2025-05-05, Даваа
12 C
Ulaanbaatar

Философич Ж.Отгонбаяр: Өнөөгийн улс төр бол тэр чигээрээ домог шүү дээ

МУБИС-ийн багш орчуулагч философич Ж.Отгонбаярын  “Домог зүйн сэтгэлгээ” сэдэвт лекцийг тоймлон хүргэе.  

Эртний хүнийг хоолны сав маягаар төсөөлдөг, гэтэл тэд мацагчид байсан…

Монголчууд, ер нь дэлхийн бүх улс үндэстэн домгийн сэтгэл зүй, домгийн сэтгэл зүйгээр амьдарсан. Хүн төрөлхтөн нэг удаа итгэсэн. Тэр сэтгэлгээ бол домгийн сэтгэлгээ. Эртний нийгэм бүхэлдээ хорио цээрийн тогтолцоо  байсан юм. Хорио цээр нь онго шүтлэг дээр суурилсан айхтар том тогтолцоо байж. Хүн төрөлхтнийг хөл дээр нь босгосон маш том зүйл. Хүн төрөлхтөн материалист байдлаар хүний  үүсэл хөгжил, түүхэн хөгжлийг тайлбарлаж ирсэн ч домог зүйн сэтгэлгээ бол хүчтэй, бас маш том үндэслэлтэй. Хүн сэтгэл зүйн амьтан. Эртний хүний сэтгэлгээг харах учиртай. Материалист хандлагуудаас анзаарахад эртний хүнийг  хоол унд идэх, хоолны сав маягтайгаар л төсөөлж байсан. Гэтэл эртний хүн мацаг барьдаг байсан. Бусад олон судалгаа, З.Фройдын номон дээр ч энэ тухай бий. 15 хоног мацаг барьдаг байсан гэх мэт олон сонирхолтой тайлбар байдаг. Тэгэхээр эртний хүмүүс  идэх уух асуудлыг тэргүүн дээд зүйл гэж үздэггүй байж.  Илбэ домын сэтгэлгээн дэх хамгийн гол зарчим нь их сонирхолтой.  Ерөөсөө л өвөг дээдсийн сүнс, онгод шүтээний сүнс, өвөг дээдсийг бий болгосон амьтан, ургамал, адгуус гэх мэт  шүтээн нь орчлон ертөнцийг захирдаг гэх зарчим. Өвөг дээдсийн сүнс орчлон ертөнцийг захирдаг гэсэн ерөнхий ойлголттой. Домгийн  сэтгэлгээ орчлон ертөнцийг захирч удирдаж байдаг гэх үзлийнх нь тод илрэл бол домгийн бурхад. Монгол, Грект ч ялгаагүй домгийн сэтгэлгээг тайлбарласан ерөнхий зарчим бий.

Шидэт домог бол хүн төрөлхтний анхны сурган хүмүүжүүлэх ухаан

Домог бол дэлхий дахинаа тод судлагдсан. Аристотель, Платон, Гегель,  Англи, Германы эрдэмтэд гээд яривал домгийг хүчтэй судалсан хүн олон.  Хууч яриа биш шидэт  домог л хүн төрөлхтний анхны сурган хүмүүжүүлэх ухаан. Манайд феодолын соёл гэх мэт цаг үеийн бас бус шалтгаанаар энэ чигийн судалгаа, ажил хомс байсан тал бий. 100 жилийн өмнө гадны судлаачид “Монголын домог зүй”-г хэвлүүлсэн байдаг. Сүүлд 60-аад оноос судалгаа эрчимжсэн. Олон хүн домгийн чиглэлээр судалгаа хийсний нэг нь Ц. Дулам багш. Домгийг судлахдаа уран зохиолын бүрэлдэхүүн юм уу, хэлний үзэгдэл, утга зохиолын үзэгдэл талаас нь судалсаар ирсэн. Миний хувьд сэтгэлгээ болох талаас нь яримаар байна.

Домгийн сэтгэлгээний үед хүмүүс бүгдийг мэддэг байлаа

Нэгдүгээрт домог сул, нэгдмэл далай шиг зүйл байснаа  аажимдаа туйлширч тасраад нуур цөөрөм гэдэг шиг тасархай зүйл болж хувирсан. Хоёрдугаарт домог нь анхандаа бодит байдал байсан. Яг бодит амьдрал. Өнөөдөр бид зах зээлийн нийгэм, зарчим гэж  ярьж байна. Аль ч нийгэмд зах зээлийн зарчим үйлчилдэг.  Тэгвэл эрт үед, домгийн сэтгэлгээний цагт бүх зүйл домгийн дотор дурдагдсан дэг горимоор зохицуулагдаж байсан.  Гуравдугаарт домгийн сэтгэлгээний үед хүмүүс бүгдийг мэддэг байсан.  Тухайн үед мэдэхгүй юм байгаагүй. Эртний хүмүүсийн сэтгэлгээг домогт юу гэж тайлбарласан байна вэ? Тэр нь ерөөсөө л “зан үйл”. Домог өнөөдрийнх шиг ярьдаг зүйл байгаагүй. Домог бол хийдэг зүйл. Үгээр хийхээс гадна, дагалдсан зан үйлтэй байсан. Эхний үедээ, илбэ домын үед үйлдэл нь илүү байсан байх. Зан үйл, илбэ домыг хийж,  орчлон ертөнцийг, амьтай сүнстэй бүх юмыг аргадаж байсан.

Эртний хүмүүст бүх зүйл ойлгомжтой байсан. Тэдэнд бидэн шиг эргэлздэг олон хувилбар байгаагүй. Домог орж ирснээр  эргэлздэг болж, философийн урсгал үүссэн.

Хэрээний тухай домог цөөрсөн

Хэрээ нэртэй олон овог Монголд байсан. Хонгирад, Хон хэрээд гэх мэт. Нөгөө талд нь чоно шүтдэг овог бий. Чоно, хэрээ хоёрын талаарх домог бол тухайн цаг үеийн бодлого нь, ажил амьдрал нь, хууль номлол нь байсан. Миний хувьд хэрээний тухай домог цөөрсөн гэж боддог. Чононы тухай домог харин нэлээд үлдсэн. Нэг аймаг гарч ирэнгүүтээ нөгөө аймгийнхаа талаарх үзэл суртал, номлолыг үгүй хийгээд алга болгочихсон юм биш биз гэсэн сэжиг таамаглал бий.  Гэхдээ хэрээний тухай сайн, муу талын цөөнгүй бэлгэдэл байдаг талаар олон судалгаа бий.

Урт цаг хугацаа өнгөрч, олон соёл хоорондоо нийлээд, тарж бутарснаар домгийн сэтгэлгээнд маш их ажил үүссэн. Домгийн сэтгэлгээг ярих амар биш. Тэр олон домгоос хөөж харж,  уялдуулж нэгтгэсэн том зураг гаргах тийм амар бүтдэг эд биш. Анхны домог нь энэ, дараагийнх нь энэ гэж хэлэх бололцоо үгүй.

Ерөнхий цаг хугацааны хувьд авиа ялгацтай хэлийг 20-иод мянган жилийн өмнө үүссэн гэж үзвэл, Хойд цэнхэрийн агуйн зураг 40-35 мянган жилийн өмнөх хэмээн бодвол тэр хооронд болсон сэтгэлгээ нь илбэ домын сэтгэлгээ.

Хүн төрөлхтөн домгоос өөрсдийгөө “олж” байна

Ницшегийн “Домгийн сэтгэлгээ” гэсэн ном 2020 онд орчуулагдсан. Энэ номон дээр домгийг шинжлэн харсан, тайлбарласан дажгүй боломжийн арга зүй бий. Ницше Хималайн ууланд иога бясалгал хийж шидийг олсон нэгэн гэгддэг. Америк, Чикаго хавьд ажиллаж амьдарсан хүн л дээ. Домгийг шинэ маягаар тайлбарлах хандлагууд түүний бүтээлээс анзаарагддаг. Домог бол хоцрогдсон үе биш гэж харсан. Өнөөгийн улс төр, нийгэмд домгийн сэтгэлгээний гүйцэтгэж байгаа үүргийн талаар хөндсөн. Даяаршлын  энэ үед бүр ч чухал зүйл. Улс орон бүр өв, соёл, гарал үүтгэлээ эрж хайж, тэр эрлээсээ өөрсдийгөө олж харж, сэргээн загварчилж гаргаж ирэхэд маш хэрэгтэй зүйл. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн домгийн өв соёл сэтгэлгээнээс өөрийгөө олж харж сэргээн загварчилж гаргаж ирж байна. Манай улсад ч мөн уламжлал, ёс заншил сэргэж, утга учир, бэлгэдэл, үүх түүхээ сэргээж байна.

Домог зүйн сэтгэлгээ бидний дунд амьд хэвээр. Шашин, философи, шинжлэх ухааны сэтгэлгээтэй нэг зиндаанд яригдах учиртай. Франц философичийн нэг үг бий. “Домог бол үүссэн даруйдаа задарч бутарсан. Задарч бутрахдаа хэлтэрхий бүрээсээ шинэ ертөнцийг үүсгэх тавилантай байсан” гэсэн үг. Тэгэхээр домог бидний дунд амьд. Ялангуяа өнөөдрийн улс төрийг анзаараад байхад ер нь л домог шүү. Айхтар домгийн сэтгэлгээтэй. Тархийг манипуляци хийж, сонгууль явуулж байгаа нь гаршсан маягтай болчихсон.

Цагаан сар бол домог зүйн сэтгэлгээтэй холбоотой баяр

Домгийн сэтгэлгээнд хамгийн гол зүйл нь “орчлон ертөнц хэрхэн бүтээгдсэн бэ” гэдэг асуудал. Эхэндээ домгийн сэтгэлгээний танин мэдэхгүйн агуулга их бага байсан гэж үздэг. Дараа нь танин мэдэхүйн агуулга нь логик сэтгэлгээ рүү буух, шилжих хандлагатай болсон. Эхэн үедээ зан үйл их хийдэг учраас зан үйлээрээ ертөнцийг бүтээж, ертөнцийг тайлбарлаад яваад байсан. Орчлон ертөнцийг байнга шинээр идэр залуу байлгах нь  эртний хүмүүст их чухал байсан. Нэн ялангуяа домгийн өмнөх эртний хүмүүст. Тэр нь “Алтан гишүү” номон дээр их тод гардаг. Өглөө сонгогдсон овгийн тэргүүн орой хөнөөгдсөн ч байж магад учраас түүнийг байнга тэмтэрч шалгадаг тухай гардаг. Овог доройтвол орчлон ертөнц сөнөнө гэсэн сэтгэлгээтэй байсан учраас тэр л дээ.

Дараа нь домгийн үе рүү орохоор ертөнцийн шинэчлэлийн үйл ажиллагаанд өнөө зан үйлээ хийж байх жишээний. Домог зүйн сэтгэлгээ  бол орчлон ертөнцийг байнга шинээр бүтээж байгаа, бүтээх тухайд чиглэдэг. Бүтээдэг байсан зан үйл нь хаанаас вэ, дээрээс үү, доороос уу гэдэг нь улс үндэстэн бүрийн домогт өөр өөрөөр харагддаг. Жишээ нь нүхнээс гүрвэл гарч ирж байгаа юм шигээр хүн үүссэн гэх тайлбар бий. Харь гаригаас дэлхий дээр буусан гэх сонирхолтой жишээ ч дуулддаг.

Хааныг хаан ширээнд залахад  домгийн сэтгэлгээн дэх ертөнцийг бүтээдэг зан үйлтэйгээ хослуулж, цаг улирлын мөчлөгтэй давхцуулж хаврын эхэн сар гэх мэтээр тов тогтоодог байсан. Цагаан сар тэмдэглэж буй нь монголчуудын сэтгэлгээ, домог зүйн сэтгэлгээн дэх орчлонг шинээр бүтээх, шинэчлэх, цоо шинээр төрүүлэх тэмүүлэлтэй нь холбоотой. Хаанаа  ширээнд нь залах ч ийм учигтай. Орчлонгийн шинээр бүтэж байгаа үйл явдалтай давхцуулах агуулгатай байжээ гэж таамагладаг.

Монголчууд орчлонг гэр загвартайгаар төсөөлж байсан үндэстэн

“Монголын нууц товчоо”-нд  1206 онд есөн хөлт цагаан тугаа байгуулж Тэмүжинг хаанд өргөмжилсөн гэж гардаг:  Есөн хөлт цагаан туг  байгуулаад гэдгийг өнөөдрийнх шиг төсөөлж боломгүй санагддаг юм. Дор хаяж  том цагаан гэрийн дайны байгууламж байсан байх. Үүнээс том ч байсныг үгүйсгэх аргагүй. Тэр байгууламж дотор тахилга үйлддэг байсан байж таарна. Тахилга нь цусан тахилга байсан болов уу. Хүнээр өргөөгүй, амьтнаар л өргөсөн байх. Адуу мал, хонь байдаг ч юм уу.  Яагаад том гэр шиг хийвээ гэдэг асуулт гарч ирнэ. Монголчууд домгийн сэтгэлгээ гэхээр тэнгэр гэдэг ойлголт бий. Ер нь аливаа улс орнууд өөрийнхөө овгийн амьдралын загвараар орчлонг төсөөлж байсан. Монголчууд домгийн сэтгэлгээний үед орчлонг гэр загвартайгаар төсөөлж байсан. Дээр нь тооно, туурга баганатай, 99 тэнгэртэй байна  гэдэг ч юм уу.

Яагаад 99 тэнгэр вэ гэхээр дөрвөн зүг, найман зовхис гэж бий. Төвийг эзэлсэн нэг орон гэж бий. Тэгээд дээд, доод, дунд гээд нийлсэн 11 тэнгэрийг үржүүлээд 99 болж байна гэсэн гаргалгаа гардаг. Үүн дээр зарим судлаач 9 биш 8 байх ёстой, 10 байх ёстой зэргээр үздэг. Миний хувьд 9 байх ёстой, сэтгэлгээнд ч таарах болов уу гэж хардаг. Өөрөөр хэлбэл Монголчуудын тэнгэр хүслийн бэлгэдэл нь тэр цагаан туг байсан. Сүүлдээ явсаар бэлгэдлийн агуулгатай есөн хөлт цагаан тугийг бий болгосон. Бий болох гэж мөн ч их юм болсон. Тэгэхээр шинээр ертөнцийг бий болголоо гэж цагаан гэрээ барьж буй зан үйлээ хаанаа ширээнд нь залсантай давхцуулан хийдэг нь цаанаа гүнзгий утгатай.

“Эрхий мэргэн”-ээс оршихуйн сургааль, орон зай, цаг хугацааг харж болно

Эрхий мэргэний үлгэр гэж бий. Домог бол үлгэрт буй тогтсон санаа байдаг. Хүн ер нь хэлээрээ сэтгэдэг. Ярьж чадахгүй аахилаад байгаа нь үгсийн сан муутайнх. Үгсийн санг баялаг болгохын тулд бид байнга харилцаж үгийн санг баяжуулж сэтгэлгээнд хурд өгч байх ёстой. Ялангуяа мьд харилцаа чухал болчихсон энэ үед. Эрхий мэргэн үлгэр дээр гарсан санааг жоохон тодотговол философи талаасаа хамгийн түрүүнд оршихуйн сургааль, орон зай, цаг хугацааны тухай яригддаг.

Эрхий мэргэний үлгэр хэдий үед зохиогдсон бэ гэхээр эхний ээлжинд зарчмын тухай ярих учиртай. Домгийн сэтгэлгээ эхлээд ертөнцийг тайлбарлах тухайд  байж. Сүүлдээ цаг түүхийн явцад хүний ёс суртахууныг тайлбарлах агуулга руу хувирсан. Өөрөөр хэлбэл ертөнцийг тайлбарладаг байсан агуулга нь бүдэгшээд хүнээр тайлбарладаг, хүнийг гаргадаг болсон. Бид эхлээд асуудаг шүү дээ. Эрхий мэргэн юуны тухай домог вэ гэхэд “Аа нэг хөөрүү залуу, бардам эрийн тухай” гэдэг. Адуу гаршуулсан цаг гэхээр  4000-3000 жилийн өмнөх гэж ярина.  Манайд арай нааш татаж ярих байх. Ямар ч байсан  3000 жилийн цаад талд адууг гаршуулчихсан байж таарах нь ээ дээ. Нум сумны хувьд дунд чулууны үед үүссэн гэж ярьдаг. Дунд чулууг ч мөн янз янзын цаг хугацаагаар авдаг. 12000-8000 жилийн өмнөхийг ярих юм байна лээ. Ингээд ярих юм бол ерөнхий цаг хугацаа гараад ирнэ. Долоон нарны тухай ярьж таарна. Нэлээн ид шидлэг. Олон янзын үйл явдлаар, дотор өгүүлэгдэж байгаа үйл явдлуудаар нь цаг хугацааг нааш цааш хөөж үздэг.

Хоёрдугаарт хаан зах. Нүдэнд харагдаж байгаагаар морь унадаг малчин байх ёстой. Гэтэл энд нэг сонин амьтан байгаа нь алаг даага гэж нэрлэдэг. Алаг дааганы тухай биологийн толь бичгээс харахад тал хээр, говь хээрийн бүсэд амьдардаг, Монгол, Хятад, Казахстан, Киргизстанд зонхилсон, Сибирийн урд бас амьдардаг гэж байгаа юм. Тэгэхээр баруун урагшаагаа болж таарч байна. Тал нутагт морьтой хүн давхиж байна гэхээс уулан дунд морьтой хүн давхиад байна гэхэд төвөгтэй. Тэгэхээр баруун урагш зүгт үүссэн домог болж байгаа юм.

Монголын өнөөдрийн ёсонд өнө удаан жил баримталж ирсэн адуу шүтдэг шүтлэгээс харахад зөрүүтэй нэг юм бий. Мориныхоо хөлийг огтолж хаяж байгаа юм. Тэгэхээр адуу шүтлэг болохоос өмнө болж таарч байна. Нэг хэсэг аливаа шинэ соёлууд орж ирэхэд маш их цээртэй, ижил дасал болох гэж маш их юм болдог байсныг гал, төмөр эзэмшсэнээс харж болдог. Адуу ч гэсэн хүний шандсыг сорьсон. Эхэндээ хүн, адуу хоёр ижил дасал болохоход төвөгтэй байсан болов уу. Сүүлдээ аргагүй ижил дасал болоо биз. Тэгээд сайн морь, сайхан хүүхэн, сайн эр гурав бол Монголын гурвал болж урлагжиж, уран сайханжиж бэлгэдэл болж тогтсон биз ээ. Тэгэхээр цаг хугацааг тиймэрхүү зүйлсээр хараад байж болно. Орон зайг алаг даага зэргээр хараад байж болно. Гэхдээ үүний цаана нэг гол зарчим бий. Орчлон ертөнц доороосоо газраас үүссэн юм уу, тэнгэрээс үүссэн юм уу? Үүн дээр надад нэг нууц дохио байна.  “Хүн доройтох юм бол тарвага болно, морь доройтох юм бол алаг даага болно”. Өөрөөр хэлбэл орчлон ертөнц дээрээс доош бүтээгдсэн гэдэг баримжаа монголчуудад өнө удаан жил байж байгаа. Тэнгэр шүтлэг гэдэг байдлаар  орж ирсэн юм биш үү гэдэг баримжаа байна.

 

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img