2024-12-26, Пүрэв
-26 C
Ulaanbaatar

Монголын сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмцэгч Ч.Мөнхбаярыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ

БНХАУ дахь өмнөд монголчуудын хэл, соёл, түүхийн онцлогийг хамгаалан тууштай тэмцсээр ирсэн хүн бол Монголын сэтгүүлч, яруу найрагч, хүний эрхийн төлөө тэмцэгч Чулуундоржийн Мөнхбаяр билээ.

Түүнийг Японы “National Diet” нийгэмлэгийн хоёр гишүүн 2023 оны Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлэх хүсэлт гаргасан ажээ. Тэгвэл Норвегийн Нобелийн шагналын хорооноос өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд Ч.Мөнхбаярыг дэлхийн нэр хүндтэй тус шагналд нэр дэвшүүлэх кампанит ажлыг гардаж явуулсан Хидетоши Ишиигийн нэр дээр захидал илгээжээ. Тэрхүү захидалд Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаярыг Нобелийн Энх тайвны шагналд албан ёсоор нэр дэвшсэнийг мэдэгдсэн байна.

Хидетоши Ишии эхнэр Ёко Ишиигийн хамт Түвд, Уйгар, Өмнөд Монгол, Хонгконг зэрэг БНХАУ-ын төрийн дарангуйлалд өртөж буй бүс нутгийн иргэдийн хүний эрхийг хамгаалдаг үйл ажиллагаа явуулдгаараа алдаршжээ.
“Эрх чөлөөт Түвд Фукуока” байгууллагийн ахлах зөвлөх Хидетоши Ишии хэлэхдээ, “Ч.Мөнхбаяр Нобелийн Энх тайвны шагналд албан ёсоор нэр дэвшсэн нь түүний хувьд нэр төрийн хэрэг болохоос гадна эрх чөлөө, хүний эрхийн төлөө тэмцэгчдэд урам зориг өгсөн явдал боллоо. Хятадын Засгийн газар бурангуй бодлогоо зогсоох хэрэгтэй. Мөн Монголын төр Ч.Мөнхбаярыг нэн даруй суллах ёстой” гэжээ.
Ч.Мөнхбаярыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлэх болсон шалтгааны талаар ийн бичсэн байна.

“Дэлхийн Монголчуудын яруу найргийн нийгэмлэгийг үүсгэн байгуулагч Ч.Мөнхбаяр нь Өмнөд Монголын (БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон) монгол угсаатны хэл, соёл, түүхийн онцлогийг хамгаалж яваа нэрт сэтгүүлч, яруу найрагч, хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч юм. Тэрээр сүүлийн үед нэн ялангуяа Өмнөд Монголын хүүхдүүдийн төрөлх хэлээрээ сурч боловсрох эрхийг хамгаалах аянд маш идэвхтэй оролцсон. Тэрээр 2022 оны хоёрдугаар сарын 17-нд Монголын Засгийн газар БНХАУ-ын эрх баригчидтай ойр дотно харилцаатайг, Өмнөд Монгол дахь монгол угсаатны эрх хумигдаж буйг хатуу шүүмжилснийхээ төлөө Улаанбаатарт баривчлагджээ. Тэрээр мөн оны зургадугаар сарын 28-нд “БНХАУ-ын эсрэг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан” гэх хэргээр 10 жилийн хорих ял авсан юм. Улмаар мөн оны арванхоёрдугаар сарын 21-нд Монгол Улсын дээд шүүх тус ялын дүгнэлтийг баталжээ. Ч.Мөнхбаярын өмгөөлөгч уг хэргийг хилс гэж үзээд “Тусгаар тогтносон Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн ямар ч зүйл, заалтад БНХАУ-ын эрх ашгийг хамгаалахын тулд Монгол Улсын иргэнийг гэмт хэрэгт татна гэж заагаагүй” гэдгийг онцолж байв. 2023 оны нэгдүгээр сарын 12-нд дэлхийн хүний эрхийн 100 гаруй байгууллага түүнийг нэн даруй суллахыг уриалсан. Ч.Мөнхбаярт хууль бусаар ял тулгасан нь Бээжингийн эрх мэдэл улсынхаа хил хязгаараас хальж, БНХАУ бусад орны бүрэн эрхт байдал, олон улсын хуулийг үл тоомсорлож байгаагийн тод жишээ боллоо.

Ч.Мөнхбаярыг суллахыг дэлхийн өнцөг булан бүрээс хүний эрхийн төлөө тэмцэгчид, хуульчид, зохиолчид уриалж байна. Ч.Мөнхбаяр бол хэлмэгдэгсдийн хүний эрхийн төлөө тэмцэж яваа сэтгүүлч хүн. Түүнийг хууль бусаар баривчилсан нь нэгэн цагт ардчилсан орон байсан Монгол Улс БНХАУ-ын дарангуйлагч дэглэмийн нөлөөнд автаж буйн тод илрэл мөн. Дарангуйлагч гүрэн ардчилсан улс орнуудад ийнхүү сөргөөр нөлөөлөхийг бид анзаарахгүй өнгөрч хэрхэвч болохгүй. Өнөө цагийн дарангуйллын эсрэг, ардчиллын төлөө тэмцлийн тэргүүн эгнээнд яваа Ч.Мөнхбаяр бол хүн төрөлхтний үг хэлэх эрх чөлөөний нэгэн бэлгэ тэмдэг мөн билээ.”

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img