2024-12-21, Бямба
-30 C
Ulaanbaatar

АНУ-ын Хууль зүйн яам Монголын экс-Ерөнхий сайдыг авлигын хэрэгт буруутгав

АНУ-ын “The Diplomat” сэтгүүлд гарсан ийм гарчигтай нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Гуравдугаар сарын 26-нд АНУ-ын Нью-Йорк хотын Зүүн дүүргийн Прокурорын газраас Монголын экс-Ерөнхий сайдын Нью-Йоркт авлигын аргаар худалдаж авсан тансаг зэрэглэлийн орон сууцнуудыг хураах арга хэмжээ авч эхэлснээ зарлав.

Хууль зүйн яамнаас гаргасан хэвлэлд зориулсан мэдээлэлд дурдсанаар, энэ нь Монголын Ерөнхий сайд асан Сү.Батболдын Нью-Йорк хотод 14 сая ам.доллараар худалдаж авсан тансаг зэрэглэлийн хоёр орон сууцтай холбоотой аж. Мэдээлэлд түүнчлэн, Сү.Батболдыг хууль бусаар улсынхаа хөрөнгийг шамшигдуулан мөнгө угаах схем ашиглаж АНУ-ын нутаг дэвсгэрт хувийн хэрэгцээндээ зориулсан байж болзошгүй талаар дэлгэрэнгүй тайлбарласан байна.

Хууль зүйн яам мэдэгдэхдээ, “Орон сууцнуудыг Монголд хууль бусаар байгуулсан уул уурхайн гэрээнүүдээс олсон орлогын мөнгөөр тухайн үед Монголын Ерөнхий сайд байсан Сү.Батболд болон түүний гэр бүлийн ашиг сонирхолд нийцүүлэн бүтнээр нь эсвэл хэсэгчлэн худалдан авсан” гэжээ.

Сү.Батболд нь 2009-2012 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед (2009-2017) Ерөнхий сайдын албыг хашиж байсан юм. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед буюу 2011 онд Монголын эдийн засгийн өсөлт 16.9 хувьд хүрсэн нь уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотой. Тэр их өсөлт нь Монголын эдийн засгийн гарцыг тэлэх, мега төслүүдийг хурдасгах, орчин үеийн дэд бүтцийг бий болгоно гэх итгэл найдварыг төрүүлж байв. Гэвч 13 жилийн дараа ч тэр өсөлтийн үр дүнг Монголын ард түмэн хараахан хараагүй, амсаагүй байна.

Шүүхийн баримт бичигт Сү.Батболдыг Ерөнхий сайд байхдаа хөрөнгө шамшигдуулсан гэх үндэслэлийг тайлбарлажээ. Сү.Батболдын “итгэмжлэгдсэн зуучлагчдын” эзэмшдэг “Catrison” гэх компани үйл ажиллагааны түүхгүй, уул уурхайн олборлолтын туршлагагүй, түүхий эд борлуулах санхүүгийн болон логистикийн дэд бүтэцгүй байсан ч 68 сая ам.долларын өртөг бүхий олборлолтын гэрээ байгуулжээ. “Катрисон” цорын ганц тохиолдол биш аж. Сү.Батболдын хяналтад байдаг ижил төрлийн өөр нэг компани 30 сая ам.долларын өртөг бүхий бас нэг гэрээ байгуулсныг Хууль зүйн яам дурджээ.

Дээрх гэрээнүүдийг мөнгө угаах ашигтай схем болж хувирсан гэж Хууль зүйн яам үзэж байна. “Уул уурхайн олборлолтын гэрээнүүдээс олсон олон сая ам.долларыг гадаадын банкуудын данс руу шилжүүлж, хэд хэдэн хуурамч бүрхүүл компаниар дамжуулан бусад зүйлсийн дотор Нью-Йорк дахь орон сууцнуудыг Сү.Батболдын гэр бүл, тэр дундаа тэдгээр сууцнуудыг ашиглаж байсан том хүүгийнх нь ашиг сонирхолд нийцүүлэн худалдан авахад зориулжээ.”

Авлига авсан, хөрөнгө шамшигдуулсан гэх дуулианууд Сү.Батболдыг тойроод багагүй хугацаа өнгөрч байна. Дэлхий даяарх өндөр түвшний авлигыг илчилсэн банкуудын ил болсон мэдээлэл дээр тулгуурласан 2016 оны “Panama Papers” болон “Pandora Papers” баримт бичгүүдийн аль аль нь экс-Ерөнхий сайдын санхүүгийн хэлцлүүдийг онцолсон юм.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн консорциум (IJIC) мэдээлэхдээ, “Сү.Батболд уул уурхайн олборлолтын гэрээ хэлцлүүдээс хувьдаа хэдэн зуун сая ам.долларын хууль бус буцаан олголт авсан гэх хэргээр Монгол, Их Британи, Сингапур, АНУ-д шүүхийн нэмэжлэлүүдтэй тулгарахад хүрсэн” гэжээ.

Сү.Батболд авлигын хэргүүдээ байнга няцаасаар ирсэн бөгөөд түүний өмгөөлөгчид Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн консорциумд мэдэгдэхдээ, тэдгээрийг “сүүдэрт байдаг далдуур дайсагначдын” гаргасан “доромж нэхэмжлэлүүд” гэжээ.

Сү.Батболдтой холбоотой ил болсон мэдээллүүд маргаан дэгдээсэн ч тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд дахин сонгогдсон билээ.

Түүнийг буруутгасан сүүлийн үеийн мэдэгдлүүд болон үүнээс өмнөх баримт бичгүүд Монголын авлигатай, тэр дундаа тус улсын эдийн засгийн оршин тогтнох ноён нуруу болсон уул уурхайн салбар дахь авлигатай тэмцэх хүчин чармайлтын хэд хэдэн чухал зүйлийг харуулж байна.

Тэдгээрийн нэг бол Монголын хууль эрх зүйн тогтолцооны дутагдал бөгөөд дотоод, гадаадад энэ төрлийн авлигын хэргүүдэд буруутгагсдын талаар ямар нэг шийдвэр гаргаж чадаагүй явдал юм.

2016 онд “Panama Papers” баримт бичигт Монголд урьд өмнө мэдээлээгүй тус улсын хэд хэдэн оффшор компаниуд, үүний дотор Сү.Батболдтой холбоотой хоёр компанийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ил болгосон. Тэдгээр оффшор компаниуд Монголын олон нийт, улстөрчдийн дунд томоохон маргаан дэгдээсэн билээ.

Хэдий тийм ч тухайн үед энэ нь Монголд оффшор компани эзэмших нь хууль бус эсэх талаарх хуульчдын мэтгэлцээн төдий болж хувирчээ. Тайлан тооцоо, санхүүгийн ил тод байдлын асуудал Монголын олон нийтэд өнөөг хүртэл бүрхэг хэвээр.

Харин өдгөө АНУ-ын Хууль зүйн яам Сү.Батболдыг мөшгиж байгаа тул байдал өөр юм. Монгол Улс АНУ-тай бат бэх дипломат харилцаатайг бодолцон үзвэл тус улс олон улсын шүүхийн хамтын ажиллагаанд хамрагдах нь дээд түвшний авлигаа устгах чухал хэрэгсэл болж болохоор.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Узра Зея 2023 онд Улаанбаатарт айлчлах үеэр АНУ Олон улсын хуулийн хөгжлийн байгууллагатай хамтран Монголын Авлигатай тэмцэх газар, прокурор, цагдаа, хууль хяналтын байгууллага, иргэний нийгмийн оролцоотойгоор тус улсад ил тод байдлыг сайжруулах, авлигатай тэмцэх зорилго бүхий төслийг нэг сая ам.доллараар санхүүжүүлэхээр болсон билээ.

Монголын байгалийн баялгаас олсон орлогыг ард түмэнд зүй ёсоор хүртээхийн тулд хамгаалах шаардлагатай талаар зарим улс төрч хэдийнээс ярьж эхэлжээ.

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл сошиал хуудсаараа дамжуулан Монгол Улсын Хууль зүйн яамыг уул уурхайн салбар дахь авлигын асуудалд анхаарч ажиллахыг уриалсан байна. Тэрээр түүнчлэн, “Хэрэв АНУ-ын шүүх Сү.Батболдыг үнэхээр буруутай гэж үзвэл (одоогоор түүний бурууг хараахан нотлоогүй) Монгол Улс тэдгээр алдагдсан хөрөнгөө буцаан авах хэрэг өдөөж болох юм” гэжээ.

Ингэхийн тулд хуульчдын томоохон баг шаардагдах ч огт боломжгүй зүйл бас биш юм. Ц.Оюунгэрэл одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан энэ асуудалд анхаарч ажиллан авлигатай тэмцэх амлалтаа хэрэгжүүлэхийг мөн уриалжээ.

Анхаарал татсан гуравдахь зүйл бол Монголд хамаатан саднаа албан тушаалд дэвшүүлж хуйвалдах явдал, авлига, улс төр, бизнесийн холилдол газар авсан явдал юм. Шүүхийн баримт бичгээс үзвэл Сү.Батболдын хүү Б.Баттүшигийг тэдгээр хууль бус үйлдлүүдтэй мөн холбоотой гэж үзсэн байна.

Б.Баттүшиг одоогоор “Алтай Холдинг” групп, “Е-март Хайпермаркет Монгол”, “Скайтел”, “Скаймедиа” ХХК зэрэг олон бизнесийг удирдаж байгаа бөгөөд энэ зун Парисыг зорих Монголын олимпийн багийг тэргүүлэх аж. Монголын залуучуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн учраас түүнийг гэнэт ийн хэрэгт буруутгах болсон нь олон нийтийг цочирдуулжээ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан УИХ-ын бүрэлдэхүүнийг өргөжүүлснээс хойшхи анхны парламентын сонгууль болоход дөрвөн сарын хугацаа үлдээд байна. Дээрх хэргүүд одоогийн Засгийн газар төдийгүй УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахаар зэхэж буй улс төрийн намуудад томоохон сорилт болж байна.

Сүүлийн үед ил болсон мэдээллүүд Монголын ард түмнийг улс төрийн ухамсартай болж, авлигачдыг сонгохгүй байхыг сэрэмжлүүлсэн дохио боллоо.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img