2024-12-26, Пүрэв
-20 C
Ulaanbaatar

Д.Эрдэнэбаатар: Бид нүүдэлчин биш, бидний дээдэс хаашаа ч нүүгээгүй, хаанаас ч нүүж ирээгүй

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, археологич Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.

Орос, хятадууд өөрсдийнхөө нутгаас олдсон хүннүгийн олдворыг хэзээ ч хүннүгийнх гэдэггүй

-Чингис хаан музейд дэлгэсэн Францаас ирсэн үзмэрүүдээс хамгийн сонирхолтой нь юу байв, танд?

-Маш гоё хүрэл, хаш толинууд хараа булаасан шүү. Ёстой гайхсан. Би тийм зүйлс амьдралдаа үзээгүй.

-Хүрэл толь бол Торгоны замаар Хятадаас зөөж байсан тансаг эд. Гэтэл бүр Францын олдвор гээд ирчихсэн байдаг. Хаанаас яаж олсон юм бол гэдэг талаар нь та сонирхов уу?

-Хоёулаа хувь хүний цуглуулга байгаа юм. Тайлбар байхгүй юм билээ. Яг ямар хүний цуглуулга болохыг нь сонирхоход “Цаад эзэд нь ингэж хүссэн” гэнэ лээ. Яалт ч үгүй хаан язгууртай хүний л хэрэглэж байсан эд. Хэдий үед хаанаас олдсон нь тодорхой биш нь харамсалтай санагдсан. Толь хийх нь Монголын соёл биш, Хангийн соёл гэдэг нь үнэн л дээ. Гэхдээ манай Хүннү нар алтаар чимэх мэтээр баяжуулсан байдаг юм. Хүрэл толь Торгоны замаар Европ руу гарч байсан учраас өдгөө бидний үед Францын олдвор гээд явж байгаа хэрэг.

-Хүрэл толийг дээрээс нь харахад маш тансаг гоёмсог хээтэй байдаг. Нүүрээ яаж хардаг байсан хэрэг вэ?

-Тэр толины чинь цаад зорилго бөөгийн шашинтай холбоотой. Нүүрээ хардаг толь биш. Сүнсийг нааш, цааш нь явуулдаг бэлгэдлийн эд байсан гэмээр юм уу. Хаад язгууртнуудын хэрэглэдэг байсан эд. Хүннүгийн хаадын булшнаас гарсан хаш толин дээр гэхэд л нэг эвэртэй амьтныг маш уран гоё сийлсэн байдаг. Зөвхөн хаан хэрэглэдэг амьтны бэлгэдлийг шингээсэн байгаа юм.

Erdenebaatar
Алдарт археологич Д.Наваан багштайгаа 1989 онд. Шавь Д.Эрдэнэбаатар, Х.Лхагвасүрэн нар

-Францаас ирсэн шиг ийм олдворууд өөр ямар ямар улсад байгаа бол?

-Монголын олдворууд урд, хойд хөршид маш их байна. Гэхдээ манай хоёр хөрш хэзээ ч Хүннүгийнх, Монголын эртний юм гэж хэлдэггүй. Зүгээр л нутгийнхаа юм гэчихдэг. Орост гэхэд л Тувагийн нутгаас олдсон Хүннүгийн язгууртны эд зүйлсийг “Байдагийн соёл” гэж тодотгосон байх жишээний. Өмнө талд болохоор “Ордосын соёл” гэдэг. Хүннү гэдгийг нь огт дурдахгүй учраас дэлхий даяар буруу ойлголттой байдаг. “Энэ бол манай Хүннүгийнх” гэхээр “Өө энэ чинь Ордосынх л байна шүү дээ” гээд байдаг юм.

Ер нь аль ч орны төр улсын түүхээс харахад хаад язгууртнуудынх нь булш улсынхаа төвд байдаг. Бүх дэлхийн улстөрийн түүхийн зарчим нь ийм. Би олон улсад илтгэл тавихдаа ийм тайлбар хэлж байгаад газрын зураг дээр археологийн баримтуудаа байршуулж харуулдаг. “За харж байна уу, одоогийн Хятад, Орос чинь тухайн цагтаа Хүннүгийн нутаг байсан. Төв нь Монголын өнөөгийн нутаг. Тийм учраас Хүннүгийн язгууртны дийлэнх булш Монголоос олдсон” гэж ирээд ярина шүү дээ (инээв). Оросууд 200 жилийн турш Скифийн соёл гэж ярьдаг байсныг та мэднэ.

-“Скифийн соёл Сибирээс орж ирж Монголд нөлөөлсөн юм” гээд л үү?

-Хэлээд юухэв. Бид саяхныг хүртэл Оросын эрдэмтдийг эш татахгүй бол болдоггүй байлаа шүү дээ. Сүүлийн үед Оросоос өөрөөр ханддаг болсон ч Оросын шинжлэх ухааны хүч, нөөц, бололцоог дийлэхгүй байна. Судалгааныхаа шинэ үр дүнг дэлхийд түгээж гаргадаг механизм хаалттай хэвээр байна л даа. Оросууд эхэндээ бидний судалгааны үр дүнг хэвлэдэг байсан. Сүүлдээ больчихсон.

-Өөрсдийнх нь ойлголтыг үгүйсгээд эхлэхээр тэгнэ л дээ. Өрнийнхөн яаж хандаж байна?

-Өрнийнхөн бол хэвлэж байна. Гэхдээ байнга асуудал тавьдаг. “Наадах чинь үгүй шүү дээ. Оросууд ингээд биччихсэн” гэдэг. “Наадуул чинь 200 жил төөрчихсөн юм аа” гээд байхад л хүлээж авдаггүй. Олонх мэдээлэл л үнэн болчихдог л доо.

-Гэхдээ л яалт ч үгүй баримтыг яалтай билээ дээ?

-Тэгэлгүй яахав, сүүлийн үед байдал өөрчлөгдөж байгааг хэлэх хэрэгтэй. Яалт ч үгүй үр дүнгүүд гараад байхаар “Оросын эрдэмтдийнх асуудалтай юм байна” гэж харах хүн олон болсон. Гэхдээ л зарим талаараа өөрсдийнхөө амбицыг их хийсээр байгаа.

-Жишээ нь?

-Жишээ нь манайд лаборатори байхгүй. Хүний угсаа гарлыг судалдаг хамгийн том лабораториуд АНУ, Герман, Францад байна. Гэтэл бүх ДНК-ийн мэдээллийн бааз нь Герман, Америк, Орос гуравт бий.

Өнөөдүүл чинь “Хиргисүүрээс гарсан яс” гээд хаанаас олсон нь мэдэгдэхгүй нэг юм шинжлүүлчихэж байгаа юм. Түүнээс гарсан үр дүнгээрээ европейд гээд мэдээллийн бааз үүсгэчихсэн байх жишээний. Ийм байхад бид эндээс “Хүннүчүүд евройпейд биш монгол төрхтөн байна” гэсэн дүгнэлт гаргачихдаг. Тэгээд л том эсэргүүцэлтэй тулдаг. “Зөрөөд байна” гэсэн тайлбар өгчихөж байгаа юм. Тэдний ч бас буруу биш. Өнөөдүүл чинь анхны мэдээллийн бааздаа үнэнч яваад байгаа хэрэг.

Би өрнөдийн судлаачдад нэг л зүйлийг хэлдэг. “Та нар хиргисүүрийн нэг мэдээ авсан байна. Шинжлэх ухаанд тооны олонлог гэж байх ёстой. Зуун хиргисүүр, мянган хиргисүүр малтсаны эцэст хэчнээн хувь нь монгол төрхтөн байгааг харах учиртай. Ингэж байж үнэн тодорно. Ингэж харвал л бид наад судалгаанд чинь оролцоно. Үгүй бол оролцохгүй. Ганцхан дээжээс шалтгаалж бүхэл бүтэн үндэстний асуудлыг харж болохгүй” гэж хэлдэг.

-Уучлаарай нэг асуулт байна. Та хариулахгүй ч байж болно. Бидний өвөг дээдсийн бодит баримтыг үгүйсгэсэн иймэрхүү судалгаанд оролцсон тохиолдол бий юу, танд?

Erdenebaatar
АНУ-ын Питтсбургийн Их Сургуульд лекц уншиж буй байдал. АНУ 2008 онд

-Юуг нь нуухав дээ. Тийм тохиолдол бий. Гэхдээ тийм юм хийнэ гэдгийг анзааралгүй орсон байдаг юм. Тэрийгээ ч хэлсэн. “Та бүгдийг ийм юм хийнэ гэж бодоогүй. Би зүгээр л та нарт дата баазаа өгсөн. Малтсан булшныхаа мэдээллийг өгсөн. Гэтэл та нар буруу мэдээлэл болгож ашигласан. Үнэхээр харамсалтай байна” гэж хэлсэн.

Миний өгсөн ганцхан булшны мэдээг өөр бусад буруу булштай харьцуулаад тэс ондоо дүгнэлт гаргачихсан байсан. Энэ бүх асуудлаа эргээд харахаар мөнгөгүйн зовлон л байна, бидэнд.

-Хүннүчүүд монгол төрхтэй байсан гэдэг илт тодорхой асуудал дээр хүртэл ингэж мундагдуулаад байгаагийн цаана мөнгөгүйн зовлон бий гэхээр гунигтай юм…?

-Хүннүчүүд монгол төрхтөн байсан гэх дүгнэлтийг гавлын яс хараад дурын хүн хийчихнэ. Тийм судалгаа өчнөөн бий. ДНК буюу эсийн төвшинд хийх судалгаан дээр л асуудал байгаа юм. Монгол төрхтөн гэвэл казах, тува гээд бүгд л адилхан.

Яг монгол төрхтөн гэдгийг тодруулах зүйл нь ДНК. Яг хэчнээн хувь нь монгол гэдгийг тэр судалгааны эцэст гаргана гэсэн үг.

Ер нь зарчмын хувьд Хүннү бол монгол төрхтөн гэдгийг дэлхий нийт хүссэн хүсээгүй хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь дэлхийд малтсан нийт хүннү булшны 90 хувийн яс нь манай Монголд байна.

-Монголоос олдсон хүннүгийн булшны тухайд европ төрхтөн бүхий яс олдсон уу?

-Олдсон. Гэхдээ ная, ерэн хувь нь монгол төрхтнүүд.

Түүхээ хойшлуулаад байх юм, бид чинь төрт улсын 3500 жилийн түүхтэй улс

-Язгууртнуудын булшнаас хүрэл толь гардаг гэснээс Хүннүгийн булшийг гаднаас нь хараад язгууртан, энгийн иргэдийн алин болохыг шууд таних боломжтой юу?

-Монголын бүх л үеийн төрт улсуудын ёс заншилд хаан язгууртан хүний оршуулгын зан үйл тусдаа байсан. Хаан язгууртан, ердийн иргэд, чинээлэг түшмэд гээд бүгд зэрэг зиндаатай. Тусгайлан зориулсан оршуулгын газар, байгууламжтай байдаг байхгүй юу. Тийм учраас гаднаас нь харж таниад байдаг хэрэг л дээ.

Erdenebaatar
Анхны олдвор. Хэнтий аймаг Дуулга уулын хүннү булшны хүрэл тогоо. 1988 онд

-Хиргисүүр, чулуун хөшөөнүүдийг ялгах арга бий юу?

-Хиргисүүр гэдэг нь гадуураа дугуй, дөрвөлжин хүрээтэй, голдоо чулуун дараастай булш л даа. Одоогоос 3500 жилийн өмнө Монгол нутагт байсан анхны төрт улсын үлдээсэн дурсгал юм.

-3500 жилийн өмнө төрт улстай гэж ярьдаггүй шүү дээ, бид. Хүрэл зэвсгийн үе гэж л тодотгодог биз дээ. Гэтэл та төрт улс гэчихлээ…?

-Манайханд олон жилийн турш хүрэл зэвсгийн эрин үед төрт улс байсан гэх ойлголт байгаагүй хэрэг. Тийм учраас хүрэлийн үеийн дурсгал гээд, хиргисүүр гээд ерөнхий нэр өгчихөөд яваад байдаг юм. Хиргисүүр чинь дотроо маш олон төрөл. Хэдий үеийн хэнийх вэ гэдгийг нь судлахгүй явсаар сүүлийн хорь, гучин жил л дагнасан судалгаа хийж байгаа юм. Сүүлийн үед буган чулуун хөшөөд, хиргисүүрийн соёл гэж бичиж эхэлсэн. Буган хөшөө бол эздийнх нь хөшөө. Хүнд зориулж босгодог. Хиргисүүр бол тухайн хүнд зориулсан булш, тахилын байгууламж.

-Монголчууд 3500 жилийн төрт улсын түүхтэй улс гэсэн үг сонсох таатай байна. Гэхдээ илт нотлогдохуйц өөр баримт хэлээч?

-Урд хөрш маань бидний түүхийг маш сайн бичээд үлдээчихсэн улс. “Умардын буга, цагаан чонон сүлдтэй улстай байлдав” хэмээн бичиж үлдээсэн байдаг. Тэр нөхөд л буган чулуун хөшөөг бидэнд үлдээсэн хэрэг.

-Хиргисүүр, буган чулуун хөшөө аль аймгуудаар элбэг байдаг вэ?

-Хэнтий нуруугаас эхлээд Монгол даяар бий. Зүүн тийшээ Казахстан, Тува, Шинжаан гээд үргэлжилнэ. Манайханд нэг зовлон бий. Хүннү, Монголын эзэнт гүрэн, Хүрэл зэвсгийн үеийн том дурсгалууд өнөөдрийн Монгол улсын хил хязгаараар хэмжигдэхгүй. Өнөөгийн хил хязгаар бол хорьдугаар зуунд тогтсон улстөрийн хил хязгаар. Урьд өмнө том газар нутагтай аж төрж яваад их гүрний бодлогоор хойно, урдаасаа таслуулаад багассан байгаа нь энэ.

Nomadic бол нүүдэлчин гэсэн утгагүй, нутгаа орхиод явчихдаг хэрмэл тэнүүлчдийг тэгж нэрлэдэг

-Хүннүгийн сүүл үеийн судалгааны үр дүн түүхийн тогтсон ойлголтуудыг өөрчлөхөөр хэмжээнд байгаа гэдэг. Энэ талаар тодруулж яриач, та?

-Өөрчлөхөөр барах уу. Дэлхий нийтэд “Хүннү бол төр, төр бол Монгол биш” гэсэн шинжлэх ухааны онол 200 жил хүчтэй явчихсан. Бид Оросын шинжлэх ухааны сайн талыг ч хэлэх ёстой. Муу талыг нь ч орхиж болохгүй. Тэд бүр өмнө нь судалгаа хийж байхдаа Казахстан, Узбекстан, Туркеминстаны нүүдэлчин малчдаа Монголтой адил гэж үзээд нүүдэлчид гэсэн нэр томъёо өгсөн байдаг. Оросоор кочевой гэж байгаа юм.

Англиар бол nomadic. Эдгээр үгсийг яг үгчлээд орчуулахаар нүүдэлчин гэсэн утга байдаггүй. Нутгаа хаяад явчихдаг тэнэмлүүдийг хэлдэг. Цыгануудыг тэгж хэлнэ. Англи хэлний нэвтэрхий тольд nomadic гэдэг үгийг нутаггүй, хэрмэл тэнүүлчид гээд тайлбарлачихсан байгаа. Гэтэл монголчууд нутгаа хаяж нүүдэг улс биш. Бэлчээрээ дагаад дөрвөн улирлын шилжилт хийдэг үндэстэн.

-Тэгвэл дэлхий нийтээрээ бидний иргэншлийг буруу ярьсаар ирсэн байх нь ээ?

-Яг тийм. Дэлхий нийтээрээ шинжлэх ухааны буруу нэр, томъёо хэрэглэсээр ирсэн гэсэн үг. Хоёрдугаарт Хүннү, Сьянби, Жужан гэх мэт тусдаа нэрс хэлээд байхаар нэг нь нутгаа хаяж нүүж яваад, нөгөөх нь зөрж орж ирээд байж гэсэн ойлголт давамгайлчихсан хэрэг л дээ. Тэнэмэл улсууд энэ нутгийг ээлжлэн эзэмшээд байсан юм шиг ойлголт төрсөн гэсэн үг. Ийм буруу ойлголт даян дэлхийд байтугай бидний дунд ч байна.

Erdenebaatar
АНУ-ын Монголч эрддэмтэн Никола де Космо-гийн хамт. АНУ-ын Прингстоны хүрээлэн. 2007 онд

-Тэгэхээр бид өөрсдийнхөө соёлыг ямар нэршлээр тодотгох ёстой вэ?

-Бэлчээрийн мал аж ахуйн соёлыг бидний өвөг дээдэс хүн төрөлхтний соёлд оруулсан шүү гэж ярих, харах, сэтгэх учиртай юм. Бидний өвөг дээдэс чулуун зэвсгийн үеэс өнөөдрийг хүртэл хаашаа ч нүүгээгүй, хаанаас ч нүүж ирээгүй, яг л эндээ оршин амьдарч ирсэн агуу түүхтэй.

-Сайхан тайлбар байна. Гэхдээ ийм тов тодорхой үнэнийг улстөрийн томчуудаас эхлээд бүх л төвшиндөө ойлгохгүй, харахгүй яваа нь харамсалтай санагдлаа. Ядаж л нөлөө бүхий хүмүүс эхнээсээ “Бид номадик биш шүү” гэж яриад эхэлвэл өөр дөө, тээ?

-Би ч тэгж эмзэглэдэг. Аль ч төвшиндөө сонсохгүй, хүлээж авахгүй байна л даа. “Дэлхий даяар номадик гэдэг шүү дээ” гээд өөрсдийнхөө түүхийг доош нь хийж болохгүй. Гэхдээ сүүлийн үед гадны судлаачдын тухайд байдал өөрчлөгдөж байгаа. Бид энэ онцлогоо гадны судлаачдад байнга ярьдаг учраас англи хэлээр бичдэг судлаачид пастио гэсэн нэр томъёог хэрэглэж байгаа. Пастерлизм буюу бэлчээр даган нутгаа сэлгэх гэдэг нь nomadic-аа бодвол бэлчээрийн аж ахуй гэдэг утга руу илүү дөхөж очих утгатай.

Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншаарай.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

  1. ene ih hun nasara uhaj gene sudld bugdiig btlasan. gehdee gev genet 20 jiliin umnuus tureg bish tyuk uls suuldee bur kazakstan uls. tyurk gedeg bolchloo. mongoliin unen tuuh odoo ogt hamagui. mongol uvgurch huchgui bolson. odoo hen huchtei bn. ter tuuhiig zohion. ta nar yahiin bur shuud heldeg bolson. 7 8 myangan jiliin tuuhiig shuud nulimdag bolson.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img