2024-09-08, Ням
15 C
Ulaanbaatar

Алт хөтөлбөрийн алдаа, оноо

Манай сайт Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан, металлургийн инженер Н.Алгаагийн нийтлэлүүдийг цувралаар хүргэж байна. Түүний нийтлэлээс уншигч та Монголын уул уурхайн 90-ээд оноос өнөөдрийг хүртэлх анхаарал татсан түүхүүд, уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлууд, уул уурхайн эдийн засаг, нийгэмд үзүүлж буй нөлөөлөл гэх мэт энэ салбартай холбоотой сонирхолтой өнцгүүдийг олж харах болно. Тэрээр "Монголын уул уурхай ухрах уу, урагшлах уу" номын зохиогч юм.

– Б.Чимид гуай “Би л чирээд гаръя, Алгаа чи нэг их юм яриад дэмий байх, зүгээр л сонсоод, хараад сууж бай” гэж билээ. Ашигт малтмалын тухай хууль батлагдсантай холбогдуулан Газрын хэвлийн хуульд зарим нэг нэмэлт, өөрчлөлт оруулсан юм даг. Д.Жаргалсайхан зэрэг бидний хэдэн нөхөд Газрын хэвлийн хуулиас ашигт малтмал эрэх, хайх, олборлохтой холбоотой –


Түрүүчийг ЭНД дарж уншина уу.

1994 онд Ашигт малтмалын тухай анхны хууль гарсанаар Алт хөтөлбөр эрчимтэй хэрэгжих бололцоог хангасан юм. Үндэсний олон компаниудад алтны шороон орд олборлох тусгай зөвшөөрөл олгож байв. Тэдгээр компаниудад алт олборлоход нь зориулж арилжааны зээл олгох бодлого гаргаж хэрэгжүүлсэн түүхтэй.

ЭРГЭЦҮҮЛЭЛ:

Алт хөтөлбөр хэрэгжиж эхэлж байхад алтны дэлхийн зах зээлийн үнийн уналтын ээлжит мөчлөгийн төгсгөл таарсан, Монголын ихэнх “ажил хэрэгч” хүмүүс “ганзага”-ын худалдаанд явж ТҮЦ (Түргэн үйлчилгээний цэг) ба дэлгүүрийг өргөн хэрэглээний бараагаар хангаж байсан үе. Үүний үр дүнд монголчууд картын бараанаас дөнгөж салж эхэлж байв. Бас хөнгөн аж үйлдвэрүүд хувьчлагдаад бараг бүгд хаалгаа барьчихсан тийм л үед алт хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн юм. Харин Хонг Конг болон Хятадын чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулдаг бизнесменүүд Монголын хувьчлагдсан оёдлын үйлдвэрүүдтэй гэрээ хийж оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж Америкийн зах зээлд нийлүүлэх үйл явц эхэлж байв.

Алт хөтөлбөр харин юу өгсөн вэ гэвэл Монгол улсын валютын нөөцийг тасралтгүй нэмэгдүүлсэн, монголд хувийн бизнес идэвжих, орон нутгаас хүнс, ажиллах хүч авах, тэнд жижиг дунд үйлдвэр, шатахууны нийлүүлэлт буй болгох, үндэсний тоног төхөөрөмжийн хангамж, нийлүүлэлтийн бизнес эрхэлдэг компанийг буй болгох, орон нутгийн болон улсын төсөвт татвар төлөгчдийн бааз суурийг нэмэгдүүлэх, чанартай ажлын байр нэмэгдүүлэх зэргээр Монголын эдийн засгийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Алт хөтөлбөр хэрэгжих явцад олон жижиг алт олборлох аж ахуйн нэгжүүд бий болж ихэнх нь нөхөн сэргээлт хийхгүй байх, зарим нь санхүүгийн чадавхигүй болж дампуурах, мэрэгжлийн бус байдлаар ажилласанаас болж, байгаль орчны төлөв байдлыг ихээхэн доройтуулах, гол ус бохирдуулах зэргээр хариуцлагагүй хандсанаас иргэд олон нийтийн итгэлийг хөсөрдүүлж уул уурхайг эсэргүүцэх нийтлэг хандлага бий болгов.

ШИГТГЭЭ:

1997 онд “Алт-2000” хөтөлбөр гэж шинэчлэн баталсанаар энэ хөтөлбөр 2000 он хүртэл хэрэгжиж зорилтоо гүйцэтгэсэн гэж үзэж үндсэндээ хаав. Алт хөтөлбөрийг хэрэгжихээс өмнө шороон ордоос жилдээ 500 кг хүрэхгүй алт олборлож байсан бол хөтөлбөр хэрэгжсэнээр 1992 онд 775 кг , 1997 онд 8.7 тон, 2000 онд 11.4 тонн хүртэл олборлох болсон билээ.

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдав

алтМонгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулан дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, эд хөрөнгийг хамгаалах болон гадаадын хөрөнгө оруулалттай холбогдолтой харилцааг зохицуулах зорилгоор Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг Улсын Их Хурал 1993 онд баталсан юм.
Уг хуульд гадаадын хөрөнгө оруулалтыг хууль бусаар хурааж авахыг хориглосоноос гадна хөрөнгө эзэмших, ашиглах ба захиран зарцуулах, хувь хөрөнгөө гадаадад буцаан гаргах эрхийг баталгаажуулжээ. Мөн хөрөнгө оруулагчдад олгох татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн талаарх заалтыг тусгасан байв. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд 1998, 2002 онуудад татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, 2008 онд тогтвортой байдлын талаар нэмэлт, өөрчлөлтүүд оруулж байсан бөгөөд 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хууль баталсанаар энэ хууль хүчингүй болсон түүхтэй.

ДУРСАМЖ:

Нэг хэсэг “гадаадын гар хөл, урвагч” нэр хоч зүүж явсан Д.Жаргалсайхан бид хоёр 2000 оны намраас “Хөрөнгө оруулалтын тухай хууль”-ийн (эхлээд “Хувийн хөрөнгө оруулалтын тухай” гэж нэрлэж байв) төслийн хувилбарыг боловсруулав. Ингээд тухайн үед УИХ-ын гишүүн байсан “Номин”-гийн А.Шагдарсүрэн гуайтай Д.Жаргалсайхан уулзаж ийм хуулийн төсөл өргөн барих санал тавьсанд зөвшөөрч хүлээн авчээ. Хуулийн төслийн гол зорилго нь хөрөнгө оруулагч нарыг гадаад, дотоод гэж ялгахгүй тэгш хандах, хөнгөлөлт, чөлөөлөлтийг “эдийн засагийн чөлөөт худалдааны, аялал жуулчлалын, технологийн” гэх мэт тусгай дэглэм тогтоосон бүс нутагт эдлүүлэх харилцааг зохицуулахаар боловсруулсан ба ингэснээр Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хүчингүй болгох санал гаргаж байв.

Улмаар Үйлдвэрхудалдааны яаман дээр ажлын хэсэг байгуулагдаж бид хоёрын боловсруулсан хуулийн төслийг улам сайжруулан боловсруулсаныг А.Шагдарсүрэн гишүүн УИХ-д өргөн барив. Тэр үед Засгийн газраас Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай бас нэг хуулийн төсөл өргөн барьсан байлаа. Агуулга нь уг хуульд Тогтвортой байдлын гэрээг гадаадын хөрөнгө оруулагч компанитай байгуулна гэсэн заалтыг хуульчлах зорилготой байсан юм. Ашигт малтмалын тухай хуульд “тогтвортой байдлын гэрээг ашиглалтын лиценз эзэмшигч хүсвэл… байгуулж…” байхаар заасан байдаг билээ. Гадаадын гэсэн үг байдаггүй юм. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ санаачлагчид нь буюу А.Шагдарсүрэн гуайд буцаачихсан юм. Харин гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн тухай хуулийн төслийг хэлэлцээд баталчихсан билээ. Тэр үед УИХ ижил асуудал хөндсөн хоёр өөр үзэл баримтлалтай хууль хэлэлцэгдэхээр орж ирвэл нэгийг нь буцаадаг дэгтэй байсан. Харин сүүлд 2004 оноос хойш ижил асуудлаар өөр хууль санаачлагчидаас хуулийн төсөл орж ирвэл ажлын хэсэг байгуулаад хуулийн төслүүдийг нийлүүлж боловсруулдаг болчихсон юм.

Ашигт малтмалын тухай анхны хууль

Хуулийн төслийг анх Дэлхийн банкны хуулийн зөвлөх англи хэл дээр боловсруулсаныг салбарын мэргэжилтэнүүд орчуулж байв. Хуулийн төслийг тухайн үеийн салбарын болон бусад холбогдох төрийн байгуулагад ажиллаж байсан мэргэжилтэнүүдэд танилцуулж агуулга, хэлний найруулгын хувьд олон хүний санал авсан юм. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл төрийн захиргааны гурван байгууллагыг дамжин боловсруулсан түүхтэй. Эхнийх нь өмнө дурдсан Засгийн газрын дэргэдэх Уул уурхайн товчоо, дараагийнх нь 1992 онд байгуулагдсан Геологи эрдэс баялгийн яам, гуравдахь нь 1994 онд байгуулагдсан Геологи уул уурхай түлш эрчим хүчний яам байв. Ингээд 1994 онд П.Жасрай гуайн Засгийн газрын хуралдаанаар Ашигт малтмалын тухай анхны хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барив. УИХ байнгын хороодоор хэлэлцээд Б.Чимид гуайгаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг дахин боловсруулах даалгавар өгөв. Ажлын хэсгийн боловсруулсан төслийг УИХ хэлэлцэж Ашигт малтмалын тухай анхны хуулийг батлав.

ДУРСАМЖ:

Ашигт малтмалын тухай хуулийн анхны төслийг тухайн үед “Монгол эрдэнэ” компанийн дэд ерөнхийлөгч байсан, уул уурхайн инженер-эдийн засагч Д.Жаргалсайхан, манай яамны Уул уурхайн газарт ажиллаж байсан маркшейдэр мэргэжилтэй Даваа, мөн миний бие бид гурав англи хэлнээс орчуулсан юм. Орчуулахад хөнгөн хялбар байгаагүй, учир нь орчуулж байгаа баримт бичиг нь хуулийн төсөл тул утга, агуулгыг нарийн сайн гаргах шаардлагатай байсан, мөн бидний мэддэггүй ойлголт нэр томъёо ч чамгүй их байсан, бид ч хуулийн мэргэжлийн хүмүүс байгаагүй.
Жишээлбэл, “license”, “relinquishment”, “minimum exploration expenditure”, “environmental impact assessment”, “environmental management plan” , “exclusive right” гэсэн нэр томъёо улс орнуудын орчин үеийн ашигт малтмалын тухай хуульд түгээмэл хэрэглэгддэг, эрх зүйн ойлголтын хувьд нийтлэг бөгөөд аль хэдийн хэвшсэн боловч манай улсын хувьд шинэ нэр томъёо, ойлголт болон гарч ирсэн билээ. Эдгээр ойлголт, нэр томъёо нь хуулийг ойлгох, хэрэглэх, тайлбарлахад чухал ач холбогдолтой байсан бөгөөд одоо ч чухал хэвээр байна. Тиймээс Ашигт малтмалын тухай хуульд хэрэглэгдэж буй зарим нэр томъёо, ойлголтын талаар өөрийн олж мэдсэнийг цаашид нилээд дэлгэрэнгүй өгүүлэх болно. Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Ашигт малтмалын хуулийн төсөл нь үзэл баримтлал, агуулгын хувьд анхны англи эхээс хол зөрүүгүй байсан билээ.

ШИГТГЭЭ:

Засгийн газраас өргөн барьсан 11 бүлэг, 135 зүйлтэй Уул уурхайн хуулийн төсөл 10 бүлэг, 67 зүйлтэй Ашигт малтмалын тухай анхны хууль болж батлагдав. Батлагдсан хууль нь анх УИХ-д өргөн барьсан хуулийн төслөөс маш их өөрчлөгдөв.

ДУРСАМЖ:

УИХ дээр хуулийн төсөл хэлэлцэх үед асуудал гарлаа. Нэг хэсэг гишүүд алтны хайгуул олборлолтыг хувийн хэвшилд өгч болохгүй, хэрэв тэгвэл хувийнхан олборлосон алтаа хил давуулаад л ил, далдаар худалдаад Монголд юу ч үлдэхгүй, алт бол төгрөгийн баталгаа, валютын нөөц, тиймээс хувийнханд итгэж болохгүй л гэнэ. Тухайн үед их хурлын гишүүн, БОХХ хариуцсан байнгын хорооны дарга байсан манай Ч.Хурц гуай тэдгээр нөхдийг манлайлаад Алтны тухай хуулийг тусад нь гаргана гээд хуулийн төсөл боловсруулчихдаг юм байна. Асуудлыг нэг мөр болгохын тулд Их хурлаас Б.Чимид гуайгаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан билээ.
Бүрэлдэхүүнд нь салбараа төлөөлж манай яамнаас Б.Даваа бид хоёр, “Монгол Эрдэнэ” компанийн дэд ерөнхийлэгч Д. Жаргалсайхан, бас Хууль зүйн болон БОЯ яам зэргээс нийлээд ажлын хэсгийнхэн долоо наймуулаа Горхи-Тэрэлжийн тийшээ Болор гэдэг амралтын газар 7-8 хоног, одоогийнхний хэлдгээр “ваакуумдаж” Б.Чимид гуайн удирдлагын дор хуулийн төсөл дээр ажиллав. Б.Чимид гуай Д.Жаргалсайхан бид хоёрын яриад байгаа үндэслэлийг их няцаана, та нар уул уурхайгаа мэддэг л биз, би хуулиа мэднэ, хуулийн технологи гэж байдаг гээд л загнана. Бид хоёр ч бас мөчөөгүй өгөхгүй санаатай зарим оронд тийм байдаг юм байна, жишээ нь Японд тийм байдаг, АНУ-д ийм байдаг юм байна гэх зэргээр өөрсдийн олж мэдсэнийгээ их тайлбарлана.
Маргааш нь ирэхдээ Б.Чимид гуай арай өөр болчихсон байдаг. Гэхдээ та нарын яриад байгаа юм Их хурлаар давахгүй, ингэж өөрчилье, тэгэж өөрчилье гэнэ. Жишээ нь онцгой эрх гэж Иргэний хуульд байхгүй, давуу эрх гэж байгаа гэх мэт. Одоо бодох нь ээ яагаад Иргэний хуульд онцгой эрхийн тухай ойлголт бий болгох талаар ярилцдаггүй байсан юм бол оо гэж гайхдаг л юм. Их хурлын хэлэлцүүлэгт ажлын хэсгээс Б.Чимид гуай, Д.Жаргалсайхан бид гурав орох ёстой байлаа. Яг тэр үед Жаргалсайханы маань ах нас барсан учир оролцож чадаагүй, Б.Чимид гуай “Би л чирээд гаръя, Алгаа чи нэг их юм яриад дэмий байх, зүгээр л сонсоод, хараад сууж бай” гэж билээ. Ашигт малтмалын тухай хууль батлагдсантай холбогдуулан Газрын хэвлийн хуульд зарим нэг нэмэлт, өөрчлөлт оруулсан юм даг. Д.Жаргалсайхан зэрэг бидний хэдэн нөхөд Газрын хэвлийн хуулиас ашигт малтмал эрэх, хайх, олборлохтой холбоотой заалтуудыг нэгмөсөн хасах саналтай байсан ч дэмжлэг аваагүй юм.

ШИГТГЭЭ:

Дугарын Жаргалсайхан 1961онд төрсөн, 1983 онд Москвад уул уурхайн сургуулийг уул уурхайн эдийн засагч мэргэжилээр төгссөн хүн юм. 1991-1997 онд “Монгол Эрдэнэ” компанийн санхүү эрхэлсэн дэд Ерөнхийлэгч, 1997-2005 онуудад Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга, 2005-2006 онуудад Үйлдвэр худалдааны яамны Геологи уул уурхайн бодлогын дарга, 2001-2005 онуудад Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Ерөнхийлэгчөөр ажиллаж байв. 1994, 1997 онуудад Ашигт малтмалын хууль боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажилласан түүхтэй.

ЭРГЭЦҮҮЛЭЛ:

1994 онд батлагдсан Ашигт малтмалын тухай анхны хууль англи хэл дэх агуулга ба зохицуулалттай харьцуулахад танихын аргагүй болж өөрчлөгдсөн билээ. Одоо эргээд бодоход тийм байхаас өөр аргагүй байж. Ашигт малтмал гэх төрийн өмч (үнэндээ “нийтийн өмч”)-г хувийн хэвшлийн хөрөнгөөр хайх, олборлох, худалдаж борлуулах харилцаа монголчуудын хувьд цоо шинэ зүйл байсан бөгөөд бидэнд онол практикийн мэдлэг байсангүй. Харин тийм түүх байсныг тэр үед олж мэдэх завшаан тохиосон юм. Миний хадам аав, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор М.Санждорж намайг Ашигт малтмалын хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байгааг мэдээд, “За, миний хүү, Богдын Засгийн газрын үед уурхайтай холбоотой дүрэм, журам байсан, би архиваас хайгаад олоод өгье” гэв. Удалгүй 1913 онд Богд хааны зарлигаар тогтоосон “Монгол улсын хязгаарын дотор алт мөнгөний зэрэг олон зүйлийн уурхай нээн шийтгэх дүрэм”-ийн хуучин монгол бичгийн хуулбар, кирилл үсгэнд хөрвүүлсэн бичвэрийн хамт надад өгсөн юм.

Ашигт малтмалын анхны хуулийн төсөл дээр ажиллаж байсан дээрх хугацаанд би хууль, эрх зүйн зарим нэг ерөнхий ойлголттой болж, Ашигт малтмалын хуулийн тухайд тодорхой мэдлэг олж явсан юм байна гэж боддог. 1994 оны Ашигт малтмалын тухай хууль гарсаны дараа бидний хүсэн хүлээж байсан дэлхийн томоохон уул уурхайн компаниуд орж ирэх төлөв харагдахгүй л байв. Оюу толгойд хөрөнгө оруулаад байгаа Рио Тинто 1990-д онд RTZ ( Rio Tinto Zinc) гэдэг нэртэй компани байсан. Тэр компанид Их хурлын гишүүн байсан С.Оюун ажиллаж байсан юм билээ. Энэ компанийн ажилтанууд Монголд анх удаа С.Оюуны хамт 1992 онд ирцгээж байсныг санаж байна. Оюун геологи хүн учраас, манай орны геологийн судлагдсан байдал, потенциалын талаар нилээд сайн ойлголт өгсөн биз. Хууль гарсаны дараа дахиад Монголд ирсэн боловч миний сонсоноор хууль нь хөрөнгө оруулалт дэмжих зохицуулалт муутай юм байна гээд буцсан гэсэн.

Хөрөнгө оруулагчид тухайн үед Монголын уул уурхайг сонирхохгүй байсан гол шалтгаан нь Монголын тухай мэдлэг хомс, Монголыг далайд гарцгүй, зах зээлээс хол гэж үздэг, ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнийн уналтын ээлжит мөчлөг үргэлжилж байсан, ашигт малтмал хайх, ашиглах эрх зүйн зохицуулалт байхгүй зэрэгтэй холбоотой байсан гэж баттай хэлж болно. Ийм үед батлагдсан Ашигт малтмалын тухай хууль нь ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаанд хувийн хөрөнгө оруулалтыг зөвшөөрсөн анхны хууль болж батлагдсан юм. Гэвч хайгуул хийх, ашиглалт явуулахад төрийн оролцоо ба хяналт өндөр хэвээр байснаас гадна стратегийн ашигт малтмал ашиглахад нь гадаадын хөрөнгө оруулалтад хязгаарлалт тогтоосон, тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах, олгох журам тодорхой бус, шийдвэр гаргах субьект тодорхой бус зэрэг сул талууд уг хуульд байв. Түүнээс гадна кадастрын нэгдсэн бүртгэлийн систем бий болгох зохицуулалт байхгүй, тусгай зөвшөөрөл нь төлбөргүй, зөвшөөрөл олгох шалгуур тодорхой бус байлаа.

Байгаль орчныг хамгаалах тухай хууль батлагдав

1995 оны гуравдугаар сард Байгаль орчныг хамгаалах тухай анхны хуулийг батлав. Хуулийн зорилго нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхтэй холбогдож төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулах асуудал байв. 1998 оны нэгдүгээр сард Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай хууль батлагдав. Дээрх хуулиуд батлагдсанаар манай улсад анх удаа “байгаль орчны менежментийн төлөвлөгөө”, “байгаль орчны нөлөөллийн үнэлгээ” “байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ” “байгаль орчны нөлөөллийн нарийвчласан үнэлгээ” зэрэг нэр томъёонууд анх удаа бий болж хэрэглэгдэх болсон юм.

Хувийн хөрөнгө оруулалттай анхны үндэсний алтны компаниуд байгуулагдав

1994 оны хууль алт хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ихээхэн дэмжлэг болж алт олборлолтын үндэсний Эрэл, МАК, Монполимет зэрэг хувийн компаниуд алтны шороон орд олборлох үйл ажиллагаагааг манлайлсан түүхтэй. 1994-1997 онуудад хайгуулын 74, ашиглалтын 120 гаруй тусгай зөвшөөрөл олгосоны ихэнх нь алтны шороон ордынх байсан бөгөөд богихон хугаацаанд алт олборлох хувийн компанийн тоо хурдацтай нэмэгдэв.

Канад, Австралийн хайгуулын жижиг компаниуд Монголд орж ирэв

Хууль гарахаас арай өмнөхөн АНУ-ын Айдахо мужийн Моррисон Кнудсон компани Бороогийн ордод, Австралийн Молопо компани Цагаан суваргын ордод хөрөнгө оруулахаар Монгол Эрдэнэ компанитай хэлэлцээр хийж гэрээ байгуулан улмаар судалгааны ажлаа эхлүүлсэн юм. Гэрээний үндсэн утга нь компаниуд төслийн 49 хувийг эзэмшиж бүх хөрөнгөоруулалтыг гаргах, төр 51 хувийг эзэмших байв. Гэвч энэ компаниуд хөрөнгө оруулалт хийх үүргээ биелүүлж чадаагүй учир гэрээг цуцалсанаар 1998 оны орчим Монголыг орхин гарав. Хууль батлагдаж байх үед “жуниор” гэж нэрлэгдэх компаниуд болох Канадын Ванкуверийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Квуинкункс (дараа нь Кью Жи Экс болсон) хайгуул хийхээр, Монголиа Гоулд ресурз (анхлан “Атаваск”) Бумбатын ордод хөрөнгө оруулахаар, Австралийн Трой Ресурз хайгуул хийхээр орж ирж байв.

ДУРСАМЖ:

Төв аймгийн Заамар суман дахь Бумбатын алтны ордыг ашиглах төсөлд 1995 оноос 1998 оны төгсгөл хүртэл биечлэн гар бие оролцож явав. Энэ ордыг сонирхож Канадын геологч Тэд Кэннэди гэдэг нөхөр бүр 1992 оноос Монголд ирснийг санах юм байна. Сүүлд 1994-1995 оны хавьд Монголын алт корпораци (одоо “МАК” ХХК)-тай хамтран энэ ордыг ашиглахаар тохиролцсон юм билээ. Канадууд Ванкуверийн хөрөнгийн бирж (Энэ биржид бүртгэлтэй нэг компани Индонезид алтны том орд нээсэн гэж хөрөнгө оруулагчдийг “луйвардсан” гэх “Бряксийн хэрэг”-ийн дараа Ванкуверийн хөрөнгийн Биржийг Торонтогийн хөрөнгийн биржтэй нэгтгэсэн)-д “Монголиа гоулд ресурс” гэдэг компани бүртгүүлж, тэр компаниариа МАК-тай хамтран Монгол-Канадын хамтарсан “Бумбат” ХХК-г байгуулж Бумбатын алтны ордыг ашиглахаар болсон байна. Хамтарсан компанийн 51 хувийг Монголын тал, 49 хувийг Канадын тал эзэмшиж байв. Ленинградад Уул уурхайн сургуулийг инженер-маркшейдер мэргэжлээр төгссөн Б.Нямтайшир нь МАК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхийлөгч, түүнтэй хамт төгссөн Оюунбилэг Ерөнхий захиралаар ажиллаж байв. Тэр хоёр 1995 оны 5 дугаар сард надад Бумбат компанийн орлогч захирлаар ажиллах санал тавьсан юм. Өндөр цалин өгөх (сарын 450 доллартай тэнцэх хэмжээний) тэдний санал дээр байр томсгож өгөх миний хүсэлтийг хүлээн авсан тул би шууд зөвшөөрөв.

ЭРГЭЦҮҮЛЭЛ:

Бумбатын алтны орд нь Бороогийн алтны ордоос ялгаатай нь алт нь кварцийн нарийхан судлуудад агуулагддаг, судлууд нь энд тэнд тархай байрладаг тул хайгуул, олборлолтын хувьд илүү төвөгтэй орд юм. Түүнээс гадна Бороогийн ордод германууд нарийвчилсан хайгуул хийгээд дуусгачихсан байсан бол Бумбатад оросууд эрэлийн ажил дөнгөж эхэлж байхдаа Монголоос гараад явчихсан байв. МАК Худалдаа хөгжлийн банкнаас авсан 3 сая долларын арилжааны зээлээр төслийг санхүүжүүлж байхад, канадууд хөрөнгийн бирж дээр босгосон хөрөнгөөр санхүүжүүлж байв. Гурван жил хагасын хугацаанд 10 гаруй сая долларын хөрөнгө оруулалт хийж, ил уурхай, баяжуулах үйлдвэр, ажилчдын тосгоныг шаардагдах дэд бүтцийн хамт ашиглалтад оруулсан түүхтэй. Туршилт, тохируулга хийж гурван сар гаруй ажиллаад 1998 оны 12 дугаар сард хамтарсан үйлдвэрийн дээд удирдлагын шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоов.

Шалтгаануудыг нь жагсаая.

  • Нөөц бодсон алтны дундаж агуулга хүдэрт 6 г/т байсан бол олборлож, баяжуулах үед батлагдаагүй ба хоёр дахин багассан.
  • Алтны үнэ энэ үед хамгийн доод түвшинд буюу унц нь 280 доллар хүртэл унасан, дээр нь Монголбанк тухайн үед алтыг дэлхийн зах зээлийн үнээс 20 хувь доогуур үнээр худалдаж авч байсан.
  • Хаягдлын далан сэтэрсэн

Төсөл хэрэгжилтийн онцлог, алдаа ба сургамжуудыг одоо жагсаая.

  • Нарийвчилсан хайгуул гүйцээж хийлгүй олборлолт, баяжуулалт эхлүүлсэн. Ер нь жижиг хэмжээний алтны судлын үндсэн ордыг ингэж ашигладаг гэж канадууд монголчуудад итгүүлсэн.
  • Хөрөнгө оруулалт хэмнэх үүднээс хуучин ажиллаж байгаад зогссон цайр, хар тугалганы баяжуулах үйлдвэрийг худалдаж авсан.
  • АНУ-ын Колорадо мужийн Рокки Маунт гэдэг ууланд оршдог уг үйлдвэрийг демонтаж хийж машинаар тээвэрлэн Сиаттл хотод хүргэж, тэндээс 40 тоннын 40 гаруй чингэлэгт ачин Номхон далайг гаталган, Хятадын нутгаар тээвэрлэн Заамар суманд авчран төслийн талбайд тааруулан угсарсан билээ.
  • Баяжуулах үйлдвэрийн демонтаж (барилга, тоног төхөөрөмжийн хамт) хийсэн, олон төрлийн ур чадвартай Айдохо мужийн 7-8 хүн, Канадаас ирсэн нэг зохион бүтээгч (баяжуулах үйлдвэрийг Заамарт угсрах газрын рельефт тааруулан газар дээр нь зураг төсөл хийх зорилгоор), тэдэнд тусалж ажилласан Монголын 20 гаруй хүмүүс демонтаж хийж эхэлсэнээс хойш 3 жил хагасын хугацааанд барилга, тоног төхөөрөмжийн угсралтыг дуусгасан билээ.
  • Төсөл зогсоход хөрөнгийн биржээс мөнгө босгож санхүүжүүлж байсан Канадын компани дампуурах байдалд орж Монголоос гарахад, төслийн 51 хувийг эзэмшиж байсан, санхүүжилтийг арилжааны зээлээр хийсэн МАК компани хариуцлагыг үүрч үлдэн эрсдэлд оров. Арилжааны зээлийн эрсдэл хамгийн хүнд нь байсан мэдээж.
  • Канадууд хөрөнгийн бирж дээрээс мөнгө босгож аз туршиж байсныг монголчууд дараа нь ойлгов.

Сүүлд 2001 онд МАК компани канадуудаас Бумбат компанид эзэмшиж байсан 49 хувийг нь худалдаж аваад баяжуулалтын технологийн өөрчлөлт хийж ажиллуулж эхэлж байгаад Алтандорнод компанид худалдсан гэж сонссон билээ.

Монголын уул уурхайн үндэсний ассоциаци ба Алт олборлогчдын анхдугаар зөвлөгөөн

Ардчилал, зах зээлийн эдийн засгийн үеийн бизнесийн болон мэрэгжлийн холбоодоос хамгийн анхных нь 1991 онд байгуулагдсан Монголын хувийн эздийн холбоо байсан ба сүүлд Монголын ажил олгогч эздийн холбоо болон өөрчлөгдсөн билээ. Харин Монголын уул уурхайн үндэсний ассоциаци 1994 онд үүсгэн байгуулагдсан байна. Энэ мэтээр тухайн үеийн нэршилээр “олон нийтийн” олон байгууллагууд иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдаж байв. Тиймээс 1997 онд Төрийн бус байгууллагуудын тухай хууль гарч дээрх олон нийтийн байгууллагуудын үйл ажиллагааг хуулиар зохицуулах болсон байна. Ассоциаци 1995 онд “Алт олборлогчдын зөвлөлгөөн”-г анх удаа зохион байгуулж, улмаар алтны үнэ тогтоох аргачлалыг Засгийн газар, Сангийн яам, Татварын ерөнхий газар болон Түлш эрчим хүч, геологи, уул уурхайн яаманд хүргүүлж байжээ.

ЭРГЭЦҮҮЛЭЛ:

Өнөөдрийн байдлаар албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлсэн ТББ-дын тоо 20000 мянга хол давсан байна. Дээрх хуулиар төрийн бус байгууллагуудыг нийгэмд үйлчилдэг, гишүүддээ үйлчилдэг гэж хоёр ангилсан ба бид өнөөдөр нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагуудыг иргэний нийгмийн, гишүүддээ үйлчилдэгийг нь мэргэжлийн холбоод гэж нэрлэж заншсан байна. Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хоёр дахь хэсэгт нь багтах юм. Гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагууд гишүүнчлэлийнхээ байдлаар дотроо бас хоёр төрөл, үндсэндээ бараг гурван төрөлд хуваагдаж байна. Бизнесийн байгууллагын гишүүнчлэлтэй, тэдгээрийн эрх ашиг сонирхолд үйлчилдэг, хамгаалдаг ТББ-ыг бизнесийн холбоод, тодорхой мэргэжлийн инженер, мэргэжилтэн зэрэг хувь хүний гишүүнчлэлтэй ТББ-ыг мэргэжлийн холбоод гэж нэрлэж болохоор байгаа. Гуравдахь төрөл нь хувь хүний гишүүнчлэлтэй боловч, бас байгууллагуудыг гишүүнээр элсүүлдэг эхний хоёрын дундах “гибрид” маягийн ТТБ-д байна. Дээрх гурван төрлийн төрийн бус байгууллагууд цаашдаа хоёр төрөл болон хөгжиж, чадавхижих шаардлагатай байгаа ба холбоод, түүний гишүүд өөрсдөө энэ байдлыг ойлгож, зорилго, чиглэлээ зөв тодорхойлох, дүрэм, журамдаа өөрчлөлт хийх, шинэчлэх хэрэгцээ, шаардлага амьдралаас урган гарч байна.

Үргэлжлэл бий.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img