2024-11-22, Баасан
4 C
Ulaanbaatar

The Insider: ОХУ-д дайнаас үүдэн оршуулгын бизнес цэцэглэж байна

Урд хөршид. Цар тахал дэгдсэнээс хойш гурван жил орчмын хугацаанд хатуу хөл хориотой байсан хятадууд “тэсэрч”, жагсан, эрх баригчдынхаа шүүмжилсний хүчинд хөл хорионоос гарч чадсан ч энэ хугацаанд сүргийн дархлаа тогтоогүйн улмаас ковид дахин газар авч, нас баралт эрс нэмэгджээ. Ингээд эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, чандарлах газрууд хоногийн 24 цагаар ажиллаж байгаа ч талийгаачдаа хөдөөлүүлэх гэсэн хятадууд олон хоног, сараар хүлээж, авс ч олдохгүй үнэ нь хэд дахин нэмэгдсэн талаар олон улсын хэвлэлүүд бичжээ.

Хойд хөршид. Хятадад ковидоос үүдэлтэйгээр чандарлах газрууд ачааллаа дийлэхгүй байгаа бол хойд хөрш Орост дайнаас үүдэлтэйгээр оршуулгын бизнес цэцэглэж байгаа гэнэ. Энэ талаар The Insider сонины нийтлэлд өгүүлжээ.
“Оршуулгын үйлчилгээний бизнес төрийн дэмжлэгтэйгээр ихээхэн цэцэглэж байна. Эхлээд коронавирустэй тэмцэх төрийн бодлого туслав /2021 онд Орост хөл хорио тавиагүй байх үед ковидоос үүдэлтэйгээр өдөрт бүртгэгдэх нас баралтын тоогоор дэлхийд нэгдүгээрт орж байсан/, харин 2022 оноос Оросын гадаад бодлого туслалаа” хэмээн The Insider-ийн нийтлэлд өгүүлжээ.

Сонинд онцолсноор, ОХУ-ын Краснодарын хязгаарт “Вагнер” хувийн цэргийн компанийн оршуулгын газар дахь булшны тоо сүүлийн хоёр сарын хугацаанд долоо дахин өссөн гэнэ.

Сонины сурвалжлагчид туршлагатай танатопрактик буюу талийгаачдын нүүрийг засаж янзалдаг мэргэжилтэн Максим Колесовтай уулзан, оршуулгын үйлчилгээний салбарын нөхцөл байдлын талаар ярилцжээ.
Тэрбээр дайн эхэлсний дараа амиа алдсан цэргүүдийг үдэх ёслолд сайн дураар оролцон, туслаж байгаа аж.


“Шинэ Москва дахь гашуудлын танхимаа үнэгүй ашиглуулж байгаа. Цогцосыг сэргээх үйлчилгээ үзүүлсний төлөө ч мөнгө авахгүй. Бидний талаар олж мэдсэн хүмүүс утасдаж, нисэх буудал дээр ирсэн ачаа -200-г ар гэрийнхэнтэй нь хамт тосож, хайрцагийг нээн, цогц таних, оршуулах ажилд туслахыг гуйдаг” хэмээн Максим ярьжээ.

Өмнө нь Орост цэргийн сөргөлдөөнд оролцож амиа алдсан хүмүүсийг битүү авсанд оршуулдаг байж. Харин сүүлийн жилүүдэд цогцосонд засвар хийх нь ердийн үзэгдэл болжээ. Тиймдээ ч Украинд амиа алдсан хүмүүсийг “сайхан зүс царайтагаар” оршуулахыг хичээдэг болсон гэх. Ийм үйлчилгээний төлөө улсаас нөхөн төлбөр өгөхгүй, харин зарим гэр бүл талийгаачаа оршуулахын тулд зээл авч байгаа тул Максим Колесов өөрт нь хандсан хүмүүст үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байгаа аж.
Түүний ажил амаргүй. Авсны ил гарсан хэсэгт харагдах нүүр, гарыг хэсэг хэсгээр нь эвлүүлэх нь ч бий. Үйрсэн ясыг эвлүүлж, шархыг тусгай лаагаар нөхнө. Зарим хүндхэн ажилбар 12 цаг ч үргэлжилнэ.
“Анх ихэнх цогцос сумны шархтай, зарим үед мэргэн буудагчийн суманд оногдсон ирдэг байсан. Дараа нь том калибрын суманд амиа алдсан хүмүүсийн цогцос ирэх болсон. Үүний дараа минометийн шарх, дараа нь пуужингийн цохилтоор амиа алдсан хүмүүсийн цогцос ирэх болсон. HIMARS бол замдаа таарсан болгоныг шүршдэг, үүнд оногдсон бүхэн шүүрийн шанага шиг л болдог юм билээ” хэмээн Максим ярьжээ.
Сүүлийн үед ирж байгаа цогцос аймшигтай болж байгаа талаар Борис Якушин ч ярьсан байна. Тэрбээр Новосибирск хотын чандарлах газрын эзэн, жил бүр “Некрополь” хэмээх оршуулгын үйлчилгээний үзэсгэлэн зохион байгуулдаг хүн.
Дайн эхэлснээс хойших эхний саруудад “цогцоснууд хэвийн байдалтай” ирж байсан бол зунаас “авах юмгүй болсон”, өвөл болж, цаг агаар хүйтэрсэнтэй холбоотойгоор цогцос хадгалахад амар болж, байдал дахин сайжирсан гэж тэрбээр The Insider сонинд ярьжээ.
Цогцос муудахын хэрээр засаж, янзлах үйлчилгээний эрэлт нэмэгдэнэ. Үүнийг дагаад энэ төрлийн мэргэжилтний эрэлт хэрэгцээ нэмэгдэх нь тодорхой. Цогцос бэлтгэдэг, Оростоо ихээхэн нэр хүндтэйд тооцогддог Дмитрий Евсиковын өгүүлснээр, сүүлийн үед энэ мэргэжлийг сонирхох хүн олширсон гэнэ.
“2022 онд хэд хэдэн удаа сургалт зохион байгуулахад анх 3-4 хүн л ирдэг байсан бол одоо 18-25 хүн ирж байна. Ихэнх нь цогцос хадгалах газрын ажилтнууд байдаг. Үүний зэрэгцээ өмнө нь нүүр будагч, гоо сайханч, үсчнээр ажиллаж байсан хүмүүс ч байдаг” хэмээн Дмитрий өгүүлжээ.

Цэргүүдийг хэрхэн оршуулдаг вэ?
Новосибирскийн чандарлах газарт 500 хүний багтаамжтай тусгай цэргийн хэсэг нээхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ санааг 2019 онд гаргасан ч чухамхүү одоо цаг үе нь ирсэн гэж эзэд нь үзэж байгаа аж. Харин энэ танхимд Оросын түрэмгийллийн бэлгэдэл болсон Z, V үсгүүдийг байршуулахаар төлөвлөөгүй, ар гэрийнхэн нь хүсвэл нэмэлт чимэглэл болгон ашиглаж болно гэж чандарлах газрынхан ярьжээ.
Ер нь ч өнөөгийн дайны бэлгэдэл болсон энэ латин үсэг оршуулгын ёслолд нэг их түгээмэл ашиглагдахгүй байгаа гэнэ. Мөн энэ онд Орост цэргийг оршуулах протокол бага зэрэг өөрчлөгджээ. Өмнө нь төрийн далбааг АНУ-ын адилаар гурвалжилж эвхэн авсан дээр тавьдаг байсан бол одоо дөрвөлжилж эвхдэг болсон байна.Дараа нь далбааг ар гэрийнхэнд нь өгч, эсвэл булшин дээр нь орхино.

Оросын хувийн цэргийн компани болох “Вагнер” компанийн хувьд оршуулга бүр онцгой. Энэ компанийн удирдлага талийгаачдыг нэн хүндэтгэлтэй оршуулах журам боловсруулж, төлөөлөгчдөөрөө дамжуулан орон нутаг руу зааварчилгаа илгээх бөгөөд оршуулгын газарт тусгай хэсэг гаргуулж, ёслолын буудлага буудах бүлгийг авчирдаг аж. Вагнер компани 2022 оны зунаас эхлэн Оросын бүс нутгуудын оршуулгын газруудад тусгай хэсэгтэй болсон бөгөөд энэ компани Горячий Ключ гэх газарт хөлсний цэргүүдээ оршуулдаг өөрийн гэсэн оршуулгын газартай аж. Тэнд нь сүм, хоёр хөшөө байдаг гэнэ. Өнгөрсөн оны 12 дугаар сард энэ оршуулгын газарт зай үлдээгүй тул үүнээс 18 км зайд шинээр оршуулгын газар бий болгожээ.

Харин Оросын армийн тухайд, цэргээ оршуулахад Батлан хамгаалах яамнаас дөрвөн хүндэт харуулыг суулгасан автобус илгээнэ, харин офицерыг оршуулж байгаа бол орон нутгийн захиргаанаас төлөөлөгч оролцоно. Авсыг булш руу хийхээс өмнө ёслолын буудлага буудна, харин чандарлаж байгаа үед бүх хүн салах ёс гүйцэтгэж, гадаа гарсны дараа ёслолын буудлага буудна.

Чандарлах газрууд геометрийн хурдаар нэмэгдэж байна
Орос дайн өдүүлснээс хойш цэргийн хохирол ихээр амсаж, оршуулгын бизнес цэцэглэж, чандарлах газруудын тоо эрс нэмэгджээ.
“Оросын чандарлах газрууд геометрийн хурдаар нэмэгдэж байна_ өнгөрсөн онд гэхэд л таван газар шинээр нээгдсэн. Чандарлах хэрэгцээ эрс ихэссэн цар тахлын үед анх ийм газрууд олноор байгуулагдаж эхэлдсэн юм.Түүнчлэн хөрсөнд нутаглуулах гэхээр газар ч олдохоо байсан. Чандарлах газрыг 8-10 сарын хугацаанд барьчихна. Тиймээс зарим газрыг Украинд байлдааны ажиллагаа эхлүүлсний дараа барьж эхэлсэн. Энэ бол маш сайн хөрөнгө оруулалт, чандарлах газар 3-5 жилийн дотор зардлаа бүрэн нөхдөг” хэмээн Дмитрий Есиков ярьжээ.

Орост нийт 33 чандарлах газар байдаг, гэхдээ эдгээр нь ачаалал ихтэй, тиймээс шинээр нээх хэрэгцээ улам бүр нэмэгдэж байгаа гэнэ.

Оршуулгын бизнест хориг нөлөөлсөн нь
Өмнө нь Чехээс чандарлах зуух авдаг байсан ч дайн эхэлснээр хоригт өртөж, чехүүд Орос руу энэ төрлийн тоног төхөөрөмж нийлүүлэхээ зогсоожээ. Тиймээс өөр нийлүүлэгч олох шаардлагатай болсон Оросын чандарлах газрууд Хятадаас чандарлах төхөөрөмж авах болсон гэнэ. Хятадын чандарлах зуух дөрөв дахин хямд.

Мөн цогцос засаж янзлах үйлчилгээ ч хориг арга хэмжээний цохилтод өртжээ. Өмнө нь Англи, АНУ-аас бүтээгдэхүүн авдаг байсан бол хоригт орсноос хойш Америкаас бүтээгдэхүүн авах боломжгүй болсон мэргэжилтнүүд гар доорх материал, энгийн гоо сайхны /амьд хүмүүст зориулсан/ бүтээгдэхүүн ашиглах болсон гэнэ.
Энэ төрлийн мэргэжилтэн Максим Колесовын өгүүлснээр, Новосибирск хотноо импортыг орлох үйлдвэр бий болсон бөгөөд энэ үйлдвэрт шингэн барьдаг бэлдмэл, энгэсэг, хиймэл нүдний бүрхүүл үйлдвэрлэх болжээ. Үйлдвэрийн бүтээгдэхүүн сард 1000 орчим багц зарагддаг аж.

Оршуулгын бүтээгдэхүүн дундаас хамгийн хүнд цохилт амссан нь булшны хөшөө. Энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгчдийн өгүүлснээр өмнө нь Хятад улс хөшөө нийлүүлэх гол нийлүүлэгч байжээ. Гэсэн ч цар тахлын улмаас хил хаагдаж, одоо ч бүрэн сэргээгүй байгаа тул булшны чулуу хомстолд орсон байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img