2024-12-31, Мягмар
-25 C
Ulaanbaatar

“Фэйсбүүк”-ийн дараагийн үе

“Фэйсбүүк”-ийн босс компаниа “Мета” гэж нэрлээд багагүй хугацаа өнгөрч байна. Цукерберг гэнэтхэн ийм шийдвэр гаргасан юм биш л дээ. Ингэж мэдэгдэхээсээ ч бүр өмнө “Фэйсбүүк тун удахгүй metaverse компани болно, энэ бол бидний дараагийн үе” гэсэн мэдэгдэл хийж байсан юм.

Metaverse гэдэг үгийг монгол хэлнээ хөрвүүлбэл олон хэмжээст ертөнц гэж бууна. Уг нь metaverse гэх ойлголт ганц фэйсбүүкээр хязгаарлагдахааргүй далай шиг зүйл. Гэхдээ хар ухаанд буулгаж ойлгуулъя гэвэл фэйсбүүкээр багцаалдчихад болохгүй юмгүй. Бид өнөөдөр утсаа ширтсэн шигээ фэйсбүүкт өдрийнхөө багагүй хугацааг зарцуулдаг.

Бусдын постыг уншжээ суутал нэг л мэдэхэд хагас цаг өнгөрчихсөн байдаг. Тэгвэл VR төхөөрөмж зүүгээд, дараагийн буюу мета үедээ шилжсэн фэйсбүүкээр аялбал хүн төрөлхтөн амьдралынхаа хэчнээн хугацааг сошиалд өнгөрөөх бол? Багахан мөнгө төлөөд дуртай дуучныхаа тоглолтыг яг дэргэд нь мэт үзэж, дурладаг брэндийнхээ дэлгүүрээр яг бодит мэт хэсч, дэлхийн нөгөө өнцөгт буй алдартай музейгээр хэссэн шигээ цахим ертөнцөөр аяладаг болчихвол гээд төсөөл дөө.

Бүр тодруулж хэлбэл сошиалын дараагийн үе хий хоосон лайк, шэйр дээр биш, юунд үнэ цэнэ өгсөн бэ гэдгээр хэмжигдэнэ гэж дэлхий харж байна. Ирээдүйн хүн төрөлхтний амьдралын салшгүй хэсэг нь энэ байх болно гэдэг дээр ганц Цукерберг ч биш дэлхийн томчууд “мөрий тавьж” эхэлсэн.

Ойрхоны жишээ гэхэд л “Тайм” сэтгүүл metaverse-д нэгдэхээ мэдэгдчихлээ. “Тайм-ынхан Galaxy Digital-тай хамтрах шинэ гэрээнийхээ хүрээнд метаертөнцтэй холбоотой контент бүтээхээ амлачихлаа. “Майкрософт” компанийн гүйцэтгэх захирал Сатя Наделла “Метаертөнц хэмээх цоо шинэ платформын шатлалыг бий болгож байна” хэмээн мэдэгдэж, компаниа метаертөнцөд хүчээ үзэхээр болсныг зарласан нь мөн л саяхны үйл явдал.

Манай улсын хувьд мэдээллийн технологийн хөгжлөөрөө дэлхийтэй хөл нийлүүлж яваа гэдэг утгаараа энэ чигийн төслүүдийн сураг эхнээнээсээ дуулдаад эхэлчихсэн. Монгол залуус Цукербергээс дутахгүй төсөл хэрэгжүүлээд дэлхийд цахиур хагалвал мөн сайхан аа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img