(Хогийн савнаас олдсон сод зохиолч П.Лувсанцэрэнгийн архивын тухай)
Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Дамбын Төрбатынд нэгэнтээ зочлоход “Суут найрагчийн сувд шиг бүсгүйн нууц”, “Маршал Дэмид”-ийн хоёр цуврал романаа бэлэглэж билээ. Шарга морьтын зусланд нь ах бид хоёр өдөржин аргиж даргиж суухад сэтгэл догдлуун тэрээр “Засгийн газрын хүндэт жуух бичиг” гэсэн алтан боронзон бичиг бүхий хүндэтгэлийн улаан хавтсыг номын сангаасаа гарган ирж гардан өгөхдөө “Танай нутгийн Пэрэнлэйн Лувсанцэрэн гэж Монголын хүүрнэл зохиолын ноён оргил байсан хүн.
Энэ их зохиолчийн архивыг чамд гардуулъя” гэхэд сэтгэл огшин, нүднээ нулимс цийлэх дөхсөн билээ. Нулимс цийлэгнэхээр барахгүй сэтгэлдээ мэлмэртэл асгаруулсан… Бишрэн сүсэлж, хайрлан дээдэлдэг бичгийн их хүмүүнийхээ халуун амьсгалыг мэдрэх шиг, дотно сайхан сэтгэлээс урсах үгсийг сонсох шиг нэг л яруу амьд мэдрэмж сэтгэлд үлдсэн. Бурхад хүний сэтгэлд мөнхөд амьд оршдог. Тийм л амьд бурхны нэг нь тэр их хүмүүн байсан. Зохиолч П.Лувсанцэрэн Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутагт 1933 онд төрсөн хүн. Баянбулаг гэж миний төрсөн нутаг Заг сумаас 90-хэн километрт оршдог зэргэлдээх сум л даа.
Түүний гайхамшигт өгүүллэг, зохиолуудад манай нутгийн танил газрын нэрс ч олонтаа тохиодог учраас түүнд би Монголын бусад зохиолчдоос илүү хайртай байдаг байж мэднэ. Төрбат зохиолчийн өгсөн мөнөөхөн хавтастай зүйл юу юу байв гэвэл Монголын зохиолчдын хорооны дарга Сономын Удвал ахайтны гарын үсэгтэй 1969 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөр огноолсон 216 дугаартай диплом байна. Зөвлөлтийн Зохиолчдын холбооны удирдлагаас түүнийг бурхан болсны хойно хоёр ард түмний хамтарсан “Ах дүүсийн ном”-ыг бүтээхэд онцгой гавьяа байгуулсан учир шагнасан 1973 оны нэгдүгээр сарын 9-нөөр бичиглэсэн баярын бичиг байна.
МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ч.Пүрэвжавын гарын үсэгтэй МХЗЭ-ийн 50 жилийн ойн “Хүндэт диплом” байна. Мөн их зохиолчийн дүү П.Жамбалын бичсэн сонинд бичсэн талархал байна. Тэнд “Миний төрсөн ах П.Лувсанцэрэн зуурдаар нас барж, бидэнд тохиолдсон уй гашуудлыг сэтгэл зүрхээрээ хуваалцан гүн туслалцаа үзүүлсэн хотын нэгдсэн эмнэлэг, Силикат тоосго шохойн үйлдвэрийн хамт олон, залуу зохиолчдын дугуйлангийнханд баяр талархлаа илэрхийлье” гэжээ.
Энэ улаан хавтсанд зохиолч Лувсанцэрэнтэй М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд хамт суралцаж байсан төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдорж, зохиолч Д.Гармаа, яруу найрагч Шагдарсүрэнгийн Цогт нарын зураг хэвлэгдсэн сонины хайчилбар зураг, Сергей Миронович Кировын тухай орчуулгын ч гэмээр юм уу хүүрнэлийн 11-16 гэж дугаарласан хуудсууд, зохиогчийн (А.Таксубаевын орос хэлнээ хөрвүүлсэн) “Четыре письма” хэмээх найман нүүр өгүүллэг, БНМАУ-ын 50 жилийн ойд зориулсан “Миний монгол орон” бүрэн хэмжээний өнгөт баримтат киноны 55 нүүр зохиол, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалын 1971 оны долоодугаар сарын 2-ноор өдөрлөн гарын үсгээ таталсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын Хүндэт жуух бичиг, “Залуучуудын үнэн” сонины хариуцлагатай эрхлэгч С.Чулуунцэрэнгийн гарын үсэгтэй “Нөхөр П.Лувсанцэрэн таныг сонины зөвлөлөөс гаргасан өгүүллэгийн уралдаанд хоёрдугаар байр эзэлж амжилт гаргасан явдалд “Залуучуудын үнэн” сонины баярын бичгээр сайшаан шагнав” гэсэн 1968 оны 12 сарын 28-ны өдрийн баярын бичиг (№ 113), билгүүн номч Бямбын Ринчен, төрийн шагналт зохиолч Сономын Удвал, С.Эрдэнэ, Л.Түдэв, Д.Пүрэвдорж, Л.Ванган, С.Дашдооров, Д.Гармаа, Л.Чойжилсүрэн, Д.Нямаа болон Монголын болон гадаадын зохиолч, яруу найрагчидтай хамт татуулсан 15 ширхэг зураг (Д.Төрбат ах С.Дашдооров нартай гурван зураг авч үлдсэн болно), МХЗЭ-ийн 16дугаар их хурлын гадаадын төлөөлөгчдөд зориулан хийх хүлээн авалтын урилга зэрэг түүх хүүрнэх зүйлс багтжээ.
Дээр дурдсан өгүүллэгийн сүүлчийн өгүүлбэр нь “Тэгэхэд хотын тоос…” гэж илэрхий дутуу төгссөн бөгөөд үүнийг залгуулан дугуй хаалтад (үзэгээ тавид битгий босооч дээ) (Хайрт ах минь дээ. Таныгаа хүндэтгэн дурсан сууна) Пэрэнлэйн Жамбал, Пэрэнлэйн, Пэрэнлэйн Сосорбарам (дүү нар нь) 2000 он. гэсэн ягаан цэнхэр балаар бичсэн үгс дурайна.
Энэ улаан хавтастай архивыг Д.Төрбат бээр ерээд оны эхээр МЗЭ-ийн хогийн саван дотроос олж өдий хүртэл хадгалаад “П.Лувсанцэрэн зохиолчийн нутгийн дүү” надад өгч буй ажгу. Ийм ховор нандин архивын эзэн болсондоо баясал төрөвч “Монголын оюун соёлын хэчнээн их өв хогийн саванд энэ мэт шидэгдэн устгагдаа бол” гэсэн гунигт бодолд дарагдсан юм.
Миний бие П.Лувсанцэрэн зохиолчийн талаар үнэхээр гайхамшигтай зохиолч гэхээс өөрөөр мэдээлэл хомс байсан ч зөвхөн эл хавтаснаас олдсон мэдээллээр ямартай ч овог нэгт гурван ч дүүтэй хүн байсныг “илрүүлэв”. Тиймээс эрхэм зохиолчийн төрсөн дүү нар болоод хамаатах хэнбугай ч бай түүнд эл зүйлсийг гардуулан өгөхдөө туйлын их баяртай байх болно.
Их туурвигч МЗЭ-ийн шагналт зохиолч П.Лувсанцэрэнгийн талаарх бяцхан тодруулга мэдээллийг уншигч та бүхэнтэйгээ хуваалцъя. Тэрээр Баянхонгорын аймгийн Баянбулаг суманд 1933 онд төрж, 1944 оноос бага, дунд сургуульд суралцан 1967 онд Москвад М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгсжээ.
Архангайд Мал эмнэлгийн сургууль төгсөөд 16 насандаа малын бага эмч болж хөдөө орон нутагт ажиллаж байсан аж. Уран бүтээлээ 1962 оноос эхэлж “Нар шингээгүй”, “Ус шиг цэнхэр”, “Хаврын шувуу”, “Мөнгөн аяга”, “Сарны сонат”, “Нүүдэл” зэрэг олон өгүүллэг, “Хөдөөгийн дуун” тууж бичсэн нь “Нар шингээгүй”, “Оддын дор”, “Хаврын шувуу”, “Бодол”, “Учрал”, “Усны эргүүлэг буюу Борзооны явдал” зэрэг ном болон хэвлэгджээ. “П.Лувсанцэрэн сэтгэлзүйн өгүүллэгүүдээрээ тухайн төрөл хэлбэрийг баяжуулж уран сайхны энэ эрэл нээлтийг залгамж үеийн зохиолчид баяжуулсан билээ” гэж нэрт шүүмжлэгч Х.Сампилдэндэв өгүүлсэн байдаг.
Зуурхан наслаад зул шиг жаргасан хүүрнэл уянгын энэ их мастерын тухай түүний анд, ардын уран зохиолч Тангадын Галсан бээр нэгэнтээ “Лувсанцэрэн минь байсан бол Нобелийн шагнал авах монгол зохиолч байсан” гэж надтай хөөрөлдөхдөө халаглан дурссан удаатай.
Т.Галсан багш маань “Амьд мэнд үлдвэл алсдаа Монголын зохиолчдоос Нобелийн шагнал хүртэж мэдэх билиг танхай авьяаслаг зохиолч Пэрэнлэйн Лувсанцэрэн үрэлтээс шатсан жижиг тэрэг дотор боодог болтлоо түлэгджээ. Лувсанцэрэн бид хоёр нэг нутгийнхан. Бас гэргий нь манай Кино үйлдвэрийн Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч дарга Дагвадорж гэж бүсгүй байлаа.
Лувсанцэрэн маань коммунизмын орны хамгийн сайн эмнэлэгт сар шахам хэвтэж эмнүүлсэн. Энэрэхүй сэтгэл, эрдэм төгс эмч нар ачтай ч, эрлэгийн элч тэднээс хүчтэй байжээ. Монголоос яаралтай очсон ханийнх нь халамж, халуун сэтгэлийн дулаан үг, миний хүргүүлсэн хойлгийн мах, чацарганы тос Лувсанцэрэнд аврал болсонгүй. Учир нь талийгаачийн биеийн наян хувь нь түлэгдсэн байж. Гэвч ухаан саруул, ганц ёолохгүй байсанд нь орос эмч нар гайхаж, тэр хэрээрээ халаглан харуусаж байсан гэдэг.
П.Лувсанцэрэн шиг их ном цуглуулсан зохиолч тэр үед Монголд байгаагүй. Гэтэл тэр их номоо талийгаач “Манай нутгийн найрагч Галсанд өгөөрэй” гэж гэрээсэлсэн санж. Тийнхүү надад дэлхийн авьяас билиг, оюун ухааны сор болсон мэргэдийн сонгодог ботиуд үнэгүй ирэх нь тэр. Гэвч, би тэр их эрдэнийг гэртээ зөөсөнгүй. Учир нь манайх гэдэг айл “Майдарын долоо” гэж алдаршсан барилгачдын нийтийн сууцны ганц өрөөнд толгой хавчуулан барилгачин дүүгийндээ хоног хороодог байв. Нөгөө талаар би гээч зөрүүд амьтан, бэлэг бүхэнд гараа тосох хүн биш.
Тэгээд Кино үйлдвэр дээрээ хоёр машинаар зөөж авчирлаа. Тэр үед би редактор, дарга, номын санч зэрэг олон алба таширлуулан хашдаг “мундаг” амьтан болчихоод байж. Номын сангийн өрөө уужим. Энэ танхим бол “Өглөө” кинонд Ленин, Сүхбаатар хоёр золгон учирдаг зургийг авсан түүхт өрөө. Тэгээд ч тэнд Лениний номын сангийн гурван том шүүгээ байх. Харин дотор нь ном цөөн “Советское фото”, “Советский фильм”, “Правда” зэрэг сонин сэтгүүл навсайж хэвтэх. Зохиолч П.Лувсанцэрэнгийн номын сан “Монгол кино” үйлдвэрийн номын сан болсон түүх ийм.
Лууяагийн шалнаас тааз тултал хураалттай байсан сайхан ботиудыг Лениний номын сангийн том шүүгээнүүдэд ирийлгэх гэж миний бие, хэдэн дуулгавартай ажилчдынхаа хамт амралтын өдөр ч амсхийлгүй ялгаж төрөлжүүлсээр ярайтал өрсөөр, үйлс сайхан бүтсэний төлөө үүдээ түгжин байж хундага өргөв. Ийнхүү “Монгол кино” үйлдвэр Илиада, Одессей, Рамаяна, Махабхаратаас Жангар хүртэлх дэлхийн бүх туульс, “Алтан навч”-аас “Декамерон” хүртэлх нууц ном, Марк Твенээс Солженицын хүртэлх дэлхийн зохиолчдын боть, Маркс-Энгельсээс Мао Зэдун хүртэлх гүн сэтгэгчдийн туурвил бүрэн сайхан номын сантай болсон төдийгүй би өөрөө тэрхүү номын сангийн эрхлэгч боллоо.
Би сүүлчийн автобус явах хүртэл номын сандаа дэлхийн авьяас дээдэлж, ухаан ууж суудаг болсон билээ. П.Лувсанцэрэн маань М.Горькийн нэрэмжит, утга зохиолын дээд сургуульд сурахаар одохоосоо урьд Намын түүхийн институтид улс төр, гүн ухааны чиглэлийн орчуулагч байсан болоод ч тэр үү “Гүн ухаанд эс нэвтэрвээс гүехэн ухаантан болно” гэдгийг тооцдогтоо ч тэр үү, Аристотель, Маркс, Энгельс, Ленин, Гегель, А.Эйнштейн, Күнз, Сүнз, Далай лам, Бурхан багшийн сургаалаас уруудуулаад Маогийн сонгодог зохиолуудыг олж цуглуулсан, уншиж тэмдэглэсэн нэгэн байж. Энэхүү дүгнэлт үнэн болохыг, тэдгээр ботийг дөнгөж сөхөж харсан хэнд ч ил үзэгдэнэ. Мөр мөрийн дундуур улаан, хөх, ногоон балаар зурсан, хуудасны зах дагуу нямбайхан бичсэн тэмдэглэл цөм Лу-гийнх бөлгөө.
Сэхээтэн явах цагтаа овоо чамбай номын сантай байсан олдой миний бие малчин болохын цагтаа хайран сайхан номоо, уншсан номын тэмдэглэлээ шавь нартаа тараахдаа ч, Бууцагаан, Заг сумын номын санд маш хямдхан зарахдаа ч, хурдан морио хулгайд алдсан уяач шиг харуусаж байсансан. Харин энэ удаа ийм баян номын сангийн эрхлэгч болсон тул нас насны хурдан морьтой уяач шиг, тэд нь улсын наадамд айрагдсан юм шиг сэтгэл өег, цээж ханхар байх болж билээ” гэж дурссан байдаг.
Мөн яруу найрагч Уртнасангийн Бямбаням дүү П.Лувсанцэрэнгийн тухай “Прүст, Камюгийн нэрний өмнө Франц бичигдэж, Жойс, Фолкнер Англи хэлтний уран зохиолд хамаардаг шиг үндэстний утга зохиолын ертөнцөд чухал үүрэгтэй, зохиолуудыг нь мартах учиргүй, тэрхүү бүтээлүүд нь монголчуудын сэтгэлгээ болон уран зохиолын төлөвшилд чухал үүрэгтэй тийм зохиолчид бий.
Мартах учиргүй ийм нэг хүүрнэгч нь Пэрэнлэйн Лувсанцэрэн. “1972 онд харь оронд болсон нэгэн золгүй осол Монголын орчин цагийн үргэлжилсэн үгийн зохиолын арай л ондоон голдрилоор урсч мэдэх чигийг боосон санагддаг юм” хэмээн Аюурзанын тэмдэглэсэн нь харуусалт үнэн билээ.
Кавказын ууланд болсон тэр осол Монголын уран зохиолын хойчийн гэрэлтэй, чиг зүгтэй байх асан төлөвшилд багагүй өөрчлөлт авчирсныг өдгөө бид харж байна. 1962 онд “Нар шингээгүй” өгүүллэгээ барьсаар Монголын уран зохиолын хаалгаар эмээнгүй орж ирсэн тэр хүн өдгөө хүүрнэл зохиолын өмнөө хэлэх зохиолчдын тоонд зүй ёсоор багтжээ.
1966 онд Горькийд сурч байхдаа зохиолч П.Пүрэвсүрэн гуайд нэг их урт захидал бичиж, “Ус шиг цэнхэр” гэсэн өгүүллэгээ хавсарган “Залуучуудын үнэн”-д хэвлүүлж өгөхийг хичээнгүйлэн гуйсныг ёсоор болгох гэхэд “Энэ зохиол орчин үеийн сэдэвтэй бус, залуусын амьдрал тусаагүй тул нийтлэх боломжгүй” гэсэн хариу авсан инээдтэй, хөөрхийлөлтэй ч гэмээр түүх байдаг.
Ингээд тэр үеийн “Цог” сэтгүүлийн эрхлэгч асан Дамдинсүрэн (Өвгөөдэй) гуайд аваачиж өгснөөр хэвлэгдэн, уран зохиолын хүрээллээс хальсан шуугиан тарьсан гэдэг. Цаг хугацаагаа, нийгмийн тогтолцоогоор нь үзвэл чамгүй хугацаа өнгөрсөн ч дээрх байдал нэг их өөрчлөгдсөнгүй.
Лувсанцэрэнгийн бүтээл номын дэлгүүрт зарагддаггүй, зарагдлаа ч хүмүүс авахгүйн учир нь бид уран зохиолын хэлбэрт илүүтэй анхаарч, орчин үеийн уран зохиол нь хот, хотын хүний амьдрал, иргэншлийн асуудлыг хөндөх ёстой гэсэн явцуу сууринаас хандаж, мал малчинг дүрсэлбэл хуучин, хөдөөний шинжтэй юм гэсэн бүдүүлэг дүгнэлт хийдэг зангаасаа салаагүй учраас тэдгээр бүтээлүүд цагийн савсалгад мартагдаж буй нь тэр. Хэмингуэйг тэртээ 1950-иад онд Куба загасчныг дүрсэлсэн гээд, Шекспирийг Дундад зууны үеийн Английн хаант засаглал, элир балрыг сурталдсан гээд дэлхий уншихаа байх нь яасан юм бэ.
Уран зохиолын үнэлэмж ийм байдлаар явдаггүй нь харамсалтай. “Ус шиг цэнхэр торго авчраарай” гээд үлдсэн баруун говийн бүсгүй, хилийн чинадад гарч хэд төгрөг олох санаатай явж буй найз залуугаа үдэн, онгоцны буудал дээр зогсоо бүсгүй хоёрын хооронд өмссөн зүүсэн, ажил мэргэжил цаг хугацааны ялгаанаас давсан хамгийн том ижилсэл нь хүн гэдэгт оршино.
Тэд шаналдаг, баярладаг, уйддаг, урвадаг, бас хайрладаг. Мөн энэ мэтийн амьдрал, хувь тавилангийн шоглоом дэлхийн хаана ч өрнөж л буй. Малчны хайр маниусынхаас өөр байдаггүй нь сайхан. Тиймээс л зохиолын өгүүлэмжээс урган гарах утга агуулгыг зөвхөн баатраар нь, дүрүүдээр нь үнэлнэ гэдэг барагтайхан хүний хийх ажил болж таарна. 1969 оноос эхэлсэн “Нар шингээгүй”, “Оддын доор”, “Хаврын шувуу” түүврүүд Монголын хүүрнэл, тэр дундаа богино өгүүллэгийн бичлэгийг шинэ шатанд авчирсан гэж би хувьдаа үздэг.
Соцреализм шувтрах тийшээ хандсан ч уран зохиолыг ямар нэг баригдмал сэдэл санаа, үзэл суртлын хандлагад чиглүүлж асан жараад оны сүүл үед түүний бүтээлүүд Монголын уран зохиолын ирэх чиг хандлагыг тодорхойлсон юм. Яг энэ сэдлээр наяад оны утга зохиолд шинэ хандлага бүхий хэд хэдэн зохиолчид төрсөн байдаг. Үеийнхэн нь үүнийг Лувсанцэрэн Горький төгсөж ирээд МЗЭ-д Залуу зохиолчдын зөвлөлийн эрхлэгчээр ажилласантай холбон дурсдаг.
Москвагийн Бутырины гацаанд М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн оюутны байранд сүүтэй цай чанаж монхордуу хамар нь хөлөрч, хүүхнүүд шохоорхом сэргэлэн нүд нь талимаарч, шинэ өгүүллэгээ уншиж, хөдөөд өнгөрүүлсэн амьдралынхаа тухай сонин сайхныг хуучилдаг байсан тухай нэгэн сайхан дурсамжийг Д.Гармаа бичсэн. Авьяас зүтгэлийг нь таньж, Горькийд явуулсан тэр үеийн Зохиолчдын хорооныхонд өөрт минь огт хамаагүй харь атал баярласаар явна. Харь оронд үргэлжилсэн үгийн зохиолчоор суралцсан тэр таван жил л түүнд “Ус шиг цэнхэр”, “Зүрх мартахгүй”, “Сарны сонат” зэрэг олон өгүүллэгийг нь төрүүлж өгчээ. Лувсанцэрэнгийн богино өгүүллэгүүд баатруудынхаа дотоодод төвлөрч, бодрол, монолог шинжтэй бичигдсэнээр сэтгэл дэх мянга түмэн хувирлуудыг уншигчдын өмнө илчилж, мөнөөхөн хийсвэр дүр бидний дунд амилан бүтдэг онцлогтой. Хэд хэдэн бүтээл нь хэвлэгдсэний дараа Ш.Гаадамба гуай Явуухулангийн “Харахаас ялдам хонгор бүсгүй” шүлэгтэй түүний богино өгүүллэгийг жишин, уран сайхны нээлт гэдэг үүнийг хэлэх авай” хэмээн дуу алдсан ч зөрж, няцаах хэрэггүй үнэн.
Тэр Монголын хүүрнэл зохиолын ертөнц дэх Явуу байжээ. Зохиол бүтээлтэй нөхөрлөсөн охорхон хугацаандаа тэр “олсон санаагаа тодорхой амьдрал болтол, баатруудынхаа дүрийг амьд хүн болтол бүтээнэ гэдэг маш төвөгтэй, зовиур шаналгаатай ажил юм” хэмээн тэмдэглэн үлдээжээ. Энэ мэт шалтгаанаас л Монголын уран зохиолд “хүүрнэл яруу найраг” гэсэн сэм үгс цухалзаж, С.Дашдооров, П.Лувсанцэрэн, С.Эрдэнийн утга уянга, сэтгэлзүйн богино өгүүллэгүүд тод томруун үлдсэн юм.
Г.Аюурзанын эмхэтгэсэн “Монголын сонгомол өгүүллэг” түүврээс цааш түүнийг төдийлөн олон хүн мэддэггүй нь чамлалтай санагддаг. “Хаврын шувуу”, “Нар хиртэхгүй”, “Оддын доор”, “Усны эргүүлэг буюу Борзооны явдал”, “Хөдөөгийн дуун” зэрэг алийг нь ч муу гэх газаргүй эдгээр бүтээлийг номын сангийн тавиур дээр харах бүртээ олзуурхан шүүрч, хэдэнтээ эргүүлдгээ нуух юун.
Тэнд л монгол хэлний энгүүн сайхан хэл найруулга, донж хийц, хүний сэтгэлийг тольдсон нарийн нандин бүхэн нуугдаж байдаг учраас тэр. Сүүлд харин “Борзооны явдал” туужийн шинэ хэвлэлтийг номын дэлгүүрт олж үзээд долоо хоног тутмын сэтгүүлийн номын буланд хүүхдийн уран зохиолоос унших номонд нэн тэргүүнд оруулан бичсэн билээ. Хорвоо ертөнцөд мартаж, санах учрал тохиол цөөнгүй. Гэвч мартаж болохгүй зүйл гэж бий.
Уран зохиолын хөгжлийн дагуу, бичигдээгүй хуулиар цагийн замд бүдгэрч мартагдах нь муу зохиолын жишээ боловч нийгэм төвтэй уран зохиол газар авсан, жинхэнэ болоод хуулбар, муу зохиолын зааг ялгааг харж чадахаа байсан энэ үед энэ мэтийн жинхэнэ зохиолууд цагийн саалтад орхигдоно гэдэг харуусалтай. 39 оныг бидний дунд үдэж, 10 гаруйхан жил уран зохиолын ертөнцөд амьдраад одохдоо тэр чамгүй зүйлийг бүтээсэн, харин тэр бүтээсэн үнэтийг үнэлж, хүндлэх сэтгэл бидэнд байх учиртай. Гэгээ зууж нисэн ирээд хүмүүний сэтгэлийг гэрэлтүүлчихээд хавраар буцсан хүндэтгэлт зохиолчийн тухай энэхэн үгсийг хэлхлээ” хэмээн бичиглэсэн байдаг билээ.
Аугаа их туурвилчийн “Ус шиг цэнхэр” хэмээх алдарт өгүүллэгийг уншигчдадаа толилуулж байна.
Ус шиг цэнхэр
Намрын адаг сарын жаварт өглеө зузаан дээл шууж бүсэлсэн өвгөн Жанцан жижиг бор гэрийн эсгий үүдийг түнхэс хийтэл түлхэж хоол цайны илчинд залуу хүн шиг улаа бутран уур манан савсуулсаар түгдэгнэн гарч ирэхэд уяан дээр тохоштой хэвтэж байсан хүрэн ат, эзэн маань босгон дороо ойчих гэж явна уу, гэсэн маяттай нүдээ дүрлийлгэн эргэж харав.
Жанцангийн хойноос үс нь их ургасан, жац томтой залуу эр хар булигаар богц барьсаар толгой нүцгэн гарч ирээд наран сөрөг анивчин найтаалгаснаа:
-Ааваа, та дуран авч явах уу? гэж асуув.
-Үгүй ээ, үгүй гэж Жанцан малгайгаа бүчлэх зуур уцаарлан хэлээд тохоштой тэмээ рүү явлаа.
Хүү нь ааваасаа түрүүлэн очиж тэмээний бурантгийг гартаа аваад хүлээн зогсоход Жанцан хажууд нь ирээд:
-За чи Чулуун минь, цаад муу эх чинь ганцаардана шүү, битгий буу үүрч тэнэж явчихаад байгаарай! Хүн шиг байж үзээрэй! Өнөөдөр наад хормойгоо нөхүүл гэхэд,
-За, эртхэн явж үзээч, гэж хүү нь түүнийг мордуулах санаатай зүүн талаас нь сугадаж хэвтээ тэмээ рүү ойртуулан түлхэв.
-Гүй чи зүгээр байгаач. Би өөрөө мордчихож чадна, гайгүй. Намайг дандаа нэг хүүхэд шиг санах юм. Нохой долоо гэж үнгэсээр Жанцан богцоо хойшлуулан засаж мордтол хүрэн ат ч ухасхийн бослоо.
Жанцан улцан нүднийхээ нулимсыг арчин, тэртээ зүүн хойно хэдмэгтэн хөхрөх уулсын бараагаар чиг барин товолзтол алхууллаа. Намрын сарын жаварт хамгийн түрүүн хамрын үзүүр хөрж, ус гоожно. Жанцан жавраас нүүр буруулан хазгайхан сууж жижиг аараг толгодыг хэдрэн алхуулсаар бага үдийн хирд Босоогийн тал руу орж ирлээ.
Зуны дэлгэр сайхан цагт адуу тэмээ зэрэглээн дундуур багшран бэлчиж, цэцэг ногоо сугсран халиурч байдаг энэ их тал зэлүүд эл хуль оргиод гандаж хатсан хялгана шивээ явган салхинд нахилзан нахилзан найгаж, талын дунд ганц том хадан цохио зуны дэлгэр цагийг харуулдан хүлээх мэт сүүхийн зогсоно.
Эзэн хүнээр залуулалтгүй элсэрхэг зөрөг дагаж сурамгай алхлах хашир атны нуруун дээр амгалан суугаад салхины уруу сөрвөлзөн хийсэх тэмээнийхээ шил зогдрыг нүдний үзүүрээр ажиглан хээрийн цэвэр агаарыг цээж дүүрэн татаж бодолд автан мэлмэрч явах бас ч сайхан байдгаа.
Намар яг өдийд холын замд гарах гэж хөл газар хүрэхгүй хөөрч явдаг байсан өнө эртийн цаг сэргэн бодогдоно. Тарга хүч авч гүйцсэн атан тэмээдийг зэл татан сойгоод, жинчид хом татлага бурантаг гадас, хонх майхнаа төхөөрч байхад амраг гэргийд нь дулаан хувцас зэхэж, ах дүүс танил дотно хүмүүс нь бэлэг захиа өгч, өвөл ойртохын амьсгаанаар зуны тавлаг уужмыг орхин яарч үймсэн мал хүн ийш тийш хөлхөлдөн, ботго тором буйлалдаж, байгаль дэлхий хүртэл уярсан байдалтай шөнийн цагаар тунгалагхан шүүдэр, хөнгөн цагаан хяруу дэвсэж хоноод зуны үймээнд тамирдаж цонхийсон шаргал талын дээгүүр санаа алдах мэт намрын хонгор салхи нэгэн үе сэтгэл уяраан нэгэн үе хийморь бадраан сэвэлзэж байдаг тэр цаг тэр улирал жинчин хүний сэтгэлд бусдаас илүү нэвчин шингэж зүрхний нь угт хоногшдог ажээ.
Жанцан анх жинч эцгээ дагаж хорин настайдаа аяны замд гарчээ. Тэр үед Шүхэртийн бага охин, баруун говийн хулан гэж залуучуудад магтагддаг байсан гэдгэрхэн нуруутай яагаан хацарт охинд Жанцан сэтгэлтэй болоод байсан тул зуны адаг сар гарч жинд явах болсноо сонсмогц адуунаасаа шөнийн нэг морь хулгайлан унаж багтарч унатал нь давхисаар Голын адгаас Өвөр салаа орж тэр амрагтаа очоод үүрийн шаргал гуяагаар Баянцагааны бэлийн хад чулууг тачигнуулсаар буцаж ирдэг болжээ. Ирээд гэртээ оролгүй, саахалтынхаа Намбаа гэдэг ганц бие чавганцыг номгочилж тэднийд ороод тэрлэгээ өрөөлдөн нөмөрч үд хүртэл унтана.
Гэтэл нэг өглөө эцэг нь “Манай нэг муу бэлтрэг хаа явна?” гэж амьтнаас асуусаар явж сургий нь сонсоод Намбаа чавганцынд гартаа ногт барин орж иржээ. Тэгээд хоймор нь амгалан хурхирч хэвтээ хүүгээ хармагц “Мөөн” гэж амандаа шивэгнэн хэлснээ ухасхийж, нөмөрч хэвтсэн тэрлэгий нь хуу татаад барьж явсан ногтоороо хүрэн даалимбан өмдтэй бөгс рүү нь пад хийтэл дуу ихтэй ороолгоод өөд нь дахин далайхын зуур Намбаа чавганцын унийг бас ороолгож, хуурай тос тортгийг манартал бутраана.
-Хүүе, Ламжав гуай та яаж байна? Болиоч хүүгээ, хөөрхийг яанаа? гэж сандарч тэвдсэн Намбаа чавганц түүний араас бүснээс нь татаж саатуулах гэснээ дийлэхээ болихоор баруун гартаа байсан шанагыг ор руугаа ууртай шидээд “Ээ, шүтээн минээ, яасан ч догшин уур вэ та минь” гээд дорой дуугарсаар гадагш гүйн гарав.
Зодоон болж байгаа сургаар хэрэгт дуртай хэдэн залуучууд хүүхэд гаднаас орж ирэхэд Жанцан гутлаа өмсчихсөн хааш ч хөдлөх чадалгүй, эцгийнхээ өмнө хэрэгтэн шиг зогсож байжээ. Эцэг нь Намбаа чавганцын орон дээр сандайлж суугаад ханцуйгаа шамлан хүү рүүгээ давшлан загнана. Хүүгээ загнан амьсгаадахын хажуугаар хамрынхаа хоёр нүх рүү нунтаг шар тамхи ээлжлэн чихэж хэсэг хэсгээр энгэр рүүгээ савируулан унагаана. “Миний толгой дээр гарах чинь дутаад байна уу? Шөнөжин давхиж давхичихаад бас хулгайч шиг айлд нуугдаад унтаж хэвтэнэ гэнээ? Хаанаас чи ийм зан сураав? Наад царай зүсээ хар чи! Цусаа соруулчихсан амьтан шиг. Ийм байж жин тээх. Замын тээр болох уу муу новш. Бүсээ бүсэл” гэснээ Ламжав үүд рүү харж “Явцгаа, та нар! Миний явдал та нарт пад байхгүй” гэж ширүүн хашгирав.
Гаднаас ирсэн улсыг хөөж гаргасан хойноо “Чамайг яасан ч толгой дээрээ гаргахгүй дээ. Ясы чинь хуга цохиод учраа олно. Тэгээд чи дураараа дургиж яваарай” гэж хэлээд сүртэй эгдүүтэй харцаар хүүгээ харж хэсэгхэн чимээгүй суув.
Жанцан зав гарсан дээр нь гэсэн шиг шалавхан бүсээ бүсэлж авав. Гэтэл эцэг нь “Яв?” гэж чанга хашгираад ногтоо барьж боссон хойно “Өнөөдөр цаад араг толгойтдоо очиж дахиж ирэхгүй гэж хэлээд ир! Нөгөөдөр чи үдээс өмнө заавал ирээрэй. Ирэхгүй бол мөчий чинь санжуулах вий” гэсээр үүд рүү явав. Жанцан гаанс тамхиа үзүүлчихээгүй гарсандаа баярлан уужирч аавынхаа хойноос хараад хариугүй инээх гэж байтал аав нь үүдэнд очоод эргэж харав. “Чи орон гэрээрээ орж эмээл хазаараа аваад хүн төрхтэй яваад ирээрэй. Битгий гуйлгачин царайлж нэр бузарлаад яваарай!” гэж хэлээд тэр дурамжхан маягтай гарав.
Жанцанг ингэж үүр шенөөр сандран босож давхихын зовлонгүй хоёр хоногийн чөлөө олоод ирсэнд Дагиймаа нэрт өнөөх булцгар охин, сая эрийн шинж цогцолж яваа Жанцангийн өвчүү цээж рүү шонтгор хатуу хамар зузаан хүрэн уруулыг шимтэн нааж, халуун элгэнд нь тэврүүлсээр, янаг сэтгэлийн жолоо алдран анхны хайрын эмнэг гэнэн сэтгэлдээ эцэсгүй сайхныг эрэмцэн хүсэмжилж, зуурдын жаргалыг насны мэт болгоож, ид нойрын бор шөнөөс өрхний оосор татахаа хүртэл хайртай хүнийхээ чихэн дор халуун амьсгалаар шивнэн хойчийг ярьж өнөөг бахархан янаг бүсгүйн жаргалыг хоёр хоног эдлээд нүдэнд нь сэтгэл ханасны цог бадран, хацар нүүр нь судалтаж туяарсаар хоцорчээ.
Эцгийн хишиг болсон ганц өдрийн жаргалыг тэр хоёр бэлчээр дээр эдэлж өнгөрөөв. Гэгээн цагаан өдөр танхил томоогүй бүсгүйг өхөөрдөн наадан сууж зүрхээ шаналтал цэнгэнэ гэдгийг Жанцан тэр өдөр анх удааг үзжээ. Дагиймааг эв муутайхан тэврэн сууж жавар үнэртсэн бор хацры нь удаахан нэг үнсээд эргэж хартал духан дээрээ ганц эвэртэй юм шиг урт босоо согсоотой цагаан ямаа цээжээ дүхийлгэн толгойгоо өндөр өргөж зогсоод “Та хоёр яаж байна?” гэсэн маягтай мэлцгэр шар нүдээр ширтэж байв. Дагиймаа “Хэрэгт дуртай годрон бэ” гээд чулуу авч шидсэнээ царай нь час улайв.
Жанцан залуу явахдаа энэ тухай бодох бүр өөрийн эрхгүй инээд хүрэхийн хажуугаар нүдэнд нь нулимс бүрхэж ирдэг байв. Гэвч эцэг нь хүүгийнхээ сэтгэлийг мэдэх тул тэнгэрийн заадас туяаран цайрч, тоо томшгүй одод мөнх анивчсан өвлийн шөнийн жаварт ямаан дах өмсөж, хүүгээ нөмөр талдаа дагуулаад сэтгэлий нь засан хонхон дууны эгшиг дор сургамж захиа өгч явдаг байв.
Элэнц хуланц өвөг дээдсээсээ эхлээд амьдрах гэж улаан голоо тасартал зүтгэж ирсэн амьтан юм шүү дээ, хүн гэдэг. Хүний дээд нь жинчид байдаг юм. Жинчин хүн жавар салхийг даана. Өлсөх даарахыг даана. Тэг тэгсээр яваад яс шиг хатуужиж хүний дээд, эрийн дээж болдог ёстой. Жинчин хүн гэдэг жавар чангарах дутам илч нь нэмэгдэж тэмээнийхээ алхаан дор биеийнх нь чилээ гарч, хонхныхоо дуугаар сэтгэл нь сэргэж явдаг учиртай. Хүүхэн чавганцын хэнээтэй эр жинчин байж чаддаггүй. Жавар салхинаас хүчээ авч чаддаггүй нарийн хоолоор тордуулж байж тэнхэрдэг хүн бас жинчин байж чаддагүй. Архаг хуучингүй эрүүл сайн бие, нугарахгүй гүдэс цэх зориг, тусч сайн сэтгэл, үнэг шиг хурц нүд, чоно шиг соргог хамар, нарийн анирч чих ганцхан жинчин хүнд байдаг. Жинчин хүн адаглаад аян замд өвдлөө гэхэд хаа явсан газрынхаа шорооноос долоогоод сэхдэг юм. Эр хүний жаргал эзгүй хээр гэдэг. Олон жил жин тээж, хээрийн салхинд дасаад ирэхээр сэтгэл хүртэл гэрийн мухарт тогтохоо больдог юм. Зориг султай унж дорой хүн жинчин болж хэзээ ч чадахгүй гэж эцэг нь хүүдээ сургана.
Гэвч сэтгэлийн зовлон гэгчийг хүн яахин тийм амар мартаж чадах билээ? Жанцан аавынхаа яриаг чагнан тэмээний алхааны аясаар нугастай юм шиг хойш урагш ганхан найгаж явахдаа Дагиймаагаа цаггүй ээнэгшин бодож зүрх нь шимширч явдаг байв.
-Надад чи ус шиг цэнхэр торго, маатан чихэр хоёр авчирч өгөөрэй дээ, гэж өндөр бор духан дороос найланхай харцаар ширтсээр гэнэн инээмсэглээд хоцорч байсан Дагиймаагийн хурц алаг нүдийг сэтгэлдээ үргэлж санаж гол мөрөн, хөх тэнгэр юухан ч харсан ус шиг цэнхэр торго гэж захиад хоцорч байсан тэр бүсгүйн хонгор дуу чихэнд нь дуулдах шиг болж явдаг байжээ.
Гэвч нэг гэрийн тоонон дор толгой холбон ханийн жаргал эдлэх хувь тэр хоёрт байсангүй. Ус шиг өнгө гэж чухам энэнийг хэлэх болов уу гэмээр цэнхэр торго авч биенээсээ ч салгалгүй баадагнан бүсэлж хоног тоолон жаргал мөрөөдсөөр Жанцанг буцаад ирэхэд Дагиймааг өөр айлын бэр болгож Хушуу гулсуулаад явуулчихсан байв. Цагийн юм цагтаа хууль байдаг. Нэгэнт тэднийг заяа нийлэх хувьгүй улс гэж мэргэн ном айлдсан хойно яах билээ? Зүрхээрээ төрөлсөж дотноссон хань ижлээс амьдаар салахын зовлонг хэн хэн нь үзэж шархалсан залуу зүрхээ арчаагүй нулимсаар угаагаад цагийн шуурганд туугдан тэд салжээ.
Дагиймаагаас хойш Жанцан эцгийнхээ мөрөөр олон жил жин тээж, шинэ гэр төхөөрч, үүрийн гэгээнээр эхнэр босгож, үйлстэй үйлсгүй хоёр хүү, богино настай нэг охин төрүүлж эр хүний зорьдог бүхнийг хийж амжаад эцэст нь номхон морины нуруун дээр хүзүү хүгдийн сууж хонь хариулж явдаг үрчгэр бор өвгөн болж өтлөв. Гэвч санаа сэтгэл нь соргог хурц хэвээрээ үлдсэн тул ус шиг цэнхэр торго гэж дотроо бодож газрын уртыг элээж явахдаа ижил дасал болсон аяны харгуй зам, хээрийн сэргэлэн салхи, хүний нутгийн нуур ус, од мяралзсан өндөр тэнгэр, жаварт харшиж чийрэгжсэн хүдэр галт эрчүүд, чихэнд хоногшсон хонхон дуу, хээрийн хар цай, дах майхан юм бүхнийг өтлөх тусам санах болж, бодох бүр санаашран гуних болжээ. Намрын сэрүүн унаж жин хөдлөх үед бүр ч тэсэх аргагүй бодогдоно. Богинохон бор өвгөн хонох тутам чадал доройтон гэрийн мухарт ингэж бухимдаж суугааг мэдэх хүн нэг ч үгүй.
Аргаа барахад Жанцан чадлаа барагдахаас өмнө аймгийн жин хөдлөхийг ч болтугай үзэж сэтгэлээ нэг сэргээе гэж шийдээд явж яваа нь энэ ажээ.
Эдэлгээнд дассан түшигтэй хашин ат бодолд автсан хатинг бор өвгөнийг нуруун дээрээ бүүвэйлэн тайван алхалж үе үе замын хажуу руу хүзүү сунган өвс бут шүүрч явсаар үдшийн цагаан гэгээ тасарч байхад сумын төв орж ирлээ. Жанцан амаар нь гал улалзсан жинчдийн майхны гадаа шууд ирж буув. Майхан дотор хүмүүсийн инээлдэн ярилдах чимээ дуулдана. Жанцан хормойныхоо шуултыг тайлж, нүдээ арчиж цэвэрлээд хоолойгоо зассаар майханд оров. Задгай галд нүүр нь халж хүрэнтсэн дөрвөн хүн хоолоо гаргаж сууна.
Жанцан бүгдтэй өндөр дуугаар мэндлэн, майхны хоймор гарч завилан суугаад ойр зуурын хэдэн үг солилцох зуур дулаацаж тэнхрэв.
-Та ганцаараа ирэв үү? гэж жинчдийн нэг асуухад
-Хоёулаа гэж Жанцан хариулав
-Хэнтэй ирээв?
-Муу хүрэн атгайгаа
-Жааяа ч өнөөх л хошин шог яриатай хэвээрээ шив дээ.
-Өтөлснеөс биш үхсэн биш дээ хө гэж хариулаад Жанцан хэлсэн үгэндээ их л сэтгэл хангалуун инээмсэглэв.
Тэд хоол идэцгээлээ. Энд тэд уур савсан, тарган махны сайхан үнэр ханхалж, урт богино хугганы ир мөр гялалзан харагдана. Майхны үүдэнд зүрх цагаан хар нохой оцойж суугаад үе үе амаа ангайж, шүлсээ долоон харуулдана. Хоол идэх зуур жинчид ам чөлөөчлөн ярилцсаар суулаа.
-Та хэзээ буцах вэ? гэж Жанцан өвгөний сайн танил бүдүүн Лхагва асуутал
-Энэ зүүн багийнхны жин явчихсан уу? гэж Жанцан өөдөөс нь асуув.
-Дуусаагүй байхаа.
-Жин яваад дуусахаар л буцна даа.
-Яах нь вэ?
-Хойтонгийн жин хөдлөхийг үзэж чадаа ч билүү үгүй ч билүү. Сэтгэлээ сэргээнэ хө. Гэрт сэтгэл тогтохгүй юм.
-Олон жил жин тээсэн болохоор арга ч үгүй биз дээ. Багаасаа олон жил алс замд жин тээсэн та байтугай энүүхэн Заг хүрээд буцаж ирэх хооронд бидний сэтгэл хөдлөөд байдаг юм чинь.
-Жин тээнэ гэдэг ч одоо бодоход ёстой эр хүний ажил байж дээ гээд Жанцан ярьж эхлэв.
-Хатуу гэсэн ч сайхан ажил байжээ. Би анх жинд явахдаа хорьтой байлаа. Мөн ч үйлээ үзэж явсансан. Юм үзээгүй болохоор хашир жинчид ядаж дооглоод байх. Нэг шөнө л намайг “За, Жанцаан энэнийг зуугаарай” л гэнэ. Би гайхаад юу вэ? гэсэн чинь “Май энэнийг зуу!” гээд аманд урт цагаан дэрс зуулгачихаваа. Баяр гуай өөрөө нэг урт дэрс зуучихсан харагдана. Одоо өнөөх догшин даваа өөд чинь өгсөж яваа шүү. Хүн болгон амандаа хөндлөн дэрс зууж Цагаан Дарь эх уншиж давдаг юм гэж байна. Тэгдэг л юм байлгүй гэж бодоод би зуучихлаа өнөөх дэрсий нь. Тэгсэн чинь муусайн гамингууд намайг л даапаалж явсан юмсанж. Би тэрний нь мэдэлгүй өнөөх дэрсийг зуусаар яваад уруулаа хөлдөөчихсөн юм шүү. Баяр гуай мөн ч зовлонтой наргианч хүн байсан юм даа.
Жинчид Жанцангийн яриаг чагнан гал өрдөж цаг нөхцөөж суулаа. Жанцан заримдаа санаанаасаа зохиож байгаа байх гэмээр юм ярина. Гэтлээ үнэмшихээс аргагүй сайхан яриад суухаар нь тэд инээлдэж хөхрөлдөн чагнасаар суув.
-Энэ муу жур Найдан чинь одоо харахад даанч цоройтож гүйцэж, залуудаа ёстой сайн жинчин байсан юм даа. Гавшгай шалмаг хийморьтой ядаж л даарахыг мэддэггүй боохой байсан юм. Гурван есийн жавар ид тачигааж байхад чинь малгайгаа эрүүвчлэхгүй шүү. Сахал нь цантчихаад л гэр бүргэд шиг монхор хамраар чинь хүнгэнэгэл гиншээд явах нь тэр дээ. Дуулж байгаа нь тэр юм гэнэ билээ. Дуунд дуртай. Тэгээд ганц ч дуу мэдэхгүй. Үг ч үгүй, ая ч үгүй л гиншээд явах нь тэр. Тэгээд тэр гиншсэн дуундаа өөрөө их уярдаг гэж ярьдаг юм. Би нэг жил энэ Найдан, давсны манаач байгаад ноднин өөд болдог хулгар Нацаг манай нагац Тойв гуравтай хамт явсан юм. Эш, хулгар Нацагийн үйлсгүйг яана, бурхан минь. Ядаж хээрийн замд нэг өөдтэйхэн хоол ч төхөөрөөд гарахгүй шүү. Гурил хуурч уутанд хийчихээд гарна. Шөнө буугаад өнөө ууттай гурил руугаа хамраа дүрчихээд нургитал хурхирч суух, Найдан яахав, ууртай амьтан “Өмдий нь шувтлаад халуун цайгаар зумал” гэж загнана даа, хөөрхий. Бид нэг шөнө унтаагаар нь өмдий нь нээрэн шувталчихсан юмаа. Зайлуул сэрэлгүй шувтлуулчихсан юм. Тэгснээ хүн шанагатай халуун цай бариад зогсож байхыг сэрэнгүүт харчихаад гарч ухасхийсэн чинь аягаа аваад өнөөх дээрээ хөмөрчихвөө. Бидний инээлдсэн гэдэг жигтэйхэн. Заавал аягаа авдаг нь ч юу билээ. Гараараа л дарчих биз. Тэгээд хурдан ухасхийсний нь яана. Баахан инээлдэж аваад бид тоглоомоор, одоо аягаа долоо гэж шахсан чинь:
-Өөрийн юм яадаг юм гээд гөлчийтөл долоочихоод унтаад өгсөн юм. Тэгээд тэр чинь амин дээрээ тулахаар бас сүрхий нохой зальтай. Нэг өдөр бид хоёр хойно хойноосоо цувраад алхуулж явлаа. Дулаахан аятайхан ч өдөр байсан юмдаг. Нацаг миний түрүүнд явсан юм. Тэгсэн өнөөх чинь үүргэлж яваад тэмээнээсээ ойчвоо. Би өөрөө бас үүргэлж яваад дор нь учры нь олсонгүй. Хартал тэр тэмээнээсээ үсэрч буугаад нэг юм дараад авах шиг боллоо.
-Юу вэ, наадах чинь гэсэн дуугарсангүй. Нүд нь жигтэйхэн том болчихоод босоод ирлээ. Би ч үүргэлж яваад ойчиж, мань хашир гэдгий нь мэдлээ дээ. Юу гэх бол гээд харж байсан чинь миний царай руу нэг харчихаад “Аа муу золиг буух ч гэж ойчих болчихлоо” гээд хэнэг ч үгүй шороогоо гүвээд зогсож байсан юм. Тийм самбаатай хуухай байгаа юм, аминдаа тулахаар. Шөнө унтахдаа заавал хүний хоорондуур орж унтах гэнэ. Сайндаа биш, тэр чинь шөнө даарвал хүний хучлага аваад хуччихдаг юм. Өглөө босоод гутал солиод өмсчихнө. Нацагийн аль үйлсгүй занг хэлж барахав. Гэсэн ч яахав дээ, хүнд гэм хоргүй болохоороо болоод л явдаг байсан юм. Жин тээнэ гэдэг уг нь хүний сэтгэлийн ажил юм шүү. Сэтгэл өөдрөг яваа хүн жинд алздаггүй ээ. Би та нар шиг залуу явахдаа гэж үргэлжлүүлэн Жанцан хоол идэж дуустал яриад хоолноос хойш галд ойртож суугаад унтах хүртэл ярив.
-Жинчид сүүлд нь “Жааяа, унтья. Өглөө эрт хөдөлнө” гэж хэлээд ор засаж бараг албаар хэвтүүлэв. Шөнө их хүйтэн хонох бололтой байв. Жанцан хучлагандаа шургаж ороод хий ханиалган жаал яраглаж байснаа төдхөн хурхирч эхлэв.
Атриад хэвтсэн нь бараг хүүхэд шиг жижиг харагдана. Тэнгэр бүрхэж нарийн ширхэгтэй хуурай цас будран байснаа шөнө дунд хирд хүйтэн шуурга тавьж үүр цайтал даавуу майхны бөөрийг дэврүүлэн хийсгэв. Гэвч өглөөгүүр шуурга намдлаа.
Жанцан нойр нь хүрсэнгүй бололтой үүр лавхан цайж ирмэгц босож, майханд гал түлэв. Жинчид галын илч аргалын угаапд аятай ид нойрссоор байв. Тэдний босохыг хүлээн Жанцан гал өрдөж баахан сууснаа цай чанаж тавиад гадагш гарлаа.
Өглөөний жавар дундуур тэр нуруугаа үүрэн алхалж жинчдийн тэмээг сүрхий шинжин ажиглав. Зарим тэмээний нүд рүү ойртон ажиглана. Зарим тэмээний салтаа доогуур тонгойн харна. Ингэсээр жинчдийг босоход Жанцан жишиж гавьсан ачаа дотор явж байв. Баглаатай ачаа бүрийг харсаар яваад нэг боодол ачаа өргөж үзлээ. Тэгснээ дэгдэлзтэл алхалсаар майхан руу хүрч ирэв. Нар нилээд дээр хөөрч жинчид өглөөнийхөө цайг ууж дуусаад ачаалах болоход Жанцан,
-За Дүгэрсүрэн чи шалавхан яваад падаан баримтаа аваад ир. Би Лхагватай ачаалж байя гэв.
-Та хүнд ачаа өргөж яах гэсэн юм бэ? гэж хориглосон боловч хүний үгэнд орсонгүй яаран алхалсаар хамгийн түрүүчийн тэмээг авчирч хэвтүүллээ.
Лхагва хэвтүүлсэн тэмээний нэг талд гарч ачаа өргөөд Жанцанг яах бол гэж эргэлзсэн янзтай ажиглаж байтал гэр ачааныхаа барьцыг олох гэж нэлээд удсанаа буйлаараа доод уруулаа зууж байгаад тэнгийн нэг талыг сэв хийтэл өргөж ирэв. Лхагва шалавхан тэгнэж аваад дараагийн ачаан дээр очлоо. Жанцан ер тамирдаж доройтсон шинжгүй гялалзаж яваад дахин нэг тэмээ ачааллаа.
Гэтэл гуравдахь тэмээг ачихдаа тэр ачаагаа дутуу өргөж алдаад гутлынхаа ээтгэр хошууг ачаанд даруулчихав. Хөлөө татаад авах гэсэн дийлсэнгүй. Хэд хэд татаж үзээд дийлэхгүй болохоороо ичсэн хүүхэд шиг царай нь улайн амьсгаадсаар өнөөх ачааны өрөөсөн буланг арайхийн зайлуулж хөлөө сугалж авав. Тэгээд тэр ачааг дахин өргөх гэж ч оролдсонгүй, тэр чигээр нь тэмээ түшүүлж орхичихоод Лхагвын царай руу ч харалгүй малгайгаа зассаар, цааш холдон явав. Лхагва хойноос нь ажиглаж байтал тэр эргэж харалгүй гэлдэрсээр яваад майхны буурин дээр очиж урагш харан суув. Толгойгоо унжуулан газар ширтээд нэлээд удтал хөдлөлгүй суув. Энэ засвар жинчид хоорондоо ингэж ярилцлаа.
-Жанцан гуай ч аргагүй больжээ.
-Гэртээ л хэвтэж байх биз, хүүхэд шиг хирээ мэдэхгүй ингэж явдаг нь юу вэ?
-Бие нь зүгээр байгаа?
-За, за ачаалъя, яав л гэж.
Жинчид ачаагаа ачаад хариугүй дуусах гэж байтал Жанцан,
-Энэнийг аль тэмээн дээр ачих вэ? гэж майхан тэвэрсээр хүрч ирлээ. Жинчид түүнийг дооглон өхөөрдөж “Хэдүй ядарсан ч майхандаа зөв байнаа. Нааш нь аваад ир” гэж дуудлаа. Жанцан майхан авчирч өгөөд хүн надаас өрсөх вий гэсэн шиг сандран алхалсаар жинчдийн хучлага, дэвсгэр, гал тогооны хэрэгслийг зөөж авчрав. Хамгийн сүүлд богцтой юмаа тэмээн дээрээ тохож аваад түрүүлэн мордлоо. Ачаа хөтлөх гэж тун их хорхойтож байсан санж. Сумын төвөөс Шарын хөтөл хүртэл тэр ачаа хөтөлж жинхэнэ жинчид шиг товолзтол алхуулав.
Хөтөл дээр гарч ирээд тэмээнээсээ бууж богцтой юмаа задлалаа. Тэр богцон дотор Жанцангийн бурхны авдран дотроо хадгалж байдаг ганц том луйгар хонх явсан ажээ. Тэр хонхоо хамгийн сүүлчийн тэмээний хүзүүнээс урт цэнхэр хадагтай уяж өгөөд “За сайн явцаагаарай! Алтан шар зам чинь өлзийтэй болог!” гэж ерөөв. Ингээд жинчид цааш хөдлөхөд тэр ганцаар хөтөл дээр суусаар хоцорлоо. Жингийн цуваа алс замдаа тууширч цуурай дуутай том хонх тэмээний алхах хэмээр дүнгэр дангар цохилон одов.
Жинчид эргэж харсаар явлаа. Жанцан тэдний хойноос харуулдсаар хонхон дуу тасартал тэр хөтөл дээр суужээ. Жингийн цуваа холдох тусам жижгэрч хонхон дуу улам улам бүдгэрсээр дуулдахаа болиход эргэн тойрон огт анир чимээгүй айдас хүрмээр нам гүм боллоо.
Жанцан жинчдийн хойноос нойтон сормуустай том хар нүдээр дүрлийтэл ширтсээр хоцорч байгаа хүрэн атныхаа нүд рүү нэг харлаа. Өнө мөнхийг санагдуулан анир чимээгүй дүнсийх ус шиг цэнхэр тэнгэрийн хаяа руу нэг харлаа.
Цаглашгүй наст энэ хөх тэнгэрээс үг сонсох гэж хариу хүлээсэн мэт нүд хурдлан жаал харуулдсанаа уртаар санаа алдан босоод эргэж харахад өчигдөрхөн бараан байсан уул оройдоо цасан малгай өмсчихөөд дүнхийж байв.
Пэрэнлэйн Лувсанцэрэн