– 2009 оны цөмийн энергийн тухай хуулийн 5.3-т “Улсын төсвийн хөрөнгийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газарт цацраг идэвхит ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны 34-өөс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй шууд эзэмшинэ” гэсэн заалт бий. Үнэ төлбөргүй шууд эзэмшинэ гэдэг чинь “шууд л дээрэм” биз дээ. УИХ хувийн компанийн хувьцааг төр шууд “дээрэмдэж” авах хууль гаргачихсан гэсэн үг –
Түрүүчийг ЭНД дарж уншина уу.
ШИГТГЭЭ:
2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн 5.5-д “Улсын төсвийн хөрөнгийн оролцоогүйгээр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухай ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэсэн заалт тусгав.
2007 оны хоёрдугаар сард УИХ “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” тогтоол гаргасан юм. Дээрх тогтоолын нэгдүгээр хавсралтаар Таван толгой, Нарийн сухайт, Бага нуур, Шивээ Овоогийн нүүрсний ордууд; Мардай, Дорнод, Гурванбулагийн ураны ордууд, Төмөртэйн төмрийн орд, Оюутолгой, Цагаан суварга, Эрдэнэтийн зэсийн орд, Бүрэнхааны фосфорын орд, Бороогийн алтны орд, Төмөртийн овооны цайрын орд, Асгатын мөнгөний орд зэрэг 15 ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан бол мөн хоёрдугаар хавсралтаар ашигт малтмалын 39 ордыг цаашид дээрх ангилалд Засгийн саналаар хамруулж байхаар болжээ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын талаар хойно дэлгэрэнгүй өгүүлнэ.
ЭРГЭЦҮҮЛЭЛ:
Тогтоол гарч байх үед Багануур, Шивээ Овоо, Эрдэнэтийн уурхайнууд төрийн өмчийн давуу өмчлөлтэйгээр ашиглалтанд ороод олон жил болчихсон байсан тул яах гэж энэ ангилалд хамруулсан нь ойлгомжгүй. Мөн Нарийн сухайт; Бороогийн алтны орд, Төмөртийн овооны цайрын ордуудад хувийн хэвшилийнхэн тогтвортой байдлын гэрээ байгуулаад олборлолтын үйл ажиллагаагаа эхлүүлчихсэн, Тавантолгойн коксжих нүүрсний ордын хувьд төрд буцааж авах үйл явц өрнөөд эхэлчихсэн байсан цаг. Тогтоол ба ангиллын үр дүнд 1997 онд татан буугдсан төрийн өмчит “Монгол Эрдэнэ” компанийн оронд 10 жилийн дараа “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компани байгуулагдаж дээрх ордууд дахь төрийн өмчийн хувьцааг хариуцахаар болов. Ухарч яваа юм уу, урагшлаж яваа юм уу, таашгүй.
ШИГТГЭЭ:
2009 оны цөмийн энергийн тухай хуулийн 5.3-т “Улсын төсвийн хөрөнгийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газарт цацраг идэвхит ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны 34-өөс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй шууд эзэмшинэ” гэсэн заалт бий.
ЭРГЭЦҮҮЛЭЛ:
Үнэ төлбөргүй шууд эзэмшинэ гэдэг чинь “шууд л дээрэм” биз дээ. УИХ хувийн компанийн хувьцааг төр шууд “дээрэмдэж” авах хууль гаргачихаж байгаа юм. Олон улсын эрх зүйд “хөрөнгө нийгэмчлэх” (nationalization of property), хөрөнгө дайчлан хураах (expropriation of property) гэсэн хоёр ойлголт байдаг юм байна. Эд хөрөнгийг нийгэмчлэх, дайчлан хураах эсвэл эд хөрөнгийн эрхэнд хууль бусаар халдан хураан авах асуудал бол хувийн хөрөнгө оруулагчдыг хамгийн их айлгадаг, шууд дайжин зугатаж явахад хүргэдэг асуудал билээ. Орчин үеийн улам бүр даяаршиж буй улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийн нөхцөлд ийм зүйл гарах нь ховор боловч бас тодорхой жишээ дурдаж болох л билээ.
ШИГТГЭЭ:
2010-аад онд Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Гоулд резерв компанийн Венесуэл дэх Крайсис Гоулд төслийн хөрөнгийг нь нийгэмчилсэн асуудлаар Венесуэлийн Засгийн газраас 1.73 млд доллар нэхэмжилж Дэлхийн банкны харъяа ICSID (International Centre for Settlement of Investment Disputes)-д зарга мэдүүлжээ. Дээрх төв (Арбитрын шүүх)-ийн 3 арбитарч Венесуэлийн Засгийн газрыг 740.3 сая доллар төлөх шийдвэр гаргасан байна. Манай Засгийн газраас Канадын Хаан Ресурс компани 250 сая доллар нэхэмжилсэнийг олон улсын Арбитрын шүүх нэхэмжлэлийн шаардлагыг 100 сая доллар болгон хангаж шийдвэрлэсэн түүх бий. Цөмийн энергийн газар уг компанийн Дорнод дахь Гурван голын ураны ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож уг төсөлд оруулсан хөрөнгө оруулалтыг нь үнэгүйдүүлчихсэн хэрэг л дээ.
1990-ээд оноос өмнө улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нээгээд нөөцийг тогтоосон олон төрлийн ашигт малтмалын ордуудыг ашиглалтад оруулж чадалгүй зах зээлд шилжсэн байдаг. Эдгээр ашигт малтмалын ордуудад Бороогийн алтны орд, Төмөртэйн овоо, Цав, Улааны цайр хар тугалганы ордууд (полиметаллын орд гэж бас нэрлэнэ), Хөвсгөлийн фосфоритын орд, Асгатын мөнгөний орд, Таван толгойн коксжих нүүрсний орд, Төмөртэй, Баянгол, Төмөр толгойн төмрийн ордууд, мөн хүрэн нүүрсний нилээн хэд хэдэн ордууд орно.
ЗХУ ба БНМАУ-ын Засгийн газар хоорондын концессын нууц гэрээгээр ашиглаж байгаад 1990-ээд онд орхисон Мардайн ураны бүлэг орд, тодорхой хэмжээнд хайгуул хийж байсан Лугийн гол болон Халзан бүргэдэйн газрын ховор металлын ордуудыг ч гэсэн дээрх жагсаалтад хамруулж болно. Тавантолгойн коксжих нүүрсний ордоос гадна чулуун ба хүрэн нүүрсний нилээд олон орд Өмнөговь, Увс, Ховд, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгуудад нээгдсэн ч ордууд ашиглалтанд ороогүй.
ДУРСАМЖ:
1991 оноос хойш л тухайн үеийн “Монгол эрдэнэ” компани улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоосон нүүрсний ордоос бусад бараг бүх төслүүдийг үндсэндээ хариуцаж байв. Салбар хариуцсан яам болон “Монгол эрдэнэ” компанийн мэргэжилтэнүүд 1991-1994 оны үед Канад, АНУ, Австрали, Солонгос, Япон зэрэг
олон гадаадын орнуудаар явж уул уурхай салбарт хөрөнгө оруулагчдийг татах оролдлогыг уйгагүй хийж байв. Төрийн тэргүүн, үе үеийн Ерөнхий сайд, салбар хариуцсан сайд, дарга нар ч мөн адил. Дэлхий биднийг танихгүй бид дэлхийг мэдэхгүй байж дээ. Энэ талаарх нэг сонин жишээ, нотолгоог 2003 онд уул уурхайн хэдэн нөхдийн хамт Австрали явахдаа үзэж билээ. Тэгэхэд зургийг нь авчих санаа төрөөгүй юм байна. Австралийн Сидней хотод тэдний Аустрейд (Austrade) гэдэг нэртэй төрийн агентлагийн төв оффист болсон уулзалтын дараа болсон явдал л даа. Бидэнд А4-ийн хэмжээтэй цаасан дээр хуулбарлаж буулгасан Монгол улсын газрын зураг харуулсан юм. Тэр зураг дээр миний дээр нэрлэсэн ихэнхи ордын байршлыг гараар тэмдэглэж, өнгө ялган зурж, нэрийг нь бичээд “хөрөнгө оруулах шаардлагатай орд” хэмээн танилцуулж явж. Нэгэн цагт тэгж явсан түүх маань тэнд түүхийн баримт болоод үлдсэн хэрэг.
Тэгэхэд бид хэд “Дисковер Монгол” болон уул уурхайн салбараа сурталчлах гээд Power Point дээр хоёр илтгэлтэй явж байлаа. Тэнд очсон манай өмнөх төлөөлөгч болон бидний хооронд 10 жил байсан болов уу. Мэдээллийн технологи аргагүй л хурдан хөгжиж байна даа гэж хоорондоо хөөрөлдөж явлаа. Дээр дурдсан ашигт малтмалын ордуудад хувийн хөрөнгө оруулалт татах, уул уурхайн төсөл болж хэрэгжих үйл явц өөр өөр хувь тохиолоор, өөр өөр гадаад, дотоод нөхцөл байдалд өөр өөр хууль, эрх зүйн болон бизнесийн орчинд явж өнгөрчээ. Нөгөө талаас эрдэс баялгийн салбарын хөгжлийн ирээдүйн хувьд манай улсад гарааны үеийн өөрийн давуу бас сул талууд бодитойгоор оршиж байв.
ДАВУУ ТАЛ::
- Геологийн потенциал (боломж, чадамж) сайн, газар нутаг томтой, бага судлагдсан, боловсон хүчин сайтай гэдэг утгаар.
- Ардчилал, зах зээлийн нийгмийн сонголтоо үндсэн хуулиар баталгаажуулж эргэлт буцалтгүйгээр сонголтоо хийчихсэн.
СУЛ ТАЛ:
- Далайд гарцгүй
- Дэд бүтэц хөгжөөгүй
- Хууль эрх зүйн орчин бүрдээгүй
Гадаад нөхцөл байдал гэвэл ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн уналтын мөчлөгийн өмнөх мөчлөг хараахан дуусаагүй байв. Хэдий тийм боловч, дээрх нөхцөл байдлыг дэнсэлж үзсэн байлгүй, 1992-93 оны үед АНУ-ын Айдохо мужаас Моррисон Кнутсон Сэлэнгэ аймаг дахь Бороогийн алтны үндсэн орд, Канад улсын Атабаска компани Төв аймаг дахь Бумбатын алтны үндсэн орд, Австралийн Молопо компани Дорноговь аймгийн Цагаан суваргын ордыг сонирхож Монголд орж ирэн хөрөнгө оруулах боломжийг судалж байв. Тэр үед хөрөнгө оруулагч нар алт, зэсийн ордыг л сонирхож байсан юм.
Бороо ба Бумбат алтны ордууд, Төмөртийн овооны орд, Дорнод аймаг дахь Мардайн бүлэг ордын талаар өмнө нилээн дэлгэрэнгүй өгүүлсэн билээ.
Үргэлжлэл бий.