2024-10-06, Ням
2 C
Ulaanbaatar

Доктор Х.Мөнхбаяр: Төрийн их баяр наадам Монгол хэмээх үндэсний ижилсэл омогшлыг бий болгодог

Дэлхийд гайхагдсан монгол наадам маань хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Монгол наадмын тухай “Монгол Улсын Үндэсний их баяр наадмын түүхийн судалгаа” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан ШУТИС-ийн багш, түүхийн ухааны доктор Халтарын Мөнхбаяртай уулзаж ярилцлаа.

– Монгол наадам бол өвөг дээдсээс бид бүхэнд өвлөн уламжлуулсан онцгой соёл төдийгүй хязгааргүй хүч –

-Монгол түмний энгүй их цэнгэл бол эрийн гурван наадам. Энэ сэдвээр дагнан судалж эрдмийн зэрэг хамгаална гэдэг сайхан хэрэг ээ!

-Жил бүрийн зуны дэлгэр сард монголчуудыг нэгтгэн нягтруулдаг сайхан зүйл бол яах аргагүй үндэсний их баяр наадам байдаг.

Хууль зүйн утгаараа ч, бодит агуулгаараа ч, түүхэн үндсээрээ ч Үндэсний их баяр наадам бол төр улс байгуулагдсан, тусгаар тогтносон өдрийн баяр. Энэ нь улсын баяр, нийтийн их баяр цэнгэл Улсын наадам гэсэн Монголын төрт ёсны онцгой хоёр зан үйлийн нэгдэл юм.

Монголчууд төр улсаа сэргээн байгуулсан 1911 оноос Монгол хэмээх төрт улсын тусгаар тогтнолыг батлан илэрхийлэх эрэлт шаардлагаас үүдсэн урт удаан хугацааны үйл явцын үр дүнд буй болжээ.

Монгол Улсыг, монгол үндэстнийг дэлхий дахинд тунхаглан зарладаг учир монголчууд үндэсний их баяр наадмаараа төрт ёс, соёл, шашин шүтлэг, бэлгэдэл, зан заншил, идээ ундаа, худалдаа арилжаа, зугаа цэнгэл, хувцас, гоёл зүүсгэл зэрэг өв соёлынхоо охь дээжийг цогцлоон харуулдаг. Наадмыг 2011 онд ЮНЕСКО дэлхийн соёлын өвд бүртгэж авсан.

-Монголчуудын баяр наадам хэзээнээс бий болсон юм бол?

-Баяр наадмын үүслийн тухайд нийтийн тооллын өмнөх зургаан мянган оноос нийтийн тооллын 1698 онд хамаарах найман өөр саналыг судлаачид дэвшүүлсэн жишээгээр судалгаа гүнзгийрч, цэгцэрч чадаагүй байгаа.

Баяр наадмын түүх, соёл, уламжлалын талаар шинжлэх ухааны үндэстэй судалгаа байхгүй байгаа нь монгол наадмын талаар хуурамч мэдлэг, эргэлзээ бүхий түүх бий болоход нөлөөлсөөр ирснээс гадна сүүлийн үед монгол наадмыг орчин үежүүлэх нэрийн дор санаатай, санаандгүйгээр үндсэн уламжлалыг нь эвдэн бусниулах оролдлого гарахад хүргэж байгаа.

-Өөрийнхөөр чинь монгол наадам хэдийд бий болсон гэж үзэхээр байна?

-Сүүлийн үеийн археологичдын судалгаанаас үзэхэд одоогоос гурав дөрвөн мянган жилийн өмнө монгол нутагт бэлчээрийн нүүдлийн мал аж ахуй буй болсон байна.

Ялангуяа, гурван мянга гаруй жилийн тэртээ адууг гаршуулж эдлэх болсон нь монгол газрын мал аж ахуйн хөгжилд онцгой нөлөө үзүүлсэн.

Нэг газраас нөгөөд хялбархан шилжин, холхи газрыг товчлон нүүдэг монгол мал аж ахуйн энэ л үеэс адууны тусламжтай буй болсон. Тиймээс адууг гаршуулсан үеэс бидний хэлдэг сонгодог нүүдлийн мал аж ахуйн хэв шинж бүрэлдэн тогтсон нь мадаггүй.

Нөгөө талаараа хурдан морины уралдаан монгол наадмыг үзүүштэй сонирхууштай болгож, хаанахын хэний ч баяр бахдлыг төрүүлж, монгол наадмыг монгол наадам болгодог талаас нь харвал манай монгол баяр наадамд гурван мянга гаруй жилийн тэртээд монгол морьтойгоо хамт алсын замд гарчээ гэдгийг төвөггүй ойлгоно.

-Монгол өвөг дээдсийн үеэс уламжилж ирсэн ёс заншлыг эвдэн бусниулж байна гэж ярьж байсан. Энэ ч улс орны эрх ашигт хүртэл хортой байж таарна даа?

-Энэ бол маш их аюултай. Монгол Улсын тусгаар тогтнол, монгол үндэстний оршихуйд аюул учруулах ч аюултай. Тиймээс миний бие “Монгол Улсын үндэсний их баяр наадмын түүхийн судалгаа. 1911-2018 он” сэдвээр эрдэм шинжилгээний бүтээл хийхээр шийдсэн.

Баяр наадмын түүх, үнэ цэнийг нь бодитоор тодруулахыг хичээсэн энэхүү бүтээлийг маань Монгол Улсын Түүх, антропологи, археологийн эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөл хэлэлцээд зуун хувийн саналаар түүхийн ухааны докторын зэрэг олгосонд залуу судлаачийн хувьд баяртай байдаг.

-Төрт ёсны хоёр гурван мянган жилийн түүхтэй ард түмэн маань зургаа, долоон мянган жилийн өмнөөс наадамлаж наадаж байсан байх нь ээ?

-Монгол оронд бэлчээрийн нүүдлийн мал аж ахуй төгөлдөржин тогтсон үеэс малчин түмэн урин дулаан цагт тайлга тахилгын ёслолын үеэр цуглан, баярлан цэнгэж ирсэн нь монголчуудын баяр наадмын уг сурвалж болсон. Бэлчээрийн нүүдэлч малчдын эрэмгий дайчин чанар, сүр жавхлан, баяр бахдлыг илэрхийлэгч бөх, харваа, хурдан морины уралдааныг багтаасан онцлог нь баяр наадмыг олон түмнийг татагч онцгой чанартай болгосон.

Энэ давуу талыг Хүннү гүрний үеэс төрийн засаглалыг батжуулах, засаглалыг тэлэх, хүлээн зөвшөөрүүлэх төрийн арга хэрэгсэл болгон ашиглах болсон нь цаашид монгол нутаг дахь удаа дараагийн төр улсуудад ч уламжлагдсан. Төрийн хүсэл зориг эргээд баяр наадмыг үндэсний ижилслийг бүтээх замаар үндэстний төр, үндэстэн байгуулалд чухалд түлхэц үзүүлэгч болгосон нь төр улсаа сэргэн тогтоосон 1911 оноос хойших Монгол төрийн түүх гэрчилж байгаа.

Төрийн тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан 1911 оноос Монголд орчин цагийн төрт ёсны баяр болох тусгаар тогтносон өдрийн баяр “Улсын баяр ёслол”-ыг ёслон тэмдэглэх болсон нь эдүгээгийн Үндэсний их баяр наадам төлөвшин тогтохын эхлэл болсон.

Munkhbayar-Өмнө нь наадам тэгтлээ хэлбэршиж тогтоогүй байсан гэсэн үг үү?

-Улсын баяр шинээр үүсэн буй болохын сацуу монголчуудын уламжлалт баяр цэнгэл наадам 1911 оноос хойш төрт ёсны агуулгаар шинэчлэгдэж, хожим нэгдэн нийлж, Үндэсний их баяр наадам болсон.

Монгол Улсын Үндэсний их баяр наадам өнгөрсөн зуугаад жилд Улсын баяр ба Улсын наадмыг тус тусад нь тэмдэглэж эхэлсэн үе 1911-1930 он, Улсын баяр, Улсын наадмыг хамтатган тэмдэглэсэн үе 1931-1953 он, Баяр наадмыг нэгтгэн нийлүүлсэн үе 1954-2018 он гэсэн үндсэн гурван хэлбэрээр шат дараалан хөгжиж, монголчуудын эв нэгдэл, харилцан ойлголцолд чухал нөлөө үзүүлсэн. Төрийн ашиг сонирхлын дүнд баяр наадам монгол үндэсний ижилслийг бүтээх, бататгах үүрэгтэй нийгмийн бие даасан институц болсон байдаг.

Тиймээс, социализмын жилүүдэд бүх ард түмнийг хувьсгалт үзэл санаагаар нэгтгэн нягтруулах зорилтын хүрээнд баяр наадмыг “Ард түмний их баяр наадам” гэсэн агуулгатай зохион байгуулж байсан нь “Монгол хүн”, “Би монгол хүн”, “Монгол” гэсэн үндэсний ижилсэл шинээр тогтож, үндэстний төр хийгээд үндэстэн байгууллын чухал суурь болсон.

1992 оноос хойших үндэсний их баяр наадам монгол төрийн түүхэн уламжлалыг онцгойлон тэмдэглэж, Чингис хааны өвлүүлсэн үнэт зүйлийг сэргээн босгох замаар үндэсний шинэ ижилсэл бүтээхэд чиглүүлж байна.

-Олноо өргөгдсөн оноос өмнө наадам тэмдэглэдэг байсан даа?

-Долоон хошуу даншүг наадам 1700 оноос үүсэн хөгжсөн л дөө. 1922 оноос билгийн улирлын зуны адаг сарын шинийн 6-нд ёслон тэмдэглэх болсон Улсын баяр нь 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд анх тэмдэглэж, 1921 он хүртэл жил бүрийн өвлийн адаг сарын шинийн 9-нд Монгол Улс даяар ёслон тэмдэглэж байсан Улсын баяр ёслолын залгамж болсон юм. 1922 оноос билгийн тооллыг баримтлан ёсолж байсан Улсын баярыг 1925 оноос аргын долдугаар сарын 11-нд тэмдэглэж эхэлсэн нь өнөөгийн журам болон тогтсон.

Улсын баярыг 1911 оноос улсын нийслэлд, 1931 оноос улс нийтээр нэгэн өдөрт, төрт ёсны наадмыг 1911 оноос Нийслэл хүрээнд, 1931 оноос орон нутагт өөр цаг үед хийж байгаад 1960-аад оны эхнээс улс нийтээр нэгдсэн журмаар нааддаг болсон.

-Ардын засгийн анхны наадам гэж ном зохиол, кинонд хүртэл гарч байдаг. Тэр наадмыг Хиагтад хийсэн юм уу, Хүрээнд хийв үү?

-1921 оны долдугаар сарын 11-нд Хиагтад Салдааз овоог тайж хийсэн наадмыг судлаачид Ардын цэргийн анхны баяр наадам, орон нутгийн овоо тахилгын наадам, зөвхөн тухайн ёслолын наадам, Монголын анхны хувьсгалт шинэ баяр ёслол гэх зэргээр тодорхойлсон байдаг.

Түүхэн баримтыг харахад, Цэрэг овооны 1921 оны долдугаар сарын 11-ний наадмын хүрээ хэмжээ орон нутгийн чанартай, зохион байгуулалтын хэлбэр нь овоо тахилгын наадмын шинжтэй боловч Ардын түр Засгийн газраас томилсон Хиагтын сайд С.Билэгсайхан тэргүүлэн тус сайдын яамны ажлын алба наадмыг удирдан зохион байгуулсны дээр наадмын зорилго нь Ардын Нам төрийн эрх авч, Ардын засгийг байгуулсан хувьсгалын ялалтыг тунхаглан тэмдэглэхэд чиглэж байсан нь уг наадмыг Ардын засгийн анхны наадам болохыг тодосгодог.

1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын ялалтад зориулсан анхны наадам 1921 оны долдугаар сарын 11-нд тус улсын хойд хилийн Хиагт боомтын орчимд Салдааз овооны тахилгын үеэр болсон гэж хэлж болно.

-“Маршал Чойбалсангийн үеийн наадам” гэх үг ахмад буурлуудын хууч ярианд их гардаг. Үүний учир юунд байна?

-Х.Чойбалсан гэдэг хүн монгол наадмыг дэглэж бүтээсэн хүмүүсийн нэг. Гэхдээ, юуны өмнө 1932-1936 онд Монгол Улсын найм дахь Ерөнхий сайдаар ажилласан П.Гэндэнг дурдах ёстой. Үүний дараа Х.Чойбалсан яригдана. Хамгийн сүүлд наадмыг хоёр өдөрт багтаан тэмдэглэдэг болгосон хүн бол маршал Ю.Цэдэнбал. Энэ гурван хүн өнөөгийн монгол наадмын дүр төрхийг бүтээсэн, тэр хэрээрээ алдаа, оноог нь хуваалцах учиртай. Гурвуулаа төр тэргүүлж байсан.

Өөр, өөрсдийн үнэлэмж, шийдвэрээр ард түмнээ залах, нөлөөлөх бодлого хэрэгжүүлсэн. Х.Чойбалсангийн үеийн наадмын тухай яагаад илүүтэй ярьдаг вэ гэвэл, наадмыг өмнөхөөс нь илүүтэй сүр төгөлдөр зохион байгуулж байсантай нь холбоотой. 1936 онд Дотоод явдлын яамны сайд, Ерөнхий сайдын орлогч болсон Х.Чойбалсан улс төрийн их хэлмэгдүүлэлтийг гардан хийж, ард түмнийг айлгачихсан байсан. Ингээд айсан ард түмнийг тайвшруулах, итгэл үнэмшлийг нь олох, араасаа дагуулах шаардлага гарсан.

Munkhbayar
1921 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Хиагтад хийсэн Ардын засгийн анхны наадамд оролцогсод

Айдсаар засаглаж болох ч нөгөө талын том хүч нь баяр цэнгэл буюу баяр хөөр юм. Тийм учраас, 1938 оноос наадамд онц ач холбогдол өгч, маш их зардал гаргаж, өргөн хүрээтэй зохион байгуулж эхэлсэн. Тэр нь үзэл суртлын зорилготой байсан. Наадамд сонирхолтой хөтөлбөрүүд оруулж, түүндээ хэлмэгдүүлэлтийн ажиллагаагаа зөв үнэн гэж итгүүлэх үзэл суртлын ажлыг багтаасан.

1939 оны Халх голын дайн нэг талдаа түүнд зол болж “Үнэхээр бидний дунд дайсан байсан байна шүү дээ. Тэгээд л Япон, Манж нар Монгол руу дайрсан” гэхчлэн итгүүлсэн. Тэгээд наадмаа өргөн хүрээтэй хийсэн. Дээд зэргийн зохион байгуулалттай, хөрөнгө хүч хаяж хийж байсан учраас ард олны сэтгэлд гүн гүнзгий үлдсэн.

-Хамаг анхаарлаа л наадамд зориулж байжээ дээ?

-Тэр үед одоогийнх шиг телевиз, радио, нийгмийн сүлжээ байгаагүй. Зөвхөн нүдээр үзнэ, амнаас ам дамжуулж ярина. Энэ талыг Х.Чойбалсан өргөн хүрээнд ашиглаж, аймаг, сум болгоноос төлөөлөгч ирүүлж, Улсын наадмыг үзүүлж, ихээхэн зардал гарган сэтгэлийг нь ханатал үйлчилж, гарын бэлэг сэлт өгч буцааж байсан. Тэр хүмүүс очоод “Чойбалсан хэмээх гайхамшигтай удирдагч байна” гээд нутаг орондоо ярьж, амнаас ам дамжин тарж, түүнийг дагаад тэр хүний нэр нөлөө өсөн нэмэгдэж, алдаршиж байсан.

Дэлхийн II дайны жилүүдэд төсвөө багасган наадмаа цомхон болгосон тал бий, гэхдээ л наадмаа таслаагүй. Харин ч, аймаг сумд Х.Чойбалсангийн дэгээр наадмаа хийдэг болсон. Ер нь бол өнөөгийн монгол наадмын хэлбэрийг П.Гэндэн эхлүүлж, Х.Чойбалсан хэлбэршүүлж, Ю.Цэдэнбал өнгийг нь тогтоосон. Эдүгээ хүртэл бид өөрчилж чадаагүй байна. Мэдээж агуулгын хувьд есөн хөлт цагаан тугаа залдаг болсон зэрэг шинэчилсэн зүйлүүд бий.

-Бид ч юм бүхнийг хэт их туйлшруулах дуртай улс юм. “Дэлхийд ганц монгол наадам” гэдэг хэр үнэний ортой үг вэ?

-Үүнийг ярихын тулд гурван зүйлийг ерөнхий тоймоор нь авч үзэх хэрэгтэй. Улс орон, үндэстэн, угсаатан болгонд өөрийн гэсэн уламжлалт баяр цэнгэл бий. Монгол наадмыг энэ талаас нь авч үзвэл дэлхийд ганц биш. Барилддаг, уралддаг, харвадаг гэвэл бас ганцхан гэж хэлэмгүй санагдана.

Монгол Улсаас гадна монгол үндэстэн, угсаатан оршин тогтнож буй газар бүхэнд, тухайлбал, Өмнөд Монгол, Дээд Монгол, хуучин Зүүн гарын хаант улсын нутагт, Буриад, Тува, Халимагт ямар нэгэн хэмжээгээр бөхөө барилдуулж, хурдан морио уралдуулж, харван наадаж байна. Тэрчлэн дэлхийн өнцөг булан бүрд тархан суусан монголчууд 1990-ээд оны сүүлчээс оршин буй газар газартаа наадсаар байгааг бодолцох ёстой.

-Манай наадмыг дэлхийд ганц болгодог онцлог байна биз?

-Монгол наадамд Улсын баяр буюу Тусгаар тогтнолын баярын утга учир шингэсэн байдаг. Энэ бол монгол наадмын нэгэн багана нь. Нөгөө багана нь олон мянган жилийн түүхэн уламжлалтай үндэсний баяр цэнгэл наадам.

Энэ их баяр ёслолууд хоорондоо эвлэн сүлэлдэж, дэлхийд хаана ч байхгүй, өөр ямар ч үндэстэн угсаатан бүтээгээгүй төрт ёсны, үндэсний уламжлалт өвийг бий болгосон. Тэр нь Монгол наадам, Монгол Улсын Үндэсний их баяр наадам юм.

Өөрөөр хэлбэл, Тусгаар тогтнолын баяр, уламжлалт төрт ёсны баяр наадам нэгдэн нийлж, Үндэсний их баяр наадам болсон хэрэг. Төр, эрх зүйн түүхэн баримт нотолгоотой энэ гайхамшгаа бид бүхэн ялган харж чадахгүй байгаа юм. Бид байтугай төр, засаг ч таньж ойлгохгүй байх шиг байна.

-Гадаадын жуулчид наадам үзэх гэж сүүлийн үед их зорьж ирдэг болсон доо?

​-Гадаадынхан “Танай баяр онцгой содон. Үндэсний өвөрмөц онцлог нь сэргэсэн баяр байна” гэлцдэг. Тэр нь ч аргагүй. Улс орон болгонд тусгаар тогтнолын болон үндэсний их баяр бий. Гэхдээ, эдгээр баяр ёслолоо хамсруулан тэмдэглэдэггүй. Манайх бүгдийг нийлүүлж тэмдэглээд зогсохгүй төрт ёсны баяр наадам гэдгээрээ үндэснийхээ ялгарлыг харуулж чаддаг.

Бид наадмаа Тулгар төрийн, Их Монгол Улсын, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны, Ардын хувьсгалын тэдэн жилийн ой гээд зарладаг шүү дээ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, бид 2230-аад жилийн өмнө Монгол гэдэг Их улсаа үндэслэсэн юм аа гэсэн аугаа том утгатай. Үндсэндээ энэ таван он цаг бол Монгол Улс гэдэг 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэр дээр байгаа 3.5 сая хүний түүх, зам мөр юм. Үүнийгээ бид наадмаараа бахархан зарлаж байгаа юм шүү дээ.

Мөн үүгээрээ бид Монгол Улс хэзээнээс оршин байсныг,одоо байгааг, цаашид байх ёстойг даян дэлхийд зарлан тунхаглаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тусгаар тогтнолоо баталгаажуулж байгаа юм. Гол утга учир нь энэ. Мөн энэ хүрээндээ үндэсний түүх, соёлоо өвлөн уламжлуулж байгаа юм. Үүгээрээ дамжуулан бид ижилсэн нийлж нэг үндэстэн болж байгаа юм.

Монгол наадам түүхэндээ монголчуудыг ижилсүүлж, эвлүүлэн нэгтгэх үүргийг гүйцэтгэж ирсэн. Цаашид ч тэр хэвээрээ байх ёстой. Гэхдээ яг энэ мөн чанарыг хадгалахын тулд баяр цэнгэлийнхээ гажуудлыг засах ёстой.

-Ямар гажуудлууд байна?

-Өв соёл, ёс жаягаа алдагдуулж байгаа явдал бол хуучин зүйлээ хаяж байгаа хэрэг биш тусгаар тогтнолоо үгүйсгэж байгаа юм. Олон зуун сая төгрөг, гадаад валют, орон байр, үнэтэй машин, бизнесийн ашиг хонжоо, улс төрийн явцуу эрх ашгийнхаа төлөө үгсэн хуйвалдаж, Монгол төрийн наадмын торгон ногоон дэвжээг бузарлан гутаагчдыг олон түмэн харж, сонсож, ой гутах боллоо. Хурдан морио булхайтай уралдуулж, маргаан дэгдээх явдал салахаа байсан.

Тэр хэрээр үндэсний их баяр наадам маань энэ төр, улсыг цаашид авч явах ирээдүй залуу үеэс холдож, Монгол Улсын тусгаар тогтнолыг аюултай байдал руу түлхэж байна. Огиудас хүргэм зүйлүүдийг хийж байгаа хүмүүс, цаана нь зохион байгуулж, санхүүжүүлж байгаа орон нутгийн шинжтэй улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд үүнийг ойлгодоггүй. Том хэрэг том зүйлээс эхэлдэггүй. Нүдэнд үл үзэгдэх жижиг зүйл, эсвэл бидний анзаардаггүй чухал зүйлээс утасны учиг хөвөрдөг.

Утас нэгэнт хөвөрвөл нэхээс задраад алга болно. Бид тийм болох гээд байна. Иймд Монгол наадмын гажуудлыг түргэн засах ёстой. Улс орны тусгаар тогтнолд учруулж байгаа аюул занал нь хэтийдэхээс өмнө таслан зогсоох хэрэгтэй.

-Наадам бол монголчуудын үндэсний дархлаа. Иймд тэмдэглэхгүй өнжсөн түүх үгүй. Дайны жилүүдэд ч таслаагүй. Цар тахлын эхний жил цахим хэлбэрт шилжүүлж “Хаад ноёдын наадам” гэх шүүмжлэл гарсан. Мөн “NO NAADAM”,“YES NAADAM” гэх жагсаал болж, Засгийн газар наадмыг хойшлуулсан. Үүний сөрөг талыг та юу гэж үзэж байна?

-Энэ их аюултай. Наадмаа хийхгүй байж болдог юм байна гэсэн ойлголт бий болох вий. Наадам тасрахад хоёр зүйл нөлөөлсөн.

Наадмыг Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан сүртэй хийх гэсэн Засгийн газар буруутай. Цар тахлын нөхцөлд наадмыг намын үзэл суртлын арга хэрэгсэл болгон ашиглахаар оролдсон нь маш том алдаа байсан. Төрийн наадам болохоос, намын наадам биш шүү дээ. Нөгөөтэйгүүр, наадам бол тусгаар тогтнолын баяр гэдгийг нийтээрээ мэдэхгүй байна. Үүгээрээ бид ижилсэн нэгдэж, оршин байх эрхээ олж авч байгаа гэдгийг мэдэхгүй учраас залуус “NO NAADAM” гэж гарч ирсэн байх.

Гэхдээ тэнд ганц урсгал биш, янз бүрийн ашиг сонирхол, олон талын нөхцөл байдал нөлөөлсөн. Хэрэв тэр хүмүүс наадмын мөн чанарыг ойлгож байсан бол тийм зүйл болохгүй. Төр мөн үүнийг сэхээрч байсан бол хэзээ ч үзэл суртлын том давалгаа өрнүүлэхгүй байсан биз. Бас, тэр хүмүүсийг тийм зүйл хийхэд хүргэсэн том сөрөг зүйл бол наадам мөн чанараа алдаж, гажуудаж байгаатай холбоотой.

-Монгол наадмыг гажуудуулж байгаа нь цаанаа бас их хорлонтой зүйл байж мэдэх юм шүү?

-“Наадмыг хэчнээн сарын өмнө зохиочихсон байдаг, хэн хэнтэй барилдаж, хэдийн даваанд хэнд унах вэ, хэдэн төгрөг өгөх вэ. Үнэтэй машин, хэдэн зуун саяын байрыг хэнээс гаргуулах вэ.

Дараа нь тэр бөх нь хэнд ач хариулж, хэдийг төлөх вэ. Эсвэл улстөрчид юм уу, ашиг сонирхлын бүлгүүдэд яаж үйлчлэх вэ” гэдгийг нь аль хэдийн тооцсон байдаг гэдэг оргүй үг биш. Хүмүүс тийм хуурамч жүжгээс залхаж, бухимдах боллоо. “NO NAADAM” жагсаал монгол наадмыг түйвээгч тэр этгээдүүдээс л болсон.

Наадам байхгүй бол бид улсынхаа дархлаа, тусгаар байдлын онцлогоо юугаар илэрхийлэх вэ. Тийм зүйлгүй бид хэн болох вэ. Монголын төр наадмаа завхруулаад байвал баяр наадам монгол үндэстнийг нэгтгэж чадахаа байчихыг үгүйсгэхгүй.

-Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хавсруулан тэмдэглэсэн. Түүхэн үйл явдал, баяр наадмын утга бэлгэдлийг та юу гэж үзэж байна?

-Судлаачийн хувьд хэлэхэд, 100, 101-ийг хамсруулсан нь монголчууд бид социалист үзэл суртлаасаа салаагүй байгааг илтгэж байна. Монгол Улс урагшлахын тулд “Бүх юм 1921 оноос эхтэй”, “Ардын хувьсгал агуу”, “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи” зэрэг социалист оюун санааны үлдвэрээсээ салж, Монгол наадмаа үндэсний өв болгон эрхэмлэн хөгжүүлэх шаардлагатай болсныг харуулсан.

-Та эрдмийн зэрэг хамгаалсан хүний хувьд монгол наадмыг цаашид ямар байгаасай гэж боддог вэ?

-Үндэсний их баяр наадмын хамгийн гол амин сүнс нь бол сэтгэлийн их цэнгэлээс гадна ард түмний эв нэгдлийг хангах юм. Тэрнээс биш нутаг усаараа ч юм уу талцан хагарах зүй бус үзэгдэл яавч биш байх учиртай. Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг бататгах өнөөгийн бодит эрэлт шаардлагад нийцүүлэн баяр наадмын өөрчлөлт, шинэчлэлтийг үндсэн мөн чанарыг нь сэргээн төгөлдөршүүлэх замаар монголчуудын үнэт зүйлсийн тогтолцоог бат болгож, үндэсний ижилсэлд дөтлүүлэх хамгийн чухал зангидагч нь монгол наадам байсаар байх болно.

Наадам үеийн үед монгол нутаг дээрх үндэстэн угсаатнуудыг нэгтгэн ижилсүүлэх онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн. Наадам тэмдэглэдэггүй газар Монгол нутагт байхгүй. Нэг цаг хугацаанд ижил зан үйлийг нийтээрээ тэмдэглэж байна гэдэг нь тэр хүмүүсийг соёл, үнэт зүйл, үзэл санааны хүрээнд нэгтгэж байгаа юм.

Мөн монголчууд наадмаараа уламжлалт соёлынхоо бүх сайн сайхныг олон улсад дэлгэн харуулдаг. Энэ нь өв соёлоо уламжлуулах арга хэрэгсэл болж байна. Бид жил бүр наадам хийж байгаа нь дэлхийд Монгол гэдэг улсын тусгаар тогтнолыг жил бүр баталгаажуулж тунхаглаж байгаа илэрхийлэл мөн.

Манай улсын өвөрмөц нөхцөл байдалд энэ бол маш чухал. Хүннү гүрнийг ч их баяр цэнгэл наадам нэгтгэж байсан түүхэн баримт бий. Монгол наадам бол өвөг дээдсээс бид бүхэнд өвлөн уламжлуулсан онцгой соёл төдийгүй хязгааргүй хүч юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img