2024-11-23, Бямба
-1 C
Ulaanbaatar

“Цэнхэр тэнгист загасчлах нь…”

Зах зээл буюу маркет гэж юу вэ? Товчхондоо энэ бол эрэлт, нийлүүлэлт хоёр юм.

Ухаант мичнүүд агуйгаасаа гарч ирээд, нэг доор хамтран амьдрах тэр цаг үеэс л маркет бий болсон байж таарна. Ухаант мич Бат газар хагалж тариагаа тарихдаа анжисаа өөрөө хийдэг байв. Гэтэл өөр нэг ухаант мич Болд анжис хийхдээ Батаас илүү дээр, илүү хурдан илүү чанартай хийж чаддаг байв. Бат өөрөө анжис хийхийн оронд Батаас анжисаа аваад оронд нь тариа будаагаа өгч болох юм гэдгийг Бат ч, Болд ч олж харав.

Ингэж Батад анжисын хэрэгцээ гарснаар, Болд түүнийг нь нийлүүлснээр маркет үүсчээ. Бат тариагаа хоёр уулын цаана байдаг, үржил шим муутай тосгонд аваачиж арилжих боломжтойг олж харав. Гэтэл Батыг тариагаа ачаад хоёр уулын цаад руу явах замд дээрэмчид (дээрэм ч гэсэн маркет, хууль бус л болохоос) халдах магадал байдаг тул үүнийг нь даатгаж эрсдлийг нь авдаг шинэ маркет бий болов. Ингэж даатгалын маркет үүсжээ.

Ухаант мич Батад гарсан энэ хэрэгцээ зөвхөн анжис байхаа больж, гутал авах, морио тахлуулах, сахлаа засуулах гэх мэтээр нэр төрлийн хувьд нэмэгдэхээс гадна зөвхөн нэг хүн, нэг гэр бүл, хэсэг хүмүүс гэх мэтээр томорч, байгууллагын хэрэгцээ, улс орны хэрэгцээ болтлоо дүрс хувирч өөрчлөгджээ. Нэгэнт эрэлт буюу хэрэгцээ бий болсон бол түүнд нийлүүлэлт хэрэгтэй. Нийлүүлэлт хийгдэхгүй бол тэр эрэлт маркет болж чадахгүй. Гэвч ихэнхдээ эрэлт байгаа л бол нийлүүлэлт байх нь гарцаагүй. Энэ нь маркетийн онцлог шинж.

Үл хөдлөх зарах, авахаар жишээ авъя. Батад байшингаа зарах хэрэгцээ үүсэв. Бат байшингаа зарах тухайгаа аль болох олон хүнд хүргэхийг оролдож, байшин дээрээ ЗАРНА гэсэн зар хадав. Зарлалын сонинд зар өгөв, хавь ойрын бүх хүндээ хэл дуулгав. Энэ бол хэдэн жилийн өмнөх дүр зураг.

Харин өнөөдөр Бат байшингаа зарах хэрэгцээ үүсвэл, үл хөдлөхийн компанид хандаад энэ тухайгаа хэлнэ. Өмнө нь Батын хийдэг байсан бүх ажлыг ҮХК хийх ба мэдээж үүнийгээ Батаас хамаагүй дээр хийнэ. (менежмент ба процесс нь өөр). Байшингаа зарах хэрэгцээ ганц Батад биш өчнөөн Батуудад байгаа учраас үүнийг нь хийж өгдөг нийлүүлэгчид бий болжээ. Ийнхүү манай улсад үл хөдлөхийн зууч гэдэг зах зээл бий болон хөгжиж байна.

Миний ажилладаг маркетийн жишээгээр авч үзье. Бат тарьсан тариагаа үнэхээр чанартай, аюулгүй, химийн бодисын үлдэгдэлгүй гэдгийг нотлох хэрэгцээ үүсэв. Гэтэл нөгөө талд буюу Батын тариаг авч талх хийдэг Болдод, Батаас авах тариа нь үнэхээр чанартай, аюулгүй, химийн бодисын үлдэгдэлгүй гэдэгт итгэлтэй байх хэрэгцээ бас үүсэв. Энэ хоёр хүнд үүсээд байгаа энэхүү хэрэгцээ нь хоёр талын аль аль талд нь үйлчлэхгүйгээр, хараат бусаар, үнэн шударгаар тариа будаа асуудалгүй гэдгийг баталж өгөх нийлүүлэлт үүсэх хүчин зүйл болно. Энэ нийлүүлэлтийг хийх Нийлүүлэгч угаасаа гарч ирнэ.

Ингэснээр өнөөгийн бидний Баталгаажуулалт (certification) гэж нэрлэдэг маркет бий болжээ. Баталгаажуулалтын зах зээл нь зөвхөн биет бараа бүтээгдэхүүнээс хэдийнэ хальж, байгууллагын чадамж, (жишээ нь ISO 9001), нийгмийн хариуцлагатай компани гэх мэт бие бус зүйлсийг ч баталгаажуулах байдлаар хувиран өөрчлөгдөж, өсөн нэмэгдсээр байна.

Намайг энэхүү салбарт ажиллаж эхэлж байх 2011 онтой харьцуулбал энэ маркет маань өнөөдөр нэлээд хувиран өөрчлөгдсөн. Энэ маркетийн маань эрэлт нь ч нэмэгдсэн, нийлүүлэлт ч нэмэгджээ. Манай зарим хүмүүс энэ маркетийг улаан тэнгис (доор тайлбарлана) болж байна гэж үздэг. Миний бодлоор бол үгүй юм. Учир нь цоо шинэ, өөр эрэлтүүд нийлүүлэгчээ хүлээсээр л байгаа эсвэл тийм эрэлттэй гэдэгээ ч мэдэхгүй байсаар л байгаа. Заримыг нь бид одоохондоо олж харж чадаагүй ч байж магадгүй. Магадгүй бид бага ч болов амжилттай ажиллаж байгаагын нэг нууц нь эрэлтийг илүү дээр танин мэдсэн явдал байх гэж би боддог.

Хүмүүс илүү холбогдож, нийгмийн харилцаа илүү нарийн, уялдаатай болохын хэрээр шинэ шинэ эрэлтүүд буюу зах зээлүүд бий болсоор, түүнийг дагаж нийлүүлэлт бий болсоор үр дүнд нь шинэ зах зээл бий болсоор л явах болно. (Ухаант мичнүүд амьдрах хэв маяг, философио л сольчихгүй бол).

Нийлүүлэлтийг түрүүлж хийсэн тал маркетад давуу тал ихтэй. (бас эрсдэл ч ихтэй). Иймээс Нийлүүлэгч шинэ эрэлт буюу хэрэгцээг мэдэрдэг байхаас гадна түүнийг хэрхэн хангах вэ гэдгээ мэддэг байх ёстой. Нийлүүлэгчийн хариулах ёстой гол асуулт бол нийлүүлэлтийг Хэнд, хэрхэн хийх вэ гэдэг асуулт юм. Хэн гэдэг нь хэрэглэгчийг тодорхойлох бол, Хэрхэн гэдэг нь бизнесийн процессуудыг, болон менежментийг тодорхойлно. Процессын талаар дараа ярилцах тул энд түр орхьё.

Нийлүүлэгч эрэлтийг маш сайн танин мэдэх ёстой. Эрэлт өөрөө маш онцлог шинжүүдтэй. Одоо цагт ихэнх эрэлт тодорхой болчихсон мэт, эсвэл бүх эрэлт дуусчихсан мэт санагддаг. Гэвч үгүй юм. Хүн л байгаа бол бол эрэлт үргэлж байна, цоо шинэ эрэлт үргэлж үүссээр байна. Жишээ нь талх бол талх идэх эрэлтийг л хангана.

Харин зүсчихсэн талх бол талх идэх эрэлтийг биш, талх зүсэх боломжгүй байгаа, эсвэл талх зүсэхийг хүсэхгүй байгаа эрэлтийг хангана. Талх зүсэх боломжгүй байх, эсвэл талх зүсэхийг хүсэхгүй (талх зүсэх боломжгүй эсвэл хүсэхгүй байх нь ямар ч шалтгаантай байж болно) байх нь эрэлт юм. Эрэлт ийм нарийн. Хангагдаагүй байгаа эрэлтийг олж харах нь Нийлүүлэгчийн мэдрэмж, мэдлэгийн асуудал юм. Заримдаа нийлүүлэгч өөрөө эрэлтийг бий болгох ч тохиодол бий. Гэхдээ яг үнэндээ нийлүүлэгч эрэлт бий болгохгүй л дээ. Зүгээр л “Хар даа өөрт чинь ийм хэрэгцээ байна шүү дээ, тийм байгаа биз” хэмээн асууж буй хэрэг. Үүнийг зах зээлээ бий болгох буюу бойжуулах гэдэг. Нэлээд зардалтай, цаг хугацаа, хүчин чармайлт шаардсан ажил.

Хангагдаагүй байгаа эрэлтийг хангах нийлүүлэгч байх нь нийлүүлэгч талд илүү таатай. Нийлүүлэлт нь эрэлтээсээ бага маркетийг Blue ocean буюу цэнхэр тэнгис гэж нэрлэдэг. Нийлүүлэгч талд илүү таатай, өрсөлдөөн багатай, үүнээс улбаалан илүү өгөөж хүртэх боломжтой учраас тэр.

Монгол маань маш олон цэнхэр тэнгистэй байж болох улс орон. Зах зээлийн тогтолцоонд шилжээд удаагүй, хөгжиж буй, нээгдэж буй учраас тэр. Гэвч маш олон бизнес эрхлэгчид, салбарт нэвтрэгчид, гарааны бизнесийнхэн шинэ маркет нээх хандлагаар биш, аль хэдийнээ нийлүүлэлт нь хийгдэж байгаа маркет (үүнийг улаан тэнгис гэдэг) руу ороод байдаг. Улаан тэнгист илүү хүчтэй өрсөлдөөн болдог ба нийлүүлэгчээс илүү их ур ухаан (менежмент), хөрөнгө санхүү, мэдлэг туршлага шаарддаг. Гэвч бүх нийлүүлэгч тийм биш. Үүнээсээ болж ихээхэн тэдний нэлээд алддаг, амжилтгүй болдог, дампуурдаг, няцдаг.

Маркетийн эрэлт гэх зүйлийг нарийн олж харж танин мэдэж, ойлгож чадвал та юу хийх, ямар нийлүүлэгч байхаа тодорхойлж чадах юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img