Швед улсын Стокхольм хотод болж буй 400,000 ам.долларын шагналын сантай ESL Pro League-ийн 22 дахь улиралд Оросын HOTU баг дэлхийн чансааг тэргүүлэгч “The MongolZ”-ийг 2–1 харьцаатайгаар хожиж, цахим спортын ертөнцөд шуугиан тарилаа.
“The MongolZ” баг дэлхийн чансаагаар шууд хоёрдугаар шатнаас оролцсон бол HOTU баг эхний шатанд “FURIA”, “B8”, “ENCE” зэрэг хүчирхэг багуудыг буулган авч, хэн ч таамаглаагүй амжилтыг үзүүлсэн юм.
HOTU багийн гол тоглогч, “Virtus.pro”-ийн хамт Мэйжорын аварга болж байсан Давид “n0rb3r7” Даниелян энэ удаад зээлээр тоглож буй. Тэрээр LAN тэмцээнд эргэн ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлж:
“Сайн багуудыг LAN дээр хожих үнэхээр сайхан байна. 9 сар сэлгээнд суух хэцүү байсан. The MongolZ шиг багийг хожсондоо бид маш их баяртай байна” хэмээн ярьжээ.
Цаашдын тоглолтууд:
HOTU баг өнөөдөр орой “Team Spirit”-ийн эсрэг тоглоно.
“The MongolZ” баг 16:30 цагаас “Inner Circle”-ийн эсрэг тоглож, хожигдлоо засахаар зорьж байна.
ESL Pro League 22 улирал эхнээсээ л гэнэтийн үйл явдлаар дүүрэн, CS2-ийн түүхэнд тэмдэглэгдэхүйц тэмцээн болох төлөвтэй байна.