2024-12-26, Пүрэв
-26 C
Ulaanbaatar

Монгол дахь газар булаалт ба тус улсын уул уурхайн хөгжилдөө төлж буй үнэ

АНУ-ын Вашингтон хотноо байрладаг олон улсын тоймчдын “The Diplomat” сэтгүүлд Азийн судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний канад ажилтан Елена Гордиллогийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Монголын эдийн засгийн хамгийн чухал хөдөлгөгч хүч бол цар хүрээгээ улам бүр тэлсээр буй уул уурхайн салбар гэдэг нь тодорхой. Хэдий тийм ч үүнийг даган газар булаалт гэх үйл явц сөрөг нөлөө үзүүлж эхэлснийг тус улс төдийлөн анзаардаггүй нь бас хачирхалтай.

Газар булаалт гэж ихэвчлэн байгалийн баялгийг нь олборлох зорилгоор их хэмжээний газар нутгийг тусгаарлан эзэмшихийг хэлдэг. Дэлхий даяар түгээмэл болсон иймэрхүү үйл ажиллагааг ихэвчлэн үндэстэн дамнасан компаниуд, улс орнуудын Засгийн газар, мөн хөрөнгө чинээтэй хувь хүмүүс үйлддэг ажээ.

НҮБ-ын дэлхийн уугуул үндэстнүүдийн эрхийг хамгаалагч тусгай элч 2020 оны илтгэлдээ, Азийн олон бүс нутагт уул уурхайн зориулалтаар үйлдсэн газар булаалт тэдгээрт оршин суугч уугуул ард иргэдийг нүүлгэн шилжүүлэхээс гадна байгаль орчныг ихээхэн сүйтгэхэд хүргэх болсныг онцолсон билээ. Азийн нэлээд хэсэгт уугуул нүүдэлчин ард түмнүүд газар нутаг, байгалийн баялгаа эзэмших хууль ёсны эрхээр баталгаажаагүй тул үүнд илүүтэй өртдөг байна. Газар булаалт эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хамгийн хүндээр тусдаг нь ойлгомжтой. Өөр нутагт нүүснээс үүдэн тэднийг ялгаварлан гадуурхах явдал бүр ч ихэсдэг учраас тэр аж.

Олборлох аж үйлдвэрийн төслүүд хүний эрхтэй холбоотой эмзэг асуудлыг хөндөх нь цөөнгүй. Орон нутгийн иргэдийн оршин суудаг газрыг булааж, хүчээр нүүлгэн шилжүүлснээр тэдгээр хүмүүсийн ундны усны хүртээмж хүндрэх нь ч түгээмэл тохиолдох болов. Ашигт малтмал олборлох зорилгоор газар булаах нь ойр орчмын гол мөрөн, бусад усны нөөцийг багасгахаас гадна олборлолтын үр дүнд тэдгээр нь ихээхэн хэмжээгээр бохирдоход хүрдэг. Энэ бүхэн дэлхийд цэнгэг усны нөөцөөр хамгийн багад тооцогдох бүс нутгуудын нэгд ажиглагдаж буй нь түгшүүртэй.

Канадын стратегийн ач холбогдолтой металл, эрдэс бодис олборлолтын Ази дахь ойрын түнш орон бол Монгол Улс. Миний бие Ванкувер хотноо энэ жилийн эхээр болсон Канад, Евразийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын Төв Ази дахь уул уурхайн салбарын талаарх 12 дахь удаагийн бага хуралд оролцсон юм.

uurhaiТэрхүү бага хурал бизнес эрхлэгчид, улс төрийн шийдвэр гаргагчдын дунд Төв Азийн уул уурхайн хөгжлийн боломжийн талаар идэвхтэй хэлэлцэх талбар болсноороо амжилтад хүрсэн. Гэвч уул уурхай байгуулснаар тэр бүс нутагт нийгэм, байгаль орчны ямар үр дагаварт хүргэх, тэр бүгдийг хэрхэн шийдэхийг шүүн тунгааж ярилцалгүй өнгөрсөн нь харамсалтай.

Энэ оны эхээр Ванкувер, мөн Торонтод болсон Канад, Евразийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын бага хурлуудад Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцож, үндэснийхээ уул уурхайн салбарыг өргөжүүлэх боломжийн талаар санал бодлоо солилцсон. Тэдний хэлснээр Монголын говь цөлийн бүсэд уул уурхайн үйл ажиллагаа явуулах нь нутгийн малчдын дунд ундны усны хомсдлыг нэмэгдүүлжээ. Үүнээс гадна ашигт малтмалын олборлолт ус их шаарддаг үйл ажиллагаа, иймд ундны усыг химийн бодисоор бохирдуулах тохиолдол ч нэлээд бүртгэгдсэн гэж байсан юм.

Монголын хамгийн том уул уурхайн цогцолбор болох зэс, алтны их хэмжээний нөөцтэй Оюутолгойг “Rio Tinto”-гийн Канад дахь охин компани “Turquoise Hill” хамтран эзэмшдэг. Оюутолгойд уурхай барих ажил 2010 онд эхлэхээс өмнө тэнд АНУ-ын Флорид мужаас ч илүү том талбайг хамарсан хамгийн том хайгуулын төсөл хэрэгжсэн билээ. Уурхай барих зориулалтаар хувьчлагдаж хайс татсан газар нутагт хэзээнээс амьдарч ирсэн малчид олон жилийн турш заргалдсан ч тусыг эс олжээ.

Үүгээр зогсохгүй угаасаа нөөц багатай усны нөөцийг уурхай их хэмжээгээр хэрэглэх болсноор тус нутгийн малчид ундны усны байнгын гачигдалтай болсон байна. Өмнөговь аймгийн бэлчээр даган нүүдэллэн амьдардаг малчид 2013, 2014 онуудад Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн корпорацийн нэр дээр хоёр ч удаа гомдол мэдүүлсэн нь бий. Тэд Оюутолгойн уурхайн төсөлд оролцдог компаниуд төрөлх газар, ус эзэмших эрхийг нь зөрчиж байна гэж мэдэгджээ. Хэдий тийм ч байнга нүүдэллэдэг малчдыг тэр хавийн суугуул иргэд гэж хууль ёсоор хүлээн зөвшөөрөх үндэслэл бага тул үүнд уул уурхайн компаниуд тэгтлээ эмзэглээгүй гэлтэй.

Гэхдээ нийгэм, байгаль орчинд олон сөрөг нөлөө үзүүлэвч Монголд уул уурхайн үйл ажиллагааг хориглож боомилох нь ухаалаг алхам болохгүй нь мэдээж. Монголд уул уурхайн салбар ид хөгжиж эхэлж байна. Үүнийг тус улсын Засгийн газар төдийгүй хүн амын дийлэнх хэсэг нь дэмжиж байгаа юм. Гэвч зайлшгүй бодолцох чухал зүйл гэвэл уул уурхайд зориулан газар булаах нь хүний эрх зөрчих асуудалд хүргэдэг явдал билээ. Үүнд юуны түрүүнд нүүдэлчин малчид ихээр өртөж буйг ч анхаарах нь чухал.

Эцэст нь дүгнэхэд, Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн уул уурхайн аливаа төсөлд оролцогчид тухайн орон нутгийн иргэдийн амьдралыг сайжруулахад л гол анхаарлаа хандуулах нь зүй ёсны хэрэг. Ер нь уул уурхайн компаниуд малчдын экологийн хувьд цэвэр, аюулгүй орчинд амьдрах эрхийг хүндэтгэн үзэх ёстой.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img