Өнгөрсөн онд ОХУ-д агаарын тээврийн салбарт гэмтэл доголдол гарах нь эрс нэмэгджээ. Энэ талаар судалгааны компаниас иш татаж The Wall Street Journal сонин мэдээлсэн байна.
Агаарын тээврийн салбарын үйл ажиллагаа доголдох болсон нь 2022 оны хоёрдугаар сард ОХУ Украин руу халдсаны улмаас барууны орнууд энэ улсын агаарын тээврийн салбарын эсрэг өргөнх цар хүрээтэй хориг тавьсантай холбоотой гэж Германы Jacdec судалгааны компани үзэж байгаа аж.
Энэ компанийн судалгаанд дурдсанаар, 2023 онд онгоц эвдэрсэн, гэмтсэн тохиолдол хамгийн багадаа 74 удаа гарчээ. Тухай бүрт онгоц зорчигчтой байсан, хамгийн багадаа гэхэд 19 зорчигч тээвэрлэж явсан аж. Харин хориг нөлөөлөхөөс өмнө буюу 2022 онд ийм тохиолдол ердөө 36 гарч байжээ. Нийтдээ 2023 онд 100 мянган нислэг тутамд 10 эвдрэл гэмтэл гарсан бол 2022 онд ердөө таван тохиолдол гарч байсан гэдгийг судалгааны компани онцолжээ.
Хэдийгээр эвдрэл гэмтлийн тоо хоёр дахин нэмэгдсэн ч том онгоц сүйрсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Өнгөрсөн онд Орост гарсан, хамгийн их хохирогчтой онгоцны сүйрэл нь “Вагнер” цэргийн компанийн эзэн Пригожиний хувийн онгоцны осол байлаа. 2023 оны зургадугаар сард болсон энэ ослын улмаас “Вагнер”-ын эзэн Евгений Пригожин, тус компанийн командлагчид зэрэг нийт 10 хүн амиа алдсан. Энэ ослын шалтгааныг албан ёсоор тогтоогоогүй, мөн ослын мөрдөн шалгалтын явцыг нууцалсан юм.
Пригожиний онгоцны сүйрлээс гадна олны анхаарлыг татсан, ноцтой нэг хэрэг 2023 оны есдүгээр сард гарч байлаа. Тухайн үед “Уральские авиалинии” агаарын тээврийн компанийн зорчигч тээврийн онгоц нислэг үйлдэж байх үеэр гидросистем нь эвдэрч, улмаар Новосибирск мужид зориулалтын бус газар буюу хээр тал дээр газардаж байв. Тухайн үед онгоцонд 161 зорчигч байсан, ослын буултын үеэр азаар хүний амь нас эрсдээгүй юм.
Хэдийгээр ихэнх тохиолдолд ноцтой хохирол эсвэл хүний амь нас эрсдэлд орохоос зайлсхийж чадсан ч онгоцонд байнга техникийн гэмтэл гарч байгаа нь зорчигчдод ихээхэн эрсдэл нүүрлэж, нисгэгчид ирэх дарамт нэмэгдэж байгааг агаарын салбарын шинжээчид анхааруулсныг WSJ сонин онцолжээ.
Шинжээчдийн онцолсноор, чухамхүү хориг арга хэмжээний улмаас шаардлагатай сэлбэг, техник үйлчилгээг Оросын компаниуд авч чадахгүй болсны улмаас агаарын салбарын үйл ажиллагаа доголдох болсон байна.
Учир нь Украины эсрэг өдүүлсэн дайныг зогсоохын тулд ОХУ-д дарамт шахалт үзүүлэх зорилгоор барууны орнуудын тавьсан хоригт онгоц үйлдвэрлэгч барууны компаниуд Оросын агаарын тээврийн компаниудын онгоцонд үйлчилгээ үзүүлэх, онгоцны сэлбэг нийлүүлэхийг хориглосон юм.
Хэдийгээр Оросын агаарын тээврийн газар онгоцонд эвдрэл гэмтэл гарах тохиолдол нэмэгдээгүй гэж албан ёсоор мэдэгдсэн ч Оросын хараат бус хэвлэлүүд онгоц эвдэрч, гэмтсэний улмаас нислэг хойшлогдсон, нисэж явсан онгоц эргэн яаралтай газардах шаардлагатай болсон тохиолдлуудын талаар мэдээлсээр байгаа юм.
Тухайлбал, “Новая газета Европа” сонины мэдээлснээр, 2023 оны нэгдүгээр сараас наймдугаар сарын хооронд иргэний агаарын тээврийн онгоц эвдэрч гэмтсэн 120 тохиолдол гарсан нь ердийн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт хэмээн мэдээлж байлаа.
Хамгийн сүүлд гэхэд л, 2024 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Оросын S7 агаарын тээврийн компанийн зорчигч тээврийн онгоц 170 зорчигчтой нисэж яваад агаарт хөдөлгүүр нь эвдэрч Москвад шуурхай газардаж байв. Он гарснаас хойш, нэгдүгээр сард Оросын агаарын тээврийн онгоц нисэж явахдаа эвдэрсэн, ажиллагаа нь доголдсоны улмаас шуурхай газардсан тохиолдол таван удаа гарчээ.