2024-11-23, Бямба
-3 C
Ulaanbaatar

Хар ухна

Оны эхээр дотнын найз М.Гэрэлт-Одтойгоо цуг Гачуурт тосгоноос хойшоо гарч салхилав. Сайхан байна аа. Бачуурсан, бугшсан цээж тэнийж, бас бусыг тунгалгаар бясалгах хүсэл төрнө. Х.Баянмөнх аваргынх байдаг тэр ам өөд өгсч явахдаа шижир цас, үхэр мал, байгалийн сайхнаар нүдээ хужирлаж явав. Аваргыг уулын нэг амыг эзлээд буучихсан гэдэг арай дэгс л дээ.

Нүднийх нь өмнө Богд уулын амыг эзлэнхэн төрсөн “шилийн сайн эрс”-ийгээ яаж ч чадахгүй байж адуу малаа адгуулан яваа аваргыг ухаж төнхөөд байгаад нь инээд хүрч явав. Баянаа аваргынхаас хойш яваад “Аавын овоо” бий. Миний өгсөн нэр. Аавыгаа бурхан болсон хойно нь миний бие хойчийн буяныг бодож овоо босгосон юм. Эр хүн, морь хоёр овоон дээр ярилцдаг гэдэг үнэний хувьтай. Бид тухалцгааж эгээ л хөдөө байгаа аятай завилж суух сайхан санагдав. Мал хараад малгайн залаа сэргэж байна. Манай дүү овоо тойрон сүү өргөж харагдана. Энэ үед багын дурсамжууд ой тойнд үндэслэн, “өнгөрсөн зуун”-д аваачив.

Тав зургаан настай байжээ. Манай аав геологийн жолооч. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Бахлаг баригадын (багийн) Улаан-Уул гэдэг газарт геологийн хайгуулын экспедици байрладаг байв. Бага сургууль, эмнэлэг, дэлгүүртэй гэж байгаа. Хавь ойрын нутгийн иргэд өргөн үйлчлүүлнэ. Нөгөө яриад бүтдэггүй хариуцлагатай уул уурхайн бичил загвар социалзмын үеийн хязгаарт нутагт даруухнаар төвлөрч байжээ. Уншиж, бичиж чаддаг хэдий ч сургуулийн насанд хүрээгүй тул жаалхүү миний бие аавын машины бүхээгт аялж явдаг байв. “Кабины бор” гэдэг хочтой. Геологийн ах нар чингэж өхөөрдөцгөөнө. Олон хэл, ястны сайхан хүмүүс жинхэнэ бүтэн байгуулалтыг хийж байж.

Нэг удаа аав бид хоёр казах малчныд зочлов. Аав хэлж байна. “Ахаан баатар өдийд гэртээ байхгүй нь лавтай. Ер нь ч байдаггүй хүн. Хонины бэлчээрт нь очиж уулзана аа” гэлээ. Баатар гэхээр нь үлгэрт гардаг, эсвэл германуудыг нухдаг орос ах нартай адил лут амьтан байж таарна гэж төсөөлөв. Бас гэртээ байдаггүйг нь бодоход их л хачин нөхөр санагдана. Аав хурдаа хаслаа.

Нүдний өмнө хонин сүрэг налайтал бэлчиж байна аа. Баян-Өлгий аймгийн казахуудын хонь голдуу улаан, ямаа нь хар зүстэй байдаг л даа. Ахаан баатрын сүрэг алаг цоог харагдана. Хожим ухаарахнээ Увс аймгаас сүргийн бүтцийг сайжруулах гэж баяд, дөрвөд хонь аваачсан бололтой юм билээ.

Аав нэлээн наахна машинаа унтраан зогсов. Би залхуурч байснаа санадаг юм. “Хөл өвдөөд байна. Машинаараа л очъё” гэж гуншиганав. Аав энэ сайхан налайтал бэлчсэн хонин сүргийг үргээж болдоггүй юм гэлээ. Сүргийн захад морио чөдөрлөж, эмээлийг нь аваад тавьчихсан өвгөжөөр казах эр сууж харагдана. Бид хоёрын зүг харснаа “Аан, Битогтох уу даа. Тийм байлгүй дээ. Одооны залуус хаврын хахир цаг гэж ч тоолгүй морь, мотоцикль холин шуугиад ирдэг юм” гэж байна.

Би аавын хэлсэн “баатар”-ыг нүдээр нэгжээд эс олов. Ингэж балчир миний бие Хөдөлмөрийн баатар Ахаан гэдэг хүний барааг анх харсан юм. Хүмүүс Ахаан баатар гэж дуудна. Мань эр “Танай хүү юү” гээд дал алгадаж байна. Найрсаг эр юм аа. Мал төллөж байна уу гэж аав асуув. Хариугүй хургалж, ишиглэх хэдийгээ гэрийн ойр орхисон. Харин сая нэг төл хүлээж авлаа гээд аймгийн даргад рапорт өгч буй адил аавд “ажил”-аа тайлагнав. Нүдний үзүүрт нэг юм бөртөсхийв. Хурганы уутан дотор амьд амьтан байна шүү. Нээгээд үзлээ. Дөнгөж төрсөн хар ишиг зүтгэхчээ аядан өндөлзөнө. Ахаан баатар “Наадахыг чинь удахгүй амлуулна аа” гэлээ.

Хулгана, зурамханыг шоглочихдог байсан эрх багын зан өөрийн эрхгүй хайр энхрийллээр сүлэрч, цээж бүлээн оргиод ирэв. Салиа нь хатаж амжаагүй хар ишгийг тэврээд миний хорвоотой танилцах нэгэн аялал баяжсан билээ. Аав Ахаан гуай хоёр хувь, хувьсгалын юу ярилцсаныг анзаарсангүй.

Хамаг шохоорхол хар ишгэнд шингэв. Хөөрхөн хоёр молцогтой юм. Жижигхэн цэхэр нүдээр ширтэн намайг нудчина. Өлсөөд л байгаа бололтой. Хушууг нь илтэл хуруу үмхээд авав. Аав хориглолоо. Хоосон битгий үлгүүлээд бай. Гэдэс нь зангирчихна гэв. Эхээ хөхөөгүй атлаа миний хэлдгээр уутандаа бааж орхижээ. Зунгаг нь байсан хэрэг. Түүнийг нь цэвэрлээд “соёл”-той байхыг анхааруулж зөөлөн хушууг нь илж билээ. Ахаан баатар “Малд дуртай сайн хүү байна даа” гэлээ. Тэр ишиг ч надад дуртай байна гэж хэлэхээ шахсан юм. Ахаан баатрын хээрийн цайнаас оочоод аав бид хоёр явахаар боллоо.

“Та өдөр шөнөгүй хээр хонодгоо боль. Хөдөлмөрийн баатар гээд л биеэ гаргуунд нь хаяж болохгүй ээ. Туслах төлчин авдаггүй юм уу. Ингэж яваад хээр ясаа тавив” гэж аав хэлж байна. Ахаан гуай инээгээд “Алзахгүй ээ” гэлээ. Үүнээс хойш олон жилийн дараа радиогоор Ахаан гуайг алба үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар одлоо гэж мэдээлснийг санаж байна. Хонины билчээр дээрээ бурхан болсон гэдэг.

Машин руугаа зүглэлээ. Би байн байн эргэж харсаар. Аавд хэллээ. Энэ ишгийг надад аваад өг хэмээн шууд тулгав. Ийм тактикаар би 40 төгрөгийн үнэтэй гэрэл анивчуулагч автомат буу, олон төрлийн машин, ногоон төмөр цэргүүдийн бүтэн хороог дэлгүүрээс авахуулж байсан толгой. Аав учирлав. Нэгдлийн малыг хүнд өгдөггүй юм Гэхдээ… гээд эргэлзэж зогсоно.

Буцаад Ахаан баатар дээр очлоо доо. Мань хоёр казах монголоор хольж ярьснаа намайг дуудав. Хэрэг бүтжээ. Ахаан баатарт аав “Хаврын энэ хахир үед цайны сүүтэй байя. Ишигтэй ямаа цуглуулна. Өсгөх бодолтой” гэжээ. Ахаан баатар аавд их итгэдэг бололтой. Тээврийн жолоочид хайртай сүргээсээ эмтлээд өгнө гэдэг том зүрх гаргасан хэрэг.

Ингэж “Хар ухна” бид хоёрын нөхөрлөл эхэлсэн юм. Бүхээг дотор хар ишигний эх нь орилж майлаад жигтэйхэн. Нялх үрийг нь би пальтогоороо ороогоод тэвэрчихсэн гэртээ ирэв. Ээж “Манай хоёр малтай болох нь уу. Алив амлуулаадахъя” гээд хар ишгийг маань авлаа. Аав ээж хоёул малчны удмынх болохоор сурамгай байсан биз. Нөгөө ишиг жаахан ходоодоо цүндийтэл хөхөөд унтаад өгөв. Ээж дор нь элгэвч оёод зүүлээ. Хатгаа авна гэж үзжээ. Би ч дотроо ээж өөрөө сувилагч юм чинь айх аюулгүй гэж дүгнэв. Аав гадаа эхэд нь зориулж дор нь байр босголоо. Машинаараа холгүйхэн нэг газраас өтөг авчран “хашаа”-г нь дулаалав. Би харин тэр үед хаяаг нь сайхан манаж өгсөн санагддаг юм.

Ингээд жолооч гэр бүлийн “малчин”-ы амьдрал өрнөв. Эгч хичээлээ тараад ирлээ. Миний адил хар ишгийг шохоорхож байна. Харамлах сэтгэл төрлөө. Зөвлөлдсөний эцэст ээлжлэн эрхлүүлж байхаар тогтлоо. Бас “хар ухна” гэдэг нэр өгөв. Мал эрхлүүлдэггүй малчин уламжлалыг ёстой л зөрчсөн дөө. Гадаа гарч эхийнх нь ам руу хүчээр боов чихсээр байгаад идүүлж сургав. Амтыг нь авсан бололтой, хивээд таатай байна аа. Аав маань хэд хоногийн дараахнаас л ойр хавийн казах, дөрвөд айлуудаас ишигтэй ямаа цуглуулан арваад тооны “сүрэг”-тэй болчихов. Сүүтэй цай уугаад сайхан байсан юм.

Дэлхий дэлэгнэсэн хойно манайх сүү, таргаар бялхсан айлж болж хувирлаа. Дэлгүүрийн хуурай сүү авдаг геологийнхон манайд ирж сүүтэй цай ууцгаана. Тэд ажлынхаа аль заваар эднийг маллах гэж байна даа. Бүтэхгүй хэрэг гэцгээж байсан юм. Аав ээж хоёр ажилдаа явахдаа хэдэн ямаагаа уул өөд туучихна. Ишигнүүдийг нь эгч бид хоёр маллана. Маллах ч гэж дээ, хөөцөлдөн тоглосоор өдрийг авна л даа. Ямаа бол их гэрсэг, тэжээл авахдаа амархан.

Манайхны байсан тэр нутаг уулархаг газар. Ёстой л ямааны орон. Төд удалгүй манай ямаан сүрэг өсч жар гаруй болов. Эхэндээ цөөхөн байсан болохоор доохно нутагладаг казах айлуудын сүрэгт нийлүүлж бэлчээрлүүлдэг байв. Сүүлдээ “тусгаар тогтнож” манай ямаанууд тусдаа сүрэглэдэг болов.

“Хар ухна” маань өсч торниод сайхан сэрх болж билээ. Бараг л бяруу шиг шахуу хувирч өөрчлөгдсөн дөг. Хар багаас нь печень, чихэр, боов, жимс гээд махнаас бусдыг өгч сургасан болохоор дэндүү эрх. Хүнээс илүү амттан голно. Чихрийн сайн мууг ч ялгана. Амтгүй зүйл өгвөл тургиад хаях энүүхэнд. Боорцог идлээ гэхэд л “хар ухна” маань элсэн чихэргүй бол тоох ч үгүй. Их цамаан. Манайд аавын найз тээврийн жолооч нар их ирнэ.

Аав ээжийн эзгүйд мань нөхдүүд өөрсдөө хоолоо хийж таарна. Лүндэг гэдэг ах хоолны гурил зуурах гэтэл эгч бид хоёр наад гурил чинь ямааны боорцогны гурил. Тэр гурилаар хоолоо хийдэг юм гээд зааж өгнө. Ямааных гэдэг нь хоёрдугаар гурил л даа.

Удалгүй геологийн айлууд аавын жишгээр ямаажиж эхлэв. Монголчууд ямааг “Баяжихын эхэнд, хоосрохын сүүлд” гэдэг. Хурдан үрждэг, бас хэр баргийн байгалийн хатуу хөтүүг давдаг тэсвэрийг нь хэлээд байгаа хэрэг. Хэдэн жилийн дотор л геологийн хориод айл гурван зуугаад ямаатай болсон билээ.

“Хар ухна” их ухаантай сэрх байсан юм. Хужирссан ямаанууд гэрийн бүрээс урж идэхэд мөргөж хөөнө. Эгч бид хоёрыг загнангуут аяархан шөргөөгөөд сүүлээ хөдөлгөнө. Тал засч байгаа юм, золиг чинь. Ишиг байхдаа хуруу хөхдөг зан нь том болсон хойноо ч арилаагүй. Нүүр, хацрыг гөлийтөл долооно. Хэл нь яльгүй ширүүндүү. Эрүүгээ маажуулах, сахлаа шувтруулах дуртай. Угзарвал мөргөх гээд цоройно шүү дээ. Боорцог шидэнгүүт ганцхан ухасхийгээд л “хап”. Гүйцээ. Чихрийг цаастай нь тууж орхино доо. Айлын гэр рүү Жеймс Бонд шиг нэвтэрч ороод тавгийг нь хуурайлж туужуурдуулсан тохиолдол олон. Би “Хар ухна”-ын өмнөөс өмгөөлөгч хийх ажилтай гэх үү дээ. Энэ годронг алаад идэхэд яана аа гэх томчуудтай ам мурийх үе зөндөө л дөө.

Манай гэрээс сургууль хүртэл хагас километр орчим зайтай. Сурагч болсон хойно минь намайг “хүргэж” өгнө. Зуны амралтын үед “Хар ухна”-ыгаа ямаан сүрэг орой уулнаас бууж ирэх үед тосно. Сүргийн эхэнд жанжин аятай пээдгэр амьтан дэнхэгнээд л. Намайг харангуут тонгочин харайсаар хүрч ирнэ.

Шууд цоройн хөлөө хоёр мөрөн дээр тавина. Зарим хүн “Циркт шалгуулаач. Энэ лав хүний хэл гадарладаг байх аа” гэж толгой сэгсэрдэг байж билээ. Багад нь би хоёр эвэр нь цухуйхуйц нүх гаргаад малгай өмсгөж орхисон юм. Ямаанууд үргэж зугтаагаад жигтэйхэн юм болов.

Аав “малд малгай өмсгөнө гэдэг муу ёр” гээд надад алганы амт үзүүлсэн шүү. Геологийн дүрсгүй залуучууд миний “хар ухна”-ыг өдөж байгаад хийстэл мөргүүлсэн нь олонтаа. Их элдэвтэй сэрх байж дээ. Хөөрхөн хоёр молцогтой. Хуруугаараа молцгийг нь имрээд байвал унтаж орхино. Бусад сэрхийг эврээрээ хөлийг нь хөшөөд л унагаж орхино. Ер нь түүнээс айна л даа. Нохой, муурнууд бол “Хар ухна”-аас холуур дөлж гүйнэ. Мань эр тагтаа хөөж гүйдэг хоббитой гээч.

Би ч дагаад л хөгжөөн дэмжинэ. Багадаа дээр гарч тонгочдог байсан болохоор сурсан зангаа бас тавихгүй ээ. Доор нь орвол үхнэ биз дээ. Гэр, амбаар дээр “дасгал”-аа давтана. Ер нь “Хар ухна” бол харахад сүрдэм сэрх ч ишиг хэвээрээ л бодож, сэтгэж, зүүдэлж, эрхэлдэг байсан болов уу гэж боддог.

Анх Ахаан баатрынхаас авчрахдаа би өвөртөлж унтсан юм. Өглөө сэрэхнээ биеэр дүүрэн зунгаг. Ариун цэвэр сахих хэрэг гарч билээ. Үнэр нь салдаггүй ээ. Эх нь бас хар зүстэй. Ээж уургийг нь бүсгэж эгч бид хоёр идэв. Ийм амттай “хоол” байдаг аа гээд л. Зун болонгуут хөөрхий хар ишгийг минь засч эцэг мал болох эрхийг нь үүрд хасав. Ээж будаатай сүүнд хэдэн ишигний засаа чанаж өглөө. Идэхгүй чадаагүй шүү. Харин “эр хүн”-ий эрхтнээ авахуулсан “хар ухна” маань үхчих вий гэж айсныг яана. Их л зовиуртай байгаа бололтой хөлөө чирээд төдхөн хэвтсэн дэг.

Ишиг хөнгөлсөн дөрвөд ах “Өднөөс хөнгөн, сумнаас хурдан эдгэ. Дүр дүр” гээд хуруу руугаа нулимаад засааны хүүдийг нь нийлүүлж чимхсэн. Нээрээ хурдан илааршсан юм. Морь унаж үзээгүй балчир жаал би анх “Хар ухна”-аа унаж зүгширсэн билээ. Эгч бид хоёр сундалдчихсан явна гээч. Ямаа ч өсч, манайх нэг өвөлжөөрхүү байр засав. Хуурай өтөг лагайтал нь асгасан болохоор пинхийгээд жигтэйхэн дулаахан. Мань эр хойморт нь тухлана. Түүнийг эврээрээр сэжихэд л бусад ямаа холхон хэвтэнэ. “Хар ухна”-ы эх их өсгүүр ямаа байсан юм.

Түүнээс хойш дандаа л охин ишиг гаргасан. “Дүү” нар нь ч ишиглээд. Хотны хойморт гэр бүлээрээ хэвтэцгээнэ. Ер нь хар ухныг бусадтайгаа мөргөлдөөд эхлэхэд мадаггүй тэнгэр хангай муудна. Цасан шуурга, хавсрага тавихыг андахгүй. Барометр л гэсэн үг. Энэ үеэр “Хар ухна” өөрийн дуртай улаан хивэг, хорголжин идэж хар цай, тарваганы шөл уугаад л хэвтчихнэ. Энэ хэрээрээ их тарган, тураг биетэй байж л дээ.

Хүмүүс манайхаас боодогны ямаа худалдаж авдаг байв. Нүд нь шөвөлзөөд л “хар ухна”-ыг маань дандаа заахыг яана. Аав “энэ чинь улаан номд орсоон хө” гэдэгсэн. Түүнд хөгтэй, бас түгшүүртэй олон явдал тохиолдож байсан юм.

Борлон болсон хойноо эхийгээ хөхөж муу дүүгээ харангадааж үхүүлэх гээд болдоггүй. Аав харганаар шөрөг зороод шууд л хамрыг нь сүлбэж орхив. Орилж байна гэж жигтэйхэн. Аргагүй шүү дээ. Би өрвдөөд уйлж билээ. Шүдлэн, хязаалан болсон хойноо муу зангаа тавилгүй эм ямааны дэлэнг ховх сорсон тал бий. Нэг удаа юу идэж уусан юм, бүү мэд. Гэдэс нь дүүрч тэнтийгээд орилж гарав. Аав сүүлний уг хавиар нь цус гартал хазаж байна. Эмчилгээ юү, дом байсан уу.

Лав л монгол малчны ухаан байх. Удалгүй зүгээр болсон доо. Одоо өхөөрдөөд бодоход их өег санагдаж байна. Шав буудаж байсан хүний бууг “агсаж” хүн айлгана. Тамхи татах хооронд нь бууны оосрыг эвэртээ орооцолдуулж орхихгүй юү. Азаар буу нь сумгүй байсан билээ. Айлын эзэгтэй униа будаж байхад нь нурааж орхиод ээжийг таван литр будагны өрөнд оруулж байсан шүү.

Нэг орой манайхны ямаан сүргээс цөөн хэдэн ямаа л гүйж ирэв. Аав энэ уул чоно ихтэй гэж байна. Тэр үед байнгын хариулга байхгүй. Өглөө тууна. Орой өөрсдөө уулнаас буугаад ирдэг байсан юм. Маргааш геологийн “малчид” үүр цүүрээр л сүргийнхээ хойноос явцгаав. Би дутсангүй. “Хар ухна” минь яасан бол гэхээс гол харлана. Хүн байтугай шувуу ч наалдахын аргагүй шахам хаданд асчээ. Хари би ёроолд нь очоод “Хар ухна аа, хар ухна аа” гээд дуудаад байлаа. Нэлээд удсаны эцэст айдас нь тавирч над дээр гүйж ирсэн юм. Тэр шөнө хээрийн боохой дөрөв, таван ямаа гоочилж орхисон байв. Нэгэн орой “хар ухна” ирэлгүй бас л айлгав. Ганцаараа шүү. Сүүлтэй, сүүлгүй боохой хоёрын аль нь авч орхив гэсэн таамаг өрнөлөө. Тэгтэл геологийн нэг жолооч бүхээгтээ суулгачихсан авчрав.

Мань эр зүггүйтэж яваад тарваганд тавьсан хавханд орчихжээ. Амьтны зөнгөөр үү, эсвэл ухаантай байсных уу. Хавхаа чирсээр машины зам дээр хэвтэж орхисон байгаа юм. Үүнээс хойш “Хар ухна”-ыг маань геологийнхон улам хайрладаг болсон доо. Эгч маань бага сургуулиа дүүргээд аймгийн төвд сургуульд орж дотуур байранд байх болов. Надад захиа бичихээрээ “Хар ухна” маань сайн уу гэж эхлэнэ. Амьдралын минь балчир үеийн ийм л ховор нөхөр байсан билээ. Амьтныг, байгалийг хайрлах үзэл, хорвоог танихын нээн учгийг “Хар ухна” сүвлэж өгсөн гэж боддог.

Түүний эрхлэнгүйгээр майлах дуун одоо ч цээжинд минь сонстож, бага ахуй насны минь мөнгөн хонхыг жингэнүүлдэг билээ.

2013.01.20

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img