2024-11-21, Пүрэв
1 C
Ulaanbaatar

Л.Хасар: Яруу найраг гэдэг чинь мэргэжлийн урлаг, маш хүнд

Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, оны шилдэг шүлэг тодруулах “Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн Хасартай 2019 оны зуны идэр сард уулзаж бурхан болооч аавынх нь талаар хөөрөлдөж, өөрийнх нь бодлыг ч хуваалцаж суусан минь сэтгэлд өнөө тодхон байна. Гачлантай нь, хорвоогийн мөнх бусын жамаар эрхэм анд маань тэнгэрийн оронд оджээ. Хасар маань ажил хөдөлмөрийн гараагаа “Ил товчоо” сониноос эхэлж, 1999- 2009 онд Монгол Улсын Хүүхэлдэйн театрт зураач, утга зохиолын ажилтан байхдаа “Тэнгэрийн дүлий”, “Алтан алим”, “Манжин”, “Хөхөө Намжил”, “Хар хул хаан” тэргүүт хүүхдийн олон жүжиг туурвиж, “Цагаан үнэг”, “Тэнгэрийн дүлий” тэргүүт жүжгийн ерөнхий зураачаар ажиллан, В.Хауфын “Том хамарт одой”, Ж.Дашдондогийн “Алтан хөрш”, С.Маршакийн “12 сар”, Монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн “Болдоггүй бор өвгөн” тэргүүт жүжгийн тайзны зураг, чимэглэлийг мэргэжлийн өндөр түвшинд хийсэн уран бүтээлч байсан. Тэрээр амьд ахуйдаа “Зүг чиггүй гурвалжин” яруу найргийн ном хэвлүүлсэн бол бурхан болсных нь хойно хүү Х.Хасуй нь “Бурхны нулимс” номыг эмхэтгэн хэвлүүлсэн байдаг. -Таны аав хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд бурхан зүг одож, уран зохиолд хайртай болоод Монголын ард түмэнд гүн их харамсал авчирсан. Хүүгийн хувьд сэтгэл тань хэцүү байгаа гэдгийг гүнээ ойлгож байна. Гэлээ ч, Мишигийн Цэдэндорж гуай “Амьтай голтой мөртлөө үхсэн юм шиг хүн байх юм, үхсэн хатсан мөртлөө амьд юм шиг хүн байх юм” гэсэнчлэн Бавуугийн Лхагвасүрэн гуай бол мөнх амьтай найрагч юм даа? -(Удтал дуугүй суув. Л.Б) Би аавыгаа амьд гэж боддог. Монголын ард түмний сэтгэл зүрхэнд амьд байгаа болохоор миний аав амьд байлгүй яахав. Хүмүүс үхэл гэдэг юмыг тэр чигээрээ үгүй болох, алга болох гэж ойлгодог. Гэхдээ, үхэл гэдэг хүний сэтгэл зүрхэнд илүү ойрхон орших гэж оддог, лагшинг гээдэг шалтгааныг хэлдэг юм бол уу гэж би боддог.

-Аавтай тань хэдэнтээ хөөрөлдөх хувь тохиосны хувьд өв бүтээл болоод үр хүүхдүүддээ үлдээсэн хувь заяандаа харамсах зүйлгүй, эцэг хүний бардам сэтгэлтэй буцсан бол уу гэж боддог юм?

-Хүнийг өнгөрсний дараа хүмүүс их сонин болдог шиг байгаа юм. Миний аав хэдэн сая хүн дотор нэг төрөх гоц авьяастай аугаа хүн байж дээ. Тэр хүнийг орлоно, тэр хүний орон зайд байна гэж байдаггүй.

Зүгээр, хүү нь болж төрсний хувьд би тэр хүнийг үргэлжлүүлэх ёстой гэж боддог юм. Эцгийн минь тэр орон зайг хэн ч нөхөж чадахгүй. Би өөрийнхөө сэтгэлийг дэвсээд, өөрийнхөө бүх арьсыг дэвсээд хэвтсэн ч тэр орон зайг нөхөж чадахгүй том орон зай байсан.

-Аавтай чинь ноднин (2018 оны зун) өдийд хөөрөлдөж суухад яруу найргийн “Морин зэрэглээ” гэдэг ном гаргах санаатай гэж байсан. Тэр ном нь аль хэр цэгцрээ бол?

-Аав минь их өөдрөг байсаан. Монголын ард түмний хайртай хүү өөрийгөө эдгэнэ, сайн сайхан зүйл бүтээнэ гэж бодож байсан боловч яалт ч үгүй бие тэнхээ нь дийлэхгүй, арга буюу өөрөө цөхөрч байсан. Ухаан нь эрүүл мөртлөө юмаа бичиж чадахгүй байсандаа өөрөө их харамсаж байсан.

-Тав зургаан хуудас юм бичихээр л ядраад байх юм гэж байсан шүү, хөөрхий?

-Энэ л сэтгэлзүйд нь маш их дарамттай байсан. Бичиж чадахгүйдээ халаглаад сууж байсан тэр цаг хугацаа бол хамгийн аймаар цаг хугацаа байсан.

-Насаараа хийгээд ирсэн сайн сайхан хөдөлмөрөө биеийн байдлаас болоод хийж чадахгүй байна гэдэг мөн ч хэцүү байсан байх даа?

-Үнэхээр үзгээ даахгүй болсон байсан юм чинь дээ. (Санаа алдав. Л.Б) Тэгэхэд л би аавыгаа хамгийн аймаар цаг хугацааг туулж байгааг нүдээрээ харж суух надад халширмаар байсан шүү. Аавынхаа “Морин зэрэглээ” гэдэг томоохон номыг нь хэвлүүлэхээр бэлдэж байна. Өөрөө гучин хувийг нь бараг бэлдсэн. Тэмдэглэлийн дэвтрүүдээс нь түүхий шүлгүүдийг нь оруулж байгаа болохоор ажиллагаа ихтэй, суух шаардлагатай байна.

Судалгааны эргэлтэд оруулах, Монголын уран зохиолд нэмэр болох үүднээс бодож хийнэ гэдэг бас их хүнд юм. Тиймээс цаг хугацаа их орж байна. Тэрнээс ямар нэгэн байдлаар, зөвхөн өөрийнх нь тэмдэглэлээр шууд хэвлэсэн бол бэв бэлэн байлаа. Шинэ залуу яруу найрагчдад, мэргэжлийн яруу найраг гэдэг юманд их хувь нэмэр болох талаас нь бодож бүтээлийг хийнэ гэдэг нэлээд явдалтай, ярвигтай ажил байна.

Энэ номыг яаралтай гаргах нь хүү миний үүрэг. Гэхдээ, өөрийнх нь тэмдэглэлийн дэвтэр дээр байсан бүхнийг бүтэн боловсруулна гэдэг бэрх ажил юм байна. Зохиолчийн лаборатори гэдэг маш чухал юм шүү дээ. Нэг үгэн дээр гэхэд зургаан төрлийн вариантаар бодож, ажиллаж байсан хувилбаруудыг бүгдийг тусгана гэдэг маш хүнд.

-Ганц оносон үг тавих гэж тархиа ёстой нэг “гашилгадаг” бясалгадаг найрагч байжээ?

-Тэмдэглэлийн дэвтэртээ бичсэн байдлаар нь далаад хувьд нь хүрч ажиллана гэдэг хүнд л юм. Аав минь өөрөө номоо хийсэн бол ямар чамбай байх вэ, яаж ханддаг билээ, ямар сэтгэлээр ханддаг вэ гэдэг чинь их нарийн зүйл л дээ. Яруу найраг гэдэг чинь өөрөө мэргэжлийн урлаг. Маш хүнд.

-“Аав маань энэ үгийг л сонгочих байсан бол уу” гэсэн үгийг сонгож авч байна уу?

-Ер нь бол барагцаагаар тийм. Судлал шинжлэлийн эргэлтэд оруулах талаасаа бодох юм бол их түвэгтэй л байна л даа. Их хүний бүтээлийг чанаргүй болгочихвол аймаар асуудал шүү дээ.

-Өө, тэгвэл ч ёстой нэг амьдын хар нүгэл гээч болох байх шүү…

-Тэрнээс би их айж байна. Яагаад гэвэл Монголын ард түмний оюуны цангааг тайлах их бүтээлийг би хорломооргүй байгаа байхгүй юу. Тэр бол надад хамгийн хүнд ачаа.

-Аав тань танд маш их хайртай байсан. “Хасар маань хэдэн ч удаа хагалгаанд орлоо” гэж цаанаа л нэг зовнингуй ярьж суусан нь нүдэнд харагдаж байна. Та одоо бие ямаршуухан байна. Хаана, юу хийж байна?

-Миний хувьд гэвэл аав минь надад хэзээ ч татгалзаж болохгүй агуу их албан тушаал өгсөн юм. Тэр бол яруу найрагч гэдэг албан тушаал. Энэ яруу найрагч гэдэг албан тушаал, яруу найргийн төлөө амьдрах миний хувь заяа байж.

Тэгээд энэ их хүний сүрэн дор би яруу найргийн буулган дор зүтгэнэ гэдэг маш хүнд ачаа. Өнөөдөр би аавынхаа бүх нооргийг янзлаад суусан ч насаараа янзлаад барахааргүй их юмны дэргэд сууж байгаа. Тиймээс ойрын үед аавынхаа номыг гаргах, ноорог эхийг нь янзлах тийм ажилтай л их сууж байна даа.

-Өөрөө 2003 онд “Зүг чиггүй гурвалжин” номоо гаргасан. Удаах номоо хэзээ гаргах вэ?

-Ганц хоёр шүлгийн ном, эсээний ном гаргана гэсэн бодолтой л байгаа.

-Ханиа алдахаас хэцүү зовлон хорвоод байхгүй. Баасан эгчийн бие лагшин ямаршуухан байна?

-Миний эжий бол бүхий л насаараа аавын минь дэргэд яруу найргаар амьдарсан хүн шүү дээ. Миний эжий ханьтайгаа учирснаас хойш тавин зургаан жилийн дараа ханиасаа бүртийгээд үлдэж дээ. Ийм их хугацаанд хамт амьдарсан ханиасаа хагацаад үлдэнэ гэдэг хэцүү. Миний эжийд нэг сайхан юм байдаг.

Миний аавын миний эжийд зориулж бичсэн шүлгүүд миний эжийг өнөөдөр амьд байлгадаг. Энэ их аз жаргал юм даа.

-Лхагвасүрэн ах айлын ганц хүү. Тэр хүнийг өнөр болгож өргөн дэлхийн энгээр хайрлана гэдэг ээжийн тань гайхамшиг л юм даа?

-Миний эжий арван гурав төрсөн байдаг юм. Тэгээд алдсан. Дөрөв таван үрээ алдаад, найман хүүхэд үлдсэн. Миний аавыг найм болтол үржүүлсэн ээжийгээ би хамгаас их хайрладаг.

-Баасан эгч “Хасар надтай хамгийн их адилхан” гэж бахархдаг юм билээ шүү?

-Харин тийм. Царайны хувьд их адилхан. Аав минь хүртэл “Чи өөртэйгөө хамгийн адилхан хүнээ загнах юм” гэж ээжид хэлдэг байсан. (Хөгжилтэй инээв. Л.Б)

-Яруу найргийн ертөнцөд сайхан андалж нөхөрлөж явсан найз нөхдийнхөө тухай дурсаач!

-Түрүү жил миний хувьд бол хамгийн хүнд жил байлаа. Миний хамгийн хайртай анд Лхамсүрэнжавын Ганзул, хайртай ах Арлааны Эрдэнэ-Очир… Агуу их ертөнцийн жамын өмнө сөгдсөн өдрүүд байсан. Би тэрэнд харамсдаг. Хэрвээ тэр залуус байсан бол Монголын уран зохиолд маш их юм хийх байсан гэж би одоо харамсаж сууна.

-Ганзул та хоёр ч оюунтан байхаасаа л ишигний эвэр шиг ижилдэж явсан даа?

-Бид хоёр чинь хүүхэд байхаасаа л нийлж нөхөрлөсөн. Нэгнээ нөмөрлөсөн. Хоёулаа хөтлөлцөөд гүйдэг байсан. Хүмүүс миний бичсэн шүлгийг мэдэж болно. Зул бид хоёрын хөтлөлцөөд нөхөрлөж явсан цаг хугацааг бол хэн ч тооцоолж чадахгүй.

-А.Эрдэнэ-Очир анд та хоёр ч их ойрхон байсан байх шүү?

-“Цог” сэтгүүлд нэг хамт олон болж хэдэн жил сайхан ажиллаж явсаан. Тэр цаг хугацаа миний амьдралд хамгийн гэгээн цаг хугацаа байсан байх. Аав минь “Цаад Арлааны Эрдэнэ-Очир чинь шүдээ урдаа овоолчихоод явж байна уу” гэдэг байсан юм. Шүдээ урдаа овоолчихсон ахтайгаа, хоёулаа байхуу цай бариад хүн шоолоод явдаг байлаа даа. Би тэгэхдээ ганцхан юмыг одоо болтол ойлгодоггүй юм.

Эрдэнэ-Очирын хүнийг шоолохдоо хүртэл хайрлаж чаддаг тэр хайрыг би ойлгож чаддаггүй юм. Энэ яруу найрагчийн мөн чанар юм бол уу гэж түүгээр нь би одоо бахархдаг. Ямар зөөлхөн, ямар ухаалаг хүн байсан билээ. Тэрийг нь бодохоор харамсаад баршгүй байдаг юм.

-Аав чинь гарын таван хуруу шиг сайхан нөхөдтэй хүн дээ?

-Жагдалын Лхагваа ах, Д.Урианхай ах, Л.Дашням, Дармын Батбаяр ах, аав эд нар гарын таван хуруу шиг явсан найзууд аа. Монголын уран зохиолыг үүрсэн цаг хугацаа нь тэр. Монголын уран зохиолыг хамгийн өндөрт өргөж явсан хүмүүс бол энэ тав шүү дээ. Эд бол үнэхээр гавьяатай хүмүүс, яагаад гэвэл кирилл үсгээр бичигдсэн Монголын уран зохиолыг шинэ төвшинд гаргасан гэж би бардам хэлж чадна.

-Аав чинь өөрт чинь олон шүлэг зориулсан байдаг уу?

-Би айлын долоодахь хүүхэд юм. Аав ээж хоёр минь намайг айлын отчиган болно гэж бодож. Эжийг Герман руу хоёр гурван сараар сургалтад явах хойгуур би хатгаа тусаад тэгээд намайг их эрхлүүлсэн юм гэнэ лээ.

Аав маань надад зориулж “Уянгын тойрог” шүлгээ бичээд, анхны номоо ч энэ шүлгээрээ нэрлээд “Хүү минь яруу найрагч болоосой доо” гэж хүсэж байсан байдаг юм. Гэтэл муу хүү нь олигтой яруу найрагч болж чадсангүй дээ. Тэрэндээ л би их харамсдаг юм. “Сайн яруу найрагч болж аавынхаа ачийг нэг хариулах юм сан” гэж би өдөр болгон бодож явдаг юм.

-Өөрийг чинь сайн яруу найрагч гэх уншигчид олон бий. “Болор цом”-ын тэргүүн шүлэгч боллоо. Ер нь аавынхаа ачийг хариулах хэмжээний нэртэй, мөртэй яваа юм биш үү?

-“Болор цом” бол яруу найргийн хэмжүүр биш шүү дээ. Яруу найраг гэдэг бол хүний сэтгэл зүрхэнд орших, хүний сэтгэлд хамгийн ойрхон юмыг яруу найраг гэдэг байх. Хүн шиг хүн байж чадахгүй бол яруу найрагч гэгдэх эрхгүй. Хүн чанар гэдэг л явж явж хамгийн гайхамшигтай бүтээл юм даа. Монголчууд бид цөөхүүлхнээ шүү дээ. Нэгнийгээ хайрлахгүй юм бол энэ ертөнц юу юм бэ гэдгийг л би олж харсан.

-Таны ойрын үеийн бодол мөрөөдөл юу байна?

-Аавынхаа бүтээлүүдийг бүрэн ботилох юм сан гэсэн бодол бий. Дор хаяж арван хэдэн боть болох төсөл хэрэгжих байх.

Хасар маань амьд ахуйдаа аавынхаа ботиудыг хэвлэлд бэлдэж, “Морин зэрэглээ” хэмээх томоохон түүврийг нь уншигчдын оюуны алганд тавьсан билээ. Яруу найрагч Л.Хасарын шүлгүүдээс хүргэе!

* * *
Гадас гороолох нохой шиг
Амьдрал дунд
Гинжтэй
Хүмүүсийн тойрогт
Хөл дүрэн
Өдөр шөнийн тэгийг
Газарт дугуй зурж
Тэнүүчлэх хүмүүсийн дунд
Дугуй зурж
Эцэс төгсгөлгүй энэ дугуйг даган
Би хүмүүсийн дунд явна
Би энэ хүмүүсийн
Эхлэл сэн билүү…
Төгсгөл сөн билүү…

* * *
Буцах шувуудыг гарч бүү үд
Уулнаас тэд салж ядан байгаа
Чамайг уул гэж андуурч мэднэ
Буцах шувуудыг гарч бүү үд
Буцах шувуудыг инээж бүү үд
Холдож салахын гунигт автсан тэдэнд
Хорсмоор харагдана
Буцах шувуудыг инээж бүү үд
Буцах шувуудыг уйлж бүү үд
Чамаас ус үнэртэнэ
Чамайг усаа гэж эндүүрч хоргодно
Буцах шувуудыг уйлж бүү үд

          ГУТАЛ

Томдсон гуталтай нэг хүү
Гудамжнаас сэрж байдаг
Тоомсоргүй ихэмсэг жаргал дундуур
Гунигтай алхаж явдаг
Атаа шатсан өлөн нүд нь
Нулимсаар цаддаг
Унах нулимс болгоныг нь
Гутлын нь хоншоор залгилж
Үргэлж нойтон гуталтай явдаг
Томдсон гуталтай хүү
Гудамжнаас сэрж байдаг
Тоомсоргүй ихэмсэг жаргал дундуур
Гунигтай алхаж явдаг.

         ХАЙР

Миний хайр улаан өнгөтэй
Кармений даашинз шиг
Галзуурсан бухын нүд шиг
Миний хайр хөх өнгөтэй
Үзэгний бэх шиг
Тэнгэр шиг хөх
Миний хайр шар өнгөтэй
Хамба ламын дээл шиг
Хар тамхины цэцэг шиг
Миний хайр ногоон өнгөтэй
Усны замаг шиг
Ногоон дарь эх шиг
Миний хайр хар өнгөтэй
Хэрээ шиг
Шөнө шиг
Миний хайр
Солонгийн долоон өнгөтэй
Миний хайр солонго шиг
Тэнгэр мэгшсэний дараа
Энд тэндгүй татдаг.
Миний хайр
Солонгийн долоон өнгөтэй
Миний хайр
Солонго шиг хоосон

      ХАГАЦАЛ

Чи шатаж байсан
Чиний амьсгаа хүртэл шатаж байсан
Шатсан мод шиг сормуус чинь
Хацар дээр чинь унаж
Шатаж байсан…
Нээрэн чи шатаж байсан.
Нийлээд бид хоёр шатаж байсан.
Нуухын аргагүй асаж байсан.
Нурам болтлоо цогшиж байсан.
Даарсан хагацал
Дэргэд
Дагжиж байсан…

          ХӨГШИН МОДОН ГҮҮР

Хөгшин модон гүүрэн дээр
Халтар сар зогсоно.
Хүний мөр битүү,
Сүнс гишгэх зайгүй…
Хөгшин модон гүүрэн дор…
Үргэлж салхитай
Гиншинэ…
Хөгшин модон гүүрэн дээр
Халуун нар зогсоно
Хүйтэн усанд дүрээстэй
Хөгшин гүүрний мод
Сөөнгө хоолойгоор
Хяхатнана…
Модон гүүрэн дээгүүр
Монголын үзэл зөрөлдөнө.
Усандаа багадсан гүүр байсан
Гүүрэндээ багадсан ус болсон
Мөлжсөн яс шиг
Хөгшин модон гүүрэн дээр
Тэнгэр зогсоно.
Тэнд хүний мөр битүү
Хойт нас гишгэх зайгүй.

         ХҮСЭЛ

Хүн болгон нисдэг болохоор нь
Шувуу болохыг хүсдэг
Би бас л адилхан
Шувуу болохыг хүсдэг…
Гэхдээ би
Нисдэггүй шувуу болно
Эх газрын шороог
Ходоодондоо тээгээд
Дааж нисдэггүй
Ийм л
Шувуу болно.

          СҮҮДЭР

Нарнаас би өглөө болгон хождож сэрдэг
Нойрмог босоод
Үнгэж зүүдэлж хоносон
Жижигхэн сүүдрээ чирээд…
Хүмүүсийн дунд би урсдаг…
Үргэлжлэн цувах хүмүүсийн дунд
Сүүдрээ чирээд…
Үдэш болтол тэнэдэг
Хүмүүсийн сүүдэр
Сүүдэр дээрээ давхацдаг…
Бие биенийхээ сүүдрийг
Битүүхэндээ тэд хэмжицгээдэг…
Үүрэглэж байсан болжмор
Сүүдрээс минь цочин нисэхэд
Өөрөөсөө том сүүдрээ би хардаг
Өөрийнхөө сүүдэр дээр өөрөө гишгэдэггүй
Сүүдрээ чирээд…
Цагаан гэгчийн орондоо
Хар сүүдрээ дэвсээд
Цагаан зүүд үздэг
Сүүдрээ чирээд…

- Сурталчилгаа -spot_img

2 СЭТГЭГДЭЛ

  1. фитнесээр хичээллэж биеээ хүн шиг болго Тахиа боллоо наад бие чинь тамхиа хая Үхсэн хүнийг дуриаж тамхи татаад буруууууу

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img