Би нар ургахыг харлаа. Нарны гэрэл ийм тод тунгалаг байдаг билүү. Харанхуй орчныг гэрэлтүүлж мандахдаа ийм үзэсгэлэнтэйгээр цацардаг билүү. Мартжээ…
Норовбанзадын “Уяхан замбуувитийн наран”-г сонсоод өөрийн эрхгүй ийм бодолд эзлүүлэв. Дэргэд нар мандуулах ид шид уртын дуунд л байдаг юм байна. Энэ талаар бишгүйдээ л нэг сонсч, уншиж байсан ч өнөөдөр тэр ид шидийг нь биеэрээ мэдэрлээ. Гайхалтай юм. Тэр АНУ, Япон, ОХУ гээд дэлхийн олон орны үзэгчдийн өмнө яг ингэж “нар ургуулсан”. Бүгд л нар мандах тийм үзэсгэлэнтэй байдгийг Н.Норовбанзадыг сонсоод мэдэрч, дуу алдаж байв. Монголын соёлыг мэдэхгүй, хэлийг нь ойлгохгүй байлаа ч түүнээс ундрах аялгуугаар нь сэрэх байгалийг мэдэрч чаддаг байлаа. Үзэсгэлэнтэй том улаан нар гэнэт мандаж, үлгэрийн юм шиг хөвөлзөх зэрэглээ нүд хуурч, шувуу жиргэж, гол урсахыг мэдрүүлж чаддаг нь уртын дууны, Н.Норовбанзадын гайхмаар ид шид.
Уртын дуу дэлхийн урлаг, харин тэр өөрөө уртын дуу хэмээх орон зайд гэрэлтсэн үзэгдэл байлаа. Үзэгдээд өнгөрөх тод зурвасыг үзэгдэл гэдэг. Гэхдээ хэзээ ч мартагдахгүй, яг тэр гэрлээ мөнхөд хадгалж үлдэх зурвасыг л ингэж тодорхойлдог.
Монголын уртын дуу бол талд төрж, талдаа амилсан байгалийн бүтээл. Зүгээр ч нэг бүтээл биш, байгальдаа дэндүү ойр өссөн, байгалиас авах сайхан бүхнээ авсан хүний мэдрэмж, оюун санаанаас ургасан давтагдашгүй бүтээл. Ингэж бүтсэн бүхэн төгс байдаг. Уртын дуу бол тэнгэрийн аялгуу. Монголчууд эртнээс тэнгэрийг шүтэж ирсэн. Тэнгэрээс өөр юуг ч шүтээнээ болгоогүй ард түмнээс тэнгэрийн аялгуу л ундарна. Яагаад ч юм уртын дууг сонсохоор өөрийн эрхгүй ийм бардам, гэсэн хэрнээ эгэлээс эгэл, хэнд ч баригдахгүй, хэнд ч илэрхийлж үл гүйцэх омогшил төрдөг.
Урлал судлалын ухаан доктор Н.Жанцанноров “…Монголчууд мөнх тэнгэртээ итгэнэ. Тэнгэртээ сүсэлнэ. Тэнгэрт мандсан нар, гийсэн сараар амь амьдралаа тоолно. Тэнгэрт өөрийнх нь од байгаа гэж итгэнэ. Тэнгэрийн хаан, тэнгэрийн хөвүүн, тэнгэрийн хүлэг, тэнгэртэй хүн гэж ярина. Тэнгэртэйгээ ухаан бодлоороо ингэж ярилцдаг монгол хүний уран сайхны сэтгэлгээ чухамдаа орон зайн асар их хөгжлийг олж, орон зай- огторгуй урлалын хэрэг үүргийн хувьд цаг хугацааны хэмжүүрийн нүүрэн талд нь гарч, хөгжмийн бүтээлийн хэлбэрийг бүрдүүлж, бүтцийг төгөлдөржүүлдэг юм. Уртын дууны бусад улс түмний дуу хөгжмөөс ялгарах гол онцлог өвөрмөц шинж нь чухамхүү орон зайн ихээхэн хөгжингүй сэтгэлгээтэй холбоотой гэх үндэстэй” хэмээн дүнэсэн нь бий. Уртын дууг илэрхийлж болох хэмжээнд хэлсэн тодорхойлолт гэвэл энэ л байна.
Японын “Мэйничи дэйли ньюс” сонин 1992 оны дугаартаа “Түүний цээл хоолой намуухнаар эхлэн, төдөлгүй өгсөн тэнгэр цойлж, уран гоё нугалаа, жиргээ, цохилтоор чимэгдэн хөвөлзөнө. Хоолойн цараа нь өөрсдийнхөө хоолойг күбүши шинжтэй гэж үздэг япон Мин ёо дуучдыг санагдуулах боловч, түүний хоолойн хүч чадал нь зүйрлэшгүй агуу юм. Хязгааргүй хэмжээгүй түүний гайхамшигт хоолойгоор дуулагдаж байгаа дуу болор хундага хагаран жингэнэх байдлаар төсөөлөгдөн чихэнд хангинана… Монголын онцгой дуучны хоолойн цар хүрээ нь тэнгэрээр хэмжигдэх аж” хэмээн шагшиж байсан гэдэг.
Дорно дахины судлаач С.Кондратьев “Монголын уртын дууг задлах, шинжлэх ээлж тулгараад судлаачаа хүлээж байна. Тэгж зорих нь их үр ашигтай. Харин тэгэхдээ урлагийн аливаа том үзэгдлийг гүнзгий дүгнэх маш хэцүү байдаг шиг тийм амархан ажил биш” хэмээн хэлж байжээ.
Монголын уртын дуу бол дэлхийн урлагийн хувьд маш том, анзаарахгүй байх аргагүй орон зай. Энэ орон зайд нэвтэрч чадах судлаач өнөөдөр ч үгүйлэгдэж байгаа.
Мэдээж С.Кондратьевийн хэлсэн шиг тийм амар судалгаа биш болохоор уртын дууг угт нь тултал судлах хугацаа ойрхон биш. Магадгүй хүн төрөлхтөн байгалиасаа мөн чанараараа холдсон өнөө цагт байгальтайгаа гайхалтай гэмээр ойр байх үед үүссэн урлагийн цаана гарч судална гэдэг хүршгүй оргил ч байж мэдэх юм.
Н.Норовбанзад боржигон нутгийн дуучин. Боржигон бол Чингис хааны овог. Монголын нэртэй уртын дууч Дорждагва академич Б.Ринченгээс “Боржигоны найр яагаад ийм их дэгтэй, боржигоны дуунууд яагаад ийм уран гоё байдаг юм бол” гэж асуухад буурал эрдэмтэн “Тэгэлгүй яахав. Хааны найрын дэг боржигонд л хадгалагдаж үлдсэн юм чинь” хэмээн хариулж байсан гэдэг. Энэ утгаараа их эртний уламжлалтай гэсэн үг. Хааны найрын дуунаас үлдэж хоцорсон аялгуу эгшиглэсэн нутгийн дуучин бол Н.Норовбанзад. Боржигон дуу бол Н.Норовбанзадын суурь. Боржигон чигийн дуунуудын аялгуу, нугалаа, шаглаа нь их жижиг гэж судлаачид онцолдог. Тэр дуулж эхлэхдээ яг л боржигон маягаар дуулдаг байжээ. Дэлхийн Залуучууд оюутны наадамд дуулсан дуугаа боржигоны жижигхэн аялгуун дээр суурилж дуулсан байдаг. Харин сүүлд Хэнтий чигийн хар дэл гэх том, удаан аялгууг багш нараасаа сурсан гэдэг. Түүнд ийм чадвар суухад нөлөөлсөн хүний нэг нь Дорждагва. Хийдэд унзад байсан залуу 1927 онд хүрээнд орж ирээд Зүүн аймгийн том дуучдын шавь болж байжээ. Зүүн аймгийн, төв халхын, боржигоноос хойшхи том дуунуудыг авч хоцорсон учраас түүний том аялгуунууд Н.Норовбанзадад очсон юм. Уртыг дууг төгөлдөршүүлэх зарчим баримталсан хоёр дуучны нэг нь Дорждагва, нөгөө нь Н.Норовбанзад гэж судлаачид онцолдог.
Дорждагва Н.Норовбанзадыг нэг зүйл дээр нь шүүмжилдэг байж. “Энэ Норовбанзад дэндүү их хашгирах хандлагатай байна. Хашгирдаг хүнийг ч сайн дуучин гэдэггүй юм шүү” хэмээн хэлж байсан нь нэг бодлын зөв, нөгөө талаас нь харвал буруутгах аргагүй зүйл гэж онолчид хэлдэг. Зөвхөн монгол гэрт, найрын үеэр дуулдаг байсан уртын дууг олон хүнтэй зрительд хүргэх хамгийн гол зам нь хоолойн хэмжээгээр хашгирах байж. Их хүч гаргаж, алсын сонсогчид дуугаа хүргэх арга европын дуулах зарчимд бий. Н.Норовбанзад энэ аргыг уртын дуун дээр ашигласан байдаг. Энэ утгаараа уртын дууг тайзнаас хүргэж чадсан анхны дуучин. Тэр энэ аргыг эзэмшсэн учраас л дэлхийн тайзан дээр гарсан. Түүний энэ арга Монголын уртын дууг дэлхийд хүргэсэн юм.
Тэр өрнийн хөгжмийг судалсан дуучин. Европын дуурийн хоолойгоор дуулдаг аргуудыг чадмаг эзэмшсэн нэгэн. Өглөө бүр дуурийн дуучны маягаар дасгал хийдэг байсан гэдэг. Гэхдээ дуулахдаа яг л уртын дуу дуулж байгаа юм шиг дуулдаг байж.
Европын хоолойг хөндийлж дуулах, монгол уртын дууны багалзуураар шахаж дуулах гэдэг тэс ондоо, зарчмын ялгаатай хоёр аргыг нэгтгэж чадсан нь түүний нэг чадвар юм. Хэдэн зуунаар өрнө, дорнод өөр өөрийн өнгөөр хөгжиж, оргилдоо хүрсэн хоёр ондоо аргыг нэгэн зуунд ганцхан хүн амжуулж, төгс бүтээл, нэгдмэл цогц болгоно гэдэг энгийн төсөөллөөс давсан хэрэг. Н.Норовбанзад 2001 онд АНУ-ын нэр хүндтэй Нью-Иоркийн концертын танхимд нэг цаг 40 минут дуулсан байдаг. Түүнийг Америкийн хөгжмийн өндөр боловсролтой хүмүүс ирж сонсоод “Нэгэн хүний хоолойноос гарах физик хүчийг давагдашгүй хүчтэй боловсруулж чадсан эрдэмтэй хүн байна” гэсэн дүгнэлтэд хүрч байжээ.
Тиймээс Н.Жанцанноровын хэлсэн “Норовбанзадын хоолойны чадвар авьяас гэхээс илүү асар их эрдэм, судалгаа, туршилт, давагдашгүй том сургууль” гэсэн үгийг ямар ч эргэлзээгүйгээр хүлээн зөвшөөрмөөр. ОХУ-ын урлаг судлаач В.Кондакогийн “Түүний дуу хүний боломжоос хэтэрчээ. Тайзан дээр нэг биш хэд хэдэн хүн дуулах мэт сэтгэглдэл төрж байна” гэсэн дуу алдалтыг дахиад нэг сонсмоор.
“Ийм их хөдөлмөр хийж, тийм их хүч гаргаж тодорхой түвшинд хүрэх хэцүү. Одооны ихэнх дуучид шуранхайны өмнө заавал амьсгал авдаг. Физик хүч нь хүрдэггүй шиг байгаа юм. Харин Норовбанзад гуай яг явж байгаа шуранхайны өмнө огт амьсгаа авахгүйгээр давхар шуранхай хийдэг. Шуранхай гэдэг эгшгийн өндөр алдахгүйгээр хэлбэлзлийн түвшинг өөрчилнө гэсэн үг шүү дээ. Хэлбэлзлийн түвшинг алдахгүйгээр хүчийг нь өөрчилнө гэсэн үг. Маш нарийн технологийн асуудал л даа. Зүгээр нэг дуучин хүн хийчихдэг зүйл биш. Асар их туршилтын үр дүн, хүчинд л барьж чадна. “Энх мэндийн баяр” дээр гурван шуранхай хийхэд гурвууланг нь амьсгаа авахгүй дуулж байсныг нь санаж байна” хэмээн Н.Жанцанноров дурсч байсан.
Түүний 1973 онд болсон Азийн хөгжмийн наадамд дуулсан “Сэрүүн сайхан хангай” дуу нь ЮНЕСКО-гийн алтан санд орж байлаа. Мөн тэрээр дэлхийд нэр хүндтэй Фукуокагийн Азийн соёлын шагналыг хүртэж байв. Уртын дуу хэмээх гайхамшигтай урлагийг дэлхийн сонорт хүргэж чадсан түүнийг дэлхий ингэж үнэлсэн. Монголд төрийн шагнал авсан хоёрхон дуучин бий. Түүний нэг нь Норовбанзад.
Түүнд далдын хүч байдаг юм шиг санагддаг. Энэ их хүнтэй нүүр тулж байгаагүй ч дууг нь сонсоход л ингэж мэдрэгддэг. “Мань хүн дуундаа сүсэгтэй юм шиг. Тэр нь ертөнцийн зургаа дахь мэдэрхүй рүүгээ дөхсөн байсан байх. Социализмын үед дуул гэсэн дууг нь л дуулж байсан. Гэхдээ сүүлд олон жил хамт явж байхад энэ дууг тийм өдөр дуулахгүй, тийм цагт дуулахгүй гэсэн системтэй болсон байх аа. Би тэгж л ухаарсан. Тэгэхээр тэр дууны аялгууны асар их энерги нөөц, бидэн шиг зүгээр сонсдог улсуудтай адилгүй, дуу нь, аялгуу давтамж нь хүний амь, биеийг зохицуулагч тогтолцооны төвшинд очсон байх” хэмээн бодолхийлсэн урлаг судлаачийн үг сэтгэлд хургана. Тэр “За даа өнөөдөр “Урьхан хонгор”-ыг дуулдаг өдөр биш байна аа. Тэнгэр нэг л тиймэрхүү. Сэтгэл санаа ч нэг тааруу. “Алтан богдын шил”-ийг л дуулъя. Өнөөдөр аялгуу нь арай ойрхон байна” гэх мэтээр дуугаа дуулах дуулахгүй өдрөө хүртэл мэдэрдэг байж. Байгалиа сонсч, тэр сонсголоороо дуугаа, үзэгчээ дээд зэргээр мэдэрч чаддаг дуучин хэд билээ.
Тэр дуучин биш, дууг амьдруулагч, бүтээгч байсан юм. Н.Норовбанзадын дуулсан “Сэрүүн сайхан хангай”-г түүн шиг хэн ч дуулж чадахгүй. Тэр бас нэг дуугаа яг тэр чигээр нь дахин дуулдаггүй. Түүний дуулсан “Сэрүүн сайхан хангай” бүр өөр. Яг л хийц нь давтагдашгүй уран дарханы бүтээл шиг. Дуулах бүрдээ өөр өөрөөр амилуулна. Амилуулсан дуу нь нэг л хөглөг. Өөрийн гэсэн тансаг аялгуутай. Дахин давтагдашгүй. Сонгож авсан дуугаа хоололйныхоо чадалд тохируулан уртасгана, нарийсгана. Дуугаа бүхэл бүтэн шинжлэх ухаан, гүн ухааны талаас нь харж чаддаг, бүтээж чаддаг гээд дүгнэчихмээр. Төгс бүтээлийг хэн ч өөрчилж чаддаггүй. Санаа авдаг, хөгжүүлдэг. Гэхдээ яг тэр хэвээр нь бүтээж чаддаггүй. Учир нь төгс бүтээл хэзээ ч хувилагддаггүй. Яг л Норовбанзадын дуулалт шиг.