“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компани болох “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцэх хувьцаа эзэмшигчдийн хурал 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр боллоо.
Хурлыг “Эрдэнэс Монгол” нэгдлийн Түлш, эрчим хүчний группийн ахлах менежер С.Ашидмөнх даргалж, Нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газрын ахлах менежер Я.Өлзийболд, Хууль, эрх зүйн газрын ахлах менежер Б.Гэрлээ болон “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-ийн удирдах ажилтнууд оролцлоо.
Бүтээн байгуулалтын 4 багц ажил (EPC)-д хуваан хэрэгжүүлж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн EPC 01 багц ажил дуусч, улсын комисст шат дараатайгаар хүлээн өгөх ажил үргэлжилж байгаа ба EPC 02 ба 03 багцын барилга угсралтын ажил эхлээд байна.
Сүүлийн буюу үйлдвэрийн гүн боловсруулалтын лицензтэй байгууламжуудыг барих EPC 04 багц ажлын эхний хэсгийн гэрээг 2023 онд байгуулсан бөгөөд олон салбар дамнасан, цогц үйл ажиллагааг хамрах энэхүү томоохон төслийн инженерчлэлийн ажилд Энэтхэг, Итали, Франц, Герман, Их Британи, АНУ, Канад, Нидерланд, Испани, БНХАУ зэрэг 10 гаруй улсын инженер, мэргэжилтнүүд оролцож байна.