(Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадуламаас XXI зууны сэтгүүлч бүсгүйд илгээсэн хариу захидал)
Жич: Мөр бүрийг баримтад түшиглэсэн болно.
…Ургаж буй модыг тайрч хаяхдаа
Уг үндэс нь хөрсөндөө үлдсэнийг мартагсад
Улаан цурав охиноо бодоод
Утсан амь тасарч өгөхгүй тарчлахад
Үл тоон бахаа хангаад,
Үгүй болсны минь дараа намайг
“Үрийн зулай үнэрлээгүй” гэж гүжирдэвч
Үнэн гашууны түүх гэгч
Үнсэн дундаас ч өндийдөг байна…
I
Автономит Монголын үед
Да хүрээний хэргийг шийдэх газарт
Алба хашиж явсан
“Алаг сайд” Дамдин хэмээх
Алдартай хүмүүний зүстэй охин сон, би
(Богд хаант Монгол Улсын гутгаар зэргийн тайж Дамдин нь Чингис хааны өрлөг жанжин, хүлэг Боорчийн шууд угсаа тул зэрэг зиндаа дээгүүр, Амгаланбаатар хотод нэр нөлөөтэй, чинээлэг язгууртан байв. Гэтэл шинэ түүх бүтээгчид түүнийг “мужаан Дамдин” хэмээн гуйвуулсан. Түүнчлэн Дамдин сайдыг 1931 онд хэлмэгдүүлэн хороосон гэх баримт байна. Ж.Б)
Хүүхэд ахуй цагт минь
Хүрээний ван, гүн, сайд, ноёд
Их гарын наймаачид манай гэрт цугларч
Их хэргийг хэлэлцдэг байлаа
Магсар хурц Дугаржав хүүтэйгээ,
Лимбэчин Цэрэндорж, Лувсан хуyрч гээд
Манайхаар аль л идтэй хавтай зочид
Хөл тасрахгүй бужигнаж байдаг сан.
Сайн эцгийн ачлал буянаар би
Эрдэмд шамдан манж, хятад хэл сурсан ч
Саран мэт туяарах 14-хөн насандаа
Эрхт засгийн бурангуй ёсоор
Эрдэнэ чин вангийн агь Паламд
Эхнэр болон богтлогдов (1920 онд. Ж.Б). Гэвч
Нулимсан зуулттай тэр л жаягийг
Нурманд булж орхиод (1921 онд. Ж.Б)
Эм хүнд баймгүй эр зориг гарган
Их гэртээ оргож ирсэн юм…
Хуучин цагийн бурангуйг халж
Хувьсгалт суртлыг түгээж явахдаа (1922 онд. Ж.Б)
Хурсан олноос Нацагдоржийгоо олж
Хувь заяагаа нэгтгэсэн билээ.
Хорин гурван оны гахай жил
Хорвоод биднийг эцэг, эх болгож
Хонгор охин мэндлэхэд нагац өвөг Дамдин нь
Богдын сойвонгоос Цэрэндулам гэх нэр авч,
Авга өвөг Дашдоржийнх нь хүр дүү “монхор” Нойноо
Агь таанын шимээр тэтгэгдсэн
Шөлний хонь дөхүүлж өгсөн сөн…
II
Нялх охиноо орхиод төд удалгүй
Нацаг бид хоёр холын сургуульд одов (1925 онд. Ж.Б)
Европоос эргэж ирэхэд минь (1929 онд. Ж.Б)
Ер үзэж хараагүй этгээд хувцастай
Аав л ээж л хоёроосоо
Айж бишүүрхсэн үр мину.
Хүрээний төвд сүмийн ойролцоо
Жижиг шавар байшинд Нацагтайгаа амьдарч
Хүнийрхэн гэрэвших үрээ өөрсдөдөө дасгах гэж
Ажлаа тараад л Амгаланг зорьдог сон.
(Пагмадулам нь одоогийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Амгалан хороолол буюу түүхэн он цагуудад Элбэг амгалан гацаа, Маймаа хот гэхчлэн нэрлэгдэж асан, тухайн үеийн Амгаланбаатар хотод төрсөн. Сонирхуулахад, Амгаланбаатар хотоос их жанжин Дамдины Сүхбаатар, Чойжилын Чимид зэрэг олон алдартай хүн төрөн гарчээ. Ж.Б)
Тэгж байтал, буруу зүгийн салхи салхилж
Тэнэмэл сум хаа сайгүй исгэрч эхлэв.
Цу мэргэн хатан эмэг
Цөвүүн цаг ирэхийг сануулж
(Дамдин тайжийн ойрын хүмүүсийн дунд Цу мэргэн хатан гэгч байжээ. Яг ямар хамаатай хүн байсан нь тодорхойгүй. Ямартаа ч их мэргэн хүн байсан гэх ам дамжсан яриа, олон эх сурвалж байна. Ж.Б)
“Хойд зүгээс тун удахгүй
Хортой хүмүүс энд ирнэ.
Төр самуурч, олон айлд хагацал нүүрлэнэ
Тэдний гарт манайхан бүгд үрэгдэнэ.
Нацаг Пагма хоёрын ганц охиныг л
Нартад үлдээж болох юм байна.
Түүнийг зүг буруулж хүнд өгч явуул.
Төр цэгцэрч цаг сайжиртал ахан дүүс та нар
Танихгүй улс шиг байцгаа” гэв.
Алаг Нүдэн охиноо бид
Аажийтай нь хамт нутаг сэлгүүлээд
Өс өвөрлөх атаатнуудаас хамгаалахын тулд
“Өргөмөл охин байсан, эцэг эх нь буцааж авсан” гэж
Өргөн олонд итгүүлсэнсэн.
(Цэрэндулам охиныг өвөг эцэг Дамдин тайжийнх нь аягач байсан Балжид эмээ буюу Аажий нь нутаг сэлгэн авч явж, нууж өсгөсөн байдаг. Зарим эх сурвалжид Балжидыг тайган хүн байсан гэж дурджээ. Түүнчлэн Цэрэндуламын нэрийг хүртэл нууцалж, хамаатан саднууд нь Цэдумаа, Нүдэн гэх мэтээр дуудаж байжээ. Ж.Б)
Удаа ч үгүй байтал Нацагийг минь (1932 онд. Ж.Б)
Урван тэрслэгч болгож орхив.
“Манжийн үеийн түүхийг судалдаг
Дагуурын Засгийн газрын нэг жилийн ойг тэмдэглэсэн,
Эсэргүү шүлэгчдийг гэртээ цуглуулдаг” гэж
Элдвээр шалтаглан
Батмөнх даян хааны шууд угсааг нь батлан
Барьж хорьж эрүүдэн шүүж
Барагдашгүй зовлонд унагав.
Амьдын заяаг минь нулимсанд живүүлж
Амраг ханийг минь гянданд хориход
Алаг Нүдэн охины минь
Араас бас мөшгих вий гэж,
Үүрэндээ хярах нялххан түүнийг минь
Үүлэн сүүдэр дайрах вий гэж
Үнсэн энхрийлэх тавилангаас татгалзаад
Үгээн хэлж, үйлээн барав.
Эр нөхрийг минь шоронгоос гармац
Эхнэр намайг зөрүүлээд хорив.
“Хөрөнгөтний ном уншиж
Хөрөнгөтний хэлээр ярьдаг,
Ма бэйсийн Дулмаатай найзалдаг,
Манжийн үеийн хэргэмтний удам” гэж
Долоон жорын хэрэг тулгаж
Дотоод яамнаас байцаан шийтгэв.
(“1930-аад оны эхээр ажил төрөл ч үгүй, амьдрал нь хэцүү байсан учраас Пагмадулам дэлгүүрт худалдагч хийсэн байдаг. Гэтэл яг цэвэр мөнгөний өрөнд орсон ч юм уу, юу ч болсон шоронд хийсэн. Энэ нь тэднийг оролдож байсан оролдогуудын л нэг байж гэж бодмоор байдаг” хэмээн “Бүрхэг шөнийн тэргэл саран” баримтат кинонд хэл бичгийн шинжлэх ухааны доктор Ч.Билигсайхан өгүүлжээ. Ж.Б)
Удам сайт хүмүүний үр байсны минь төлөө
Ухаан ихт хүмүүний хань болсны минь төлөө
Утсан амиар минь хөгжим тоглох мэт наадахуй
Улаан цусандаа хутгалдан хэвтэхдээ би
Ураг удамдаа гомдож байлаа.
Хүйтэн чулуун гяндангаас
Хөлөө ч зөөх тэнхэлгүй
Хөсрийн царайтай гарахдаа
Хүний хорвоог зүхэж байлаа.
(Пагмадуламыг МХЗЭ-ийн их хурал дээр олон гэмгүй хүнийг мөрдөж, хавчиж, ажил төрлөөс нь салгаж, гадуурхаж байгаа тухай шүүмжлэлт үг хэлснээс нь болж намаас хөөсөн тухай мэдээ байдаг. 1929 онд Монгол Улс гадаадад сурч байсан оюутнуудаа эгүүлэн татахад Нацагдорж, Пагмадулам нар ч Германаас буцаж ирсэн юм. Үүний дараахнаас нь л тэднийг хяхаж хавчиж эхэлсэн бөгөөд Пагмадуламын сонгуулийн эрхийг хүртэл хасаж, шоронд хорьж, нийгэмд багтаж шингэх газаргүй, ерөөс сүг сүүдэр мэт үзэх болжээ. Ж.Б)
Алаг үр, амраг хань минь
Амьдын хагацалд бэтгэрч ахуйд
Ахан дүүсээсээ ч зайгаа бариад
Алдхан биедээ гайгаа үүрээд
Амьтан жигшмээр худал цууд ээрэгдэн
Аргаа баран гансарч явахдаа
Хар нулимсаа цувуулж
Ханцуй дотроо залбирч,
“Хар дарсан зүүднээс сэрэх”-ийн тулд
Хар тамхинд ч мансуурч үзлээ.
(“Пагмадулам шоронгоос гараад удаагүй байхдаа хотын нэгэн гуанзанд ойр дотны хүмүүсээ цуглуулаад “Нацагдорж бол энэ улсын соёл боловсролд үнэтэй хүн. Энэ маань дандаа сонин хэвлэлийн ажилтан гээд явахгүй байлгүй дээ, тэрэнд нь би саад болно. Тиймээс би замаа хөөе. Би тэр шоронд сайн сайхан юм сурсангүй. Наад зах нь хар тамхи гээч юмыг татаад сурчихлаа. Тиймээс гай болоод яах вэ” гэж хэлээд яваад өгсөн. Тэгэхэд нь Нацагдорж уйлж байсан” хэмээн зохиолч Д.Намдаг дурссан байдаг.
Шоронгоос гарсныхаа дараа Пагмадулам хятад хороололд очиж толгой хоргодсон, хар тамхинд орсон гэх баримт буй. Хань, үр, хамаатан саднаасаа хагацаж, хавчигдан хэлмэгдэж байсан түүний хувьд энэ байтугай үйлдлийг нь ч ойлгож болох үндэслэлтэй мэт санагдана. Ж.Б)
III
Хангалуун сайхан өсөж торниж,
Харийн орноос эрдэм өвөрлөж
Хотлыг гэгээрүүлэх их үйлсэд
Хоёргүй сэтгэлээр зүтгэсэн ч
(Пагмадулам нь сонгодог гэрийн боловсролтой, монгол бичгийн хэлэнд нэвтэрсэн, манж, хятад, орос, герман, монгол таван хэлтэй, зүс царай эрдэм боловсролоороо цуутай, сайхан дуулдаг, хөгжимддөг, зан ааль сайтай, яриа хөөрөөтэй нэгэн байсан нь 1920-1930-аад оны олон сэхээтний дурсамжид хадгалагдаж иржээ. Тэрбээр Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын анхны даргаар ажиллаж, Монголын анхны эмэгтэй парламентчаар сонгогдож, анхны үндсэн хуулийг батлалцаж явсан юм. Сонирхуулахад, 1924 онд байгуулагдсан, шинэ цагийн анхны байнгын үйл ажиллагаатай парламентын институцэд цор ганц эмэгтэй гишүүн байсан нь Пагмадулам бөгөөд уг институцэд Ардын хувьсгалын анхны долоогоос Х.Чойбалсангаас өөр хэн ч сонгогдоогүй байдаг. Ж.Б)
Атаа жөтөө, өс хонзонд идэгдэн
Мөрдлөг хавчлага, шорон гянданд тамлагдаж
Ажил ч үгүй, амьдрал ч үгүй болж
Авралт хань, амин үрээсээ хол
Амьдын хагацал эдлэн
Айдас түгшүүрт автав.
…Гучин долоон оны наадмаар
Гуниг зовлонгоо хуваалцах хүнгүйгээр
Гутрал, харуусалд идэгдсээр
Гудамжинд Монголын их зохиолч амь тавив.
Буруугүй атал буруутан болж
Бууны нохой, туршуулуудын өгсөн
Бор дарсанд хорлогдсоор тэр минь
Болзолгүй амьдралыг чүү чамай гэтлэхэд
Хэцүү цагийн шуурган дунд
Хэн ч түүнийг минь тоосонгүй.
Хэдэн бор найз нь л
Шороотын Цэвээний олж ирсэн
Хятад цагаан хувцсыг өмсөн зүсээ хувиргаж
Шороон дундуур морин тэргээр
Хайртын минь шарилыг авч явж нутаглуулав.
(Их зохиолчийн маань “Амьд явбал улсын наадам үзнэ” гэж хэлсэн үг өдгөө нэгэнт хэлц болжээ. Тэгвэл одоогоос яг 80 жилийн өмнө тэрбээр хүсэн хүлээсэн улсын наадмаа үзэж чадалгүй бурхны оронд одсон юм. Тухайн үед “Нацагдорж германы тагнуул байж, Герман руу гараад явчихсан гэнэ. 1937 оны наадмаар гудамжинд хашаа налаад учир битүүлгээр нас барсан хүн Нацагдорж биш байж” гэх мэт цуу яриа 1940 оныг хүртэл оволзож байжээ. Нацагдорж 1937 онд, Пагмадулам хойтон жил нь нас барсан байдаг. Түүхийн он цагийг хөөгөөд үзэхээр Нацагдоржоос салаад хүнтэй гэрлэж амжих хугацаа Пагмадуламд байгаагүй атал зарим судлаач түүнийг “Хар тамхинд донтсон, наймаачин хужаатай суугаад бүр 1960-аад он хүртэл амьд байсан” гэхчлэн бичиж, энэ мэт цуу яриа талын түймэр шиг дэгдэж байсан нь санаатай зурсан шүдэнзний гал байсан мэт санагдана. Хамгийн гол нь, их зохиолч Нацагдорж болон түүний гэргий Пагмадуламын үнэн түүхийг тухайн үеийн төр, засгийн бодлогоор увайгүй гуйвуулж, нэр төрийг нь гутаан доромжилж, Пагмадулам ба тэдний охин Цэрэндуламыг болж өгвөл огт дурсахгүйгээр ор тас мартуулахын төлөө бүхэл бүтэн систем ажилласан нь анзаарагдаж байна. Ж.Б)
Дасаж хайрласан тэр минь одоход
Миний амьдрал ч бас дуусаж буйг ухаарсан
Дараагийн нэг жилд нь би
Амьд яваа, эсэхээ ч ойлгохоо байсан…
Ахиж хэзээ ч хүний орчлонд төрөхгүй гэж
Андгай тангараг тавьсаар
Амьдралыг би харааж зүхсээр дуусгасан…
Нэмэлт тайлбар: “Пагма бид хоёрыг уулзахаар төр, засаг нурчих гээд, охинтойгоо учирвал Орос, Монголын найрамдал сүйдчих гээд, бид гурав уулзаж чадахгүй, гурван танихгүй хүний хажууд байна” хэмээн 1936 оны зун Нацагдорж үеэл дүү Дарьсүрэндээ халаглан хэлж байжээ. Нацагдорж, Дарьсүрэн нар нь төрсөн эгч, дүүсийн хүүхдүүд юм.
Нацагдорж, Пагмадулам нарыг талийгч болоход охин Цэрэндулам нь 14-15 настай үлдсэн байна. Хэдэн жилийн дараа асрагч Аажий нь бурхан болсон. Хавчлага мөрдлөгөөс болж төрсөн охин нь эцэг, эхээрээ овоглож, тэднээрээ хайрлуулж, толгойг нь түшиж чадаагүй бөгөөд Дамдины Цэрэндулам хэмээн өвөг эцгээрээ овоглон, судлаач нэртэй туршуулуудад ээрэгдэж оногдсон тавилангаа туулсан юм. 1989 онд Дарьсүрэн үеэл ахынхаа тухай дурсахдаа “Ах урьд жил нь, бэргэн дараа жил нь өнгөрснийг дуулаад “Сартан хөх” (МУАЖ алиалагч Ж.Данзан агсан. Тэрбээр Дарьсүрэнгийн нөхөр “Сараанаг” хочит Банзрагчийн дотны найз байв. Ж.Б)-өөр газарчлуулаад нэг их үргэлжилсэн шавар байшин, шургааган хашаа болсон Амгалан гэдэг газар ач дүү Нүдэнгийн өссөн эмээ, өвөөгийнх нь хашаанд очсон юм. Урьд нь их мэргэн эмээтэй гэж сонсож байсан юм. Тэгтэл эмээ нь (Цу мэргэн хатан байсан бололтой. Ж.Б) “За тэр, зочин ирнэ гэж өглөө чамд хэлээ биз дээ. Аавынх нь дүү юм байна, золго” гээд 14 орчим насны болов уу гэмээр Нүдэн охиныг надтай золгуулахад урьд нь юу ч бодогддоггүй байсан сэтгэл сэмрээд, өөрийн эрхгүй элгэндээ тэврэхэд нэг л дотно элгэмсүү байсан. Ач дүүдээ зориулж авч ирсэн 21 хурганы арьсаа “Дээл хийж өмсөөрэй” гээд өгсөн юм. Мэргэн эмээ нь “Цэдумаа асрагчтайгаа өөр газар амьдарч байгаа. Энд байлгавал эцэг, эхийнх нь араас оруулна гэж айгаад. Та нар ч гэсэн Нацаг, Пагма гэдэг үгийг цээрлэ” гэж захисан юм. Ингээд бид 1937-1958 он хүртэл Нацагдорж ахынхаа тухай ам үдээтэй явлаа. 1956 он бил үү, бичин жил юм даг, Нацагдорж ахын 50 насны ойг тэмдэглэсэн гэж дуулаад сайн итгээгүй. “Үлдсэн найз нөхөд нь тэмдэглээ биз” гэж бодоод нөхөр, бид хоёр чимээгүй л байлаа. 1958 он хүртэл үнэндээ итгэхгүй байсан шүү” хэмээн хуучилсан байдаг.
Их зохиолчийн охин Цэрэндулам 10 хүүхэд төрүүлж өсгөсөн буянтай буурал байлаа. Сэтгүүлч миний бие Цэрэндуламын том охин Болормаагийн ууган хүү Түмэнбаяртай уулзан ярилцаж, өөрийн судалгааны үр дүнд олсон баримт материалуудаар баяжуулсан билээ.