2025-01-03, Баасан
-23 C
Ulaanbaatar

Ч.Улам-Оргил: Монгол Улс эрчим хүчний эх үүсвэрийнхээ бүтцийг өөрчлөх шаардлагатай

ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Сургалт, чанарын албаны дарга, доктор, дэд профессор Ч.Улам-Оргилтой ярилцлаа. Тэрбээр БНСУ-ын Чонбукийн үндэсний их сургуульд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ.

-Эрчим хүч бол хөгжлийн суурь болдог, стратегийн салбар. Цахилгаангүй бол бид нэг өдөр байтугай хэдхэн цаг болоход ажил, амьдралаа зохицуулахад хэцүү болсон үе. Гэтэл эл салбар өдгөө улс, нийгмийн хөгжлийн суурь бус, хөгжлийг нь чөдөрлөгч болох эрсдэлтэй гэж салбарын мэргэжилтнүүд сануулж буй. Энэ талаар та юу гэх вэ?

-Юуны түрүүнд нэг жишээ дурдъя. АНУ-ын Инженерүүдийн академиас гаргасан судалгаагаар XX зууны инженерийн нээлтүүдийг ач холбогдлын түвшнээр нь эрэмбэлсэн байдаг. Үүнд агаарын тээвэр, сансрын холбоо, интернэт, компьютер, автомашин, цөмийн технологи зэрэг инженерийн олон нээлт, шийдлээс хамгийн ач холбогдолтой нь цахилгаанжуулалт гэж үзээд, нэгдүгээрт эрэмбэлсэн. Өөрөөр хэлбэл, хамгийн чухал нээлт болсон гэж дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн хэрэг. Аливаа улс орны эдийн засгийн аюулгүй байдлын суурь салбарын нэг нь эрчим хүч юм. Эрчим хүч тасраад тав, зургаан цаг боллоо гэхэд үүнийг дагаад олон хүндрэл үүсэх нь тодорхой. Орон сууцанд амьдардаг айл өрхүүд цахилгаангүй, мөн хэрэгцээний халуун, хүйтэн усгүй болж эхэлнэ. Усыг эрчим хүч ашиглан насосоор шахаж хэрэглэгчдэд хүргэдэг учраас тэр.

Цахилгаангүй хэдхэн цаг болоход хоол цайгаа хийж чадахгүй, бүх цахилгаан хэрэгсэл ажиллахгүй, гар утас, компьютер зэрэг төхөөрөмж цэнэггүй болно. Цаашилбал, бүтээгдэхүүн, үйлчилгээ авч чадахгүйд хүрч, иргэдийн аюулгүй, эрүүл, тав тухтай орчинд амьдрах нөхцөл алдагдах учраас эдийн засгийн суурь салбар яах аргагүй мөн. Иймээс ч энэ салбарыг хэвийн найдвартай ажиллуулахын тулд тасралтгүй сайжруулалт, шинэчлэлт, өөрчлөлт хийх шаардлагатай болоод байна.

Одоо байгаа эх үүсвэрүүдээ шинэчилж, сайжруулахгүй, томоохон шинэ эх үүсвэр барихгүй удсаар байвал эрчим хүчээр хязгаарлагдах, тасалдах эрсдэл улам нэмэгдэнэ.

-1983 онд “ДЦС-4”-ийн анхны зуухыг ашиглалтад оруулснаас хойш Монгол Улсад хувийн хэвшлийнхнийг эс тооцвол шинэ эх үүсвэр бариагүй. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт хэр хангалттай хөрөнгө оруулсан гэж хардаг вэ?

-Уг нь эрчим хүчний хэрэглээ асар хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор шинэ эх үүсвэрүүд барих ёстой. Гэвч манай улс өмнө нь ашиглалтад оруулсан эх үүсвэрүүдээ өргөтгөх, шинэчлэх ажлыг л хийсэн. Огт юу ч хийхгүй байгаа биш л дээ. “ДЦС-4”-ийг 123, “ДЦС-3”-ыг 50, Дарханы ДЦС-ыг 35, Эрдэнэтийн ДЦС-ыг 50 МВт-ын хүчин чадлаар өргөтгөсөн. Харин шинэ, томоохон хүчин чадалтай ДЦС барьж чадаагүй. Тэгвэл хувийн хэвшлийнхэн маш амжилттайгаар сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулсан. Тодруулбал, 2013 оноос хойш буюу сүүлийн 10 жилд сэргээгдэх эрчим хүчний, тэр дундаа нар болон салхины 245 МВт-ын хүчин чадалтай есөн станц барьсан бөгөөд салхин цахилгаан станцууд (СЦС) системийн оргил ачааллаас хуваалцаж байна.

-Өнгөрсөн өвөл эрчим хүч хязгаарлаж магадгүй тухай салбарын яамнаас өмнө нь мэдээлж байсан. Манай улсын эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд 1474 МВт буюу түүхэн дээд түвшиндээ хүрэх үед цахилгаан импортолж байж давсан. Гэтэл эрчим хүчний эрэлт импортын техникийн нөхцөлөөс давбал манайд цахилгаан хэмнэх, эсвэл хязгаарлалт хийхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй. Эл салбарт хангалттай хөрөнгө оруулж, эх үүсвэр барихгүй хэвээр байвал цаашид ямар нөхцөл байдал үүсэж болзошгүй вэ?

-Манай эрчим хүчний салбарын нэг давуу тал нь чадварлаг боловсон хүчин бэлтгэж чадсан. Өнөөгийн хүндрэлтэй байдлыг салбарын хүний нөөцийн мэдлэг, чадвар, туршлагын ачаар л даван туулж байна. Ер нь манайд хоолойд тулсан асуудал бол шинэ, томоохон эх үүсвэр барих зайлшгүй шаардлагатай. Суурилагдсан хүчин чадлаа нэмэгдүүлэхгүй бол хэрэглэгчдийг эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах үндсэн зарчим алдагдана. Энэ талаар салбарын эрдэмтэн, судлаач, инженерүүд шийдвэр гаргагч нарт байнга сануулж буй. Манай улс хоёр хөршөөсөө эрчим хүч импортлоход ч багагүй хөрөнгө зарцуулж байгаа. Эдийн засгийн суурь салбартаа мөнгө зарцуулах, хөрөнгө оруулалт татах цаг хэдийн болсон.

-Манай улс эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээгээ хэрхэн нэмэгдүүлэх боломжтой вэ. Уг нь нүүрс, сэргээгдэх эрчим хүч, нүүрсний давхаргын метан хий гэхчлэн атаархмаар их нөөц Монголд бий. Эдгээр нөөцийг хэрхэн зохистой харьцаагаар ашиглан эрчим хүч үйлдвэрлэх боломж бий бол. Өдгөө манайд сэргээгдэх эх үүсвэрээс нийлүүлж буй эрчим хүчийг хязгаарлаж байгаа шүү дээ.

-Эрчим хүчний системийн хувьд үйлдвэрлэл, хэрэглээний балансыг хугацааны агшин бүрд барих шаардлагатай байдаг. Хэрэглээний өөрчлөлтийг дагаад үйлдвэрлэлээ зохицуулаад, хугацааны агшин бүрд балансаа бариад явдаг байсан манай системийн үйлдвэрлэгч талд хэлбэлзэл ихтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр олноор холбогдсон нь зарим үед системийн горим ажиллагаанд нөлөөлдөг учраас “Диспетчерийн үндэсний төв” ийм эх үүсвэрүүдийн нийлүүлэлтэд хязгаарлалт тавьдаг.

Өдгөө дэлхийн 156 улс сэргээгдэх эрчим хүчний талаар баримтлах бодлого, зохицуулалттай болоод буй. Улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах зорилгоор сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, үүний тулд төрийн бодлого, зохицуулалт хэрэгтэй гэдгийг ойлгож, хууль, эрх зүйн орчноо бүрдүүлсний нэг нь Монгол Улс юм. Манай улс сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулагчдыг татсан, хууль, эрх зүйн таатай орчинтой. Таны хэлсэнчлэн Монгол Улсын бас нэг давуу тал бол уламжлалт болон сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Мөн дэлхий дахинд сэргээгдэх эрчим хүчний технологиудын өртөг улам бүр хямдарч, асар хурдацтай сайжирч байна. Иймээс манай улс ч сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд анхаарч буй. Гэхдээ бид цаашид сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхдээ усан цахилгаан станц (УЦС) барьж ашиглах нь манайд хамгийн түрүүнд, зайлшгүй хийх шаардлагатай ажил болоод байна.

УЦС нь эрчим хүчний системийн маневрлах чадварыг нэмэгдүүлж, горим зохицуулалтад эергээр нөлөөлж, мөн сэргээгдэх эрчим хүчний бусад эх үүсвэрийг системд нэмж холбох боломж олгох ач холбогдолтой юм.

Эгийн голын УЦС барихыг ОХУ эсэргүүцэж ЮНЕСКО-д гомдол гаргасан. Тэгвэл Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барьж ашиглахад саад болж буй гаднын хүчин зүйл байхгүй ч бид бүтээн байгуулж чадахгүй л байна. Эрдэнэбүрэнгийн станцыг ашиглалтад оруулчихвал баруун бүсийн эрчим хүчний систем цогц, зөв бүтэц, шийдэлтэй болно.

Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх өөр нэг боломж нь цэнэг хуримтлуурын станц барих. Ингэснээр сэргээгдэх эх үүсвэрүүдээс нийлүүлж буй эрчим хүчний хязгаарлалт багасаж, хэрэглээ багатай үед цахилгааныг нөөцөлснөөр оргил ачааллын үед ОХУ-аас импортлох эрчим хүчний хэмжээ буурах боломж бүрдэнэ. Түүнчлэн том чадлын ДЦС ашиглалтад оруулбал хүчин чадлын хэмжээнийх нь тодорхой хувьд сэргээгдэх эх үүсвэрийг системд нэмж холбох боломжтой болно. Монгол Улс нар, салхи, нүүрс, уран, нүүрсний давхаргын метан хийн арвин нөөцөө зөв, оновчтой байдлаар ашиглаж чадвал бид эрчим хүчний дутагдалд орлоо гэж яриад сууж байхгүй. Гэтэл зарим улс орон ийм олон төрлийн эрчим хүч үйлдвэрлэх нөөцгүй шүү дээ. Мөн өмнө хэлсэнчлэн чадварлаг боловсон хүчин байна. Харин манайд хөрөнгө оруулалт, санхүүжилт алга. Гэхдээ би Монгол Улсыг ядуу орон гэж хардаггүй. Хөрөнгө оруулалт, санхүүжилтээ зөв салбар, төсөл рүү чиглүүлж, дорвитой, зоригтой ажиллаж чадахгүй байна гэж судлаачийн хувьд хардаг.

-Иргэдийн олонх нь сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифын талаар буруу ойлголттой байх нь бий. Уг нь хүн бүр заавал мод тарьж, ургуулж чадахгүй ч хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ус, нүүрс ашигладаггүй, цэвэр, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж буй бас нэг хэлбэр шүү дээ.

-Зарим хүн “Би сэргээгдэх эрчим хүч ашиглаагүй” гэх нь бий. Гэтэл бидний хэрэглэж байгаа эрчим хүчийг бүх төрлийн (ДЦС, ус, нар, салхин цахилгаан станц) эх үүсвэрээс нийлүүлж байгаа. Иймээс бидний хэрэглэж буй эрчим хүчний тодорхой хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байгаа тул дэмжих тарифыг төлөх ёстой. Дэмжих тариф бол дэлхийн дийлэнх улс орон сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, ашиглах үедээ мөрддөг, түгээмэл хэрэглэдэг арга. Бид ч байгаль орчинд ээлтэйгээр эрчим хүч үйлдвэрлэх технологиудыг зохистой харьцаагаар хөгжүүлэх хэрэгтэй.

-Монгол Улс “ДЦС-5”, Тавантолгой ДЦС барина гэж ярьсаар олон жил өнгөрлөө. Улс өөрөө чадахгүй бол хувийн хэвшлийнхнийг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцуулах нь зөв үү. Ер нь одоогийн эрчим хүчний салбарын нөхцөл байдлыг сайжруулахад хувийн хэвшлийнхний оролцоо хэрэгтэй юү. Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

-Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийнхнийг оруулах нь олон ач холбогдолтой. Нэгдүгээрт, зөв менежмент орж ирнэ. Хоёрдугаарт, зах зээлийн өрсөлдөөнт механизмын тогтолцоо бий болно. Ингэснээр эрчим хүчийг бага өртгөөр үйлдвэрлэсэн нь системд нийлүүлэх юм. Улмаар энэ салбар зах зээлийн зарчмаар хөл дээрээ босох нөхцөл бүрдэнэ. Хувийн хэвшлийн зөв менежментийн өөр нэг давуу тал нь зардлыг оновчтой зарцуулдаг. ДЦС-ууд хэт үрэлгэн байна уу гэдгийг бодож үзэх л хэрэгтэй. “ДЦС-4”-тэй ижил хүчин чадалтай станцад ажиллах хүчний тоо бусад оронд хамаагүй цөөн байх жишээтэй.

Улс өөрөө чадахгүй бол томоохон эх үүсвэр барих эрхийг хувийн хэвшлийнхэнд зоригтой өгөөд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай. Яваандаа энэ салбарт дандаа төрийн өмчит бус, хувийн хэвшлийн, хувьцаат компаниуд үйл ажиллагаа явуулбал нээлттэй болж, засаглал нь сайжирна. Одоо бол ДЦС-ууд уурхайгаас нүүрсийг хямд үнээр авдаг, тоног төхөөрөмж нь ч хуучирч, өр ихтэй гэх мэт асуудал мундахгүй. Ер нь энэ салбарт маш сайн бодлого төлөвлөлт, зохицуулалт шаардлагатай. Төр, хувийн хэвшил хоёр хөрөнгө оруулагч талд ч, Монголын эрчим хүчний системд ч харилцан ашигтай байдлаар хамтран ажиллах хэрэгтэй. Ташрамд онцлоход, манайд хэрэглэгчдэд нийлүүлж буй эрчим хүчний тариф хэтэрхий бага. Өнгөрсөн жилийн байдлаар нэг кВт/цаг эрчим хүчний үнэ дунджаар зургаа орчим цент байсан нь үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн зардлаа нөхөхгүй хэмжээнд байна.

-Зарим хүн гэртээ өдөржин эзгүй байх атлаа ус буцалгагч, wi-fi-ийн төхөөрөмж зэргийг залгуураас нь салгадаггүй юм билээ. Гэтэл тэдгээр нь цахилгаан зарцуулсаар байдгийг мэргэжилтнүүд сануулдаг. Эрчим хүчний үнэ бага байгаатай энэ нь холбоотой байх?

-Хүн үнэ цэнтэй авсан юмаа хайрладаг, хамгаалдаг, хэмнэлттэй хэрэглэхийг хичээдэг. Гэтэл эрчим хүчийг өртгөөс нь бага үнээр нийлүүлж байгаа нь энэ салбарыг олон жил алдагдалтай ажиллахад хүргэсэн. Сонгуулийн циклээс болоод, иргэдэд таалагдах гэсэндээ, эрчим хүчний үнийг өсгөчихвөл иргэд дургүйцнэ гэж айсандаа нэмж чаддаггүй байх. Бодит байдал дээр үйлдвэрлэсэн өртгөөсөө бага үнээр борлуулж байгаа салбар яаж ч бодсон алдагдалд орно. Цахилгаан, дулааны үнэ бага байгаа нь энэ салбарт тулгамдсан хамгийн том асуудлуудын нэг. Хэрэв цахилгааныг бодит үнээр нь нийлүүлж, үйлдвэрлэгчид ч хоорондоо үнээр өрсөлддөг байсан бол алдагдалтай ажиллах салбар биш.

-Хэдий нөхцөл байдал одоо хүндрэлтэй байгаа ч зарим мэргэжилтэн Монгол Улс цаашид бусад оронд эрчим хүч нийлүүлэх боломжтой гэж үздэг. Азийн эрчим хүчний сүлжээ (Asian super grid) байгуулах боломжтой гэх нь ч бий.

-Манай улс цаашид Япон, БНСУ зэрэг оронд эрчим хүч экспортлох боломж бий. Гадаад худалдааны онолоор ч тэр аль нөөцтэй, бүтээгдэхүүнийг хямд өртгөөр бий болгож байгаа улс нь үйлдвэрлээд, өндөр зардлаар үйлдвэрлэж буй оронд борлуулдаг. Дээрх орнуудад эрчим хүчний нөөц нь хязгаарлагдмал. Иймээс манайд үйлдвэрлэсэн эрчим хүчийг өндөр хүчдэлийн тогтмол гүйдлийн дамжуулах сүлжээгээр Азийн улсууд руу нийлүүлэх боломжтой тул сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх хэрэгтэй. Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, нийгмийн хариуцлагын хүрээнд ч тэр цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжиж, хөгжүүлэх нь чухал.

-Та БНСУ-ын Чонбукийн үндэсний их сургуульд сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа СЦС-ын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан юм билээ. Манай улс цаашид салхинаас эрчим хүч үйлдвэрлэж буй хэмжээг нэмэгдүүлэх хэр боломжтой вэ?

-“Эрчим хүчний системд СЦС-ыг хүлээн авах чадварын үнэлгээ” сэдвээр докторын ажлаа хамгаалсан. Тодруулбал, Монголын төвийн бүсийн эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадлын хэдэн хувь нь СЦС байх вэ гэдэг тооцоо, судалгааг хийсэн юм. СЦС нь дангаар бие даан ажилладаггүй эх үүсвэр. Ийм эх үүсвэрийг эрчим хүчний системд холбохын тулд тухайн системийн хүлээн авах чадварыг тооцдог. Одоогоор Монголын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1470 орчим МВт-д хүрсний 18 хувьтай тэнцэх хэмжээнд СЦС байгуулж, системд холбож болно гэж тооцсон. Өдгөө манай улс 220 орчим МВт-ын хүчин чадалтай СЦС-ыг ашиглалтад оруулах боломжтой. Үүнээс 155 МВт-ын хүчин чадалтай станцууд системд холбогдсон.

Тэгэхээр 65 МВт-ын хүчин чадалтай СЦС-ыг системд нэмж холбох боломж одоогоор бий. Мэдээж хуримтлуурын станцтай болчихвол дээрх хэмжээ ч дагаад нэмэгдэх юм. СЦС-ын технологи нь нарны цахилгаан станцынхтай харьцуулахад энгийн, нарийн нийлмэл биш. Нөгөөтээгүүр, сэргээгдэх эрчим хүчний бусад эх үүсвэртэй харьцуулахад цахилгаан үйлдвэрлэх өртөг нь хамгийн хямд байдаг давуу талтай.

Монголд сэргээгдэх эрчим хүчний нөөц их тул боломжит байдлаар зөв хөгжүүлэхэд хувийн хэвшил, хөрөнгө оруулагч, төр, судлаач нар хамтарч ажиллан, оновчтой гарц олж, зөв ойлголцвол хөгжих боломжтой салбар. Ер нь аль ч салбарыг хөгжүүлэхэд судлаачдын оролцоо ихээхэн чухал байдаг. “Сэргээгдэх эрчим хүчний инженерүүдийн холбоо” ГҮТББ байдаг бөгөөд Удирдах зөвлөлд нь ихэвчлэн МУИС, ШУТИС-ийн сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн профессор, багш нар багтдаг. Эл холбоо нь сэргээгдэх эрчим хүчний бусад холбоо, ТББ-аас ялгарах гол давуу тал нь судалгаа хийхийг дэмжиж, салбарын хүний нөөцөө чадавхжуулахад илүүтэй анхаардаг.

“Сэргээгдэх эрчим хүчний инженерүүдийн холбоо” ГҮТББ, ШУТИС, МУИС хамтран “Сэргээгдэх эрчим хүч ба дэвшилтэт технологи-2023” эрдэм шинжилгээний хурлыг тавдугаар сарын 5-нд ШУТИС-д зохион байгуулна. Тус хуралд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажилладаг эрдэмтэн, судлаач, инженер, мэргэжилтнүүд оролцож, салбарын тулгамдсан асуудал, инженерийн шийдлийн талаар илтгэлүүд хэлэлцүүлэх юм. Энэ завшааныг ашиглан эл салбарт ажилладаг үйлдвэр, компаниудын инженер, техникийн ажилтнууд болон судлаачдыг дээрх хуралд оролцохыг урьж байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img