Дэлхий нийтээр эрэлт нь ихэсч, үнэ нь хадаж буй Газрын ховор элемент (ГХЭ) угтаа тийм ч ховор эд биш гэнэ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга “Анх нээгдсэн 18,19 дүгээр зуунд эдгээр элементүүдийн тухай мэдээлэл хомс байсан учир ховор гэж нэрлэсэн” хэмээн сонирхуулсан.
Нүүрс түүний хог хаягдал гэж тооцогддог үнсэнд газрын ховор элементийн боломжит эх үүсвэр байна гэж судлаачид үзжээ. ГХЭ нь нэр шигээ тийм ч ховор зүйл биш гэдэг нь дээрх хүдэржилтийн төрлүүдээс харагдаж байна.
Гэсэн ч Шинжлэх ухааны академид болсон “Газрын ховор элементийн судалгаа-Аж үйлдвэржилтийн сэргэлт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын үеэр ховор тодотголтой элементийн үнэ цэн, ач холбогдлын тухай бишгүй ярилцав.
“Газрын ховор элемент бол өндөр технологийн витамин юм” хэмээн Техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн тодорхойлсон.
Газрын ховор элементийг салхин сэнсний хөдөлгүүр, катализатор, цахилгаан авто машин, цэнэглэгддэг батерей, нарны хавтан гэх мэт байгаль орчинд сөрөг нөлөө багатай ногоон эрчим хүчний үйлдвэрлэл төдийгүй цөмийн технологи, цэргийн техникт хэрэглэдэг байна.
Манай эрдэмтэд бүр шил болон малын тэжээлд хүртэл газрын ховор элемент хольж туршиж байжээ. Үр дүн нь сайн гарсан гэнэ шүү.
ШУА-ийн Физик, Математик, Информатик болон Техник технологийн салбарын Бага чуулганаас Монгол орны газрын ховор элементийн судалгаа, түүний хэрэглээ, ач холбогдол, бодлого, цаашид хэрэгжүүлэх асуудлаар санал солилцох зорилгоор уг хурлыг хийжээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга ярихдаа “Төрөөс баримталж буй бодлого Алсын хараа 2050-д газрын ховор элементийн хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлнэ” хэмээн заасныг дурдав. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Өндөр технологийн түүхий эд болох газрын ховор элемент, үнэт өнгөт, хар, холимог металл, металл бус ашигт малтмал болон газрын тосны эрэл хайгуулын ажлын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эрдэс баялагийн нөөцийг арвижуулна” гэж мөн тусгажээ.
“Улсын төсвийн хөрөнгөөр 2021 оноос өндөр технологийн түүхий эдийн судалгааны ажил эхлүүлсэн” хэмээн Б.Уянга дурдсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын холбооны канцлер Олаф Шольц нар аж үйлдвэрийн сэргэлтийн бодлогыг Герман Улстай хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцож, Зэс боловсруулах үйлдвэр, цахилгаан автомашин техник хэрэгслийн гол түүхий эд болох газрын ховор элементийг хагас боловсруулах үйлдвэрлэлийг Монгол Улс, ХБНГУ-тай хэрэгжүүлэх (2022) талаар ярилцаж, судалгааны ажил хамтран эхлүүлэхээр тогтсон юм байна.
Мөн БНСУ-ын хөрөнгө оруулалтыг татах, ноу хау дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах, газрын ховор элемент, хагас дамжуулагчийн түүхий эд нэвтрүүлэх чиглэлд (2023) хамтран ажиллахаар болсон байна.
Тулгамдаж буй асуудал нь “Энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд газрын ховор элементийн хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хялбаршуулах шаардлагатай” гэж Б.Уянга үзэж байна.
Техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн “Монгол орны газрын ховор элементийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” сэдвээр илтгэсэн. Дэлхийн Газрын ховор элементийн 40 хувь нь Хятад улсад тогтоогдсон. Дэлхийн нийт нийлүүлэлтийн 70 орчим хувийг энэ улс дангаараа хангадаг. Дэлхийн нийт үйлдвэрлэлийн 60 орчим хувийг мөн Хятад улс ашигладаг байна.
Газрын ховор элементийн төслийн нэгжийг Эрдэнэс Монгол ХХК-ийн харьяанд байгуулах Засгийн газрын тогтоол 2019 онд гарсан юм байна. Энэхүү төслийн нэгжийг төлөөлж илтгэсэн Х.Бадамсүрэн докторын “Газрын ховор элементийг эдийн засгийн эргэлтэд оруулах үе шат”-ыг харвал геологийн эрэл хайгуул гүйцэтгэж, нөөцийг нэмэгдүүлэх ажил 2023 оноос эхлээд, 2030 оноос л баяжуулах, боловсруулах үйлдвэр барих төлөв харагдана.
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш судлаач доктор С.Жаргалан Монгол Улсын газрын ховор элементийн нөөцийн харьцуулалт хийхдээ “Монгол Улсын эрдсийн санд бүртгэгдсэн бодитой ба боломжтой зэрэглэлийн ReO нөөц нь дэлхийн нөөцийн 1.90 хувь, Америк улсынхтай дүйж байна. Халзан Бүргэдэй ордын бүртгэлтэй нөөц нь 1.4 сая тонн байгаа нь дэлхийн нөөцийн 1.1 хувь, хамгийн их эрэлттэй байгаа газрын ховор хүнд элементийн орд юм” гэж онцолсон билээ. Халзан Бүргэдэйн орд нь нөөцийн хэмжээгээр дэлхийн том ордын ангилалд орох бүрэн боломжтой гэсэн шүү.
Газрын ховор элементийн эрэлт хурдан өсч байна. Эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр алдагдах магадлалтай тул үнийн хамгийн өндөр цэгтээ хүрсэн.
Хятадын Засгийн газар олон тооны замбараагүй жижиг үйлдвэрүүдийг хааж, Газрын ховор элементийн үйлдвэрлэлийг дэмжих бодлого гаргасан байна. Урд хөрш экспортын татварын хөнгөлөлт үзүүлэх замаар шинээр бий болж байгаа ГХЭ-ийн үйлдвэрлэлээ дэмжих алхам хийсэн нь Хятадын уул уурхайн компаниудын зардлыг бууруулж, дэлхийн зах зээлд байр сууриа эзлэх боломж олгосон хэмээн С.Жаргалан дүгнэв. 2007-2017 онд Хятадын сэргээгдэх болон цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл гурав дахин нэмэгдэж, энэ хугацаанд дэлхийн үйлдвэрлэлийн өсөлтийн 51 орчим хувийг эзэлж байна. Мөн цахилгаан хөдөлгүүртэй автомашины тоо ойролцоогоор 90.000-3.4 сая болж нэмэгджээ.
Геологийн суурь судалгааг гүйцэтгэсэнээр шинээр хүдэржсэн талбайг ялгах, нөөц өсгөх боломжтой. Хайгуулын ажлыг зөв аргачлалын дагуу системтэй гүйцэтгэснээр ордууд ашиглалтад бэлтгэгдэж, олборлолт борлуулалтын эрсдэл буурна. Өндөр нарийвчлалтай дэвшилтэт лаборатори хөгжүүлэх. Геологийн суурь судалгаа, эрэл хайгуул олборлолт, баяжуулалт хөгжүүлэлт, лабораторийн үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэхэд хүний нөөц чухал.
Монгол Улсын өнөөдөр хайгуулын эхний шатандаа яваа, өөрөөр хэлбэл аль ч орд нь ашиглалтад бэлтгэгдээгүй гэдгийг доктор С.Жаргалан хэлсэн.
“Ядаж нэг ордыг хайгуул хийж, ашиглалтад бэлтгэж, баяжуулалтын туршилт хийх хэрэгтэй байна”.
Газрын ховор хүнд элемент агуулсан, харьцангуй судлагдсан, нөөц нь дэлхийн шатлалаар том хэмжээнд орох Халзанбүргэдэй ордыг бүрэн судалж, нөөц болон технологийн бусад, асуудлыг тодруулж ашиглалтад бэлтгэх, энэ орд дээр олборлолт баяжуулалтын үйлдвэрийн тогтвортой ажиллагааг хангах бүрэн боломжтой гэж тэр онцолсон шүү.
“Баруун Монголын нутаг дэвсгэрт сэдэвчилсэн судалгааг үе шаттай явуулах, төрөөс дэмжих шаардлагатай” гэлээ.
Үйлдвэр худалдааны сайд асан, доктор Ц.Даваадорж “Шинэ төрлийн зэвсгээр хөөцөлдөх явдал санаа зовоож байна. Дронууд, сансрын болон бусад робот техникууд, шинэ үеийн нисэх онгоцнуудад Газрын ховор элемент асар их хэрэглэдэг. Ингэхээр эрэлт нэмэгдэж, өрсөлдөөнтэй зах зээл улам л түвэгтэй болж байна” хэмээн сэтгүүлчдэд ярив.
Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга “Олон улсын хурлуудад оролцоод хөрөнгө оруулагчидтай уулзаад явж байхад газрын ховор элементийг баяжуулах технологитой ордууд олборлолтод төдийлөн шилжихгүй байгаатай холбоотойгоор Газрын ховор элементийг орлуулах бүтээгдэхүүнийг судалж байгаа юм билээ. Эрэлттэй байх үед нь ордуудаа ашиглалтад оруулчихвал бидэнд хэрэгтэй байгаа юм. Орлох бүтээгдэхүүн гарч ирвэл эдийн засгийн хувьд ашиггүй болох магадлалтай юм билээ” гэсэн.
Доктор Х.Бадамсүрэн “Нарийн судалгаа шинжилгээ хэрэгтэй. Үндэсний боловсон хүчнээ энэ чиглэлээр бэлтгэх асуудал туйлаас чухал. Мэдээж газрын ховор элементээр олон жил ажиллаж байгаа, туршлага хуримтлуулсан, өөрийн гэсэн нөөц баялагтай, хэрэглээ өндөртэй, технологитой, газруудтай л зайлшгүй эхний ээлжинд хамтрах ёстой. Тэр утгаараа төрийн бодлого гаргах нь зүйтэй. Бодлогоо хэрэгжүүлэх хөтөлбөр төлөвлөгөөтэй байх ёстой гэх мэтээр олон асуудал байх ёстой. Түүнээс биш судалгаа шижилгээ хийгдсэн бэлэн орд байна, бид олборлоод баяжуулаад эхэлчихье гэхэд бас нэлээд төвөгтэй” гэж байна лээ.
Газрын ховор элементийг олборлоход гарч байгаа цацраг нь хэдий хэмжээтэй байх стандартууд байх ёстой. Төрөөс судалгаа, хайгуул олборлолт боловсруулалт бүх үе шатанд системтэйгээр дэмжих нь зүйтэй хэмээн судлаач эрдэмтэд сануулж байв.
ГХЭ-ийн эрдэсжилттэй тул ундны усан дахь ГХЭ зөвшөөрөгдөх хэмжээг дэвшилтэт аналитик багаж тоног төхөөрөмжөөр байнга хянаж байхыг судлаачид зөвлөсөн.
1988 онд В.И. Коваленко нар Халзан бүргэдэй орд болон түүний орчимд ГХЭ-ийн сэдэвчилсэн судалгаагаар Халзан Цахирын бүсийг ялгаж, ОХУ-ын Тувагийн геологийн тогтоцтой холбон судалсанаар девоны цаг үед хөгжиж (390 сая жил) байсан гурван гишүүнт рифтийн бүсийн нөлөөгөөр идэвхжсэн шүлтлэг магмын үйл ажиллагаатай гэсэн дүгнэлт хийж байжээ.