Менежментийн зөвлөх үйлчилгээ гэж юу вэ?
Зүйрлэн хэлвэл менежментийн зөвлөх үйлчилгээ нь эмчийн ажилтай их төстэй. Ямар нэг эрүүл мэндийн асуултай эсвэл өвчтэй хүнийг эмч эхлээд оношилж өвчин ба асуудлынх нь шалтгааныг олж тогтоосны үндсэн дээр эмчилгээ хийдэг. Менежментийн зөвлөх үйлчилгээ яг үүнтэй төстэй. Менежментийн зөвлөх нь байгууллагад тулгараад байгаа асуудлын шалтгааныг эхэлж оношилж тогтоогоод дараа нь түүнийг шийдвэрлэх зөвлөгөө өгөгддөг.
Эрүүл мэндийн асуудал, доройтол нь бидний амьдралын хэв маяг, хооллолт, нойр, цагийн менежмент, ажиллаж амьдардаг орчин нөхцөл гэх мэт олон хүчин зүйлээс хамаарч бий болдогтой адилаар байгууллагад тулгарсан асуудал, хүндрэл нь олон хүчин зүйлсээс хамаардаг.
Практикт дан ганц хүчин зүйл,шалтгаанаас үүссэн асуудал тун бага байдаг. Учир нь аливаа нэг асуудал нь дараагийн асуудлыг нөхцөлдүүлж, тэр нь өөр асуудлыг үүсгэх гэх мэтээр асуудлууд харилцан бие биеэнд уялдан нөхцөлдөж, комплекс асуудлыг үүсгэсэн байдаг.
Менежментийн зөвлөхүүд бизнесийн амжилт эсвэл уналтанд нөлөөлөх эдгээр шалтгаан хүчин зүйлсийн талаар мэдээлэл, мэдлэгтэй хүмүүс байдаг ба тэд янз бүрийн байгууллагуудын сайн муу менежментийн алдаа онооны туршлагыг харж, туулж, харилцаж байдаг тул тэдний туршлага мэдлэг байнга хуримтлагдах замаар нэмэгдэж байдаг юм. Иймээс мэргэжилтэнд хуримтлагдсан энэхүү олон талын мэдлэг, чадварыг нь ашиглах боломжийг олгох үүднээс зөвлөх үйлчилгээ хэмээх салбар үүсэж хөгжсөн хэрэг.
Менежментийн зөвлөх үйлчилгээ ямар ач холбогдолтой вэ?
Яагаад зарим бизнес амжилттай явж байхад, зарим нь чаддаггүй юм бол? Яагаад амжилттай байсан зарим бизнес гэнэт бүтэлгүйтэж, өрсөлдөгчдөө ялагддаг юм бол? Үнэн хэрэгтээ энэ мэт асуултын хариулт уг нь энгийн бас ойлгомжтой. Энэ бол менежмент юм.
Менежмент бол өөрийн гэсэн үзэл санаа философитой, дэгтэй, тодорхой ойлголт. Менежмент бол амжилтанд хүрэх ухаан юм. Менежмент нь Төлөвлөлт, Зохион байгуулалт, Гүйцэтгэл, Хяналт, Суралцах, Сайжруулалтын процессуудаас бүрдэх цогц ойлголт юм.
Мөн менежментэд Шударга үнэнч байх, Ёсзүйтэй байх, Бодитоор хандах, Оролцоо манлайлалтай байх гэх мэт бусад шинж чанар багтдаг. Хүн бүр сайн математикч байх албагүй шиг, эсвэл хүссэн хүн бүр Уссейн Болт шиг 100 метрт 9 секунд гүйж чадахгүй шиг бидний хэн маань ч менежментийн бүх чиглэлээр чадварлаг байж чаддаггүй.
Бизнесийг удирдах гэдэг нь бизнесийн маш олон чиглэл, сэдэв, асуудлуудыг удирдана (менежмент) гэсэн үг. Тиймээс байгууллага эдгээр чиглэл, сэдвийн талаар мэдлэг чадвартай хүмүүсээр багаа бүрдүүлдэг буюу мэргэжилтэнүүдийг ажилд авдаг. Гэвч бизнесийг амжилттай удирдахад шаардлагатай бүх л чиглэлээр мэдлэг чадварыг бүрдүүлэх нь өөрөө маш их зардал ба цаг хугацаа шаарддаг ажил.
Өнөөгийн манай улсын нөхцөл байдалд энэ бол бүр маш хэцүү асуудал болсон. Учир нь хүний нөөцийн хомсдол манай бизнесийн бүхий л салбарт төдийгүй бүхэл улс орны хэмжээнд нүүрлэсэн. (MMCG судалгааны байгууллагын хийсэн судалгаагаар судалгаанд оролцсон ААНБ-ын 95% нь хэрэгтэй байгаа хүнээ олж чадахгүй байгаа судалгаа бий)
Энэ нөхцөл байдалд, бизнесээ амжилттай удирдахад шаардагдаж буй мэдлэг, чадамжийг нөхөх, боломж нь Менежментийн зөвлөх үйлчилгээ юм. Мэдлэг, туршлагатай зөвлөхийн үйлчилгээ нь хэд хэдэн хүний хийх ажлыг орлож чадахуйц байдаг ба энэ нь байгууллагад зардал ба цаг хугацааг хэмнэх боломжийг өгдөг юм.
Мөн байгууллага нэлээд хугацааны дараа хүрэх байсан амжилтыг нааш нь татаж хурдасгадаг эсвэл хэзээ ч хүрэхгүй байсан амжилтанд хүргэж болох юм. Эсвэл тулгарсан асуудлаас бэрхшээлийг шийдвэрлэж, , бүтэлгүйтлээс аварч, эсвэл бүр дампуурлаас ч сэргийлж ч болох юм.
Түүхэнд дэх хамгийн цуутай зөвлөх үйлчилгээний кэйс жишээнүүдээс дурдвал, 1970-аад онд McKinsey & Company’s зөвлөх компани GE хэмээх үйлдвэрлэгчийн магнат компанийн стратегийг өөрчилж өнөөгийн GE хэмээх конгломерат (олон салбарт ажилладаг) компанийг бий болгосон жишээ ордог. Зөвлөх үйлчилгээний Bain & Company’s компани болон Domino’s Pizza компанийн жишээ байна.
Тэд цэсээ шинэчилж, хэрэглэгчийн үйлчилгээг (customer experience) сайжруулж, үйл ажиллагаа процессыг илүү бүтээмжтэй болгоход ажилласан. Зөвлөх үйлчилгээний үр дүнд Domino-ийн зах зээлийн үнэлгээ өсөж, Bain & Company’s өөрөө Domino’s Pizza компанийн хувийг эзэмшиж болсон түүхтэй.
Мобиком корпорацийн хувьцааг эзэмшигч KDDI группын үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч асан Инамори Казуо Японын засгийн газрын хүсэлтээр төрийн өмчит Japanese Airlines компанийг дампруулаас аварсан жишээ нь менежментийн зөвлөх үйлчилгээ төрийн байгууллагад үр дүнгээ гаргасан талаарх сайхан жишээ юм.
Бидний хувьд, Процессыг бүтээмжтэй болгох, EPR нэвтрүүлэлт хийх, Байгууллагын бүтэц, зохион байгуулалтын оновчлол хийх, Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах, Борлуулалтыг нэмэгдүүлэх, Зардлыг бууруулах, Хэрэглэгчийн үйлчилгээг сайжруулах гэх мэт чиглэлүүдээр хэд хэдэн компаниудад менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэн амжилттай ажилласан жишээ бий.
Энэ салбарын хувьд, ихэнх тохиолдолд хувь хүмүүс өөрийн ажлын туршлага дээрээ дулдуйдан зөвлөх үйлчилгээг санал болгож, байгууллагууд ч тэдгээртэй мэр сэр ажилладаг боловч ажлын чанар, хариуцлагын асуудал, ёсзүйн асуудал, ажиллах боломжийн асуудал, (хувь зөвлөх нь гэрээт ажлаа дуусгалгүй өөрөө нэг компанид ажил орчихсон), болон мэдээллийн аюулгүй байдлын асуудалтай нүүр тулгарсан хэд хэдэн тохиодол гарч байсныг мэдэх юм.
Менежментийн зөвлөх үйлчилгээг, хувь хүн ганцаараа хэрэгжүүлэх боломж бага юм. Учир нь хувь хүний боломж нөөц хязгаарлагдмалаас гадна, хувь хүний хариуцлага ба баталгаа нь байгууллага шиг байж чаддаггүй. Үүнийг зөвлөх үйлчилгээ авч буй компани ч, зөвлөх ажиллахаар зорьж буй хувь зөвлөх ч бодитоор ойлгож шийдвэрээ гаргадаг байх хэрэгтэй.
Өнөөдрийн манай улсын ААНБ-уудын хувьд, хэдий боломжтой зах зээлд ажиллаж байгаа ч бүтээмж багатай, зардал өндөртэй, байгууллагын соёл сул, менежмент муу гэх нийтлэг дутагдал харагддаг. Эдгээр алдаа дутагдалаа хэн түрүүлж олж харж, эдгээж чадсан нь тэдгээр байгууллагууд цаашид илүү хөгжин цэцэглэж хөгжлийн дараагийн шатандаа гарах бизээ..
Бүү удаашир, удааширваас сааль алдмой.