2024-11-21, Пүрэв
4 C
Ulaanbaatar

Эрхэмсэг арслан, барс, хөгжилтэй пудель Монголд тавтай морил

-Дэлхийн цирк Мөсөн өргөөнд үүдээ нээнэ-

Мөсөн өргөөнд зассан хос манеж дээр ирэх бямбад үүдээ нээх дэлхийн циркийн жүжигчид дасгал сургуулилтаа хийж байна. Хурц тод өнгөтэй гоёмсог найман пудель давхин гарч ирэхдээ өөрийн эрхгүй “Хөөх” гэмээр эрчим цацруулах юм.  Сургагчийнхаа заавраар дуулгавартай  нь аргагүй үсэрч, хойд хоёр хөл дээрээ зогсож, гүйж онц сурлагатан шиг л байх юм, тэд. 

Сургуулилтынхаа дараа сургагчтайгаа  хамт  сэтгүүлчдэд ярилцлага өгөхөөр ирсэн хэдэн  пудель хүнээс айх, цэрвэх ч шинж алга. 

Нэг нь бүр хоол үнэртсэн юм уу сэтгүүлч эмэгтэйг  хошуугаараа  сүрхий  шиншлээд авав.  

  “Намайг Лайла гэдэг Казахстан улсын циркийн жүжигчин.  Астана хотоос ирсэн” хэмээн сургагч эмэгтэй өөрийгөө танилцууллаа.  

-Нохойнуудаа дөрвөн жил сургаж байна. Монголд анх удаа уригдаж ирсэндээ сэтгэл хангалуун байна. Эд маань “Хатан хааны пудель” үүлдрийн нохой. Хамгийн  том  хэмжээтэй Пудель нь. Эзэндээ үнэнч байдаг. Үс нь унадаггүй, харшил төрүүлдэггүй онцлогтой. Долоон настай. Сайн арчилбал 14 наслах боломжтой байдаг хэмээн Лайла тайлбарлав. Ноход цэнхэр, ягаан гэх мэт хурц тод өнгөтэй юм.

“Харшил өгдөггүй, химийн орц найрлагагүй будгаар буддаг. Усанд оруулахад арилдаг будаг” гэнэ. 

Монголын циркийн түүхэнд анх удаа хос манежтай тоглолт болно

“Дэлхийн цирк Монголд”  тоглолтын ерөнхий продюсер Н.Эрдэнэ  ярихдаа ”Монголын циркийн түүхэнд анх удаа хос манежтай циркийн тоглолт зохион байгуулж байна” хэмээн онцлов.  “Циркийн хос манеж  зассан нь  үзэгчдэд хүртээмжтэй, ойр байх зорилготой.  Зарим номерууд ээлжилж тоглоно. Зарим нь хос манеж дээр зэрэг тоглоно. Та бүхний харж байгаа сургуультай нохойн тоглолт хоёр манеж дээр хуваагдаж тоглогдоно” хэмээн тэр ярилаа.  

 -Бэлтгэл ажил маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардсан. Манай энэ удаагийн тоглолтод 104 циркийн жүжигчин оролцоно. Нийтдээ 150-160 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. 

 АНУ, Герман, Канад, ОХУ-ын циркийн шоу тоглолтууд яг манайх шиг спорт аренад  тоглогддог гэлээ.  

“Дэлхийн цирк Монголд” тоглолт  арав дахь жилийн ойндоо иржээ. 

 2013 оноос хойш 11 нэг дэх удаагийн тоглолтоо зохион байгуулж буй. “Анх 2013 онд эхлэхдээ л тасалбарын үнэ 20,000-50,000 төгрөг байсан. Энэ үнээ өнөөдрийг хүртэл хадгалж үлдсэн. Дэлхийн цирк Монголд тоглолтыг соёл урлагийн брэнд болгох зорилготой учраас энэ үнээ хадгалж явдаг” гэнэ.

Харин VIP  тасалбар нь  100,000 юм билээ. 

 ОХУ, Беларусь, Хятад, Украйн, Аргентин, Испани, Узбекистан, Якут, Казахстан, Герман зэрэг орны жүжигчид ирээд байна. Монгол жүжигчид ч бас тоглоно.

Арслан, барсын зооглох үхрийн маханд тусгай шаардлага тавигддаг

  100 кг хоол хүнс арслан, барсын хоёр өдрийн хэрэглээ гэнэ. Ноход долоо хоногт 150 орчим кг үхрийн цул мах, хүнсний  ногоо хэрэглэдэг. Дөрвөн бар, хоёр арслан бол  өдөрт 47 орчим кг мах “хүртдэг”.  Хоол хүнсэнд анхнаасаа анхаарсан. Узбекистан улсын цирк малын эмчтэй. 

Малын  эмч нь ийм сортын, ийм ястай үхрийн мах байх ёстой шүү гэсэн заавар өгсөн. Ястай  мах зооглох ёстой.

Яснаас кальци, аминдэм авдаг ажээ. Барнууд ямар ч уур амьсгалд дасан зохицох чадвар сайтай бол  арслангууд Африкынх  учраас тусгай температур шаардлагатай.  Тэднийг тээвэрлэхээр Монголоос халуун хүйтнээ тохируулдаг зориулалтын 13 метр урт ачааны машин илгээсэн гэнэ. Энд ирээд, дулаан, агааржуулалтын системийг нь тохируулж байгаа гэнэ. 

Дэлхийн цирк Монголд төслийг  “М-Си-Эс Кока-Кола” арван жилийн турш дэмжиж ирсэн гэнэ.    Степпе Арена мөн тусалж дэмжиж байгаа.  

Жүжигчид мөсөн ордноос 2 км зайтай зочид буудалд байрлаж буй. 

Дэлхийн цирк Монголд тоглолтын үзүүлбэрүүд дахин давтагддаггүй.  Энэ жүжигчдийг монголчууд 2024 онд л үзэх боломжтой. 

Энэ удаагийн тоглолтод Циркийн олимп болох “Монте Карло”-гийн тэргүүн шагналтай үзүүлбэрүүд  тоглогдоход бэлэн болсон байна. Олон улсын циркийн А зэрэглэлийн тэмцээнээс шагнал хүртсэн зургаан номер иржээ. Дэлхийд номер нэг сул утасны үзүүлбэрийн жүжигчнийг таван жилийн өмнө урьж,  энэ жил л иржээ.

Дэлхийн циркийн зургаан өдрийн тоглолт  зөвхөн амралтын өдрүүдэд болно. 

Комедиан М.Баяржаргал ринг мастер болно

Комедиан М.Баяржаргал мэргэжлийн циркийн жүжигчин юм байна. Тодруулбал, циркийн акробатчин, тэнцвэрийн гимнастикийн жүжигчин гэнэ.

Арван жилийн өмнө циркийн сургууль төгссөн. Түүнээс хойш мэргэжлээ сольж явсан ч өдгөө урлагийн тайзан дээр  иржээ. Цирк үзэхээр ирсэн хүмүүс энэ удаа түүнийг өөр өнгө төрхөөр харах нь. 

Тэрбээр  “Дэлхийн цирк Монголд -2024” тоглолтод ринг мастераар ажиллаж байгаа. Шоумений дүрийг гаргана.  Хөшигний ард, урдах уур амьсгалыг мэдэрч хөтлөх юм байна. “Ринг мастер үзэгчдийн насны онцлог, зорилтот үзэгчдэд  тохируулж уур амьсгалыг хөтөлж явдаг. Монгол үзэгчдийн хувьд  маш олон жил циркийн тоглолтоор цангасан. 

Цирк гэж юу болохыг мэдрүүлэхэд хөтлөгч ринг мастер чухал үүрэгтэй.

Үзэгчид  нүд баясгахааас гадна сайн ойлгож, сэтгэлийн  таашаал эдлэх учиртай” гэж тэрбээр тайлбарлав.

Хэдий  энтертайнмент шоу ч циркийн  жүжигчин учраас циркийн  “рам”-аа барьж ажиллана гэлээ. 

“Монголчуудад  шинэ мессеж өгөхийг хүсдэг. Цирк гэхээр манайхан хүүхэддээ цирк үзүүлэх гэж хичээдэг. Европын орнуудад цирк үзэгчдийн дийлэнхи нь насанд хүрэгчид байдаг” гэж М.Баяржаргал хэлсэн.  

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img