Ховрын дотроос бүр ч ховор аз…
-“Би чинь Чайковскийн сургуульд орж байна шүү дээ” гээд сургуульдаа очиход танд сайхан санагдаж байв уу?
-Их ховор аз. Ховрын дотроос бүр ч ховор аз. Тэр сургуульд хөгжмийн зохиолчоор гурван хүн төгссөн байдаг юм. Л.Мөрдөрж,С. Гончигсумлаа гэж агуу хоёр эрхэм. Тэгээд би.
-Таныг эгч С.Саянцэцэг бас төгссөн…?
-С.Саянцэцэг эгч маань төгөлдөр хуурчаар сурч төгссөн. Эгчтэйгээ хоёул нэг сургууль төгсөнө гэдэг мөн л ховроос ховор аз шүү. П.И.Чайковскийн нэрэмжит сургууль чансаагаараа дэлхийд дээгүүрт бичигдсээр л явна.
-П.И.Чайковскийн сургуульд суралцах юмсан гэж та өмнө нь мөрөөдөж байсан уу?
-Яаж мөрөөдөх юм бэ, биелэшгүй зүйл байсан.Зүүдлээ ч үгүй байсан. Ихэнх сургуулиуд намар нь очоод шууд сургуульдаа ордог бол тэр сургууль тэгдэггүй. Очиход нь түр байрлуулж байгаад 7-14 хоногийн дотор бэлтгэл ангийн элсэлтийн шалгалт авдаг. Бэлтгэл ангидаа тэнцмэгц нэг жил суралцах эрхийг нь өгөөд хавар нь жинхлэх конкурсуудыг өгч байж нэгдүгээр курсдээ ордог байлаа.
-Гаднын олон уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн хөгжмийн бүтээлээ туурвиж байх явцад монгол хүнээс гарч байгаа аялгуу бусдаас өөр байдаг уу?
-Өөр байна. Гэхдээ уран бүтээлийг хүчээр хийж болдоггүй. Би монгол хүн учраас заавал Монгол шиг бүтээл хийнэ гэх албагүй. Япон хүн байсан ч би заавал Япон шиг бүтээл хийнэ гэх албагүй шүү дээ.
Тэртээ тэргүй тэр хүн үнэхээр монгол юм бол, үнэхээр япон юм бол тэр нь өөрийн цусанд, мэдрэмжинд нь байгалиасаа шингэчихсэн байдаг. Тийм учраас авьяас билгээрээ цаанаасаа ундардаг зүйл. Аливаа урлагийн бүтээлийг хүчилж хийвэл тэр нь үнэн мэдрэмж биш болдог. Дууриамал, хиймэл, мэдрэмжгүй болчихдог.
-Хөгжмийн зохиолч гэдэг бол том цол, тодотгол болохыг та яриандаа хэллээ. Монголд мэргэжлийн хөгжмийн мэдлэг бүхий цөөн хэдэн зохиолч байдаг. Тэдний бүтээл ихэвчлэн байгаль, нар, сар, хээр тал, уул ус, нутаг усны тухай өгүүлсэн байх нь элбэг. Шалтгаан нь таны сая хэлдэг гүний ундаргатай холбоотой байх, тийм үү?
-Дэлхийд нүүдэлчин соёлоо хадгалж яваа ард түмний тоонд монголчууд зүй ёсоор багтдаг. Нүүдэлчдийн соёл байгалаас шууд хамааралтай шүү дээ. Тиймээс тэрхүү аугаа нүүдэлчдийн соёл монгол хөгжмийн зохиолчдын цусанд нь шингээстэй бий. Энэ утгаараа манай уран бүтээлчид дээрх сэдвүүдээр уран бүтээлээ түлхүү туурвидаг байх. Гэвч уран бүтээлд шинэчлэл, шинэ уур амьсгал үргэлж хэрэгтэй.
Хүний хараагүй, сонсоогүй зүйлийг гаргаж ирснээр шинэ уран бүтээл шинэ үнэртэй болдог. Түүнээс биш би нүүдэлчин монгол гээд зөвхөн тал, нутаг, уул нурууг онцлон хөгжим бичээд байх нь учир дутагдалтай. Энэ нь монгол хүмүүст сайхан санагддаг байж болох ч монгол хүмүүс тусгай од гариг дээр байдаггүй дэлхий дээр л оршин тогтнож яваа учраас дэлхийн хэмжээндээ бусад бүтээлтэй өрсөлдөхүйц хэмжээний бүтээл хийж чаддаг байх хэрэгтэй.
Зөвхөн уртын дуу, морин хуур хэлбэрээр биш тэрхүү уртын дуу, хөөмийн аялгуугаар хүмүүжсэн уран бүтээлчид дэлхийн хэмжээнд бусадтай өрсөлдөхүйц бүтээл хийж чадвал энэ нь монгол соёлдоо хийж буй том гавьяа юм. Монгол хүн дэлхийн ямарч алдартнуудаас дутахгүй. Үүнийгээ ганц Монголдоо биш дэлхийд батлах л хэрэгтэй.
-2008 онд та “Алтан намар” хөгжмийн наадамд ямар бүтээлээрээ оролцож түрүүлсэн билээ?
-“Хархорин” бүтээлээрээ оролцож байсан санагдана.Энэ бүтээлийн хувьд барууны хөгжмийн зэмсгүүдийг монгол морин хуур, ятга хоёртой хослуулан тоглуулсан. Хийцийн хувьд монгол татлаганаас хамгийн сүүлийн үеийн бүх төрлийн хэлбэр рүү оруулж тоглуулсан. Гэхдээ би хэлбэрт төдийлөн дуртай биш. Өөрт маань юу мэдрэгдэж бас сонсогдож байна түүгээрээ л хийчихдэг.
-“Хархорин” бүтээлийг тань дэлхийн алдарт морин хийлч Ёо- Ёо- Ма танд захиалан бичүүлсэн гэж сонссон. Энэ үнэн үү?
-Тийм шүү.
-Ёо- Ёо- Ма эрхэм ер нь монгол хөгжмийг их сонирхдог хүн бололтой…?
-Хятадаар Ма гэдэг нь морь овогтон. Магадгүй тэгээд морин хуур тоглох дуртай байх.
-Та түүнтэй хэрхэн яаж танилцаж байсан бэ. Тэр хүн яагаад таны бүтээлийг онцлох болсон талаар ярилцлагаа үргэлжлүүлье?
-Танилцах ч юу байхав. 1999 онд “Торгоны Зам” хөгжмийн төсөл наадмын захирал Ёо-Ёо-Ма гийн төлөөлөгч Теодор Лэвин Америкаас Монголд “Алтан намар” хөгжмийн наадмын үеэр ирчихсэн байсан юм.
Тэгээд “Алтан намар” наадмын бүтээлүүдийг үзэж сонирхоод надтай холбогдож “Торгоны Зам” хөгжмийн төсөлд захиалгат бүтээл хийхийг санал болгоод гэрээгээ хийсэн. Ингээд би 2000 оны тавдугаар сард анх удаа АНУ руу явж байлаа.
-Таны энэ бүтээл дэлхийн олон оронд тоглогдсон. Ингэхэд “Хархорин” бүтээлийн тань санаа хэрхэн орж ирж байсан бэ?
-Би түүх судлах сонирхолтой л доо. Энэ ч утгаараа Хархорин хотын тухай үлгэр домог шиг сайхан түүх уншиж судалсан юм. Их сонин түүхтэй хот. Анхны дипломат харилцаа тэнд үүсч, тухайн үед ноёлж байсан бүх л шашныг тэнд хүлээн зөвшөөрч байсан. Худалдааны асар том зах зээл тэр хотод үүссэн байдаг.
Монголчууд зөвхөн гэрээ бариад тал нутагтаа аж төрж байгаагүй юм шиг. Эрт дээрээс европ соёлыг хүртэл сонирхож байж. Францаас аав, хүү хоёр инженерийг авчирч мөнгөн модыг бариулсан гэх мэт түүх бэлхнээ бий.
-Таны энэ хөгжмийн зохиол их л бадрангуй, тансаг аялгуутай санагддаг.
-Аль алийг нь би шингээх гэж оролдсон. Хамгийн гол зүйл нь их эмгэнэлт төгсгөлтэй. Тийм сайхан хот байсан атал өнөөдөр туурь нь л үлдсэн шүү дээ.
-Бүхэл бүтэн хот тэр аяараа хөгжмийн зохиол дунд яваад орчихсон гэж бодохоор сонирхол татмаар шүү. Гадныхан ер нь яаж хүлээж авдаг бол?
-Энэ зохиол маань тоглогдож байсан наадмын үеэр гаднын зочид энэ “Хархорин” гэж юу юм бэ гэхэд нь би “Өнөөдрийг хүртэл ийм олон шашныг эв нэгдэлтэй байлгаж чадсан тэртээ XIII зууны үед маш том соёлыг хадгалж байсан хот юм” гэж хариулж байсан.
-Ёо- Ёо- Ма харин таны “Хархорин” зохиолын тухай ямар сэтгэгдэлтэй байсан бол?
-Тэр хүний өмнөөс би яаж хариулж мэдэх билээ.Нэлээд олон удаа дэлхийн алдарт танхимуудаар тоглогдсон мөн Америкийн алдарт ”Ширмер” хэвлэлийн компанид бүрэн эрхийг нь авч хэвлэгдсэн гэхээр өөрт нь таалагдсан л байх (инээв).
“Гамлет”-ын хөгжмийг нойтон уруултай, нойтон нүдтэй, сэтгэл тайвширч өгөхгүй тэр үед бичиж таарсан
-Найруулагч Н.Наранбаатарын найруулсан “Гамлет” жүжгийн хөгжмийн зохиолчоор та ажилласан. Дэлхийн сонгодог бүтээлийн ноён оргилуудын нэг болох энэхүү жүжигт зориулж монгол хөгжмийн зохиолч хөгжим бичнэ гэхэд ихэд сонирхолтой санагдсан. Мэргэжилтнүүд ч танаас юу гарахыг хүлээн харж байсан байх.Харин таны хөгжимд Гамлет хэрхэн буусан тухай, энэ хөгжмийг бичихдээ та юуг бодож байсан тухай асуухыг их хүсч байлаа?
– “Гамлет”-ын хөгжмийг бичих захиалгыг өгсөн тэр үед миний хувьд их хүнд үетэй давхцаж таарсан. Миний аав 2012 онд бурхан болсон юм. Ажил явдлыг нь дөнгөж дуусгаад байтал энэ жүжгийн хөгжмийг бичих захиалга ирсэн.
Энэ жүжиг өөрөө Гамлет аавыгаа алдаж байгаагаар эхэлдэг. Яагаад ч ингэж таарсан юм, мэдэхгүй. Миний аав гуравдугаар сард өөд болсон. Дөрөвдүгээр сард нь би Америкт очоод “Гамлет”-ын хөгжмийг бичиж эхэлсэн. Нойтон уруултай, нойтон нүдтэй, сэтгэл тайвширч өгөхгүй байсан тэр үед “Гамлет”-ын хөгжмийг бичиж таарсан.
-Нойтон уруултай гэдэг нь?
-Улаан дарс ууж уйлан, дуулан хийсэн юм. Хийж байгаа бүтээл маань яг тэгж таарсан нь сонин.Гамлет ч жүжгийн эхэнд аавыгаа алдаж бүх л зүйл нь харанхуй болж, орших уу, эс орших уу гэдэг алдарт афоризмаа хэлдэг. Хэдий “Гамлет” нилээд хүнд жүжиг боловч би аль болох гэгээлэг уян зөөлөн, ирээдүйдээ итгэл дүүрэн байдлаар хийх гэж оролдсон. Миний хувьд бол орших уу, эс орших уу дээрээ арай тулаагүй ээ.Тиймээс “Гамлет”-ын хөгжимд маш их аялгуунууд байдаг.
Энэ бол миний тэр сэтгэлийн угаас гарсан. Ер нь би мэдрэгдсэн зүйлээ л хийчихдэг. Москвад сурч байхад хэлсэн багшийн маань нэгэн үг байдаг юм.“Уран бүтээлч хүн стилийг хайж явдаггүй юм. Стиль уран бүтээлчийг олж авдаг юм” гэсэн үг нь мартагддаггүй. Стиль уран бүтээлчийг олж авна гэдэг нь тэр хүн стилийг хүлээх ёстой.
Өөрийн амьдралын мэдрэмжээсээ тэр стилийг олох ёстой. Түүнээс биш өнөөдөр би Моцартын стилээр бичнэ, маргааш Чайковскийн стилээр бичнэ гэж хандаж, сэтгэвэл жинхэнэ бүтээл төрөхгүй.
-Ихэнх уран бүтээлч харин стиль хайгаад байгаа юм шиг ажиглагддаг шүү дээ.
-Уран бүтээлд цаг хугацаа гэдэг ганц л шүүгч байдаг.Тийм учраас тэртээ XVIII-XIX зууны үеийн хөгжмийн зохиолчдын бүтээл өнөөдөр ч тоглогдоод явж байна.А.Моцарт, С.Бетховен, П.И.Чайковский, Ф.Шопены бүтээлүүд урт наслаж байна. Хүн төрөлхтний мэдрэмжид хүрчихсэн зүйл хийсэн учраас үеийн үед хүн төрөлхтөн тэдний хөгжмийг сонссоор л байгаа хэрэг.
Товчхондоо хүний мэдрэмжид хүрч чадсан бүтээл хүний жинхэнэ мэдрэмжээс л гарсан байдаг. Дуурайж хийвэл жинхэнэ бүтээл төрөхгүй. Бүтээл богино настай байна гэдэг үүнтэй холбоотой. Цаг хугацаа бол маш мундаг шүүгч. Энэ шүүгч л бүгдийг тодорхойлчихдог. Тайз дэлгэцийн бүтээлийн хувьд хөгжим их сонин үүрэг гүйцэтгэдэг.Тайз дэлгэцийн бүтээл бол харааны мэдрэмж. Харсан юмаа хүн хараад түүнд үнэмшихгүй л бол тэр бүтээлийн хөгжим муу байна гэсэн үг. Хөгжим түүний далд сүнс нь байдаг.
-Та найруулагч С.Бямбын “Хүсэл шунал”, “Алсын удирдлага” зэрэг кино уран бүтээлийн хөгжмийн зохиолчоор ажилласан. Жүжгээс илүү кинонд хөгжим бүр илүү чухал байр суурь эзэлдэг үү?
-Ялгаагүй. Аль алинд нь хараа, сонсгол хоёр их чухал. Илүү дутуугүй л байхад болчихдог. Бидний хувьд хоёр кинон дээр хамтарч ажилласан. Нэг нь найруулагчийн анхны баримтат кино, нөгөө нь анхны уран сайхны кино нь. Энэ хоёр кино хоёулаа Олон улсын кино наадмаас шагнал хүртсэн.
-Сүүлийн үед олон монгол кино дэлгэцнээ гарах болсон. Гэтэл кино хөгжмийн зохиолч гэсэн нэрийн ард хөгжмийн зохиолч бус дууны ая зохиодог эсвэл дууны найруулга хийдэг хүмүүсийн нэрс харагдах болсон. Киноны хөгжим бичих хөгжмийн зохиолыг ая зохиогч хүн хийж таармааргүй л юм. Таны бодлыг сонсч болох уу?
-Киноны хөгжим гэдэг бол бас л биеэ даасан чиглэл.Гэхдээ ганцаараа хийдэг бүтээл биш багаар хийдэг бүтээл юмуу даа. Аймшгийн үйл явдал гарахаар чихраад, хүн уйлахаар ёнгиноод байдаг урлаг биш юм.
Киноны хөгжим дотроо олон үйл явдлын мотив гэж байдаг. Дуурь гэж зүйл дуулж л байгаа болохоос үндсэндээ бас л ялгаагүй жүжиг. Дуурийг бичихэд өнөөх олон жилийн мэдлэг хэрэг болдог. Өөрийн гэсэн хөгжмийн дотоод хуультай. Аль хэсэгт нь ямар хөгжим байх вэ гэх зэрэг нь бүгд хуультай.
Үүнтэй адил киноны хөгжим ч ялгаагүй. Найруулагч нь түүнийгээ мэдэж байх ёстой. “Оскар”-ын шагналд шилдэг хөгжим гэсэн номинаци яваад байдаг нь цаанаа ийм учиртай.
-Манайд ч гэсэн ийм төрлийн шагналыг өгч байгаа харагддаг.
-Тийм үү. Болж байна шүү дээ, гэхдээ гол нь ямар хүмүүс шүүж гаргадаг юм бол доо.
-Мэргэжлийн урлагийг мэргэжлийн бус хүн хийнэ гэхээр үзэгчдийг хүндлээгүйн шинж ч юм шиг…
-Монголын зах зээлийн асуудалтай холбож ойлгож болох юм. Монголд кино үзэх зах зээл бага.Санхүүтэй холбогдоод ирэхээр төсөр жаахан мөнгөөр хөгжим хийдэг ч юм шиг, хийдэггүй ч юм шиг хүнээр хөгжим хийлгэж байгаа хэрэг. Тэр хүнд нь хэдэн цаасыг нь аваад эффект шиг зүйл хийгээд өгчих амархан. Бас иймэрхүү асуудлууд байгаа байх. Гэвч энэ байдал өөрчлөгдөнө л дөө.
-“Ану хатан” кинон дээр та мөн л хөгжмийн зохиолчоор нь ажилласан. Ану хатан бас л Монголын түүхэн томоохон дүр шүү…
-Энэ кино өөрөө маш том сэдвийг агуулсан байсан. Би энэ киноны хөгжмийг шинэ сонгодог хэлбэрээр гаргах гэж оролдсон. Сонгодог хэлбэр гэдэг өөрөө жинтэй бүтээл байх ёстой. Гэхдээ түүхэн кино заавал нүсэр байх албагүй. Бүтээлийн хэлбэр нь аль болох түүхийн тэрхүү хуудас руу ойртсон байдлаар хийх хэрэгтэй байдаг.
Өнөөдрийн XX-XXI зууны нийтийн дууны аялгууг монгол хөгжим гэж бодоод байх шиг байгаа юм. Уг нь үгүй юм. Эртний монголчууд, тэр тусмаа эзэнт гүрний үеийн хөгжим аялгуу одоогийнхтой яг адил байгаагүй байх л даа. XIII зуунд Монголд ямар ч хөгжим байсан байж болно.Монголын их эзэнт гүрний үед икэлийн аялгуу татлаганаас гадна, цоор, ятга, лимбэ, бишгүүрийн аялгуу ч эгшиглэж байсан байж таарна.
Суурин соёлтой ард түмний олон янзын соёлоос авч бас тэдэнд ч соёлоо түгээж явсан монголчууд олон янзын аялгуутай байсан нь ойлгомжтой. “Ану хатан” кино гарсны дараагаар зарим хүмүүс надаас XIII зууны монгол аялгуу ийм байх уу гэж асууж байсан. Тэгэхэд нь би “XIII зуунд монгол аялгуу ямар байсныг би яаж мэдэх вэ дээ, зөвхөн миний төсөөлөл. Чи ч бас мэдэхгүй биз дээ” гэж л хэлсэн.
Яагаад “зохиолын дуу” гэсэн юм бэ, зохиогдоогүй дуу гэж байхгүй шүү дээ
-Бас дууны уран бүтээл ч ялгаагүй. Үг, ая, дуу, дуучин хоорондоо зохицоогүй байна гэж байх уу?
-Байлгүй яахав. Зохицол алдагдвал ганц урлаг биш бүх юм сүйрнэ шүү дээ. Дууны урлагт нийтийн дуу гэж байх ёстой зүйлийг зохиолын дуу гэж яриад байгааг нь би хувьдаа сайн ойлгохгүй байгаа юм.Зохиолын дууны уралдаан гэхээр бас зохиогдоогүй дууны уралдаан гэж байгаа юм шиг. Яагаад зохиолын дуу гэсэн юм бэ, зохиогдоогүй дуу гэж байхгүй шүү дээ.
-Монголын нөхцөлд сонгодог төрлөөр бүтээл хийхэд хэцүү байх.
-Хэчнээн авьяастай ч гэсэн энэ төрлөөр өнөө цагт мөнгө олоход хэцүү болж байгаа юмуу даа. Ганц дуу бичээд 1-2 сая төгрөг аваад амьдраад байх нь тэдэнд ашигтай учраас Монголд тэр урлаг илүү хөгжөөд явчихаж байгаа хэрэг.
Урлаг гэхээсээ илүү түр зуурын “амь тариа”. Үүний аюултай зүйл нь Монголын нэгэн үеийн сонгодог урын сан сөнөж байгаа юм. Би үүнийг хатуу хэлж чадна. Том бүтээлүүд бараг гарахаа больж байгaa ч юм шиг. Та нар яагаад зохиол бичихгүй байгаа юм бэ гэж зохиолч нарыг зэмлэх нь хэцүү. Учир нь сонгодог томоохон хөгжмийн бүтээлийг үнэлэх үнэлэмж нь байхгүй.
Ард түмнийг үүнд буруутгаад ч яах билээ.Хууль эрх зүйн талаас нь нэг жилдээ Монгол Улсад хөгжмийн том хэмжээний бүтээл гаргачих санхүүг гаргаж чадах механизмыг манай хуулинд оруулбал зүгээр юм. Яг үнэндээ Монгол Улс сонгодог урлагаараа Азидаа нэгдүгээрт явж байсан. 1950-1960-аад оны үед энэ төрлөөрөө Хятад, Солонгос, Японтой тоож ярихааргүй байсан. Балет, дуурийн хөгжлөөрөө энэ үед манай улс “тасархай” хол байсан. Зах зээлээс хойш харин энэ хөгжил нь “тасархай” доор очсон.
-Нэгэн зохиолын дуучин тоглолтоо хийхээр зарлахад нийтээрээ очиж үзээд, балет юмуу дуурь тоглогдох өдөр танхимд нь цөөхөн үзэчид суух болсон нь яг одоо манай соёл урлагийн амьдралд тохиож буй харамсалтай үзэгдэл. Та үүнтэй санал нийлэх үү?
-Харамсалтайгаар барах уу. Уран бүтээлчид үхэх гээд байгаа учраас юмаа бичихээ байлаа гэж ярих нь бас туйлширсан хэрэг. Хүсэл байх л юм бол өнөөдөр миний бүтээлийг сонсоогүй ч 50, 100 жилийн дараа сонсоно доо гээд хийж болохгүй биш болно.
Тиймээс ч би сүүлд “Хүн байгаль хоёр” нэртэй төгөлдөр хуурын концертоо бичсэн. Энэ концертоо би аавдаа зориулж бичсэн юм. Учир нь аав маань байгальд зориулж их бүтээл хийсэн байдаг. Энэ тоглолтоос би ямар ч ашиг хараагүй. Надад ашиг олох шаардлага байгаагүй.
Харин ч бүр энэ тоглолтоо өөрөөсөө мөнгө гаргаж санхүүжүүлсэн. Харин нэг сонин зүйл нь тасалбар дууссан. Танхим үзэгчдээр дүүрэн байсан.Эгч маань төгөлдөр хуурын гоцлол тоглосон. Би Нью-Йоркоос удирдаач авчирч удирдуулсан. Тасалбарыг би үнэтэй тавиагүй. Учир нь энэ тоглолтыг залуу уран бүтээлчид болоод оюутнууд ирж сонсоосой гэж хүссэн юм.
-Жинхэнэ хөгжмийн төлөө гэсэн чин сэтгэл, хүсэл байвал уг нь болох л юм байна тийм үү?
-Яг үнэн. Монголын сонгодог урлагаа гэж бодох юм бол хийж болно шүү дээ.
-Хүмүүс яагаад “зохиолын дуу” гэдэг зүйл руу нийтээрээ хошуураад байгаа юм бол?
-Амархан сонсогддог бүтээл гэж нэг ойлголт бий.Урлагийг заавал ойлгох гээд байх албагүй. Урлаг бол хүний мэдрэмжийг өдөөх гэсэн зүйл. Заавал дээд боловсролгүй бол та үүнийг ойлгохгүй гэж ярих албагүй.
Гэвч тодорхой хэмжээнд боловсрол хэрэгтэй. Дэлхийд хамгийн ихээр яригдаж байгаа зүйл боловсрол болчихоод байна шүү дээ. Хошин урлаг, зохиолын дууг би хувьдаа нэг их буруутгадаггүй. Өнөөдөр тэр хүмүүст үгүйлэгдэж байгаа амархан мэдрэгдэх урлаг нь л энэ болчихож.Харин үүнд нийгмийг буруутгаж болно.
Дээр удирдлагуудыг аав, ээж нар гэж бодоход хүүхдүүддээ түүнийг тайлбарлаж өгөх, тэднийг зөв зохистой урлагт татан оруулах ажил хийгдэхгүй байгаа юм шиг санагддаг. 18-19 настай болоод гэнэт дуурь, балетад дуртай болно гэж байхгүй. Бага ангиас нь эхлээд л Моцарт гэж хэн юм бэ, Бетховен гэж хэн юм бэ, яагаад энэ хүн дүлий мөртлөө хөгжим зохиосон юм бэ гээд хүүхдүүдэд уран зохиол шиг яриад өгчихөөр тэд өөрийн эрхгүй сонирхоод л ирдэг.
Ингээд л тэр хүүхдийн ухамсар нь тогтоод ирмэгц 18-19 насанд өөрийн эрхгүй тэрхүү урлагийг очоод үзэх сонирхол нь төрж эхэлдэг. Учир нь тэдэнд суурь нь байгаа болохоор тэр. Манайд ийм зүйл байхгүй, байсан ч хангалтгүй байх шиг байна. Хаа газрын улсын хөгжлийг сонгодог урлаг, спорт хоёроор нь дүгнэчихдэг.
-Та дууны уран бүтээлд хэр их цаг зав гаргаж байна вэ?
-Миний бичсэн хоёр дуу байдаг. Нэг нь Ардчилсан хувьсгалын үед гарч байсан оюутан залуусын сүлд дуу.
Тухайн үед Монголын залуучуудын холбоонд байсан одоогийн Улсын их хурлын гишүүн М.Зоригт, Гадаад харилцааны сайд Л.Болд, Голомт банкны захирал Д.Баясгалан нарын залуус тэрхүү дууг бүтээе гэдэг саналыг гаргаж түүнийг нь би хийж байсан юм.
-Хөөх, тэгвэл та чинь Ардчилсан хувьсгалд хувьнэмрээ оруулсан бас нэгэн төлөөлөгч нь юм байна шүү дээ.
-Тийм ч их сүртэй хувь нэмэр ч юу байхав дээ. Гэхдээ л Москва Улаанбаатарын онгоцоор тийзээ даалгуулж ирээд дуугаа бичүүлж байсан юм../Инээв/
Хоёр дахь дуу нь би аавдаа зориулж бичсэн “Миний л аав” гэж дуу бий.
-Харин одоо танд бичсэн байгаа дууны ая байгаа юу?
-Ер нь миний болгоомжтой зан байдаг. Олон сэтгүүлчид “Та одоо юу хийх гэж байна, ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ” гэж асуудаг. Би хэзээ ч тэдэнд энэ тухайгаа хэлдэггүй.
-Хөгжмийн зохиолч гэдэг хүмүүс хөгжмийн мэдлэг, боловсролоос гадна бас философичид байдаг юм шиг санагддаг?
-Хий хоосноос юм гаргаж ирж байгаа утгаараа ямар нэгэн байдлаар философитой холбогддог байлгүй дээ.
-Хөгжмийн зохиолч хүн өөрийн бүтээсэн уран бүтээлдээ хайртай байдаг байх тийм үү?
-Хайртай байлгүй яахав. Муу ч байсан, сайн ч байсан хайртай. Яагаад хайртай вэ гэхээр уран бүтээл бол тэдний хүүхэд нь байдаг. Тиймээс царай муутай ч миний хүүхэд. Царайлаг ч байсан миний хүүхэд./Инээв/
-Монголын хөгжмийн зохиолуудаас хамгийн гайхалтай аялгуутай бүтээл гэвэл танд яг одоо ямар бүтээл санаанд тань орж ирж байна вэ?
-Зөндөө бий дээ. “Хэн нэгнийг шүтдэг гэж чи хэзээ ч битгий яриарай” гэж багш маань надад хэлж байсан санаанд орлоо. Их “том” үг. Би Бетховеныг шүтдэг гэж ярилаа гэхэд чи ч бас уран бүтээлч гэж тэрээр хэлж байсан. Бетховеныг хүндэлж байж болно.
Л.Мөрдорж, Д.Лувсаншарав,С. Гончигсумлаа гээд манай алтан үеийн сайхан аялгуутай уран бүтээлчид олон байна. Гэхдээ цаг хугацаа харуулна. Түүн дундаас би “Зулай цагаан алтай” дууг Монголчууд маань хэдэн зуун жил болчих болов уу гэж бодож байна.
Учир нь Зулай цагаан алтай гэдэг утга нь дууныхаа аялгуутай шууд авцалдчихсан юм. Энэ дууг хэр баргийн дуучин дуулаад байдаггүй ч дуулахаар хүмүүс дагаж дуулаад байдаг. Энэ бол миний аавын дуу. Гэвч би аав гэдэг утгаараа биш хөгжмийн зохиолч гэдэг утгаар нь ярьж байна.
Тэрхүү сүрдэж, бахархмаар, огшмоор тэрхүү гайхалтай уулыг тэр л цар хүрээгээр нь аялгууг нь гаргасан энэ дуу монгол хүн бүрийн бахархал болсон гэхэд хилсдэхгүй шүү.Энэ дууг мэддэггүй монгол хүн гэж байхгүй байх.Тиймээс “Зулай цагаан алтай” дуу бол хөгжмийн зохиолчийн хувьд миний хүндэлж явдаг суут аялгуу.