Ашигт малтмал, тэр дундаа зэс, газрын ховор элементээр баялаг боловч Хятад, Оросын дунд хавчигдан оршдог Монгол Улс гуравдагч хөршөө гэж үздэг АНУ-ын зүг нэн чухал “эргэлт” хийх болов. Тус улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан Вашингтонд айлчлахдаа АНУ-тай онц чухал ашигт малтмал, нэн ялангуяа газрын ховор элементийн олборлолтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг зорьжээ. Үүнээс гадна Монгол, АНУ-ын хооронд шууд худалдааг дэмжих зорилготой “Нээлттэй тэнгэр” агаарын тээврийн хэлэлцээрийг байгуулсан юм.
Эдгээр тохиролцоо амьдралд хэрэгжиж, газрын ховор элементийг Монголоос АНУ-руу агаараар тээвэрлэж эхэлбэл энэ нь Хятад-АНУ-ын стратегийн өрсөлдөөнд ямар нөлөө үзүүлэх бол?
Хятад-АНУ-ын харилцаа нь хүйтэн дайн дууссанаас хойшхи дэлхийн хамгийн чухал хоёр талт динамик үйл явц болж хувирсан билээ. Сүүлийн үед энэхүү хоёр их гүрэн хамтран ажиллахаасаа илүүтэй хоорондоо өрсөлдөх болж, Бээжин, Вашингтоны аль аль нь онц чухал эрдэс баялгийн нийлүүлэлтийн гинжин хэлхээг хянан худалдаа, технологийн давуу талтай болохыг эрмэлзэж байна.
Гэвч онц чухал эрдэс баялгийн нийлүүлэлтийн сүлжээ тэлж томрохын хэрээр байгалийн гамшиг, цар тахал, геополитик дахь урьдчилан тооцох боломжгүй эргэлт зэрэг гадны хүчин зүйлд өртөмтгий нь ажиглагдах болсон юм.
Сүүлийн үед Хятад-АНУ-ын технологийн дайн, Украин руу довтолсны дараа Орост тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ зэрэг нь даяар нийлүүлэлтийн сүлжээнүүд маш эмзэг болохыг харуулж буй.
Геополитикийн орчин тогтворгүй болсон нөхцөлд нийлүүлэлтийн гинжин хэлхээний хамгийн ихээр нарийсдаг газар дахь “боолтын цэг”-үүд хамгийн эмзэг гэдэг нь тодорхой. Тэрхүү “боолтын цэг” нь нийлүүлэлтийн гинжин хэлхээний маш чухал, орлуулшгүй бүрэлдэхүүн хэсэг тул өрсөлдөгчид, дайсагнагчдын анхааралд давын өмнө өртдөг.
Иймээс нийлүүлэлтийн хэлхээг шууд багалзуурдаж болох тийм цэгүүдийг монополь хэлбэрээр хянадаг байна. Бизнесүүд монополь эрх мэдлийг илүү их ашиг олоход ашигладаг бол улс орнууд улс төрийн зорилгоо гүйцэлдүүлэхэд хэрэглэдэг. Өдгөө амин чухал ач холбогдолтой “боолтын цэг”-үүдийг үүсгэн хянахаас гадна илүү түрэмгий өөр нэг стратеги бий. Тэр нь өрсөлдчийнхөө чухал хангамжийг зориудаар тасалдуулах зорилгоор маш “боолтын цэг”-үүдийг нь онилох явдал.
АНУ, Хятадын аль аль нь хоорондын өрсөлдөөндөө “боолтын цэг”-ийн стратеги ашиглах болжээ. Эхлээд АНУ хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн гинжин хэлхээст давамгайлдаг байр сууриа ашиглан цар хүрээтэй технологийн болон геополитикийн нөлөө үзүүлэх болсон. Энэ нь Хятадын дэвшилтэт чип үйлдвэрлэлийн хөгжлийг үр дүнтэйгээр хазаарлаж байна. Тэгвэл үүний хариуд Хятад улс онц чухал металлын экспортдоо хяналт тавих зэргээр сөрөг арга хэмжээ авч эхэлсэн юм. Эдгээр харилцан үйлдлүүд эдийн засгийн хориг арга хэмжээний хүрээнээс хальж, хоёр гүрний хооронд илүү өргөн дэлгэр эдийн засгийн дайны хэмжээнд хүрчээ.
Ид өрнөж буй энэхүү өрсөлдөөнд Хятадад нэг чухал давуу тал бий. Тэр нь газрын ховор элементүүдийн ялган боловсруулах, цэвэршүүлэлтийн үйл явцын хяналт юм. Одоогоор тус улс цахилгаан автомашины хөдөлгүүр зэрэг өндөр температурт ажилладаг олон бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай өндөр эрчим хүчний байнгын соронзын цорын ганц найдвартай ханган нийлүүлэгч билээ.
Орчин үеийн олон технологид газрын ховор элемент онцгой үүрэг гүйцэтгэдэг. Тэдгээрээс цахилгаан автомашин, нар, салхины эрчим хүч гэх мэт сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой технологиуд хурдацтай хөгжих болсон нь газрын ховор элементийн эрэлт хэрэгцээг 2022 онд даруй 37 хувиар нэмэгдүүлжээ. Ийм төлөв байдал дор хаяж ойрын таван жил ажиглагдах төлөвтэй.
Гэсэн хэдий ч газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээ геополитикийн тогтворгүй байдалд өртсөөр байна. Харин Хятад улс газрын бүх 17 ховор элементийн хамгийн их нөөцтэйгөөс гадна тэдгээрийг тус бүрт нь ялган боловсруулж цэвэршүүлэх онцгой чадамжтай болсноороо сайрхаж болох юм.
Өдгөө тус улс газрын ховор элементийн хамгийн том импортлогч, экспортлогч болжээ. Өөрөөр хэлбэл цэвэршүүлэлт, ялгалт, соронзон материалын үйлдвэрлэлийг хамарсан газрын ховор элементийн боловсруулалтын дийлэнхийг хянадаг гэсэн үг.
2023 оны эхний хагас Хятад 90920 тонн газрын ховор элементийн хүдэр импортолсноос нэлээд хэсэг нь АНУ-аас нийлүүлэгджээ. Түүнчлэн 26 236 тонн цэвэршүүлсэн газрын ховор элемент, үүнд голдуу соронзон материал экспортолсон байна.
Хятадын хязгаарлалтад өртөх эрсдэлтэй тулгарсан өрнөдийн орнууд газрын ховор элементийн уул уурхайн өөр эх үүсвэрүүдийг эрэлхийлж, Хятадаас ангид боловсруулах объектуудыг барихыг эрмэлзэх болжээ. АНУ тэргүүтэй өрнөдийн ертөнц болон Хятадын геополитикийн өрсөлдөөний өнөө үед онц чухал түүхий эд нийлүүлэлтийн сүлжээн дэх Хятадын ноёрхлоос үүдэлтэй эрсдлийг бууруулахын тулд Монгол зэрэг олон орон ардчилсан эвслийн зүг тэмүүлж байна.
Бээжин стратегийн ач холбогдолтой бүтэгдэхүүн, үүний дотор цэргийн зэвсэглэлийн системүүд үйлдвэрлэхэд шаардлагатай галлий, германий гэх хоёр ховор металлын экспортоо нарийвчлан тооцсоны үндсэн дээр аажмаар бодлогоор хумиж эхэлжээ. Үүгээр зогсохгүй дроны экспортыг хянах шинэ бодлогоо саяхнаас хэрэгжүүлэх боллоо. Энэ бүхнээс харахад, эл салбар дахь өрнөдийн ертөнц, Хятадын өрсөлдөөн улам бүр газар авах янзтай.
Хятадын хариу арга хэмжээнүүдээс үүдэн Пентагон АНУ, Канадын компаниудтай хамтран хог хаягдлаас ховор металлуудыг дахин боловсруулж галлий, германийг цэвэршүүлэх талаар судалгаа хийж байгаа аж.
Ийм нөхцөл байдалд Монголын Ерөнхий сайд Вашингтонд газрын ховор элементийн хамтын ажиллагааны талаар хэлэлцээ хийхээр айлчилсан нь геополитикийн энэхүү өрсөлдөөнд АНУ-ын байр суурийг бэхжүүлж болзошгүй гэж үзэж болох юм.
Эл хоёр улс газрын ховор элементийн талбарт түншилбэл аль аль талдаа ашигтай байх нь тодорхой. АНУ-д ийм хамтын ажиллагаа газрын ховор элементийн шинэ эх үүсвэр нээнэ. Харин Монгол дипломат холбоо харилцаагаа тэлж, АНУ-ын хөрөнгө оруулалтаар эдийн засгаа өсгөнө.
Гэвч нарийвчлан авч үзвэл энэхүү боломжит түншлэлд нэлээд хэдэн ноцтой саад бэрхшээл бий. Нэгдүгээрт, газрын ховор элементтэй хүдэр дахь ислийн агууламж 1-ээс 70 хүртэл хувь хүрдэг тул олборлолт нь баталгаатай эдийн засгийн үр ашигтай байдаггүй. Тэгвэл Монголын газрын ховор элементийн нөөцийн чанар, түүнийг олборлох, боловсруулахад хэдий хэмжээний хөрөнгө шаардагдах зэрэг нь тодорхойгүй хэвээр.
Хоёрдугаарт, байгаль орчинд нэлээд халтай газрын ховор элементийн уурхай байгуулах нь Монголд дотоодын эсэргүүцэлтэй тулгарч болох юм. Учир нь энэхүү ашигт малтмалыг олборлох, боловсруулах үйл явц эрчим хүч, усны нөөцийг их хэмжээгээр зарцуулдгийн дээр хүнд металл агуулсан бохир ус, цацраг идэвхт хаягдал бий болгож, агаар бохирдуулагч нүүрстөрөгч болон хүхрийн давхар ислийг ихээр ялгаруулдаг.
Энэ тал дээр Хятадын гашуун туршлага ч бий. Газрын ховор элементийн олон ордтой тус улсын Зянси мужийн байгаль орчныг бүрэн сэргээхэд тавиас зуун жил шаардагдана гэсэн тооцоо гарчээ. Нөхөн сэргээх ажлын өртөг нь дор хаяж 38 тэрбум юань буюу 5.5 тэрбум ам.долларт хүрэхээр байна.
Гуравдугаарт, Монголд хүнд машин механизм тээвэрлэж болохуйц зам, найдвартай цахилгаан эрчим хүч зэрэг чухал дэд бүтэц үгүй. Хамгийн хачирхалтай нь Монгол улс энэ асуудлаа Хятадын тусламжтайгаар шийдвэрлэнэ гэдэгт найдаж байгаа юм. Хоёр улс хил дамнасан төмөр зам, худалдааны боомт, авто зам, хурдны зам зэрэг олон төрлийн дэд бүтцийн төслүүдэд хамтран ажиллахаар тохиролцжээ.
Дөрөвдүгээрт, далайд гарцгүй Монгол дэлхийн худалдаанд нэвтрэхийн тулд Хятадын боомтуудад хүрэх замуудаас хамааралтай. Агаарын тээврийн “Нээлттэй тэнгэр” хэлэлцээр нь үүнээс өөр хувилбар нээж өгөх ч ашигт малтмалын агаарын тээвэрлэлтийн өндөр зардал үүнийг эдийн засгийн ямар ч үр ашиггүй болгож болох юм. Тэгээд ч газрын ховор элементийг агаараар тээвэрлэхэд Хятад юм уу Оросын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрөх тул энэхүү хоёр улс үүнд зөвшөөрөл өгөх эсэхээс хамаарах билээ.
Иймд АНУ, Монголын харилцаа бэхжих нь геополитикийн тал дээр Хятадад ашиггүй байж болох ч энэ нь Монголын хувьд эдийн засгийн үр ашиг гэхээс илүүтэй бэлгэдлийн шинж чанартай зүйл мэт санагдана. Монголын энэхүү алхмын болзошгүй сөрөг үр дагавар нь Хятад, Монголын хамтын ажиллагаанд муугаар нөлөөлөх явдал юм.
Монголын ашигт малтмал, тэр дундаа зэс, нүүрсний экспортын хамгийн чухал зах зээл нь Хятад улс хэвээр байна. Хэрэв Монгол өрнөдийн ертөнцийн зүг эрс хазайвал Монголын экспорт хязгаарлагдах магадлал тун их.
АНУ-Хятадын харилцаа улам бүр хурцдахад хүрвэл нэн ялангуяа геополитикийн жин багатай бусад улс оронд эдгээр их гүрний аль нэгийг дагах дарамт нэмэгдэх нь дамжиггүй. Л.Оюун-Эрдэнийн онож хэлснээр, их гүрнүүдийн өрсөлдөөн ширүүсвэл Монгол шиг улс орнууд ихээхэн хохирол амсана.
Уг нь цаг уурын өөрчлөлтийн аюултай тэмцэхэд цаг үе улс орнуудын хуваагдал бус даяар нэгдлийг шаардаж байгаа билээ.