2024-12-22, Ням
-28 C
Ulaanbaatar

Си Жиньпиний айлчлалаас Москва юу хүсэн хүлээнэ вэ

БНХАУ-ын дарга Си Жиньпин 2019 оноос хойш анх удаа ОХУ-д айлчилж байна. Украины дайн эхэлснээс хойш дэлхийн нөлөө бүхий орны анхны удирдагч Москвад хөл тавьсан нь энэ билээ. Энэхүү айлчлалын талаар “ВВС” агентлаг ийн бичжээ.

Даваа гаригт эхэлсэн БНХАУ-ын удирдагчийн айлчлал гурав хоног үргэлжлэх ба өчигдөр Орос, Хятадын тэргүүн нар Кремльд албан бус байдалд уулзсан юм. 4.5 цаг үргэлжилсэн уулзалтын хэвлэлийнхэнд нээлттэй хэсэгт В.Путин Си Жиньпинийг БНХАУ-ын даргаар дахин сонгогдсонд баяр хүргэжээ. Үүний хариуд Си Жиньпин 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Оросын иргэд В.Путиныг дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй буйгаа илэрхийлсэн аж.

В.Путин түүнчлэн ОХУ БНХАУ-ын Украинд энх тайван тогтоох санаачлагад хүндэтгэлтэй хандаж анхааралтай танилцсан тухай мэдэгджээ. Өрнөдийн орнууд БНХАУ-ын тэрхүү санаачлагад дурамжхан хандаж Бээжин Кремлийн шийдвэр, байр суурийг ерөнхийдөө дагах хандлагатайг тэмдэглэж байна.

Айлчлал эхлэхийн өмнөх орой Хятадын “Жэньминь Рибао” сонинд В.Путины нийтлэл гарч, үүнтэй нэгэн зэрэг Оросын “Российская газета” сонинд Си Жиньпиний нийтлэл хэвлэгджээ. Хоёр удирдагч хоёулаа Москва, Бээжингийн хамтын ажиллагааны талаар төдийгүй Оросын Украины эсрэг дайны тухай бодлоо уншигчидтай хууваалцсан юм.

“Украины хямралаас гарах оновчтой арга зам”

Ши ЖинпиньСи Жиньпин нийтлэлдээ, “Өнгөрсөн оны эхнээс Украины хямрал бүхэлдээ хурцадсан”-ыг онцлон тэмдэглээд тус хямралыг энхийн замаар зохицуулах саналуудаа дэлгэжээ.
Си Жиньпин түүнчлэн “аюулгүй байдлын салбарт бүх улс орны үндэслэлтэй санаа зовнилыг хүндэтгэн үзэхийг” уриалсан нь Москвагийн албан ёсны байр суурь, ОХУ Украинд цэргийн хүчээр цөмрөн орсныг зөвтгөх гэж хийсэн В.Путины мэдэгдлүүдийн санааг үндсэндээ давтжээ.

“Нийт хүн төрөлхтний иж бүрэн хамтын тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг бүгдээрээ дагах юм бол Украины хямралаас гарах оновчтой арга зам, дэлхийн тогтвортой энх тайван, бүх нийтийн аюулгүй байдалд хүрэх боломтой гэдэгт бид итгэлтэй байна” гэж Хятадын удирдагч бичжээ.

Тэгвэл В.Путин Хятадын төв хэвлэлд бичсэн нийтлэлдээ, “Украинд болж буй үйл явдалтай холбогдуулан тэнцвэртэй чиг шугам баримталж, бий болсон нөхцөл байдлын бодит шалтгааныг ойлгож байгаад Бээжинд талархал илэрхийлж байна” гээд “Оросын тал Украины асуудлыг улс төр, дипломатын аргаар зохицуулахад нээлттэй” гэдгийг онцолжээ.

Ши ЖинпиньИнгэхдээ В.Путин өнөөг хүртэл ямар нэг хэлэлцээр хийх төлөв үгүйд өрнөдийн орнуудыг ээлжит удаагаа буруутгаж, “Харамсалтай нь Орост янз бүрийн шаардлага тулгахдаа өрнөдийн ертөнц өнөөгийн байдлаас гарах арга замыг хайх сонирхолгүй, бодит байдлын тухай маш өнгөц ойлголттойгоо харуулж байна” гэжээ.

БНХАУ-ын дарга Москвад хүрэлцэн ирэх тухай Кремль цагийг нь тулган дөнгөж өнгөрсөн баасан гаригт мэдэгдэж, үүнийг БНХАУ-ын Гадаад хэргийн яам нотолсон билээ. Оросын талын мэдэгдэлд, “Хоёр улсын дээд хэмжээний хэлэлцээрийн үеэр иж бүрэн түншлэл, стратегийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэнэ” гэсэн байв. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Венбин өнгөрсөн баасан гаригт мэдэгдэхдээ, “Си Жиньпин дарга Ерөнхийлөгч В.Путинтэй хоёр талын харилцаа, түүнчлэн олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар өргөн хүрээнд санал бодлоо солилцож, хоёр орны харилцааны хөгжилд шинэ түлхэц өгнө” гэсэн юм. Украинд Оросын цэрэг цөмрөн орсноос хойш Хятадын удирдагч анх удаа Москвад айлчилж байгаа ч эхний мэдэгдлүүддээ Москва ч, Бээжин ч Украин дахь дайныг шууд хэлэлцэх сэдвүүдийн дотор дурдаагүй. Баасан гаригийн үдээс хойш л ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Ю. Ушаков Украины асуудал яриа хэлэлцээний сэдвүүдийн нэг байх болно гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Тэрээр, “Мэдээж Украины зөрчилдөөнийг хэлэлцэх болно. Энэ асуудалд Хятадын удирдагчдын төвч байр суурь баримтатлдгийг бид өндрөөр үнэлдэг. Бид мөн хямралыг зохицуулах Хятадын төлөвлөгөөний тухай ч сайн мэдэж байгаа” гэсэн юм. Тэгвэл БНХАУ-ын Гадаад хэргийн яам, “Бээжин Украин дахь дайны талаар объектив, шударга байр суурь баримтлахыг эрмэлзэж, Киев, Москвагийн хооронд энхийн яриа хэлэлцээр өрнүүлэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн” гэжээ. Си Жиньпиний БНХАУ-ын даргаар дахин сонгогдсоныхоо дараа гадаадад хийж буй анхны айлчлал энэ билээ.

“Дайн Орос дахь одоогийн дэглэмийг сүйрүүлэхгүй байх нь Бээжинд чухал”

Ши ЖинпиньКарнегийн олон улсын энх тайвны төлөө сангийн ахлах ажилтан, улс төрийн шинжээч А.Габуев “ВВС”-д ярихдаа, “Хэлэлцээрийн хөтөлбөрт багтсан олон зүйлийн талаар бид мэдэх боломжгүй гэж бодож байна. Юуны өмнө дайнтай холбоотой гэрээ, хэлцлүүдийг нууцлах биз ээ. Хоёр орны удирдагчид Хятад руу Оросын техник, технологийн шийдлүүдийг нийлүүлэх тухай тохиролцох нь лав. Харин Хятадаас Орост төрөл бүрийн сум зэрэг зэр зэвсгийн төрлийн импорт хийх эсэх нь тодорхойгүй. Учир нь одоогоор фронтын шугамд Орос сумны дутагдалд орсон зүйл алга.

Ер нь Хятадад фронтын шугам өрнө юм уу, дорно руу 100 км урагшлах нь, Бахмутад аль улсын далбаа дэврэх нь төдийлөн чухал биш. Дайн Орос дахь одоогийн дэглэмийг сүйрүүлэхгүй, оронд нь өрнөдийн талыг баримтлагч ардчилсан засгийн газар бий болоход хүргэхгүй байх нь л Бээжинд чухал. Одоогоор тийм юм болох ямар ч төлөв байдал алга. Иймд Бээжинд гэнэтийн огцом алхам хийх шаардлага ер үгүй.
Хятадаас Орос, Украинд санал болгож буй энхийн төлөвлөгөө бол Хятадын удирдлагыг Москвад ирж Оростой харилцаагаа гүнзгийрүүлэх боломжийг олгож буй зүгээр л нэг цаас төдий зүйл. Тэгээд ч тус хоёр орны харилцаанд өдгөө Оросын “хэлэлцээрийн хөшүүрэг” туйлын сул болоод буй. Харин Хятад энэ тал дээр өргөн их сонголттой болсоор. Өмнө нь ч хоёр орны харилцаанд тэгш бус байдал үүсээд байсан боловч дайн эхэлсний дараагаар Хятадын байр суурь илүү хүчтэй болж, Орос, өрнөдийн орнуудын газар зүй-эдийн засгийн сөргөлдөөн, Украины дайн үргэлжлэх тусам сараас сард бэхжсээр байна.

Юутай ч Орос Хятадтай эдийн засгийн томоохон багц гэрээ байгуулах болов уу. “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолой барих, Сковородино-Мохегийн газрын тосны хоолойг өргөжүүлэх, энхийн цөмийн төслүүд, рубль, юаниар хийх худалдааг эрчимжүүлэх гээд олон зүйл дээр тохиролцох биз ээ” гэж дүгнэсэн юм.

Тэгвэл “Bloomberg” агентлаг Оросоос Хятад руу байгалийн хий нийлүүлэх тухай хэлэлцээр хэрхэн өрнөх нь Си Жиньпин В.Путиныг хэр ихээр дэмждэгийг харуулна гэж үзэж байна. ОХУ “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолой барих тухай гэрээ байгуулахыг ихэд эрмэлзэж байгаа билээ. Ер нь өнгөрсөн жилээс Оросоос Хятад руу нийлүүлэх байгалийн хий, газрын тосны хэмжээ эрс нэмэгдсэн юм.

Ши Жинпинь“Байгалийн хийн экспортоор дэлхийд тэргүүлж байсан ОХУ өнгөрсөн жил Украинд халдсаныхаа дараа Европ дахь чухал зах зээлүүдээ алдсан тул Хятадад байгалийн хийн экспортоо эрс нэмэгдүүлэх нь амин чухал асуудал нь болоод байна. Гэвч үүний тулд шинэ хийн хоолойнууд барих шаардлагатай юм” гэж “Bloomberg” агентлаг бичжээ.
БНХАУ, ОХУ хоёр 2022 оны хоёрдугаар сард, Украинд дайн эхлэхийн өмнөхөн “хил хязгааргүй” түншлэлийн харилцаагаа зарласан. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өвлийн олимпийн наадмын нээлтэд оролцохоор Бээжинд хүрэлцэн ирэхдээ энэ тухай Си Жиньпинтэй тохиролцсон билээ. Тэр цагаас хойш хоёр орны харилцаа бүх талаар бэхжин дайн эхэлснээс хойш харилцан худалдааны эргэлт нь огцом нэмэгдэж, өрнөдийн орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсны дараагаар БНХАУ ОХУ-ын нефтийн хамгийн том худалдан авагч болсон юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img