Дүүргүүд үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй газар эзэмших эрхийн гэрчилгээгүй иргэдээ нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Чингэлтэй дүүрэгт энэ ажил хэрхэн явагдаж буйг сонирхохоор Салхитын амыг зорилоо. Зорьж очсон газар маань тэндэхийхний ярьдгаар Хайрхан хөгжлийн төвийн урд энгэр. Үерийн эрсдэлтэй бүсэд байсан хоёр айл төв замаасаа хагас буудлын зайтай шинэ газар төвхнөжээ. Ойр орчимд нь айлууд хэзээний суурьшсан газар юм байна. Хашаагаа хараахан бариагүй байгаа аж. Энэ хавь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны долдугаар хэсэгт харьяалагддаг гэж тус хорооны наймдугаар хэсгийн ахлагч Т.Нэргүй сонирхуулав. Ар согоотоос саяхан нүүж ирсэн айлын нэг нь С.Пүрэвсүрэнгийнх. Нөгөө айлынх нь гэрийн эзний охин нь амаржих гээд түрдээ эзгүй байгаа гэнэ.
С.Пүрэвсүрэн: Төртэй гэдгээ сая л мэдэрлээ, ах нь
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн С.Пүрэвсүрэнтэй цөөн хором хөөрөлдлөө.
-Өнөө зун болсон айхавтар үерээр танайх үерт автсан уу?
-Автахаа шахсан шүү. Яг хашааны хажуугаар дайраад өнгөрсөн. Мэлтийсэн их ус ороод ирэх чинь их аймаар юм билээ. Хүн аюулыг үзэж байж л илүү мэдэрдэг юм шиг байна аа, дүү минь.
-Өмнөх газартаа эзэмших эрхийн гэрчилгээгүй байгаад байсан хэрэг үү?
-Эзэмших эрхийн гэрчилгээгүй амьдрах амар биш, сэтгэлд хэцүү шүү дээ. Яагаад амьдраад өнөөдрийг хүрчихсэн бэ гэхээр горьдлого төрүүлээд байсан юм. Сонгууль болохоор л баахан хүмүүс ирээд “Эндээ амьдарч бай, удахгүй шийдэгдэнэ” гэсэн гоё юм яриад явдаг байлаа. Тэгээд байхаар хүнд горьдлого төрнө өө дөө. Тэгж явсаар өнөөдрийг хүрчихсэн хэрэг л дээ.
-Танайх ам бүл хэдүүлээ вэ?
-Ах нь хоёр охинтой. Хоёул тусдаа айл болсон. Одоо ганцаараа амьдардаг. Үйлдвэрчний эвлэлд жижүүрийн албатай. Бүтэн хоног гараад хоёр хоног амардаг юм.
-Ажилдаа явахад хэр цаг зарцуулж байна, автобусны буудал ойрхон уу?
-Хорь орчим минут алхаад л автобусны буудал орчихдог юм. Тэндээсээ ганц автобусанд суугаад ажилдаа оччихдог.
-Цахилгаанаа хараахан шийдээгүй юм байна. Нүүж ирэх зардал мөнгөө яаж шийдэв?
-Цахилгаангүй л амьдарч байна, өнөөхөндөө. Гэхдээ дүүргээс шийдэж өгнө, цахилгааны газар бичиг сачиг өгсөн гэсэн. Хажуухны шонгоос цахилгааны утас татаад л шийдчих юм билээ. Нүүж ирэх зардал мөнгөний тухайд бүгдийг нь дүүргээс шийдсэн. Дүүргийн засаг даргын нөөц хөрөнгөнөөс тэр бүх зардлыг гаргаж байгаа гэсэн шүү. Онцгой байдлынхан нүүлгэж өгсөн, манайхыг. Хэдэн цэрэг хүүхэд их тус боллоо.
-Эндэхийн газрынхаа эзэмших эрхийн гэрчилгээг авсан уу, та?
-Хараахан аваагүй байна. Бүх бичиг баримтаа бүрдүүлээд өгчихсөн. Удахгүй шийдэж өгнө гэсэн. Нэг зүйлийг сүүлийн өдрүүдэд тод мэдэрч байна, ах нь. Ядрах үед гар сунгадаг, сэтгэл гаргадаг, иргэндээ анхаардаг төртэй юм байна гэдгээ. Өмнө нь ийм мэдрэмж огт төрж байгаагүй шүү. Ямартай ч энэ төр иргэдээ ор тас хаячихаагүй л юм байна. Хүн их сонин амьтан юм. Аюулыг яг дэргэдээ ирсэн хойно мэдрээд сая нэг айдас төрдөг бололтой юм. Тэр их усыг харснаас хойш үер усны аюулаас хол байх нь сайхан юм гэж бодох боллоо. Нүүлгэх саналыг шуудхан зөвшөөрсөн минь ийм учиртай. Хэрвээ ийм аюулыг нүдээрээ харж мэдрээгүй бол нүүхгүй суугаад байж мэдэх л байсан.
Г.Эрдэнэбат: Улстөрчид горьдлого төрүүлээгүй бол энд ийм удаан амьдрахгүй байсан
Биднийг Салхитын амнаас Ар согоот руу очиход газар эзэмших эрхийн гэрчилгээгүй айлуудын цахилгааныг таслаад эхэлчихсэн байв. 24 айлын цахилгааныг албадан таслахаас хорь орчим айлынхыг тасалжээ. Наад захын, Сэлбэ голтой хамгийн ойрхон айлуудын нэгнийд очлоо. Хашааны хаалгаа цэлийтэл нээчихэж. Тоосгон байшин, гэр барьсан томоо хашаа угтав.
Энэ хавь Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд харьяалагддаг аж. Хашааны эзнийг Г.Эрдэнэбат гэдэг, энд суурьшаад 14 жил болжээ. Биднийг очиход хэсгийн ахлагч нь байж таарав. 24 дүгээр хорооны хоёрдугаар хэсгийн ахлагч Б.Нармандах “Манай энд хавь газар эзэмших гэрчилгээгүй газрыг гурав, таван саяар худалдаж авсан хүмүүс олон байна. Авсан нь хохирчихож байгаа юм.
Сонгинохайрхан дүүргийн иргэн гэхэд л энэ хавьд тойруулаад арав гаруй газар зарчихсан байх жишээний. Хэлэхээр огт тоохгүй. Чадаж байгаа юманд арга байхгүй, газрын албанд танилтай гэж даналзана. Үнэн хэрэгтээ тийм биш, ингэж худал ярьж хүн хохироодог. Кадастрыг яаж ч хийлгэнэ.
Тавь жаран мянгаар л хийгээд өгчихдөг. Кадастр гарчихлаа гэж найдаад газар авсан хүмүүс эцэст нь хохироод үлдчихэж байна. Г.Эрдэнэбат шиг арваад жил амьдарсан хүмүүсийн хувьд их хэцүү. Ийм айл цөөнгүй бий. Олон жил энэ хэсгийг ахласан учраас надад найдаад байх шиг байгаа юм. Надад тийм мэдэл байхгүй шүү дээ. Хотоос авч буй арга хэмжээ учраас шаардлагыг дамжуулах л үүрэгтэй ажилладаг хүн” хэмээн ярилаа.
УИХ-д нэр дэвшдэг улстөрчид энд амьдарч буй айлуудад горьдлого төрүүлсээр ирсэн гэх шүүмжлэлийг хэлэх хүн олон таарав. 2020 оны сонгуулиар гэхэд л нэр дэвшигчид “Та нар санаа зоволтгүй, гэрчилгээний мөнгө гэж хорин мянган төгрөг хураалгачих” гэсэн зар түгээж байж. Өнгөрсөн сонгуулиар үерийн эрсдэлтэй бүсэд амьдардаг айлуудын чигт цахилгааны шугам тавьж өгчээ. Энэ хавьд зургаан айлын газартай нэг айл бий аж. Тэр айлын эзэн “Сонгуулиар нэг нэр дэвшигч наанаа буучих гээд буулгасан. Зөвшөөрлийг нь гаргаж өгсөн. Өнөө хүн маань гишүүн болсон” хэмээн ярьдаг гэнэ.
Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны иргэн Г.Эрдэнэбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Танайх голтойгоо их ойрхон юм. Энэ зуны үерийн үеэр ямархуу байв, газар эзэмших эрхийн гэрчилгээтэй юу?
-Газар эзэмших эрхийн гэрчилгээгүй. Голтой ойр гээд анхнаас нь өгөөгүй. Манайхыг энд 14 жил амьдрахад нэг ч удаа үер ус орж үзээгүй. Гэв гэнэт энэ жил давагдашгүй үер боллоо. Гэхдээ манай хашаа руу ус орсон ч байшин маань үерт автаагүй. Үерийн үеэр хашаандаа байгаагүй, хөдөө гарсан.
-Танайх нүүх боломжгүй гэж хэлж байгаа айлуудын нэг юм байна. Ер нь нүүхгүй гэж бодож байна уу, эсвэл…?
-Нүүхгүй ээ гээд таг сууж байгаа юм биш. Намар орой болчихлоо. Барьчихсан байшингаа яах билээ. Нүүлгээд аваад явах гэхээр хаана барих вэ гээд асуудал их байна. Ямартай ч өвлөө даваад урин дулаан болтол эндээ л амьдрах хүсэлтэй байна.
-Танай дүүргээс газар зааж өгсөн гэж ойлгосон…?
-Өгсөн газарт нь очих боломжгүй гэж харж байгаа. Салхитын дээд рүү газар зааж өгсөн юм. Машин очих боломжгүй, айлууд шавааралдаад буучихсан юм билээ. Очоод гэр бариад амьдарлаа гэхэд гал гарвал яах вэ. Усны аюулаас холдоод галын аюултай газарт очмооргүй байна.
-Танайх байшингаа хэзээ, хэдий орчим өртгөөр барьсан бэ?
-Ковидын өмнөхөн гуч, дөчин саяын зардал гаргаж барьсан.
-Газар эзэмших гэрчилгээгүй байж байшин барьсан нь том эрсдэл биш үү?
-Арваад жил амьдарч байхад болохгүй бүсэд буусан байна нүүгээрэй гээд шаардсан бол байшин бариагүй үедээ нүүчихэж болох л байсан. Гэтэл хэн ч ирээгүй, нүү гэсэн шаардлага огт тавьж байгаагүй. Саяын үерээс хойш л дүүргээс мэдэгдэх хуудсууд ирж байна. Хашааны хажуугаар цахилгааны шугам тавьж, улстөрчид сонгуульд нэр дэвшихдээ гэрчилгээ гаргаж өгөхийн төлөө ажиллана гэх мэт амлалт өгөөд байхаар хүнд горьдлого төрдөг юм билээ. Гэрчилгээ өгчих байх гэсэн найдлага төрсөн учраас өдий хүртэл амьдарч, байшин барьж төвхнөсөн юм. Улстөрчид горьдлого төрүүлээгүй бол энд ийм удаан амьдрахгүй байсан.