2024-12-27, Баасан
-20.1 C
Ulaanbaatar

Маяагийн түүхт Мехсик нутгаар

Эртний соёл иргэншилт Маяагийн түүхт туурь, үр сад нь болох индианчуудын аж байдлыг нүдээрээ харах гэсэн чин хүсэл минь олон жилийн дараа бүтлээ. Очих газар маань Гватемал улстай хиллэх, Мехсикийн Чиапас мужийн төв Туксгла Гутиериз хот. МЭӨ 2000-МЭ 1500 онуудад Маяачууд энэхүү нутгаар суурьшин амьдарч байсан юм. Өдгөө “Зокас”, “Мамес”, “Цоизил”, “Цэлтал” гэх зэрэг 13 өөр овгийн индианчуудын 34.41 хувь Чиапас мужаар тархан амьдарч байна. Мехсикийн индианчууд уугуул нутгийнхаа үзэсгэлэнт өндөр сүрлэг уулс, өтгөн шигүү сэрүүхэн ойгоо эзэгнэн бүлэг, бүлгээрээ суугуул амьдрах учир явуулын бид байтугай, орон нутгийнхан нь ч очиж чаддаггүй юм билээ.

MexicoТуксгла Гутиериз хотод амьдардаг найзын маань нөхөр ширвээ хар сахалт инженер залуу Монголын далбаа дэлгэчихсэн, орос испани холин дужигнуулж ярьсаар биднийг угтав. Киевт их сургуулиа төгсөөд Туксглад ажиллаж амьдарч буй С.Наран маань, мексик эмч бүсгүй Мэрилүтэй хамтран индианчуудын “дунд” хэрхэн орох, яаж уулзахыг эртнээс зохион байгуулж өгсөн юм. Хэрийн хүнд олдоод байдаггүй сонирхол татам ийм уулзалтыг “Цэлтал” хэмээнэ. Махчлан орчуулбаас “Ажиллаж буй эрчүүд” гэсэн эртний маяа үг юм билээ.

MexicoМаргааш нь эртлэн босч, холгүй зайтай Окосинго хэмээх газрыг зорьцгоов. Жижигхэн биетэй, алаг нүдэн Мэрилү бүсгүй хэдэн машин, хэсэг хүмүүсийн хамтаар замд тосон уулзаад өндөр уулын энхэл донхол замаар өгсөцгөөлөө. Биесээ даган ийн цуварч явсаар өтгөн ойн гүн рүү шургалаа. Уулын гүн рүү орох тутам хаа нэгтээ нуруугаа үүрэн алхах ганц нэг хөгшин, хүүхдээ тэвэрч хөтөлсөн бүсгүйчүүд таарах нь нүдэнд содон. Зүг чигээ баримжаалахад тун бэрх онгон зэрлэг байгальд, араатан амьтан элбэг. Мерүли, Наран хоёрын зориуд бэлдсэн аялал бишсэн бол ганц нэг алхаад л төөрчихмөөр шигүү ой сүрдэм гэж. Өтгөн шигүү энэ ойн жинхэнэ эзэд нь чийрэг бие, намхан нуруу, хүрэн бор царайтай нутгийн иргэд. Ганц нэгээрээ явган явахдаа зүг чигээ алдаж төөрөхгүй, айж цочиж, ядарч цуцахыг мэдэхгүй…, энэ их ойд зүгээр л ая тааваараа аж төрсөөр ирсэн тэднийг улам ихээр танихсан гэсэн хүсэл дотор асна.

Бид нарийхан шороон зам дагаж явсаар уулын бяцхан тосгонд амьдрах Аилийн Гомез хэмээх айлд ирэв. Үр хүүхдүүд, хүргэн бэргэн, өвөө эмээ, ач гуч гээд бүгд бөөндөө амьдран суугаа өнөр өтгөн айл ажээ. Хямд төсөрхөн мод банз эвлүүлж зүйж барьсан хэдэн байрныхаа урд талын шороон талбайг услаж байгаад цэмбийтэл шүүрдэчихэж. Гэрийнхэн нь ойролцоох моддын сүүдэрт хэвтэцгээжээ. Суурин газрынхны яарсан, давчидсан, сүр сархийсэн төрх байдал тэдэнд огт алга. Нууцлаг, ихэмсгээр дүнсийн хөглөрөх их ойн хэмнэлдээ уусч нэгдсэн нэг тийм амгалан оршихуйг тэднээс мэдрэв. Амарч буй гэр бүлийнхнийг ийн сониурчирхан анзаарах зуур нэг инээдтэй гэмээр зүйрлэл санаанд ороод ирдэг байгаа. Тэд яг л илжиг зүүрмэглэх мэт хэвтэцгээнэ. Илжиг их амгалан амьтан, тийм амгалан амьтан зүүрмэглэхээрээ ямар амгалан болох билээ. “Ингэж амгалан тайван амарч хэвтэхсэн” гэсэн цагаан атаархал төрж ч байх шиг. Ганц нэг гахай, тахиа хоол эргүүлэн гүйж, туранхай номхон хоёр нохой үүдний довжоо хавиар эргэлдэх нь бас л содон зураглал.

MexicoЭнэ гэр бүлийн хамгийн ахмад нь болох буурал үстэй, туранхай, монхордуу том хамартай бор эмэгтэй биднийг угтлаа. Нүүр гараа цэмбийтэл угааж, үсээ норгож гилийтэл самнасан хөвгүүд, гэзгээ шодойтол сүлжсэн жаахан охид энд тэндээс булталзан гялалзсан хар нүдээр биднийг шохооронгуй харцгаана. Зочид ирэх сургаар байдгаараа гоёсон нь илт. Хүүхдүүдэд өгнө гэж зорьж авчирсан чихэр боов, бялуу, бэлэг сэлтээ тараалаа. Биднийг сониучирхан харцгаах алаг нүдэнгүүд баярлаж байна гэж жигтэйхэн. Нэг хөөрхөн жаахан охин бусдаасаа онцгой гоёжээ. Байсхийгээд л цүнх шаахай руугаа инээдээ барьж ядан харж гүйх нь гоёлдоо сэтгэл дүүрэн байгааг нь илтгэнэ. Саатай гялгар жижиг цүнх мөрөвчилж, томдсон шинэ шаахайгаар гоёжээ. Өнөө шаахай нь гүйх тоолонд нь хөлнөөс сугарч унах нь цаанаа л өхөөрдөм.

Тосгоны эрчүүд үүрийн гэгээтэй уралдан эрдэнэ иш, шош буурцаг, хөвөн, халуун чинжүү, жимс, ногооны талбайд ажиллахаар явцгаадаг гэнэ. Гэрийн ажлаа гав шавхийтэл амжуулах цилтал овгийн намхан чийрэг биетэй, бор бүсгүйчүүд урт хар гэзгээ хоёр салаа сүлжиж, өөрсдийнхөө урлаж хатгасан улаан ногоон, цэнхэр шар цэцэгтэй цагаан цамц, уртавтар юбка өмсөцгөөнө. Аилийн Гомезийн хүүхнүүд хоорондоо маяа хэлний чʼолан – цэлталан аялгаар ярьж, биднийг гарынхаа хоолоор дайвлав аа. Гал тогооны саравчнаас уур утаан дотроос тахианы мөч, чихэрт төмсийг бутартал чанасан түмпэн шанага мэт том аяга дүүрэн шөлийг уур савсуулан өмнө авчрав.

MexicoУулын тосгоныхон цахилгаан огт хэрэглэхгүй. Задгай галын уугих утаан дунд байнга хоол цай хийх тул эмэгтэйчүүдийн нүд нь ихээхэн өвчилдөг гэж Мэрилү тайлбарлав. Хажууд зогсох нялх охиноо тэвэрч, хүүгээ хөтөлсөн хүүхэн дөнгөж л хорь хүрч яваа аж. Тэд их эрт залуудаа гэрлэдэг юмсанж. Нутгийн индианчууд испани хэл мэдэхгүй. Сургууль эрдэм номын хөөхгүйгээр үл барам мехсикчүүдээс тусгаар амьдардаг юм билээ. Өдрийн турш охид хүүхнүүд нь хатгамал хийж, утас ээрнэ. Маяагийн уламжлалт хээ загвартай эд зүйлс, нэхмэл сүлжээс бүхий гэр ахуйн бараагаа овоолж аваад л зах дээр очиж зарж олсон багахан мөнгөө амжиргаандаа нэмэрлэнэ.

Гэрийнх нь онгорхой хаалгаар гудас хөнжил хаясан модон нааран ор, хэдэн сандал, хананд өлгөсөн хүүхдийн хувцас, нөхрийнх нь бололтой малгай харагдана. Цэлтал хүмүүс бидэнд ургаж буй кофейны модод, цөөрөм дахь загасны жижигхэн аж ахуй, эрдэнэ шишийн талбай, шинээр барьж байгаа сүмээ хүртэл үзүүлж мартахын аргагүй олон сайхан түүх ярьж билээ. Тариаланч маяачууд хаа тэртээх МЭӨ 2500 онд наранцэцэгийн үр, арвай буудай, хөвөн, арчилгаа ихтэй халуун чинжүү, хулуу, төрөл бүрийн хар, цагаан өнгийн шошнуудыг тариалж, гадил жимс, какао, зөгийн бал боловсруулдаг байсан тухай олон сонирхолтой зүйлс уншиж байсан минь тодхон санагдав.

Тонина пирамид

Mexico
Маяагийн эртний соёл иргэншилд барилга архитектурын хөгжил гайхамшигтай байсан хэмээдэг. Чулуу өрж пирамидуудыг босгохдоо металл оруулдаггүй байснаас хэр гайхалтай хөгжсөнийг нь харж болно. Хийц уран, чимэглэл, дүрслэл гоёмсог барилга байгууламжууд нь эртний маяачуудын соёл иргэншлийн төвшинд илтгэнэ. Үүний нэг тод жишээ нь Окосинго хотод байдаг Тонина юм. Маяачууд халуун дулаан бүс нутгийн их ой, моддыг цэвэрлэн тариалангийн том талбайнуудыг гаргаж талбайн доогуур услах байгууламж барьсан түүхтэй ард түмэн. 71 метрийн өндөр сүрлэг чулуун пирамид Тонина нь өнөөг хүртэл сайтар хадгалагдаж ирсэн байгууламжуудын нэг юм. Авирсаар орой дээр нь гарч суухад сэрүүн сайхнаас гадна эргэн тойрны зүйлс алган дээрээ байгаа мэт ив илхэн үзэгдэх нь нэн таатай мэдрэмж төрүүлнэ.

Нов ногоон тэгшхэн талбайд эртний чийрэг маяа эрчүүд дөрвөн кг жинтэй резинэн бөмбөгөөр тоглон халз үзэж ялаад хүчирхэг эзэн хаандаа “ өөрийн амиа өргөдөг” байж. Уг тоглоомын дүрэм журмыг өнөөг хүртэл тайлж чадаагүй байгаа аж. Манай тооллын VI-IX зуунд хамаарах олон сайхан сийлбэр, чулуун хөшөөндөө энэ бөмбөгт тоглоомыг дүрсэлсэн нь өнөөг хүртэл хадгалагдан иржээ. Маяачууд жижиг тосгодод амьдардаг байж. Том баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдэд ёслолын гол төвдөө цуглаж нааддаг байсан сайхан газрууд орхигдон хаягдаж эхэлсэнийг газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлтээс болсон гэж таамагладаг ч өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй юм билээ. X зууны үеэс соёл иргэншилт маяа уналтанд орж, төв Мексик орчмын овог аймгуудын довтолгоонд жижиг суурингууд нь эвдрэн сүйдэж, халуун дулаан нутгийнхаа ширэнгэн ойд хучигдан дарагдаж, хамгийн сүүлчийн хот нь 1697 онд Испаничуудад эзлэгдэн мөхсөн гунигт түүхтэй.

Сан Кристобал Де Лас Казаса

MexicoМехсикийн жижиг хотуудаар дайран явахад байгаль нь гайхам сайхан гэдэг үг ч багадам ер бусын үзэсгэлэнтэй. Манан буусан сүрдэм уулсын ойг хага яран хад хавцалын дундуур цагаан хөөс цахируулан унаж урсах цэнгэг уст гол, хүрхрээний хажуугаар өнгөрөхдөө “Байгалийн сүр хүчний дэргэд хүн гэдэг ямар өчүүхэн жижиг, хүч чадалтай амьтан бэ” гэсэн бодол төрж явсныг нуух юун. Нуур тэнгисийнх нь усны өнгө тун сонин. Номин тэнгэрийн өнгө, эрдэс давстай нил ягаан гээд есөн эрдэнийн будаг асгасан мэт олон өнгөөр солонгорно. Хараад л баймаар хачин гоё.

Гватемал – Мехсик хоёр улсын хилийг давах маш энгийн. Явган алхаад л хил орчихно. Замын нөгөө талд бараа маш хямдхан тул асгарах бороон дундуур Наран бид хоёр Гватемал руу хөтлөлцөн гүйлээ. Бид шаварт хальтарч унахгүйн тулд хөтлөлцөн гүйсээр, Гватемал орж жаал жуул зүйл худалдаж авчихаад буцаж гүйгээд Мехсиктээ ирчихэв.

MexicoХөдөөний хот Сан Кристобал Де Лас Казас гэх буйдхан газар Наран маань биднийг буулгаж, ажилдаа яарсаар Туксгла Гутиериз хот руугаа буцлаа. Уулын хөндийд, жижигхэн толгодоор хүрээлэгдсэн монгол хүнд ёстой л тохирсон сэвэлзэх салхитай, сэрүүн цэнгэг агаартай сайхан газар юм. Үлгэрийн номонд гардаг шиг, улаан вааран дээвэртэй, испани загвартай, шар, хөх өнгө алагласан намхан байшингуудын шал нь хөх цахиур чулуу. Зуун жил болсон хад шиг хар хүрэн үнэтэй модон тааз, хаалга нь ганган гэж янзтай. Машин зөрөмгүй, чулуун шигтгээт гудамжаар хуучны гурван дугуйт мотоциль унасан эр “Агуа агуа – ус ус” гэж жигд хоолойгоор өглөө бүр дуудан явахад, энд тэндгүй айлууд цонхны модон хаалтаа онгойлгож, төмөр түгжээгээ тор тор дуугаргасаар өглөөний шинэ гэрэл, агаар гэртээ оруулна. Харин өдөр цайны цаг дөхөх үед дугуйтай хүн “ Шинэ жимс”, “Шинэ ногоо” гэж бас л уянгалуулахад, айлуудын хаалганы хонх жингэнэж үүдэнээсээ ууттай ногоо жимсээ авцгаана.

MexicoӨглөө эрт уулнаас бууж ирсэн Цоизил индианчууд майхан асараа босгож худалдааны захаа нээж, урлаж хатгаж, оёж шидсэн гэр ахуйн болон бэлэг дурсгалын зүйлсээ давхарлан уул овоо мэт болгож тавиад зарцгаана. Цоизил хүүхнүүд цэцгэн хатгамалтай цамц өмсөх хирнээ халуун зунаар тас хар үстэй юбка өмсөцгөөнө. Зузаан хар юбкатай хүүхнүүд хүүхдээ үүрэн задгай галын утаагаа маналзтал сэвж хулсан шороор хатгасан эрдэнэ шишнүүд шарна. Өнөө эрдэнэшишээ зарахын зэрэгцээ хүүхдэдээ мэрүүлж зогсох дүр зураг хаа сайгүй.

MexicoХүнсний зах дээр халуун чинжүү, төрөл бүрийн хэлбэр дүрс, өнгө өнгийн хатаасан шош буурцгийг овоо мэт босгож, төмөр хутгуураар уутлаж, хуучин цагийн том, жижиг ширмэн туухайнуудаар сурамгай гэгч жинлэнэ. Хотын төв талбайд нь тод шар өнгөтөй Санто Доминго гэх том сүм байх. Эндэхийнхний байнга ордог ариун газар нь. Өнөөгийн индианчуудын шашин шүтлэг нь христ. Харин эртний маяачууд бөө мөргөлийн шүтлэгтэй байсан юм. Эртний маяачууд биендээ шивээс хийлгэж, бурхан тэнгэртэй холбогдон, онцгой хүчин чадал авдаг гэдэгт итгэдэг байж. Сан Кристобалд байдаг “Хаш чулуу”-ны сонин музейгээс маяачууд ногоон, цайвар, цагаан хашыг үнэлж үнэтэй цэнтэй олон зүйлс эдлэж байсны зэрэгцээ шүтлэг “амьдрал- үхэл” гэх зан үйлд хэрэглэж байсныг олж мэдсэн билээ.

Язгууртан дээдсээ үхэхэд нь ахин төрөхийн бэлгэдэл болгож аманд нь хаш үрэл хийдэг байжээ. Үнэт хаш чулуугаар урласан асар том гайхалтай хөшөө, маск, сийлбэрүүд үзэхэд сонирхолтой гэж. Өөр нэг гайхшуурласан үзвэр бол “Хув чулууны музей ”. Түүхий хув, хамгийн үнэтэй хэмээх хар хүрэн хув тэдний үүсэл гарал, олборлох, үйлдвэрлэх явцыг харуулсан кино, 300 гаруй төрлийн үзмэртэй гүнзгий мэдлэг өгөхөөр газар байв. Аяллынхаа ихэнх хоногоо Сан Кристобалд өнгөрөөхдөө “хатгаалын хичээл, хоолны сургалтанд” сууж аваад Мехсикийн хамгийн их жуулчдыг татдаг үзэсгэлэнт Канкуныг зорин нислээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img