2024-12-26, Пүрэв
-26 C
Ulaanbaatar

Алтан мөнгөн аргайтай Алтайн их зохиолч

 “Эргүүлэг”, “Тэнгэрийн гэсгээл”, “Чулуун хаалга”, “Хөрмөг”, “Усны гудамж”, “Сүнс сүүдэр”, “Цаг цагийн урсгал” зэрэг 12 роман, “Гурван говийн зэрэглээ, “Уулын намар”, “Ирэх шувууд буцна” “Айлын бүсгүйг мартахгүй”, “Суварган цэнхэр уул”, “Жин үдийн говь”, “Ойр алсын тэнгэр”.., гээд 100-аад тууж, “Азын цэнхэр уул”, “Элсний нүүдэл”, “Мөнх тэнгэрийн хаяа” зэрэг түүврүүдэд орсон 800 гаруй өгүүллэг бичсэн Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Д.Нацагдоржийн шагналт, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Санжийн Пүрэв ХХ зууны монголын уран зохиолын хүүрнэл зохиолын ертөнцөд гарын таван хуруунд багтахаар цөөхөн төрсөн авьяаслаг уран бүтээлчдийн нэг нь билээ.
Зохиолч С.Пүрэвийн олноо алдаршсан өгүүллэг болох “Азын цэнхэр уулс”. Уг өгүүллэг нь хүйтэн дайны үед гарсан энэ төрөл зүйлийн дотор шинэчлэл хийсэн бүтээл. Учир нь тухайн үед алив бүхнийг нийгмийн дайсан, дарлагч анги, дарлагдагч анги, манай тал ба дайсны тал буюу Оросын тал, Америкийн тал гэж зааглан үзэж байсан бөгөөд зохиолд нэг сайн талын дүр, нэг муу талын дүр заавал байна, тэрхүү муу дүр нь сайн дүрийн нөлөөгөөр, намын үүрийн даргын ачаар зөв замдаа орох ёстой гэсэн хэвшмэл загвартай байсныг зохиолч С.Пүрэв “Азын цэнхэр уулс” өгүүллэгээрээ эвдэн шинэчилсэн.
Энэхүү өгүүллэгт ямар ч эсрэг талын дүр байхгүй, Их говиос Алтайн уулс уруу зүглэсэн нүүдлийн замыг зурагласан агаад үдэш гадаа унтахаар гарсан Цогтбаяр, Гэрэлмаа нарын уярам гэнэн өгүүлэмжээр монгол хүний оршихуй, уудам дэлгэр нутагтаа үр ачаа үлдээхийн утга учир, амьдрал хэмээх ачааг хөтлөн даваа бүхнийг давахын жаргалыг нээсэн нь манай уран зохиолд шинэчлэл болж, Д.Нацагдоржийн “Шувуун саарал”-аараа эхлүүлсэн натур дүрслэлийг бодитой болгож чадсан билээ.
Зохиолч С.Пүрэвийн бүтээлүүд дотор томоохонд тооцогдох “Уулын намар” гэх нэгэн тууж бий. Уг туужид төмөр замын бяцхан суурингийн гурван гэр бүлийн амьдралаар эмэгтэй хүний дотоод сэтгэхүй, сэтгэлийг нээсэн нь уран. Туужийн гол дүр Алимаа. Зохиолч туужаа би баатрын дүрээс өгүүлэх бөгөөд тэрхүү би баатар нь Алимаа юм.
Өөрөөр хэлбэл: «… Зөрүүд ч юм шиг энэ хачин эрийг Муна гуай дахин ухуулж учирласангүй. Угаас олон таван үггүй хүн дээ. Над уруу эргэж –Тэгвэл Алимаа минь үлдэж цаад хоёртоо тусал! Бид ч юу удахав. Доод тохойд хэдэн дэр мод солих ёстой гэсээр тэд явлаа…» (Пүрэв.С. Уулын намар. УБ. 1977. хуудас 16-17) гэсэн байна. Энд дүрслэгдэж буй Алимаагийн дүрээс зохиолч хүүрнэн дүрсэлж байгаа бөгөөд эмэгтэй хүний биеэс хүүрнэнэ гэдэг нь эрэгтэй зохиолчид тэр бүр байдаггүй дүрслэл зохиомж юм.
ХХ зууны манай сод найрагч Б.Явуухулан “Мөнгөн хазаарын чимээ” шүлгээ амрагаа хүлээн буй бүсгүйн сэтгэлээр бичсэн байдаг нь содон дүрслэл болж монголын яруу найргийн түүхнээ үлдсэн байдаг билээ. “Уулын намар” туужийн Алимаа, Содгэрэл нар бол эмэгтэй хүний сэтгэлийн хоёр талыг нэг нэг дүр болгон үзүүлсэн, тодруулбал Алимаа аливаад хүлээцтэй, ухаалаг, уян, гэнэн цайлган бол Содгэрэл сэргэлэн, хөнгөн, аливаад өөрийн биеийн үнэ цэнээр ханддаг бүсгүйчүүд. Уг хоёр бүсгүйн гадаад төрх гэхээсээ дотоод сэтгэлийг нарийн дүрсэлсэн нь гайхалтай агаад үл ялиг хөдөлгөөн, төрх байдлын өгүүлэмжээр сэтгэлийг нь нээсэн нь чадмаг.
Тухайлбал Алимаагийн хүүхэдтэй айл нүүж ирнэ гэх сургаар уяран догдолж байгааг: «…Би орны толгой түшин тонгойж гал залуу насандаа үр тэвэрч аав ээж болсон тэр азтай хүмүүсийг бодлоо…» (Пүрэв.С. Уулын намар. УБ. 1977. хуудас 7) гэх буюу «…Би түүнийг өөртөө дасгаж, оюун санаандаа багтаах гэсэн адил нүд цавчилгүй харсаар л байв. Харах тусам гурван жилийн хугацаанд олж хараагүй сайхныг би Цэнгэлээсээ үзэж, ийм хүнтэй ганц сайн хэрэлдэх хуна хэмээн тавьтаргүйтэж байснаа санан уймарлаа…» (Пүрэв.С. Уулын намар. УБ. 1977. хуудас 42-43) гэж дүрсэлсэн байна.
Мөн Содгэрэлийг «…Нацаг орон дороос хоёр гутлы нь авч өгөн, өөрөө гадуур хувцсаа өмсөв.
Содгэрэл толины өмнө очиж тонгойн үсээ илснээ эргэж, чухамдаа жаргал бэлэглэж чадсан ханиа бардам сайхан харж –Миний найз, хүүгийнхээ хувцсыг угааж байна уу. Ийм сайн шүү гэсээр хацры нь илэв…» (Пүрэв.С. Уулын намар. УБ. 1977. хуудас 32) гэх буюу «…Содгэрэл одоо бүр шал өөр хүн шиг ихэмсэг дуугаар
–Би таныг мэднэ! гэж үл тоосон байдалтай хэлэв. Содгэрэлийн харц туяаран, инээхгүй ч инээд нь харцнаа илэрч байхыг ажваас энэ тэнгэрлэг эрийг өмнөө бүрэн сөхрүүлэхсэн гэсэн этгээд хүслэн, бүхнийг давж гарах эрмэлзэл мөн байлаа…» (Пүрэв.С. Уулын намар. УБ. 1977. хуудас 61) гэж мөн «…Жаргал гитарын утсаа шувтран, уулын нугад ургасан цэцэгний тухай нэгэн дууг цуурай татуулан дуулав.
Содгэрэл өвдгөө хормойдоо тунтуйлан, хүсэж цөхөрсөн харцаар намайг, дараа нь Жаргалыг харснаа царай нь үл ажиглагдам хувьсхийж газар ширтэв. Эмэгтэй хүний минь хувьд тэрбээр сэтгэлийн шаналан зовлонгоо надтай хуваалцаж буй нь тэр байх л даа…» (Пүрэв.С. Уулын намар. УБ. 1977. хуудас 42-79) гэх мэтээр яг л эмэгтэй хүний сэтгэлээр зураглан дүрсэлсэн байх нь С.Пүрэв гэдэг энэхүү өргөмөл эцгээ ухаан ороогүй байхдаа алдаад ээж, эгч гэх хоёр бүсгүйн хайр халамжид хүн болсон зохиолчийн дотоод сэтгэлийг харуулах аж.
ХХ зууны манай роман бичлэг, түүний дотор хэлмэгдүүлэлтийн сэдвээр гарсан зохиолууд дотор томоохонд тооцогдох зохиол бол С.Пүрэвийн “Усны гудамж” роман. Романд цэргийн даргын эхнэр болж нийслэлд, тэр дундаа Усны гудамжинд ирсэн хөдөөх охин Өлзиймаагийн дүрийг зүрх шимширтэл дүрсэлсэн агаад Өлзиймаагийн хайртай ханийг нь нэг шөнө халуун өврөөс босгон баривчилж одно.
Хэл сураггүй болсон нөхрөө бэтгэртлээ хайж, нутгийн гэх Хуягтын хүчинд автан нүднийхээ галыг бөхтөл бараа, чимээ хайсан бүсгүйн дүрийг нэн урнаар үзүүлсэн буй. Энэ сэдвээр гарсан С.Эрдэнийн “Хойт насандаа учирна” романы Цэвэлмаагийн дүртэй төслөг Өлзиймаа нь манай хүүрнэл зохиолын ертөнцөд дүрслэгдсэн эмэгтэй дүрүүдийн дотор онцгой тод байртай.
Нүүдэлч монгол хүн тэр дундаа бүсгүй заяанд оноогдсон балчир охины хайр сэтгэлийн нандин сайхныг «…Энэ хүртэл Өлзиймаагийн нууцыг ганцхан ээж нь л мэддэг байлаа.
Өлзиймаа тэр нууцаа дөрвөн жилийн өмнө цайлган томоогүй насандаа ээждээ хэлжээ. Тэр нь Цогтын захидлаас улбаатай, ном эрдэмд шамдах, аав ээждээ өлзийгөө өгч хүнлэг өөдрөг явах, сайн сайханд итгэж тэмүүлэх баахан номчирхуу атлаа үнэн үгтэй захидлын дотор “Чамайг их л санаж суух юм даа” гэсэн сэрхийсэн үг орсон нь охин насаа үдэж буй түүнд баярлах гайхахыг зэрэг авч иржээ.
Би чинь хүнд, бүр холын холд яваа хүнд санагдах болчоо юу гэхээс хөөрч догдлохын зэрэгцээ хээрийн салхинаас хүртэл ичиж эмээх шинэ зовлон авч ирэх мэт болов. Юутай ч “Нас минь болжээ” гэсэн нэгэн санаа охин насны нь орчлонг тэр чигээр нь эвдэв. Өлзиймаа тэр захидлыг өвөртлөн өдөржин цээжээ төөнүүлж яваад орой нь үдшийн бүрий дундуур хурга ишигтэй хөөцөлдөж явахдаа ээждээ хэлжээ.
Тэгэхдээ тэрбээр гэнэ алдсан ч үгүй, ер нь л ээждээ хэлмээр санагдаад болсонгүй…» (Пүрэв.С. Усны гудамж. УБ. 1990. хуудас 12-13) гэх буюу «…-Ээж ээ, Цогт ах сайн хүн биз? Ээж нь удаан дуугүй байснаа тэрүүхэндээ санаа алдан сэтгэлийн уймраагаа гарган амсхийж, -Сайхан хүү байгаа юм гэж хоолойгоо солонгоруулан хэлэв…» (Пүрэв.С. Усны гудамж. УБ. 1990. хуудас 14) гэж дүрсэлсэн буй.
Мөн «…Ийм л яриа болж өнгөрсөн. Түүнээс хойш жил бүрийн цагаан сараар Өлзиймааг Цогтын аав ээжид очиж золгуулдаг болжээ. Айж сүрдмээр ч гэлээ ээж нь нутгийн хөгшдөд очиж золго хэмээн заавал явуулна.
Цогтын аав ээж хоёр Өлзиймааг эрхмийн дээдэд хүндлэн “Багачуулаас ёс мэддэг нь манай Өлзиймаа” гэж ихэд тоон идээ цагааны дээжээ барьж хөл алдана. Холд яваа хүүгээ дурсан нүүрийг нь улалзуулна…» (Пүрэв.С. Усны гудамж. УБ. 1990. хуудас 14) хэмээн уярам намуунаар дүрсэлж монгол хүмүүсийн бие биеэ элдэв олон үггүйгээр ойлголцох, үйл үйлдлээрээ нэгнээ ухааран, хаяа хатгаж, ханаа түшилцэхийн сайхныг нээсэн нь бишрэм агаад энэ бүхэнд бүсгүй хүний байр суурь онцгой байдгийг харуулсан нь бахтай.
Түүний дараагийн бас нэгэн содон бүтээл болох “Цаг цагийн урсгал” романд «…Мягмар том боржин хадан дээр наранд борлосон шилбээ гялалзуулан жаргалтай инээмсэглэж зогсоно. Уулын мухарт бид урт удаан хугацаагаар амьдарч бие биедээ дассанаас ч тэр үү, Мягмар хүнд байх л ёстой тэгш сайхан юмнаас нэг нэгийг авч төрсөндөө эрчүүл бидний харцанд өртөж баярлуулахы нь баярлуулж, багтруулахы нь багтруулж явдаг болов уу гэсэн бодлыг би бүүр хожим өөрөөсөө олж билээ.
Түүний мэнгэ, Хэнтийн наранд гялталзсан гил хар гэзэг, жижигхэн ч гэсэн яралзсан цагаан шүд, итгэлээс бусад юмыг сормуусандаа ч хүргээгүй болов уу гэмээр унаган нүд хүнд өртөхгүй байна гэж үү дээ.
Орчлон биднийг тэнцүүлэхдээ эрчүүлээ баярлуулж жаргааж яваарай гэж эмс охиддоо аль байдаг нандин нарийн юмаа өгсөн нь энэ дээ гэж би итгэдэг юм…» (Пүрэв.С. Цаг цагийн урсгал. УБ. 1986. хуудас 54-55) гэж Мягмар гэх энхрий жаахан бүсгүйг дүрсэлсэн бол романы бас нэгэн дүр болох Цэцэгдарийг «…Нар салхинд цөөхөн гардаг болов уу гэмээр эрвэлзсэн цагаан бүсгүй байлаа. Дүнгэрийн ажсанаар Цэцэгдарийн дух, хамар, нүд хөмсөг эцэгтэйгээ жигтэйхэн адилхан харагдав.
Алхаж гишгэж байх нь хүртэл бүр нэг хүрээ газрын язгуурт эмэгтэйн намба төрхтэй дөлгөөн аядуу, өмсөж зүүсэн нь даруу, бүх л талаараа Дүнгэрийн харц булаана…» (Пүрэв.С. Цаг цагийн урсгал. УБ. 1986. хуудас 236) хэмээн дүрсэлсэн байдаг.
Энд дурдсан хийгээд эс дурдсан олон баримтуудаас үзвэл зохиолч С.Пүрэвийн бүтээлүүдийн эмэгтэйчүүдийн дүрүүд нь илүүтэй товойн харагдах ба энэ шинжээрээ манай өгүүллэгийн их мастер С.Эрдэнийн бүтээлүүдтэй ижил. Учир нь энэхүү хоёр их уран бүтээлч хоёул багадаа ааваасаа өнчирч ээж, эгч, охин дүүтэйгээ үлдэн хүүхэд насаа өнгөрүүлсэн ижил намтар дурдатгалтай нь холбоотой болов уу.
Ер нь бага насны амьдрал хүний цаашдын төлөвшилд гүнзгий нөлөө үзүүлдэг агаад энэ тухай дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн олон үзэл онол бий. Тэдгээр үзэл онолууд нь цөм хүмүүний үүсэл гарвалын тухай үлгэр домог, онго шүтлэг, хорио цээр бүхэнтэй холбогдох ба дэлхийн ууган үндэстнүүдийн нэг болох монгол хүний мөн чанар, монгол ардын үлгэр домог, хорио цээр бүхэн мөн л тэрхүү хүмүүний үүсэл гаралд тулах бөлгөө.
Өрнийн домог зүйд: Хамаг бүхний анхдагч эхлэл болох Гея-Газар нь Уран-Тэнгэрийг өөрөөсөө төрүүлээд, тэр даруйдаа түүнтэй гэрлэдэг. Энэ гэрлэлтээс төрсөн хүүхдүүд нь аварга биет титанууд бөгөөд Океан, Кой, Крий, Гиперион, Иапет, Кронос зэрэг зургаан эрэгтэй, Тефида, Феба, Мнемосина, Тейя, Фемида, Рея зэрэг зургаан эмэгтэй байдаг. Харин аварга биет титануудыг Уран өөртэй нь бэлгэсийн өрсөлдөгчид болохоос өрсөн доод тивийн тамын орон Тартар руу илгээдэг.
Гэтэл бүх эрчүүдийн эхнэр байхыг хүсэгч Эх-Газар титануудын нэг Кроност туслах аж. Тодруулбал Ураныг хадуураар засч агтлан, Кроносыг орчлон ертөнцөд үнэмлэхүй эрх мэдэлтэй болгожээ. Бэлгийн өрсөлдөгч эцэг Уранаа дарсан Кронос чөлөөлөгдсөн даруйдаа Эх-Газартай гэрлэнэ.
Газар эхийн нэр Гея биш, Рея болон солигдсон байдаг. Орчлон ертөнцийн эзэн болсон Кроносын үйлдэл нь басхүү бэлгийн сэдэлд орооцолдсон байдлаас үл ангижрах ба тэрбээр Реятай харьцах харилцаандаа бэлгийн өрсөлдөгчгүй байх зорилгоор бүх хүүхдээ залгисаар байна. Харин Рея эцэгт нь чулуу залгиулан хуурч Зевс нэрт нэг хүүгээ аварч, Дикта уулын агуйд ямааны сүүгээр тэжээж өсгөжээ.
Зевс тийнхүү өсөж том болон эрийн цээнд хүрээд, шидэт ундаа ууж мөнөөх л бэлгийн дур хүслээсээ болж Кроностой тэмцэлдэн түүний гэдэснээс ах, эгч нараа гаргаж, бас титануудтай тулалдан номхотгож Кроносын хамт титануудыг Тартар руу илгээгээд өөрөө бас Эх-Газартай гэрлэнэ.
Энэ удаа газар эх Рея биш, Гера дүртэй болсон байдаг. Энэхүү домогт өгүүлж буйгаар Олимпийн бурхад цөм ураг дотроо гэр бүл болцгоох ба гол нь өөрийн гэр бүлийн эсрэг хүйст үр хүүхдүүдийг ямагт өөрийн бэлгийн өрсөлдөгч хэмээн үзэж Тартар уруу тонилгох аж.
Энэ мэтийн гэр бүлийн доторх хүйсийн харьцаа тэдний зөрчил, таталцал түлхэлцлийн тухай манай үлгэр домогт ч өгүүлнэ. Тухайлбал монгол ардын “Алтан мөнгөн аргай” үлгэрт: Найман зуун адуутай, найман настай Чагаа хүүтэй Намтай мэргэн гэдэг өвгөн дүрслэгдэнэ. Нэгэн удаа өвгөнтэй мангас уулзаж: Насан болсон амиа өгөх үү? Найман зуун адуугаа өгөх үү?
Найман настай хүүгээ өгөх үү? гэхэд өвгөн хүүгээ өгөхөөр тохирдог. Улмаар хүү найр алаг морь, үнэг, бухан бяруу, ээжийн самны хугархай, аавын билүүний хэлтэрхий зэргийн тусламжтайгаар мангас эмгэнээс мултарч гэртээ ирдэг. Аав нь адуундаа яваад эзгүй байсанд ээж нь уйлан хайлан хүүтэйгээ уулзаж: Ээж нь хүүдээ хонь гаргахаар үнхэлцэгийг нь тавьдаг юм. Тэгэхээр аав чинь уурлаж намайг зоддог, миний хүү авдрынхаа ард нуугдаад байгаарай гэнэ.
Аав нь орой ирээд хонь гаргахад ээж нь хүү минь ирээсэй үнхэлцэг зүрхийг нь тавих сан гэхэд аав нь уурлаж хуурай модыг хугартал, нойтон модыг ноцтол ээжийг нь зоджээ. Үүнийг сонссон хүү авдрынхаа араас гарч ирээд, үхээгүй хатаагүй хүүд үнхэлцэг, зүрх тавих ёстой, аргай аргай түг гээд аавынхаа толгойг хага цохиж алаад ээжтэй хамт амар сайхандаа жаргажээ гэж өгүүлдэг.
Энэхүү үлгэр нь мөн л гэр бүлийн доторх эсрэг хүйсийн тэмцэл, бэлгэсийн өрсөлдөгчдийн тухай өгүүлэмжтэй юм. Түүнчлэн XIII  зууны үеэс шууд уламжилсан бүтээл гэгддэг “Алтан ордны үйсэн дээрх бичиг”-т «Эмгэг зовлонд бүү дайрагд, Эгүс дэгд чагаа мину» хэмээн эх хүний хүүдээ хандсан шүлэглэл байдаг. Энд дурдагдан буй чагаа гэдэг үгтэй “”Алтан мөнгөн аргай” үлгэрийн хүүгийн нэртэй тохирч байгаа нь сонирхолтой агаад чагаа гэх уг үгийн тухай профессор С.Дулам цагаан гэдэг үгийн багасгал бөгөөд нялх балчир гэсэн утга илэрхийлдэг гэсэн байна.
Энэхүү үлгэрт гарч буй Чагаа хүү нь эхтэйгээ янаг (янаг гэдэг нь инагши буюу нааш ойр гэсэн утга илтгэнэ Г.Б) дотно харьцах ба зөвхөн ээжийнхээ үгэнд орж түмэн хониныхоо түрүүнд явдаг түнтгэр бор иргээрээ хүнс хийх, найман зуун адууныхаа түрүүнд явдаг найман хөлтэй найгал алаг мориороо явах зэргээр дүрслэгдэж байна.
Эдгээр үлгэр домгуудад дүрслэгдээд байдаг гэр бүлийн доторх бэлгийн зөрчилдөөн хүн төрөлхтөний сэтгэхүй, сэтгэл зүйд ямагт байсаар ирсэн агаад үүнийг сэтгэл зүйч З.Фрейд /Sigmund Freud/ (1856-1939) нарийвчлан судалж “Зүүдний тайлал” /The Interpretation of Dreams, 1900/, “Өдөр тутмын амьдрал дахь сэтгэц эмгэг судлал” /The Psychopathology of Everyday Life, 1901/ болон “Онгон шүтлэг ба хорио цээр” /Totem and Taboo, 1913/, “Олон түмний сэтгэл зүй ба хүн төрөлхтөний би-д дүн шинжилгээ хийх нь” /Psychology and the Analysis of the Ego, 1921/ зэрэг бүтээлүүддээ томьёолж далд ухамсар гэж үзээд “Эдипийн цогцолбор”, “Электрагийн хүсэл” гэдэг ойлголтоор тайлбарласан бол К.Г.Юнг /Carl G. Jung/ (1875-1961) өөрийн “Би болон ухамсаргүйн хоорондын харилцаа” /Relations between the Ego and the Unconscious, 1928/, “Сэтгэл судлал ба шашин” /Psychology and Religion, 1940/ болон “Ухамсаргүйн дүрүүд” /Formations of the unconscious, 1950 / зэрэг бүтээлүүддээ аналитик сэтгэл зүйн онолыг боловсруулж эрэгтэй, эмэгтэй хүний дотор эсрэг хүйсийнх нь шинж хадгалагдаж байдаг гэж үзээд эрэгтэй хүний эмэгтэйлэг талыг Анима, эмэгтэй хүний эрэгтэйлэг талыг Анимус хэмээн томьёолсон буй.
Эдгээр сэтгэл зүйн далд шинж чанарууд нь урлаг уран зохиолд илрэх нь нэн түгээмэл агаад манай үргэлжилсэн үгийн зохиолын  нэрт төлөөлөгч С.Эрдэнэ л гэхэд Анимагийнхаа хүлээснээс ер ангижирч чаддаггүй уран бүтээлч байсан нь уран бүтээл болон өөрийнх нь намтарчилсан эсээ туужаас нь тод харагддаг билээ.
Тодруулбал зохиолч С.Эрдэнэ өөрийн амьдралын намтар дуртгалаа нэн урнаар хамгийн гол нь чин үнэнээр нь буюу эхнэр уншчих болов уу, үр хүүхдүүд юу гэж бодох бол гэх хар амьдралын хүлээсэнд баригдалгүйгээр сайхан бичиж үлдээсэн нь түүний “Халхын заяат харгуй” гэх эсээ тууж билээ.
Ийнхүү бичсэн нь С.Эрдэнэ гэдэг зохиолчийг судлахад нэн дөхөмтэй болгоод зогсохгүй түүнийг дэлхийн хэмжээний том уран бүтээлч гэдгийг нь нотлон харуулж үүгээрээ түүний амьдралын бүхий л эрээн бараан нь цагаадан өршөөгдөж, зохиолч хүн ийм л дахин давтагдашгүй өвөрмөц амьдрал, замнал туулж, нийгмийнхээ тогоонд бүрэн чанагдаж, бас түүнийг сөрөн зогсож, сэтгэл зүйн хариу урвалд орж байж сая уран бүтээлүүд нь жинхэнэ шимтэй болдог ажээ гэсэн ухаарлыг дараа үеийнхэндээ өгсөөр байдаг. С.Пүрэв гуай ч бас ийнхүү намтар дурдатгалаа бичээсэй билээ…
Түүнчлэн гоо зүйн сэтгэлгээний үүсэл хөгжлийг тайлбарласан олон онол сургаалуудын нэг болох Г.Спенсерийн таамаглалаар урлаг нь нэг төрлийн сэтгэцийн өвчин бөгөөд хаа ч байхгүй хүмүүс хийгээд хэзээ ч тохиолдоогүй үйл явдлуудыг төсөөлөн зохиомжлох нь нэг төрлийн солиорол юм гэж үздэг.
Түүнчлэн нөгөө хэсэг нь тэрхүү хуурмаг төсөөллөөр бий болсон урлагт тухайлбал уран зохиолд шимтэн татагдаж “Азын цэнхэр уулс”-ын Гэрэлмаатай уяран од ширтэж, “Уулын намар”-ын Алимаатай ухаажин галт тэргээр одож, “Усны нудамж”-ийн Өлзиймаагийн шаналалд тарчлан уншсаар байх нь мөн л солиорол агаад энэхүү өвөрмөц шизог тайлан тайлбарлах оролдлого нь улам бүр гүнзгийрсээр шизоанализ гэх онолын ойлголтод хүрчээ.
Шизоанализд “Эдипийн цогцолбор”-ыг нурааж Эдипийн бус ухамсаргүй гэдэг ойлголтыг бий болгосон агаад өөрөөр хэлбэл Эдипийн цогцолбороос цааших сэтгэц, сэтгэхүйн гүн үрүү орж хүний оршихуйн мөн чанарыг тайлан тайлбарлах болжээ.
Тэрхүү шизоанализийн үүднээс үзвэл манай орчин үеийн уран зохиолд:
  1.  Ганцаардахуйн шизофрени буюу Д.Нацагдоржийн хам шинж
  2. Сэтгэл хөөрлийн синдром буюу Б.Явуухулангийн хам шинж
  3. Анимагийн хүлээс буюу С.Эрдэнийн хам шинж
  4. Садомазохизмын невроз буюу Б.Лхагвасүрэнгийн хам шинж гэсэн үндсэн дөрвөн
төрлийн шизо сэтгэхүйн өнгө аяс байгаа бөгөөд тэдгээрийн гурав дахь буюу эмэгтэй хүнийг ямагт сайхнаар дүрслэх, зөөллөх хандлага нь манай орчин үеийн уран зохиолд нэлээд томоохон байртай дүрслэл юм.
Энэхүү Анимагийн хүлээс буюу С.Эрдэнийн хам шинжид хамаарах алтан, мөнгөн аргайгаа атгаж төлөвшсөн бас нэгэн уран бүтээлч бол С.Пүрэв гэдэг нь түүний уран бүтээлээс харагдсаар байх ба Горькийн сургуулийн тодорхойлолт дээр «эмэгтэйлэг зохиолч» гэж бичсэн нь ч үүний нэгэн нотолгоо юм.
Зохиолч зохиолынхоо гол дүр байдаг ёсоор дээр өгүүлсэн “Цаг цагийн урсгал” романдаа С.Пүрэв зохиолч өөрийгөө хоёр хувааж “би” баатар болон “Хатантөмөр” гэсэн нэрээр дүрсэлсэн байгаа нь анхаарал татна.
Ар Жаргалантын модны бригадад ирсэн Улаан Жамсрангийн хүү Хатантөмөр, ирмэгцээ би баатартай дотно танилцан нэг хөрөөнд сууж ажлын ихийг нугалах ба бригадын дарга Дүнгэрийн хүү Батзааны эхнэр жаахан Мягмарыг оргуулан одохдоо “би” баатарт итгэн хамаг түүхээ бичсэн дэвтэрээ үлдээдэг. Өөрийн “Би”-гээ ийн хувааж дүрсэлсэн нь зохиолчид «Мягмарыг хэрхэн хайрлаж байгааг, дагуулан одож байгааг болон үлдсэн хүмүүсийн хувь заяа хэрхэн үргэлжилж байгааг, Хатантөмөрийг Улаан хэмээх Жамсрангийн хүү шүү гэдгийг уншигчдад мэдүүлэх боломж»-ийг олгожээ.
Энэхүү зохиомжийн шийдлийг зохиолч өөрийн эрхгүй хийсэн нь тодрох ба эмэгтэй хүнийг хайрлан дүрслэх сэтгэл мэдрэмж нь ганцхан Хатантөмөрийн дүрд багтахгүй байсан учраас “би” баатрыг оруулж ирсэн байна. Ингэхдээ зохиолч Мягмарыг гаднаа хайрлаж байгаагаа “би” баатраар, дотроо хайрлаж байгаагаа Хатантөмөрөөр үзүүлсэн ба зохиолчийн дотоод “би” нь Мягмарыг дагуулан одож буй юм. Энэ нь С.Пүрэв гэдэг “эго”-гийн дотоод Анимагийн түлхээс агаад Мягмар шиг олон олон сайхан, хэрнээ байраа олоогүй бүсгүйчүүдийг нухлагдан буй дарамтаас нь чөлөөлөн авч одох гэсэн далд хүслийг нь илтгэж байна.
Түүнийгээ зохиолдоо: «…-Мягмарыг би амьдралд байраа олоогүй яваа хүн юм уу даа гэж боддог. Тийм биз? Амьдрал гэдэг чинь хэн нэгэн айлын эхнэр, үгүй бол нөхөр болохыг хэлдэг юм биш байгаа биз дээ. Амьдралд хүний эдлэх эрх гэдэг амьдрах үүрэг нь болж явдаг юм. Аль нэг нь дутвал хүн сэтгэлээрээ зэвэрч элэгдэж өмхөрнө. Би түүнийг тийм зовлон л бүү эдлээсэй гэж хүсэж байна. Тэр жаргах ёстой, сайхан хувь заяандаа эзэн нь болж, амьдрал ертөнцөө баярлуулж явах ёстой юм. Ертөнц охидоороо жаргадаг гэдэг биз дээ…» (Пүрэв.С. Цаг цагийн урсгал. УБ. 1986. хуудас 58) гэж нээсэн байдаг.
Энэ өгүүлэмж нь зохиолчийн амьдрал хийгээд бүсгүй хүнийг үзэх үзэл нь юм. Энд дурдсан «Ертөнц охидоороо жаргадаг» гэдэг үзэл баримтлал нь зохиолчийн уран бүтээлийнх нь дүрслэлийн үндсэн чиг шугам болсоор ирсэн нь түүний олон бүтээлүүдээс харагдсаар байдаг юм.
Зохиолч С.Пүрэвийн зохиолуудын дүрслэгдэхүүний төв байрыг «эмэгтэй хүн» эзэлсэн байх ба эрэгтэйчүүд болон бусад дүрүүд нь тэрхүү төв байрыг зоргоороо эзэгнэн зовж жаргаж, инээж уйлж, гуниж туниж, аашлуулж аргадуулж яваа тэр л бүсгүйчүүдийн дүрийг тодруулах, товойлгох үүргийг хүссэн ч, эс хүссэн ч хүлээсээр дуусах бөлгөө.
Социализмын оргил цагт буюу орос эхнэрийн хөлд монголын урлаг, соёл мөлхөж байсан Ю.Цэдэнбалын цэвдэг 44 жилийн дарангуйллын үед гол бүтээлүүдээ туурвисан түүний зохиолууд өдгөө шинэ хэвээрээ байгаа бөгөөд тухайлбал 1977 онд буюу 40 жилийн өмнө хэвлэгдсэн “Уулын намар” тууж, 1986 онд буюу 31 жилийн өмнө хэвлэгдсэн “Цаг цагийн урсгал” роман.., гээд зохиолууд нь цаг хугацааны эргэлтэнд ер элэгдэж хуучралгүй үлдсээр байгаа нь зохиолч С.Пүрэвийг хүмүүний оршихуйн үнэ цэнийг эрт ухаарсан, цаг хугацаа гэх мөнхийн шүүлтүүрийн мөн чанарт нэвтрэн чадсан, ирэх буцахын жам ёс, үгүйрэх үлдэхийн хорвоо, он цагийн эргэлт, шинэ хуучны давтамжийг ихээ залуудаа танисан уран бүтээлч болохыг нь харуулаад зогсохгүй, өөрийн үеийн Л.Түдэв, С.Удвал, Д.Сэнгээ, Ц.Гайтав тэргүүтэй социализмын зар сурталчилгааныхнаас толгой өндөр, тохой илүү явсныг нь нотолно.
Сод билэгт уран бүтээлч, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Санжийн Пүрэвийн бүсгүйлэг зөөлөн ертөнц бүхий өвөрмөц туурвилууд монголын уран зохиолын дайдад Дарвийн нуруу мэт дүнхийсээр үлдэнэ буйзаа.
2017.10.30
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img