2024-12-27, Баасан
-28 C
Ulaanbaatar

“Гашуунсухайт” замын засварт 29 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулна

Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замын өнөөгийн нөхцөл байдалтай танилцахаар Эрдэнэс Монгол нэгдэл, Цагдаагийн Ерөнхий Газар, Тээврийн цагдаагийн албаны төлөөлөл Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг буюу Цагаан хад суурьшлын бүсэд ажиллалаа.

Монгол Улсын экспортын 90 гаруй хувийг Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 239 км хүнд даацын авто замаар тээвэрлэж, өдөрт дунджаар 1400-1500 тээврийн хэрэгслээр 100 мянга гаруй тонн нүүрсийг экспортолж байна. Стратегийн ач холбогдолтой энэхүү замын хариуцагчаар Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн “Гашуунсухайт авто зам” ХХК ажиллаж байгаа юм.

“Гашуунсухайт авто зам” ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замын хураамж, орлого төвлөрүүлэх, авто замын бэлэн байдлыг хангах, хөдөлгөөний аюулгүй байдал, эрчмийг хянаж, удирдах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд жил бүр замын нийт уртад үзлэг хийж, төлөвлөгөөний дагуу засварын ажлыг гүйцэтгэж байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын нөхцөл байдал болон хийгдэх гол ажлыг танилцуулбал:

  • Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замаар өдөрт 1400 гаруй тээврийн хэрэгсэл зорчиж байгаагийн 98.5 хувь нь давхар чиргүүлтэй буюу даац хэтэрсэн байдлаар нүүрс тээвэрлэлтийг хийж байна. Ингэснээр тус зам дээр өдөрт 4800 орчим тэвш явж байгаа нь замын эвдрэл, элэгдэлд өсөхөд нөлөөлж байгаа бөгөөд анх хийгдсэн ТЭЗҮ-гээсээ 6 дахин өссөн тээвэрлэлт хийгдэж байгаа аж.
  • Авто замын тээврийн эрчим ТЭЗҮ-д зааснаар жилд 18 сая тонн нүүрс тээвэрлэх зориулалттай тус авто зам анх хүлээж авахад 6 см зузаантай байсан бол өнгөрсөн 2023 онд хийгдсэн 4 багц урсгал засварын ачаар 52.8 хувьд нь 12 см зузаантай хучилтыг хийсэн бөгөөд жил болгоны хөрөнгө оруулалтын асуудал хэвийн хэмжээнд үргэлжилбэл 2 жилийн дараа 239 км тус зам хүнд даацын 12 см зузаантай хатуу хучилттай зам болох бүрэн боломжтой байна.
  • 2023 онд Эрдэнэс Монгол нэгдлийн хэмжээнд 35.1 сая тонн нүүрс тээвэрлэж, Монгол Улсын валютын нөөцийн 70 хувийг бүрдүүлж түүхэн амжилт тогтооход тээврийн нэвтрүүлэлт эрчимжсэнтэй холбоотой. Тээврийн менежментийн төлөвлөлт, зохион байгуулалтын зөв менежментийг хийж, тоног төхөөрөмжийн шинэчлэл, бүртгэл мэдээллийн програм хангамж, техник хэрэгсэл шинэчлэгдсэнээр нийт 7 систем, 8 сервис ажилласнаар тээврийн хэрэгслийн шалган нэвтрүүлэлтэд 2-3 минут шаарддаг байсан бол 15-20 секундэд нэвтрүүлэх хурдны хүчин чадал нэмэгджээ.

Гашуунсухайт авто замын зам засварын ажилд 2024 онд 29 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөгдөж байгаагаас мэргэжлийн байгууллагаар замын шинэчилсэн ТЭЗҮ боловсруулах ажил 40 хувьтай явагдаж байна.

Мөн Гашуунсухайт авто зам ХХК-ийн 2024 онд хийж хэрэгжүүлэх онцлох ажилд зам засвар арчлалтаас гадна Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замд олон улсын стандартын дагуу 2 байршилд жолооч нарыг амарч тухлан, хооллох боломжтой олон улсын жишигт нийцсэн амрах талбайг 2 цэгт байгуулахаар төлөвлөжээ.

Амрах талбайн байршил нь Цогт-Цэций болон Ханбогд сумын нутагт Сүлжээ гэж олон нэрлэгдсэн 121 км-т барьж байгуулахаар төлөвлөж байна.

Энэ талаар Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Гашуунсухайтын Гэрээт цагдаагийн хэлтсийн дарга О.Чинзориг “Өнөөдөр замын нөхцөл байдалтай танилцахаар ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн дарга, Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал газар дээр нь ирж танилцаж байна. Мөн ЦЕГ-ын Санхүүгийн албанаас ирж нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь нэлээдгүй ажил арга хэмжээ зохион байгуулахаар ярилцаж байна.

Тухайлбал, 2024 оны 6 дугаар сард багтаагаад тээврийн хэрэгслийн дундаж хурдыг хэмжих камерыг тавих талаар хэлэлцэж тохироод ярьж байна. Энэ замд нэлээдгүй тээврийн хэрэгсэл явж байгаа буюу өдөрт дунджаар 1500, 600 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна.

Үүнээс дээш ачаалалтай үедээ 2000 гардаг. Тээврийн хэрэгслийн жолооч нарын ганц асуудал бол тухтай зогсоол, хоол идээд амарчихдаг байр байх шаардлагатай.

Тиймээс үүнтэй холбогдуулан хоёр цэгт эхний ээлжинд амрах зогсоол талбайг тохижилт үйлчилгээний газартай нь барья гэсэн иймэрхүү зүйлийг ярьж байгаа юм байна. Энэ бол их зөв зүйтэй ажил гэж харж байна. Үүнийг барьснаар хөдөлгөөнд орж байгаа жолооч нар маань амардаг, ядарч яваад аваар осолд өртдөг асуудал буурах байх аа гэж ойлгож байна” гэлээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img