2024-09-08, Ням
15 C
Ulaanbaatar

М.Энхсайхан: ШХАБ-аас ашиг, өгөөж горьдох хүлээлт бидэнд лав байхгүй

Олон жилийн өмнөөс Монгол улсыг ШХАБ-д элсүүлэх нөлөө, шахалт урд, хойд хөршөөс ирж байсан. Өдгөө ч бүсдээ ардчиллын баянбүрд гэгддэг манай улсыг ШХАБ-т элсүүлэх зорилго бүхий мэдээлэл цацагдаад эхэлчихлээ. Одоогоос таван жилийн өмнө ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болохын урьдхан Монгол улс ШХАБ-т элсэхийн ач холбогдлын тухай зорилгот мэдээлэл, нийтлэл, ярилцлага хөвөрч байв. Тэр үеэр Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхантай ярилцахдаа ШХАБ гэж байгууллагын тухай байр суурийг нь сонирхож байсан юм. Түүний байр суурийг хүргэе.

-ШХАБ-д элсэх нь зөв, буруу гэсэн яриа эхэллээ. ШХАБ-д элсэх эсэх дээр таны байр суурийг сонсъё?

-Үгийн завдалгүй ШХАБ-ыг муухай гэж ярихын эсрэг байгаа. ШХАБ байгуулах ажил 1996 оноос эхэлсэн. Ихэнх нь Төв Азийн шинэ тутам байгуулагдсан улс орнууд байсан л даа. Өөр зуураа итгэлцэл муутай, хил хязгаарын зөрчилтэй нөхцөлд энэ байгууллагыг үүсгэх ажил хийгдэж эхэлсэн.

Казахстан, Узбекистан, Тажикстан, Хятад, Орос улсуудын хооронд өчнөөн асуудал байсныг үгүйсгэхгүй. Байр сууриа ойртуулах үүднээс анх Шанхайн тав гэсэн санаачилга ШХАБ-ыг байгуулахаар явсан. Явсаар 2001 он хүрч байж ШХАБ байгуулсныг албан ёсоор зарласан юм.

Монголын хувьд шинэ тутам байгуулагдаж байгаа Төв Азийн улс орнуудтай харьцуулахад эртний түүхтэй, төрийн уламжлалтай улс. Түүнээс гадна хөрш зэргэлдээ улсуудтай улс төрийн ямар нэгэн зөрчилгүй. Хил, газар нутгийн зөрчил, маргаангүй. Ийм шалтгаанууд байсан учраас ШХАБ-ын эхний давалгаанд оролцоогүй. Төрийн түүхтэй байсны л нэг жишээ. Тийм учраас ШХАБ 2001 оноос хойш аль чиглэл рүүгээ илүү хөгжиж явна вэ гэдгийг л ажиглах ёстой.

-Аль чиглэл рүүгээ илүү хөгжиж байгаа юм бол?

-ШХАБ-ын гаргасан бүх баримт бичиг интернэт дээр бий. Гаргасан баримт бичгийг нь сөхөж харах хэрэгтэй.

-ШХАБ-аас гаргасан бичиг баримтуудыг хараад жишээ нь та юу бодож байна. Болгоомжилж эргэлзээ төрүүлэхээр би-чиг баримтуудаас нь сонирхуулаач?

-Санаа зовох асуудлууд бий. Жишээ нь, ШХАБ-д гишүүнээр элсэхийн тулд гаргасан бүх л баримт бичиг, мэдэгдэл, хэлэлцээрүүдийг нь тухайн улс хүлээн зөвшөөрөх ёстой.
Тэр олон баримт бичгийг хүлээн зөвшөөрөх үү, үгүй юу гэдгийг судлахгүйгээр орно, орохгүй гэдэг асуудал ярьж манаргаж болохгүй.

ШХАБ-ын орнууд найман гишүүнтэй. Ихэнх нь авторитар дэглэмтэй. Дэглэмээ хамгаалахын тулд иргэдийн чөлөөтэй бодох, үйл ажиллагаа явуулах эрх чөлөөнд халддаг явдал бий. ШХАБ-ын хүрээнд тэд нэг хэлэлцээр байгуулсан байдаг юм.

Терроризм, сепаритизм, экстремизм гэсэн гурван зүйлтэй хамтарч тэмцэх агуулгатай хэлэлцээр. Шан-хайн конвенц гэсэн нэртэй. Тэр конвенцээр авторитар дэглэмтэй санал нэгдээгүй ямар ч хүний эсрэг ШХАБ-ын гишүүн орнуудын нутаг дэвсгэрт гүйцэтгэх ажиллагаа явуулж болно. Нэг талынх нь хүсэлтээр тухайн оронд үйл ажиллагаа явуулж болохоор харагдаж байгаа.

Авторитар дэглэмтэй улсуудын өөрс-дийгөө хамгаалах гэж буй оролдлогыг бид буруутгаад яахав. Харин бидний үнэ-лэмжид нийцэх эсэхийг бодох учиртай. Бид ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчдын эсрэг юм яриад суугаа хүмүүсийг бариад өгдөг орон мөн үү. Дамжуулаад явдаг улс мөн үү. Яг үүнтэй адил үйл явдал гэвэл манайд өнгөрсөн онд болсон турк багшийн хэрэг.

Турк багшийг золтой л ачуулаад явуулчихаагүй. Оросын эрх баригчидтай санал нийлдэггүй Монголд амьдардаг орос хүний эсрэг ажиллагаа явагдаж болно гэсэн үг. Хятад юмуу бусад улс орны эрх ашигт нийцэхгүй зүйл ярьж байгаа хүний эсрэг үйл ажиллагааг Монголд хийж болохоор гэрээ хэлэлцээр л дээ.

-Санаа зовох өөр ямар асуудал байна?

-ШХАБ-ын гишүүн орнуудын боловсролын салбарт хамтарч ажиллах гэрээ гэж бий. Бие биенийхээ туршлага мэдээллийг солилцоно, үе үе эрдэм шинжилгээний бага хурал гэх мэт арга хэмжээ зохион байгуулна. Гишүүн орнуудын төрийн байгууллагын туршлагыг солилцоно. Туршлага солилц-сон мэдээллийг сургалтын хөтөлбөрт оруулж байна гэсэн утгатай үүрэг бас бий.

-Сургалтын хөтөлбөр гэхээр дунд сургуулийн сурах бичигт авторитар дэглэмтэй улсуудын төрийн байгууллагын туршлагыг оруулна гэсэн үг үү?

-Тэгнэ. Өөрөөр хэлбэл бид боловсролын тогтолцоо, системдээ авторитар тогтолцоотой орнуудын түүх, үнэлэмжээр өөрчлөлт оруулах уу, үгүй гэсэн асуудал үүснэ.

Үр дүнгээр нь харах юм бол Монгол ШХАБ-ын орнуудын дундах ардчиллын арал болчихоод байгаа. Өөр бас нэг гэрээ бий. Мэдээллийн аюулгүй байдалд хамтран ажиллах тухай гэсэн гэрээ. Өнөөдөр болж буй мэдээллийн дайнд санаа зовж буйгаа илэрхийлсэн гэрээ.

Гэхдээ болж байгаа үзэгдлийг сөрж зогсохын тулд хамтарч ажиллана гэсэн утгатай. Мэдээллийн ертөнцөд өрнөж буй зүйлсийг зөвхөн ШХАБ-ын гишүүн орнуудын хүсэл зоригт нийцүүлж харвал хэр зөв алхам болох вэ?

-Яаж ч бодсон зөв алхам биш л дээ. Дэглэмээ хамгаалсан зүйлсийг нь л дэмжинэ, бусдыг нь үгүйсгэж хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг биз дээ?

-Тэгж ойлгож болно. Мэдээж авторитар дэглэмийг хамгаалах тухай мэдээлэл эхэнд тавигдана. Тэр орчинд зохицох эсэхээ бодох ёстой. Ингээд харахаар хэрвээ ШХАБ-ын гишүүн болвол дотоодын маш олон хууль, тогтоомжид өөрчлөлт хийх хэрэг гарна. Хийгдэх өөрчлөлтийн чиг нь тодорхой.

Ерөнхийдөө авторитар дэглэм рүү хандана. Хуучин түүх хүртэл сонин байдалд орох байх. Өөрөөр хэлбэл орно, орохгүй гэж маргалдахаасаа өмнө энэ байгууллагын гаргасан баримт бичгүүдийг салбар, салбарынхан сайтар судлах ёстой. Тэгж байж саналаа хэлэх учиртай. Түүнээс биш байгууллагыг нь үгүйсгэх хэрэггүй. Тэдний дунд хэрэгтэй ажлууд байгааг үгүйсгэхгүй.

Гэхдээ бид очоод толгойгоо шургуулах уу гэдэг бол санаа зовоосон том асуудал. Тийм амархан ч шийдчих асуудал биш. Монголчууд улс төрийн эрх чөлөөтэй, ардчиллын үнэлэмжтэй ард түмэн. Тэр утгаараа бидний илүү их сонирхох асуудал бол эдийн засгийн харилцаа.

-ШХАБ-ын гишүүн болбол хоёр хөрштэйгөө эдийн засгийн интеграцид орох давуу талтай, том төслүүд хэрэгжих магадлалтай гэсэн горьдлого бий. Энэ горьдлого хэр ортой вэ?

-Хоосон горьдлого. ШХАБ-ын хүрээнд тусгайлан хэрэгжүүлдэг олон талт эдийн засгийн хамтын ажиллагаа, том арга хэмжээ үндсэндээ байхгүй. Улс төр, оюун санаа, авторитар дэглэмүүд өөрөө өөрсдийгөө хамгаалах гэх мэтэд анхаарлаа түлхүү хандуулдаг. Тэр хүрээн дотор хоёр талын хамтын ажиллагаанууд өрнөдөг. Тийм учраас ШХАБ-д элссэнээр энэ байгууллагын олон талт эдийн засгийн харилцаанд монголчууд оролцоно гэж ойлгож, харах нь том эндүүрэл.

Монгол, Хятадын эдийн засгийн харилцааны хувьд хоёр талын эдийн засгийн харилцаа өрнүүлээд явж болж байгаа. Монгол, Орос ч ялгаагүй. Харин Орос, Хятадын хоорондох эдийн засгийн харилцаа өөр. Хоёулаа ШХАБ-ын гишүүн. Тэд идэвхтэй хамтраад, тэр харилцаанд бид хамрагдчихвал гэсэн горьдлого бий. Дахиад хэлье. Хоосон горьдлого.

-Яагаад. Орос, Хятад хоёр эдийн засгийн том төсөл хэрэгжүүлбэл газар нутгийн давуу тал маань бидэнд мөнгө, ашиг өгнө гэдэг таамаг итгэл үнэмшилтэй сонсогддог шүү дээ?

-Бүс нутгаар нь харвал Оросын Алс Дорнод, Сибирт зургаа, долоохон сая хүн бий. Хүн ам нь байнга хорогдож байгаа. Тэгэхээр ийм зах зээл дээр эдийн засгийн идэвхтэй интеграци үйл ажиллагаа явуулна гэсэн яриа хөөрөө итгэлтэй биш сонсогддог. Хятадын хувьд долоохон сая хүн бол сонирхолтой зах зээл биш. Тэнд том интеграци болно гэж хүлээх хэрэггүй.

Өнгөрсөн жил Владивостокт болсон Алс Дорнодын эдийн засгийн форумын үеэр сонирхол татсан нэг мэдээлэл цацагдсныг санаж байна. Путин тэр форумд оролцохдоо “Бид Алс Дорнод Сибирт хүн амаа л өсгөх ёстой юм байна” гэсэн. Энэ үгнээс Орос эдийн засгийн интеграци гэхээс илүү хүн амаа өсгөхөд санаагаа чилээж байгаа нь түвэггүй харагдана.

-Хийн хоолойн гэх мэт том төслүүд нь хэрэгжих боломжгүй гэж үү?

-Орос, Хятадын хооронд том төслүүд яригдаж байгаа. “Сибирийн хүч” гэсэн нэртэйгээр хийн хоолой тавья гэсэн л дээ. Гэхдээ өнөөг хүртэл чимээ сураг алга. Маш эргэлзээтэй төслүүд болчихсон. Тийм учраас би ШХАБ-ыг авторитар орнуудын дэглэмээ хамгаалах гэж оролдсон чиг рүү хөгжөөд байна уу гэж хардаг. Бүс нутгийн интеграцид хувь нэмрээ хараахан оруулж чадахгүй, тэр нь лоозон хэлбэртэй. Тэгэхээр ШХАБ-аас ашиг, өгөөж горьдох хүлээлт бидэнд лав байхгүй.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img