2024-12-27, Баасан
-29 C
Ulaanbaatar

Ц.Мөнгөншагай: Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулга санал өгөхүйц хэмжээнд боловсруулагдаагүй байна

Геологич Ц.Мөнгөншагайтай Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга тойрсон асуудлаар ярилцлаа.

-Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга дахь АМНАТ-ын зохистой хувь хэмжээний талаар судалгааны нээлттэй хэлэлцүүлэг өрнөж, олны анхаарал энэ зүгт төвлөрөх нь үү дээ гэх найдвар төрж байна. Хуулийн шинэчилсэн найруулгын талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Хууль гээд байгаа ч хуульдаа төвлөрөөд зүйл, заалтаар нь нарийвчлан судлаад ярьж суугаа нь цөөхөн байна. Бид “Монголын геологи хайгуул 2023” арга хэмжээг зохион байгуулахдаа онлайнаар, бичгээр, хэлэлцүүлгээр санал авлаа. Саналуудыг цэгцэлж боловсруулах шатандаа яваа учраас үр дүн нь хараахан гараагүй байна. Урьдчилсан байдлаар анзаарахад асуудлууд руугаа төвлөрч, бичгээр тодорхой санал өгсөн хүн маш цөөхөн. Өнөө ярьдаг, шүүмжилдэг асуудлаа л яриад байхаас биш хуульд ингэж туссан учраас ийм асуудал үүснэ, асуудлыг шийдэхийн тулд тэгэх учиртай, ингэх ёстой гэх мэтээр уг үндсээр нь ярихгүй байна. Суурь бичиг баримт нь цэгцтэй боловсруулагдаагүйн л илрэл байх даа.

-Хуультай холбоотой тулгарч буй асуудлын гол цөм нь яг юундаа байна?

-Асуудлыг жагсаавал урт юм болно. Тухайлбал АМНАТ. Одоо хүртэл АМНАТ салбарын том асуудал хэвээр байна. Хуулин дээр АМНАТ-ыг тодорхой зохицуулсан зүйл байна уу гээд харахаар нэг асуудал бий. Ашигт малтмалуудыг олон улсын биржээр арилжаалахад анхаарна, заримыг нь Монголд дахь биржийн үнээр авна гэж байгаа. Гэтэл манай суурь үнэ далайн чанадын үнэтэй ойролцоо байдаг. Эрлийн ажлыг төрөөс хийнэ, хувийн хөрөнгөөр хийж болно гэдэг заалт байгаа. Шуудхан хэлэхэд дахиад нэг шат дамжлага нэмэгдэж байна. Төрийн хяналт, зохицуулалт улам нэмэгдсэн хуулийн төсөл болжээ гэж харж байгаа. Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй Ашигт малтмалын тухай хууль есөн дагалдах журам, 66 зүйл заалт, 11 бүлэгтэй. Харин шинэ төсөл 38 дагалдах журам, 76 зүйл заалт, 18 бүлэгтэй болохоор байна. Эрдэс баялгийн салбарын хөгжлийг хангахуйц давуу тал алга. Нэмэгдсэн зүйл заалт болгоны цаана хариуцлага, үүрэг нэмэгдэнэ. Тэр байтугай хайгуулын ажил хийхийн тулд байгаль орчны ерөнхий үнэлгээ, менежментийн төлөвлөгөө гэхчлэн дөрвөн өөр төрлийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай болох юм билээ. Энэ нь эргээд үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, ачаалал үүсгэнэ.

Мөн Уул уурхайн судалгаа, хөгжлийн төв гэдэг байгууллага байгуулна гэж байна. Ахиад л нэг эрх, үүрэг нь тодорхойгүй байгууллагын бүтэц үүсгэж, төрийн аппаратыг нэмэхээс хэтрэхгүй. Чухал ашигт малтмал болон стратегийн орд гэсэн нэршил нэмэгдсэн байна. Стратегийн орд гэсэн ойлголт ямар байгаа билээ. Ямар нэг шийдэлгүй өчнөөн жил бугшсан том асуудал болчихсон яваа. Стратегийн ордоо шийдээгүй байж чухал ашигт малтмал гэсэн нэршил нэмчихвэл үл ойлголцол л нэмэгдэнэ. Тодорхой зохицуулаад өгөөч гэж байгаа зүйлийг энэ мэтээр олон салгах нь сайн зүйл биш. Хаалт, нөхөн сэргээлтийн төлбөрийг 100 хувь урьдчилж байршуулсан байх ёстой. Баталгаагаар байршуулна гэж яриад байгаа ч биелэх боломж багатай. Одоо ямар нэгэн хаалтгүй байхад, ашиглалтын тусгай зөвшөөрлийн 84 хувь нь хөдлөхгүй байхад нэмчихээр юу болох вэ. Шилжүүлэхэд татвар авдаг зарчмыг хэрхэх талаар бас л тодорхой зохицуулалт алга.

Аливаа нэг төсөл нэг үе шатыг дамжаад дараагийн үе шат руу ордог. Хайгуулын үе шат гэдэг тухайн төслийг бүтэн зургаар харвал бойжилтынх нь үе. Бойжилт нь дуусаад өсөлт ирэхэд санхүүжилт хэрэгтэй. Санхүүжилт хэрэгтэй болоход тухайн тусгай зөвшөөрөл, төслийн хувьд шинэ эзэмшигч шаардлагатай болдог. Шинэ хувь эзэмшигч оруулж ирэхгүйгээр дараагийн өсөлтийн үе шатандаа гарах боломжгүй. Энэ үе шатан дээр нь ирээдүйд олох ашгаас чинь, эсвэл өнгөрсөнд зарцуулсан зардлаас чинь татвар авна гээд байвал төслүүд эхний үе шатандаа нам гацах эрсдэлтэй.

-Лицензийн наймаа гэх ойлголт эндээс эхлэлтэй юм биш үү?

-Лиценз наймаалах гэж нэрлэсээр байгаад гацаачихсан л даа. Гэтэл лиценз наймаалах гэдэг чинь тийм хүнд ойлголт биш. Тусгай зөвшөөрлөө бирж дээр гаргаад, хувь хувьцаагаа худалддагтай адилхан асуудал. Лиценз наймаалснаараа буюу соёлтой хэллэгээр төслийг хөгжүүлж хөрөнгө босгож, дараагийн хөрөнгө оруулагчид шилжүүлснээр өндөр өгөөж авах боломжтой. Улс, аж ахуйн нэгж, эзэмшигч иргэний хувьд ч өгөөжтэй ажил. Цаасан дээр мөнгө хийхийг хүмүүс муухай гэж ярьдаг. Зүй нь цаасан дээр мөнгө хийнэ гэдэг бизнесийн л нэг зарчим.

-Уул уурхайн хөгжилд гацаа болдог нэг том асуудал бол орон нутаг. Энэ тал дээр ахиц дэвшилтэй зүйл заалт тусгаж уу, хуулийн төсөлд?

Mungunshagai-Ямар ч зохицуулалт алга. Ганц байгаа юм нь Ашигт малтмалын газрын төлөөлөгчийг аймгуудад байршуулна гэж байна. Төлөөлөгчийн газар байгуулснаараа ямар асуудлыг, яаж шийдэх нь тодорхойгүй. Миний харж буйгаар төлөөлөгчийн газарт дахиад л очиж бүртгүүлэх ч юм уу, төрийн аппаратыг данхайлгахаас өөр өгөөжгүй шийдэл.

-Та түрүүн геологи, уул уурхайнхан товч тодорхой санал хэлэхгүй байна гэчихэв үү?

-Тэгсэн. Ирсэн саналуудыг багцлаад харахад, манай салбарынхан өөрсдөө үнэхээр ойлголт тааруу байна. Ирүүлж буй санал, судалгааны материалаас одоо боловсруулчихаад буй хууль эрх зүйн баримт бичиг маань хүмүүс санал өгөхүйц хэмжээнд боловсруулагдаагүй байна гэх дүгнэлтэд л хүрлээ. Үзэл баримтлалын хувьд уншаад, дүгнэлт хийгээд, санал өгчих хэмжээнд нэгтгэгдээгүй хууль зүйн баримт бичиг болжээ. Үндсэндээ дутуу боловсруулагдсан гэсэн үг.

-Дутуу дулимаг баримт бичиг боловсруулчихаад санал авна гээд яваа нь утгатай зүйл биш л юм байна…?

-Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу өмнөх хуулийн нөлөөллийн судалгааг хийх ёстой. Гэтэл үр дагаврын судалгаа дутуу хийгдчихэж. Судалгаа дутуу учраас өнөөгийн тулгамдсан асуудлуудыг шийдэх хэмжээнд шийдлээ бичиж чадахгүй байна. Хоёрдугаарт юуг зохицуулах гээд байгаа вэ гэдэг процессын зураглал хийж үзээгүй байна. Шууд л хуулийн төслийн үг найруулга, хууль зүйн хэллэгийн тухай ярьдаг. Хууль боловсруулах процессыг зөрччихөөр яаж зөв зүйтэй хууль гарах вэ дээ. Нөгөөтээгүүр хуулийн төслийн үзэл баримтлал, судалгааг хийхдээ салбарынхантайгаа харилцалгүй, зөвхөн Уул уурхайн яамныхаа хэмжээнд ажилласан. Бусад оролцогч байгууллагыг оролцуулахгүй, ярилцахгүй, санал бодлоо хуваалцаагүй. Эсвэл хангалттай ярилцаагүй гэсэн үг. Маш том оролцогч байгууллага болох Байгаль орчны яам, байгаль орчны мэргэжлийн байгууллагууд, эдийн засгийнхан, салбар дотроо ч ярилцаж, зөвшилцөх хэрэгтэй. Тэгж гэмээ нь цогц шийдэл болохоос биш Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд яваад одоогийн нөхцөлд сайжруулах боломжгүй.

-Эндээс та яг ямар дүгнэлтэд хүрэв?

-Бид нар зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийг яриад байж болохгүй. Ашигт малтмалын тухай хууль аливаа нэг процессийг л зохицуулах гээд байгаа юм шүү дээ. Бидэнд алсыг харсан бодлогын бичиг баримт алга гэсэн дүгнэлтэд хүрлээ. Одоо байгаа “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” дээр ийм тийм юм хийнэ гэсэн процессийг л бичсэнээс эрдэс баялгийн салбарын ирээдүйд ингэнэ тэгнэ гэсэн алсыг харсан бодлого алга. Тиймдээ ч манай мэргэжлийнхэн, бусад салбарынхан ч тэр нэг чиглэлд харж чадахгүй байна. Шуудхан хэлэхэд бид Ашигт малтмалын хууль гэсэн хүрээнд ярьж болохооргүй байна.

Ашигт малтмалын хуулийн тухайд 1997, 2006 оны хуулийн суурь түвшин бий. 2006 оны хуулийн анхны философи нь 250 удаа өөрчлөлт ороод эвдэгдчихсэн. Уг нь одоо боловсруулчихсан байгаа шинэ төслийг өмнөхүүдтэйгээ харьцуулах хэрэгтэй ч бидэнд тийм ойлголт алга. 2019 оны үеийн маш их өөрчлөлт орчихсон хуультайгаа харьцуулаад л бага зэргийн өөрчлөлт хийх гээд байна.

Өмнөх хуулиудын тухайд харьцангуй хөрөнгө оруулалт татаж чадаж, хөгжилд бодитоор нөлөөлж байсан. Гэвч бид өнөөдөр тэнд гацаачихсан хуультайгаа шинийгээ харьцуулаад байвал урагшлах уу, хойшлох уу гэдэг асуудалтай л тулгарна. Энэ нөхцөлүүдтэй харьцуулсан судалгаа бас л дутуу. Бид аль болох хөрөнгө оруулалт татаж, амжилт гаргаж байсан сайн туршлагаа харж хөгжих боломжтой зүг рүүгээ явах ёстой биз дээ. Энэ хуулийн төслөөс өмнөх шиг амжилт үзүүлж чадна гэх хүлээлт алга.

-Хуулийг боловсруулж, батлуулахад нийгэм улс төрийн нөхцөл байдал ч мэдээж нөлөөлнө. Нөлөөллийг хэрхэн харж байна вэ?

-Эрдэс баялгийн салбарын бизнесийн орчинд нааштай нөлөө үзүүлэх хуулийг боловсруулж батлуулах нөхцөл байдал мөн үү, биш үү гэдгийг бодох ёстой. Учир нь манай салбарт төчнөөн хулгайч, дээрэмчид байгаа гээд зарлачихлаа шүү дээ. Нийгэмд “хулгайч нар хуулийг хулгайлах нь” гэдэг уур амьсгал бүрдчихсэн. Ийм үед мянган дэвшил авчирах хуулийг УИХ-ын танхимд хэлэлцээд нэмэргүй. Тэр дундаа сонгуулийн өмнө оруулахад батлагдахгүй байх, бүр дордуулсан хууль батлах магадлал маш өндөр.

-Батлагдсан ч баллуурдсан мэт өөрчлөгдөх эрсдэл нь их л дээ?

-Санал нийлж байна, батлагдлаа гэхэд асар их өөрчлөгдөнө. Үндсэн философи нь одоогийнхоосоо ч дордох магадлалтай. Хүч түрээд баталчихлаа гэхэд хэрэгжих магадлал бага. Миний санаагаар бол манай салбарынхан хууль эрхзүйн орчныг урагш нь ахиулах, давших тактик хэрэглэх биш, хамгаалах, өнөөдрийн түвшнээсээ бууруулахгүй байх бодлогыг баримтлах хэрэгтэй. Өмнөхөөс нь дордуулчихвал яах вэ гэх эмзэглэл байна. Маш сайн хууль оруулсан ч нэмэргүй. Өдгөө буруу эргэж буй энэ хүчирхэг араа өөрийнхөөрөө л аваад явчихна.

-Сэдвээсээ жаахан хальчихад ужгирсан гэх хулгай луйврын шуугианыг хулгайч хулгайчаа бариарай гэдэг шиг л юм болж байна гэж хараад байгаа?

-Хулгайчийг ярихаасаа өмнө хуулийн төсөлд байгаа нэр томьёог ярих нь зөв байх. Эрдэс баялаг гэдэг тодорхойлолт шинээр орж ирсэн. Баялаг гэдэг геологийн мэргэжлийн үг хэллэг мөн үү гэдэг эргэлзээтэй. Баялаг гэдэг юу юм бэ гэсэн асуулт тавиад харъя. Баялаг гэдэг тухайн хүний нөөц бололцоо, авьяас чадвар, хөрөнгө мөнгө, цаг хугацаа шингэсэн бүтээгдэхүүн. Байгалиараа хэвтэж байгаа зүйлийг баялаг гэж хэлж болохгүй. Бараг ардын аман зохиол шиг хэллэгийг хууль эрх зүйн баримт бичигтээ оруулчихаар дахиад л маргаан үүснэ. Ахиад л бялуу хуваах тухай яригдана. Наад зах нь нэр томьёоныхоо асуудлыг шийдэх хэрэгтэй. Хэн нэгэн улстөрч, УИХ-ын гишүүний хийдэг ажил биш. Мэргэжлийн бид өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Эрдэс баялаг гэж буруу нэршлээр нэрлээд сурсанд бид өөрсдөө буруутай. Газрын хэвлийд байгаа, хэмжээ дамжаа нь бүрэн тодорхойлогдоогүй зүйлийг таамагласан, тодорхойлсон баялаг гэж нэрлэнэ гээд өөрсдөө стандарт тогтоочихсон.

-Оюу толгойн тухайд гэхэд олборлож баяжуулаад экспортлоход бэлэн болчихсон зэсийн баяжмалыг баялаг гэнэ, газрынхаа хөрсөн дор байгаа юмыг баялаг гэх нь учир дутагдалтай гэсэн үг үү?

-Оюу Толгойд хоёр төрлийн баялаг байгаа. Нэг нь газрын хэвлийгээс гаргаад ирчихсэн зүйл. Нөгөө нь гаргаж ирж чаддаг бэлтгэгдсэн боловсон хүчин буюу хүн баялаг. Хүн баялаг хэдэн ч Оюу Толгойг ажиллуулж чадна. Тэр баялаг яаж үүсдэг вэ гэхээр ямарваа нэг юманд оролцож, хийж үзэж, алдаж онож байж л бий болдог. Хийлгэхгүй, хориод цагдаад байгаа нөхцөлд ямар баялаг үүсэх вэ дээ.

Улс төрийн зүүний үзэлтнүүд тэгш хуваарилалт гэж яриад байгаа биз. Тэгш хуваарилж, хүртэх гэж оролцооны зарчим дээр ярьж байгаагаас биш манайхан шиг бялуу хуваах зарчим дээр яриагүй. Оюу Толгой бүх ажлаа туслан гүйцэтгэгчээр хийлгэдэг. Орон нутгийн иргэдийг сур, оролц гэх зарчмаар дэмжиж ажилладаг. Харин манайхан “Та нар зүгээр байж бай, энэ хэсгийг нь өгнө” гэсэн утгатай юм ярьдаг. Тэнд хэвтэж буй зүйлийг баялаг гээд бодчихсон учраас хуваах тухай яриад байгаа юм. Оролцоод хөлсөө авъя гэвэл оролцооны зарчим болно. Өөрөөр хэлбэл тэнд байгаа зүйлийг юу гэж ойлгохоос хамаараад хоёр өөр зам руу явж байгаа юм.

-Үндсэн хуулиндаа газрын хэвлийн баялаг ард түмний өмч гэдэг байх аа?

-Ашигт малтмал гэдэг зүйлийг ойлгохоосоо эхлээд л сууриараа алдаад яваад байна. Төрийн нийтийн өмч гээд заачихсан. Өмч гэж яг ямар тодорхойлолтыг хэлээд байгаа юм бэ гэдэг асуулт тавиад харъя. Өмч гэдэг миний хөдөлмөрийн үр дүнд, захиран зарцуулах эрхтэй болсон зүйлийг хэлдэг болохоос газрын хөрсөн доор орших хэн нэгний ухаж байгаа байгалийн нөөцийг нэрлэхгүй. Олборлож гаргаж ирээд төрийн өмчийг ашигласан татвар буюу АМНАТ-ыг төлчихвөл тэр нь олборлосон хүний л өмч болох ёстой.

-Геологийн салбарт дэмжлэг байхгүй учраас хүчгүйдэж байна гэх эмзэглэл байдаг юм билээ. Харин та энэ талаар ямар бодолтой явдаг вэ, салбарын мэргэжилтний хувьд?

-Миний хувьд бага дэмжээсэй л гэж боддог. Ер нь ямар ч салбарыг бага дэмжих хэрэгтэй. Тэгж байж л жамаараа хөгжих боломж үүснэ.

-Геологийн салбар хүчгүйдэж байна гэх “гутрал”-ын өнгө аястай үнэлгээг тэгвэл хэрхэн ойлгох вэ?

-Гутралын өнгө аяс гэдэг дээр бид өөрсдөө л буруутай. Нэгдүгээрт, геологичид маш олон хурал сургалт дээр төр зохицуулаад өгөөч гэдэг. Ямар ч салбар адилхан л даа. Төр зохицуулж, бодлогоор дэмжээч гэдэг. Гэтэл төрийн зохицуулах үйлдэл нь захиран тушаах, үүрэгжүүлэх, мөнгөөр зодох гэсэн гурван аргатай.
Олон зохицуулалт орж ирэх тусам бизнесийн эрх чөлөөг хязгаарладаг.

Геологи хайгуул өөрөө асар их эрсдэлтэй байхад эрсдэлийг нь зохицуулж байна гээд эрх чөлөөг нь улам хязгаарлаад байна. Үр дүнд нь ажиллах орчин нь таагүй болдог. Дээр нь тэр орчин нь байнга өөрчлөгдөж солигдож байдаг юм байна л гэж хараад байна. Нөгөөтээгүүр геологичдын хөдөлмөр үнэлэгдэхгүй байгаа юм.

-Яагаад?

-Гол шалтгаан нь бид хөдөлмөрөө олон улсын зах зээл дээр гаргаж чадахгүй байна. Бидний үнэлэмж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл гэдэг газар хийсэн тооцоо, судалгаа,тайлан хурлаар ороод батлав гэдэг тэмдэг дарагдаад зогсдог. Нөгөө төслүүд нь цаашаа үргэлжлээд олборлоод явахад үндсэн суурь бичиг баримт биш ямар нэг зөвлөлийг л давах зорилготой бичиг баримт үйлдэж байгаа учир төслүүд гацчихдаг. 80 хувь нь шүү.

Нөөц бодогдоод ашиглалтын тусгай зөвшөөрөл болчихсон байгаа 1700-гийн 1400 нь зогсчихоод байж байна. Тэгэхээр ямар үнэлэмж байх вэ дээ. Хөдөлмөрийн үнэлэмжийг төрөөс олгох тэтгэмж, шагнал, эсвэл уурхайгаас хувь хүртэх юм шиг ойлгож болохгүй. Уурхайн төслийн бүх шат дамжлага, амьдралын мөчлөгт оролцоод явах нь бидний хөдөлмөрийн үнэлэмж юм шүү дээ.

-Хаана очиж үнэлэгдэх юм бэ. Тэмдэг дарагдаад зогсоод байж болохгүй шүү дээ?

-Олон улсын стандартын дагуу тайлангаа бичээд гаргачихвал аль нэг хөрөнгийн бирж дээр үнэлэгдэж л таарна. Геологичдын хөдөлмөрийн үнэлэмж тэнд бий. Хөдөлмөрөө үнэлүүлье гэж байгаа бол шууд тийшээгээ зорих ёстой. Хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан нь бид өөрсдөө. Энэ зөвхөн геологичдын асуудал биш, уул уурхайнхан, баяжуулалт, боловсруулалтынхан, тээвэр логистик, худалдаа, хөрөнгө оруулалтынханд ч хамаатай. Уулынхан, та нар хийхгүй байна л гэдэг. Үгүй, уулын тэр олон төсөл хөдлөх үндэс суурь нь юу юм бэ гэсэн асуултыг тавих учиртай. Товчхондоо хамтдаа хийх ёстой. Өнөөдөр тэр том хуульд анхаарал тавихаас илүү бидний хамгийн түрүүнд нөлөөлж чадах зүйл нь өөрсдийн үйл ажиллагааны стандартаа өөрчлөх явдал. Эрсдэл байгаа л даа. Олон улсын стандартаар тайлангаа бичдэг геологич цөөхөн. Хөрөнгө оруулалт ч их зарцуулна. Гэхдээ 80 хувь нь гацаж байснаас тодорхой хугацааны хүндрэлийг даваад гарчих хэрэгтэй. Тэгж байж дэлхийтэй нэг хэлээр ярьдаг болно. Шуудхан хэлчихэд бид илэрч байгаа үзэгдлийг л шүүмжлээд байна. Энэ үзэгдэл бидний буруу ойлголтоос болоод байдаг. Жаахан судлах хэрэгтэй.

Оролцогч талууд нь гэхэд төр нэг талаас судлаад, нийгэм эсэргүүцээд, уул уурхай ухах гээд дайраад яваа юм шиг харагдаад байгаа юм. Магадгүй төрийн зүгээс ч юм уу, эрдэс баялаг гэж нэрлээд та нарт тарааж өгнө, дундаж давхаргыг дэмжинэ гээд байгаа нь оролцогч талуудыг тэнцвэргүй болгочихож байгаа юм.

Нийгэм иргэд маань энэ бялууг хүртэнэ гээд үндсэндээ төрийн үйл ажиллагааны нэг хэсэг болчихсон. Салбар нь үндэсний дайсан ч юм шиг байдал үүсчихсэн. Ингээд ирэхээр гурвалжингийн тэнцвэр алдагдаж, нэг тийшээ чиглэсэн хүч үйлчлээд ирлээ. Энийг коммунизм л гэж нэрлэнэ шүү дээ. Үндэсний нийт бүтээгдэхүүний 50-60 хувийг зөвхөн төрийн компаниуд гүйцэтгэж байна.

Нобелийн шагналт эдийн засагч Жозэф Стиглиц, барууны үндэсний гээд байгаа төрийн уул уурхай, газрын тосны компаниуд ардчилсан бус төрийн авлигын эх үндэс нь, дарангуйллын эдийн засгийн асар том бааз болдог гэж бичсэн байдаг. Бид яг тэр зүг рүү л явж байна.

-Сүүлийн үед газрын ховор элемент дэлхийн анхааралд байна. Манай улсад газрын ховор элементийн багагүй нөөц бий гэх юм. Энэ бодит судалгаатай тооцоо юу, эсвэл бас л хэм хэмжээг нь тооцоолоогүй байж цээжээ дэлдээд байна уу?

-Газрын ховор элементийн талаар би сайн мэдэхгүй ч тоон үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүр явдаг гэх юм билээ. Гол нь байгаа, тогтоогдсон гээд байгаа нөөц маань эдийн засгийн хувьд хэр ашигтай юм бэ гэдэгт анхаарах ёстой. Гаргаад ирэхэд мөнгө олоод дэлхийтэй өрсөлдөөд явж чадах юм уу, үгүй гэдэг л хамгийн том асуулт. Тогтоогдсон нөөц маань хэзээ баялаг болох вэ гэдэг чинь өөр асуудал.

Судалгаа хийх потенциал, судалгааны хэтийн төлөв боломж байгаа л байх. Гэхдээ Баян овоотой эсвэл олон улсад өрсөлдөхүйц хэмжээний юу, үгүй юу гэдгийг мэдэхгүй.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img