2024-11-22, Баасан
-8 C
Ulaanbaatar

Наадмын дараахан баталсан хоёр “хэцүү хууль”

Манай сайт Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан, металлургийн инженер Н.Алгаагийн нийтлэлүүдийг цувралаар хүргэж байна. Түүний нийтлэлээс уншигч та Монголын уул уурхайн 90-ээд оноос өнөөдрийг хүртэлх анхаарал татсан түүхүүд, уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлууд, уул уурхайн эдийн засаг, нийгэмд үзүүлж буй нөлөөлөл гэх мэт энэ салбартай холбоотой сонирхолтой өнцгүүдийг олж харах болно. Тэрээр "Монголын уул уурхай ухрах уу, урагшлах уу" номын зохиогч юм.

УИХ-д олонх болсон МАХН “стандартын бус” Засгийн газар байгуулав (2008-2012 он)

Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт 2000-аад оны дунд хүртэл аажмаар нэмэгдэж байсан ба энэ нь гол төлөв хайгуулын ажлын санхүүжилт байсан ба түүнээс хойш уул уурхайн үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт нэмэгдэн 2009 онд Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас хойш огцом нэмэгдсэнээр 2011 онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт бараг 17 хувиас давсан билээ. Гаадаадын хөрөнгө оруулалтаар Бороо, Төмөртийн овоон ордууд, үндэсний хөрөнгө оруулалтаар Нарийн сухайт, Таван толгойн нүүрсний ордууд ашиглалтанд оров.

Түрүүчийг ЭНД дарж уншина уу.

Хувийн компани анх удаа нүүрс угааж баяжуулах үйлдвэр ашиглалтанд оруулав

М-Си-Эс групп, Петровис ХХК, Шунхлай групп зэрэг үндэсний хэмжээний томоохон компаниудын хамтын хөрөнгө оруулалттайгаар Энержи Ресурс ХХК нь 2005 онд байгуулагдсан, үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн компани юм. Ухаа худаг уурхайн үйл ажиллагаа 2009 онд эхэлсэн. 2010 онд Энержи Ресурс компани Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлж, Монголын үндэсний компаниудаас анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа амжилттай гаргасан билээ.
2009 оноос хойшхи харьцангуй богино хугацаанд Ухаа Худаг уурхай нь нүүрс баяжуулах үйлдвэр, 18 мегаваттын цахилгаан станц, авто зам, усан хангамжийн систем, орон сууцны хороолол гээд техникийн болон нийгмийн дэд бүтцүүдтэй, аж үйлдвэрийн томоохон цогцолбор болон өргөжсөн түүхтэй.

Өнөөдрийн байдлаар, Энержи Ресурс ХХК нь нүүрсийг дотооддоо угааж баяжуулан экспортолж буй голлох аж ахуйн нэгж бөгөөд ингэснээр Монгол нүүрсний үнэ цэнэ болон олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсээр байна.

ШИГТГЭЭ:

Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Английн BHP Billiton компани Таван толгойн ордын талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авсан боловч удалгүй 1998 буцааж өгөв. 1999 онд үндэсний Майн инфо ХХК тус газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авсан юм. 2005 онд Майн инфо компани нь Алтай трейдинг, Моннис, Шунхлай, Эм-Си-Эс, Петровис зэрэг дотоодын 14 компани хамтран консерциум үүсгэж, “Энержи Ресурс ХХК”-ийг байгуулан Таван толгойн ордын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн бол 2006 онд Энержи Ресурс компани эзэмшиж буй хайгуулын талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан түүх өнгөрсөнд бий. Ингэснээр тус бүлэг ордод уурхайн үйл ажиллагаа эхлэх боломжтой болсон юм.

2008 оны УИХ-ын ээлжит сонгуулиар МАХН 44, АН 28 суудал авав. Энэ Засгийн газрын үед 7 дугаар сарын 1, Оюутолгойн гэрээ зэрэг томоохон хэрэг явдлууд яригддаг. Удаан хугацаанд нийтийг хамарсан маргаан, хэлэлцүүлэг өрнөсний эцэст С.Баярын тэргүүлсэн засгийн газар тус орд газрыг төрийн мэдэлд авахаар Энержи ресурс компанитай хэлэлцээр хийж Ухаа худагаас бусад талбайг 2008 онд төрийн мэдэлд шилжүүлж байлаа. Энержи ресурс компанийн хувьд өөрийн эзэмшлийн “Ухаа худаг” уурхайгаас 2009 онд нүүрс олборлож эхэлсэн билээ. Энэ цагаас эхлэн нүүрс зөөх төмөр зам, түүний цариг маргааны сэдэв болсныг тодотгоё.

2010 оны 10 дугаар сард Энержи Ресурс компани Мongolian Мining Сorporation хэмээх компанийг Хонг-Конгийн биржид бүртгүүлж хувьцааг нь арилжаалж эхлэв. Тун удалгүй Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой ХХК” байгуулагдаж Тавантолгойн бүлэг ордод олборлолт хийх нийт 8 тусгай зөвшөөрлийг тус компанид олголоо.

ЭРГЭЦҮҮЛЭЛ:

МАК компани Хятадад эрчим хүчний нүүрс экспортолж эхэлж байхад манай улсын дотоод зах зээлийн нүүрсний хэрэгцээ 10 сая тонн орчим л байв. Монголын нийт нүүрсний тооцоологдсон нөөц 30 гаруй тэрбум, түүний бараг тал нь хүрэн нүүрс, тал нь эрчим хүчний нүүрс байх бөгөөд коксжих нүүрс бараг нэг хувьд нь хүрдэггүй.
Ийм их нөөцтэй байсан боловч бид зах зээлгүй л байсан гэсэн үг. Тиймээс Хятад шиг улсын өрсөлдөөн ихтэй, том нүүрсний зах зээлд монголын компаниуд-шинэ тоглогчид энэ зах зээлд гарна гэдэг тийм ч амар хялбар байгаагүй нь мэдээж гэж боддог. Гэвч эрчим хүчний нүүрсийг МАК компани, коксжих нүүрсийг Энержи Ресурс компани хятадын зах зээлд таниулж чадсан нь бахархууштай.

Харин төрийн өмчтэй, компанийн засаглал муутай, улс төрийн нөлөө ихтэй компани байгуулж хувийн компаниудтай өрсөлдүүлж тэгш бус байдал бий болгосон нь харамсалтай.

Нүүрс экспортолж эхэлсэнтэй холбоотойгоор Монгол улс тээвэр ложистик, хил гааль, үнэ бүрдэлт, АМНАТ тооцох ба цуглуулах зэрэг олон сорилтуудтай тулгарав. Эдгээр сорилтуудаас бизнесийн болон төрийн ашиг сонирхолыг тэнцвэржүүлэн шийдвэрлэх чиглэлээр энэ урт хугацаанд төр юу ч хийж чадалгүй өнөөг хүрсэн нь бодитой үнэн. Төр өөрийн ашиг сонирхолыг нэгдүгээрт тавьж бизнесийн орчинг дордуулж хүч түрэн шийдэж ирсэн билээ.

“Урт нэрт” ба Цөмийн энергийн тухай хууль батлагдав

2009 оны 7 дугаар сарын 16-нд наадмын дараа УИХ хоёр “хэцүү” хууль баталсаны нэг нь олны дунд “Урт нэрт” гэж нэрлэгдэх болсон “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль, нөгөө нь Цөмийн энергийн тухай хууль байв.

“Урт нэрт” хуулийг 5 сарын дотор хэрэгжүүлж дуусгахаар дагаж мөрдөх журмын тухай хуулийг хамтад нь батлав. Дагаж мөрдөх журмын тухай хуулиар бол энэ богинохон хугацаанд хуулийн үйлчлэлд хамрагдах хайгуулын болон ашиглалтын 1800 орчим тусгай зөвшөөрөл цуцалж нөхөн олговор олгох ёстой байлаа. Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх тухай хуульд өмнө олгосон цацраг идэвх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг мөн л 5 сарын дотор шинэчлэн бүртгэхээр тусгасан байв.

ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНААС:
BUSINESS TIMES. 2010.12 сар. No 35,36
ТӨР ОЙЛГОСОН МӨРТЛӨӨ НҮДЭЭ АНИАД МУЙХАРЛААД БАЙНА

-Нийгэмд урт нэртэй гэж цоллуулаад байгаа хуулийн хэл ам дуусаагүй л байна. Одоо тэгээд яах вэ? Та нарын үзэж байгаагаар ямар арга чарга, гарц байна вэ?

-Байгаль орчноо хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах ёстой гэдэгтэй хэн ч маргахгүй. Энэ үүднээс уул уурхайнхан хуулийн нэр томъёоноос аваад агуулгыг хүлээн зөвшөөрч байгаа юм. Гэхдээ юманд учир бий гэдэг шиг энд “но”-той зүйл их байгаа юм. Урд нь Ашигт малтмалын хуулиар олгогдсон тусгай зөвшөөрлийг энэ хуулиар цуцаллаа гэхэд уул уурхайн компаниудад шалгуурыг нь өгөөд, үүргийг нь биелүүлээд дуусгах ёстой байсан болов уу. Тэгээд цааш нь үйл ажиллагааг нь хориглоод явах хэрэгтэй. Ийм гарц байна. Ингэж явахгүй бол асуудал угаасаа шийдэгдэхгүй…

ШИГТГЭЭ:

Тухайн үед үйлчилж байсан Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлд Хамгаалалтын бүсийн ой түүний дэглэмийг тогтоохдоо “Усны хагалбар дахь байгаль орчны тэнцлийг хангах, хөрсний эвдрэлээс сэргийлэх зорилгоор цармын бүслүүрийн ойн заагийг төрийн захиргааны төв байгууллага тогтоох, Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг даргын саналыг үндэслэн ойн сангийн тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах, түүний хилийн зааг, хамгаалах дэглэм тогтоох, биелэлтэд нь хяналт тавих” эрхтэй байхаар тус тус зохицуулжээ. Мөн хамгаалалтын бүсийн ойд хамаарах ойг нарийн тодорхойлж, тэнд зөвхөн зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт нөөцийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

2004 оны Усны тухай хуулийн 31 дүгээр зүйлд “ Усны эх, ундаргад онцгой хамгаалалтын бүс тогтоож уг бүсэд “… ашигт малтмал хайх, олборлох…ыг хориглосон”-оос гадна 16 дугаар зүйлд Сум, дүүргийн засаг дарга нар “ нутаг дэвсгэртээ усны эх үүсвэр, усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын … бүс тогтоож, тэмдэгжүүлэх” бүрэн эрхтэй байхаар заасан байна.

ЭРГЭЦҮҮЛЭЛ:

“Урт нэрт” хуулийг тухайн үед УИХ-н гишүүн байсан Б. Бат Эрдэнэ хэсэг гишүүдийн хамт санаачлан өргөн барьсан байсан тул манай салбарынхан “аваргын хууль” гэж нэрлэдэг байв.
2009 оны 7 дугаар сарын 14-нд УИХ-н чуулганаар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн боловч намын бүлгүүд зарим асуудлаар зарчмын өөр саналтай байсан тул уг асуудлыг хойшлуулж дээр дурдсан хуулийг хэлэлцэж батлахаар тохирсон байсан юм билээ. Дээрээс нь иргэний нийгмийнхэн “урт нэрт” хууль яаралтай батлахыг шаардаад ордны гадаа өлсгөлөн зарлачихсан байсан юм.

2000-аад оны дундуур тухайн үед их хурлын гишүүн байсан Ц.Мөнх Оргил тэргүүтэй их хурлын хэсэг гишүүд “урт нэрт” хуулийн зорилготой ижил зорилготой хуулийн төсөл боловсруулж байв. Хуулийн төсөлд зорилгыг нь Монгол улсын газар нутгийн 47 өргөрөгөөс хойшхи нутагт ашигт малтмал хайх олборлох тусгай зөвшөөрлийг хууль гарсан өдрөөс хойш олгохгүй байхаар тодорхойлж байв.

Хамгийн хачирхалтай нь “урт нэрт” хуулиар зохицуулж байгаа харилцаа нь 2007 оны Ойн тухай, 2004 оны Усны тухай, 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудаар тус тус зохицуулагдсан байсан боловч хууль хэрэгжүүлэх ёстой төрийн байгууллагууд нь хуулиа хэрэгжүүлээгүй байсаныг тусад нь шинэ хууль гаргаж мөрдүүлэхээр болсоны үр дагаварыг мөнөөх үйлийн үртэй хувийн хэвшлийнхэн үүрэх тавилантай болжээ.

“Урт нэрт”-ийн агуулгаас харахад зохицуулах гээд байгаа харилцаа нь дээрх хуулиудад тодорхой зохицуулагдсан байх ба тэдгээрийг хэрэгжүүлж чадаагүй эсвэл хэрэгжүүлэхийг оролдоогүй л асуудал байсан юм шиг. Тэр бүү хэл байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй бол нөхөх олговоргүйгээр тусгай зөвшөөрлийг нь цуцлах заалт ч Ашигт малтмалын тухай хуульд байж л байсан.

Тэгэхээр хууль санаачилж, төсөл боловсруулсан хүмүүс ой болон усан сангийн хамгаалалтын талаар Ойн болон Усны тухай хуульд тодорхой зохицуулсан байсныг огт мэдээгүй байсан юм болов уу даа. Хуулийн төсөл боловсруулах явцдаа ч, хэлэлцүүлэхдээ ч хууль хэрэгжүүлэхэд хамрагдах газар нутаг, тусгай зөвшөөрлийн тоо хэмжээ, хэрэгжүүлсэнээр гарах нийгэм эдийн засгийн үр дагавар, нөлөөний талаар ямар ч судалгаа хийгээгүй боловч өргөн барьсан, хэлэлцүүлсэн, баталсан байдал нь Монголд хууль яаж замбараагүй төрдөгийн яруу тод жишээ л гэхээс өөр юу гэхэв.

“Урт нэрт” хуулийн байгаль орчныг хамгаалах зорилгыг эсэргүүцсэн хувийн компаниуд байхгүй л дээ, ганцхан хэрэгжүүлэх арга дээр л санал нийлэхгүй байсан билээ. Тэр нь юу гэвэл Ашигт малтмалын тухай хуулиар эрхийг нь олгосон үйл ажиллагаа явуулаад арав гаруй жилийн турш бий болгосон эд хөрөнгийг нь үнэгүй болгосон, хэрэгжих боломжгүй бодит нөхцөл байдал байсаар байхад хүчээр тулгаж, хавтгайд нь компаничилсан байдлаар хэрэгжүүлэх зорилго тавьсан зэрэг болно. Дээрх хоёр хууль бол төр өмнө нь гаргасан хуулиа үгүйсгэн өөр хууль гаргаж хувийн өмчид халдаж үндсэндээ Үндсэн хууль зөрчиж байгаа нэг хэлбэр лавтай мөн боловч Үндсэн хуулийн цэц үгүй л гээд байгаа юм даа.

Хууль батлагдсанаас хойш хэрэгжиж чадалгүй олон жил өнгөрөв. Хууль санаачлагчид болон иргэний нийгмийнхэн Засгийн газар хууль хэрэгжүүлэхийг байнга шахаж байв. Бүр сүүлдээ иргэний нийгмийнхэн Засгийн газрыг шүүхэд өгсөн удаатай. Шүүхээс эцэст нь Засгийн газар хууль хэрэгжүүлэхгүй байгаа нь буруутай (эс үйлдэл) гэх маягийн шийдвэр гаргав. За тэгээд Засгийн газар арга ядахдаа алтны шороон ордын тусгай зөвшөөрлийг хоёр жилийн хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэрийг хууль зөрчин байж гаргаад энэ хугацаанд нөхөн сэргээлтээ хийчих, тэгвэл нөхөх олговрыг олгоно гээд амлачихав аа. Энэ хооронд хууль санаачлагчид алтны хэдэн үндэсний компаниа хардаад бараг л “нинжа” нарыг турхирч хууль хэрэгжүүлэхгүй байна гэх болов. Үнэн хэрэгтээ “нинжа” нар тусгай зөвшөөрөлтэй алт олборлогчдын талбай чөлөөлөгдөхийг хүлээж байсан нь үнэн байсан ба дээр нь нилээд олон алтны компаниуд “нинжа” болсон билээ. Механикжсан “нинжа” төрсөн түүх ийм юм. “Урт нэрт” хууль зорилгодоо хүрэх нь бүү хэл эсрэг үр дүн, үр дагавар авчирсан билээ. Засгийн газрын тогтоол хэрэгжүүлж нөхөн сэргээлтээ хийсэн компаниуд одоо болтол нөхөх олговроо аваагүй байгаагаас гадна олборлож болох нөөцтэй талбайтай компаниуд нь олборлох гэхээр гэмт хэрэгтэн болчих гээд байв. Эрх зүйн талаас авч үзвэл “урт нэрт” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль (2009 оны 12 дугаар сарын 15-нд ) болон Засгийн газрын тогтоолын хугацаа (2013 оны 12 дугаар сард) аль хэдийн дуусгавар болсон тул Ашигт малтмалын тухай хуулиар олгогдсон тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр хэвээрээ байгаа парадокс үүсчихээд байна. Хууль хэрэгжүүлэх боломжгүй байгаа дараах хоёр үндсэн бодит нөхцөл, байдал одоо нэгэнт тодорхой болсоныг бүгд ойлгож шийдэл, гарцыг төр, иргэний нийгэм, хувийн хэвшил зөвшилцөж хамтдаа олох оролдлогыг бараг таван жилийн дараа 2015 онд хийх шив дээ.

Энэ бодит шалтгаан нь нэгд, одоо хүртэл хууль хэрэгжүүлэх хамгаалалтын бүсийн хилийн зааг, ялангуяа усны энгийн хамгаалалтын бүсийн заагийг зөв бодитой тогтоож чадаагүй ба дуусаагүй байдал, хоёрт улсын төсвөөс тусгай зөвшөөрөл цуцалсаны нөхөх олговор олгох ямар ч бололцоо байхгүй байгаа байдал юм. Хууль хэрэгжихгүй удаад байна гээд иргэний нийгмийн төлөөллийн хэсэг нөхөд буу бариад төрийн ордныхоо хашаанд орж ирэн буудаад явж байхав даа. Ийм балай хууль санаачилсан, баталсан их хурлын гишүүд уул уурхайн салбарын нэг дэд салбар болох алтны салбарыг бараг алга болгосоныхоо төлөө, иргэдийг хагаралдуулж зөрчилд хүргэсэнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй дархан эрхтэй учир хувийн хэвшлийнхэн эд хөрөнгөөрөө, иргэний нийгмийнхэн эрх чөлөөгөөрөө хохироод байж байна.

Ер нь иймэрхүү хуулийг санаачлагчдын нэрээр нь нэрлэж баймаар юм шиг байна. Тэгээд цаг хугацаа шүүж нэг бол алдаршуулна, эсвэл адлуулна биз.

ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНААС:
“ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН МЭДЭЭ” 2011 оны 02 сар. No 04
Н.Алгаа: ХЭРЭГЖИХ БОЛОМЖГҮЙ ХУУЛЬ БАТАЛЧИХААД ХЭРЭГЖҮҮЛНЭ ГЭЖ ЗҮТГЭЭД БАЙХ ЮМ.

-Урт нэртэй хууль батлагдаад жил гаруйн нүүрийг үзэж байна. Хэрэгжих ямар ч боломжгүй гэж үү. Ядаж байгалиа, алсаа бодоод хэрэгжүүлье гэсэн хэсэг байгаа байх. Тэгээд ч төрийн зүгээс компаниудад нөхөн олговор өгнө гэж байгаа шүү дээ?

-Хуулийг анх батлахдаа л ямар ч тооцоогүйгээр баталчихсан. Ганц юм нь нөхөн олговор өгнө гээд байна. Нөхөн олговор олгоно гэж яг юугаа хэлээд байгаагаа ч ойлгоогүй баталчихсан. Тэгээд баталсан учраас хэрэгжүүлнэ гээд байгаа юм. Ямар ч цаг хугацаа хөрөнгө мөнгөний хувьд хэрэгжих боломжгүй. Өнөөдөр хамгаалалтын бүс, хилийн заагаа тогтоогоогүй удааширч байна. Уг нь Усны тухай хууль, Ойн тухай хуульд яаж хилийн заагийг нь гаргахыг заагаад өгчихсөн байгаа. Тухайн газар зүйн байрлалыг өргөрөг ба уртрагын солбицолоор нь гаргадаг. Маш их механик ажиллагаа шаардагддаг. Түүнийг тогтоохын тулд л нэг жил зургаан сар болчихож байгаа юм. Тэгээд л одоо хамгийн эхэнд 254 алтны шороон ордыг цуцалъя гээд л ажлаа хийж эхэлж байна…

ШИГТГЭЭ:

Цөмийн энергийн тухай хууль гарахаас өмнө ураны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг 1997, 2006 оны Ашигт малтмалын тухай хуулиар тус тус олгож ирсэн ба тухайлбал Дорнод аймгийн бидний нэрлэж заншсанаар Мардайн ураны бүлэг ордын Дорнод нэртэй ордын тусгай зөвшөөрлийг “Төв азийн уран” гэдэг компани эзэмшиж байсан ба уг компанийн хувьцааны 21 хувийг Орос, 58 хувийг Канадын Хан ресурс, үлдсэн 21 хувийг Монголын Засгийн газар тус тус эзэмшиж байв. Мардайн бүлэг ордод Дорнодоос гадна Гурванбулаг, Мардай, Нэмэр гэсэн өөр гурван орд багтаж байсан билээ.

ЭРГЭЦҮҮЛЭЛ:

Монгол улс цацраг идэвхит ашигт малтмалын бодлогод өөрчлөлт оруулах нь хөрөнгө оруулагч нарт аль 2005 оноос тодорхой болсон ба Засгийн газрын байгууллагууд ураны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан хөрөнгө оруулагч нараас үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах бичиг баримтыг хянаж, холбогдох зөвшөөрлийг өгөлгүй гацаасанаар тэд нар бодлогын өөрчлөлт нэг мөр шийдэгдтэл хүлээлтийн байдалд оров.

1990-ээд оны сүүлчээр ураны үнэ зэс, алттай адил мөн л хамгийн доод хэмжээнд хүрсэн байсан тул ураны төслүүд ямар ч хөрөнгө оруулалт байхгүй таг зогсчихсон байлаа. Тухайн үед ТӨХ-ны дарга байсан З.Энхболд “Төв Азийн уран” компанийн Монголын талын хувьцааг худалдахаар олон улсын тендер зарлаж байлаа. Худалдаж авах компани олдоогүй юм уу, эсвэл өөр бусад шалтгаан байсан юм уу, тэгсхийгээд чимээгүй болчихсон дог. Гурванбулагийн ордын тусгай зөвшөөрлийг Канадын “Вестерн Проспектор” гэдэг компани эзэмшиж байсан бөгөөд 2008 оноос уг ордыг ашиглахаар төлөвлөж байсан боловч ураны бодлогын тодорхой бус байдал удаан үргэлжилсэн, түүнээс гадна лав эерэг өөрчлөлт гарахгүй нь гэж таамагласан уу, яасан ямар ч гэсэн компаниа Хятадын төрийн өмчтэй компанид худалдчихсан юм. Нөгөө хоёр ордын тусгай зөвшөөрлийг “Адамас майнинг” эзэмшиж байсан билээ. Түүнээс гадна Дорноговь аймагт Монгол-Францын хамтарсан Кожеговь, Монгол-Орос-Америкийн хамтарсан Гурвансайхан компаниуд ураны хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байв.

Манай салбарынхан Цөмийн энергийн тухай хууль нь ураны хайгуул, олборлолтын явцад цацрагийн хяналт тавих, шар нунтаг хадгалах, тээвэрлэх, худалдаалах харилцааг зохицуулах хууль гарах байх гэсэн төсөөлөл, хүлээлттэй байсан ба дээр дурьдсанчлан салбарын мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн төлөөллөөс ямар ч санал авалгүйгээр маш хурдан баталсан түүхтэй.

Уг хуулийн 5.2-т “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон цацраг идэвхит ашигт малтмалын ордыг бусадтай хамтран ашиглах тохиолдолд түүнтэй хамтран байгуулах компанийн хувьцааны 51-ээс багагүй хувийг төр үнэ төлбөргүй шууд эзэмшинэ” гэсэн заалт бий. Энэ заалтын утга агуулгыг бичсэнээр нь ойлгох юм бол тийм орд ашиглах тусгай зөвшөөрөл улсын мэдэлд (төрийн эзэмшилтэй компанид) байх юм бол төр хэдэн хувь эзэмшихийг хуульчлах нь утгагүй юм, угаасаа 100 хувь эзэмшиж байгаа тул. Тэгэхээр энэ заалт нь Ашигт малтмалын тухай хуулиар хувийн компаниудад тусгай зөвшөөрлийг нь олгосон Мардайн ураны бүлэг ордуудад хамаатай нь ойлгогдоно, учир нь цаашид улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийхгүй тул. Харин хувийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордын ашиглах төслийн 34-аас багагүй хувийг төр шууд эзэмших заалтын улмаас шинээр энэ төрлийн ашигт малталын хайгуулд хувийн тэр тусмаа гадаадын хөрөнгө оруулалт орохгүй нь нэгэнт тодорхой болов.

Үргэлжлэл бий.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img