2024-12-31, Мягмар
-25 C
Ulaanbaatar

Д.Галсандорж: Оюутолгой бүтээгдэхүүнээ биржээр арилжаалах эсэх нь тодорхойгүй байна

Монголын Экспортлогчдын Холбооны тэргүүн, Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан, техникийн ухааны доктор Д.Галсандоржтой Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хуулийн хэрэгжилтийн талаар тодрууллаа.

-Уул уурхайн биржийн тухай хуулийн хэрэгжилтийн явц ямар байна?

-УИХ-аар 2022 онд батлагдсан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний бирж нь эхний ээлжид төрийн өмчит компаниудын хаалттай арилжаалдаг байсан нүүрс, төмрийн болон зэсийн баяжмалын худалдааг нээлттэй, ил тод болон өрсөлдөөний зарчмаар арилжаалж байна.

Гадаадын ямар орны худалдан авагч компаниуд хэчнээн хэмжээний бүтээгдэхүүнийг, ямар үнээр авч, тээвэрлэлтийн ямар нөхцөлөөр нийлүүлж байгаа, үнэ бүрдэлт, төлбөр тооцооны хэрэгжилт, улсын төсөвт төлөх АМНАТ-ын хэмжээ ч ил тод, нээлттэй болж буй зэргээр манай улсын экспортын бүтээгдэхүүний борлуулалтын орлого, үр өгөөж ч өсч байна.

-Уул уурхайн бүтээгдэхүүний хуулийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн үү? Хуулийг бүрэн хэрэгжүүлэх тал дээр анхаарах зүйл юу байна вэ?

-Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг зохион байгуулах, арилжааг явуулах хууль эрх зүйн орчин үндсэндээ бүрдсэн. Уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжаалах, үнэ тогтоох, биржийн дэд бүтэц болох экспортлогч, үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн агуулахууд болон шинжилгээний лабораториудыг итгэмжлэх, тээвэр зуучийн компаниудыг сонгон шалгаруулах ажлыг Монголын өнөөгийн нөхцөлд одоохондоо тохирох байдлаар хийгдсэн.

Гэхдээ Монголын хөрөнгийн бирж, биржийн арилжааны захиалгыг авч, онлайн арилжаа хийж байна.

Биржийн арилжааг олон улсын зарчмаар жинхэнэ утгаар зохион байгуулах, биржийн арилжаанд брокер компаниудыг оролцуулах, оролцогч талуудтай хамтран ажиллах ажил хэрэгжээгүй байна.

Мөн Биржийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхээр гаргасан заавар болон журмуудыг цаашид боловсронгуй болгох, биржийн арилжаанд оролцогч байгууллагууд, ялангуяа гадаадын худалдан авагч байгууллагуудад таниулах, биржийн арилжаанд оролцох байгууллагуудтай хамтран ажиллах ажлыг УУХҮЯ, Санхүүгийн Зохицуулах Хороо болон Монголын Хөрөнгийн Биржээс хангалтгүй хийж байна гэж биржийн арилжаанд оролцогч байгууллагууд үзэж байна.

-Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд гадаадын худалдан авагчид, биржийн арилжаанд оролцогчдоос санал шүүмжлэл гарч байна уу?

-Олон улсын уул уурхайн салбарын практикт уул уурхайн бүтээгдэхүүний тухай хуулийг хэрэгжүүлэх, арилжааг явуулахад салбарын яам тэргүүлэн оролцдог. Харамсалтай нь биржийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд манай УУХҮЯ, АМГТГ-ын оролцоо бараг байхгүй байна.

УУХҮЯаманд биржийн арилжааны асуудлыг хариуцсан хүн ч байхгүй байгаа нь харамсалтай.

Биржийн арилжааны хуулийн хэрэгжилт, хяналтыг СЗХ ба Хөрөнгийн бирж хагас дутуу хийж байна. Биржээр арилжаалах бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрлийг тогтоох, биржийн үнийн түвшинг тодорхойлох Ажлын хэсэг УУХҮЯ-нд ажиллаж байгаа ч энэ байгууллагын үйл ажиллагаа ил тод, нээлттэй бус байна.

-Биржээр арилжаалж байгаа бүтээгдэхүүний үнийг олон улсын зарчмаар оновчтой тогтоож чадаж байна уу? Зэсийн баяжмалын арилжаанд зарим хүндрэл гарч байна уу. Энэ талаар Таны саналыг сонсъё?

-Нүүрсний арилжаа үр өгөөжтэй болсон, арилжаалах тоо хэмжээ, зах зээлийн үнэ ч өсч байна.

Манай уул уурхайн бүтээгдэхүүний экспортлогчид бүтээгдэхүүнээ Монгол-Хятадын хилийн боомт хүртэл нийлүүлдэг практикийг олон жил мөрдөж байгаа.

Харин нүүрсийг Хятадын хил дотор байгаа Ганцмодын агуулахад хүргэж тээврийн нэмэлт зардал гаргаж байна.

Гэхдээ нүүрсний форвардын арилжааны үнийг тогтоохдоо өнөөгийн үнийг мөрдөж байгаа нь учир дутагдалтай болов уу, нүүрсний үнэ зах зээл дээр байнга өөрчлөгдөж, байгаа, үнийн өсөлтийн бүрэн ашиглаж чадахгүй байна.

-Зэсийн баяжмалын арилжаа 2 удаа, энэ оны 4 болон 6 сард хийгдсэн. Биржийн арилжаанд цөөн компани орж ирсэн. Эхний арилжаанд АНУ-ын компани, 2 дахь арилжаанд Швейцарийн худалдан авагч компани оролцсон мэдээ байгаа?

-Харамсалтай нь урд хөрш Хятадын компаниуд биржийн арилжаанд оролцохгүй байгаа ажиглагдаж байна. Энэ нь нүүрсний спот буюу биет бүтээгдэхүүний арилжаанд оролцогчид 5 хувийн урьдчилгаа төлбөр /дэнчин/ Монголын арилжааны банкинд тодорхой хугацаанд урьдчилан байршуулж, бүтээгдэхүүний нийлүүлэлт 45 хоногийн дотор хийгдэж, үлдсэн төлбөр тооцоог богино хугацаанд барагдуулах гэрээний нөхцөлтэй байгаа нь хүндрэлтэй гэж үзэж байна.

Ер нь Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмалаа Лондонгийн металлын биржийн аргачлалын дагуу зэсийн баяжмалыг худалдах, худалдан авах гэрээг жилээр хийдэг, гэрээний нөхцөлөө сүүлийн жилүүдэд ихээхэн сайжруулсан. Сайн гэрээтэй.

Гэхдээ бүтээгдэхүүнээ биржээр арилжаалах, сар сараар гэрээ хийхэд олон улсын худалдааны зуучлагчдад хүндрэлтэй буюу ашиг багатай байгааг зах зээл судлаачид үзэж байна.

Биржээр Монголын тал 34 хувийн хувьцаа эзэмшдэг Оюу толгой үйлдвэр бүтээгдэхүүнээ хэзээ биржээр арилжаалах нь тодорхойгүй, манай тал энэ талаар ажиллахгүй байна.

Цаашид Уул уурхай,хүнд үйлдвэрийн яам, Санхүүгийн зохицуулах хорооноос уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг сайжруулахтай холбогдсон нээлттэй хэлэлцүүлгийг хийх тулгамдсан асуудал болж байна.

эрдэс баялаг

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img