Үндсэн агуулга руу шилжих
NIO.mn
УЛС ТӨР

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр төрөө сэргээхийн тулд огцрохоо мэдэгдлээ

У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа өгнө.webp

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өөрийг нь авлигын ноцтой хэрэгт холбогдуулсан асуудлыг үнэн зөвөөр шалгуулахын тулд албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргалаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

“Ардчилсан нам үнэн мөнийг тогтоохын тулд намайг албан тушаалаасаа буух ёстой гэж үзсэн. Үүнтэй би санал нийлж байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ шилжүүлж, шалгуулан нэр төрөө сэргээнэ” гэв.

Тэрээр мөн сүүлийн нэг сар гаруйн хугацаанд өөрийн эсрэг нэр төр гутаасан, доромжилсон дайралтууд үргэлжилсэн бөгөөд Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдах нь ард түмний нэр хүндэд халдсан хэрэг гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Төмөр замын төслийн гэрээтэй холбоотой маргаан

Улаанбаатар хотын дарга асан Х.Нямбаатар Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын төсөлтэй холбоотойгоор У.Хүрэлсүхийг 25 сая ам.долларын ашиг хүртсэн байж болзошгүй хэмээн буруутгасан байна. Энэхүү маргаан нь 2019 онд, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед өрсөлдөөнт тендергүйгээр Бодь интернэт ХХК-д олгосон гэрээтэй холбоотой юм. Харин У.Хүрэлсүх болон тус компани эдгээр мэдэгдлийг үгүйсгэжээ.

Улс төрийн нөхцөл байдал хурцдаж байна

Сүүлийн саруудад Монгол Улсад улс төрийн тогтворгүй байдал, эрх баригч МАН доторх зөрчил хурцадсан байна. 2025 онд болсон авлигын эсрэг болон төрийн хариуцлагыг шаардсан иргэдийн жагсаалын дараагаар улс төрийн нөхцөл байдал тогтворгүй хэвээр байна. Мөн мянга мянган залуус нийгмийн шударга бус байдал, эрх мэдэл бүхий чинээлэг бүлгийн эсрэг жагсаал зохион байгуулж байжээ.

Монгол Улсын хуулийн дагуу Ерөнхийлөгчийн үүргийг УИХ-ын дарга С.Бямбацогт түр орлон гүйцэтгэх бөгөөд дөрвөн сарын дотор Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зохион байгуулах ёстой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000