2024-11-21, Пүрэв
1 C
Ulaanbaatar

Сономванчүг: Бакула багш Английн хатан хаанд зөвхөн Монголын тухай л ярьж билээ

“Тэнгис” кино театрын урдхан орших “Бэтүб” хийдийг зорих дуртай. Сахилаа бүрэн сахисан лам нар бурханы номыг жинхэнэ утгаар түгээдэг гэдгээрээ сүсэгтнүүдэд танигдсан энэ хийдийн байгуулагдсан түүх сэтгэл татам санагддаг юм. Ардчилал эхлэхийн өмнө, социализмын төгсгөл цагт Монголд хоёрхон жилийн томилгоотой ирээд арван жил болоод нутаг буцахдаа Элчин багш гэж олноо хүндлэгдсэн Бакула Ринбүчигийн санаачилж байгуулсан хийд л дээ. Бурхан багшийн Арван зургаан Найдан бурхадын нэг Бакулагийн 19 дэх хойд дүр Бакула Ринбүчи хийдийн барилгын ажлыг 1992 онд буюу мөнгө, эд бараа хомс шилжилтийн хэцүү цагт эхлүүлж байж. Тэгээд бүр хожим 1999 онд нээсэн түүхтэй. Энэ хийдийг санаачилж байгуулсан, Монгол Энэтхэгийн өнөөгийн харилцааны суурийг тавьж өгсөн Бакула Ринбүчийн мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Сономванчүг Шакаспо хэмээх эрхэмтэй хөөрөлдсөн ярилцлагаа таны өмнө дэлгэе. Тэрээр Бакула Ринбүчи-гийн ойр гуч гаруй жил амьдарч, шадар туслахаар нь ажиллаж явсан хүн юм.

-Бакула Ринбүчиг Ладакт хааны гэр бүлд мэндэлсэн гэж уншиж байсан. Хэдэн наснаасаа бурханы номд суралцаж эхэлсэн бол?

-Багш маань таны хэлсэнчлэн 1917 онд Энэтхэгийн Ладак үндэстний хааны гэр бүлд мэндэлсэн хүн л дээ. Есөн наснаасаа Түвдийн Лхас дахь “Дрэвүн” хийдэд шавилан суралцаж эхэлсэн.

-Энэтхэгээс Монголд суух элчин сайдаар томилогдохдоо л анх Монголд ирж байсан уу?

-Монголд бүр анх 1969 онд ирж байсан. Тэр оноос хойш жил бүр ирдэг болсон. Элчингээр томилогдож ирсэн жил нь 1989 он. Анх хоёр жил болно гэж ирээд 2001 он хүртэл ажилласан. Монголд ажиллах санал тавьсан хүн нь Ражив Ганди. Улсдаа тавин жил зүтгэчихсэн байх үед нь “Та Монгол руу элчин сайдаар явбал ямар вэ. Тэнд хийгээд байх ажил бараг үгүй. Сайхан амраад ав. Ном бичиж ч болно шүү дээ” гэж хэлсэн гэдэг. Багш хариуд нь “Би дипломат ажил хийж үзээгүй, гэхдээ оролдоод үзье” гэж. Монголд ажиллах том шалтгаан байсан л даа, багшид. Эхний жил маш хэцүү байсан. Ийшээ тийшээ явах аргагүй, хүмүүстэй уулзаж болохгүй, яг л гэртээ байгаа юм шиг орчинд ажилласан. Гэтэл маш сонин үйл явдал өрнөсөн. 1990 оны тав, зургадугаар сард жагсаал цуглаан эхэлсэн. Цаг үе ингэж өөрчлөгдсөн учраас ажил жинхэнэ утгаараа ундарсан даа. Багш хөдөө гадаа их явна. За тэгээд л өнөө хоёр жил нь арван жил болж хувирсан түүхтэй.

-Бэтүб хийдийг байгуулах болсон түүхийг хуваалцаач?

Бакула Ринбүчи-Багш 1992 онд хотын дарга Л.Энэбиштэй уулзаад “Би Монголын олон газраар явлаа. Хүмүүсийн тавьсан асуултуудын заримд нь бүрэн хариулж чадахгүй л явна. Хийд босгож, номыг жинхэнэ утгаар нь таниулахгүй бол хүмүүс лам, бурханы номын талаар сайн мэдэхгүй байна. Хийд барих газар өгөөч” гэж хүсэхэд Л.Энэбиш дарга уриалгахан хүлээж авч “Газраа сонгочих, танд газар өгье” л гэж. Ингээд багш газраа сонгож хийд барих ажил эхэлсэн түүхтэй юм.

-Ерээд оны хэцүү цагт эхлүүлсэн болохоор материал олдохгүйгээс эхлээд саад их тулгарсан байх…?

-Тэгсэн шүү, материал хомс болохоор барилгын ажилд байнга асуудал тулгарна. Албаны төсвөөр барихгүй учраас мөнгө цуглах гэж хугацаа авсан. Анх хийд барина гэхэд нь санаанд багтаагүй. “Та хоёрхон жилийн хугацаатай ирсэн, амжихгүй байх аа” гэж хэлэхэд “Бүтээнэ ээ” гээд л эхэлж байлаа. Тэгээд бүр хожим 1999 онд хийдийн барилгын ажил бүрэн дууссан. Нээлтэд нь Энэтхэгийн дэд ерөнхийлөгч ирж байлаа. Монголын томчууд, Ладак, Энэтхэгээс олон лам нар оролцсон их том нээлт болсон.

-Хийдийн дэргэд шашны сургуультай байх аа. Хийдээ нээхээс өмнө сургалт нь эхэлсэн гэж дуулсан…?

-Тухайн үед 1992 оны намар элчин багш Нацагдоржийн номын санд өрөө түрээслээд сургуулиа нээсэн юм. Хэд хэдэн багш ном зааж явсны нэг нь манай эхнэр байлаа. Англи хэлний багшаар ажиллаж байсан юм.

-Лам нарын хувьд сахилаа жинхэнэ утгаар нь сахиж буй хийд Бэтүб л байна. Элчин багшийн хийдийг бариулсан гол зорилго нь энэ байсан гэхээр шашны хөгжилд их том нөлөө үзүүлжээ…?

Бакула Ринбүчи-Багш маань лам нарт “Та бүхэн хийддээ шавилахдаа сахил санваараа сахих ёстой. Сахил санваараа сахиж чадахгүй бол өөр сургууль сонгож болно. Надад дургүйцэх зүйл үгүй. Хийддээ сурахдаа сахил сахихгүй байх маш буруу” гэдэг байсан. Сүсэгтнүүд сахилтай лам нар байдаг учраас хийдэд ирэхээр сэтгэл сайхан болдог гэдэг юм. Лам нарын сахил санваар алдагдахад далан жил социалист системээр явсан нь их нөлөөлсөн. Сахил санвааргүй байхыг нь албаны хүмүүс дэмждэг байсан цаг шүү дээ. Нэгэнт хэвшсэн муу загвараас гарахад хэцүү. Цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ ерэн оныг бодоход байдал арай дээрдсэн шүү. Сахил санвааргүйгээр гоё машин унаад том лам болохгүй гэдгийг л ойлгох нь их чухал. Багш маань элчингээр ажиллах арван жилийн хугацаандаа лам нараас гадна жирийн хүмүүсийг Энэтхэг рүү Засгийн газрын тэтгэлэгт хамруулан сургахаар явуулдаг байсан. Монгол залуусыг өөр улс руу боловсрол эзэмшихэд ч зуучилж тусалж байлаа.

-Бакула Ринбүчи элчин сайдаар ажиллаж байхдаа хөдөө гадаа их явдаг, явсан газар бүрдээ зорьж уулзах хүний хөлд дарагддаг, элчин сайдын яаман дээрээ иргэдтэй уулзах өдөр цагтай байсан гэх мэт дурсамж хууч их дуулддаг. Энгийн иргэд элчин сайдын яаман дээр нь хүртэл зорьж ирж уулздаг байсан хэрэг үү?

-Энгийн хүмүүс олноороо зорьж ирж байсан учраас хагас сайн өдөр цаг гаргах хэрэг гарсан. Хөдөөнөөс олноороо зорьж ирэх хүмүүсийг хүлээж авах гэж зориуд цаг гаргасан хэрэг л дээ. Албаны ажлаа дуусгаад үдээс хойш хоёр цагт хүлээж авдаг байлаа. Цагаан сар гэх мэт тэмдэглэлт өдрөөр битүү хүнтэй өнждөг байсан.

Манай ЭСЯ-ны урд элчин сайдын албаны “мерседес бенз” байх. Ирсэн хүмүүс тэр машинд мөргөсөөр байгаад урд хэсэг нь хонхойчихсон байсан (инээв). Багш маань Монголын ард түмэнд бурханы номыг жинхэнэ утгаар нь ойлгуулахын тулд өдөр шөнөгүй явдаг байсан даа. Тэр үед би ч залуухан байж. Багш дал гаруй настай. Явдаг ганц унаа нь УАЗ-469. Зам маш муу. Сүүлдээ 69 харахаараа халгадаг болчихсон байж билээ (инээв). Идэр насны би тэгж халгаж байхад багш ямар хэцүү байсан бол. Нэг удаа бид “Волга” машинтай Хамрын хийд рүү гарлаа. Манай элчин сайдын яамны жолооч анх удаа явсан юм. Оройны дөрвөн цагт очих газар төөрч явсаар үүрийн дөрөвт очиж байлаа. Багш тэр үед ч ядарсан гэх үг унагаагүй, ядарсан царай төрх ч ажиглагдаагүй.

Элчин багшид нэг модон аяга байсан юм. Хөдөө явахаараа байнга хэрэглэнэ. Элчин сайд энэ тэр гэсэн элдэв ямба үгүй. Юу өгнө тэрийг нь өнөө модон аягандаа иднэ. Энгийн үед жирийн л лам шиг явна. Албаны ажлын үед элчин сайдынхаа ажлыг ягштал нь хийнэ. Ард түмний дунд болохоор тийм энгийн. Ийм учраас улс даяараа элчин багш гэж хүндэтгэсэн байх.

-Элчин багшийг зорьж ирсэн хүмүүс олон зовлон, асуудал ярьж ирдэг байсан нь ойлгомжтой. Тэр бүхэнд хэрхэн ханддаг байсан бол?

Бакула Ринбүчи-Ихэнх хүмүүс бэрхшээлтэй асуудлаа ярих гэж зорьж ирдэг байсан. Зүгээр мөргөөд явна гэсэн хүмүүс ч олон ирнэ. Өвчин зовлон ярьж ирсэн хүмүүст багш өөрөө тан барина. Заримыг нь эмч нартай холбож өгнө. Энэтхэг явуулах шаардлагатай бол хөөцөлдөж өгнө. Нэг сонин явдал санаанаас гардаггүй юм. Эрдэмтэн Хүрэлбаатар нэг өдөр ирлээ. Хорт хавдрын онош сонссоноо хэлээд “Та болгоогоорой” гээд гарлаа. Гэтэл багш гарч явах үед нь эргэж дуудуулаад “Та хагалгаа хийлгэх хэрэггүй байх аа” гэдэг юм. Миний санаа зовоод “Та яагаад тэгж хэлэв ээ. Эмч хагалгаанд ор гэсэн байна шүү дээ” гэж байлаа. Тухайн үед багш Хүрэлбаатар эрдэмтэнд тан, маанийн үрэл өгсөн санагддаг. Гайхалтай нь сүүлд хорт хавдар нь эдгэсэн шүү.

-Монголчуудын тухайд сэтгэлээ чилээж явсан зүйл нь ямар асуудал байсан бол?

-Архидалтад эмзэглэж байнга ярьж явдаг байсан. Олон цугласан газар нэг түүхийг байнга ярина. Сахилаа гайхалтай сайн сахидаг ламд нэг бүсгүй дурласан тухай түүх л дээ. Лам тэр бүсгүйд сэтгэл алдрахгүй сахилаа сахиад л явж. Гэтэл нэг өдөр бүсгүй “Та надтай хамт бай. Эсвэл энэ ямааны амийг хөнөө. Үгүй бол энэ архийг уу. Аль нэгийг нь сонго” гэж тулгажээ. Лам бодож байгаад архийг нь сонготол архиндаа согтоод бүсгүйтэй дотносч, ямааны аминд ч хүрчихэж. Багш маань архины муу нөлөөг энэ мэтээр ойлгуулах гэж их хичээдэг байсан. Хүмүүсийн дунд орж, зовлон жаргалыг нь арваад жил сонсчихоор Монголын амьдралыг гүнзгий мэдрэх нь ойлгомжтой. Байсхийгээд л “Монгол хэцүү байна аа. Гэхдээ хэцүү цагаас гарч чадна аа” гэнэ. Бурханы номын тухайд “Лам нарыг аль болох номд дурлуулмаар байна. Лам нар боловсролтой байх нь их чухал” гэж ярьдаг байлаа.

-Английн хатан хаантай уулзахдаа Монголын тухай л ярьж суусан гэсэн хууч сонсч байсан. Тэр яриа хэр бодитой вэ?

Бакула Ринбүчи-Үнэнээр барах уу. Ер нь гадаад улсуудаар явахдаа том, нөлөөтэй хүмүүст Монголын талаар байнга ярьдаг хүн байсан. Букингемийн ордонд орж хатан хаантай уулзахад нь хамт байсан л даа, би. Хатан хааны нөхөр хунтайж Филип багшийн найз байсан юм. Олон жил нөхөрлөсөн хоёр. Хатан хаан нөхрөөсөө багшийн талаар сонсч дуулаад урьсан юм билээ. Тэр уулзалтад арав орчим хүн оролцсон санагдаж байна. Багш яг хатан хааны хажууд суусан. Цаг хагасаас хоёр цаг хэрийн уулзалт болоход хатан хаан багштай л ярилцсан. Сүүлдээ хатан хаан “Та бүхэнтэй ярилцах цаг гаргаж чадсангүй, уучлаарай” гэснийг тод санаж байна. Тэр үед багш хатан хаанд зөвхөн Монголын тухай л ярьсан. Шийдэх ёстой ийм тийм асуудал байна гэдгээс эхлээд Монгол яагаад чухал тухай маш урт яриа өрнүүлсэн. Хатан хаан их сонирхож байсан шүү. Багш Монгол дээр үед ямар улс байсан тухай, одоогийн Монголын тухай, Монголын ард түмний сайхан чанаруудын тухай ярьсан. Хатан хаан ер бусын гайхаж сонссон. Багшийн тэр үед хэлсэн нэг үг санаанаас гардаггүй юм. “Монголчууд хэцүү цагаас гарах чадалтай хүмүүс” гэж хэлж байсан.

-Та ярилцлагын эхэнд Бакула Ринбүчи-г 1969 оноос хойш Монголд жил алгасахгүй ирсэн гэж онцолсон. Тэгэхээр манай улсад анхнаасаа л их элэгтэй байжээ…?

Бакула Ринбүчи-Бакула Ринбүүчи-г монголчууд 16 Найдангийн нэгнийх нь хойд дүр гэдгийг мэднэ. Монголтой ойр сэжмээр холбоотойг нь их дээрээс ярьж ирсэн байдаг. Тийм нарийн холбоо, сэжимтэй учраас багш багаасаа л Монголыг их сонирхдог байсан юм билээ. Түвдийн хийдэд сурч байхдаа тэнд ном үздэг лам нараас Монголын тухай их сонсдог байж. “Боломж олдвол Монгол явж, тэр улсад юм хиймээр байна” гэж ярьдаг байсан хүн л дээ. Монголд номын үйл бүтээх нь багшийн чин хүсэл байсан. Багш далаад оны сүүл, наяад онд багш Делид их хурлын гишүүнээр ажилладаг байсан юм. Багш маань гэвш лхаарамба. Тэр үед барууныхан бурхан шашныг их сонирхоно. Бүх том гэвш нар барууны улс руу урилгаар явж байсан цаг. Багшид баруунаас урилга олноороо ирнэ. Гэвч багш огт сонирхохгүй. “Төвд багш нар Монгол, Буриад, Орос улс руу явж чадахгүй. Коммунист улсууд учраас очих боломжгүй. Харин би энэтхэг хүн, надад дипломат паспорт бий. Тийм учраас явж чадна” гэнэ. Бүгд Америк явахыг мөрөөддөг байх тэр үед багшийн сэтгэл Монгол руу л байсан.

-Бакула Ринбүчи тэр үед элчингээр ирж Монголд ажиллаагүй бол Монгол, Энэтхэг улсын харилцаа ямар байх байсан бол, бурханы ном яаж хөгжих байсан бол гэсэн асуулт төрдөг шүү…

-Надад ч тийм бодол төрдөг. Энэтхэг Монголын харилцаа амжилттай өрнөж яваа нь багшийн тавьсан маш сайн сууриас улбаатай. Багшийг ирэхээс өмнө энэтхэгчүүд Монголыг тэгж их сонирхдоггүй байсан. Одоо бол Энэтхэгт Монголыг мэдэхгүй хүн бараг үгүй гэхэд дэгсдүүлэг болохгүй. Бурханы багшийн ном Энэтхэгээс Монголд ирсэн том соёл. Манай хоёр улс тэр сэмжээрээ маш ойрын холбоотой. Ном, соёлын эртний гүнзгий харилцаа маань улам төгөлдөржсөнд багшийн гавьяа их бий. Багшийг анх ирэх үед хоёрхон хүн Энэтхэгт сурахаар явж байсан бол одоо 200 хүн Энэтхэгийн тэтгэлгээр сурахаар явж байна.

Хоёр улс ном, соёлоос гадна эдийн засгийн хувьд ч Газрын тос боловсруулах үйлдвэрээс эхлээд амжилттай харилцаж яваа. Би чамд нэг жишээ сонирхуулъя. Энэтхэгийн Ерөнхий сайд Монголд ирчихээд нутагтаа очоод “Ринбүчи уг нь манайхаас Монголд суугаа элчин сайд. Гэхдээ би заримдаа манай элчин сайд уу, Монголын элчин сайд уу гэж бодох боллоо. Дандаа л Монголчуудад ингэж тэгж анхаараач гэж ярьдаг хүн дээ” хэмээн инээмсэглэн хэлж суусан гэдэг. Хэрвээ багш биш өөр хүн ирсэн бол ингэж ажиллахгүй байсан. Албаны хүмүүс элчин сайдаар ажиллахдаа тэгж ажиллахгүй. Хоёр жилээ гүйцээж ажиллаад буцах байсан болов уу.

Бакула РинбүчиБагш ямар ч асуудалд яг л монгол хүн ярьж байгаа юм шиг ярина, хандана. Далай багш нэг удаа Монголд ирэв ээ. Ганданд ч юм уу, аль нэг газарт Далай багшийг урьж уулзаж л дээ. Тэр үед Далай багш “Христийн шашин сайн ажиллаж байна. Сургууль эмнэлэг барьж, ядуу хүмүүст туслаж байна” гэж ирээд ярьж. Багш тэр уулзалтад суусныхаа дараа надад “Далай ламтай уулзах цаг товлооч” гэлээ. Цагийг нь ч авлаа. Далай ламтай ч уулзлаа. Багш тэр үед Далай ламд “Өнөөдөр та их сайн зүйл ярилаа. Гэхдээ та Монголын байдлыг маш сайн ойлгох хэрэгтэй. Сайн христосууд байна. Муу нь ч бий. Таны хэлсэн үгийг элдэв зорилго, өнгөөр ийш тийш тараана. Та христийн талаар сайныг ярьж болно. Гэхдээ бурханы шашин Монголын ард түмэнд яагаад хэрэгтэй талаар сайтар тайлбарлах хэрэгтэй” гэсэн юм. Тэр уулзалтын дараа өдөр Далай багш Төв цэнгэлдэх хүрээлэнд ном айлдахдаа бурханы шашин монголчуудад яагаад чухал талаар маш сайн ярьсан шүү.

-Далай багш яг юу гэж хэлсэн бол?

Бакула Ринбүчи-“Христ бол өрнийн, бурханы шашин бол дорнын ном. Бид дорнынхон. Уугуул шашин номоо ухаарч ойлгох хэрэгтэй” гэх мэтээр ярьсан. За тэгээд тэр орой нь элчин сайдын яаманд хүлээн авалт боллоо. Мэдээж хүндтэй зочин нь Далай лам. Далай лам багшийн өрөөг сонирхъё л гэж байна. Лам хүн элчин сайдаар ажиллахдаа ямар өрөөнд суудгийг харах сонирхолтой байгаа нь илт. Багш өрөөгөө сонирхуулсан чинь Далай багш “Та яг хэвээрээ байна” гэж хөгжилтэй инээснээ “Өнөөдрийн үг дажгүй байсан уу” гэж асууж билээ.

-Элчин сайдын өрөө тийм л энгийн байж дээ…

-Харин тийм. Багшийн өрөө ямар ч тансаг эд хогшилгүй жирийн л нэг ламын өрөө байсан. Энэтхэгээс улс бүрд суугаа элчин сайд нар ерөнхийлөгчийнхөө зургийг залдаг бол багш өрөөндөө бурхан багшийн танка залдаг байлаа.

-Энгийн байх хэрээрээ олны хайрыг татсан элчин байжээ. Тийм элчин Ринбүчи-гээс өөр байхгүй байх шүү. Энэтхэгийн дэд Ерөнхийлөгч Монголд ирээд Бакула Ринбүчи-тэй хамт Эрдэнэзуу орсон чинь нутгийнхан Ерөнхийлөгчийг биш Бакула Ринбүчи-г дагаж хуйларсан гэл үү?

-Энэтхэгийн дэд ерөнхийлөгч айлчилсан үе л дээ. Улаанбаатар дахь албаны арга хэмжээ нь дуусаад Эрдэнэзуу руу явахаар болсон юм. Зуны дэлгэр цаг байсан. Багш тэр үед надад “Чи гадаад яам руу яриад намайг Эрдэнэзуу руу явахгүй гээрэй” гэж байна. Багшийн үгийг дамжуулаад хэлчихлээ. Гэтэл дэд ерөнхийлөгч элчин сайдтай хамт биш бол явахгүй гэчихэж. За тэгээд багш хамт явахаар боллоо. Явахынхаа өмнө “Би явна, гэхдээ албан хөтөлбөрт миний нэрийг битгий оруулаарай” гэдэг юм. Ёсоор болголоо. Дэд ерөнхийлөгчийн онгоц ч очих газартаа газардлаа. Хоёр гуравхан хүн тосч байна. Хөтөлбөрийн дагуу явсаар Эрдэнэзуу хийд орлоо. Хийдээс гарах гэтэл гадаа нь битүү хүн. Элчин багшийн ирснийг мэдчихсэн хэрэг. За тэгээд хийдээс яаж ийгээд гарлаа. Гэтэл хүмүүс элчин багшийг дагаж хуйлраад, дэд ерөнхийлөгч бүр бараа сураггүй. Дэд ерөнхийлөгч энэ явдлыг парламентдаа ярьсан гэдэг.

-Бакула Ринбүчи-г Монголын ардчиллыг тайван замаар өрнөхөд нөлөөлсөн хүн гэдэг. Ардчиллын залуусаас гадна тухайн үед төр барьж явсан хүмүүс зорьж очиж уулздаг байсан гэдэг байх аа?

Бакула Ринбүчи-Тэр хэцүү цагт багш маань элчингээр ажиллаж явсан нь хувь тавилан байх гэж боддог юм. Багш хоёр талын залуусыг эвлэрүүлэн зуучлах ажил хийсэн. Бүгдээрээ багшийн үгийг сонсч байсан. Ардчиллын залууст “Асуудлаа тайван замаар тавиарай” гэж зөвлөнө. Ж.Батмөнх тэргүүтэй төр барьж яваа хүмүүст “Монгол бол ганц улс. Нэг ч хүний амь насыг үрээх учиргүй” гэж ирээд ярина. Зарим улсад Ерөнхийлөгчөө буудаж байхад Монголд ардчилсан хувьсгалыг тайван замаар хийхэд багшийн нөлөө их бий.

Хоёрдугаарт тийм ороо бусгаа цагт Монголын зан заншил, шашин устах эрсдэл байсан. Багш байсан учраас Монгол улс ном соёлоо зөвөөр сэргээж чадсан. Энх тайвнаар ардчилал ирэхэд, бурханыг номын ёсоор сэргээхэд гайхамшигтай нөлөөлсөн хүн. Багшийгаа би энэтхэг хүн, монгол хүн гэж хэлмээргүй санагддаг. Тэр бол бурханы хүн. Багш Монголд ажиллахдаа яг л монгол хүний сэтгэлээр ажилладаг, төрсөн нутаг Ладактаа ажиллахдаа яг л ладак хүний сэтгэлээр уусч, нэгдэж ажиллаж чаддаг байсан. Одоо эргээд дурсах нь ээ, газар газарт очиж энх тайван, амар амгаланг тогтоож явсан хүн байжээ.

-Багшийн тань хайрламаар чанар гэвэл та ямар чанарыг нь онцлох вэ?

-Огт уургүй. Хаана ч гэлээ ажлаа буруу хийдэг хүмүүс байна. Муу хүмүүс таарна. Тэр болгонд “Тайван бай, зүгээр ээ” л гэнэ. Загнана, уурлана гэж ер үгүй. Тэгэх тусам нь хүмүүс багшид илүү татагдаж, илүү сайнаар ханддаг байсан. Багшийг Энэтхэгт ажиллаж байхад манай нэг жолооч албаны ажлаар явж байгаад согтож маш том асуудал үүсгэв ээ. Би ч түүнд “Багшаас уучлал гуйхгүй бол чамайг халахаас өөр арга алга” л гэлээ. Өнөөх жолооч багштай уулзаж байна аа. Багш нэг их юм хэлсэнгүй. “Ингэж болохгүй чамд сайн биш” гэсэн утгатай үг л хэлсэн байх. Гайхалтай нь өнөө жолооч тэр өдрөөс хойш архи огт уугаагүй. Маш сайн хүн болсон. Хүнд нөлөөлөх чадвар нь тийм онцгой хүн байсан.

Бакула РинбүчиБагш хааны ордон, энгийн гэр хаана ч ялгаагүй байнга авч явдаг олбогоо дэвсч суугаад номоо хэлнэ. Өглөө хөнгөн цай уугаад, өдөр хооллоод л болчихдог. Манай Ладакийн хүмүүс монголчууд шиг мах их иднэ. Мөн л монголчууд шиг лам нар нь мах иднэ. Их эртний явдал л даа, Ладакт байсан үе. Багш нэг газар ном тавилаа. Гэтэл тэр газрынхан багшид зориулж хонь гаргаж, хоол зоог бэлдсэнээ барив. Тэр үед багш их эмзэглэсэн. “Намайг ирсэн учраас амьтны аминд хүрчээ. Би өнөөдрөөс мах идэхгүй” гэж Ладакийн ард түмэнд зарласан. Тэр цагаас хойш багш мах идэхээ больсон. Ингэж биеэрээ үлгэрлэдэг хүн байлаа.

-Хэдэн цагт сэрж, орой хэдийд амардаг байсан бол?

-Шөнө бидэн шиг хэвтэж унтахгүй. Завилж суунгаа амарчихна. Ингэж амарчихаад гурав, дөрвөн цагт нүдээ нээхийгээ “бослоо” гэнэ. Тэгээд нямбандаа хэдэн цаг сууна. Багшийн нутагт Ладакт байдаг нэг том хийдийн нөгөө талын уулын бүр орой дээр хоёр өрөөтэй жижигхэн байшин байх. Очихын тулд гурав дөрвөн цаг зарцуулах тийм хол барьсан байшин л даа. Багш тэндээ бясалгана. Хажуудаа жаахан устай. Дэргэдээ хоол хийж өгөх ганц хүнтэй. Өөр хэн ч үгүй орчинд бясалгадаг байлаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img