Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны импортын талаар мэдээлэв. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний нийт хэрэглээний 95 орчим хувийг ОХУ-аас Сүхбаатар, Эрээнцав боомтоор төмөр замаар, Цагааннуур, Боршоо боомтоор авто замаар импортолж байна.
ОХУ-ын дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор тус улсын Засгийн газраас 2023 оны есдүгээр сарын 22-ноос тодорхойгүй хугацаагаар шатахууны экспортыг хориглох шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахуун нийлүүлээгүй, импорт тодорхой хугацаанд саатсан билээ. Үүний улмаас манай улсын дотоодын зах зээл дээрх шатахууны хангамж, нийлүүлэлт доголдох нөхцөл байдал үүссэн.
Улмаар Монгол Улсын Засгийн газраас шуурхай ажилласны үр дүнд 2023 оны аравдугаар сарын 6-наас эхлэн ОХУ-аас манай улсад Сүхбаатар боомтоор газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх экспортын үйл ажиллагааг сэргээн явуулж эхэлсэн юм. Гэвч нийлүүлэлт, эрэлтийн зөрүүнээс шалтгаалан дотоодын зах зээл дээр шатахууны хангамж тогтворжиж чадахгүй байна. Мөн Цагааннуур, Боршоо боомтоор импорт хийхгүй байгаатай холбоотой төвийн бүсээс баруун бүсийн аймгууд руу шатахууныг тээвэрлэн хангамж хийж байна. Энэ нь дотоодын зах зээл дээрх шатахууны хангамжид тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа юм. Нийлүүлэгч талаас буюу ОХУ-аас 9, 10 дугаар сарын захиалгыг бүрэн биелүүлэх хүрээнд шатахууны ачилт, тээвэрлэлтийн хэмжээг аравдугаар сарын дунд үеэс нэмэгдүүлж, Сүхбаатар боомтоор сүүлийн дөрөв хоногт 214 вагон буюу 12840 тонн АИ-92 бензин, 278 вагон буюу 16680 тонн дизель түлш орж ирсэн байна. Энэ нь АИ-92 бензиний найм, дизель түлшний 6-7 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх нөөц юм.
Тэгвэл өнөөдрийн байдлаар 511 вагон хил, өртөө, боомт дээр зогсож байна. Ашигт малтмал, газрын тосны газраас “Шатахууны ачилт, тээвэрлэлт, гааль, түгээлтийг шуурхай зохион байгуулах чиглэлд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, импортоор орж ирсэн шатахуунтай вагонуудын гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийх, вагонуудыг татан авах, ачааг өртөөдөд хүргэх, салаа замуудад тавих ажлыг шуурхай зохион байгуулах, хангамж тогтворжих хүртэлх хугацаанд уртасгасан цагаар хамтарч ажиллах дэмжлэгийг Улаанбаатар төмөр зам, Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн” гэв.