-Юун түрүүнд урьд хожид байгаагүй 21х21 хэмээх шинэлэг бөгөөд амаргүй сорилтыг өөртөө тавьж богино хугацаанд даван туулж чадсанд баяр хүргэе. Таныг Тэнгэр уулчдын клубын анхны тэргүүн, уулын спортын мастер гэдгийг цөөнгүй хүн мэднэ. Харин одоо та гүйлтээр эрчимтэй хичээллээд, шинэ хообийгоо болгоод, бүр мэргэшээд явчихлаа. Үүнтэй холбогдуулаад асуухад, хүмүүс ууланд хурд биш тэсвэр чухал гэж, мөн хүчний бэлтгэл тодорхой хэмжээгээр хийх хэрэгтэй ч булчин шөрмөсөө товойтол хөгжүүлчихвэл өндөр ууланд хүчилтөрөгчийн дутагдалд орох эрсдэлтэй гээд янз бүрээр ярьдаг. Тэгэхээр, таны хувьд гүйлт, авиралт хоёрт хоорондоо зөрчилдөх тал анзаарагдах юм уу?
-Их баярлалаа. Юуны өмнө цаг гарган яриа өрнүүлж байгаад талархал илэрхийлж, уншигчдад нь энэ өдрийн мэнд дэвшүүлье. Үнэнийг хэлэхэд таны эхний асуултанд өгөх шинжлэх ухаанч хариулт алга. Миний баттай мэдэж байгаа зүйл гэвэл, хөнгөн атлетик бол бүх төрлийн спортын суурь нь гэж явдаг юм билээ. Гүйлтээр хичээллэх нь өөр аль ч төрлийн спортод амжилт үзүүлэхэд эергээр нөлөөлдөг гэдгийг хэд хэдэн эх сурвалжаас олж мэдсэн.
Жишээ нь, 10 дугаар сарын эхээр Мандалговь хотод гүйж байхдаа Behind the Sport гээд подкастад МУГТ, ОУХМ Б.Сэр-Од, дасгалжуулагч О.Оюунтуяа нар орсон 7 дахь дугаарыг сонссон. МУГТ, Олимпийн хүрэл медальт боксчин У.Мөнх-Эрдэнэ Б.Сэр-Од гавьяатаас зөвлөгөө авч, дагаж гүйлтээр хичээллэсэн нь амжилтанд нь маш их нөлөөлсөн гэж ярьж байсан.
Тамирчин хүн богино хугацаанд амжилт гаргаж болно, харин урт хугацаандаа формоо барьж, амжилтаа хадгалахад нь гүйлт маш чухал нөлөөтэй байдаг юм байна лээ.
Өөрийнхөө жишээг дурдахад өмнө нь Зайсангийн амны Зүүн оргил руу явахдаа өглөө босоод бууз жигнээд, халуун савтай цай бэлдээд л, машин унаж бензин шатаан байж Богд хан амралтын газарт очиж машинаа тавьчихаад, үүргэвч дүүрэн юм үүрч Зүүн оргил дээр гараад жигнүүр бууз идэж, нэг халуун сав цай уучихаад сүр бадруулаад л бууж ирдэг байсан. Тэгвэл одоо өглөө 5:00 гэж босоод аяга ус ууж, сунгалт дасгалуудаа хийж, биеэ бэлдсэний дараа гэрээсээ гарч гүйгээд Зүүн оргил дээр гарчихаад буцаад гүйгээд ирдэг.
Спортын төв ордны орчмоос тийш гүйгээд ирэхэд 18 км зам туулж, 700 метр өндөр авалт хийдэг ба нийт хоёр цаг гаруй хугацаа зарцуулдаг. Нэг аяга уснаас өөр юм идэж, уудаггүй. Жигнүүр бууз, халуун сав цай, машин тэрэг гээд юу ч хэрэггүй. Зүгээр л гүйлтийн пүүз, хувцас, аюулгүй байдлын зүйлсээ хийдэг гүйлтийн жижиг үүргэвч, тэгээд л болоо.
Өмнө нь би дөрвөн ууландаа алхдаг байсан бол одоо гүйдэг болсон гэхээр ямар ч байсан гүйлт надад сайн нөлөө үзүүлж байна гэдгийг биеэр мэдэрч байна. Харин яг өндөр уулын тухайд, эрчимтэй гүйж эхэлсэн сүүлийн найман сарын хугацаанд мөнх цаст оргилд авираагүй болохоор ямар байхыг хэлж мэдэхгүй байна.
-Гайхамшигтай байгальд, өндөр өөд тэмүүлж явдаг хүний сонирхлыг уулнаас илүүтэйгээр татах зүйл хөнгөн атлетикт байжээ дээ. Ингэж эрчимтэй гүйж эхлэхэд яг юу хамгийн ихээр нөлөөлсөн юм бэ?
-Өөрт тань хэлбэл итгэхгүй дээ /инээв/.
-Юу юм бэ?
-Ингэж гүйхэд нөлөөлсөн хамгийн том зүйл гэвэл, би зурагт, буйдан хоёроо гаргаад хаячихсан явдал юм аа /инээв/.
-Худлаа байлгүй дээ. Тоглоод байгаа юм уу?
-Үнэн үнэн. Одоо манай гэрт зурагт, буйдан, тэдгээрийн дагавар эд зүйлс байхгүй.
-За за. Мөд гар утсаа гаргаж хаях нь л дээ. Гэхдээ яагаад ийм зүйл гүйлтэд нөлөөлнө гэж?
-Гар утас ч байгаа л даа. Гар утас ажил, амьдралын гол хэрэгцээ шүү дээ. Зурагт, буйдангаа гаргаж хаяснаас үүдэлтэйгээр би эрт унтдаг болсон. Буйдан дээр тухлан сууж, зурагтын өмнө уягдахгүй болохоорном уншиж байгаад нойрмоглоод эрт унтаад өгдөг. Эрт унтдаг болсноор эрт босдог болсон. Эрт босдог болсноор эрчимтэй гүйж эхэлсэн дээ.
-Тэгвэл хэн өөрт тань энэ “солиотой санаа”-г зөвлөсөн юм бэ?
-Баяраа, хэрэв санаж байгаа бол энэ хавар би Э.Энхтөгс гэдэг минималист залууг ажил дээрээ урьж, хамт олонтойгоо яриа өрнүүллээ гээд постолж байсан даа. Ковид гараад, эдийн засгийн байдал эвгүйтэж, бизнесүүдийн орлого буурч, ажлын байр эмзэг болж, хүмүүс бужигнаж эхлэх үед бид гаднаас чиглэл чиглэлийн хүмүүсийг урьж яриа, зөвлөгөө авч байсны нэг нь Э.Энхтөгс байсан юм.
Түүний яриаг сонсоод, дараа нь түүний зөвлөсөн Goodbye Things гэдэг номыг уншаад, бас бус судалгаа хийгээд “ер нь хүн илүү хөнгөн амьдрахын тулд хэрэггүй эд хогшлоосоо салах нь зөв юм байна” гэж ойлгосон. Тэгээд бидний цаг завыг үрдэг, нэг суусан л бол босголгүй суулгаад байдаг гэх мэт эд зүйлсийг тодорхойлоод шууд гаргаж хаяхаас эхэлсэн дээ…
Гэхдээ энэ нь гэв гэнэт болсон зүйл биш л дээ. Мэдээж би өөрт тохирох эрүүл амьдралын хэв маягийг эрэлхийлээд л, янз бүрийн зүйл оролдоод л байдаг юм. Тэгээд 2008 оноос ууланд алхаж, 2009 оноос өндөр ууланд авирч эхэлсэн. 2014-2015 онд Люксембург улсад сурч байх үед тэндхийн хүмүүсийн амьдралын хэв маягаас хамгийн их таалагддаг нь өдөр бүр тогтмол гүйдэг хэвшил нь.
Алхам тутамдаа л гүйж яваа хүнтэй таардаг. Тэр үеэс л гүйлтийг сонирхож, Люксембургт жил бүр болдог INGMarathon-д орж үзсэн. Монголдоо ирсний дараа 2016 оноос эхлэн Улаанбаатар хотод болдог UB марафоны 21 км-ийн зайд дөрвөн жил дараалан гүйсэн.
Ингэж хагас марафонд дөрвөн жил орсны дараа бүтэн марафон хийж үзэх юмсан гэж бодогдох боллоо. Манай клубын Ж.Зундуй-Ёндон ах бас хагас марафонд цуг гүйдэг, надтай адилхан мөрөөдөлтэй. Ингээд хоёулаа цуг бэлдэхээр ярьж байтал ковид гараад, хөл хорио тогтоогоод, бялдаржуулах төвүүд хаагдаад, уул хаданд явах аяллууд хязгаарлагдаад, гэрийн хориондоо таргалаад суух уу яах вэ гэдэг асуудал үүссэн. Тэр үеэс л “Хэрэв хавар марафон болбол оролцъё, энэ богино хугацаанд яаж бэлдэж орох вэ” гээд судлаад үзтэл хамгийн богино хугацааны хөтөлбөр нь 12 долоо хоногийн хөтөлбөр байсан. 16, 20, 30 долоо хоног, бүр бүтэн жилийн өмнөөс бэлддэг, хүснэгтлээд гаргачихсан бэлэн хөтөлбөрүүд байдаг юм билээ. Тэгээд л Зундуй ахтай хамт тэр хөтөлбөрийн дагуу долоо хоногт 3-4 өдөр бэлдэж эхэлсэн. Гол зорилго нь ерөөсөө л бүтэн марафон хийх. Гэтэл UB марафон товлогдсон тавдугаар сарын 17 болоход хөл хорио тавигдаагүй. Гэхдээ бид нэгэнт бэлдчихсэн, дасгал сургуулилтаар бие организмын бэлтгэл ханачихсан байсан учраас тавдугаар сарын 17-ны өдрөө Яармагийн гүүрнээс Хөшигтийн хөндий дэх нисэх онгоцны буудал хүртэлх шинэ замаар 42.2 км гүйж анхны марафоноо хийцгээсэн.
Энэ хоёр сар хагасын бэлтгэл, анхны марафоны замаа туулж дуусгах хугацаанд гүйлт гэдэг зүйлийн амтанд аль хэдийнэ орчихож байгаа юм. Ер нь гүйлт хувь хүний өөрийгөө дайчлах, өөрийгөө ялан дийлэх, тэсвэр тэвчээрийн хязгаараа тэлэх зэрэг зан чанарыг нэлээд хөгжүүлж өгдөг шиг санагдсан шүү.
-Одоо ч гүйлт амьдралын тань нэг хэсэг болчихлоо л доо…
-Тэгсээн. Би анхны марафон хийснийхээ дараа хэт холын зайн гүйлтийн Дэлхийн хошой аварга Б.Буджаргалын 10 хоногийн онлайн сургалтанд хамрагдсан юм. Мөн iRUN клубын үүсгэн байгуулагч Гамбаа ах гээд мундаг гүйгч байдаг даа. Тэр хүний зөвлөгөөнүүдийг уншиж, подкастад өгсөн ярилцлага зэргийг сонссон нь эхлэн гүйгчийн гаргадаг олон алдааг давтахаас сэргийлэх боломж олгосон.
-“21 аймагт 21 км гүйх хувийн сорилт”-оо эхлүүлэх санаа анх хэрхэн төрсөн юм бэ?
-Өнгөрсөн долдугаар сарын сүүлээр зуны амралтаа аваад, гэр бүлээрээ баруун найман аймгаар аялж амрах, рашаан сувилалд орох хөтөлбөр гаргасан юм. Үүнийгээ гүйлттэйгээ холбоно гэсэн ямар ч санаа оноо, төлөвлөгөө, зорилго, мөрөөдөл байгаагүй. Би Архангайн хүргэн л дээ. Тэгээд хамгийн эхлээд Архангай аймгийн төвд очиж хадмындаа амарч хоночихоод өглөө нь 5:00 гээд сэрчихсэн.
Эрт босох нь миний бүр дадал болчихсон юм. 5:00 цагт боссон хүн чинь юу хийх вэ дээ. “Нэгэнт гүйж байгаагүй шинэ газар ирснийх гүйж үзье” гэж бодоод пүүзээ өмсөөд гарлаа, 21 км гүйнэ ч гэж бодоогүй. Тэр өглөө нэг л гоё өглөө байсан, долдугаар сарын 26-ны өглөө. Гүйсээр байгаад хагас марафон болгочихлоо. Тэгээд Инстаграмд гүйлтийнхээ зургийг оруулаад “21 км” гэж биччихээд постоо хараад сууж байтал гэнэт энэ санаа орж ирсэн юм. “Хүүе ээ, 21 км гэдэг чинь… Манай Монгол улс 21 аймагтай, тэгвэл би 21 аймгийн төв болгон дээр 21 км гүйвэл ямар гоё вэ?!” гээд.
Аялал амралтын төлөвлөгөөнд маань хамгийн алсын, хамгийн их зардал гаргаж очдог аймгууд багтсан байсан болохоор тэдгээр аймагт гүйж чадах юм бол бусад нь хотод харьцангуй ойрхон учраас гайгүй санагдсан. Ингээд ямар ч гэсэн очсон газруудаараа үргэлжлүүлээд 21 км гүйх гээд үзье гэж шийдсэн юм.
-Энэ сорилт санамсаргүй эхэлжээ, ингэвэл гоё юм биш үү гэдэг романтик санаан дээр үндэслээд л. Тэгвэл, явцын дунд, өөр бусад аймгуудад гүйж байх хугацаандаа энэ гүйлтээрээ нийгэмдээ юу хэлэхийг хүссэн бэ?
-Хүн чинь гоё юм үзэж харахаараа, мэдрэхээрээ тэрийгээ бусадтай хуваалцах юмсан, нэг ч гэсэн хүнд ойлгуулах юмсан гэж хүсдэг дээ. Би ч мөн адил гүйлт хэмээх гайхамшгийг бусдад ойлгуулах юмсан, яаж олон хүнд хүргэж эергээр нөлөөлөх вэ гэсэн бодол надад байнга байсан. Үүний тулд ямар нэгэн өвөрмөц зүйл л хийх хэрэгтэй байсан.
Зарим гүйгчид GPS art буюу гүйлтийнхээ маршрутаар зураг зурдаг. Би долдугаар сарын 12-ны өглөө Улаанбаатар хотын төвд 21 км гүйнгээ монгол гэрийг морины уяа, овоолсон аргалтай нь зурж, долдугаар сарын 18-ны өглөө мөн л Улаанбаатар хотдоо 22 км гүйж хөлөг онгоц зурж тус тус сошиал дээрээ оруулахад найзуудад маань их сонирхолтой санагдаж байх шиг байсан. Гэх мэтээр гүйлтээ сонирхолтой болгохоос гадна гүйлтийн сайхныг хүмүүст мэдрүүлэх гэж янз янзын юм сэдээд л яваад байсан ч хангалттай олон хүнд хүрэхгүй байх шиг санагдсан. Тэгээд илүү олон хүнд хүргэчих юмсан гэсэн эрэл хайгуулын явцад #21аймагт21км гэдэг санаа орж ирсэн юм.
Хүмүүст чи тэгж болно, ингэж болохгүй гэж олон юм хэлэхээсээ илүү өөрөөрөө үлгэрлэх нь хамаагүй дээр санагддаг. Тэгээд энэхүү амаргүй зорилго тавиад, хэрэгжүүлснийхээ дараа хүмүүст хандаад хэлэхэд “Бусдын гарыг харж, хэн нэгэн ивээхийг хүлээж суулгүйгээр амьдралынхаа төлөө өөрөө тэмц. Тэмцэлдээ ялахад чинь гүйлт туслана. Гүйж эхлэхэд маш сайн пүүз л хэрэгтэй, өөр юу ч хэрэггүй. Пүүзээ өмсөөд зүгээр л гараад гүй. Хашаан дотроо байна уу, байраа тойроод байна уу, хамаагүй. Ер нь хаана ч, хэзээ ч гүйж болно”гэдгийг л би энэ гүйлтээрээ харуулахыг зорьсон.
-Яагаад амар байгаагүй гэж? Гүйлтээр мэргэшиж яваа өөрийн тань хувьд 21 км замаа туулж чадах нь тодорхой шүү дээ…
-Миний хувьд эрчимтэй гүйж эхлэхээсээ өмнө буюу өнгөрсөн таван жилийн хугацаанд ердөө дөрөвхөн удаа л 21 км гүйсэн хүн байхгүй юу. Ийм хүн гуравхан сарын дотор 21 удаа 21 км гүйнэ гэдэг мэдээж амаргүй. Гэхдээ, том мөрөөдөлтэй байх гоё шүү дээ. Ямар ч гэсэн өмнөө тавьсан зорилгодоо хүрч, өөрийгөө сорьсон сорилтыг амжилттай давлаа. Сорилтын хугацаанд дунджаар тав хоногт нэг удаа 21 км гүйсэн байна. Яг 21 аймагт гүйсэн зай нь 444 км боловч бусад өдрүүдэд гүйсэн зайгаа оруулахаар долдугаар сарын 26-наас 11 дүгээр сарын 8 хүртэл нийт 1000 гаруй км гүйжээ.
-Та яагаад ийм сонирхолтой зүйл сэдэж байгаагаа олон нийтэд анхнаасаа мэдэгдээд яваагүй юм бэ. Магадгүй тэгсэн бол аймаг аймгийн хөнгөн атлетикийн тамирчид тантай нэгдэж, энэ үйл ажиллагаа бүр ч илүү өргөн хүрээг хамрах байсан ч юм бил үү?
-Анх энэ санаа төрөхөд баруун талын найман аймагт бүгдэд гүйж чадаа ч уу, үгүй ч үү гэж эргэлзэж байсан. Мөн миний нэг баримталдаг зарчим бол, юм хийгээгүй байж сэвээд л, өөрийгөө рекламдаад байх маш дургүй. Хийчихээд дараа нь ярих нь дээр гэж үздэг. Энэ ч нөлөөлсөн байх.
Харин хэзээ яаж олон нийтэд мэдэгдсэн бэ гэхээр нэг ийм санамсаргүй юм болсон юм. #21аймагт21км сорилтын 17 дахь аймаг нь Өмнөговь байсан. Ер нь би аймгууд руу явахдаа тэнд байдаг таньдаг хүнтэйгээ урьдчилж холбогдоод, автобус галт тэрэгний цагийн хуваарь баталгаажуулж аяллын хөтөлбөрөө гаргах, зочид буудлын үнэ төлбөр хямдруулах ямар боломж байна гэх мэт тусламж дэмжлэг авдаг.
Өмнөговь руу явахдаа Тэнгэр уулчдын клубынхээ гишүүн С.Мөнх-Оргил руу яриад “Оргил оо, хөгшин нь танай аймагт ийм зорилгоор очих гэж байна. Хамаг зардлаа өөрөө гаргаж байгаа, гүйж байгаа хүнд чинь хувцас хунар солих, ус цасанд орох гээд зочид буудал хэрэгтэй байгаа. Ийм хүнд хямдрал үзүүлэх буудал олдох болов уу” гээд. Оргил ч яриад нэг буудал 30 хувь хямдруулж өгсөн. Энэ чинь надад их тус шүү дээ /инээв/.
Үүнээс гадна Оргилын эгч нь тус аймгийн Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тэргүүн юм байж. Тэгээд эгчдээ хэлж л дээ, “Манай Баатараа бүх аймгаар явж гүйлтийг сурталчилж байна, бас минимал амьдралын хэв маяг руу шилжээд явж байгаа юм билээ. Та нэг мэдээ оруулаад өгөөч” гэж.
Эгч нь энэ хүсэлтийн дагуу сэтгүүлчдийн груптээ “Ийм хүн ирсэн байна, ярилцлага авах боломжтой хэн байна?” гэж бичсэнээр МОНЦАМЭ-гийн Өмнөговь дахь сурвалжлагч Д.Мишигсүрэн надтай холбогдож мэдээлэл аваад 10 дугаар сарын 31-нд анх удаа олон нийтэд мэдээлсэн юм. Өнөөдрөөс 10-хан хоногийн өмнө. Тэр мэдээг МҮОТВ-ээр болон MGL radio FM 88.3-аар дамжуулсан байна лээ. Тэр хүртэл олон нийтэд мэдэгдэлгүй, дуусгасан хойноо л хүн амьтанд дуулгая даа гэж бодоод явж байсан. Үүнээс үүдэн, нэгэнт ийм юм хийгээд явж байгаа юм чинь дараагийн аймгуудад хөнгөн атлетикийн тамирчидтай нь холбогдвол зүгээр юм байна гэж бодсон. Хэнтий, Сүхбаатар аймагт холбоо барьж чадаагүй.
Харин Дорнод аймагт ХасБанкны салбарын захирал Э.Жаргалсайхан санаачилга гаргаад тус аймгийн хөнгөн атлетикийн ахмад тамирчин, ОУХМ Ц.Пүрэвжав багштай холбож өгснөөр Чойбалсан хотод хөнгөн атлетикийн ОУХМ С.Батцэнгэл, Б.Сарангуа болон Э.Эрэмгийбаатар гэдэг гүйлтийн залуутай, мөн Хөгжимт драмын театрын дарга Л.Наранхүү, ХасБанкны тооцооны төвийн захирал Б.Мөнх-Од нарын хамт зургуулаа гүйсэн. ОХУМ Э.Ариунтунгалаг жолоо бариад, Ц.Пүрэвжав багш хажууд бичлэг хийгээд тайлбарлаад явсан. Хамгийн сүүлд Дорноговь аймагт хөнгөн атлетикийн ОУХМ, спорт алхааны 5, 10, 20 км-ийн рекорд эзэмшдэг В.Отгонтуул гэдэг тамирчинтай цуг гүйж, тус аймгийн уртын харайлтын спортын мастер Ш.Тулга, жолооч Д.Батчулуун, замд вагонд танилцсан Х.Ууганбаяр гэдэг залуу эхнэр хоёр хүүхдийнхээ хамт дагаж, урам өгч, зураг авалт хийж явсан.
Сүүлийн хоёр аймагт хөнгөн атлетикийн мастеруудтай танилцаж, хамт гүйх боломж олдсоноор гүйхдээ гаргадаг өөрийнхөө алдаа, оноог олж мэдсэн. Хамгийн гол нь гүйж эхлээд, явц дундаа багш, дасгалжуулагчдын заавраар алдаагаа засаад явах нь чухал юм билээ. Тиймээс би аймаг болгоны хөнгөн атлетикийн тамирчидтай холбогдоод гүйдэг байж дээ гэж харамссан.
Тэдгээр хүмүүс энэ мэдээллийг харахаараа “яагаад хэлээгүй юм бол?” гэж гомдох байх даа, гэхдээ би тэр үед өөртөө итгэлгүй, энэхүү сорилтоо дуусгаж чадах эсэхээ мэдэхгүй шинэков гүйгч тул тэр мундаг хүмүүс рүү зориглож холбоо барьж зүрхлээгүй юм шүү л гэж хэлмээр байна. Хэрэв зориг гаргаад холбоо барьсан бол мастерууд маань маш уриалгахан хүлээж авах байж гэж ойлгосон. Тэд байнга хийдэг бэлтгэлээ нэг удаа ч гэсэн шинэлэг хэлбэрээр, шинэ хүнтэй цуг хийх нь бас сонирхолтой байсан болов уу.
-Би ч бас тэгж бодож байна. Угаасаа 21х21 сорилт Монголдоо шинэлэг зүйл боллоо. Ер нь гадаадын улс орнуудад иймэрхүү төрлийн сорилтууд байдаг юм болов уу?
-Сайн мэдэхгүй байна. Америкт хэт холын марафоны гүйгчид нэг эргээс нөгөө эрэг, эсвэл хот хооронд гүйдэг гэх зэрэг сорилтууд байдаг гэж сонссон. Энэ зун л гэхэд Монгол улсын хөнгөн атлетикийн тамирчин, ОУХМ Б.Болдбаатар гуай Говь-Алтай аймгийн Алтай хотоос Улаанбаатар хот хүртэл 1000 гаруй км гүйсэн. Тэр болгонд хүн өөрийгөө ялан дийлэх замаар гүйлтийн спортыг түмэнд түгээж байгаа юм.
-Эрчимтэй гүйж эхэлснээс хойш өөрийн тань бие болоод сэтгэл зүйд маш их өөрчлөлт орсон байж таарна. Зарим нь ч нүдэн дээр харагдаж байна. Тэгвэл энэ өөрчлөлт гэр бүлийн тань хүний сэтгэл зүйн байдалд ямар нэг хэмжээгээр нөлөөлж байгаа нь мэдрэгдсэн үү?
-Гүйж эхэлснээр бие организмд маш том эерэг өөрчлөлтүүд бий болсон. Гэхдээ биед гарч буй тэр өөрчлөлт бол Гамбаа ахын хэлдгээр зүгээр л бонус. Хамгийн чухал нь оюун санаа, сэтгэл зүй, ажил амьдралын хэв маяг, аливаад хандах хандлага, ертөнцийг үзэх үзэлд маш том өөрчлөлт ордог юм байна лээ. Бизнес хийдэг хүн бизнесээ, ажил хийдэг хүн ажлаа арай өөр өнцгөөс хараад эхэлдэг. Бас нийгмийн дотор, гэр бүл, найз нөхөд, эргэн тойрны хүмүүстэйгээ харилцах харилцаанд дандаа эерэг нөлөө авч ирж байгаа юм. Ямар нэг зорилго тавьсан бол түүнийхээ ард заавал гарах ёстой, тэсэх ёстой, дуусгах ёстой гэсэн хандлага улам бэхждэг.
Олон нийтэд зарлаад байхгүй л байгаа болохоос эргэн тойронд маань миний нөлөөгөөр амжилттай гүйж байгаа маш олон хүн байна. Тэдний нэг нь миний хань Г.Ганцэцэг. Эхнэр маань хоёр ч удаа бүтэн марафон хийчихлээ. Би энэ оны гуравдугаар сараас гүйж эхэлсэн.
Тэгэхэд Ганаа зүгээр л намайг ажиглаад л байсан. Надад гарч байгаа өөрчлөлтүүд хамгийн түрүүнд гэр бүлийн хүнд маань мэдрэгдэнэ шүү дээ. Ингээд эхнэр маань тавдугаар сараас гүйж эхлээд, одоогоор 600-гаад км гүйчихсэн байна. Сая би хамгийн сүүлд 11 дүгээр сарын 8-нд Дорноговь аймагт гүйдэг өдөр Ганаа Засгийн газрын ордон, Сүхбаатарын талбайг 29 удаа тойрч 42.2 км гүйгээд, өөрийнхөө хувьд хоёр дахь бүтэн марафоноо хийсэн. Үүнээс 14 хоногийн өмнө бас бүтэн марафон хийсэн юм.
Тэгэхээр гэр бүлийн хүн маань ялгаагүй л гүйгч болчихсон гэсэн үг. Үүнээс гадна манай клубын Д.Энхтогтох эгч байна. Бас энэ хавраас эхэлж гүйгээд одоо бараг 1000 км гүйж байгаа. Өөр олон хүн байна аа.
Зарим найз нөхөд надад “Баатар аа, чи гэр бүлдээ цаг гаргахгүй, гүйж харайгаад л, хөдөө гадаа яваад байх юм” гэдэг. Энэ нэг талаар үнэн байж болох ч сошиал суваг дээр оруулж байгаа мэдээлэлд хүний ажил, амьдрал тэр чигээрээ харагдахгүй шүү дээ. Би хувьдаа харуулахыг ч хүсдэггүй.
Харин тантай ярьсных цухас дурдвал, 21 аймагт гүйхдээ 13-т нь би гэр бүлээрээ аялж, хүүхдүүддээ Монгол Улсынхаа газар нутаг, уул ус, байгаль цаг уур, хүн ардын түүх соёл, музей зэргийг үзүүлж хамтдаа явсан. Би сүүлийн хэдэн аймаг руу дандаа ганцаараа экспресс маягаар явсан. Цаг агаар хүйтэрчих гээд, бас ковид гараад хөл хорио тогтоох магадлалтай тул маш богино хугацаанд амжуулахаар зүтгэсэн. Ерөөсөө л тухайн аймагт очиж гүйчихээд л буцаад автобусанд юм уу галт тэргэнд суугаад л буцаж байсан.
Хэдийгээр би зарим амралтын өдрүүдийг ганцаараа замд өнгөрүүлж, гэр бүлтэйгээ цуг байгаагүй ч, аав нь өмнөө зорилго тавьж түүнийхээ төлөө ямар их тэсвэр тэвчээр, хичээл зүтгэл, золиос гаргаж байна вэ гэдгийг хүүхдүүд маань харж байсан. Тийм болохоор хажууд нь хамт байгаад дэлгэц ширтэж суухаас илүүтэй үлгэр дуурайлал үзүүлж аав хүнийхээ үүргийг бага ч боловч биелүүлсэн гэж найдаж байгаа.
-Ер нь гүйж эхлэхэд нас хэр чухал вэ. Энэ спортоор арай эрт хичээллэсэн бол… гэж харамсах сэтгэл төрж байв уу?
-Би 2015 оноос бага багаар гүйж байсан, бас ууландаа явж байсан. Үүнээс гадна, аливаа юмны цаг, тохироо бүрдэнэ гэж байдаг. Судлаад үзэхэд ихэнх хүмүүс дунд эргэм наснаасаа гүйж эхэлдэг. Хэт холын зайн олон цаг шаардсан гүйлтүүдэд 40-өөс дээш насныхан голчлон оролцсон байдаг юм билээ. Учир нь, холын зайн гүйлт хүнээс маш их тэсвэр тэвчээр шаарддаг, мөн тасралтгүй удаан гүйх нь бие махбод, сэтгэл зүйн тэсвэрийг маш их бэхжүүлдэг юм байна гэж би ойлгосон. Харин залуу хүнд бие махбод, сэтгэлийн тэсвэр тэвчээр бага байдаг юм шиг ээ. Тэд богино зайн тэсрэлттэй гүйлтэд илүү амжилттай оролцдог. Дундаас дээш насныхан огцом тэсрэлт гэхээсээ илүү урт хугацаандаа тэсч үлдэх сэтгэл зүй болон биеийн тэвчээр чухал болохыг илүү ойлгосон байдаг.
Өөр дээрээ жишээ аваад бодоход сургууль төгсөөд 20 гаруй насандаа юун гүйж харайх мантай, ажил амьдрал карьераа босгож бүтээх гээд маш завгүй он жилүүд өнгөрсөн. Харин 40 дөхөөд ирэхээр энэ бүхэн тодорхой нэг түвшинд хүрч, амьдрал тогтоод ирж байгаа юм.
Тэгэнгүүт хүн чинь амьдралаа эргэж нэг хараад, юу нь болж байна, юу нь болохгүй байна гэж нэг дүгнэдэг юм шиг байна. Амьдралын нэг мөчлөг л юм даа. Энэ үедээ ихэнх хүмүүсийн хийдэг алхмууд нь гүйлтээр хичээллэх, ууланд алхах, авирах зэргээр бие махбод, сэтгэл зүйгээ сорьсон спортоор хичээллэдэг юм болов уу. Миний хувьд залуу насандаа өөрийгөө өөр спортоор сориод үзчихсэн болохоор гүйлтээр эрт хичээллэдэг байж гэж харамсдаггүй.
-Би нэг удаа Богд ууланд алхаж байхдаа хөнгөн атлетикийн нэг залуутай замдаа танилцаад жаахан ярьж явсан юм. Тэгэхэд тэр “холын зайн марафонд гүйж явахад сүүлдээ хөл газар хүрэхгүй байгаа юм шиг, хөвөөд ч байгаа юм шиг, нисээд ч байгаа юм шиг гоё мэдрэмж төрдөг” гэж хэлсэн нь санаанаас гардаггүй юм. Өөрөө гүйж явахдаа тийм гайхамшигтай мэдрэмж, таашаалыг авч байсан уу?
-Б.Буджаргалын сургалтад сууж байхад мань хүн үнэхээр санаанд багтамгүй зүйл ярьдаг юм билээ. 10 өдрийн гүйлтийн тэмцээнд гүйж эхлэхэд эхний хэдэн өдөр “Яах гэж өөрийгөө ингэж зовооно вэ” гээд бүр маш их зовж, үйл тамаа эдэлдэг гэсэн.
Харин 4, 5 дахь өдрөөс нь эхлээд бие нь маш сайхан хөнгөрөөд, баярлах, хайрлах, энэрэх сэтгэл асар хүчтэй төрж, бясалгалын маш өндөр зэрэгт ордог гэсэн. Миний хувьд бол одоохондоо тийм өндөр зэрэглэлийн мэдрэмж аваагүй байна. Надад төрж байгаа мэдрэмж гэвэл, эхний хэдэн км гүйж байгаад темпэндээ ороод ирэхээр зүрхний хэмнэл ердийнхөөс өндөр ч зүгээр л ширээнийхээ ард сууж байгаа юм шиг нэгэн хэвийн болчихдог, тэгээд гүйж байгаа зай хол болоод ирэхээр баярлах, талархах, хайрлах сэтгэл бас төрдөг юм байна лээ.
Хүмүүс гүйнэ гэхээр 100 м-ийн зайд уралдаж байгаа юм шиг бахардаад, харваад унах юм шиг төсөөлөөд байдаг шиг. Ерөөсөө тийм юм болдоггүй. Бахарддаггүй. Зүрх тэгж савлаад унадаггүй. Мэдээж гүйдэггүй байсан хүн анх гүйгээд эхлэхээр бие дасан зохицох хүртэлээ хэцүү байх нь ойлгомжтой. Яваандаа амьдралын хэвшил болоод, бие организм дасаад ирэхээр амархан болоод ирдэг.
-Миний санаж байгаагаар, өөрөө унадаг дугуйтай явж байгаад хөлөө бэртээгээд, нэлээд удаж байж эдгэсэн байх. Ууланд явдаг олон хүний хувьд бэртэл авсанаасаа болоод алхаж авирах нь хязгаарлагдаад, өөрсдөө явах хүсэл байвч жаахан ачаалал авахаар нөгөө бэртэл нь сэдэрчих гээд, үрэвсчих гээд хэцүү байдаг. Таны хувьд тийм бэртэл авчихаад, тэрийгээ хэрхэн даван туулаад өнөөдрийн энэ амжилтанд хүрсэн юм бэ?
-Би 2017 оны хоёрдугаар сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт орших Хорьдол сарьдагийн нурууны оргил Дэлгэрхаан ууланд авирч яваад доошоо хөл алдаж унаад нэг бэртэж байсан юм. Яг тэр хавар нь бас дугуйтай явж байгаад унаж бэртсэн. Гэхдээ тэдгээр нь ясны бэртэл биш, зөөлөн эдийн бэртлүүд байсан болохоор тухайн үедээ тодорхой цаг хугацаа зарцуулаад, эдгээд гайгүй болсон.
Харин гүйж эхэлснээсээ хойш булчин шөрмөсүүд өвдөх, яс өвдөх гэхчлэн ноцтой том биш ч гэсэн жижиг бэртлүүдийг маш их авч байсан. Ер нь гүйлтийн клубүүдэд элсэж ороод, мэргэжлийн багш дасгалжуулагч, туршлагатай гүйгчдээс зөвлөгөө аваад, сууриа зөв тавьчихвал их зүгээр юм билээ. Тэгэхгүйгээр манайхан чинь хар практикаар л явдаг шүү дээ, тэдний нэг нь би байхгүй юу /инээв/. Үнэндээ надад “Гүйхэд бэртээд байх юм юу байх вэ дээ” гэж анх бодогдож байсан.
Тэгтэл, энгийн үед булчин шөрмөсүүд ямар ч ажиллагаагүй, бүр нялхарчихсан байдаг юм байна. Тэгээд эрчимтэй ажиллуулаад эхлэнгүүт энд тэнд өвдөж эхэлдэг юм билээ. Нэг нь гайгүй болонгуут өөр нэг газар өвдөж эхэлдэг юм байна лээ. Би эм тариа хэрэглэе гэхээсээ илүү хөдөлгөөнөө жаахан багасгаж байгаад гүйх ч юм уу, өвдөж байсан ч гэсэн бага багаар гүйгээд л байсан. Огт зогсоогүй. Тэгэхээр булчин шөрмөсүүд эргээд гайгүй болоод байсан.
Гүйж эхэлж байгаа над шиг хүмүүс бусадтай өөрийгөө харьцуулж, хурдан гүйх гэж огцом ачаалал авч булчин шөрмөсүүдээ гэнэт цочроосноос болж, мөн гүйлтийн өмнө ба дараа зөв дасгал, сунгалтууд хангалттай хийдэггүйгээс болж бэртдэг зэрэг нийтлэг алдаа гаргадаг юм шиг ажиглагдсан. Үүнээс гадна, хүний бие физиологийн онцлог бас их нөлөөлдөг юм байна. Жишээ нь, жаахан майга хөлтэй ч юм уу, гадагшаа эсвэл дотогшоо гишгэдэг гээд хөлийнх нь гишгэлтийн байдал, хөлийн нумны өндөр, нам байдал гэх мэт бие физиологийнхоо онцлогийг мэдэж аваад, хөнгөн атлетикийн мэргэжлийн багш, дасгалжуулагчаас зөвлөгөө аваад, тэрэндээ таарсан суурь дасгал хөдөлгөөн,сунгалт зэргийг хийх ёстой гэдгийг би сүүлд л мэдсэн. Мэдээж тухайн хүний хэвшчихсэн ясны бүтэц, гишгэлтийн хэв маягийг засна гэж байхгүй л байх л даа. Гол нь тэрэндээ тохируулан гүйлтийн пүүз сонгож өмсөх шийдэл бас байдаг юм байна лээ. Пүүз гэснээс өмнө хэлсэнчлэн гүйлтэд пүүз үнэхээр чухал. Ер нь бол пүүзээ солих уу, өвдгөө солих уу гэсэн хоёр сонголт байдаг. Мэдээж пүүзээ сольсон нь дээр шүү дээ.
-Гүйж эхэлснээсээ хойш гадаадын марафонуудад виртуалаар оролцсон тухайгаа мэдээлсэн байсан. Ямар ямар нэр хүндтэй марафонд оролцоод ямар амжилтыг гаргаж амжив, энэ хугацаанд?
-Энэ жил ковидтой холбоотойгоор дэлхий дахинд биет марафонууд болоогүй. Лондон, Нью-Йорк, Бостон гээд дэлхийн алдартай хотуудын нэрэмжит том том марафонууд бүгд виртуалаар зохион байгуулагдаж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа гүйгчдэд оролцох боломж олгосон ч энэ жил шинэковдоод оролцож амжаагүй. Харин гадаадын олон оронд амьдардаг, гүйлтээр хичээллэдэг монголчуудыг холбосон фэйсбүүк групүүд байдаг.
Тэдгээрийн нэг MGL Running Channel групээс тэдгээр том хотуудын нэрэмжит марафон болж буй хугацаатай уялдуулаад дэлхий дахинд амьдарч байгаа гүйгч монголчуудын дунд “Хамтдаа Бостон”, “Хамтдаа Лондон”, “Хамтдаа Нью-Йорк” гээд виртуал тэмцээн зохион байгуулсан. Мөн Ultra-Trail Mon-Blanc гээд Альпийн нурууны оргил Мон Бланк ууланд болдог уулын гүйлтийн том тэмцээн байдаг. Энэ мэт тэмцээнүүдэд виртуалаар оролцсон нь маш сайхан дурсамж, туршлага болсон.
-Хүмүүс яг тэр ууланд нь гүйх боломжгүй учраас виртуалаар оролцож байна. Харин, гүйж буй замын бартаа, байгалийн тогтоц зэрэг нь өөр байхад яаж тооцоолж байр эзлүүлдэг юм бэ?
-Жишээ нь, 2020 оны 10 дугаар сард миний оролцсон #utmbfortheplane тэмцээний нэг төрөл нь “160 км гүйж, 6000 метрийн өндөр авалт хийх” буюу 220 км-эффорт гүйх тэмцээн байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 100 метрийн өндөр авалт нь 1 км шулуун замаар гүйхтэй тэнцдэг бөгөөд 6000 метрийн өндөр авалт нь 60 км-тэй тэнцэнэ. Тэгээд хүмүүст сонголт өгдөг.
Зүгээр тэгш тал дээр 220 км гүйж болно, эсвэл 22000 м эгц дээшээ авирч болно, эсвэл хольж болно гээд. 160 км шулуун зам дээр гүйчихээд 6000 м дээшээ авирч болно, эсвэл гүйнгээ авирч болно. Үүнийг 220 км-эффорт гэдэг юм билээ. 220 км гүйхтэй тэнцэхүйц хүчин чармайлт гаргасан гэсэн үг юм уу даа. Тэгээд би Богд ууланд гүйнгээ авирч хослуулах сонголт хийсэн. Тэр зайг би 11 өдрийн дотор 10 удаагийн гүйлтээр туулж дуусгасан. Ингэж гүйж байхдаа гар утасны аппликэйшнээ ажиллуулаад гүйлтээ бичээд, гүйж дууссаныхаа дараа гүйлтийнхээ мэдээллийг илгээнгүүт шууд байр эзлүүлчихдэг. Үүнийг виртуалаар оролцоно гээд байгаа юм.
-Дундаа завсарлага авсан хугацааг нь хасч тооцдог уу?
-Үгүй. Анх эхэлснээс хэзээ 100 хувь болно, тэр хүртэлх хугацаагаар тооцогдоно. Нэг удаа гүйгээд нийт замаа дуусгасан ч болно, дунд нь хэд ч хувааж болно. Мэдээж нэг удаа гүйгээд замаа дуусгасан хүн хамгийн түрүүнд эрэмбэлэгдэнэ. Тэр тэмцээнд 521 хүн оролцсоноос 214 хүн замаа дуусгаж, би эрэгтэйчүүдээс 25 дугаар байранд эрэмбэлэгдсэн байсан.
-Байнга эрчимтэй гүйгээд амьдралын хэв маягаа болгоод, бие организм нь үүнд дасчихсан байж байтал зарим хүмүүс ажил төрөл ихтэй завгүй болох ч юм уу, завсарлага авах шаардлага гарахад эрүүл мэндэд нь сөрөг нөлөө илэрдэг гэх юм…?
-Миний хувьд гүйж эхэлснээсээ хойш завсарлаагүй байгаа учраас өөрийн бие дээр юу мэдэгдсэн талаар хэлэх юм одоогоор алга. Хүмүүсийн хэлж байгаагаар бол, тогтсон хуваарийн дагуу гүйж хэвших, хэрэв ямар нэг байдлаар гүйлтээ болихоор бол огцом зогсоох биш, тодорхой хуваарийн дагуу багасгасаар байгаад болих зэргээр биеэ дасгахгүй бол наад зах нь зүрхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг гэдэг. Гэхдээ энэ бол баталгаатай эх үүсвэрээс судлаад өгч байгаа хариулт биш, ам дамжсан яриа шүү. Тиймээс энэ тал дээр мэргэжлийн эмч, спортын дасгалжуулагч нараас л мэдээлэл авах нь дээр байх.
-Эрүүл байх, залуу байх, гоо үзэсгэлэнгээ удаан хадгалах гэхчлэн гүйлтийн ач тусын талаар та гүймээр санагдтал л ярьж өглөө. Гэтэл эсрэгээрээ, байнга гүйхээр газрын татах хүч, доргилт зэргээс шалтгаалаад арьс сулрах, унжих асуудал байдаг гэж зарим нэг нь ярих юм…?
-Би жишээ нь Монголын төдийгүй олон улсын гүйгчдийн олон фэйсбүүк групт байдаг. Бүр 30, 40 жил гүйж байгаа хүмүүс ч тэнд байна. Гэвч гүйлтээс болоод ийм сөрөг үр дагавар гарсан гэх мэдээллийг би тэндээс олж хараагүй.
Миний мэдэж байгаагаар Гамбаа ах жишээ нь долоон жил гүйж байна. Биеэ ямархуу авч явж байгааг нь та бүхэн нүүр номоос нь харж болох байх. Харьцуулсан зураг хөрөг, бичлэгүүд нь ч байгаа. Түүний зөвлөмжүүд маш бодитой, эх үүсвэр нь тодорхой байдаг. Мөн 21х21 сорилтоо хийж байхдаа танилцсан Дорнод аймгийн Ц.Пүрэвжав багш байна. 40 гаруй жил гүйж байгаа энэ хүнд ямар ч илүү жин алга, маш цэмцгэр сайхан хүн байна лээ.
Дорноговийн В.Отгонтуул мастер 26 настайгаасаа гүйж эхэлсэн. Одоо 40 гарчихсан, тэгэхэд бас л наснаасаа оворгүй. Тэгэхээр гүйлтэд сөрөг үр дагавар байхгүй, харин ч эерэг нөлөөтэй гэж бодож байна. Би бол таргалж сууснаас гүйж байсан нь дээр л гэж бодож байна /инээв/. Жишээ нь би жин ихтэй, гэдэс гүзээтэй л байсан. Одоо гэдэсгүй болсон, тэгэхэд арьс унжсан юм алга. Булчин шөрмөсөө дагаад арьс чангараад явчихдаг юм биш үү. Мэдээж хажуугаар нь бас хүчний дасгалууд хийж байгаа л даа.
-21х12 сорилт 11 дүгээр сарын 8-нд дөнгөж өндөрлөмөгц үүнээс наймхан хоногийн дараа 21х21 марафон зохион байгуулахаар товложээ. Энэ марафоныг зохиох санааг хэн ийм хурдан гаргачихав аа?
-Фэйсбүүк групүүд, клубүүдээр гүйгчид байнга холбоотой, хэн нь хэдэн км яаж гүйж байна гээд сар, улирал, долоо хоногоор бие биеийнхээ мэдээллийг харж байдаг, нэг нэгийгээ сайн мэддэг, ерөөсөө л гүйгч нарын ертөнц гэж байна. Намайг сорилоо дуусгаад хотод ирэх үед Е.Бат-Амгалан гэдэг гүйгч ах “Баатараа маань 21 аймагт 21 км гүйчихлээ. Үнэхээр бахархалтай гоё юм боллоо.
Энэ амжилтыг нь тэмдэглээд хэдүүлээ цуглаж хамтдаа 21 км гүйх үү?” гэдэг санааг анх А.Хосхүү найзад маань хэлсэн юм билээ. “Өө наадах чинь ёстой гоё санаа байна, тэгье” гээд бусад нь ч дэмжиж. Ингээд эргэн тойрныхоо гүйдэг хүмүүст хэлсэн чинь тэднээс гоё гоё санаанууд гарч ирээд, “Зүгээр нэг гүйхийн оронд тэгвэл үүнийгээ марафон болгоод, ОУХМ Б.Мөнхзаяагаа дэмжээд хандив цуглуулж өгье” гээд. Ингээд л өргөжөөд явчихсан.
Тэгээд бас өвөл болчихсон болохоор хүмүүсийг хүйтэнд 21 км гүйлгэж байхын оронд эрэгтэй эмэгтэй хоёр тамирчныг нэг баг болгоод, эрэгтэй нь 11 км, эмэгтэй нь 10 км, нийтдээ 21 км-ийн гүйлт болгочихвол нэг хүнд ирэх ачаалал нь бага төдийгүй багаараа ингэж гүйх нь бас шинэлэг, сонирхолтой болох байх гээд ярьж л байна. Тэгтэл өнөөдөр хөл хорио тогтоочихлоо. Ямартаа ч УОК-ийн шийдвэр, хөл хорионы байдлыг харж байгаад 11 дүгээр сарын 16-нд хийе гэж товлосон #21x21Marathon тэмцээнээ хэзээ, хэрхэн зохион байгуулах талаар ярилцаад цаг тухай бүрт нь шийдвэр гаргаад, 21х21 Marathon нэртэй паблик груп дээр мэдээлэл оруулаад явна. Урьдчилсан байдлаар, 100 хувь виртуал болгох, УОК-ийн шийдвэртэй уялдуулан сар, өдрөө өөрчлөх, 7-10 хоногийн хугацаанд багтаж гүйхээр зохион байгуулъя гэж яриад байна.
-Тэмцээнд оролцогчдын хураамж болох 21000 төгрөг, мөн хандивыг 100 хувь хөнгөн атлетикийн ОУХМ Б.Мөнхзаяад өгнө гэсэн байсан. Олон шилдэг тамирчдаас Б.Мөнхзаяаг онцолсны учир юу вэ?
-Олимпийн эрх авахын тулд тамирчид маш их хүчин чармайлт гаргадаг. Б.Мөнхзаяа энэ оны нэгдүгээр сард Японы Осака хотод болсон Олон улсын тэмцээнд оролцохдоо Монгол улсын дээд амжилтыг 2 цаг 28 минут 3 секунд болгон шинэчилж, “Токио-2020” олимпийн наадамд оролцох болзлыг биелүүлсэн. Олимпод амжилт үзүүлэхийн тулд мэдээж маш сайн бэлтгэл хэрэгтэй байгаа, үүнээс гадна тодорхой хэмжээний зардал шаардагдана. Улс орноос өгч байгаа дэмжлэг нь хангалттай биш л байх шиг байна. Тиймээс гүйлтээр хичээллэдэг хүмүүсийн зүгээс энэ спортынхоо оргилд яваа хүнээ дэмжих гарц эрэлхийлж буйн нэг хэлбэр юм.
-Уг марафонд улаанбаатарчуудаас гадна хөдөө орон нутгийнхан, гадаадад амьдардаг хүмүүс виртуалаар оролцох боломжтой гэсэн байсан. Виртуалаар тэмцээнд оролцох нь Монголдоо шинэлэг алхам учраас яаж оролцох аргаа, ямар апп татахаа мэдэхгүй байгаа хүмүүст мэдээлэл өгнө үү.
-21х21 Marathon нэртэй фэйсбүүк груп дээр яаж оролцох тухай удирдамж, заавар оруулаад явж байгаа. Хамгийн сүүлийн мэдээллүүдийг тэр групээс авах боломжтой. Товчхондоо, гүйлтээ хэмждэг түгээмэл ашиглагддаг цаг, гар утасын аппликэйшнүүд ашиглаад оролцох боломжтой.
-Жишээ нь, уулын гүйлтийн тэмцээн дээр ч “хөнгөнийхөн орчихлоо, мэргэжлийн хүмүүс болон сонирхогчдыг бүгдийг хамруулах нь шударга бус” гэх мэт маргаан гардаг. Мэдээж, сонирхогчид ба гүйлтээр хичээллэдэг мэргэжлийн хүмүүсийн аль аль нь оролцвол хүчний тэнцвэргүй байдал үүсэх нь ойлгомжтой. Үүнийг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Түрүүнд хэлсэнчлэн 21х21 сорилтын тухай мэдээлэл одоогоос 10-хан хоногийн өмнө л олон нийтэд цацагдсан. Өнөөдрөөс гуравхан хоногийн өмнө уг сорилтоо дуусгасан. Харин ийм марафон зохион байгуулах санаа гараад ганцхан хонож байна. Найзуудын дундаас урган гарсан санаа хөгжөөд, хөтөлбөрөө урьдчилсан байдлаар гаргаад явж л байна, яг эцэслэгдчихээгүй байгаа.
Тиймээс эхний ээлжинд хэн ч оролцох боломжтой байхаар зүгээр л гоё нээлттэй, хөнгөхөн байдлаар зохион байгуулчихъя. Эрч хүчтэй, залуу, мэргэжлийн тамирчид нь орж ирээд түрүүлбэл гоё л биз дээ. Спонсортойгоо эцэслээд тохирчихвол түрүүлсэн хүн нь нэг пүүз авчихуйц шагналын сантай хийчихье гэсэн мөрөөдөл л байна. 21х21 сорилт маань хүмүүсийн анхаарлыг нэлээд татаад, энэ марафоныг зохиож байгаа нь энэхүү шинэлэг амжилтын баярыг л тэмдэглэж байгаа хэрэг. Үүний сацуу мөн л гүйлтийн ач тусыг хүмүүст таниулж, нэг ч гэсэн хүн гүйж биеэ чийрэгжүүлэн эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлээсэй гэж хүсээд байгаагийнх. Дашрамд нь Монголынхоо нэг мундаг тамирчинд санхүүгийн дэмжлэг үзүүлье л гэсэн санаа.
-21х21 марафоныг цаашид уламжлал болгон зохион байгуулах тухай бодогдож байна уу?
-21х21 гүйгээд дуусгасан чинь хүмүүсээс маш олон талархалын үг, мессэж хүлээж авсан. Олон гоё санаа төрлөө, урам зориг авлаа гэх мэт. Ц.Пүрэвжав багш Дорнод аймгийхаа бүх сумдаар тойрч гүйлтийн тэмцээн зохион байгуулна гэж ярьсан. 21х21Marathon-г илүү өргөн хүрээнд олон хүнийг хамарсан арга хэмжээ болговол их л буянтай ажил болно доо гэж манай гүйгчид бас санаа, ухаан хэлж байна. Цаашид хүмүүсийн гоё гоё санаануудыг цуглуулж байгаад, улс орон даяар хүмүүсийн мэддэг марафон болгоод явбал гоё юм байна даа гэж бодоод л сууж байна. Магадгүй аймгуудаар тойрч гүйх сорилт явуулаад, дуусгасан хүмүүст нь тодорхой шагнал урамшуулал өгдөг ч юм уу, илүү хөгжүүлээд явж болох юм.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
-Биеийн тамир, гүйлтийн гайхамшгийг түмэнд түгээхэд сэтгэл гаргаж буй танд их баярлалаа.
Ж.Баатарболдын #21аймагт21км сорилтоо хийсэн огноо болон аймгийн төвүүд
2020.07.26 Цэцэрлэг
2020.07.28 Улиастай
2020.08.03 Улаангом
2020.08.04 Өлгий
2020.08.05 Ховд
2020.08.12 Алтай
2020.08.13 Баянхонгор
2020.08.13 Арвайхээр
2020.08.29 Сүхбаатар
2020.08.30 Дархан
2020.09.05 Зуунмод
2020.10.03 Булган
2020.10.03 Эрдэнэт
2020.10.08 Мандалговь
2020.10.15 Чойр
2020.10.24 Мөрөн
2020.10.31 Даланзадгад
2020.11.05 Чингис
2020.11.06 Чойбалсан
2020.11.06 Баруун-Урт
2020.11.08 Сайншанд