Тус үзэсгэлэн Леонардо да Винчигийн зохион бүтээсэн техник ба уран зураг гэсэн үндсэн хоёр хэсгээс бүтэж байгаа тухай өмнө онцолсон. Үзэсгэлэнг санаачлагч, ерөнхий зохион байгуулагч, урлаг судлаач Н.Оргилболд сэргэн мандалтын үеийн суутны бүтээсэн үхэр бууны загвар болон хүн төрөлхтөнд үлдээсэн сод өв болох алдарт “Мона Лиза”-г нь онцолж тайлбарласныг видео контентоор хүргэе.
Хамгийн багадаа тэрбум доллараар үнэлэгдэх “Мона Лиза”
Da Vinchi Grand Exhibition-ий санаачлагч, ерөнхий зохион байгуулагч, урлаг судлаач Н.Оргилболд: Мона Лиза хулгайлагдаж байсан учраас илүү их алдаршсан гэж ярьдаг. Үүнээс улбаалаад хэдий хэрээр үнэлэгдэх бол гэсэн асуулт гарч ирдэг л дээ. Томоохон худалдааны төвд тавигдвал энэ бүтээлийг тэрбум ам.долларт хүрнэ гэж ярьдаг. Тэр утгаараа хамгийн үнэтэй уран зургуудын нэг. Мона Лизагийн онцлог гэвэл Леонардо да Винчигийн Сумато гэдэг техникээр бүтээгдсэн зураг. Энэ техникийн хувьд маш нарийн гэрэл сүүдрийн шилжилтээр маш олон давхаргаар хийгддэг. 2010 онд хийсэн судалгаагаар Леонардо да Винчигийн нэг будгийн давхарга нь 2-3 микрон болохыг тодорхойлсон байдаг. Нэг ширхэг үс 100-120 микрон гэхээр ямар нарийхан давхарга үүсгэж зурдаг байсан нь төсөөлөгдөх байх. Будалтынх нь өмнөх давхарга гэрэлтэж харагддаг. Тэгж гэрэлтсээр байгаад маш нарийн гэрэл сүүдрийн шилжилтүүдийг гаргаж өгдөг нь Леонардо да Винчи-гийн гайхамшиг. Түүний уран зурагт бий болгосон өөр нэг гайхамшиг бол агаарын алслалт. Аливаа зүйл алсрах тусам сааралтаж, замхарч, дүрслэл нь илүү бүдэгдүү болдог. Энэ агаарын алслалыг ашигласан гэдэг утгаараа “Мона Лиза” хамгийн чухал бүтээл. Хэрвээ бид сайтар ажиглавал “Мона Лиза”-гаас Леонардо да Винчи-гийн уран зургийн техникийн нарийн ажиллагааны шилжилтүүдийг харах боломжтой.
Леонардо да Винчигийн бүтээсэн үхэр бууг өөрөө ажиллуулж үзэх боломжтой
Da Vinchi Grand Exhibition-ий санаачлагч, ерөнхий зохион байгуулагч, урлаг судлаач Н.Оргилболд: Леонардо да Винчигийн зохион бүтээлтүүдийг сэргээн толилуулж байгаа нь энэ үзэсгэлэнгийн онцлогийн нэг. Эдгээрийг үзэгчид зөвхөн хараад өнгөрөхгүй. Хэрхэн ажилладаг зарчмыг нь мэдрэх боломжтой. Өөрөө ажиллуулж болно гэсэн үг. Үүнийг бид интерактив гэж тодотгодог. Энэ бол их онцлогтой буу. Леонардо да Винчи-г бид уран зураач гэдэг ч яг үнэндээ маш алдартай зохион бүтээгч байсан. Тэр дундаа Миланы Сфорца гүнгийн ордоны зохион бүтээгч байсан юм. Олон тооны байлдааны тоног төхөөрөмж хийсний нэг нь энэ үхэр буу. Онилох өнцгөө тохируулдаг буу. Да Винчи иймэрхүү жижиг деталь дээр хүртэл анхаарч хийдэг байсан. Задардаг сумтай ийм төрлийн их буу тэр үед байгаагүй. Тэр утгаараа Леонардо да Винчи яалт ч үгүй шинэчлэгч. Манай үзэсгэлэнг зорьж ирсэн хүмүүс үзэсгэлэн сонирхох үеэр олж авсан мэдлэгээ видео контентоор дамжуулж мальтимедиа өрөөнд батжуулах боломжтой.
Тус үзэсгэлэнгийн үеэр тавигдсан зургийг фотогоор хүргэе.