2024-12-27, Баасан
-20.1 C
Ulaanbaatar

Р.Хатанбаатар: Тэр үед Англид сурч байсан Баабар Үндсэн хуулийн төсөл бичиж ирүүлж байсан

АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн асан, Үндсэн хууль тогтоогч, Ардчилсан социалист хөдөлгөөний үүсгэн байгуулагчдын нэг Р.Хатанбаатартай ярилцлаа.

-Та АИХ-ын депутат, 1992 оны анхны Үндсэн хууль тогтоогчдын нэг. Яаж энд хүрсэн бэ?

-Холоос эхлэх хэрэгтэй болно. 1990 онд хуучин байсан систем энэ хэвээрээ оршин тогтнохгүй нь ойлгомжтой болсон.

-Одоо бол ойлгомжтой болсон гэж яриад байдаг. Тухайн үеийн Улс төрийн товчооны гишүүн байсан П.Дамдин гуайтай ярилцаж байсан юм. “Социализм болохоо байлаа гэж хэн нь ч бодоогүй.  Бид социализмыг байгуулна. Дутагдал байна, засна, сайжруулна л гэж явсан” гэж ярьж байсан. Харин танд болохгүй байна гэдэг мэдрэмж яаж төрсөн бэ?

-Би 1980-аад оны сүүлээс Мосвагийн их сургуулийн аспирантурт сурч байлаа л даа. Тэгэхэд Зөвлөлтөд өөрчлөн байгуулалт эхэлчихсэн ид бужигнаж байсан үе. Зөвхөн улс төрийн хүрээнд биш шүү дээ. Ахуйн хүрээнд, оюун санааны хүрээнд бужигнаж байсан үе. Барууны кино үзэл суртал Орос руу цутгаж байсан. ЗХУ дотроо янз бүрийн хөдөлгөөнүүд чөлөөтэй гарч ирж байв. Би 1986-1989 оны үед тэнд байсан юм. Яг жараад оных шиг чөлөөт сэтгэлгээ гарч ирээд, хүмүүс нийгмийнхээ юу нь болж байгаа, болохгүй байгааг хэлээд бужигнаад эхэлсэн үе байсан юм. Тийм болохоор  бид үүнийг мэдэрсэн байсан. Зүүн Европын орнуудад янз янзын юм болж байна гэдгийг мэдсэн. Ялангуяа Москвагийн их сургууль гэдэг сонин газар шүү дээ. Чөлөөт сэтгэлгээтэй. Янз янзын юм их орж ирдэг.

Барууныхан суралцдаг байсан юм уу?

-Ер нь Москвагийн их сургуульд бүх л орноос ирж сурч байсан. Барууныхан цөөн, гэхдээ байсан. Би бол математикийн хүн. Манай математик, хими, физикийнхэн улс төрөөс хол хүмүүс учраас газар газрын л хүмүүс байдаг байсан. Газар газраас цугласан бидний залуус нийгмийн  болох болохгүйг шүүн хэлэлцэхтэйгээ болчихсон. Ихэнхи нь их дээд сургуульд багшилж байгаад очсон гуч гаруй насныхан байсан шүү дээ. Хамгийн энгийн жишээ гэхэд манай МГУ-ын өндөр байшинд арван монгол  аспирант байсан. Хоёр нь эмэгтэй. Нэг нь хэлний, нөгөө нь эдийн засгийнх байсан. Өндөр байшингийн баруун, зүүн зон гэж байсан. Баруун зонд нь Да.Ганболд нарын гурван аспирант байсан. Да.Ганболд эдийн засагч, нөгөөдүүл нь химийнх. Зүүн зонд нь би, математик, физикийн дөрвөн аспирант байсан. Юмаа яриад явдаг байсан.

Сүүлд харж байхад баруун зонд байсан Да.Ганболд нарын дөрвөн аспирант маань Үндэсний дэвшил намынхан болсон. Зүүн зонд байсан бид дөрөв Социал демократ намынхан болсон байсан даа.

  Тэгээд 1989 онд мэргэжил дээшлүүлэхээр хэсэг хүмүүс ирсэн. Иргэн Д.Ламжав, С.Зориг гээд хүмүүс очиж байлаа.

Тэнд бид улстөрийн хувьд өөрчлөлт шинэчлэлт хийх үнэхээр болсон юм байна гэдгийг бүрэн биш гэхэд тодорхой  хэмжээгээр мэдрээд ирсэн байв.

1989 оны хавар би Монголдоо эргэж ирээд их сургуульд ажилдаа орсон.   Тэгэхэд манай сургууль дээр аль хэдийнэ  багш нарын олон янзын бүлгэм, дугуйлан эхэлчихсэн байлаа. Энд тэнд оюутнууд, багш нар цугладаг. Янз бүрийн самбарууд гаргадаг болсон байлаа.

   Оросоос ирэхэд надтай надгүй энд бүх юм эхэлчихсэн байсан.

-1989 оны “Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөн”-өөс бүх юм эхэлсэн юм байх л гэсэн ойлголт явдаг.

-1984 онд перестойка эхэлсэнээс л бүх юм үүдэлтэй.  Болохгүй  юм байна, перестройка маягаар өөрчилмөөр юм байна л гэж боддог байсан. Хувьсгал маягаар огцом биш өөрчлөлт хийх тухай эхэндээ боддог байсан. Сүүлдээ  огцом өөрчлөлт хэрэгтэй юм байна гэж бодогдох болсон.

-Салхи эргэсэнийг мэдэрсэн юм байна. Тэгээд юу хийв?

-Нэгэнт манай факультетийн багш нар, академийнхэн  эхэлчихсэн юманд дунд нь ороод л явна шүү дээ. Тэгээд л явсан.

-Тэр үед хүмүүс гол нь юу ярьдаг байв?

-Манай нийгмийн систем өөрчлөхгүй бол болохгүй байна гэдэг юмыг л ярьдаг байлаа.

-Өөрчлөөд хаана хүрнэ гэдэг тодорхойгүй байсан уу?

-Ямар ч байсан ардчилал гэдэг юм байдаг. Ардчилал бидний оршиж байгаа нийгмээс  арай өөр юм байх ёстой гэдгийг цөмөөрөө ойлгож байсан. Чухам яаж өөрчлөхийг тодорхой  харсан юм байхгүй. Гэхдээ бид  бие даасан байгууллага бий болгох ёстой гэж үзэж,  1989 оны арванхоёрдугаар сарын 28-нд анх тунхаг гаргаж байсан. Тэр тунхаг нь 10 зүйлтэй. Эдгээрийг харвал нийгмийг бүхлээр нь өөрчлөх ёстой, нэг намын  систем гэж байж болохгүй, хүний эрх гэж байх ёстой. Эдийн засгийг зах зээлийн системд  шилжүүлэх  ёстой гэдэг санаа бүгд л байж байдаг юм. Гэхдээ мэдээж хэрэг энийг Монголдоо байсан, Зөвлөлтөд байсан хүмүүс яг ингэж том хэмжээнд ярьж ухамсарлахад эрт байсан үе.  Зүүн Европын орнуудад гарсан өөрчлөлтийн үеэр манай багш нар тэнд олон байсан л даа. Жишээ нь Баабар, А.Ганбаатар Польшид жинхэнэ солидарность хөдөлгөөний үеэр байсан.  Тэд бол биднээс арай илүү харж сонсож үзсэн байсан л даа.

-Тэр үед та ардчилсан хөдөлгөөний удирдагчидтай уулзаж байсан уу?

-1989 оны намар  оюутан аваад Сангийн аж ахуйд явж байхдаа С.Зоригтой ойрхон уулзаж танилцаж байсан.  Тэнд Ардчилсан холбооныхон гээд хэсэг хүмүүс  юм яриад яваад байгааг мэддэг байсан. Их сургууль дээр бас бид юм яриад явсан. Гэтэл  МУИС-ийн гуравдугаар байранд бас  эдийн засагчид маань яриад явааг бас мэддэг байв. 1989 оны сүүлчээс байнгын харилцаатай болсон.

-Харьцангуй сэхээтэнлэг энэ  хэсгийнхэн  МоАХ-ныхонтойгоо  хэр ойлголцдог байв?

-Мэдээж хэрэг санаа бодол зөрөлгүй яах вэ. Жишээ нь МУИС-ийн нэг, гуравдугаар байранд цугладаг байсан математик, физикийнхэн энэ нийгмийн системийг тэр чигээр нь өөрчлөх ёстой гэж үздэг байсан. Харин их сургуулийн хоёрдугаар байранд төвтэй залуучуудын  дугуй зааланд хуралддаг байсан хүмүүс бол нийгмийг өөрчлөх ёстой, Ленинизм гэдэг Марксизмыг гуйвуулчихлаа, байгаа юмаа засъя гэдэг байсан. Тийм болохоор бид санал нийлдэггүй байсан. Их сургуулийн дөрөвдүгээр байр буюу Полийн дээдийн байранд байсан  эдийн засагчид бол эдийн засгийн шинэчлэлийн тухай  л ярихаас биш улстөр ярих сонирхолгүй байсан.  Бидний ярьж байгаа юм өөр байсан. Ийм болохоор шууд нэгдэж болохгүй байсан.

Биднийг нэгдээч гээд Ардчилсан холбооны анхны лидерүүд болох П.Нэргүй гуай, талийгаач Г.Бошигт  нар ирж маш их ярилцаж байсан. Гэхдээ санаа нийлэхгүй байсан.

Тэгээд  Ардчилсан социалист хөдөлгөөн байгууллаа.  Социал Демократ нам  байгууллаа. Баабар анхны дарга нь. Ерэн оны өөрчлөлтийн үед хамгийн анхны их хурлыг хийж, анхны хөтөлбөр тунхаглалыг  гуравдугаар сарын 31-нд гаргаж тавьж байв.

-Та тэгэхээр ардчилсан  хүчнээс депутатаар сонгогдсон гэсэн үг үү?

-Ерээд оны хавар их бужигнасан шүү дээ. Энэ хаврын гол өөрчлөлт нь  гуравдугаар сард БНМАУ-ын 1960 оны Үндсэн хуульд өөрчлөлт оруулж “МАХН-ын удирдан чиглүүлэх чиг үүрэг” гэсэн заалтыг хассан юм. Дараа нь  тавдугаар сард Ардын их хурал  БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн хууль гэж баталсан. Төрийн байгуулалтын шилжилтийн эхний алхам хийсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчтэй байна, байнгын үйл ажиллагаатай парламенттай болно. Засгийн газар нь  кабинетийн зарчмаар ажиллана. Сайд нарын зөвлөлийн дарга бус Ерөнхий сайдтай болно  гээд энэ бүх өөрчлөлтийг 1989 оны тавдугаар сарын 10-ны нэмэлтийн хуулиар  хийсэн юм.

Энэ хууль 1992 оны аравдугаар сар хүртэл үйлчилсэн. Шилжилтийн Үндсэн  хууль гэж үзэж болохоор лут том хууль байгаа юм.

-Өлсгөлөнгийн дараа шилжилтийн асуудал яригдаж эхэлсэн гэсэн үг үү?

-Өлсгөлөн гуравдугаар сард болсон. Үндсэн хуульд хоёр удаа нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Энэ завсар нь Сонгуулийн хууль баталсан.

Өөрөөр хэлбэл тавдугаар сарын 10-нд нэмэлтийн хууль батлагдсанаар Монгол Улсад шинэ улс төрийн систем тогтох нь гарцаагүй болж эхэлсэн гэсэн үг.

Дараа нь Сонгуулийн хууль батлагдаж, ардчилсан сонгууль явуулах цаг болсон.

Ингээд 1990 оны долдугаар сарын 29-нд Монгол Улсад анх удаа ардчилсан сонгууль болсон юм.

Олон намын оролцоотой. Олон нэр дэвшигчидтэй сонгууль болсон шүү дээ. Энэ сонгуулиар би депутатаар сонгогдсон юм. Социал демократ намаасаа нэр дэвшсэн. Монголд тэр үед зургаан нам байв.   Анхны ардчилсан сонгуулиар хоёр сонгууль зэрэг явагдсан. Нэгдүгээрт 430 тойрогт  АИХ-ын  депутат  сонгосон.  Хоёрдугаарт Байнгын ажиллагаатай парламент байгуулахын тулд  Улсын бага хуралд намуудын нэрээр санал авсан юм.  Иргэд аль намыг дэмжиж байна гэж санал өгсөн. Ингээд энэ саналаар  намуудад  суудал хуваарилагдаж Улсын Бага хурал байгуулагдсан юм.  Есдүгээр сарын 13-нд Улсын Бага хурал байгуулагдсан юм.

-Пропорциналь сонгууль хийсэн гэсэн үг үү?

– Пропорциналь сонгууль л даа. Тэр үеийн пропорциналь сонгуулийн онцлог нь намууд хэдэн хүн сонгуульд оруулахаа шийдсэн боловч хэнийг оруулахаа зарлаагүй. Өөрөөр хэлбэл жагсаалт гэж байгаагүй.

Ингээд есдүгээр сарын 13-нд анхны парламент байгуулагдсан. Хамгийн анх хэлэлцсэн асуудал яаж хуралдах вэ гэдэг асуудлаа хэлэлцэж, Дэг баталсан. Ардын их хурал Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг сонгочихсон байсан. Ингээд Засгийн газар байгуулах ажил Бага хуралд ирсэн юм. Гэх мэтээр төр засгаа шинээр эмхлэн байгуулах ажил явсан.

-Үндсэн хуулийн асуудал хэзээ нь орж ирсэн бэ?

-Аравдугаар сарын 4-нд Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг  боловсруулах ажлыг  зохион байгуулах комисс байгуулсан юм. Энэ комисс 16 хүнтэй байв. Дарга  нь Ерөнхийлөгч П.Очирбат. Уг комисст Ерөнхий сайд орсон.  УБХ-ын нарийн бичгийн дарга Б.Чимэд гуай,  дэд дарга  К.Зардыхан, УБХ-ын таван байнгын хорооны дарга, тэр үед байсан зургаан намын дарга гэсэн бүрэлдэхүүнтэй байлаа. Хууль зүйн сайд Ж.Амарсанаа бас орсон.  1990 оны аравдугаар сарын 4-нөөс шинэ Үндсэн хуулийн ажил эхэлсэн.  Би өөрөө тэр комиссын гишүүн байсан учраас үүнийг нарийн мэддэг юм.  Ингээд бид ажиллаж эхэлсэн. Өмнө нь баталсан Үндсэн хуулийн нэмэлтийн хууль бол төрийн байгуулалтын сайн суурь болсон. Бусад  хэсгийг нь цоо шинээр бичих хэрэгтэй болсон.

Хүний эрх, нутгийн захиргаатай холбоотой асуудлууд оруулах хэрэгтэй болсон.

-Хүний эрхийн тухай бүтэн бүлэг орж ирсэн шүү дээ. Хүний эрхийг чухалчлах, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулна гэдэг дэлхийн хандлагатай хөл нийлүүлсэн хэрэг болов уу?

-Ер нь Монгол Улсын дөрвөн Үндсэн хуулийн алинд ч хүний эрхийн асуудал байдаг. Ямар хэмжээнд байх вэ,  яаж хэрэгжих  гэдэг нь л өөр болохоос биш. 1924 оны Үндсэн хуульд ч хүний эрхийн асуудал байсан. Зарим хүний сонгох сонгогдох эрхийг хасах, хориглосон хаасан юм ч нэлээд байсан л даа. 1992 оны Үндсэн хуульд хүний эрхийн хэсэг бол орчин цагийн ертөнцийн хүний эрхийн асуудлыг тусгасанаараа өмнөхөөс ялгаатай. Түүнээс биш манай 1960 оны Үндсэн хуульд ч хүний эрхийг хамгаалсан сайхан заалтууд бий. Яаж хэрэгжиж байсан  гэдэг арай жаахан өөр байж магадгүй.

1990-ээд онд гадны туршлага жишиг судлах гэдэг одоотой адил байгаагүй. Интернет гэж байгаагүй. Англи  хэлтэй  хүн хуруу дарам цөөн байсан. Англи хэл дээрх ном бүр цөөн олддог.

Орос хэл дээр л гадны мэдээллийг голдуу авдаг үе байсан даа. Гэхдээ орос хэл дээр гадны Үндсэн хуулиудыг орчуулаад сайхан ном болгоод тавьчихсан байв.

Бидний дунд их дамжсан ном бол “Хөрөнгөтөн орнуудын Үндсэн хууль” гээд цагаан ном байсан. Арваад орны Үндсэн хуулийн тухай байсан. Бидэнд бол цоо шинэ юм байсан.

Мэдээж хэрэг Б.Чимэд гуай болон бусад туршлагатай хуульч нар бол тэрийг үзэж судалчихсан байсан байлгүй дээ.

-Таны хувьд шинэ Үндсэн хууль батлах явцад ямар оролцоотой байв?

-Энэ комисс 1990 оны аравдугаар сард ажлаа эхлээд 1991 оны дөрөвдүгээр  сар гэхэд анхны төслөө гарган, Улсын Бага хуралд өргөн барьсан шүү дээ. Энэ болтол өчнөөн хэлэлцэж ярилцсан. Олон төсөл гарсан. Сайжруулаад яриад, ярихынхаа хэрээр  сураад мэдэж аваад явдаг байлаа шүү дээ. Тэр үед бүгдийг дээрээс, бүтнээр нь харж явсан хүн цөөн байх.

-Гадагшаа явж туршлага судлах боломж байв уу?

-Тэр үед юу байх вэ дээ. Гэхдээ 1991 оны зун батлахын өмнө  гаднаас хэсэг эрдэмтэд ирж, хүний эрхийн асуудлаар ярилцаж байсан. Гаднаас цөөн тооны эрдэмтэд хоёр гурван удаа ирж, ярилцаж зөвлөсөн юм бий.

-Хүмүүсийн анхаарлыг хамгийн их татсан ямар заалт байв?

-Ардын их хурал 76 хоног хэлэлцсэн. Гэхдээ хамгийн гол  хэлэлцүүлэг 1991 оны хавар Улсын Бага хурал дээр болсон юм.  УБХ дээр хоёр удаа үг үсэг бүрийг хэлэлцсэн. Хамгийн маргаантай яригдаж байсан зүйл УБХ дээр газрыг яах ёстой юм, парламент гэж ямар юм байх ёстой вэ.  Засгийн  газар ямар эрх үүрэгтэй байх вэ. Орон нутгийн бүтэц зохион байгуулалт ямар байх вэ. Прокурор, шүүхийн систем ямар байх ёстой талаар УБХ дээр  бодитой  ажил хэрэгч хэлэлцүүлэг маш их явсан.

-Парламентын  гишүүдийн тоо хэд байх талаар саналууд орж ирсэн үү?

-Янз бүрийн саналууд орж ирсэн. 50 ч гэж орж ирсэн, 99 гэсэн тоо ч яригдаж байсан. 75 гэж тоо байсан. Янз янзын тоо байсан. Эцсийн дүндээ яаж  батлах нь АИХ-ын асуудал байсан шүү дээ. Тийм учраас УБХ тоонд ач холбогдол өгч хэлэлцээгүй.

Харин УБХ төрийн сүлд, далбааны тухай бас ярьсаан. Хэдэн төсөл орж ирээд УБХ- аас дэмжигдсэн хоёр сүлд далбааны төсөл АИХ дээр дэмжигдээгүй шүү дээ. Зураач Ш.Тэнгисболдын хийсэн соёмбо, төрийн далбаа хоёр УБХ-аас дэмжигдсэн. АИХ дээр ороод өөрчлөгдсөн. Дараа нь хоёр удаа  хэлэлцүүлэг хийгээд бүх саналуудаа тусгаад, зохион байгуулах комисс “Ард түмнээр хэлэлцүүлье” гэсэн юм. Тухайн үеийн “Ардын эрх” сонинд төслөө тавиад ард түмнээр хэлэлцүүлсэн.

Тэр үед  ард түмний идэвхи өндөр байсан үе. Улс даяар маш өргөн хэмжээний хэлэлцүүлэг хийсэн. Албан ёсоор олонд яригддаг тоо бол 900 мянга орчим хүн санал гаргасан гэдэг.  Тэр үед сонгогчдын тоо нэг сая 100 мянга байсан гэж бодохоор энэ бол агуу их тоо байгаа биз. Давхардсан байдлаар 200 мянган санал ирсэн. Энэ бүгдийг шүүгээд комисс дахиад ажилласан. Энэ саналуудаа оруулаад УБХ ахиад хэлэлцсэн. Дараа нь АИХ -д өргөн барьсан юм шүү дээ.

-АИХ-ын депутат нарт иргэдээс санал хүсэл их дайдаг байв уу?

– Ард түмнээр хэлэлцүүлэхэд хамгийн идэвхитэй ажилласан хүмүүс депутатууд байдаг. Иргэдээс гарсан тэр олон саналууд депутатуудаар дамжаад бас орж ирж байсан. Улс орон даяар иргэдийн нийгмийн идэвхи асар өндөр байсан үе. Хүн болгон яаж өөрчлөх вэ гэж бодож, санал гаргаж байсан үе.

-Содон саналууд байсан уу?

– Янз бүрийн саналууд байсан. Би Өлзийхутаг гэдэг өвгөнийг санадаг юм. Худалдааны техникумын жижүүр байсан хүн. Энэ өвгөн Үндсэн хуулийн төсөл гараар  жирийтэл бичээд ороод ирсэн юм. Нэг өдөр өгчихөөд, маргааш нь дахиад нөгөөхөө шинэчилж  ороод ирдэг байв. Тэр үед Англид сурч байсан Баабар Үндсэн хуулийн төсөл  бичиж ирүүлж  байсан.

Энэ мэтээр тусдаа төсөл бичиж ирүүлсэн олон хүн бий. Туг далбаан дээр өчнөөн мянган санал ирсэн. Үзэсгэлэн хүртэл гарч байлаа.

Надаар дамжсан нэг саналыг мартдаггүй. Чааваас тэгэхэд сэтгэцийн хувьд тааруухан нэг хүн байсан юм. Том биетэй  аймаар  нөхөр байв.

Тэр сонины тасархай дээр төрийн сүлд, далбаа  гээд зурчихсан гудманд тааралдахдаа өгөөд,  хажууд нь цаасан дээр “Цагаан давааны хогийн цэгт амьдрагч иргэн Ээвэй” гээд биччихсэн байж билээ.   Иргэд тийм идэвхитэй байсан гэсэн үг л дээ.

-430 депутатаас тодорч гарч ирэхэд хэцүү байх. АИХ хэр ододтой байв?

– Ямар ч   олон хүний цуглаан дундаас тодорч гарч ирдэг хүмүүс байсан. Үндсэн хуулийг арваннэгдүгээр сарын 11-нд хэлэлцэж эхлээд, арваннэгдүгээр сарын 26-нд яг Үндсэн хуулийнхаа өдрөөр батлах зорилготой байсан. Хэлэлцүүлгийн эхний шатанд эрхбиш хоёр жил зууралдсан учраас УБХ-ынхан оройлоод явчихсан. Чирээд, нөгөө хэддээ тайлбарлаад явдаг. Нөгөө хэд маань олуулаа, хуулийн төсөл хэлэлцэх туршлагагүй байсан учраас эхэндээ толгой нь эргэсэн. Сүүлдээ танай УБХ-ынхан чинь биднийг  хөтөлж заагаад, өөрсдийнхөөрөө батлуулах гээд байна гэж эсэргүүцсэн. Ингээд ирэхээр бүлэг байгуулагдаж эхэлсэн.  Гол төлөв хөдөө аж ахуйн нэгдлийн дарга нараас бүрдсэн  “Депутатуудын хороо” гэж бий болсон. Хэдэн намын төлөөлөл орсон учраас намуудын төлөөлөл оролцсон бүлэглэлүүд аяндаа байгуулагдаж эхэлсэн. Хэлэлцүүлэг зүгээр нэг олон хүн цугласан хашхираан биш  бодитой явах боломжтой болсон. УБХ -аас дэмжигдсэн нэлээд хэдэн төсөл өөрчлөгдсөн. Ингэж өөрчлөгдөхөд шинэ байгуулагдсан бүлгүүд их нөлөөлж байв. Магадгүй зарим нь жаахан хойш нь татсан ч байж магадгүй. Гэхдээ л хэлэлцүүлэг явуулж чадсан юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img