2024-11-22, Баасан
-8 C
Ulaanbaatar

Н.Энхбаяр: Улаанбаатар орчимд газар хөдлөлтийн идэвхтэй гурван том хагарал бий

-Булганд хүчтэй газар хөдлөх эрсдэлтэй учраас Эрдэнэт үйлдвэр дулааны станцынхаа аюулгүй байдалд онцгой анхаарах хэрэгтэй-

Эдийн засагч Н.Энхбаяраас газар хөдлөлтийн талаар тодрууллаа.

-Туркийн газар хөдлөлт дэлхийн анхааралд байна. Өнөө өглөө манай улсаас аврах баг илгээлээ. Монголын тухайд газар хөдлөлтийн эрсдэл аль хэсэгтээ илүү бол?
-Манай улсын хувьд газар хөдлөлтийн эрсдэл баруун талдаа их өндөр. Өмнө нь өндөр магнитудын газар хөдлөлт болсон голомттой бүс гэвэл Булган аймаг, Хөвсгөлийн урд болон Архангайн хойд хэсэг. Энэ хэсэг л илүү эрсдэлтэй. Говь-Алтай, Баянхонгор руу бас бий. Тодруулж хэлбэл уулархаг нутгаараа эрсдэл нь илүү гэсэн үг.

-Улаанбаатар хотод эрсдэлтэй орчин гэвэл хаагуур байна?
-Сүүлд Гүнжийн хагарал гэж хагарлууд илэрсэн. Улаанбаатарын орчинд гурав, дөрвөн хагарал бий гэж ярьж байна. Зүүн талд Хустайн хагарал бий. Урагшаа Авдар уулын хагарал байгаа. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа энэ хагарлуудыг нэлээд идэвхжиж байгаа гэж ярьсан удаатай.

-Хотын төв дундаа хагарлын эрсдэл хэр вэ?

-Хот дундуур хагарал байгаа. Гэхдээ газар хөдлөлт нь хаана идэвхжихээс болон чичирхийллийн долгионоос хамаараад хотын хаана нөлөөлөх вэ гэдэг нь өөр өөр байдаг юм билээ. Илүү аюултай нь Гүнжийн болон Хустайн хагарал гэж мэргэжлийнхэн тайлбарладаг.

-Манайх газар хөдлөлтийн эрсдлийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэр авдаг гэж та хардаг вэ?
-Гадаа гарч зогсох гэх мэтээр урьдчилан сэргийлэх арга шийдэл хийдэг л дээ, гэхдээ илүү чухал асуудалдаа анхаарахгүй байна. Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрүүд бий. Тэр шийдвэрүүдийг хэрэгжүүлэх талд анхаарах хэрэгтэй. Хамгийн түрүүнд сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдэд тусламжийг яаж үзүүлэх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Бусад олон барилгыг хүчитгэнэ гэхээс илүү хүүхдийн ясли, цэцэрлэг, сургуулийн барилгыг л цаг алдалгүй хүчитгэх хэрэгтэй. Түүнээс биш хуучны орон сууцны барилгуудыг хүчитгэнэ гэвэл лав арав гаруй жил шаардлагатай. Хорин жил ч шаардагдаж мэднэ.

-Манай улсад болсон том газар хөдлөлтүүдийн эхнийх нь 1900 оны эхээр тохиосон байх аа?
-Анх 1905 онд Хятад, Монголын хилийн зааг, Алтайн нурууны хавьцаа хөдөлсөн түүх бий. Говь-Алтайн Алтайн нуруунд 1931 онд маш хүчтэй газар хөдлөлт болсон. Дараа нь Булганы Баян-Агт, Дашинчилэн орчимд 1956 онд хөдөлсөн. Сүүлд 1967 онд бас хөдөлсөн. Бүр тодруулж хэлбэл Хөвсгөлийн урагш, Цагаан-Уул сум орчим, Завханы хойд хэсгээр хөдөлсөн юм.

газар хөдлөлт-Давтамжаар нь дараагийн том газар хөдлөлтийг баримжаалах боломжгүй л юм байна?
-Харин тийм, давтамжаар нь хэлэх аргагүй.

-Цаг агаар бол эдийн засаг юм гэж ярьдаг цөөхөн эдийн засагчдын нэгтэй уулзсаных тэр чигийн сонирхох асуулт байна. Газар хөдлөлтөөс үүдсэн эдийн засгийн хохирол их өндөр тоогоор яригдах байх…?
-Тэгнэ. Хамгийн сүүлд Армяны Спитак хотод 1988 онд болсон газар хөдлөлтөөс үүдэж 250 мянган хүн орон гэргүй болсон байдаг. Амь үрэгдсэн хүний тоо гэхэд л 25 мянга гаруйгаар яригддаг. Тэр үед хэд хэдэн хотыг хамарч хөдөлсөн түүхтэй. Гол төв нь Спитак. Туркийнхээс арай бага 7.2 магнитуд орчим хөдөлсөн юм. Туркийн одоогийн газар хөдлөлт Армяныхтай нэг хавтанд харьяалагдана. За тэгээд Сычуаны гэх мэт том газар хөдлөлтүүдийн эдийн засгийн уршгийг тооцвол асар том тоо гарна.

-Манайд газар хөдлөлтийн эрсдлийн судалгаа бий юу. Эдийн засгийн эрсдэл нь газар зүйн байрлалаараа тодорхойлогдож таарах байх тийм үү?
-ЖАЙКА-гийн 2011, 2012 онд хийсэн том судалгаанаас өөр даацтай судалгаа байхгүй болов уу. Тэр судалгаан дээр л Улаанбаатар хотод ийм тийм хохирол учирч магадгүй гэсэн тооцооллыг хийсэн байдаг. Гэхдээ манай улсын хувьд Улаанбаатар тийм өндөр эрсдэлтэй бүсэд орохгүй.

Газар хөдлөх илүү өндөр эрсдэлтэй хэсэг гэвэл Булган, Архангай, Завхан. Ингээд харахаар манай улсын эдийн засгийн амин судас болсон Эрдэнэт үйлдвэрт газар хөдлөлтөөс үүдсэн хохирол учрах магадлал өндөр гэсэн үг. Газар хөдлөлтөөс болж Булган хавьцаа, тэр орчим цахилгаан тасалдвал Эрдэнэт үйлдвэрт шууд нөлөөлнө. Товчхондоо Эрдэнэт үйлдвэрийн Дулааны станц эрсдлийн бэлэн байдалд байх учиртай.

-Газар хөдлөлт хамгийн ихдээ хэчнээн магнитуд хөдлөх эрсдэл манай улсад бий вэ?
-Долоон магниутаас илүү гарах нь ховор доо. Говь-Алтайд 1931 онд болсон газар хөдлөлт 8.2 магнитуд байсан гэж олон улсын статистикт дурдсан байдаг. Булганд болсон айхавтар газар хөдлөлт 7.5 магнитуд байсан. Дэлхийд гэж яривал газар хөдлөлтийн дээд магнитуд 10 давна. Хятадад 1976 болсон газар хөдлөлтөөр нэг хот тэр чигтээ алга болсон. Тэр газар хөдлөлт бараг арван магнитуд дөхсөн.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img