2024-12-21, Бямба
-15 C
Ulaanbaatar

Л.Мягмарсүрэн: Оюун ухаан бол газар дэлхий, сэтгэл зүрх харин тэнгэр огторгуй юм

-“Мягмарсүрэнг сэтгэл зүрхний оройн чимэг яруу найраг гэдэг мэргэжил сонгож авчээ” гэсэн Явуу багшийнхаа үгэнд би их хөөрсөн-

Их зохиолч Д.Нацагдоржийн болон Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт яруу найрагч Бэсүд овогт Ламжавын Мягмарсүрэн 2022 оны арванхоёрдугаар сарын 3-нд бурхан болж Монголын утга-соёлын ертөнц гүн их уй шаналанд автаж билээ. Найрагч ах минь тэр өдөр “Ах нь 105 насална. Чи харж л байгаарай” гэж хөхиүн цайлганаар инээмсэглэн хэлж байсан ч үдшийн бүрий буух цагаар өнчин бядуу дүүгийнхээ өвөр дээр цал буурал үсээ намируулан дэрлэсэн тэргүүнээ ахин өндийлгөөгүй нь юутай гунигтай.

Мяагаа ах минь 1954 онд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нутаг Залаат улаан толгой гэдэг газар төрсөн бага, дунд сургууль, Анагаах ухааны дээд сургууль төгсөж, эмч мэргэжил эзэмшсэн хүн байлаа. Жаахан халамцуухан үедээ хүнтэй танилцахдаа “Арван жил онц, Анагаахын сургууль онц төгссөн эмч-сэтгүүлч-яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн” гэж нэг амьсгаагаар дуржигнуулдаг сан.

Шар МийгааДорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан, их соён гэгээрүүлэгч, билгүүн гүүш Мишигийн Цэдэндорж, төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдорж нарын гарын шавь эл эрхэм “Нацаг багш, Ри багш, Да багш” гээд ярихаар нь цаашлуулсхийж “Танаас өмнө төрсөн бүхэн таны багш байх юм аа” гэхэд тас тасхийтэл инээж “Монгол сайхан хэлээрээ туурвигч агуу бүхэн миний багш. Чи ч миний багш. Дэлхийн бүх яруу найрагчид миний багш” гэж бэлэн зэхээний хариу өгнө. Явуухулан багшийгаа бурхан болоход сандарч мэгдсэн гэргий хүүхдийг нь тайвшруулж сэтгэлийн дэм болж явснаа энгүүхэн хүүрнэнэ.

Монголын радиод сэтгүүлчээр ажиллаж байхдаа билгүүн номч Бямбын Ринчений тухай нэвтрүүлэг хийснээс болж төр засгаас шийтгэгдэн ажлаасаа халагдан Завхан аймагт нутаг заагдаж байснаа ер юу ч болоогүй юм шиг хуучлахад нь итгэх нэг хэцүү, итгэхгүй байх нэг хэцүү болно. Яагаад ч юм бэ, ахыгаа “Шар шавь жаахан давслаад л байна даа” гэхэд хамаг л бичиг цаасаа уудалж, нөгөө хэлмэгдэн халагдсан тушаалаа гаргаж ирж үзүүлнэ дээ.

Ах намайгаа “Төөрч төрсөн дүү минь…” гэж үргэлж хөөргөнө өө. Нэгэнтээ төрсөн өдрөөр нь ярилцаж суугаад мэндэлсэн оноо “1954 он” гэхэд нь “Ээжтэй минь чацуу хөгшин кобра байна ш дээ” гэхэд элгээ хөштөл инээж билээ. Учир нь Шар Мяагаа ах маань манай ерээд оныхонтой байтугай шинэ мянганыхантай ч үе тэнгийн “үхэр хонин жилтэн шиг” үе цаг харгалзахгүй үерхэж нөхөрлөдөг байсан хэрэг л дээ. Хүнд өгөхийн одонд төрсөн, бурханаас ч өглөгч хүн гэж байдаг. Ах яг л тийм “эрдэнэсийн сангийн даамал” байлаа. Ер юугаа ч үл хайрлан хүнд өгөх юмаа олж ядна. Гэрт нь зочилсон хүн бүхэн ахын ямархан өглөгч нэгэн байсныг хэлээд өгнө дөө.

Яруу найрагч Цэндийн Доржсэмбэ андыг манайд байхад америк савхин цүнх дүүрэн хувцас авчирч өгч байсныг миний бие гэрчилнэ. Хэнд ч жинхэнэ ковбой малгай, брэндийн савхин хүрмээ тайлаад өгөхөөс сийхгүй. Ямар сайндаа л гэртээ урьсан нэгэн найрагч бүсгүйд гэргийнхээ шинэ жилээр өмсөхөөр авсан туфлийг бэлэглэчих вэ дээ. Чимгээ эгч тэр үнэтэй гутлаа гэртээ хаа сайгүй хайсан ч яаж чиг олох билээ дээ.

Хэнтийн Батширээт, Биндэр суманд Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит “Онон хатан эжий” яруу найргийн наадамд хамт очлоо. Мяагаа ах багшийнхаа нэрэмжит шагналын эзнээр тодорч овоо хэдэн төгрөгөөр шагнууллаа. Шүлгээ уншчихаад тайзнаас буутал Мяагаа ах ойр хавьд байдаггүй. Гараад хартал ойролцоо дэлгүүрийн үүдэнд баахан хүүхдүүд шавууллчихсан бужигнуулж өгч байна шүү.

Шар Мийгаа

Яваад очтол шагналын боодолтой мөнгөө багсайтал атгачихсан цугласан жаалуудад хорин мянгатын дэвсгэртийг хоёр гурваар нь сугалан өгсөөр дуусгаж өгч байна шүү. “Хүүе, та минь юу болж байна аа” гэсэн өөдөөс “Багшийнхаа нутгийн хүүхдүүдийг баярлуулж байна” гэж байна. “Яана вэ, яанам ах минь, ядаж л маргааш шараа яаж тайлах гэсэн хүн бэ” гэвэл мөнөөх л цовоо цолгиун дуугаараа тас тасхийтэл инээж “Аялгуу шүлгээ дуудаж явахад алтанхан дарс хаанаас ч олдоно” гэж нэг их сүрхий афоризм хэлчихсэн хүн шиг бардамхан зогсож байсан нь эдүгээ ч нүднээ тодхон харагднам. Уг нь бол Чимгээ эгчид л хэдэн төгрөгтэй нь аваачаад тушаачих гээд байгаа хүн шүү дээ, “төөрч төрсөн дүү” нь.

За, тэр Сүхбаатарын талбай дээр гардаг номын баярын үеэр бол үүрч ирсэн хамаг номоо ёстой нэг хайр найргүй тараана даа, хөөрхий. Молхи дүүгээ “Хөдөлмөрийн хүндэт медаль” авсан өдөр хаа байсан Америк тивээс төрсөн дүү нь илгээсэн үнэтэй вискийг цагаан хадгийн хамт бариад “Өдрийн сонин”-ы хаалгаар зориод ороод ирж билээ. Энэ мэтээр түүний Соломон хаан шиг аягласан түүхийг өгүүлнэ гэвэл нэг байтугай нэлээд номын ч хэмжээнд хүүрнэн өгүүлэх хэрэг гарна.

Яруу найрагч, сэтгүүлч Л.Мягмарсүрэн “Урины шувуу” /1983/, “Өдөр бүр шинэ” /1989/, “Хас сар” /2006/, “Манан дунд адуу янцгаахуй” /2006/ анталоги, “Алганы хээ” /2008/, “Хөх дарс” /2009/, “Хэлбэр үгүй” /2010/, “Дотоод чинадын үзэгдэл” /2011/, “Шөнийн өвс” /2013/, “Тэнгэрийн нутаг” /2015/, “Шүлгүүд” /2017/, “Тэнгэрийн нүд” /2020/ зэрэг олон арван яруу найргийн ном хэвлүүлсэн билиг билигүүн төгөлдөр уран бүтээлч байлаа. Түүний шүлэг, сэтгүүлзүйн бүтээлүүд орос, англи, хятад, франц, япон, испани, итали, португал, чех, польш зэрэг олон хэл рүү орчуулагдаж, ном товхимол, эмхэтгэл сэтгүүлд хэвлэгдсэн.

Олон түмнээ “Шар Мяагаа” хэмээн танигдсан эрхэм найрагч ах маань шилдэг бүтээлүүдээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, МЗЭ-ийн шагнал, оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмын цом, Монгол хэлтэн яруу найргийн олон улсын наадмын тэргүүн байрын шагнал, “Улаанбаатар хотын шилдэг зохиолч” шагнал /2006/, М.Цэдэндоржийн нэрэмжит шагнал, Монголын үндэсний чөлөөт сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шагнал, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнуулсан байдаг.

Тэрбээр 2022 онд өөрийн багш, Монголын нэрт соён гэгээрүүлэгч М.Цэдэндоржийн 90 жилийн ойд зориулсан “Хуурын эгшиг” яруу найргийн наадмын тэргүүн цомыг хүртэж, “Болор цом-40” наадмын тайзан дээрээс эгшиглэнт шүлгээ түмэндээ толилуулж, шинэ номоо хэвлэлд шилжүүлэхээр бэлтгэж байлаа. Бэсүд Ламжавын Мягмарсүрэнгийн яруу найргийн түүврийг найрагчийн насны хань М.Чимгээ “Зүрхэн тольтын шүүдэр” нэрээр өнгөрөгч онд гаргаад байгаа билээ. Шар ахыгаа Д.Нацагдоржийн шагнал хүртсэн өдөр ийн хөөрөлдөж байсан минь түүх болон үлдэж дээ.

Шар Мийгаа

Battsengel Lkhagvasuren
Ардын уран зохиолч Т.Галсангийн 90 насны ойн эрдэм шинжилгээний хурлын үеэр. Л.Мягмарсүрэн, С.Оюун, Т.Галсан, Ж.Оюунцэцэг, Дан.Нямаа нар.

-Зохиолчдынхоо байгууллагын үүсэн байгуулагдсан өдөр их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналаар энгэрээ мялаалгасанд баяр хүргэе. Манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцаач?

-Хөх мөнх тэнгэр аав минь, хөрст этүгэн эх газар минь, наран аав минь, саран ээж минь, одон гараг ахан дүүс минь, долоон бурхан, нар, ус, агаар чандмань эрдэнэ минь миний хүн болж төрсний их хувь заяа юм. Тэргүүлшгүй, эгнэшгүй, сэтгэшгүйгээс төрөл аваагүй хүн гэж энэ орчлонд нэгээхэн ч үгүй юм гэнэ лээ.

Ааваас өдөөгдөөд, ээжээс бүрэлдээд хүний их хувь заяанд энэ сайхан цаг үед аж төрөөд, урлаг яруу найргийн сайханд сэтгэлээ ариусгах шиг гайхамшиг үгүй. Үүнийгээ түмэн олноороо хүлээн зөвшөөрүүлэх шиг сайхан юм гэж хаа байх билээ.

-Та “Урины шувуу” анхны түүврээсээ хойш өнөөг хүртэл жил бүхэн оюуны шандас чангарч ирсэн уран бүтээлч. Сүүлийн жилүүдэд гэхэд “Хас сар”, “Тэнгэрийн нутаг” зэрэг чансаатай бүтээлүүд туурвихдаа нэг ч шүлэг давхардуулахгүй бичсээр ирсэн онгод билигтэн. Зарим хүн “Яруу найраг бол залуу насны үйл” гэлцдэг. Тийн атал та ийм их онгод билиглүүн байдгийн нууц юундаа байна?

-Уран бүтээлч хүнд уншиж мэдэхийн их далай, туулсан аж төрөл, үүрсэн насаараа ухаажиж, мэргэжихийн гайхамшиг заяадаг. Жар хүрсэн энэхэн наснаас харахад би чин сэтгэл зүрхнээсээ аж төржээ. Маш шударга, үнэнч, харгүй аж төрөх шиг сайхан юм байдаггүй.

Хүн том эрх тушаалтай болж болно, мөнгөжиж хөрөнгөжиж болно. Хамгийн гайхамшиг нь л хүний бүтээсэн туурвил юм. Их сайхан сэтгэл зүрхтэй хүний голоор улаан цус, цагаан атаа урсдаггүй. Цагаан сүү урсдаг гэж л боддог. Оюун ухаан гэдэг бол газар дэлхий, сэтгэл зүрх бол тэнгэр огторгуй. Оюун ухаан хөлдүү, залхуудуу зүйл. Энийг гэсгээж байдаг зүйл бол сэтгэл зүрх. Хүн аливааг бодож хийдэггүй, сэрж мэдэрч хийдэг.

-Тэнгэрлиг найргийн бурхан болсон сайхан багш нарынхаа тухай дурсаач!

-Миний багш Мишигийн Цэдэндорж бол Монголын яруу найргийн үзэгдэл байлаа. Өнөөдөр би нэрэмжит шагналыг нь хүртээд байгаа их Нацаг багш, Явуу найрагч, Нямдорж багш, дорнын яруу найрагч Данзангийн Нямсүрэн нар бол дээдийн дээд ямар л тэнгэрээс ирсэн нь бүү мэд, тусгай тавилттай элчин хүмүүнүүд. Цэдэндорж багш бол номоор их эрдэмжсэн, цаг үеэсээ түрүүлж төрсөн хүн. Ийм гайхамшигт бурхад өөрийн цаг үеэсээ илүү хойч үеийнхээ цагийг эзлээд төрчихдөг.

Шар Мийгаа
Ардын уран зохиолч Ж.Саруулбуян, Л.Мягмарсүрэн нар. МЗЭ-ийн Нэгдсэн их хурлын үеэр. Төрийн ордон. 2022 он.

-Бэгзийн Явуухулан багш тань таны анхны номыг өндрөөр үнэлсэн гэдэг байх аа?

-Явуу багш “Урины шувуу” номын маань өмнө “Энэ хүүгийн авьяас эхнийхээ шүлгээс авахуулаад сүүлийн шүлгээ хүртэл улаан шугам нэвт гэрэлтэж байна” гэж урмын сайхан үгээ хэлсэн. “Хүргэн хүү” кинон дээр “Юм үзээгүй юм болохоор Дэмбэрэл их баярлаж байна лээ” гэдэг шиг багшийн үгэнд би магнай хагартлаа баярласан. “Мягмарсүрэн эмч мэргэжлийг шилэн сонгож авсан.

Харин Мягмарсүрэнг сэтгэл зүрхний оройн чимэг яруу найраг гэдэг мэргэжил сонгож авчээ” гэсэн нь надад их урам хайрласан. М.Цэдэндорж багш болохоор “Миний хүү хүний түрүүнд явна гэж битгий бодоорой. Сүүлд нь явна гэж бүү гундаарай. Дунд нь яваарай” гэж захиж байсан. Цэдэндорж багш минь “Өөрийн үеийн сайхан хүмүүстэй нэгэн цаг үед нэр төртэй аж төрөх шиг гайхамшигтай зүйл үгүй. Амьд хүнд хайр хэрэгтэй, тэнгэрт одсон хүнд алдар хэрэгтэй” гэдэг хүн байсан. Ямар ч агуу ухаантай хүн байсан юм.

Шар Мийгаа
Хөдөлмөрийн баатар Т.Галсангийнд гэргий М.Чимгээгийн хамт. 2022 оны аравдугаар сар

-Нямбуугийн Нямдорж багш тань юу гэдэг байв?

-Нямдорж багш “Мягаа миний дүү, агуу их Сартр чамайг хүлээж байна. Хүн ууланд мацсаар байгаад гарч болно. Уулнаас буух л хүнд байдаг юм шүү. Цэцгээ сайн услаарай. Чимэгээгээ сайхан хайрлаарай” гэсэн юм.

Мунхаг юм чинь би тэр үедээ сайн ойлгохгүй шүү дээ. Сүүлд бодоод үзэхэд “Шүлгээ сайн бичээрэй, ханиа сольж болохгүй шүү” гэсэн үг байсан юм билээ. Энэ гурван багшдаа мөргөж залбирч, шүлэг найргийг нь биширч явах юм. Их газарч хүн бол дандаа эргэж харж явдаг юм гэнэ лээ. Түүн шиг монгол эх хэл, соёлоо эргэж харж явсан хүн л мэргэдийн газарч болдог юм байна. Хүн өөрийгөө ачих нэг хэрэг. Үзэж туулсан, үетэн чацуутнаа авч явна гэдэг том юм байдаг юм байна. Хүн сэтгэл зүрхээ дарж бас асааж явах хэрэгтэй.

-Аавынхаа тухай яриач, та?

-Миний аав дөрөвдүгээр ангиа төгсөөд аймгийн сургуульд явах гэтэл өндөр эмээ маань бурхан болоод зургаан өнчин дүүтэйгээ хоцорсон юм билээ. Ээж нь гучин зургаахан насандаа бурхан болсон. Ингэж аав минь амьдралын төлөө зүтгэсэн байдаг. Өвгөн аав минь улаан бурхантсаны улмаас цоохор болсон нүүртэй Чулуун гэж хүн байсан. Сумандаа олон жил түрүүлсэн бөх хүн байж.

Манай өвөөгийнх эвэр нь хөхөрсөн ямаатай, тав зургаан мянган малтай айл байсан гэдэг. Хожим хөдөлмөрийн баатар болсон Тувааннайдан гэдэг хүний уруу татсанаар аав өвөөгийн тасалж өгсөн гурав, дөрвөн мянган малыг орхин жолооч болохоор шийдсэн юм билээ. Би, миний бүсгүй дүү хоёр төрчихсөн үе. Тэр үед жолооч болно гэдэг жил зургаан сар сурдаг байж. Өвгөн аав аавыг шилдэн, адууны хомоол аманд нь бариад “Ламжав аа, чам шиг ардаа нүдгүй хүн жолооч болдоггүй юм” гэж байсан байдаг. Аав сумын начин цолтой хүн байсан мөртлөө аавдаа тэгж шилдүүлж байсан гээд бод доо.

Би хөгшин аавтайгаа мал маллана. Бичгийн нуруу гээд зөөлөн баргилттай сайхан ууланд хүйтэнд хөмөн гуталтай, хөдсөн дээлтэй хүн болж өслөө. Тэр үед бээлий ч байхгүй. Үнэгэн сүүл ханцуйндаа хийгээд малд явна. Билүүний зөөлөн баргилтаар юм сийлэх дуртай хүүхэд байлаа. Өнөөдөр хөдөөнийхөн мотоциклиор малаа хариулж байна. Монгол хүн морьтойгоо байж байж л Монголоороо үлдэнэ дээ.

-Таны гадаад төрх европжуу шүү. Арай гадны цус хольцтой юм биш биз?

-Манай өвгөн аав холын цустай хүн байсан байж магадгүй. Миний удамд зэрэг зиндаа өндөр тайж угсаатай хүмүүс ч байсан. Бас орос, герман хэлтэй хүн ч байсан юм билээ. Миний удамд соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Сономын Лочин, генерал Пүрэвдорж, соёлын гавьяат зүтгэлтэн, их зохиолч Санжийн Пүрэв баавай нар бүгд орно. Манай удмынхнаас хамгийн алдартай хүн бол ээжийн хамаатан Ама Бямбадорж байна. Амагийн ээж Мягмарсүрэн бид хоёр үеэлүүд болоод нэр нэгтэй. Бөхчүүд олон байдаг. Би ч бас залуудаа барилдаж, уулын спортоор хичээллэдэг байлаа.

Шар Мийгаа

-Таныг хүүхэд байхад чинь юу гэж хочилдог байв?

-Намайг “Ногоон муур” гэдэг байсан. Энэ хочиндоо их дургүй байсан. Чимэгээ эгч нь яаж намайг тоосон юм бол одоо ч гайхаж л байдаг юм.

-Чимэгээ эгчид та “Болор чулуунд туссан сарны гэрэл адил” хэмээх алдарт шүлгээ уншиж өгсөөр байгаад уяраагаад аваад суучихсан юм биш үү?

-Тэр шүлэг чинь яах аргагүй миний залуу насны сэтгэл зүрх шингэсэн бүтээл л дээ. Залуучууд цээжээр их унших юм билээ.

-Та тэр шүлгээ нэг сайхан бүтэн уншаад өгөөч?

-“Болор чулуунд туссан сарны гэрэл адил үнэн болоод хуурмаг
Үзэсгэлэн гоог чинь тэнгэрт өргөн биширч
Чамтай дэр хуваан үсийг чинь илбэх хайр, хүсэлдээ уягдан
Цонхны чинь доор тамхи татан, татан холхиход
Сүүдэр минь надаас уйдаж
Шөнийн харанхуйд нөхцөн алдарнам.
Чиний инээд үдшийн агаараар улаалан ирж
Миний сэрэхүй бүхнийг гижигдэн эрхэлнэ.
Чиний инээдний сайханд
Өрөөний чинь цонх ч
Өөрийн эрхгүй баясан инээх шиг санагдана.
Чамайг элэгдэшгүй хайраараа өлгийдөн тэвэрч
Чиний инээдийг салхинаас булаан газарт хүргэлгүй
Зүрхэндээ тосон авч, сэтгэлийнхээ хөрсөнд цацлаа.
Чанад итгэлээ өвөртлөн, үдшийн гэгээг уяртал
Чамайг бодлоороо энхрийлэн дурлалыг амталлаа.
Энэхэн биений минь эснээс нэг нэгээр нь тээн
Эргэлтгүй одох цагийг үрснээ би цагаатгалаа.
Болор чулуунд туссан сарны гэрэл адил үнэн болоод хуурмаг
Үзэсгэлэн гоог чинь тэнгэрт өргөн биширч
Чамтай дэр хуваан үсийг чинь илбэх хайр, хүсэлдээ уягдан
Цонхны чинь доор
Тамхи татан, татан холхиход
Сүүдэр минь надаас уйдаж
Шөнийн харанхуйд нөхцөн алдарнам” гэсэн шүлэг л дээ. Чимэгээдээ залуудаа үүнээс ч сайхан шүлэг олныг зориулж явсан даа.

Шар Мийгаа
Л.Мягмарсүрэн, Л.Батцэнгэл нар. МЗЭ-ийн Нэгдсэн их хурлын үеэр. Төрийн ордон. 2022 он.

-Төрийн шагналт зураач Шүнгийн Тэнгисболд таныг “Зуун айлын атаман байсан” гэж байсан. Уг нь таныг харахад их л зөөлөн хүн шиг санагддаг даа?

-Аравдугаар ангиа онц төгсөөд Анагаахын сургуульд орж, цэрэгт татагдан Цог генералын хүү Геннадийгийн удирддаг О65 дугаар ангид алба хаасан юм. Хүүхэд насанд хүн бүхэн л зүггүй байдаг даа. Харин сургууль соёл, цэрэг цуухаар явахаар томоождог юм байгаа биз дээ. Эрдэм номын гэрэлт багш нарын минь ч ач гавьяа байсан байж таараа. Анагаахын дээдэд сурч байхдаа Одончимэг гэж бүсгүйд дурлалаа.

-Та одоо анхны хайраа тэгж шулуухан ярьж болж байгаа юм уу?

-Одончимэг гэж одоо Дарханд их сайхан бүсгүй байгаа. Залуу насны гэрэлт учрал сайхан л даа. Түүнээс хойш Чимэгээ эгчид нь үнэн голоосоо дурлаж, өдөр бүхэн тэмдэглэл хөтөлж, шүлгээ зориулсаар авч суусан даа. Ийм сайхан бүсгүй миний хань болно гэж залуудаа итгэж чадахгүй л явсан даа. Өнөөдөр хэдэн сайхан үрийн эжий аав болоод сайхан л амьдарч явна.

Шар Мийгаа
“Гал” нэгдлийн найзууд. Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар, Г.Мэнд-Ооёо, яруу найрагч Л.Мягмарсүрэн нар

-“Гал” нэгдлийнхээ талаар дурсаач?

-Манай “Гал”-ынхан Гомбожавын Мэнд-Ооёогийнхоо хадам аав, ээж хоёрт насаараа баярлаж явах сэтгэлийн өртэй хүмүүс. Бат-Очирын Сундуй гэж сайхан яруу найрагч байлаа. Яруу найрагч Дагвадоржийн Цогт, төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбар, Дорнын их яруу найрагч Данзангийн Нямсүрэн, соёлын гавьяат зүтгэлтэн Жүмпэрэлийн Саруулбуян, Үржингийн Хүрэлбаатар, Шагдарсүрэнгийн Гүрбазар, төрийн сүлдний зураач Ойдов, доктор Ядамбатын Баатар, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт орчуулагч, яруу найрагч Жамсрандоржийн Оюунцэцэг бид “Гал” бүлгэмдээ бие биеэ сайхан ирлэж өдий зэрэгтэй болцгоосон. Шүлгийг өдөрт арав хориор нь бичдэг байлаа. Нэгнийгээ урамшуулахдаа ч урамшуулж, шүүмжлэхдээ ч зад шүүмжилнэ. Бид ийм л найзууд байсан даа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img