– Эрдэнэт үйлдвэр ашиглалт орсон эхний жилүүдэд жил болгон алдагдалтай ажиллаж байсан тул 1978 оноос 1988 онуудад нийт нийт 967.3 сая төгрөгийг улсын төсвөөс татаас болгон төлж байв. Харин Оюу толгой алдагдалтай ажиллаж байгаа ч Монгол улсын хуулиар төлбөл зохих бүх татвараа төлөөд явж байна –
Түрүүчийг ЭНД дарж уншина уу.
2016-2020 он: Сонгуулиар олонхи болсон МАН хоёр бүлэгт хуваагдаж УИХ-ын дарга ба анх байгуулсан Засгийн газраа огцруулав. Анх удаа бизнес эрхлэгч хүн Ерөнхийлөгчээр сонгогдов. Монгол улсын бүх асуудлыг ҮАБЗ шийддэг болов:
Гол үйл явдал:
- Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оров.
- “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж,
санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсэг байгуулагдав. - “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим
арга хэмжээний тухай” тогтоол батлав. - Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оров
- Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоол батлагдав.
Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оров
2017 оны 11 дүгээр сард улсын төсөв хэлэлцэж эхэлж байх үед Ашигт малтмалын тухай хуульд зарчмын чанартай нэг өөрчлөлт оров. Энэ нь өргөдөлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой заалтуудыг хүчингүй болгосон явдал байв. 2019 оны 3 дугаар сард Ашигт малтмалын тухай хуулийн АМНАТ ногдуулахтай холбоотой заалтуудад нэмэлт оруулж баяжуулах боловсруулах үйлдвэрүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд АМНАТ ногдуулахаар болов. Энэ нь баяжуулах боловсруулах үйлдвэрүүдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарч ҮХЦ дээр хүртэл маргаан гарч байв.
ЭРГЭЦҮҮЛЭЛ:
Ашигт малтмалын тухай хуульд өнгөрсөн 14 жилийн хугацаанд нийт 300 гаруй нэмэлт өөрчлөлт орсон байна. Эдгээрээс дээр дурдсан хоёр өөрчлөлт бол үзэл баримтлалын хувьд маш том өөрчлөлт юм. Эхнийх нь хайгуулын ажлыг үндсэндээ зогсонги байдалд оруулсан бол хоёрдахь нь нэг ашигт малтмалд АМНАТ-ыг (олборлож борлуулахдаа төлчихсөн) давхардуулан ногдуулсанаар нэмүү өртөг бүтээх хөрөнгө оруулалтыг гацаасан, сааруулсан өөрчлөлт болов.
Үзэл баримтлалын шинжтэй өөр нэг өөрчлөлт бол тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлтэй холбоотой өөрчлөлт юм. Тусгай зөвшөөрөл цуцлах 5 үндэслэл хуульд байсан бол хуульд оруулсан өөрчлөлтөөр нэмэгдсээр байгаад одоо бараг 10 гаруй үндэслэл болж нэмэгджээ. Энэ субъектив үндэслэлээр (албан тушаал, эрх мэдэлтэний дур зоргоор) тусгай зөвшөөрөл цуцлагдах байдал нэмэгдэх болсоноор хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэл нэмэгдэж байгаа гэсэн үг.
Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулагдав
2018 оны 3 дугаар сард Оюу Толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, дэд ахлагчаар Д.Тэрбишдагва нарыг томилсон боловч мөн оны 5 дугаар сард ажлын зайлшгүй шаардлагын улмаас Д.Дамба-Очирыг ажлын хэсгийн ахлагчаас чөлөөлж, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг ажлын хэсгийн ахлагчаар томилов. Ажлын хэсэг нь 5 дэд ажлын хэсэгтэй байсан бөгөөд тэдгээрийн нэг нь “Уул уурхай, байгаль орчин, газрын харилцааны дэд ажлын хэсэг” гэдэг нэртэй, ахлагч нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байв.
ДУРСАМЖ:
Намайг энэ дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулсан байв. Тэр үед би МУУҮА-ийн Ерөнхийлэгчийн алба хашиж байсан билээ. Дэд ажлын хэсгийн анхны хурал дээр намайг энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс хасах санал тавьсан юм. Үндэслэл нь Оюутолгой ба Рио тинто хоёр ассоциацийн гишүүн тул намайг ашиг сонирхлын зөрчилтэй гэж харсан хэрэг. Төрийн нарийн бичгийн дарга салбарт олон жил ажилласан туршлагыг харгалзан намайг бүрэлдэхүүнд нь үлдээх саналтай байгаагаа хэлэв. Миний зүгээс “Хэрэв намайг үлдээх гэж байгаа бол би ярьсан зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй. Яагаад гэвэл би ажлын хэсгийн зарим гишүүнтэй үзэл бодол зөрөлдөх магадлалтай. Төрийн нарийн бичгийн дарга, ажлын хэсгийн бусад гишүүд юу гэж бодож байна” гэсэн чинь нэг ч хүн дуугарсангүй. Дуугүй байгаа нь зөвшөөрсөний тэмдэг гэж бодоод, уучлалт хүсээд хуралдааныг орхив.
ШИГТГЭЭ:
2019 оны 5 дугаар сард ажлын хэсэг дүгнэлтээ УИХ-д танилцуулав. Танилцуулгад жагсаасан дүгнэлтийг сонирхуулъя.
- Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулсан, дахин тодотгосон хувь нийлүүлэгчийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө зэрэг баримт бичиг боловсруулахад оролцсон Монголын талын төлөөлөл УИХ-ын 2008 оны 40, 2009 оны 57 дугаар тогтоолоор Засгийн газарт өгсөн чиглэлийг бүрэн баримталж ажиллаагүй, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн зарим заалтыг зөрчсөн, хөрөнгө оруулагч талд давуу байдал олгосон зэрэг нь төслийн үйл ажиллагааны үр дүнгээс Монголын талын хүртэх үр ашиг, өгөөжийг бууруулах нөхцөл байдалд хүргэсэн гэж үзэх үндэстэй байна.
- Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулсан, дахин тодотгосон хувь нийлүүлэгчийн гэрээнд хяналт шинжилгээ, үнэлгээ /мониторинг/ хийх хоёр талын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар гэрээг сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрч байна.
- Дубай хотноо байгуулсан Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө, Менежментийн гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомж болон Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний зүйл, заалтыг зөрчсөн учир түүнийг нягтлан судалж, хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.
Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоол батлагдав
Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын Байнгын хороодоор хэлэлцсэний дараа ҮАБЗ-өөр хэлэлцсэн гэж ойлгосон. Ингээд ажлын хэсэг дүгнэлт гаргасанаас хойш зургаан сарын дараа буюу 2019 оны 11 дүгээр сард Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолыг УИХ батлав. Уг тогтоолд “2009 оны 10 дугаар сард байгуулсан ….Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны 06 дугаар сард ….байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ (нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон)-ний хэрэгжилтийг Монгол Улсын хууль тогтоомжтой уялдуулан сайжруулах чиглэлээр цогц арга хэмжээ авах, шаардлагатай тохиолдолд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авах; …2015 оны 05 дугаар сард байгуулсан “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах; Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг … 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшлийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсвэл ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах хувилбаруудыг судлан шийдвэрлэх” зэрэг асуудлыг тусгажээ.
ЭРГЭЦҮҮЛЭЛ:
Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийж буй Засгийн газрын ажлын хэсэг энэ тогтоолыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Гэтэл энэ тогтоол батлахад оролцож байсан хэсэг гишүүд нь ажлын хэсэгт орчихсон явж байх юм. Уг нь баталсан тогтоолынхоо биелэлтэнд хяналт тавих ажлаа хийхээс бус өөрсдөө гэрээ хэлэлцээр хийнэ гэж тогтоол гаргаагүй л байх. Оюутолгойн гэрээний хэрэгжилттэй холбоотой маргаан болон ашиг тусын талаар би дараах зүйлийг бодож явдаг юм.
Татварын маргаан гэрээтэй шууд холбоогүй, аж ахуйн нэгжүүдэд байж л байдаг асуудал тул Монголын болон арбитрын шүүхээр шийдэгдээд л явах асуудал. Харин маргааны суурь шалтгаан юу байна гэдгийг хөндлөнгийн шинжээчээр судлуулбал зохих биз. Ялангуяа санхүүгийн тайлагнал ба нягтлан бодох бүртгэлийн үндэсний ба олон улсын стандартын зөрүүгийн шинжилгээг нэн түрүүнд хийх шаардлагатай байх шиг. Дээрх хоёр зүйлийг хийсний дараа цаашид үл ойлголцох асуудал эрс багасах биз. Хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийн маргаан бүтээн байгуулалтын эхний үе шат болон далд уурхайн санхүүжилтийн үе шатанд дараалан гарав. Эхний маргаан нь ТЭЗҮ-д тусгасан, хоёр дахь нь санхүүжилтийн төлөвлөгөөнд тусгасан хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэнтэй холбоотойгоор гарсан байдаг. Ийм тохиолдолд ТЭЗҮ ба төлөвлөгөө хоёрын аль нь илүү эрх зүйн үр дагавартай баримт бичиг вэ гэдэг асуудал гарах байх.
Дэлхийн банкны мэдээлэл ба зарим судлаачдын дүгнэлтээс харахад ТЭЗҮ-ийн хэрэгжилт нь практикт нийцэх байдал бараг 50 хувь, судалгаанд хамрагдсан томоохон уул уурхайн төслүүдийн аравны нэгд нь хөрөнгө оруулалтын зардал дунджаар 50 хувиар нэмэгддэг, төслүүдийн 50 гаруй хувьд хугацааны хэтрэлт нь 25 хувь ба түүнээс дээш байдаг гэжээ. ТЭЗҮ-тэй холбоотой асуудлаар 2009 онд Нью Иоркийн шүүхэд “Novagold” хэмээх уул уурхайн компанид холбогдох нэг хэрэг шийдвэрлэсэн кэйс байдаг. Төслийн анхны ТЭЗҮ-д заасан хөрөнгө оруулалтын зардал нь 1.8 тэрбум доллар байснаа (2003 онд), 4 жилийн дараа хоёр дахь IPO гаргах үед хийлгэсэн ТЭЗҮ-д 4.4 тэрбум болж өссөн тул хөрөнгө оруулагчид нь төслийг орхиж байгаагаа зарласан юм. Хувьцаа эзэмшигчид компанийн удирдлагууд төслийн зардлын талаарх үнэн бодит мэдээллийг нуун дарагдуулсан нь хууль зөрчсөн, мөн учирсан хохирлоо нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасаныг шүүх хөрөнгө оруулагчдын талд шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл ТЭЗҮ нь эрх зүйн үр дагавартай баримт бичиг биш болохыг нотолсон гэсэн үг.
Оюутолгойн төсөл тасралтгүй, тогтвортой хэрэгжих нь манай улсын хөгжил, эдийн засгийн чадавхи, түүний дотор уул уурхайн салбарт маш чухал нөлөө үзүүлж байна. Оюутолгойд маш олон мянган залуучууд дэлхийн тэргүүний техник, технологи ба ноу хау эзэмшиж байна. Дэлхийн тэргүүний менежментээс суралцаж нутагшуулж байна. 2015 оноос эхлэн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах нарийн мэргэжлийн ажил үйлчилгээнд монголын ханган нийлүүлэгчдийг татан оролцуулах бодлого баримталж байна. Өмнө нь нарийн мэргэжлийн ажил үйлчилгээг дан гаднын компаниуд гүйцэтгэж байсан бол одоо хамтарсан консорциумууд энэ ажлыг гүйцэтгэдэг болжээ.
Далд уурхайн нэвтрэлт; барилга байгууламж; металл хийцийн үйлдвэрлэл ба угсралт, гагнуур; цахилгаан, салхивч ба дулааны монтаж; өрөмдлөг ба тэсэлгээний ажил үйлчилгээнд “Жи Си Ар Монгол”, “Хасу Мегават”, “Зэт Эм И Инженеринг”, “Мера”, “Ораметалл” зэрэг монголын компаниуд манлайлан энэ бүтээнд байгуулалтад оролцож байна. Оюутолгой компани эдгээр компаниудын үйл ажиллагаанд хоёр жилд нэг удаа захиалагчийн аудит хийж зөвлөн менежментийг сайжруулахад туслан ажилладаг. Ялангуяа эдгээр компаниудын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн асуудалд нэн их анхаардаг.
Дээрх комданиудаас, тухайлбал “Жи Си Ар Монгол” компанийн залуучууд Казахстан улсын “Казмедь” уурхайн далд уурхайн нэвтрэлтийн сонгон шалгаруултад шалгаран салбар компани байгуулан ажиллахаар болсон гэж сонсоход бахархалтай. Ийм замаар маш олон монгол компани дэлхийн хэмжээний компани болох гараагаа эхлүүлсэн нь Оюутолгой төслийн үр шим ач тус юм.
Оюу толгойн гэрээг эсэргүүцэгч гэдгээ байн байн зарлаж, түүгээрээ “бахархдаг” Босоо Ганбаатар гэдэг нэг улс төрч бий болов. 2012 оноос хойшхи УИХ- ын болон Ерөнхийлөгчийн сонгууль бүрийн өмнөхөн ба сонгуулийн сурталчилгааны үеэр Оюунтолгойн гэрээг эсэргүүцэж үе үе мэдэгдэл хийх ба хамгийн сүүлд дүн өвлийн хүйтэнд өлсгөлөн зарлаж хүртэл үзэв.
Зарим хүмүүс Эрдэнэт, Оюутолгой хоёрыг их харьцуулж сайн, муу гэж ярих их дуртай л даа. Би тэгж харьцуулах нь утгагүй гэж үздэг. Нэг нь XX зууны, нөгөөх нь XXI зууны манай уул уурхайн салбар дахь аугаа их бүтээн байгуулалт гэж боддог. Энэ хоёр том төсөл хоёр өөр цаг хугацаанд хоёулаа богинохон хугацаанд, гурван жилийн дотор ашиглалтанд орсон байдаг. Харин энэ хоёр төсөл ямар ялгаатайг одоо хэлье.
Эрдэнэт төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед хэрэгжиж эхэлсэн төсөл бол Оюу толгой зах зээлийн эдийн засгийн үед хэрэгжсэн төсөл. Эрдэнэт Хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээрээр 1973 онд хэрэгжиж эхэлсэн бол Оюу толгойн хувьд Засгийн газар хувийн компани хоорондын гэрээ ба 2009 онд Хөрөнгө оруулалтын ба Хувь нийлэгчдийн гэрээ гэж хоёр гэрээ байгуулснаар хэрэгжсэн төсөл. Эрдэнэтийн тухайд 30 жилийн хугацаанд хоёр удаа буюу 1991 он ба 2001 онд хэлэлцээр шинэчлэгдсэн. Оюу толгойн хувьд 2011 онд Хувь нийлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулсан түүх бий. Эрдэнэтийн хувьд хэлэлцээрээр Монгол улсад төлөх бүх татвараас чөлөөлөгдсөн юм. Харин Оюу толгой төслийн тухайд гэрээгээр голлох бүх татварын хувь хэмжээг тухайн үеийн татварын хуулиар тогтоосон хувь хэмжээгээр төлөөд явж буй. Эрдэнэтийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин нь Засгийн газар хоорондын хэлэлцээр ба Зөвлөлийн дүрмээр явсан бол Оюутолгойн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин нь Монгол улсын бүх хууль ба хөрөнгө оруулалтын гэрээ юм. Эрдэнэт 1973 оноос 2003 он хүртэл улсад албан татвар төлөөгүй, дээр дурдсан хэлэлцээрээр чөлөөгдсөн байсан билээ. Оюутолгойн хувьд байгуулагдаж бүртгүүлсэн өдрөөсөө гааль, НӨАТ-н татвар, борлуулалт хийж эхэлсэн цагаас эхлэн Ашигт малтмалын нөөц ашигласаны татвар төлж яваа.
Эрдэнэт үйлдвэр ашиглалт орсон эхний жилүүдэд жил болгон алдагдалтай ажиллаж байсан тул 1978 оноос 1988 онуудад нийт нийт 967.3 сая төгрөгийг улсын төсвөөс татаас болгон төлж байв. Харин Оюу толгой алдагдалтай ажиллаж байгаа боловч Монгол улсын хуулиар төлбөл зохих бүх татвараа төлөөд явж байна. Гэсэн хэдий ч гурван удаа татварын асуудлаар маргаан гарсан. Эрдэнэт нийгмийн бүх дэд бүтцийг байгуулсан бол Оюу толгой үйлдвэрлэлийн дэд бүтцийг байгуулсан юм. Эрдэнэтийн тухайд анх батлагдсан нөөц нь 9 сая тонн зэс, дагалдах ашигтай ашигт малтмал. Оюу толгойн хувьд анх батлагдсан нөөц 18 сая тонн зэс, 32 сая ба түүнээс ч их болж өсөх молибден, мөнгө магадлалтай, дагалдах ашигтай ашигт малтмал нь алт. Эрдэнэт жилд 120000 тонн зэс агуулсан зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадал бүхий уурхай ба баяжуулах үйлдвэр. Харин Оюутолгойн хувьд төслийн хүчин чадлыг бүрэн эзэмшсэн үед жилд дунджаар 350000 тонн зэс агуулсан зэсийн баяжмал үйлдвэрлэх хүч чадал бүхий уурхай ба баяжуулах үйлдвэр юм. Эрдэнэт одоо 6000 гаруй ажилтантай бол Оюу толгой бол төслийн хүчин чадлыг бүрэн эзэмшсэн үед тогтмол 3000 гаруй хүн ажиллах уурхай.
Эрдэнэт үйлдвэр төрийн өмчтэй үйлдвэрийн хувьд нэг бэрхшээл байдаг. Жишээ нь алдарт “68” хувийн татварыг дангаараа төлсөн бараг ганц аж ахуйн нэгж л дээ. Оросын талд төлөх ногдол ашгийн 70-80 хувь нь Монголд үлдэв, Орос хариуд нь чимээгүйхэн шатахуундаа экспортын татвар нэмээд манай иргэдийн халааснаас алдсаныгаа нөхөөд авчихсан. 2011 онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт орж Ашигт малтмалын нөөц ашигласаны өсөн нэмэгдэх төлбөр (АМНАТ)-ийн хувь хэмжээг үнийн өсөлтөөс хамааран үндсэн хувь хэмжээг (5 хувь) шатлан нэмэгдүүлэхээр зохицуулсан. Энэ нь зэсийн баяжмалын хувьд дээд хязгаар нь нийтдээ 30 хувь хүрэхээр байгаа. Өнөөдрийн үнийн түвшинд энэ зохицуулалтын дагуу Эрдэнэт бараг 16 хувийн төлбөрийг орлуулалтын орлогоос төлж байна. Оюутолгойн гэрээ 2009 онд байгуулагдсан тул энэ зохицуулалт хамаардаггүй, АМНАТ нь тухайн үед мөрдөгдөж байсан 5%-ийн хувь хэмжээгээр тогтворжсон байдаг. Манай хууль тогтоогчид ийм тэгш биш бизнесийн эрх зүйн орчинг бий болгоод байна л даа.