2024-12-27, Баасан
-20.1 C
Ulaanbaatar

Япон судлаач, орчуулагч О.ЖАРГАЛСАЙХАН: Сүүлдээ Мүракамигаар өвчлөх шахуу юм болсон шүү

Орчуулагч, япон судлаач, боловсрол судлалын мастер Очирхүүгийн Жаргалсайхан Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд 1963 онд төрсөн. МУИС-ийг орчуулагч-багшийн мэргэжлээр төгсч, 1993-1998 онд Токиогийн Гакүгэй их сургуульд суралцсан. Шиба Рёотарогийн “Тал нутгийн тэмдэглэл” тууж болон “Хорин нэгдүгээр зуунд амьдрах хөвгүүд охидод”, “Кооаны гэгээ”, “Тэнгэр уулын суганд орших талын эхэнд”, “Монгол таталбар” эсээ, Японы эзэн хааны шагнал хүртсэн “Оросын тухай” тууж, Мүрао Ясүкогийн “Талын салхи шигээ болохсон” тууж, Фүкүзава Юкичигийн “Эрдмийг эрхэмлэх ухаан”, Самүэл Смайлсын “Өөртөө туслах ухаан”, дэлхийн анхны роман, манай эриний Х зуунд Мүрасаки Шикибүгийн зохиосон “Гэнжийн туульс” нэг, хоёрдугаар боть, Мүраками Харүкигийн “1Q84” гурамсан роман, “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд” роман зэрэг бүтээлүүдийг орчуулж уншигчдын хүртээл болгожээ. Япон хэл, соёлыг сурталчлах үйлсийг нь үнэлж Японы Засгийн газрын шагналаар шагнасан байна.

– Зөв суурьтай хүнтэй байхгүй бол ардчилал нурж унадаг –

-Японы сонгодог зохиолчдын өгүүллэгүүд багтсан таны орчуулгын “Хайрын ааш” бүтээл тань оны шилдэг номоор шалгарсан. Энэ номд японы хэн гэдэг зохиолчийн өгүүллэгүүд орсон бол?

-Энэ номд Акүтагава Рюүносүкэгийн “Эхнэрийн гоо”, “Ширэнгэн дунд”, Мишима Юкиогийн “Бороон дундахь усан оргилуур”, монголд төдийлөн орчуулагдаж байгаагүй Ёокомицү Рийчигийн “Хавар морин тэрэгнээ залрахын цагт”, Дазай Осамүгийн “Арьс, сэтгэл хоёр”, “Дэвхрэг”, “Ичгүүр”, “Гүйгээрэй, Мэүрос минь”, Шиба Рёотарогийн “Коаны гэгээ”, “Хуучны хүний сэтгэл”, Үэда Акинаригийн “Харүсамэгийн үлгэр” зэрэг алдартай арван хоёр өгүүллэгийг түүвэрлэж оруулсан юм. Эдгээр зохиолчдын үе бол Японы уран зохиолын сэргэн мандлын үе байсан.

-Алтан үе байсан гэж үү?

-Алтан үе гэх нь хаашаа юм. Алтан үе гэвэл есдүгээр зууны үеийн “Гэнжийн туульс”-ын үеийг хэлэх байх. Эднийг ямар үе гэж манайхан үзэх юм байгаа юм. Миний хувьд үнэхээр сэтгэлгээний, Японы уламжлалт сэтгэлгээ, дэлхийн утга зохиолын модерн өнгө аяс хоёр л хоорондоо тулалдаж их дайны талбар болж байсан үеийн өгүүллэгүүд юм.

Эл зохиолчдоос Шиба Рёотаро л саяхан болтол амьд байсан, ерэн зургаан онд өөд болсон хүн л дээ. Түүнээс бусад зохиолчид бүгд амиа хорлож нас барсан байгаа юм.

Дазай Осамү өөрийнхөө хайртай хүүхэнтэй хамт голын усанд үйж үхсэн. Акүтагава Рюүносүкэ сэтгэлгээний гүн хямралд орж байгаад цэл залуугаараа амиа хорлож бурхан болсон. Ёокомицү Рийчи бас л зүй бусаар өөд болсон. Мишима Юкио болохоор бүр харакири хийж гэдсээ хүүлэн өөрийгөө егүүтгэсэн байдаг. Тэр түүх бол их урт, эмгэнэлтэй түүх л дээ. Хүчтэй байх ёстой Японы Эзэн хааны арми байхгүй байж болохгүй.

Тэрээр 1949 онд батлагдсан Японы шинэ Үндсэн хуулиас “Цэрэг армитай байх” заалтыг авч хаясныг эсэргүүцэж, дөрвөн шавиа дагуулан Японы Батлан хамгаалах яаманд очиж Жанжин штабын ерөнхий командлагчийг барьцаалж байгаад амиа харакири хийсэн байдаг. Мишима Юкио бол манай их яруу найрагч Очирбатын Дашбалбар шиг агуу авьяастай, улс орныхоо байдлыг хүндэрнэ гэдгийг олон жилийн өмнө мэдэрч байсан гайхамшигтай эх оронч, дүрэлзсэн халуун сэтгэлтэй, сэтгэлгээний нарийн мэдрэмжтэй уран бүтээлч байж л дээ. Мишимагийн хайрын их хөөрхөн өнгө аястай өгүүллэгийг орчуулсан.

Өсвөр насны хүүхдүүдийн хайр сэтгэлийн өхөөрдөм хөөрхөн талыг дөвийлгөж гаргасан өгүүллэг байх жишээтэй. Энэ мэтчилэн хайрын өнгө хэлбэрүүдийн тухай бодож сонголт хийсэн түүврээ “Хайрын ааш” гэж нэрлэх нь аятайхан санагдсан. Насанд хүрсэн хүний хайр, өсвөр насныхны хайр, амьдралд нухлагдаж байгаа залуу гэр бүлийн хайр, эх орноо гэсэн хайр, залуу үеэ гэсэн хайр, шударга ёсны хайр гээд олон янзын хайрын тухай өгүүлэх ном гаргасан маань хүмүүст их хүрсэн бололтой байна.

-Та дэлхийн анхны роман, одоогоос мянгаад жилийн тэртээ зохиосон Мүрасаки Шикибүгийн “Гэнжийн туульс”-ыг орчуулсан. Энэ алдарт бүтээлийг барьж авахад халгаж хулгах зүйл байв уу?

-Энэ бүтээлийг яагаад орчуулах болов гэхээр Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Дэлхийн сонгодог утга зохиол”-ын шигшмэл тавин ботийг гаргая гэсэн шийдвэр гаргасан. Манай олон нэртэй орчуулагчид бүтээлээ оруулсан. Сонголтыг Н.Энхбаяр гуай өөрөө хийсэн. Миний хувьд энэ агуу том бүтээлийг барьж авах зориг зүрх хүрэхгүй байсан.

“Гэнжийн туульс” дэлхийн анхны роман гэдгийг би мэддэг байсан ч орчуулна гэж үнэндээ санаанд минь буухгүй байлаа. Энхбаяр гуай Горькийн утга зохиолын сургуульд сурч байхдаа оросоор нь уншсан байх. Английн Лийдсийн их сургуульд байхдаа англи орчуулгыг нь уншсан гэдэг. “Дэлхийн алдартай ийм романыг оруулахгүй бол ямар юмны тавин боть болох вэ” гээд намайг орчуулж чадах уу гэж санал тавьсан.

-Таны япон хэлээс орчуулсан анхны бүтээл тань ямар зохиол байв?

-Ерэн долоон онд Японд сурч байхдаа Шиба Рёотарогийн “Тал нутгийн тэмдэглэл” туужийг зуныхаа амралтаар орчуулж гаргасан. Хойтон жил нь Токиогийн Боловсрол соёлын их сургуулийг дүүргэж ирэхдээ Гадаад хэргийн яамнаас утасдаж “Ерөнхийлөгчийн Тамгын газраас өөртэй чинь холбоо барихыг хүсэж байна” гэсэн.

Ерөнхийлөгч Н.Багабанди, Тамгын газрын дарга нь С.Баяр байсан. Гайхаад очтол Шиба Рёотаро гэдэг Японы алдартай зохиолчийг 1998 онд төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор нэхэн шагнах талаар ярилцах гэсэн юм билээ. Монгол хэлээр ганц ном гарсан байсан нь миний орчуулсан “Тал нутгийн тэмдэглэл” байж л дээ. Багабанди Ерөнхийлөгч Япон улсад хийсэн анхны айлчлалынхаа үеэр гэргийд нь шагналыг гардуулсан.

Би дөнгөж төгсөөд ирсэн байсан болохоор Ерөнхийлөгчийн Тамгын газарт боловсрол хариуцсан ажилтнаар ажиллах саналыг хүлээн авч, төрийн албаны шалгалт өгч Боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал хариуцсан реферэнтээр арав гаруй жил ажилласан даа. Тэр үед намд элсээд карьер хөөж болох л байсан. Шаба гуайн тэр ном Монголд ч, Японд ч их алдартай. Ном уншаад Монгол руу ирдэг жуулчид Японд түм бум байдаг. Тэр бүтээл миний орчуулгын анхны уран бүтээл байлаа.

-“Өөртөө туслах ухаан”-ыг та бас гайхамшигтай сайхан дуун хөрвүүлсэн шүү?

-Төрийн албаны ажлаа хийгээд, уран бүтээлдээ гүнзгий орох бодолтой байж байтал “Жайка”-гийнх байх аа, Монгол банкны зөвлөх Фүжимото Ацүши гэдэг хүн намайг сурагласаар ирж уулзсан.

Тэр “Танай Монгол Улсын ардчилал арай л нэг өөр болоод байна. Монголчууд ардчиллын ийм сайхан замаар замнаж байгаагийн хувьд зөв суурьтай хүнтэй байхгүй бол ардчилал нурж унадаг юм. Хувь хүн бүхэн төр улсаа шаардах биш төр улсаа дэмжлэг үзүүлэх цаг үе монголчуудад ирчихээд байна. Тийм учраас чадалтай сайн иргэнтэй байх ёстой. Энэ ном бол манай Мэйжийн үеийн Японыг төдийгүй барууны орнуудад сайн боловсролтой иргэнтэй болоход суурь нь болж өгсөн. Накамүра Масаоно гэдэг хүн орчуулсан юм.

Япончуудын арван хүний нэг нь уншдаг, олддоггүй ном” гээд надад “Өөртөө туслах ухаан” гэдэг япон хэлээр хэвлэгдсэн номыг өглөө. Уншаад үзсэн чинь Мэйжигийн үед бестселлэр болж байсан ном байдаг юм байна. Мэйжийн үе гэдэг маань харанхуй бүдүүлэг феодалын нийгмээс ардчилалтай хөрөнгөтний нийгэм, барууны соёл руу гулсан орж байсан нийгмийн шилжилтийн үеийг хэлдэг. 1840-1850-иад оны үе л дээ. 1872 онд “Барууныхан хөл дээрээ боссон түүх” гэсэн нэрээр англи хэлнээс орчуулж гаргасан.

Зохиогч Самуэл Смайлс Шотландын Хадинтон хотод төрсөн. Эмчийн мэргэжил эзэмшсэн хэдий ч “Өөртөө туслах ухаан” номоо 1858 онд хэвлүүлж амжилт олсон тул сэтгүүлзүй, бичиж туурвих ажилд хүчээ сорих болсон хүн юм билээ. Түүний бичсэн “Self-Help”, “Сharacter”, “Тhrift”, “Dutу” бүтээлүүд их алдартай. Тухайн үед Адуун чулууны нүүрсний уурхайн захирал байсан, УИХ-ын гишүүн асан Шинэбаяр ивээн тэтгэж хэвлүүлсэн. Өмнөх үгийг нь Б.Даш-Ёндон гуай бичсэн. “Ямар мундаг ном бэ. Ийм ном уншилгүй удсан байна шүү. Орчуулга чинь давгүй байна шүү” гэж урам хайрлаж байлаа. Үүнээс хойш японд зуун дамжин бестселлэр болсон Фкүзава Юкичийн “Эрдмийг эрхэмлэх ухаан” хоёр ботийг орчуулсан.

-Япон хэлийг та хаана тэгтлээ сайн сурсан билээ?

-МУИС-д сурсан даа. Хятад хэлний Болдбаатар манай анги. Сүмо тайлбарладаг Төмөрбаатар Москвагаас манай ангид шилжиж ирж байлаа. Хятад хэлний ангид орох гэж Болдоо бид хоёр өрсөлдөөд, би япон хэлний ангид тунаж унасан хүн л дээ. “Хятад хэлний ангид оруулахгүй” гээд хасагдахдаа уйлж л байсан. Их шартай байсан байгаа биз.

Их сургуулийн монгол хэл-уран зохиолын ангийнхантай яг адил хөтөлбөрөөр хичээллэж төгссөн. Тэгэхээр бид морфологи, авиан зүй, найруулга зүй, эртний уран зохиол, гадаадын, дорно дахины, Оросын, Европын уран зохиол гээд бүгдийг заалгаад, япон ханзаа бас давхар үзсний ач хожим орчуулагч болоход үр дүнгээ өгсөн.

Манай сургуулийг агуу их Загдын Түмэнжаргал, зохиолч Доржзовдын Энхболд, Пүрэвжавын Баярсайхан нарын суу билэгтнүүд төгсөж байсан. Бид бүгд С.Дулам багшийн шавь нар. Манай япон хэлний сонгоныхны хувьд ханзаа ухаангүй зээд ямар ч завгүй байдаг байлаа. “Монголын нууц товчоо”-гоо цээжилнэ. Нямаагийн Төмөрхуяг багш маань А.С.Пушкины шүлгүүдийг оросоор нь цээжлүүлдэг байлаа.

-Хятад ханз, япон ханз сурахад аль нь хэцүү бол?

-Хятадын бичгийн соёл манай эриний тавдугаар зуунд Японд нэвтэрсэн байдаг. Тэр цагаас хойш хятадын бичиг үсгийн соёлыг япончууд өөриймшүүлэхдээ үл ялиг хураангуйлж авсан. Арван зургаан бичлэгтэй ханз байлаа гэхэд найм болгох ч юм уу хурааж боловсронгуй болгосон гэх юм уу даа. Одоо хэрэглэж байгаа хятад ханз тэр үеийнхээс бүр хураангуй болсон.

Би Тайваньд очихдоо хоолны ханзаа нэг юм уншчихна. “Энэ чинь галууны нэг ийм далавч байна” гээд мэдээд байх жишээний. Бээжинд очихоор манай таталган бичиг шиг хураагаад биччихсэн юмыг уншиж чаддаггүй. Ханз үсгийн соёл бол нэг соёл мөртлөө хураангуйлсан, хураангуй биш, хураангуйлсанаас бүүр хураангуй болсон гэх маягтай байдаг. Ерөнхийдөө арван мянган ханз үсэгтэй байхад Японоос маш сайн мэдрэмжтэй орчуулгыг хийнэ. Таван мянган ханзтай бол сонин сэтгүүл унших хэмжээний гэж ойлгож болно.

-Мүраками Харүкигийн “1Q84” гурамсан романыг монголчлох болсон учир юунд байна?

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед ажлаасаа өргөдлөө өгч гарчихаад “Юу хийх вэ” гэж бодсон. Үндсэндээ ажлаасаа гарснаас хойш миний уран бүтээл цэцэглэсэн.

“Admon” компанийн захирал Роозонгийн Энхбат дуудаж “Франкфуртын номын яармагт очихоор Мүраками гэдэг зохиолчийн бүтээл орон орны ном эрхлэгчдийн ярианы сэдэв болоод байна. Чи орчуулахгүй биз” гэж асуусан. Би “Бодъё” гэж яваад нэг хоёр ч жил болчихсон. Дэлхийн пост модерн роман шүү дээ. Дараа нь нэг явж ирээд гэрээ хийсэн. Тэгээд орчуулсан. Мүраками чинь тухайн улс орны хэвлэлийн газарт орчуулах эрхээ өгдөг. Хувь уран бүтээлчид эрх өгдөггүй.

-Та хувиараа орчуулна гэхэд эрх өгөхгүй байжээ?

-Өгөхгүй. Хамгийн гайгүй нэр хүндтэй хэвлэлийн газарт эрхээ өгдөг. Ингэж Р.Энхбат бид хоёрын түншлэл хэлсэн. Орчууллаа. Хэвлэгдлээ. Сүүлдээ Мүракамигаар өвчлөх шахуу юм боллоо. Дэлхийн суут модерн зохиолчийн сэтгэлгээний хурд, миний орчуулах хурд хоёр эхлээд гарт орж өгөхгүй хэцүү байсан. Нэг хуудсан дээр нэлээд уддаг байлаа.

Сүүлдээ Мүракамийн сэтгэлгээний хүч, миний утга зохиолыг мэдрэх хүч хоёр төстэй болж найрсаж зохицож эхэлсэн. Мүраками зохиочихсон мөртлөө зохиолд нь дэлхийн нийгмийн шинжлэх ухаан явж байдаг. Үнэхээр дэлхийн зохиолч л доо. Гурван боть нь монголоор хэвлэгдсэнээс хойш монгол уншигчид талархалтай хүлээж авсан. Дараа нь “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд” романыг орчуулж гаргасан.

-Японы сонгодог утга зохиолын шүр сувдыг орчуулсан танд уншигчид их талархалтай ханддаг биз?

-Японы үгийн урлагийн их мастеруудын бүтээлээс шүүн тунгааж байж “Япон өгүүллэг, тууж”, “Хайрын ааш” гэсэн хоёр түүвэр гаргалаа. Шиба Рёотарогийн туужийг ерэн долоон онд орчуулсанаас хойш нэлээд олон өгүүллэгийг нь орчуулсан. Роман, тууж, өгүүллэг гээд гуч гаруй бүтээлийг нь монголчилж.

Заримыг нь эмхэтгэл болгож гаргасан. Эмхэтгэл болгохоор бэлдсэн бүтээлүүд ч байна. Японы утга зохиолын их далайгаас орчуулсан бүтээлүүд он цагийн хувьд манай эриний есдүгээр зуунаас дэлхийн топ модерн, пост модерн Харүками хүртэлх оюун санааны өргөн дэлгэр ертөнцөд би хөлгүй юм шиг хөвөн цэнгэж явна.

-“Гэнжийн туульс” монгол хэлээр хоёр дэвтэр гарлаа гэлээ. Уг эх нь хэдэн дэвтэр зохиол билээ?

-56 шастир зохиол. Үүнээс арван шастирыг нь л би монголчлоод байгаа. Ганц хүний орчуулгаар бүгдээрээ гарах хэцүү ч байж магадгүй. Тийм болохоор юутай ч шигшмэл гурван ботийг монгол хэлээрээ гаргана л гэж бодож байгаа. Ахиад арван жил зарцуулах нь уу, гурван жилээ үрэх нь үү би мэдэхгүй. Энэ яагаад ингэж цаг хугацаа шаарддагийн нууц нь хоёр юм байдаг.

“Гэнжийн судлалын хүрээлэн” гэж байдаг. “Гэнжийн судлал”-ын хамгийн том эрдэмтэн өчигдөр (2019.02.24) бурхан болчихлоо. Японы соёл, утга зохиолын гарамгай эрдэмтэн, дэлхийн япон судлалын түүчээ нарын нэг, АНУ-ын Колумбын их сургуулийн профессор, Японы соёлын зүтгэлтний шагналт Дональд Лоренс Кийн гуай 96 насныхаа сүүдэр дээр тэнгэрт дэвшлээ.

Энэ хүн 1922 онд Нью-Йоркд төрж, Колумбын их сургууль төгссөний дараа АНУ-ын тэнгисийн цэргийн сургуульд япон хэл үзсэнээсээ хойш япон хэл соёл, утга зохиолд автаж, япон цэргийн өдрийн тэмдэглэлийг орчуулж дайны галаас соёлын оч үсэргэж байсны дээр дайны дараа Харвард, Кембрижийн их сургуульд япон судлалыг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргасан байдаг.

2008 онд болсон “Гэнжийн туульс” бичигдсэний мянган жилийн ойн арга хэмжээ өрнөж Японд өргөн тэмдэглэхэд миний бие оролцож энэ эрхэм хүнтэй уулзаж, тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж асан Намбарын Энхбаяр гуайн хувийн захидлыг түүнд дамжуулж байлаа.

Эрдэмтэн судлаач, утга зохиолын эрэлчин, глобал ертөнцийн соёлт эрдэмтэн хүний нүдээр тэрбээр миний гардуулсан захидлыг гүнээ хүндэтгэн хүлээж авч талархаж байсан нь санаанд тодхон байдаг. “Гэнжийн туульс” том бүтээл гэдгийг хүн бүхэн мэднэ. Манайхаар бол “Монголын нууц товчоо” шиг Японы эзэн хаадын ёс жаяг, нууц түүх бүхнийг өгүүлсэн бүтээл. “Гэнжийн туульс”-ыг монгол хэлнээ би орчуулж байгаагаас биш япон судлал өндөр хөгжсөн улс оронд бол академийн хэмжээнд судалж дуун хөрвүүлэх ёстой л доо.

-Есдүгээр зууны үеийн бүтээл гэхээр хэллэгээс өгсүүлээд ойлгогдохгүй зүйл их л байдаг байх даа?

-Тухайн үед Хятадын бичиг үсэг хэрэглээнд ороод гурав дөрөвхөн зуун жил болж байсан болохоор ханз үсгийн агуулга хүртэл өөр байх нь мэдээж. Тухайн үед ханз мэддэг, мэддэггүйгээрээ эрдэмтэй, эрдэмгүй гэж ялгардаг байж. Ний нуугүй хэлэхэд энэ том бүтээлийг эмэгтэй хүн бичсэн гэхэд итгэдэггүй япон эрдэмтэд одоо ч байдаг. Бүсгүй хүнийг дооршаах үзэл ч нөлөөлдөг л байх.

Одоогоор “Эрэгтэй хүн Гэнжийн туульсыг бичжээ” гэсэн баримт ерөөс олдохгүй байгаа. Мүрасаки Шикибү гэсэн эмэгтэй л бичсэн гэх баримт гарч ирээд байдаг. Есдүгээр зуунд бичсэн анхны эх нь хадгалагдаж байгаа. 13-15дугаар зуунд хуулбарласан эхүүд хүртэл хадгалагдаж байна. Энэ бүхэн нүүдлийн соёл иргэншилтэй бидний толгой тархинд орохооргүй зүйл байгаа биз. “Гэнжийн судлал”-ын зуун зууны түүх хадгалагдаж бий.

Би “Гэнжийн туульс”-ыг орчуулахдаа Танизаки Жүничиро гэдэг хүний орчин цагийн япон хэлэнд хөрвүүлсэн эхийг, Жяакүчёо Сэтаүчигийн эхтэй хавсран орчуулж байгаа. Манай “Монголын нууц товчоо” ч ялгаагүй Ц.Дамдинсүрэнгийн, Сумъяабаатарын, Ш.Чоймаагийн, Цэнд гүний гэх мэт олон эх байдаг байх аа. Танизаки Жүничиро бол цэвэр утга зохиолын хүн төдийгүй Японы зохиолчдоос хамгийн түрүүнд Нобелийн шагналд нэр дэвшиж байсан. “Гэнжийн туульс”-ад хятад шүлэг их гардаг.

Үүнийг Танизаки их сайхан тайлбарласан байдаг. Би бол эртний тэр ханзуудыг ойлгохгүй шүү дээ. Жишээлбэл, манан гэж хэнийг хэлээд байгаа юм, шүүдэр гэж юуг өгүүлээд байгаа юм гээд гайхна. Гэтэл хайртай хүүхнээ шүүдэр гэх жишээний. Жяакүчёо Сэтаүчи гэдэг гэлэнмаагийн орчин үеийн япон хэлэнд буулгасан арван ботьтой харьцуулна.

-Аа, мөн ч бэрх ажил юм байна аа?

-Нэн эртний үеийн утгыг ойлгоод, Танизакигийн тайлбарыг хараад, орчин цагийн тайлбартай харьцуулаад, тэгээд эцэстээ монгол хэл найруулгад зохируулах гэсэн дөрөв дараалсан үйлийг хамтатгаж байгаа юм л даа. Тиймээс туйлын их бэрхшээлтэй. Орчуулга хийж ингэж үйлээ үзэж байхаар одооны манай бүсгүйчүүдийн бичээд байгаа шиг түүхэн роман хэд хэдийг биччихмээр л санагдаад байдаг юм. (инээв. Л.Б)

-Та өөрөө бичсэн уран бүтээл байгаа юу?

-Надад тийм зав байхгүй л дээ. Анхнаасаа ч зохиол бүтээл бичээгүй юм. Манайд номын зах зээл бага. Тэр бага зах зээлийг нь орчуулгын бүтээл эзэлчихээр манай зохиолчид сайхан нүдээр харах нь ер нь бага даа. Зохиолчид, орчуулагчид маань зах зээлээ булаалдсан барсын нүдээр л бие биеэ хардаг даа.

-Хүн ардаа соён гэгээрүүлж Японы тэр оюуны гайхамшигт соёлыг эх хэлэндээ авчирна гэдэг чинь гайхамшиг биш үү. Та нарыг чинь А.С.Пушкин хүртэл “Гэгээрлийн өртөөний морьд” гэж өргөмжилсөн байдаг шүү дээ?

-МЗЭ-ийн ерэн жилийн ой боллоо. Би яахав, эвлэл, пионерын гишүүнээс өөр аливаа нэг нам мамд элсэж байгаагүй хүн л дээ.

-Та чинь МЗЭ-ийн болон Монголын орчуулагчдын эвлэлийн гишүүнээр ч элсээгүй байсан юм уу?

-Алиных нь ч гишүүн биш сул уран бүтээлч байсан. Зохиолч До.Цэнджав гуай “МЗЭ-ийн тэгш ой ч тохиож байна. Чи одоо элсээч. Дэлхийд зартай мундаг бүтээлүүдийг орчуулж, Монголын утга зохиолд цус сэлбэж байгаа хүн байж” гэж загнасан. Элсье гэсэн чинь хоёр хүний батлан даалт хэрэгтэй байдаг юм байна. Тэгээд ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуай батлан даалт бичлээ. Бие нь тааруу байхад эргэж тойрч, Япон руу ч хамт явсан юм л даа. Бичиж өгсөн батлан даалтад “Дэлхийн соёлын жинчин” гэсэн үнэхээр гоё үг байсан даа.

-Монгол хэлэнд орчуулах хүн байна. Харин гадаад хэл рүү Монголын уран зохиолоо гаргах хөрвүүлэгч ховор байх юм?

-Миний хувьд япон хэлнээс яагаад түлхүү орчуулаад байна гэхээр тэдний сонгодог сайн бүтээлүүдийг эх хэлэндээ түргэхэн орчуулъя гэсэн сонирхол давамгайлаад байна. Энэ сонирхлыг тэтгэдэг дэмжлэгүүд бас байна. Японы олон улсын харилцааны нийгэмлигээс хааяа нэг номын зардал авч болж байна.

Бас “Төдий насандаа ийм бүтээлүүдийг монголчилчихоод сууж байхад ч” гэсэн уран бүтээлийн амбийц байж байна. Нөгөөтэйгүүр, манайх уран бүтээлээ гадаад хэлнээ орчуулж гаргахад төрийн бодлого, олон нийтийн дэмжлэг яах аргагүй хэрэгтэй. Ийм хөшүүрэг л их дутагдалтай байгаа юм. Амьжиргааны зардал хэнд ч байх л асуудал биз дээ. Миний хувьд янз бүрийн газруудад төсөл дээр ажиллаад цаг заваараа орчуулга оролдож байна. Японд маш мундаг монголч эрдэмтэд олон байдаг.

-Танд уран бүтээлийн зөвлөгөө өгдөг ямар хүн байна?

-Койбүчи Шиничи гэж миний багш байна. Азийн их сургуулийн ректороор ажиллаж байсан монгол судлаач хүн байгаа даа.

-Их гүүш Хасбаатарын Мэргэн гуай их олон киног орос, англи хэлнээс орчуулсан. Та кино орчуулж байв уу?

-Надад тийм санал ирэхгүй л байна. Санал ирвэл би орчуулна шүү дээ. Японы хайрын сэдэвтэй ч юм уу, дэлхийг уйлуулж байсан ч бай алдартай зөндөө л кинонууд байна. Албан ёсны эрхийг нь аваад орчуулаад өг гэвэл орчуулаад л өгнө.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img