2024-12-27, Баасан
-28 C
Ulaanbaatar

Харүмафүжи-гийн ээж Ц.Мягмарсүрэн: Бид чинь Богд хаант Монгол Улсын Шадар сайд Базарваанийн удам угсааныхан

Японы сумогийн 70 дахь их аварга Харүмафүжи Ама Бямбадоржийн ээж Монгол Улсын гар бөмбөг, сагсны спортын мастер Цоодолын Мягмарсүрэнтэй уулзаж хөөрөлдлөө.

-Бид Тарган баатар вангийн удмын язгууртан угсаатнууд юм билээ-

-Та Алтай сайхан нутгийн охин юм байна. Хэдэн жилийн дараа нутагтаа ирэв?

-Миний ээжийн аав Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул хүн. Хан Алтайн Баян-Уул хайртай сайхан нутагтаа 58 жилийн дараа ирлээ. Нутаг ус минь намраараа налайсан ая зантай, наларсан борог өвсөө шаргалтуулан налайж угтлаа. Энэ жил манай Баян-Уул суманд цас их унасан ч одоо хайлаад нар сайхан гарвал ногоо ургахаар болсон байна. Өнгөрсөн намар говь руугаа бүр ногоо хэнзлээд ногоорчихсон байхад цас орсон. Тэр нялх ногоон өвс одоо цасан доороос тэр хэвээрээ гарч ирж байна гэж байна шүү дээ.

-Баян-Уул сум таны ээжийн нутаг байх нь ээ?

-Миний ээж Чулууны Анхүү гэж нутаг усандаа сайхан хүүхэн хэмээн шагшигддаг хүн байсан даа. (Бахархалтайгаар инээв. Л.Б)

-Их зохиолч Д.Нацагдоржийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, “Улаанбаатар хотын шилдэг зохиолч” өргөмжлөлт яруу найрагч, Монголын радиогийн нэрт сэтгүүлч асан Ламжавын Мягмарсүрэнгийн нэрэмжит “Урины шувуу” хүүхдийн яруу найргийн наадамд та уригдаж ирж. Олон түмнээ “Шар” хэмээн алдаршсан нэрт найрагч та нар хамаатан садан улс уу?

-Манай аав, ээжийн талд хоёр Мягмарсүрэн байдаг. Тэр хоёр чинь хоёулаа Том Мяагаанууд. Би болохоор жоохон Мяагаа нь байгаа юм. Мяагаа ахын аав Ламжав ахыг бид “Анжүүжаа” гэж авгайлдаг. Анжүүжаа маань Чулууны долоон хүүхдийн ууган хүү юм. Дараад нь Дайрыжав эгч, Содном эгч, тэгээд манай ээж Анхүү, тэрний дараагийн дүү нь Нордонсүрэн, Нямдорж, отгон дүү нь Цэндсүрэн гэсэн ах дүү долуулаа улс л даа. Одоо энэ ах дүү долоогоос бид “Цагаан эгч” гэж авгайлдаг Нордонсүрэн нагац маань 86 настай сайхан буурал энх эсэн байна даа.

Ама ээж
“Урины шувуу” яруу найргийн наадмын нээлтийн үеэр.

-Тантай нэр амьдай бүл ах тань ямаршуухан хүн байв?

-Мяагаа ах надаас нэлээд ах хүн. 1953 оны хүн шүү дээ. Манай Мяагаа ах чинь их дэврүүн, цайлган, хүнд тусархуу, хүнийг хөгшин залуу хүүхэд үүхэд гэж ялгадаггүй, хүнийг хүн чигээр нь хүлээж авдаг, сайхан сэтгэлтэй хүн байсан даа. Шүлэг бичдэг байсныг нь хүүхэд байсан болохоор би сайн мэдэхгүй юм.

Анжүүжаа (яруу найрагч Мягмарсүрэнгийн аав Ламжав. Л.Б) маань ирээд ээжид “Энэ Мягмарсүрэн одоо гэртээ юу ч хийхгүй юм. Хичээл номоо ч оролдохгүй юм. Тэгсэн мөртлөө шүлэгтэй дэвтэр нь хэдэн хайрцаг дүүрлээ” гэж халаглан ярьж байсныг санаж байна. Дээр үед боорцогны хайрцаг гэж том фанеран хайрцгууд байдаг байсан. Тэрийг л дүүртэл олон дэвтэр шүлэг бичсэн байсан юм шиг байгаа юм.

Ээжид тэр дэвтрүүдийг үзүүлээд “Ийм хүн ойлгохгүй их юм бичээд байх юм. Хар даа чи” гээд ээжид үзүүлж байлаа. Ээж “Хүүхэд цаашдаа яадаг юм бол доо” гэж байсан санагдана. Тэр үед чинь хоёр том хүн ярьж байхад яриаг нь хүүхэд тэр бүр сонсоод байхгүй шүү дээ.

-Тийм л хүмүүжилтэй үе байж дээ?

-Одоо ингээд бодоод байхад Мяагаа ах арван жилийн сургуулийн хүүхэд байхдаа л асар их шүлэг бичдэг хүүхэд байж дээ.

-Баян-Уулдаа буурал аавындаа ирцгээдэг байсан байлгүй?

-Зуныхаа амралтаар хөгшин аавындаа ирцгээнэ ээ. Би найман настайдаа ирснээс хойш энэ жил л ирж байна. Мяагаа ах нутагтаа их ирдэг байсан. “Хурдны морь унаж байсан, би барилдаж байсан” гэдэг юм. Их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Тэрийг манай бүл ах Амар сайн мэднэ. Амар ах маань Эрүүл мэндийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга байсан хүн. Энэ хоёр чинь нэг гэрт хамт амьдарч байсан. Эхнэрээ авахдаа хүртэл нэг гэрт байсан гээд ярьцгаадаг.

Давааням зааны хөшөө
Ханийнхаа хөшөөний өмнө

-Мяагаа ахыг Зуун айлын атаман байсан гэдгийг та мэдэх үү?

-Хи хи. Мэднэ мэднэ. Дэнжийн мянгад зусланд гарна. Анжүүжаа хөдөө явчихсан, бэргэн ажилдаа явсан өдөр нэг хүүхэд гүйж ирээд Мяагаа ахыг хүүхдүүдтэй зодолдоод байна. “Дашням ахыг дуудаад ир” гэж байна гэлээ. Юун Дашням ах байх вэ дээ, гэрт байхгүй юм чинь. Манай ээж, Цагаан эгч болон баахан хүүхэд эмэгтэйчүүд очиж Мяагаа ахыгаа зодооноос салгаж байсан хөгжилтэй түүх байдаг юм.

-Бүл ах чинь нисэгч болно гэдэг байсан гэл үү?

-Мяагаа ах маань аравдугаар ангиа онц дүнтэй төгссөн юм.

-Өөрөө хүнтэй танилцахдаа “Арван жил онц, Анагаах онц төгссөн” гээд байдаг ч үнэн юм байна л даа?

-Конкурс өгөөд Зөвлөлт Холбоот Улсын Нисэхийн дээд сургуульд явах хуваарь авчихсан байсан хүн. Тэр нь бүр батлагдчихсан. Өөрөө нисэгч болохдоо маш их дуртай байсан. Сургуульдаа явах болж байсан чинь тухайн үед ямар ч холионы юм болчихсон юм бүү мэд явахаа больж өөр хүн тэр сургуульд явах болсон. Мяагаа ахынхаа Нисэхийн сургуульд явж чадаагүйд их гутарч байсныг би хүүхэд байсан ч сайн мэддэг юм. Мяагаа ахын нэг гар нь жаахан хатчихсан байдаг байсан даа.

-Хутгалуулсан гэдэг байсан байх шүү?

-Сургуулийн хуваарийг нь авсан хүүхэд хүн дагуулж ирж бөөн юм болсон гэдэг. Тэгээд гарт нь мэс хүрснээс гар нь хатчихсан юм шүү дээ. Нисэхийн сургуульд явж чадаагүйдээ маш их шаналж байсан. Тухайн үед бичиж байсан шүлэгтээ хүний эрхэнд халдах, хүний хүсэл мөрөөдлийг боох шиг аймшигтай юм байдаггүйг дурдсан байдаг.

Энэ чинь одоогийнхоор бол ардчиллын хамгийн том үнэт зүйл шүү дээ. Тиймээс ч ах минь Монгол Улсад өрнөсөн цагаан морин жилийн хувьсгалыг анхнаас нь дэмжиж бүтэн сарын цалингаа хүртэл өлсгөлөн зарласан ардчиллын нөхдөдөө хандивлаж байсан нь тодорхой. Ах маань цагаан цайлган хүн болохоор энд тэнд жаахан балгачихсан таарахаар нь аашилна аа.

Давааням заан
Улсын заан Давааням

-Таны үгэнд сайн орно биз?

-“Жоохон юм байж том ахыгаа загнаад” гээд тачигнатал инээнэ ээ. Ахыгаа сайн сайхан явуулах гээд “Энд тэнд битгий олон юм ярь. Хүнээс архины мөнгө битгий гуйгаарай. Таныг хүн ойлгохгүй ш дээ” гэхээр “Ахыг чинь амьдад хүн ойлгохгүй. Үхсний дараа ойлгоно” гэдэг байсан. Халамцуу таарахаар мөнгө өгөхөөр “Миний дүү ажааг дуурайсан ухаантай шүү” гээд гэргий Чимгээ эгчид очоод баахан магтдаг байсан юм билээ.

-Та эцэг эхээсээ хэдүүлээ хүн билээ?

-Бид ээж ааваас гурвуулаа. Манай аав бол Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын уугуул Гаваагийн Цоодол гэж хүн байлаа. Ээж Чулууны Анхүү гэж айлын дөрөвдэх хүүхэд. Манай дүү бүсгүй Америкт амьдардаг. Эрэгтэй дүү маань бурхан болсон. Бүрлээч дүү маань барилддаг. Улсын начны цолонд ойрхон бөх гэж шилдэг найман бөхийн нэгээр шалгарч байсан хүн байлаа. Цагдаагийн Академид сурч байхдаа бурхан болсон доо.

-Таны ханийг монгол түмэн сайн танина…

-Миний хань чинь Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат Монгол Улсын заан Рэгжийбуугийн Давааням гэж хүн байлаа. Сайхан ханиа дурсах бүр сэтгэл зүрхэнд гэрэл гэгээ нь тунарч үзэгддэг юм. 2006 оны арванхоёрдугаар сарын 28-ны тэр нэг бараан өдөр үр хүүхэд бидэнд гунигтай дурсамж үлдэж, хань минь тэнгэрт дэвшсэн дээ.

Миний хань алдартай бөхөөс гадна сэтгэлийн хайлан болсон шүлэг бичдэг найрагч хүн байсан даа. Өвгөн минь шүлэгтээ “Итгэл алдахыг үхсэнд тооц” гэж бичсэн байдаг. Энэ үг бол манай гэр бүлийн философи болсон. Тиймээс сайн ханийнхаа үгээр жигүүр хийж, амьдралын гуниг гутрал бүхнийг даван туулж явна даа.

-Мяагаа ах, заан хоёр юм бичдгээрээ бас хөөрхөн нийлнэ биз?

-Мяагаа ах манай өвгөн хоёр чинь нийлэхээрээ бас “болохгүй”. Манай хүн Мяагаа ахыг “Гайхамшигтай яруу найрагч” гэж маш их тооно. Би хоёуланг нь загнана. Би чинь нэг тийм удирдагч маягийн хүн шүү дээ. Бид хоёрыг ажилд явсан хойгуур Мяагаа ах ирээд манай хүүхдүүдэд шүлэг уншиж өгдөг байсан байгаа юм. Тиймээс хүүхдүүд маань одоо хүртэл “Шүлэг уншдаг ах” гэж хүндэлж явдаг юм.

Мяагаа ах хүнийг хөгшин залуу гэж ялгалгүй ханддаг гайхамшигтай чанартай хүн байсан. Тэр гурван жаахан нялх амьтан юу мэднэ гэж шүлэг уншиж суусан бол гэхээс инээд хүрдэг юм. Бямбаагийн их аваргын найранд ирэхдээ их гоё шүлэг жаазалж авчирч өгсөн. Гар бичмэл нь харин надад байдаг юм. Муу шар ах минь тэнгэрт явахаасаа өмнө миний зүүдэнд ороод.

Урт үс нь халиурч намираад, инээгээд надтай ярьж байна гэж зүүдэлсэн. “Яагаад ингэж зүүдэнд орж ирж байгаа юм бол доо” гэж бодож байтал удалгүй явчихсан. Энэ тухай хүнд нэг их ярьдаггүй юм. Чимгээ эгчдээ л энэ тухай хэлсэн дээ.

-Танай хөвгүүд бүгд удам дамжсан бөх болсон доо?

-Манайх гурван хүүтэй айл. Ууган хүү Д.Баасандорж маань аймгийн начин цолтой, чөлөөт, жудогоор ДИФ, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хос мөнгөн медаль хүртсэн. Удаахь хүү Д.Лхагвадорж улсын начин цолтон. Гуравдахь хүү Бямбадорж Японы сумогийн 70 дахь их аварга болсон. Гадаадын тавдахь, Монголын гуравдахь ёкозүно цолтой сумоч.

Бөхийн удам яривал аавынхаа талаас мэдээж удамшсан байж таарна. Манай Ням ахын хүү гэхэд улсын гарьд Н.Ганбаатар байна. (Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн асан Рэгжийбуугийн Нямдорж. Л.Б) Гэхдээ монголчууд бөхийн удмыг ээж талаасаа, нагац талаасаа түлхүү гаралтай байдаг гэж ярилцдаг.

-Таны талд тэгэхээр бөхийн удам байна гэсэн үг үү?

-Хөвгүүдийн маань аав алдартай бөх хүн болохоор би юу ярихав. Гэхдээ дотроо бол ээжийн талаасаа ч бөх удамтай гэж боддог. Миний хөгшин аав Чулуун бол сумын заан цолтой хүн байж. Миний нагац ах Чулууны Нямдорж гэж Эрүүлийг хамгаалах яамны орлогч сайд байсан хүн сумын заан цолтой хүн байсан.

Ламжавын Мягмарсүрэн найрагчийн дүү Жаргалсайхан гэж чөлөөт бөхөөр барилддаг, спортын мастер хүн ЦЕГ-т ажиллаж байгаад одоо АНУ-д амьдарч байна. Ийм л удам угсаатай улс юм.

-Таны энэ сайхан нуруу биеийг харж байхад одоогийнх шиг самбо, жудо, чөлөөт гээд бөхийн эмэгтэй төрөл байсан бол барилдах л байж дээ?

-Барилдах байсан байх аа. (Элгээ хөштөл инээв. Бодвол их гэнэн асуулт илгээв бололтой. Ккк. Л.Б) Ер нь бол дээр үед тийм юм байгаагүй. Одоо тэгээд яахав. Манайх ээжийн талаасаа ийм бол аавын талаас ч бас бөхийн удамтай.

Аав, ээж хоёр талаасаа удамтай. Тэгэхээр хөвгүүд маань бөх болдог юм бол уу даа? Хүүхдүүд минь бөх болохоор би баярладаг л юм. Отгон хүү маань “Шинэ Монгол-Харумафүжи” сургуулиа нээгээд сайхан үйл ажиллагаа эрхэлж байгаад баяртай байдаг.

-Та одоо юу хийж байна даа?

-Хүүхдүүдийнхээ зөвлөх. Зөвлөхөөр ажиллаж байна.

-Ямар мэргэжилтэй хүн билээ, та?

-Эдийн засагч мэргэжилтэй хүн шүү дээ. Улсын банкны ерөнхий хороо гэж байхад Монгол банкинд ажиллаж байсан. Дараа нь МХЗЭ-ийн Төв хороонд Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн-нягтлан бодогчоор ажилласан. Олимпийн хороонд хянан шалгалтын хэлтэст ажиллаж байлаа. Сүүлд Монголын Улаан загалмайн нийгэмлигт ажиллаж байгаад өвгөнийгөө дагаад Москвад хэдэн жил амьдарсан даа.

Ама ээж
Богд хаант Монгол Улсын Шадар сайд, Баатар жанжин Чин ван Базарваанийн 140 жилийн ойд зориулсан хөшөө. Говь-Алтай аймгийн Баян-Уул сум.

-Энэ жил Баян-Уул сумын түүхт 100 жилийн ой тохиож байгаа юм байна. Та бүхэн нутгийнхандаа ямар бэлэгтэй ирэв дээ?

-Ус нутгийнхаа түүхт ойд зориулж бүл ах Амар бид Баянгол сумын Хүн эмнэлгийн салбарт 40 сая төгрөгийн тоног төхөөрөмж гардууллаа. Ах дүүсээрээ бид нийлж 160 сая төгрөгийн үнэ бүхий Японы “Тоёота” үйлдвэрийн автомашин бэлэглэж буйг энэ дашрамд хэлье дээ. Нутаг оронд минь нэмэр тус болох байх аа. Энэ бүх сайн сайхан үйл бүхэн манай удмаас төрсөн уянгын их найрагч ахын минь буян заяа юм даа гэж бэлгэшээж байна. Бид чинь бас дээд удамдаа язгууртан гаралтай улс юм билээ.

-Ямар угсаа гаралтай хүн байна?

-Богд хаант Монгол Улсын Шадар сайд, Баатар жанжин Чин ван Базарваанийн удам угсаа юм. Монгол даяар Тарган баатар ван гэдгээр нь андахгүй байх. Баян-Уул сумын төв талбайд сайхан хөшөөг нь босгосон байдаг юм байна.

Тарган баатар ван хэмээх энэ их хүний тухай түүхэн ном судрууд ч хэвлэгдсэн. Тэнд манай удмынхны түүх бас бичигдсэн байдаг даа. Шар Мяагаа ах минь “Тарган баатар ван” гэдэг тэр номыг жишээ татаж бидэнд удам судрын минь тухай их хуучилдаг байсан даа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img