Эдийн засагч Г.Батзоригоос зарим зүйлийг тодрууллаа.
-Өнөө жилийн эдийн засгийг өөдрөгөөр төсөөлөх эдийн засагч олон байна. Энэ хэр бодитой таамаг бол?
-Нүүрснээс л хамаарна. Нүүрсний хулгай тойрсон шуугианы дараа олон зүйл өөрчлөгдөж байна. Хөрөнгийн биржээр дамжуулж арилжааалж эхэллээ. Өмнө нь нүүрсээ ченжүүдэд өгдөг байсан. Өвөр Монголын ченжүүд урд хөршийн гангийн үйлдвэрүүд рүү явуулдаг байлаа. Биржээр дамжуулаад явчихаар бараг эцсийн хэрэглэгчид нь захиалгаа өгчихдөг болно гэсэн үг. Ченжүүд дундаас нь мөнгө унагах боломжгүй болж байгаа хэрэг л дээ. Ингэхээр худалдан авагч талын тоо цөөрнө. Бидний тухайд булаацалдуулж юмаа зарах хэмжээний хүмүүс мөн эсэхээ сайн ойлгох хэрэгтэй. Нөгөө талаас Хятад үгүй гэчихвэл яах вэ гэсэн асуудал бий.
-Биржээр арилжаалахын тухайд урд хөршийн талаас ийм маягаар наймаа өрнүүлэхгүй ээ гэсэн асуудал тавьж магадгүй гэж үү?
-Тийм эрсдэл бий. Гэхдээ аажимдаа, цаашдаа нүүрсний хулгайч нартай тэмцэхэд хэрэгтэй арга болохыг үгүйсгэхгүй. Хятадын хувьд бидний бодох ёстой нэг асуудал бий. Австралитай харилцаа нь сайжирч байгаа. Сая Австралийн нүүрсэнд тавьсон хоригоо цуцалчихлаа. Австралийн коксжих нүүрс огцом өсөөд байна. Дайнтай жилүүдэд Орос Хятад руу хийх экспортоо нэлээд нэмлээ. Одоо ч экспортоо эрчимжүүлнэ гэж ярьж байна. Австрали, Орос маш хүчтэй орж ирж байна л даа, Хятадын нүүрсний зах зээлд. Урд хөршийн нэг жил хэрэглэх коксжих нүүрсний хэмжээ ихдээ 70 сая тонн. Энэ 70 сая тонныг яаж хувааж авах вэ гэдэг асуудал л бий.
Австрали, ОХУ, манайх тус тусдаа 20 сая тонныг нийлүүлэхэд цаана нь үлдэх 10 сая тонныг Индонези гэх мэт улс нийлүүлнэ. Ингээд харахаар бид хэзээ ч 40 сая тонныг нийлүүлэх боломжгүй.
Товчхондоо олон улсын нөхцөл байдлаа харах хэрэгтэй. Нөхцөл байдал сайнаар эргэж, нүүрсээ ахиу үнээр дажгүй хэмжээнд экспортолбол эдийн засаг сэргэнэ. Тэгж чадахгүй бол эдийн засаг сэргэнэ гэдэг өөдрөг мөрөөдлөөс хэтрэхгүй.
-Монгол банк ийм хэцүү цагт бодлогын хүүгээ өсгөх нь буруу шийдэл гэсэн шүүмжлэл дуулдаж байна. Энэ тал дээр та ямар бодолтой яваа бол?
-Эдийн засгийн цусны эргэлтийг хангадаг зүйл бол банкны систем. Банкны системийн зээлийн өртөг асар их нэмэгдсэн байна. Зээлийн хүү өсчихөөр аж ахуйн нэгжүүдийн зээл авах боломж хумигдана. Зээл авч чадахгүй учраас бизнесээ хөгжүүлж чадахгүй. Ингээд харахаар манай улс эдийн засгаа хумьчихсан байна л даа.-Төв банкны мөнгөний хатуу бодлого яах аргагүй учраас хийж байгаа шийдэл үү, эсвэл өөр боломжууд байхад гарц гаргалгаа хайхгүй байна уу?
-Та бид хоёрыг 2020 онд ярилцлага хийж үед Төв банк түр зуурын инфляц гэж яриад байсан. Тэр үед би танд “Энэ инфляц түр зуурынх биш. Цаашаа үргэлжлэх нь тодорхой” гэж хэлсэн дээ. Түр зуурын гэж харсны гай нь юу вэ гэхээр бодлогын хүүг ашиглаж инфляцийг бууруулах арга хэмжээ аваагүй. Уг нь цаг алдалгүй авах ёстой байсан юм.
Өнөөдрийн тухайд төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд бодлогын хүүг өсгөхөөс өөр сонголт төв банкинд байхгүй. Гэхдээ нөгөө талаас нь харвал энэ бодлогыг үгүйсгэж буй зүйл байна. Тэр нь төсвийн бодлого.
Нэг талдаа бодлогын хүүг өсгөж иргэдийн хэрэглээний болон аж ахуйн нэгжийн бизнесийн зээлийг хумьчихсан. Зээлийг нь хумьчихаад хэрэглээ хумигдах нь тодорхой. Гэтэл манай ихэнх импорт хэрэглээнийх. Тэр утгаараа гаднаас бараа импортлох эрэлт буурчихаж байгаа юм. Валютын эрэлтийг ингэж бууруулж байж тогтворжуулж байна шүү дээ.
-Хэт үрэлгэн төсөв маань төв банкны бодлогыг үнэгүйдүүлжээ дээ?
-Эдийн засагт хоёр янзын хэрэглэгч бий. Нэг нь өрх гэр. Нөгөө нь Засгийн газар. Бодлогын хүүгээр дамжуулаад өр гэрийнхээ хэрэглээг бууруулчихдаг. Гэтэл Засгийн газрын хэрэглээ буурахгүй байна. Хорин их наядын төсөв баталчихсан явааг та мэднэ. Төсвийн зарлагын жаран хувийг шууд хөрөнгө оруулалт болгочихдог. Өөрөөр хэлбэл 14 их наяд төгрөг хөрөнгө оруулалтад зарцуулагддаг. Бүр тодруулбал хэт үрэлгэн ийм төсөв Монгол банкны хэрэгжүүлж буй бодлогын эсрэг болчихоод байна л даа. Уг нь бодлогын хүүгээ өсгөсөн тохиолдолд төсвөө хумих ёстой. Тэгж байж валютын ханш тогтворжино. Дараагийн алхам шийдлийг гаргах боломж бүрдэнэ.
-Та бид хоёрын түрүү жилийн ярилцлагын үеэр хамаг валют төмөр зам руу явчихсан учраас ханш өслөө гэсэн өнцөг хөндөгдөж байсан. Гэтэл өнөө төмөр замаасаа өгөөж хүртсэн юм одоогоор лав алга. Тэр буруу шийдлийн үр дагавар нь өнөө ч арилаагүй байна уу?
-Ер нь бол тийм. Валютын хамаг нөөцөө төмөр зам барихад ашиглачихсан. Валютын нөөцөө нэмэгдүүллээ гэж яриад байгаа л даа. Энэ жилийн хамгийн авууштай зүйл бол гадаад өр төлөх хугацааг сунгасан явдал.
-Гэхдээ л аргацаасан шийдэл дээ…?
-Тэр ч тийм шүү.
-Манай улсад өрийн дефольт болох эрсдэл хэр байгаа бол. Ер нь өрийн дефольт болсон улс орнууд юун дээр түлхүү алдчихсан байдаг вэ?
-Би яг наад асуудлаар чинь судалгаа эхлүүлчихсэн. Найм, ес орчим улсын дампуурсан түүх, өрийн дефольт болсон шалтгааныг судалж байгаа. Нийтлэг шинж их байна.
Нэгдүгээрт Ерөнхийлөгчийн засаглалтай улс дефольт зарлах магадлал өндөр байдгийг анзаарлаа. Парламентын засаглалтай улс ч байна. Гэхдээ нэг онцлог ажиглагдсан. Парламентад нь олон намын төлөөлөл байсан ч сүүлдээ хоёр нам үлдсэн улс орнуудын тухайд дефольтын эрсдэл өндөр байна.
Тунаж үлдсэн хоёр намын хувьд нэг нь нөгөөгөө унагаж, үлдсэн ганц нам нь дотроо хагарч, өөр зуурын дайнаа хурцалж, албаар дефольт болгоод дараагийн улстөрчид нь гарч ирдэг жишиг ажиглагдлаа.
-Манай улсын хувьд маш танил зураг байна. Та бид хоёрын өмнөх ярилцлагын эхний хэсэгт хөндөгдсөн татвар нэмэх шийдлүүд ч ийм шалтгаанаар яригдаж байж мэдэх юм гэсэн хардлага төллөө. Эдийн засаг хэцүү үед татвар өсгөж албаар дефольт болгоод эрх баригч намын дараагийн улстөрчид засгийн эрхийг авах гэж санаархаж байж мэдэх юм…?
-Үгүйсгэх аргагүй. Ер нь улс орнуудыг анзаарахад эдийн засаг нь хөгжиж, дундаж давхарга нь өндийж, орлого нь өсөөд ирэнгүүт цэрэг хүчнээ нэмэгдүүлдэг юм байна. Одоогийн Хятад шиг болж Америктай үзэх эсэхээ шийдэх хэмжээний үсрэнгүй хөгжиж хүчирхэгжсэн нь ч байна. Манайх шиг хөгжиж буй орнуудын хувьд хэцүү. Ихэнхдээ доошоо явдаг юм байна. Яагаад доошоо явдаг вэ гэхээр эхлээд төсөв нь тэлчихдэг. Манай улс 2000 донор орнуудын мөнгөөр явдаг хямдхан эдийн засагтай байсан. 2005 онд зэсийн үнэ өсч Эрдэнэт үйлдвэрийнхээ орлогоор босч ирсэн. Та санаж байгаа бол тэр үеэс хүүхдийн мөнгө өгч эхэлсэн. 2008, 2009 оноос Эрдэнэс Таван толгой, Оюу толгой яригдаад эхлэнгүүт орлого огцом өссөн. Төсөв ингэж томрох хэрээр эрх баригчдын идэлт уулт тэр хэрээр өсч эхэлдэг юм байна. Тэгээд төсөв нь бүрэн нэмэгдээд эхлэнгүүт гаднаас зээл авч эхэлдэг. Гаднаас авсан зээлээ төлж чадахгүй ОУВС-гийн хөтөлбөрт нэг хоёр удаа ороод, арай дажгүй болоод ирэнгүүтээ ахиж зээл авдаг. Ингээд арай ядан амиа аргацаан явж байхад нь шок ороод ирдэг юм байна. Тэгээд л дефольт болчихдог жишээ цөөнгүй байна. Сүүлийн жишээ гэхэд Шри Ланк байна. 2019 онд дэлбэрэлт болох үед ерөнхийлөгчийн засагтай явж байсан улс. Түрүүн хэлсэнчлэн зээл энэ тэрээр амиа аргацаан явж байтал ковид дэгдээд дефольт болгочихсон.
-Аялал жуулчлал, үр тариа хоёроор амьдардаг улс учраас ковидоор тэсэх арга ч байгаагүй л дээ…?
-Яг тэгсэн. ОХУ-ын иргэд олноороо жуулчилдаг байсан л даа. Өнөөдүүл нь дайнаас болоод жуулчлахаа болингуут төсвийн орлого нь тасарчихсан. Төсвийн орлого нь тасрангуут валютын нөөц нь буурсан.
-Мөн л манайхтай их танил зураг юм. Эдийн засгийн бүтцээ харахаар уул уурхайн экспорт тасалдлаа л бол төсөв мөнгөгүйдэж доллар галзуурах эрсдэл маш өндөр…?
-Та зөв харж байна. Манайхтай маш танил зураг. Манай өнөөгийн байдал бол бөөн эрсдэл дунд байна. Одоо нэг том шок ирвэл дефольт зарлах эрсдэл өндөр.
-Гэхдээ ийм нөхцөлд ОУВС хүссэн улсаа авч үлдээд, хүсээгүйгээ “дампуурвал дампуураг” гээд орхиод байх шиг ажиглагддаг…?
-Ер нь тэгдэг. ОУВС-гийн улстөрийн өнцөг энэ дээр их тод гарч ирдэг. Аргентин ахин дахин дефольт болох нөхцөлтэй нүүр тулсан ч дэмжээд байдаг. Яагаад юм бүү мэд. Гэтэл Шри Ланка гэж исламын шашинтай улсыг дамжихгүй дампуурлыг нь зарлуулчих жишээний.
ОУВС бол Америкийн байгууллага. АНУ-ын бодлогын өнцөг анзаарагдаад байдаг л даа. Магадгүй манай улсад ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжээд буй шалтгаан ч иймэрхүү үндэстэй байхыг үгүйсгэхгүй.
Манай улсын хувьд нэг тэрбум гаруй долларын өрөө 600 саяас хэтрүүлэхгүй хэсэгчилж байгаа. Энэ бол өрийн маш зөв менежмэнт. 2030 он хүртэл энэ байдлаараа менеж хийгээд явбал салгалаад явах л байх. Гэхдээ 2030 оноос хойш энэ янзаараа байвал Шри Ланкын араас орох өндөр эрсдэлтэй.