2024-09-20, Баасан
4 C
Ulaanbaatar

Н.Лүндэндорж: Манай хууль тогтоогчид процессийн нарийн асуудал тулгарахад “залхуураад”, эрх мэдлээ бусдад шилжүүлчихдэг сонин улсууд шүү дээ

Хууль зүйн шинжлэх ухааны доктор Н.Лүндэндорж “гал тогоон” дотроо “үглэж” байлаа. “Хуулийн төсөл муу болсон байна” гэсэн дүгнэлт УИХ-ын танхимд бишгүй сонсогддог.  Хуулийн төслийн эхийг баригч нарт зориулсан сургалтыг УИХ-ын Тамгын газар анх удаа хийхээр бэлтгэж буй.  УИХ-ын Тамгын газрын албан хаагчид болон төрийн байгууллагын Хууль эрх зүйн газар, хэлтсийн хуулийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий ажилтнууд “номын дуу” сонсох юм. Тэдэнд хуулийн төсөл боловсруулагчийн баримтлах ёс зүй зарчмаас авхуулаад, хуулийн найруулга стиль, хуулийг төслийг процессжуулах зэрэг сэдвээр гурван өдөр хичээл орох хуульч багш нарт хандан Н.Лүндэндорж гуай ийнхүү “захиа даалгавар” өгсөн юм. Тэрбээр “Хууль зүйн техник, хуулийн төсөл боловсруулах арга зүй” гарын авлага боловсруулсан юм билээ.  Түүний яриа хуульч бус хүмүүст ч хэрэгцээтэй мэдээлэл байсан агаад зарим хууль амжилт олоогүйн шалтгааныг ч эндээс харж болохоор байв.  Сургалтыг хамтран зохион байгуулагч Монголын хуульчдын холбооны зүгээс эрэлт хэрэгцээтэй байгаа уг сургалтыг цаашид тогтмол болгох талаар ярьж байсан.   Н.Лүндэндорж ийнхүү ярилаа. УИХ-ын Үндсэн хуулийн танхимд өрнөсөн халуун яриаг хүргэе.  

-Интернет орчинд, нээлттэй дэлхий ертөнцөд  хэл бөгөөд мэдлэг боловсрол нь байдаг юм бол дэлхийн  их дээд сургуулиуд бусад сургалтын байгууллагуудын ижил төрлийн сургалтын хөтөлбөрүүдийг харж байгаад, “Иймэрхүү түвшин Монголд байхад болох юм байна” гээд сургалтын хөтөлбөр хийх хэцүү биш болсон.

Би сүүлийн арваад жил маш олон сургалтын хөтөлбөр боловсруулсан. Шүүхийн ерөнхий зөвлөлд байхдаа шүүхийн сургалтын хөтөлбөрүүдийг бүгдийг нь өөрийнхөө гараар оруулж боловсруулсан.

Эцэст нь би ямар ойлголттой үлдсэн гэхээр хөтөлбөр боловсруулах хэцүү ажил биш юм байна. Хамгийн хэцүү нь боловсруулсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил. Бид нэлээд гайгүй хөтөлбөрүүд боловсруулдаг. Тэр нь хаана очоод нурдаг вэ гэхээр хэрэгжүүлэгчид маань хөтөлбөрийн агуулгыг бүрэн ойлгоогүйгээс болоод тэр сургалт уначихдаг. Сүүлийн арваад жилийн ажиглалтаар ийм зүйл тодорхой болсон.

Яагаад унадаг вэ гэхээр сургалтын хөтөлбөр гаргаад, ард нь нэг хүнийг бараг хүчээр “зоочихдог”. “Хуулийн төслийг процесжуулах гэж хичээлийг заах хүн олдохгүй байна, чи заа” гээд хаячихдаг. Тэр хүнийгээ арга зүйгээр хангадаггүй.

Нөгөөх нь сургалт хийхдээ тэр хөтөлбөр мөтөлбөр хамаа байхгүй, өөрийнхөө мэддэг юмыг яриад,  дуусчихдаг. Ингээд Монголд яваад байгаа   сургалтууд “уначихдаг” юм билээ. Шүүхийн сургалт лав миний санасан  хэмжээнд хүрч чадаагүй.

Би Л.Өлзийсайхан (УИХ-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга)-д “Сургалтын хөтөлбөр хийж, гоё сайхан ном гаргах яах вэ, үүнийг хэрэгжүүлнэ гэдэг л хэцүү дээ” гэсэн чинь “Ийм байдалд оруулмааргүй байна, сургагч багш нартайгаа уулзах нь зүйтэй юм байна” гэсэн. Энэ уулзалтыг зохион байгуулах санаа сэдэл тэндээс төрсөн болов уу.

Сургалтын хөтөлбөр харахад Тамгын газрынхан судалгаатай хандаж, мэргэшсэн хүмүүсийг оноож тавьсан байна. Энэ сургалт үр нөлөөтэй болох юм байна гэсэн сэтгэгдэл төрж байна.

Жишээлбэл, ШЕЗ-ийн гишүүн, миний шавь Н.Отгончимэг, Л.Өлзийсайхан хоёрыг би “Эрх зүйн рецепц гэж ийм юм байдаг юм, хүүхдүүд ээ, үүгээр судалгаа хийгээд орхиоч” гэж Монголд анх удаа  мэргэшүүлж байсан. Н.Отгончимэг Б.Чимэд багшийн нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд 2003 онд илтгэл тавьж байсан байх аа.

Эрх зүйн рецепци яаж хийхийг 20 жилийн өмнө  судалж байсан хүнийг олоод ирсэн учраас энэ сургалт сайн болчих болов уу гэж бодож байна.

Гэтэл манайд “Эрх зүйн рецепци”-г нутагшуулалт  гэдэг талаас нь ойлгодоггүй, хэрэгжүүлдэггүй. Тэгж ухаардаггүйгээс болоод Б.Чимэд багш ямар юмны толгойд ямар бие  залгаад хачин  амьтан үүсгэж байгаа мэт хууль хийгээд байна гэж зүйрлэж бичиж байсан шүү дээ.

Хууль зүйн техник, системчлэлтэй холбоотой сэдвээр доктор Б.Буянхишигийг олоод ирсэн байна л даа. Яг энэ сэдвээр докторын дисертаци бичсэн хүн л дээ. Тэгэхээр одоо би Б.Буянхишигт юу заах вэ.

Кодификаци гэж ийм юм хэлдэг шүү, ингэж заагаарай гэвэл ам руугаа алгадуулах байх.

Фуллерийн зарчим  монгол хэл дээр ямархуу агуулгатай байдаг гэдгийг  манай О.Мөнхсайхан  оюутан байхдаа сэтгүүлд бичиж байсан хүн л дээ.  Түүнээс хойш бас л 20 жил болж. Хамгийн гол нь сургагч багш нар сэдвээ зөв ойлгох, хөтөлбөрөө барих хэмжээнд бэлтгэгдсэн мэдлэг туршлагатай байх чухал юм билээ.

Хууль зүйн техник гэдэг онолын хэсэгтэй, практик хэсэгтэй. Ерөнхий хэсэгтэй эсвэл тусгай хэсэгтэй. Та нарын заах гэж байгаа хөтөлбөр ерөнхий хэсэг буюу онолын хэсэг нь юм.

“Хуулийн төсөл боловсруулах арга зүй II”  гэдэг нь чадвар олгох практик дээр тулгуурлана. Энэ хөтөлбөрийн гол зорилго академик мэдлэгийг нь зөв ойлгуулах ёстой.

“Муу хэм хэмжээ байх нь байхгүй байснаасаа долоон дор”

Процессжуулалт гэж юу юм бэ гэхээр ингэж процессжуулдаг гэдгийг монгол хэл дээрх эх сурвалжуудаас нэг ч өгүүлбэр олохгүй. Хэн ч энэ тухай бичээгүй. Гэхдээ хуулийн төсөл боловсруулдаг бүх хүн тэрийг академик ойлголтыг нь тодорхойлоогүй мөртлөө бичээд л байдаг.

Би лекцэн дээрээ процессжуулалтын талаар 30-40 минут ордог.   Процессжуулалт гэдгийг би юу гэж тодорхойлдог гэхээр хэн хэзээ юуг хэрхэн яаж хийх тухай бичнэ л гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл субьект нь тодорхой, цаг хугацаа нь тодорхой хийх арга ажиллагааны дараалал тодорхой бичигдсэн байхыг  процесжуулалт гэнэ.

    Процессжуулаагүй биччихсэн тунхагийн шинж чанартай хууль байвал хэрэгжүүлж байгаа хүмүүст ямар бэрхшээл учрах вэ гэдгийг тэр хүмүүсээр өөрсдөөр нь  оролцооны аргаар гаргуулах хэрэгтэй.  МУИС-ийн дүрэм журам дээр сууж байсан үеэ санаад би нэг жишээ авдаг  л даа.

Энэ дүрэм журам дээр “Салбар сургуулийн захирлын бүрэн эрхийн хугацаа гурван жил байна” гээд биччихсэн байдаг. Ингээд л боллоо. Үүнээс болоод МУИС дээр бяцхан “иргэний дайн” гарах шахуу юм болж байсан.

  Ийм хэм хэмжээ байх нь байхгүй байснаасаа долоон дор гэдгийг хуулийн төсөл бичиж байгаа нөхдөд ойлгуулах хэрэгтэй. Оролцооны арга ашиглаад бүгдийг нь оролцуулаад ийм юманд хүрдэг юм байна гэдгийг өөрсдийнх нь гар, сэтгэлгээгээр хүргэж аваачих чухал.

Замыг  ард түмэн хаагуур мөр гаргаснаар тавих үр нөлөөтэй гэдэг шиг тэгэх нь зүйтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүргэх. Тийм юм баттай суусан хүн дараа нь тунхагийн хэм хэмжээ хийх гэхээр хуруу нь хөдөлдөггүй.

Энэ хичээлийг заахын өмнө хууль дээдлэх ёс гэдэгт анхаарах хэрэгтэй. Онолын хэсэг нь хууль дээдлэх ёс гэж юу вэ гэж эхлэх ёстой. Манайхан хууль дээдлэх ёс гэхээр парламентаас аливаа нэгэн  акт  гаргах эрх бүхий хүний гаргасан юмыг юутай хээтэй нь сохроор даган дуурайдаг мухар сүсгийн ойлголттой байдаг. Энэ бол биш.

Процессжуулаагүй, стандарт хангаагүй хууль дарангуйллын хэрэгсэл болж байдаг

Перугийн эрдэмтэн Сотогийн хэлсэн алдартай үг байдаг даа. “Хууль хэзээ хүмүүсийг хамгаална. Тэр цагт хүмүүс хуулийг хамгаалдаг юм” гэж. Энэ бол дэлхий даяар тархсан гайхалтай үг. Хууль дээдлэгдэх үндэс албадлагад оршдоггүй, хуульд өөрт нь байдаг. Бид үүнийг мэддэггүй.

Албадлагаар айлгаж байж хуулийг дээдлүүлэх гээд байдаг. Процессжуулаагүй, стандарт хангаагүй хууль дарангуйллын хэрэгсэл болж байдаг.

Юун яасан нийгмийн харилцааг зохицуулж, хүний эрхийг хамгаалах нь битгий хэл дарангуйллын хэрэгсэл болчихдог юм.

Хуулийг процессжуулж бичнэ гэдэг хууль дээдлэгдэх, хуульд өөрт нь оршиж байдаг амин сүнс нь юм.

Пост социалист орнуудын нэг онцлогийг заавал хэлэх ёстой шүү. Социалист эрх зүй бол процессын эрх зүйг бодлогоор хөгжүүлдэггүй юм. Социализмын үед процессоор хамгаалсан хүн ганцхан. Одоо ная гарсан хүн бий. Тэрийг шинжлэх ухаан гэж үздэггүй. Намын бодлогоор зориуд хөгжүүлдэггүй. Яагаад хөгжүүлдэггүй гэхээр хэн хэзээ юу хэрхэн яаж хийхийг хуульд бүгдийг нь заагаад өгчихвөл эрх мэдэлтэн хүний эрх мэдэл нь баригдчих гээд байдаг. Намын ажилд эрх мэдэлтэн хуруу хошуу дүрж чадахаа байчих гээд байдаг. Тийм учраас зориудаар хөгжүүлдэггүй байсан юм.

Социализмын 70 жил үнэн чанартаа процессгүй цаг хугацаа байжээ. Гучин жилийн дотор бид энэ уламжлалаас ганц үсрээд гарч чадах уу?

 Энэ чинь манай хууль тогтоогч нарын, энэ байшинд сууж байгаа бүх хүний толгойд гүн гүнзгий шингэчихсэн. Процессжуулахгүй, тунхагууд бичиж байвал хууль бичиж байна гэдэг ойлголт байдаг.  Ийм үндэстэй юм шүү гэж бид тэрийг өөрчлөх гээд байгаа юм.  Бид их сургуульд процессоор ганц нэг хүн хамгаалуулчих юм сан гэж сэдэв зарлахад хүмүүс  сонгож өгдөггүй.

Одоо ч процессоор хүн хамгаалдаггүй. Булаалт, хулгай, дээрэм, гээд эрүүгийн эрх зүйн төрлүүдээр л хамгаалаад байдаг. Ингэж суурийг нь сайн тавьж өгч байгаад, тунхагийн шинж чанартай хэм хэмжээний үр дагаварыг өөрсдийг нь оролцуулаад  хийлгүүлээд, орхивол хүний толгойд ямар ч байсан юм үлдэнэ.

Энэ хичээл зааж байгаа хүмүүст нэг чухал гарын авлага байгаа шүү. Манайхан өөрсдийгөө тоодоггүй. Нэг шар толгойтой хүн энгийн юм бичсэн ч чухалчилдаг. Социализмын 70 жилд орос зөвлөхөөр тархиа угаалгаад, дараа нь барууныхнаар бас угаалгаад, хар толгойтой хүндээ итгэдэггүй. Шар толгойтой хүний хэлсэн тэнэг юм байсан ч итгэдэг. Монгол мундаг том эмчдээ очихгүй мөртлөө америкаас өрхийн  эмч ирэхэд үүдэнд нь очоод оочерлочихдог сэтгэхүйтэй хүмүүс шүү дээ. Гадныхныг шүтдэг хандлага бидний үед байсан. Хойч үеийнхэнд ч хэвээрээ юм билээ.

Засгийн газрын 59 дүгээр тогтоол гэж бий. Энэ тогтоолын гурав, дөрвөн хавсралт байгаа.  Энэ хавсралтыг бүх хүн нарийн судлаарай гэж зөвлөх байна. Үүнийг монголчууд хийгээгүй юм, нөхдөө. Германы өндөр түвшний гурван профессор хийж өгсөн байхгүй юу. Тэрийг Д.Дорлигжавын үед Засгийн газрын тогтоол болгож гаргасан юм. Засгийн газрын тогтоол юм чинь тэнд ажилладаг нэг хүүхэд хийгээ биз энийг уншиж яах вэ гэж тоохгүй орхиж болохгүй. Тогтоол болохоос өмнө Хууль зүйн үндэсний хүрээлэн боршуур болгоод гаргачихсан. Би  хичээл заадаг хүний хувьд Хууль зүйн сургуулийн оюутнуудад заавал уншуулдаг бараг  эх зохиол шиг юм байсан чинь сүүлд тэрийг Засгийн газрын тогтоол болгочихсон байна лээ. Тэнд нэлээд сайн хийсэн байгаа.

Хууль зүйн найруулга стильтэй холбоотой зүйл дээр 59 дүгээр тогтоолыг ашиглахад бараг болно доо. Нэр томъёо чухал.

Хууль зүйн шинжлэх ухааныг нэр томъёон дээр тогтдог ч гэдэг.

Бусад шинжлэх ухаанд нэр томъёо буруу хэрэглэж болох уу? Ямар үр дагавар гардаг вэ. Танин мэдэхүйн төөрөгдөл гарна. Хуульд буруу нэр томъёо хийвэл эрх зүйн үр дагавар үүсгэдэг. Хүний эрх эрх чөлөөнд халдаж байдаг. Хүний амь нас, өмч хөрөнгөнд халдаж байдаг.

Хэмжих аргагүй хүч оруулсан үг  хуульд бичдэггүй

 Хэмжих аргагүй хүч оруулсан үг  хуульд бичдэггүй гэдэг. Тэр 59 дүгээр тогтоолд ч бий. Гэтэл сая Үндсэн хуулийн төсөлд хүртэл ноцтой гэдэг үг явж байгаа юм. Ноцтой гэж юу гэж байгаа юм. Ноцгүй болохоороо яадаг юм. Ноцтойг юугаар хэмжих юм. Манайд бүр ингээд тогтчихсон. Эрүүгийн процессын хуульд ч  тэр ноцтой гэдэг үг дандаа явж  байдаг. Хэмжих нэгжгүй иймэрхүү  үг бичиж заншсан залуусыг энэ сургалтаар бүрэн эргэлзээнд оруулаад зогсоох хэрэгтэй шүү дээ.  Германы профессорууд хэмжих аргагүй  хүч оруулсан үгийг хуульд хэрэглэдэггүй юм гээд бичсэн байгаа.

Манай энэ 59 дүгээр тогтоол бол уг нь Хууль тогтоомжийн тухай хууль болох ёстой байхгүй юу.

Хууль тогтоомжийн тухай хуулиа монголчууд эхлээд сайн гаргасан. Сүүлдээ хууль тогтоогчдын гар хөлийг хязгаарлаад эхлэхээр бүгдийг нь өөрсөддөө тааруулаад засчихсан. Тэр хуульд нэмэлт өөрчлөлт ороогүй заалт үлдээгүй юм билээ.

Хууль зүйн конструкци гэдэг юм их ярьдаг юм л даа. Би энэ хичээлийг МУИС-ийн хуулийн сургуульд сүүлийн арваад жил зааж байгаа. Манай хуулийн төсөл боловсруулж байгаа хүмүүс энэ  конструкцийг нэг их ашигладаггүй юм. Жишээлбэл, Тамхины тухай хууль гээд хэлтэй амтай хууль гарсан, тийм ээ. Нэг их сүр бараатай гарсан одоо тэрийг хэн ч тоохоо болиод мартаад, хаячихсан. Тэр хуульд ямар асуудал байсан гэхээр  конструкциа буруудуулсан. Тэр хуульд хяналт тавьдаг механизм субьектийг ор тас хаячихсан.

Би 2013 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд очоод, дарга болсныхоо дараа тэр үеийн багц хуулиар 40-50 журам хийсэн. Манай хууль тогтоогчид процессийн нарийн асуудал тулгараад ирэнгүүт залхуураад тэрийг төрийн захиргааны төв байгууллага тодорхойлно. Үүнийг Шүүхийн ерөнхий зөвлөл тогтооно гээд үнэн чанартаа эрх мэдлээ бусдад Үндсэн хуулийн бус аргаар шилжүүлээд сурчихсан сонин улсууд шүү дээ. Тэнд жинхэнэ нарийн процессжуулах ёстой арга ажиллагаанд хууль тогтоох байгууллага хүрэнгүүтээ залхуураад эрх мэдэл шилжүүлээд байдаг. Үнэн чанартаа хамаг нарийн зүйлс яамны, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэг ажилтны гараар  явчихдаг. Төрийн ордонд хэдэн тунхагийн чанартай юмнуудыг  хялбархнаар хийчихээд сууж байдаг гэж шүүмжилж бас болно.

Тэнд би олон дүрэм журам хийх гээд үзсэн чинь хуулийн төсөл боловсруулах гэж байгаа хүүхдүүд маань ногооноороо байсан. Дөнгөж сургууль төгссөн хүүхдүүд яаж ч чаддаггүй. Тэдэнд  би өөрөө сургалт хийж байсан юм.

За одоо хэнийгээ гуйх вэ, хэдүүлээ хийнэ ээ гээд  конструкци зааж байгаа юм.  За та нар одоо энэ журмыг хийхдээ ийм  том мод хийнэ. Энэ том модондоо мөчир ургуулна аа. Хэдэн том мөчир ургуулах вэ, ийм нэг бүдүүн мөчир байхаас аргагүй юм байна гээд хэдүүлээ ярьж байгаад том мөчир үлдэж үү одоо болсон юм шиг байна гээд цаашаа явдаг. Энэ том мөчир маань ямар нахиа маягийн мөчрүүдтэй байх юм гээд ерөнхий конструкцаа гаргаад авдаг. Үүнийхээ дагуу төслөө бичихээр төслийн логик өөрөө шинэ мөчир том мөчир шаардаад  ирдэг. Энэ мөчирт багтахгүй юм байна. Бие даасан мөчир гаргаж ирэхгүй бол болохгүй юм байна гэж логик нь өөрөө шаарддаг. Тэгэх юм бол анх хийсэн том мөчир дээрээ ахиад засвар хийдэг.

Ингэж хийсэн дүрэм журам дээр байх ёстой бүхэл бүтэн институт алга болдоггүй юм.

Ийм мод зурсан үед байх ёстой  институт алга болохгүй, харин мөчир алга болох тохиолдол байна. Тэр бол хууль тогтоох үйл ажиллагааны мөнхийн дагуул нь байдаг. Бурхан шиг иж бүрнээр нь бүгдийг нь хараад хийчихдэг хүн  дэлхий ертөнцөд байхгүй. Ингэж конструкц хийхгүй болохоор өм цөм алга болдог.

 Тамхины тухай хуулийнх шиг инситут өм цөм алга болдоггүй юм.

Хуульд үг хэмнэхээсээ илүү утга санаа тодорхой байхад анхаарах ёстой          

Манай хууль бичдэг хүмүүсийн толгойд нэг норм нэг л өгүүлбэр байна  гээд тогтчихсон.

Манай Монголд энэ хуулийг дугаар хорооны иргэн Дулмаа, Дорж хүртэл уншаад ойлгох ёстой гэсэн концепцтой онолтой улс орон шүү дээ. Тийм гоё, мэргэжлийн хэллэгээр бичсэн ганцхан шахсан өгүүлбэрийг дөрөвдүгээр анги төгссөн иргэн Дулмаа гуай ойлгох уу?

Ойлгуулахын тулд хэд хэдэн өгүүлбэр байж болно шүү дээ. Барууны хуулиуд ихэнхи нь тийм байдаг. Ганц өгүүлбэрийг хүн таах, тодорхойгүй болгох, оньсого мэт болгож байдаг. Хэрэглэж байгаа хүмүүс өөр өөрийнхөөрөө тайлбарлах  гаргалгаа гаргаад хэрэглэх бололцоог оньсого шиг хууль олгож байдаг. Хуулийн заалт Фуллерийн найман зарчмын нэг нь хууль тодорхой байна гэж байгаа юм.  Тэрийг профессор уншаад ч ойлгодог, дугаар хорооны иргэн нэг уншаад ойлгож байх учиртай. Нэг өгүүлбэрийг Дулмаа гуай нэг ойлгоод, профессор өөрөөр ойлгочих гээд байгаа бол тэнд хоёр дахь өгүүлбэр оруулж өгөх ёстой шүү дээ. Нэг санааг нэг өгүүлбэрээр илэрхийлнэ гэдэгтэй би санал нийлдэггүй.

Тодорхой байна л гэж байгаа юм. Тодорхой гэдгийг Хаяк  ч хэлж байсан. Энэ бол хуулийн дээд зарчим гэж байгаа юм. Үүнд бүгд захирагдана. Тодорхой болгохын тулд нэг битгий хэл нэжгээд өгүүлбэр байж болно гэж байгаа юм.  Нэг өгүүлбэрт багтчихвал сайн л биз. Үг хэмнэхээсээ илүү утга санаа тодорхой байхад анхаарах ёстой. Хэрэв ганц өгүүлбэрээр байна гэж Хууль тогтоомжийн тухай хуульд байгаа бол хамгийн түрүүнд түүнийгээ засмаар юм байна. Тэр бол эргэлзээтэй заалт юм байна.

За ингээд миний мэддэг “орос хэл” дууслаа гэв.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img