2024-11-23, Бямба
-12 C
Ulaanbaatar

Ц.Эрдэнэчимэг: “Аман хуур”-ын охин явж байна” гэлцдэг байсан

“Аман хуур” киноны  Бадамын дүрээр олны сэтгэлд хоногшсон Цэвээний Эрдэнэчимэгтэй ярилцлаа. Тэрбээр нэгдүгээр сургуульд дөчөөд жил багшилсан гэнэ.

-Таныг монголчууд “Аман хуур” киноны Бадам гээд гоё хүүхний дүрээр мэддэг шүү дээ. Бадамд тоглосон эмэгтэй яаж амьдарсан бол гэдэг надад ч сонин байна. “Аман хуур” 1963 оны кино байх аа?

-1963 оны кино, тэр үед кино цөөхөн байсан. 40-50 мянгат баригдаж байлаа. Барилгын яамны захиалгаар  Д.Дожоодорж гуай бичсэн кино юм билээ.

-Киноны Бадамын дүр бодит амьдралын дүр төстэй юу, ээжтэйгээ хамт авхуулсан зургийг чинь харахад  яг л киноны эмэгтэй мөн байсан. Та залуудаа Бадам шигээ л стильтэй байжээ?

-Төстэй. Нэг их хурц  ширүүн дүр байхгүй. Хамгийн гол нь би нэгдүгээр сургуульд долдугаар анги төгсөөд, хойшоо урлагийн сургуульд явсан юм.

-Та нарыг хийлийн ангид сургахаар явуулсан гэл үү?

-Төгөлдөр хуурын  ангид сургахаар болсон. Москвад очсон чинь “Долоон настай хүүхэд авна, долдугаар анги төгссөн хүүхэд авахгүй” гэсэн юм. Тэр үед утас, харилцаа муу байсан. Долоон нас гэдгийг долдугаар анги гэж ойлгосон юм шиг байна лээ.

-Та бас Ц.Ерөө гуай байсан гэл үү?

-Би, Ц.Ерөө, Болдын ээж Ж.Цэцгээ (хуурч Жамъяан гуайн охин), удирдаач Ч.Жамсранжав (Чулуун гуайн дүү) бид хэд байсан. “Хоёр нь Эрхүү явж суралцах уу” гэсэн юм. Тэгсэн чинь Ц.Ерөө “Эрхүү явъя” гэсэн юм. Яагаад гэсэн чинь “Гэртээ харьж байхад ойрхон шүү дээ” гэсэн. Тэгээд бид хоёр Эрхүүд ирээд, хормейстерийн ангид орсон шүү дээ. Төгсч ирээд, Ардын ансамбльд  Д.Миасүрэн багшийн туслах болсон юм.

-Эрхүүгийн Соёлын дунд сургууль төгссөн гэсэн үг үү?

-Тийм. Юунд явсанаа ч мэдэхгүй яваад  ирсэн шүү дээ. Тэгэхэд манай аав Москвад  цэргийн сургуульд байсан юм. “Та хоёрыг би Москвад хэвлэлийн сургуульд оруулаад өгье, аравдугаар анги төгссөн хүүхэд авдаг гэсэн. Гэхдээ яриад тохирох ангид нь оруулж өгье” гэхэд нь Ц.Ерөөгөөсөө асуусан чинь “Яах юм бэ, хүүхдүүд шоолно шүү дээ, урлагийн сургуульд явчихаад, үйлдвэрийн сургуульд орчихож гэж шоолно” гэв. Аав “Тэндээс Хөдөлмөрийн баатар ч төрдөг байхгүй юу. Дараа нь хэвлэх үйлдвэрт очно. Мундаг дуучин Г.Хайдав хүртэл тэр сургуульд сурч байсан” гээд биднийг нэлээд ятгаж байсан даа.

-Аав тань Эрхүүд суусан анхны консул байсан гэсэн. Та тэр үеэр Эрхүүд амьдарч байсан уу?

-Би  1965 оноос хойш амьдарсан л даа. Ардын ансамбльд нэг жил ажиллаад, дараа нь дуурь руу дуудсан юм. Тэнд “Лусын дагина”-д дуулуулна гэсэн юм. Пеногена гэдэгт тоглосон юм. Хормейстерийн ангид сурч байсан. Тэнд бас дуу, бүжиг зөндөө олон  юм орно. Манай дууны багш “Цаашид консерваторт сургах боломжтой материал сайтай хүүхэд” гээд захиа бичээд явуулсан юм. Ч.Лодойдамба гуай “Манайх хоёр жил ажиллуулахаас нааш үргэлжлүүлж сургадаггүй юм” гэсэн. Тэгээд дуурьт дуулаад,  аав  Эрхүү явах болоод, “Урлагаар яах вэ, чи тэнд очоод сур” гэсэн юм. Тэгээд намайг Эрхүүд Орос хэл, уран зохиолын багшийн  ангид оруулсан. Юуны ангид явж байгаагаа ч мэдээгүй, дургүй. Театраа санаж байлаа.

-Та бол дэлгэцийн сайхан бүсгүйчүүдийн нэг. “Аман хуур”-т тоглосны дараа  од болсон уу, танд хэр мэдрэгдсэн бэ?

-Дуурь руугаа ирж очно. Манай гэр арваннэгдүгээр хороололд байсан. Гарч орох хооронд ахлах ангийн хүүхдүүд  “Аман хуурын охин явж байна” гэлцдэг байсан. Би санаа зовоод бушуухан гэр рүүгээ гүйгээд ордог байв.  Тоглосон киногоо ч үздэггүй.

Кино театрт орж үзэх болохоор ичдэг. Нээлтийг нь Кино үйлдвэрт үзүүлсэн л дээ.  Аавтайгаа очсон болохоор залуутай хөөцөлдөж гүйдэг хэсгээс нь ичээд тухтай үзэж чадаагүй.

-Зураг авалт хэр удаан үргэлжилсэн бэ?

-Хавар эхлээд, намар дууссан байх аа. Миний зураг авхуулдаг хэсэг цөөн. Бага тэнгэрт, очоод кино үйлдвэрт павилоньд  авчихдаг байсан. Бусад хэсгийг нь тусдаа авдаг байсан болохоор би орхигдчихсон шүү дээ.

-Таныг Д.Элбэгсайхан, М.Бадамгарав нартай холбоотой байсан болов уу гэж хүмүүс сонирхох байх?

-Холбоотой байх хугацаа ч байгаагүй. Дуудаад зургаа авхууллаа, тэгээд л тал тал тийшээ явчихна. Д.Элбэгсайханы дипломын ажил нь байсан. Сүүлд “Аман хуур”-ын Төмөрийн дүрдээ дуртай гэж ярьсан байна лээ.

Хожим  эмнэлэгт үзүүлээд явж байхад М.Бадамгарав гуай таараад, “Сайн уу, миний охин бие нь сайн уу” гэсэн. Орой нь “Хүн уулзъя” гэхээр нь “Манайхнаас өнөө орой эргэлт ирэх ёсгүй л юмсан” гээд яваад очсон чинь М.Бадамгарав гуай байсан.

Өврөө ухаж ухаж дөрөв, таван чихэр гаргаад өглөө. Тэр үед чихэр ховор байсан. Авдарнаасаа гаргаж ирсэн бололтой удаан хадгалсан чихэр шиг харагдаж байсан. “Улаан малгайт”, “Ласточка”  гээд чихэрнүүд байсан. Эргэж ирье гэсэн сэтгэл нь сайхан байсан. “Миний охин сайн уу, бие нь яаж байна” гээд ирсэн.  Гэр нь урд талынх нь өдөрт байсан юм билээ. Урд манайх таван жил болсон.  Ирэхэд бие нь тааруу дуулдсан. Дугаар нь ч байдаггүй. Хүнээр гэрийг нь заалгаж очсон. Хаалга нь кодтой, уулзаж чадаагүй явсан даа.

Энэ кинонд тоглосны дараа  урилга их ирж байсан уу?

-Ирж байсан. Барилгачдын соёлын ордон гэж байсан. Тэнд бас Элдэв-Очирт болох  уулзалтын урилга ирж байсан. Даруухан ичимхий ч байсан, олон хүний өмнө гарахаас эмээгээд очоогүй. Энэ уулзалтын үеэр надад Х.Чойбалсангийн баримал дурсгаж өгсөн гэж дуулдсан. Тэрийгээ аваач гэж нэг нь надад хэлж байсан.   Тэгэхэд зохиолч Д.Дожоодорж гуайд хоёр өрөө байр дөчин мянгатад өгсөн юм билээ.

-Кинонд тоглосны дараа юу болов?

-Манайх Эрхүү явах болсон. Тэндээс ирээд нэгдүгээр сургуульд дөчөөд жил багшилсан. Хүүхэд байхдаа энэ сургуульд сурч байлаа. Ч.Сувд бид хоёрыг хүргэж өгдөг байсан юм.

– Таныг Х.Чойбалсангийн охин Сувдтай найзууд байсан гэж сонссон юм?

-Бид хоёр чинь гурван настайгаасаа найзууд байлаа. Тэнгэрт хальтал нь л найзууд явсан.

Аав Намын дээдэд сураад Х.Чойбалсангийн  комиссараар очсон юм.  Олон жил комиссар байсан. Биднийг бага байхад аав маань Ч.Сувд бид хоёрт 35 үсэг, тоо зааж байлаа.

Ч.Нэргүй ах Ч.Сувдаас нэлээд олон ах шүү дээ. Маршал хоёрхон хүүхэдтэй. Ах нь олон ах болохоор Ч.Сувдтай ойролцоо насны хүүхэд би л байсан. Бид хоёрыг Б.Гүндэгмаа гуай ижил хувцасладаг байсан. Сайван гэж юм оёдог хужаа нар байсан. Тэдэнд захиалга өгөөд, адилхан гутал, хувцас хийлгэж байсан.

-Б.Гүндэгмаа гуай танд охин шигээ л хандаж байж. Х.Чойбалсан гуай яаж ханддаг байв?

-Хоолны цагаар л бид түүнтэй таардаг байсан. Гучдугаар байранд байхад нь түүнд ихэвчлэн мах чанаж тавьдаг байсан санагдана. Ихэнхидээ лавшаа иднэ. Хааяа хааяа хонин бууз хийдэг байсан тэднийх. Х.Чойбалсан гуай  гэртээ хүрэн торгон дээлтэй, нөмгөн байдаг дүр төрх нь санаанд бууж байна. Хүүхдүүдтэй өхөөрдөж харьцана. Их тэнгэрийн аманд зуны байр нь байсан. Комиссар, тогооч, үйлчлэгч нар наахна нь байрладаг модон байшингуудад амьдардаг. Хүүхдүүд бид гадаа тоглоно.

Маршал орой салхилдаг. Гадаа хашааны үүд рүү Маршалын гүүр зүглээд алхаж байдаг. Тэр хооронд бид гадаа тоглож байвал ээж “Ороорой ороорой” гээд дууддаг. Оруулаад хаалгаа хаадаг байлаа. Хүүхдүүд өдөр оройн хоолонд хааяа цуг орно. Том ширээ тойроод цөмөөрөө сууцгаадаг. Заримдаа гаднаас уулзахаар ирсэн хүмүүс ярингаа цуг суудаг байсан.

Тэгэхэд хүүхэд хардаг хоёр өвөө байсан. Бид хоёрыг нэгдүгээр сургуульд хүргэж өгдөг.

Бид хоёрын үсийг самнаад, ижил хормогч өмсүүлээд, сургуульд хүргэж ирэхэд ахлах ангийн охид үүдэн дээр “Аль нь Сувдаа юм бэ” гэлцдэг сэн.

-Х.Чойбалсан гуайн Сувд багадаа ямар хүүхэд байв?

-Даруухан. Нэргүй ах ч бас их даруу. Хоёлаа их даруухан, гоёж гангалдаггүй хүүхдүүд байсан.

-Ч.Сувдыг  хаанаас өргөж авсан юм бол?

-Одоо сайн санахгүй байна. Ээж нь удаан хугацааны турш ирж очдог байсан. “Эгчээ” л гэдэг байсан төрсөн ээжийгээ. Нутгийн, хамаатны эгч маягаар ханддаг байсан. Б.Гүндэгмаа гуай Сувдад их хайртай.

Би ч хожим нэгдүгээр сургуульд багшилж байхдаа ч Сувд руугаа гүйчихдэг байлаа. Тэднийг дөчин мянгатад аптектай байранд байсан.

-Та багш болжээ. Ч.Сувд гуай яасан бэ?

-Ч.Сувд маань арван жилийн сургууль төгсөөд Москвад франц хэлний ангид сурсан.  Нэг билүү хоёрдугаар курст сурч байхад нь Б.Гүндэгмаа гуайн бие нь тааруу гээд  энд ирээд, МУИС-д франц хэлний ангид орсон. Төгсөөд Дорно дахины хүрээлэнд судлаачаар ажилласан. Хоёр зэргэлдээ хаалганд  нэгэнд нь Ч.Нэргүй ах, нөгөөд нь хоёр том өрөөнд Б.Гүндэгмаа гуай Ч.Сувд хоёр амьдардаг байсан. Ч.Нэргүй ах надтай хааяа тааралдахаараа “За ардын багш сайн уу” гэдэг сэн.

-Ч.Нэргүй гуайг өргөж авсан гэдэг ч маршалтай их адилхан болохоор нууц хүү нь гэсэн яриа байсан?

-Тэгж яригддаг л байсан. Сүүлд намайг кинонд тоглосны дараа  “За кино жүжигчин сайн уу” гэхээр нь эхлээд ичингүйрдэг байснаа сүүлдээ “За  өөрөө кино жүжигчин байж” гэсэн чинь “Ха ха” гээд инээж билээ. “Говь Хянганд тулалдсан нь” киноны маршалын дүрд яг л тоглосон шүү дээ. Маршал  яг л тийм хүн байсан санагддаг.   Ямар ч л байсан адилхан сайхан төрсөн, Х.Чойбалсангийн дүрээр дэлгэцэнд мөнхөрсөн дөө. Залуудаа спорт сонирхдог, дугуй унадаг, хөл бөмбөгийн баг нь улсад дээгүүр ордог байсан.

-Ч.Сувд гуай хэдэн настайдаа өнгөрчихсөн юм бэ?

-Хараахан тэтгэвэрт гараагүй байсан. Тавин хэдтэй л байсан болов уу.

-Таныг хожим С.Чулуунбаатар гээд УИХ-ын гишүүн байсан хүнтэй суусан гэж ойлгосон?

– Тийм. Үйлдвэрчний төв зөвлөлд нарийн бичгийн дарга байсан шүү дээ. Дараа нь Улсын бага хуралд сонгогдсон. Тэгээд УИХ-ын гишүүн болсон.

-Таныг Монгол киноны дэлгэцийн сайхан хүүхнүүдийн нэг гэдэг. Олон залуу эргүүлж байсан уу?

– Тэр үед залуу ч байсан. Театр, гэр гэж гүйгээд зав зай ч багатай. Сүүлдээ сургууль гэр гэж гүйдэг болсон.  Нэг их эргүүлээд байсан ч юм байхгүй.

-Таныг Хөх хотод байхдаа монголчууддаа их тус болдог байсан гэж сонссон?

-Би тэнд гурван хүний ажил хийгээд, нэг хүний цалин авдаг байлаа.  Намайг тэнд сургуульд орос хэлний багш хийлгэх санал ирсэн. Манай хүн айхавтар зарчимч. “Эдний талд ажил хийж болохгүй” гэсэн. Тэгээд консулын өрөөг цэвэрлэж, визэн дээр сууна.

Манай ерөнхий консулын эхнэр “Аман хуурын хүүхэн байна”  гэцгээдэг.  Тэрүүгээр л овоглочихсон юм билээ.

-Консул дээр асуудалтай хүмүүс их зорьж очдог байх аа?

– Манай өвгөн рүү энд тэндээс их утасддаг. Тэд дэх өдрийн онгоцоор тийм хүн ирнэ гэж надад хэлдэг. Эмнэлэг рүү утасдаж, манайхаас тэдэн хүн ирнэ, тэдэн цагийн вагоноор ирнэ, төдийд очно гэж хэлнэ. Эмнэлэгт аваачиж өгнө, хоол зөөнө. Цай хоолны саваа цуглуулж аваад Чулуунбаатараас заримдаа машиныг нь гуйж авна. Заримдаа “Такси бариад явахгүй юу” гэнэ. Хоёр, гурван эмнэлэгээр орж эргээд, буцахдаа савнуудаа цуглуулж авдаг байж билээ. Консул төвөөсөө хол байсан.

Хүмүүс “Баярлалаа, Улаанбаатарт очихоороо манайд ирээрэй” гэж урьдаг. Юу захих вэ гэхээр нь талх захихаар “Янз үзэж байгаа юм уу”  гээд зарим нь гайхна. Тэнд талх хийдэггүй, дандаа мантуу байдаг. Талхаа хөлдөөж хадгалдаг, талх, хиам Монголоос авч очдог байсан.

-Та нэгдүгээр сургуульд 37 жил багшилсан гэл үү?

Тийм, бараг 40 жил.

-Ерөнхий сайд байсан М.Энхболд таны олон  шавь нарын нэг гэсэн?

-Манай 1982 оны төгсөгчид дунд М.Энхболд байсан. Эхнэр нь  Ж.Туяацэцэг бас манай анги. Дунд ангид байхаасаа аравдугаар анги төгсөх хүртлээ нэг ширээнд суудаг байсан. Хоёулаа өндөр юм болохоор нь хамгийн арын ширээнд суулгачихдаг байсан.

-М.Энхболд гуай ямар хүүхэд байсан бэ?

-Дуугай, томоотой хүү байсан. Манай ангийн аж ахуйн дарга. М.Энхболд алх бахь хадаастай явна. Ганхсан сандал, ширээ байвал засна.  Яйжгий сандал үлдээхгүй. Ж.Туяацэцэг ангийн дарга байсан. Ангийн багш би санаа зовох юмгүй гэртээ харьдаг байлаа.  Маш найдвартай хүүхдүүд байв. Аравдугаар ангид байхад нь эмнэлэгт хэвтэж, мэс засалд орж байсан. Нэгдүгээр эмнэлэгийн гадаа “Багш аа” гээд манай ангийнхан дууддаг байж билээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img