Эквадорын Ерөнхийлөгчийн сонгууль болохоос арван хоногийн өмнө гол нэр дэвшигчдийн нэг Фернандо Вильявисенсиогийн амийг бүрэлгэсэн нь Латин Америкийн тус улс дахь угаасаа амаргүй улстөрийн нөхцөл байдлыг улам хурцатгалаа.
Түүнийг Эквадорын нийслэл Кито хотын нэгэн дүүрэгт сонгуулийн сурталчилгааны цуглаанд оролцоод машиндаа суух мөчид олны дундаас нэгэн этгээд гарч ирээд толгойн тус газар нь гурван удаа буудаж алжээ. Гэмт хэрэгтэн түүнчлэн тус улсын парламентад нэр дэвшигч, хоёр цагдаа гээд нийт есөн хүнийг шархдуулаад талийгаачийн хамгаалалтын албаныхантай буудалцах үедээ хүндээр шархдан тэр шөнөдөө амьсгал хураасан аж. Эквадорын тусгай албад эмгэнэлт үйл явдлаас хэдэн цагийн дараа аллагад оролцсон байж болзошгүй зургаан хүнийг саатуулсан байна.
Болсон үйл явдалтай холбогдуулан Эквадорын Ерөнхийлөгч Гильермо Лассо онц байдал зарлажээ. Тэрээр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ, аюулгүй байдлыг ханган чөлөөт ардчилсан сонгууль явуулахын тулд Эквадорын бүх нутаг дэвсгэрт зэвсэгт хүчнийг дайчилсан тухай мэдэгдсэн юм. Тус улсын Үндэсний сонгуулийн зөвлөлийн дарга Диана Атамаинт мэдээлэл хийхдээ, Ерөнхийлөгчийн болон парламентын ээлжит бус сонгуулийн тов өөрчлөгдөөгүй бөгөөд энэ сарын 20-нд болно гэжээ.
Эквадорын Ерөнхийлөгч Гильермо Лассо тус улсын Засгийн газрын шинэчлэлийн бодлогыг удаашруулан элдэв саад тотгор учруулах болсон гэж үзэн эрх мэдлийнхээ хүрээнд парламентыг тараан ээлжит бус сонгууль зарласан аж. Ингэхдээ тэрээр сонгуульд нэрээ дэвшүүлэхээс татгалзжээ.
Эквадорын Ерөнхийлөгчийн сонгуульд “Бүтээн босголт” хөдөлгөөнөөс нэр дэвшсэн Фернандо Вильявисенсио нь хоёр хоногийн өмнө нийтлэгдсэн урьдчилсан санал асуулгын дүнгээс үзвэл сонгогчдын 13.5 хувийн дэмжлэгтэйгээр нэр дэвшигчдийн дунд хоёрт жагсаж байжээ. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн гол нэр дэвшигчид болох социалист улстөрч Луиза Гонсалес, Францын гадаад легионы цэрэг асан Ян Топич нарын нэгэн адил зохион байгуулалттай гэмт хэрэг, албан тушаалтнуудын дунд газар авсан авлигатай тэмцэхийг мөрийн хөтөлбөртөө хамгийн чухал зүйл болгон тусгажээ. Эхнэр, таван хүүхэдтэй тэрээр ирэх аравдугаар сард 60 нас хүрэх байв.
Эквадорын парламент буюу Үндэсний ассамблейн гишүүн (2017-2023) болохоосоо өмнө тэрээр тус улсын хамгийн алдартай сэтгүүлчдийн нэг байжээ. Фернандо Вильявиленсио Эквадорын Ерөнхийлөгчөөр Рафаэл Корреа ажиллаж байсан 2007-2017 онуудад Хятадаас авсан зээлтэй холбоотой авлига, сонгуулийн кампанит ажлуудын хууль бус санхүүжилтийн дуулиант хэргүүдийг эрэн сурвалжилснаараа нэрд гарчээ.
Тэрээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр гадаадын газрын тос олборлогч, уул уурхайн компаниудтай хийсэн эргэлзээтэй гэрээнүүдийг эргэн харахыг амлаж, “PetroChina”, “Halliburton”, “SLB” зэрэг гадаадын компаниудад хэтэрхий тал зассаныг шүүмжилж байсан аж. Мөн кокаин хар тамхины гэмт бүлэглэлүүдтэй хатуу гараар тэмцэхээ нэг бус удаа мэдэгджээ.
Түүний аллагыг “Los Lobos” буюу “Чононууд” хэмээх гэмт бүлэглэл зохион байгуулснаа хүлээгээд байна. Эквадорын хоёрдахь том энэхүү гэмт бүлэглэл найман мянга орчим гишүүнтэй бөгөөд тэдгээрийн нэлээд нь шоронд хоригдож буй гэнэ. “Чононууд” нь Мексикт төвтэй хар тамхины наймаа эрхэлдэг “Халискогийн шинэ үе” гэмт хэргийн томоохон картельтэй нягт холбоотой ажилладаг аж.
Гэмт бүлэглэлүүдийн зүгээс нэг бус удаа амь насанд нь халдахыг заналхийлсний дараа цагдаагийн хамгаалалтад орсон нэртэй улстөрчийн амийг ийнхүү бүрэлгэсэн нь Латин Америк даяар зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг дайнд эерэг эргэлт гарах найдлага тун бага гэдгийг харуулсан тухай олон улсын нөлөө бүхий тоймчид тэмдэглэх байна.
Фернандо Вильявиленсиогийн аллагаас өмнө Эквадорын сонгууль дэлхийн олон нийтийн анхаарлыг төдийлөн татаагүй бөгөөд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд тус улсын төрийн механизмууд хэр зэрэг бат бэхийг харуулах нэг ёсны шалгуур болох байсан аж.
Латин Америкийн хувьд харьцангуй аюлгүй улсад тооцогдож ирсэн Эквадор кокаины картель хоорондын дайны улмаас нэг хүнд ногдох аллагын тоогоор өнгөрсөн онд Мексик, Колумбийн өмнө оржээ. Кокаины нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг Колумби, Перугийн дунд оршдог тус улс хөрш орнуудыг нь жинхэнэ байлдааны талбар болгосон картелиудын цус асгаруулсан бурангуй тэмцэлтэй саяхан хүртэл тулгарч байгаагүй аж.
Гэвч Эквадорын далайн боомтууд АНУ, Европ руу хар тамхи тээвэрлэхэд илүү их ач холбогдолтой болсноор боомтуудыг хянах гэж янз бүрийн гэмт бүлэглэлүүд хоорондоо ширүүн өрсөлдөж эхэлжээ. Үүний улмаас тус улсад сүүлийн таван жилийн дотор хүн амины хэрэг даруй дөрөв дахин нэмэгджээ.
Фернандо Вильявиленсиогийн аллага хар тамхины гэмт бүлэглэлүүдийн эсрэг хатуу шугам баримтлагчдын байр суурийг бэхжүүлнэ гэж шинжээчид үзэж байна.
Тэгээд ч Латин Америк даяар Салвадорын Ерөнхийлөгч Найиб Букелегийн гэмт бүлэглэлүүдийг нухчин дарах хатуу гарын бодлогыг өндрөөр үнэлэх болсон юм. Найиб Букелег гэмт бүлэглэлүүдийн олон арван мянган гишүүнийг торны цаана хийхдээ зарим тохиолдолд хууль эрхзүйн олон заалтыг зөрчдөг гэдэг ч ард түмнийхээ дэмжлэг хүлээсэн түүн шиг нэр хүндтэй удирдагч тус бүс нутагт одоогоор өөр байхгүй билээ.