Монгол Улсын эдийн засгийн “саалийн үнээ” нь уул уурхайн салбар. Экспортын 90 гаруй хувь уул уурхайн эрдэс бүтээгдэхүүнээс хамаардаг. Тухайлбал, уул уурхайн салбарт ажиллаж байгаа нэг хүн 2009 онд нэмүү өртөг шингээсэн 40 орчим сая төгрөгийг бүрдүүлдэг байсан. Харин энэ тоо өнгөрсөн 2021 онд 190 гаруй сая болж өссөн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, нэг хүнд ногдох нэмүү өртгийн хувь нь хамгийн өндөрт тооцогддог гэсэн үг. Манай улсын эдийн засгийг уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт гэж хувааж үздэг. Тэгвэл хөдөө аж ахуйн салбарт ажилладаг нэг хүний нэмүү өртөг нь 2009 онд 3.4 сая байсан бол 2021 онд 20 орчим сая төгрөг байгааг ч мөн судалгаанаас харж болно.
Манай улсын хувьд уул уурхайн салбарын бүтээмжийг бусад салбартай харьцуулахад өндөр хэдий ч ижил түвшний бусад орнуудын уул уурхайн салбартай харьцуулахад доогуур байдгийг Дэлхийн банкны 2020 оны судалгаанд дурдсан байна.
Учир нь уул уурхайн салбарын цахилгаан болон тээврийн зардал өндөр. Өөрөөр хэлбэл, төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон аж ахуйн нэгж цахилгааны 1кВт-ад 279 төгрөг зарцуулдаг бол дизель станц ажиллуулж байгаа компани 1кВт нь 40 цент буюу ойролцоогоор 1400 төгрөг төлдөг байна.
Тэгэхээр зөвхөн цахилгааны зардлыг харьцуулахад л Монголд эрчим хүчнээс алслагдмал уул уурхайн компани өндөр өртөгтэйгөөр ажиллахаар харагдаж байгаа юм. Энд маш олон уурхай орно. Нөгөөтэйгүүр тээвэр, ложистик бас л тулгамдсан асуудал. Ачиж буулгах терминалаас эхлээд дэд бүтцийг нь шийдээгүйн улмаас үйл ажиллагааны зардал асар өндөр өртөгтэй. Тодруулбал, нүүрсний тээвэрлэлтээс харвал “Цагаан хад” боомтод буулгаад ачихад тонн тутам 2 ам.доллар орчим байсан. Хэрэв бид зориулалтын терминалтай бол энэ зардал 2-3 дахин буурах боломжтой. Тэгэхээр энэ мэтчилэн уул уурхайн салбарт тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэхэд Шинэ сэргэлтийн бодлого чухал үүрэг гүйцэтгэх учиртай.
Тэгвэл “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол зорилго бол Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэх замаар дундаж давхаргаа тэлэх юм. Үүний тулд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд хязгаарлагч болж буй хүчин зүйлийг шийдэхийг эрмэлзэж буй. Мэдээж өнөөдөр нийгэм, эдийн засагт тулгарч байгаа олон асуудлыг нэг “дайралт”- аар өргөс авсан мэт шийдэх боломжгүй. Тэгвэл зорилгоо биелүүлэхийн тулд эдийн засгийн реформ хийх шаардлагатай. Дэлхий даяар эдийн засгийн реформ хийх таван ерөнхий арга бий. Үүний хамгийн амьдралд амжилттай буудаг нь өсөлтийн оношилгоог хийж, хязгаарлах хүчин зүйлийг шийдвэрлэх арга юм. Энэ аргыг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд хамгийн өндөр үр дүнтэй гэж үзэж, өргөн хүрээнд ашиглаж байна.
Өсөлтийн оношилгооны аргачлалаар тухайн улсын эдийн засгийн өсөлтийг хамгийн ихээр боомилж байгаа хүчин зүйлийг судлан гаргадаг. Үүнийгээ хязгаарлагч хүчин зүйл гэж нэрлэдэг байна. Өөрөөр хэлбэл, бусад хүчин зүйлээс илүүтэйгүүр эдийн засгийн өсөлтийг сааруулж байгаа хүчин зүйлийг тодорхойлдог гэсэн үг.
Манай улсын хувьд судалгаагаар эдийн засгийн өсөлтийг хамгийн ихээр хойш татаж байгаа хүчин зүйл бол цахилгаан эрчим хүчний дутагдал, тээвэр, ложистикийн зардлаас гадна тээвэр хийхэд хугацаа их алддаг, мөн төрийн чадамж сул зэрэг асуудлыг хэлж болно. Эдгээр хүчин зүйлүүдийг өсөлтийн оношилгооны аргаар тодорхойлсон.
“Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжсэнээр нэн тэргүүнд эрчим хүчний нийлүүлэлтийн дутагдлын асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна.
Тэгэхээр эрчим хүчний нийлүүлэлтийн дутагдлыг нэг талаас эх үүсвэрийг нэмэгдүүлэх, нөгөө талаас хэрэглээний хэмнэлт, хэмнэлтийн боломжуудыг нэвтрүүлж ажиллах шаардлага тулгарч буй юм.
2022 оны 12 дугаар сард Дэлхийн банк манай улсын хөдөлмөрийн зах зээлийн судалгааг хийж танилцуулахад сайн ажлын байр ховор гарч байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Сайн гэдэг нь цалин өндөртэй, ур чадвар шаарддаг, тэгээд ч ур чадвар өгдөг ажлыг хэлж байгаа юм.
Ийм ажлын байр цөөн бий болж байгаагийн нэг шалтгаан бол эрчим хүчний дутагдал. Хэдийгээр үйлдвэрлэлийн зардлын ангилалыг авч үзэхэд эрчим хүчний зардлын эзлэх хувь бага ч гэлээ, хамгийн чухал асуудал бол үйлдвэрлэлээ тэлэх, эсвэл шинээр үйлдвэр барих гэхээр эрчим хүчээр хангах нөхцөл өгөх боломжгүй болсон. Учир нь 2022 оны 12 сард Монгол улс импортын эрчим хүчээ нэмээд, дотоодын эрчим хүчний нийлүүлэлтээ нэмээд ч гэсэн нийт үйлдвэр үйлчилгээ, өрхүүдийн хэрэглээнээс давчихсан.
Хэрэглээ талдаа харвал одоогоор эрчим хүчний хэмнэлттэй технологи дэлхий даяар хурдацтай шинэчлэл гарч байгаа. Үүнийг Монголд нэвтрүүлэх замаар бас бид хэрэглээгээ бууруулах боломжтой. Эрчим хүчний дутагдлыг арилгаснаар ирээдүйд Монгол үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүн, цаашлаад үйлчилгээний тоог нэмэх, мөн илүү хямд, илүү бүтээмжтэй болж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар нэмэгдэх юм. Энд бас уул уурхайн компани ч орно. Хоёрдугаарт, боомтын асуудал. Боомтын сэргэлтийн хүрээнд дэхь гол үзүүлэлт бол боомтын нэвтрэх хүчин чадал, өндөр ач холбогдолтой боомт руу хүрэх хүчин чадал тэр дундаа тээвэрлэх өртөг, мөн тээвэрлэх хугацаа орох юм.
Манай улсын хувьд гадаад өрийн тааз тулсан зэрэг эрсдэл байгаа учраас цаашдаа боомтуудыг ач холбогдлоор нь ангилах зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа. 2021 онд нүүрс тээвэрлэлт зогсоход гадаад валютын орлого нам зогссон. Энэ нөхцөл байдлыг цар тахлын үед Монголчууд хамгийн ихээр мэдэрсэн. Боомтын хүчин чадлыг нэмэх замаар экспортын хэмжээг нэмэгдүүлж байгаа. Энэ нь зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнд хамаатай мэтээр ташаа ойлгож болохгүй. Дунд хугацааны зорилго бол уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, экспортоо төрөлжүүлэх давхар зо рилготой. Энэ хүрээнд хийгдэж буй ажлаас жишээ авбал 2022 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 230 км төмөр зам ашиглалтад орсон нь тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд нэн чухал ач холбогдолтой үйл явдал болсон.
Нэг талаас тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй бол нөгөө талаас тээвэрлэлтийн зардлыг бууруулах давуу талтай юм. Тодруулбал, Тавантолгойгоос Гашуунсухайт руу төмөр зам ашиглалтад орсноор өмнөх тээвэрлэлтийн зардал дөрөв дахин хямд болох боломжтой болсон. Үндсэндээ тээвэрлэлтийн зардлыг бууруулсанаар боомтын сэргэлтэд голлох нөлөөг үзүүлнэ.
Энэ мэтчилэн эрчим хүч, боомтын нэвтрэх чадвар, тээвэр ложистикийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэснээр манай улсын өрсөлдөх чадвар, цаашлаад монгол компаниудын өрсөлдөх чадвар нэмэгдэх учиртай. Үүнийг үйлдвэрлэл тэр дундаа экспортын үйлдвэрлэл хийхэд нэн шаардлагатай суурь дэд бүтцийг бүрдүүлэх замаар ирээдүйд оруулах хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны зардлыг бууруулна. Улмаар ажлын байр бий болох, гарч буй нэгж барааний өртөг буурах үндсэн барааний өртөг буурах үндсэн нөхцөл бүрдэж, дан ганц уул уурхайн экспортын бүтээгдэхүүн гэлтгүй бүхий экспортын бүтээгдэхүүн, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, үндэсний үйлдвэрлэлийн зардал буурах таатай боломжийг бүрдүүлж буй хэрэг. Бид өрсөлдөх чадвар гэхээр Монгол дотроо бие биендээ бараагаа борлуулах тухай ярих биш дэлхийн зах зээл дээр хэрхэн гарах тухай боддог байх ёстой. Сүүлийн 7-8 жилийн хугацаанд үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдсэн.
Тэд чанараар өрсөлдөх чадвар сайтай ч үнийн хувьд сул тал нь болдог. Үүнд нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг нь эрчим хүч, тээвэр, ложистик байсан. Үүнийг шийдвэрлэхээр Засгийн газар зорин ажиллаж байна. Энд нэг орхигдсон зүйл гэвэл төрийн бүтээмжийн асуудал байгаа. Шинэ сэргэлтийн 6 бодлогын хамгийн хүнд нь төрийн бүтээмжийн сэргэлт гэж хэлж болно.
Төрийн бүтээмжийн цаана нэгдүгээрт төрийн чадамжийг бүрдүүлэх асуудал, хоёрдугаарт авилгалын асуудал бий. Төрийн чадамж гэдэг бол зөвхөн дан ганц төрд ажиллаж байгаа хүмүүсийн чадвараар үнэлэгдэхээс гадна төрийн байгууллагуудын чадамж бас багтана. Чадвартай хүмүүс, чадвартай институт ажиллуулах тусам илүү үр өгөөжтэй, сайн бодлого боловсруулагдана. Төрийн чадамжийг сайжруулах, авилгалыг бууруулах аль аль нь хөгжлийн эдийн засагт “асар хүнд” гэх асуудлын ангилалд ордог. Төрийн зүгээс өнөөдөр Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд суурь дэд бүтэц болон тулгарч буй зөөлөн гэж хэлж болох зах зээл дээрх механизмын асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Энэ нь ганц уул уурхай гэлтгүй, хүнд хөнгөн үйлдвэр мөн хөдөө аж ахуйн салбарт эерэгээр тусна. Хэдийгээр уул уурхайн бүтээмж Монгол хамгийн өндөр байгаа ч гэлээ, харьцуулах бусад дунд зэргийн улсуудтай жишихэд бүтээмж ахин сайжрах орон зай хангалттай байгааг харуулдаг. Шинэ сэргэлтийн бодлогын төсөл хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжих бүрт энэхүү орон зай улам нэмэгдэх боломжтой. Харин тэр үүсэж буй боломжийг хувийн хэвшил хэрхэн ашиглаж, ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэх вэ гэдэг цаг хугацаа харуулах биз ээ.
Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв УТҮГ-ын гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн